| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэмчигийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2019/03474/и |
| Дугаар | 183/ШШ2019/00811 |
| Огноо | 2019-04-05 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 183/ШШ2019/00811
2019 оны 04 сарын 05 өдөр Дугаар 183/ШШ2019/00811 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн .......... тоот хаягт байрлах, Х.ө ЕБС БСБ /РД:..../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн ........... тоотод оршин суух, З.О /РД:....../-т холбогдох,
сургалтын төлбөр 1,424,241 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Т нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Х.ө ЕБС-иас хариуцагч З.О-т холбогдуулан хүүхдийн сургалтын төлбөр 1,424,241 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. З.О нь өөрийн охин Б.А-г Х.ө ЕБС-д суралцуулахаар 2018.08.31-ний өдөр сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож суралцагчийн эцэг эх, асран хамгаалагчдын хооронд гэрээ байгуулсан. Уг гэрээнд З.О нь өөрөө гарын үсэг зурж төлбөрийн талаар харилцан тохиролцсон. Х.ө ЕБС гэрээнд заасан үүргээ биелүүлж охин Б.А-г 2018.09.03-ны өдрөөс 2018.11.05-ны өдрийг дуустал тухайн сурагчид бүх хичээлийг сургалтын стандартын дагуу заасан. 2018.11.05-ны өдөр гэрээнд заасны дагуу хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөхийг хариуцагч З.О-ээс шаардсан боловч төлбөрийг төлөхгүйгээр хүүхдийг өөр сургуульд шилжүүлнэ гэсэн хариу өгсөн. 2018.11.06-ны өдрөөс сурагч Б.А хичээлдээ ирээгүй. Гэрээнд сургалтын төлбөрийг 5,000,000 төгрөгөөр тохиролцсон. Хүүхэд нь манай сургуульд 2018.09.03-ны өдрөөс 2018.11.05-ны өдрийг дуустал буюу 2 сар 3 хоногийн хугацаанд суралцсан. Хичээлийн сургалтын жилийг хичээллэдэг сар ба амралтын өдрүүдээр нь тооцоод үзвэл нэг сургалтын жил нь 7,5 сард хуваагддаг. Өөрөөр хэлбэл сургалтын төлбөр 5,000,000 төгрөгийн сар тутамд ногдох сургалтын төлбөрийг тооцож үзэхэд 666,666 төгрөг байна. Үүнээс сурагч Б.А гийн суралцсан хугацааг тооцож үзэхэд нийт 1,424,241 төгрөгийг хариуцагч талаас гаргуулж нэхэмжлэгч талд олгох үндэслэлтэй байна гэж үзсэн гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Х.ө ЕБС ямар үндэслэлээр 1,424,241 төгрөгийг нэхэж байгааг ойлгохгүй байна. Хоорондоо байгуулсан гэх гэрээнд 2018 оноос 2019 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр 5,000,000 төгрөг, 5 дугаар ангийн хүүхдийн сургалтын төлбөрийг 2,500,000 төгрөг гэсэн байгаа. Үүнээс харахад нэмэлт хэлний хичээл ороод 2,500,000 төгрөг нэмэгдэж, нийт 5,000,000 төгрөг болсон гэж би ойлгож байна. Энэ сургалтын төлбөрийн 5,000,000 төгрөг, 2,500,000 төгрөгийг хаанаас хэн тогтоосон нь тодорхойгүй, Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа бол Боловсрол, соёл шинжлэх ухааны яам, мөн тухайн сургуулийн төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэр байх ёстой. Энэ талаар хавтаст хэрэгт баримт авагдаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Мөн нэг өдрийн хичээлийн төлбөрийг тооцсон тооцоолол байхгүй, нэг өдөр хичээлд суухад хэдэн төгрөг төлөх нь тодорхойгүй бөгөөд энэ сурагч нь нийт ажлын 41 хоногийн хичээлд суусан байна. Энэ хугацааны төлбөр нь 1,424,241 төгрөг гарах эсэх талаар маргаантай, иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх Х.ө ерөнхий боловсролын сургуулийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч гэрээний дагуу 2 сар 3 хоног сурсан хугацааны сургалтын төлбөр 1.424.241 төгрөг гаргуулахыг хүссэн, хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөөгүй байна.
Хэргийн баримтаас үзэхэд Х.ө ерөнхий боловсролын сургуулийн захиргаа, суралцагчдын эцэг, эх асран хамгаалагчдын хооронд 2018.08.31-ний өдрийн гэрээг байгуулсан, уг гэрээний дагуу хариуцагч З.Оюундэлгэрийн охин Б.А тус сургуулийн 5а ангид 2018.09.03-ны өдрөөс эхлэн 2018.11.05-ныг хүртэл хугацаанд 2 сар 3 хоног суралцсан болох нь сурагчийн хувийн хэрэг, талуудын тайлбараар тогтоогдсон бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно.
Бага, дунд боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т “ерөнхий боловсролын сургууль нь ердийн, төрөлжсөн, гүнзгийрүүлсэн, тусгай, олон улсын хөтөлбөрийн сургалттай гэсэн хэв шинжтэй байна” гэж заасан байх бөгөөд дээрх гэрээний 2-ын 1-д зааснаар тус сургууль нь БСШУЯ болон НБГазраас баталсан ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн сургалтын хөтөлбөрийг үндэслэн сурагчдад сургалтын стандартын түвшинд зохих мэдлэгийг олгохоос гадна хятад хэлний хичээлийг гүнзгийрүүлэн судлуулах үүргийг хүлээжээ.
Талуудын хооронд байгуулсан 2018.08.31-ний өдрийн гэрээний 4-ийн 8-д “2018-2019 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр 5,000,000 төгрөг, гэрээний 5-ын нэмэлт зүйлд 2018.10.23-нд 1,500,000 төгрөг, 2018.10.31-нд 1,000,000 төгрөг, 2018.11.30-нд 625,000 төгрөг, 2018.12.30-нд 625,000 төгрөг, 2019.01.30-нд 625,000 төгрөг, 2019.02.30-нд 625,000 төгрөгийг тус тус хэсэгчлэн төлөхөөр тохиролцож, төлбөр төлөх хуваарийг хариуцагч З.О зөвшөөрч гарын үсэг зуржээ.
Боловсролын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.1.1-д зааснаар эцэг, эх, асран хамгаалагч нар хүүхдээ аль сургуульд, ямар хэлбэрээр суралцуулахыг зохих журмын дагуу сонгох эрхтэй боловч мөн хуулийн 46.2, 46.2.1-д зааснаар хүүхдийн авьяас, чадварыг бага наснаас нь дэмжин хөгжүүлэх, боловсрол эзэмшихэд нь шаардагдах нөхцөлийг бүрдүүлэх, багштай хамтран ажиллах, мэргэжлээ сонгоход нь хүүхэддээ туслах, 46.2.2-т зааснаар сургалтын хэвийн үйл ажиллагааг хангахтай холбогдуулан сургууль, багшаас тавьсан шаардлагыг биелүүлэх үүргийг хүлээсэн байна.
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “...сургалтын төлбөрийн хэмжээг тогтоосон шийдвэр байхгүй, багш нарын зан харьцаа доголдолтой” гэж хариуцагчийн төлөөлөгч тайлбарладаг боловч энэ талаар нотолсон баримтгүй, Боловсролын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2-т зааснаар боловсролын сургалтын байгууллага, багшийн үйл ажиллагаатай холбогдсон санал, хүсэлт гаргах эрхээ хэрэгжүүлээгүй байна.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ, Боловсролын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2.6-д зааснаар суралцагч нь сургалтын төлбөрийг гэрээний дагуу хугацаанд нь төлөх үүрэгтэй байх тул Х.ө ЕБС-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Бага, дунд боловсролын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “ерөнхий боловсролын сургуулийн өөрийн удирдлага нь сургуулийн зөвлөл байна. Сургуулийн зөвлөл Боловсролын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасны дагуу байгуулагдан үйл ажиллагаагаа явуулна” гэж заасан байна.
Нэхэмжлэгч Х.ө ЕБС-ийн сургуулийн зөвлөлийн 2018.08.06-ны өдрийн хурлын тэмдэглэлээс үзэхэд 2018-2019 онд хятад хэлний хичээлийн нөхөлтийн анги ажиллуулах, үндсэн сургалтын төлбөрийг 2,500,000 төгрөг болсонтой уялдуулан нөхөлтийн ангийн төлбөрийг 5,000,000 төгрөг болгосон байх бөгөөд Боловсролын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4, 35.4.8-д зааснаар сургуулийн зөвлөл нь сургалтын төлбөрийн хэмжээг зохих журмын дагуу тогтоох талаарх чиг үүргээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.
Иймд гэрээнд заасан сургалтын төлбөр 5,000,000 төгрөгийг хичээлийн жилд хичээллэх сард хувааж, сурагч Б.А гийн суралцсан хугацаагаар тооцсон нэхэмжлэгчийн сургалтын төлбөрийн тооцоог үндэслэн хариуцагчаас 1,424,241 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Боловсролын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2.6-д зааснаар З.О-ээсхүүхдийн сургалтын төлбөрт 1,424,241 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.ө ЕБС-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,870 /34,370+3500/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 37,870 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ