Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2019/00855

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 10 өдөр                  Дугаар 183/ШШ2019/00855                                Улаанбаатар хот 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн .... тоотод оршин суухщ О.Э /РД:..../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн ....... тоотод оршин суух, С.Х /РД:.../-т холбогдох,

Хувьцаа шилжүүлэн авсаны үлдэгдэл төлбөр болох 65,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хувьцааны үнэд илүү төлсөн 48,806,600 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул оролцов.

                                                                                               

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б  үндсэн нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “3 хувьцаа эзэмшигчтэй байсан Х д ХХК нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан. 2017.05.05-ны өдөр хувьцаа эзэмшигчдийг өөрчлөх хуралд С.Х гэх хүн орж ирсэн. Нотлох баримтаар өгсөн хувьцаа эзэмшигчдийг өөрчлөх хурлын тэмдэглэлийн дагуу энэ нөхөр хэдэн хувьцаа авах, төлбөрт хэдэн төгрөг өгөх талаар маш тодорхой заасан байгаа. Цаг хугацаа, нөхцөлийг нь ч зааж өгсөн. Тухайн үед компанийн эзэмшиж байсан тусгай зөвшөөрөл шүүхийн асуудалтай байсан боловч захиргааны хэргийн 3 шатны шүүхээр асуудлыг хэлэлцээд сэргээсэн. Уг компани нь 4 гишүүнтэй тусгай зөвшөөрөлтэй гэж ойлгож болно. Э.Э өөрийнхөө хувьцааг 115 сая төгрөгөөр шилжүүлэх нь тодорхой харагдаж байгаа. Эхний ээлжинд С.Х оос 50 сая төгрөгийг өгнө, тусгай зөвшөөрлийг сэргээсний дараа 7 хоногт 65 сая төгрөгийг шилжүүлнэ гэсэн заалттай хувьцааг худалдах, эрх шилжүүлэх ажиллагаа явагдаж Улсын бүртгэлд бүртгэгдсэн. Энэ нь улсын бүртгэлийн байгууллагаас ирсэн нотлох баримтаар нотлогдож байгаа. Гагцхүү үлдэгдэл 65 сая төгрөгийг 7 хоногт өгнө гэсэн үүргээсээ С.Х зугтааж сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Э.Э ийн эрх ашгийг хамгаалж, үлдэгдэл төлбөр 65,000,000 төгрөгийг шүүхээр шийдвэрлэж хангаж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б  шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг дараах үндэслэлээр үл хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгч Э.Э нь 2017.05.05-ны өдрийн Х д ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр тохиролцож шийдвэрлэсний дагуу С.Х оос хувьцаа шилжүүлэн авсан үлдэгдэл 65 сая төгрөгийг гаргуулах гэж нэхэмжлэлдээ тодорхойлсон байдаг. Аливаа хэлцэл нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл байдаг. С.Х нь 2017.05.05-ны өдөр иргэн Э.Э ийн Х д ХХК-ийн эзэмшдэг 70 хувийн хувьцаанаас 51 хувийн хувьцааг нь худалдах худалдан авахаар харилцан тохиролцож хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, хувьцааны эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулж, мөн өдөр компанийн дүрэмд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байдаг. Нэхэмжлэгч нь С.Х ын 19 хувийн хувьцааг ирээдүйд худалдан авна гэж тохирсон гэж маргаж байна. Гэтэл зохигчдын хооронд болзол тавьж амлалт авсан ямар нэгэн хэлцэл хийгдээгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын агуулгаа Х д ХХК-ийн эзэмшдэг ашиглалтын тусгай зөвшөөрлийн эрх сэргэвэл Э.Э ийн эзэмшлийн 19 хувийн хувьцааг худалдаж авна хэмээн тохирсон гэж тайлбарласан байдаг. Иргэний хуулийн 190 дүгээр зүйлийн 190.2 дахь хэсэгт заасан шаардлагын хүрээнд талуудын хооронд ирээдүйд бий болох, үүрэг хүлээсэн, амлалт авсан хэлцэл хийгдээгүй. Нэг ёсондоо Э.Э ийн ямар нэгэн эрх ашгийг С.Х хөндөөгүй учраас ямар нэг байдлаар шаардах эрх үүсээгүй. Мөн болзол тавьж хэлцэл хийгээгүй. Компанийн тухай хуульд заасны дагуу компанийн 19 хувийн хувьцааг Э.Э хууль ёсоор эзэмшдэг ба түүний хувьцаа эзэмших эрх үүрэгт С.Х ын зүгээс ямар нэгэн хязгаарлалт үзүүлж байгаагүй. Э.Э нь бусдыг төөрөгдөлд оруулах замаар компанийн 51 хувийн 510 ширхэг хувьцааг үндэслэлгүйгээр 50 сая төгрөгөөр С.Х т худалдан борлуулсан байдаг. Компанийн тухай хуульд зааснаар хувь нийлүүлэгчдийн оруулсан хөрөнгөд хуваагдах хувьцааны нэгж үнэ, адил байдал, ийнхүү өндрөөр үнэлсэн байдлыг Э.Э нь Ашигт малтмалын тухай хуулийн хүрээнд эрх шилжүүлсэн 30 хувийн татварыг төлөхөөс зайлсхийсэн байж болзошгүй гэж үзэж байна. Ийм нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б  сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Иргэн Э.Э ээс Х д ХХК-ийн хувьцааны үнэд илүү төлсөн 48,806,600 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. С.Х нь 2017.05.05-ны өдөр Х д ХХК-ийн 70 хувийн хувьцаа эзэмшигч болох Э.Э ээс компанийн 51 хувийг зохих журмын дагуу шилжүүлэн авч хувьцаа худалдах худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулж холбогдох журмын дагуу компанийн 51 хувийн хувьцаа эзэмшигч болсон ба нэхэмжлэгч Э.Э нь 19 хувийн хувьцааг одоо эзэмшиж байгаа. Тухайн үед Х д ХХК-ийн нэг бүр нь 2,340 төгрөгөөр үнэлээд 510 ширхэг нийт 1,193,400 төгрөгийн үнэ бүхий хувьцааг үнийн дүнгээр худалдсан. Гэтэл Э.Э нь ямар ч үндэслэлгүйгээр хувьцааны үнэнд өгсөн 50 сая төгрөгийг хүлээн авсан. Э.Э нь С.Х оос 50 сая төгрөгийг хүлээн авсан болох нь нэхэмжлэлийн шаардлага дээрээ дурьдаж хүлээн зөвшөөрсөн байх ба үндэслэлгүйгээр Х д ХХК-ийн 1,193,400 төгрөгийн 51 хувийн хувьцааг 50 сая төгрөгөөр үнэлж, С.Х ыг илтэд төөрөгдүүлэн илүү төлбөр хүлээн авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Маргааны зүйл болох Х д ХХК нь Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5 дахь хэсэгт заасан хувьцаа эзэмшигчдийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж түүнийг захиран зарцуулах эрх нь хууль болон компанийн дүрмээр хязгаарлагддаг ХХК хэлбэртэй компани юм. Аливаа хязгаарлагдмал хариуцлагатай компани нь Компанийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн хүрээнд энгийн болон давуу эрхийн хувьцааг гаргаж болдог. Давуу эрхийн хувьцаа гаргаж байгаа тохиолдолд компани энэ тухайгаа дүрмэндээ тодорхой заах үүрэг хүлээдэг бөгөөд тухайлбал хэдэн ширхэг давуу эрхийн хувьцаа гаргасан, тухайн хувьцааны эдлэх давуу эрх гэх мэт зүйлийг тусгаж өгөх ёстой. Х д ХХК-ийн хувьд ямар нэгэн давуу эрхийн хувьцаа гаргаагүй болох нь нотлох баримтаар ирсэн дүрмээр тогтоогдоно. Энгийн хувьцааны тоо, нэгж хувьцааны нэрлэсэн үнийг хувьцаа эзэмшигчдийн хурлаас тогтоож, энэ тухай дүрмэнд тусгадаг. Х д ХХК-ийн эрх барих дээд байгууллага нь Компанийн тухай хууль болон компанийн дүрмээр хувьцаа эзэмшигчдийн хурал байдаг. Энэхүү дээд байгууллага болох хувьцаа эзэмшигчдийн хурал нь 2017.05.05-ны өдөр хуралдаж, компанийн хувьцаа эзэмшигчдэд орсон өөрчлөлт болон компанийн дүрмийг шинэчлэн баталсан байна. Уг батлагдсан дүрмийн 5.2 дахь хэсэгт зааснаар компани нэг бүр нь 2,340 төгрөгийн нэрлэсэн үнэлгээтэй 1000 ширхэг энгийн хувьцаа гаргасан. Нэхэмжлэгч нь хурлаар шийдвэрлэсний дагуу гэж маргах боловч тухайн компанийн дүрмэнд энэ тухай огт тусгагдаагүй, шүүгчийн захирамжийн дагуу ирүүлсэн материал дунд хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл ерөөсөө байгаагүй гэдгийг дурьдах нь зүйтэй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б  сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбарлахдаа: “Сөрөг нэхэмжлэл гаргагч нь ямар нэгэн нотлох баримтгүйгээр ярьж байгааг эсэргүүцэж байна. Хувьцааны үнэд 50 сая төгрөгийг төлсөн гэх дүн хаанаас гарч ирсэн, нотлох баримт байхгүй. Сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа бол төлбөрийн баримтуудаа шүүхэд өгөх ёстой гэж бодож байна. Тэр 50 сая төгрөгийг би хэзээ ч аваагүй,  миний данс руу, эсхүл Э.Э ийн данс руу шилжүүлсэн гэх баримт байхгүй. Компанийн хувьцааг тухайн зах зээлийн үнэлгээгээр дагалдах өмч хөрөнгө, эд баялаг зэргийг харгалзаж хувьцааны үнэлгээгээ гаргана. Тэгэхэд хувьцааг 1 сая төгрөгөөр үнэлсэн Улсын бүртгэлд өгсөн баримтаар нотолж, нотлогдоогүй 50 сая төгрөгийг авч, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэсэн тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Компанийн гол өмч нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл байдаг. Ашиглалтын тусгай зөвшөөрлийн ард хайгуулын үр дүн, техник эдийн засгийн боловсруулсан үндэс, үнэт металлын нөөц гэх зэрэг байгаа. Энэ бүгдийг нь ойлгож байсан С.Х гэх хувьцаа эзэмшигч хувьцаа эзэмшигчдийг өөрчлөх хурлын тэмдэглэл дээр дурдсан байгааг анхаарна уу. Компанийг нэг 1 сая төгрөгөөр үнэлнэ гэдэг бол одоогийн нийгмийн үнэлгээ биш. Гагцхүү гэрээнээс зугтахаар зүйл зохиож ярьж байна” гэв.

 

           Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх Э.Э ийн гаргасан үндсэн нэхэмжлэл болон С.Х ын гаргасан сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Э.Э нь хувьцаа шилжүүлэн авсаны үлдэгдэл төлбөр болох 65,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг С.Х т холбогдуулан гаргасан, хариуцагч С.Х нь “...хувьцааны үнийг өсгөж илүү төлбөр авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд Э.Э т холбогдуулан хувьцааны үнэд илүү төлсөн 48,806,600 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

С.Х ын гаргасан сөрөг нэхэмжлэлийг “...50,000,000 төгрөг аваагүй, баримт байхгүй“ гэх үндэслэлээр нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөгүй байна.

Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн Х д ХХК-ийн дэлгэрэнгүй лавлагаа, хувийн хэргийн хуулбар баримтуудаас үзэхэд талуудын хооронд 2017.05.05-ны өдрийн Х д ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулагдсан, энэ гэрээний 1-д тус компанийн нэг бүр нь 2340 төгрөгний үнэ бүхий 510 ширхэг хувьцаа буюу нийт 51 хувийг хувьцааг худалдах, худалдан авахаар тохиролцсон, гэрээний 5.1-д худалдан авахаар тохиролцсон 51 хувийн хувьцааг 50,000,000 төгрөгөөр үнэлэхээр тохиролцов гэжээ.

Мөн 2017.05.05-ны өдөр Э.Э С.Х нарын хооронд Х д ХХК-ийн хувьцааны эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээний 1.1-д “ хувьцаа эзэмшигч Э.Э ийн 510 ширхэг буюу 51 хувийн хувьцааны эрхийг эрх хүлээн авагч С.Х т шилжүүлэхэд эдлэх эрх, хүлээх үүргийг тодорхойлох”, 2.1-д “эрх шилжүүлэгч Э.Э 70 хувийн гэрээнд заасан шаардлагыг хангасан хувьцааны эрхийг гэрээг хүчин төгөлдөр болгож баталгаажуулсаны дагуу эрх хүлээн авагчид шилжүүлэн Улсын бүртгэлд Х д ХХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулан 51 хувийг С.Х т, 19 хувийг Э.Э болгон улсын бүртгэлд өөрчлөлт оруулж, 15 хувийг Т.Ш д, 15 хувийг Б.Э нарын нэр дээр хэвээр бүртгүүлнэ” гэжээ.
            Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.5-д “эзэмшигч этгээддээ ашиг өгөх, эсхүл бусдаас шаардах эрх олгох эрх буюу шаардлага, оюуны үнэт зүйл нь эдийн бус хөрөнгөд хамаарна”, мөн хуулийн 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт “үүргийн агуулгад харшлахгүй бол эрх, шаардлага, бусад хөрөнгө худалдах-худалдан авахад эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний талаархи энэ хуулийн заалтууд нэгэн адил хамаарна”, 260.3-т “эд хөрөнгө эзэмших боломж олгож байгаа эрхийг худалдсан тохиолдолд худалдагч тухайн эд хөрөнгийг худалдан авагчид биет байдлын болон эрхийн доголдолгүй шилжүүлэх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

Х д ХХК-ийн хувьцаа эзэмшигчид өөрчлөлт оруулах тухай 2017.05.05-ны өдрийн тогтоолоор тус компанийн нийт хувьцааны 510 ширхэг хувьцаа буюу 51%-ийн хувьцааг С.Х т шилжүүлж, 190 ширхэг хувьцаа буюу 19 хувийн хувьцааг Э.Э , 150 ширхэг хувьцаа буюу 15 хувийн хувьцааг Т.Ш , 150 ширхэг хувьцаа буюу 15 хувийн хувьцааг Б.Э эзэмших, өмчлөхөөр компанийн дүрэмд өөрчлөлт оруулж улсын бүртгэлд бүртгүүлэхээр, тогтоолын 3-т хувь нийлүүүлсэн хөрөнгийн хэмжээ 2,340,000 төгрөгийн мөнгөн хөрөнгө буюу нэг бүр нь 2340 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 1000 ширхэг энгийн хувьцаа байхаар тогтоосон байна.

Тухайн өдрийн хурлын тэмдэглэл гэх Х д ХХК-ийн хувьцаа эзэмшигч өөрчлөх хурлын 2017.05.05-ны өдрийн 01 тоот тэмдэглэлийг нэхэмжлэгч талаас ирүүлсэн боловч уг тэмдэглэлийг хөтөлсөн нарийн бичгийн дарга тодорхойгүй, Компанийн тухай хуулийн 74 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй байх бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн баримтад энэ хурлын тэмдэглэл байхгүй болно.       

Үүсгэн байгуулагчдын 2017.05.05-ны өдрийн 2 тоот шийдвэрийн 1 дүгээр хавсралтаар баталсан гэх Х д ХХК-ийн дүрмийн 5.2-т компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ нь 2,340,000 төгрөг ба нэг бүр нь 2340 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 1000 ширхэг энгийн хувьцаа байна гэж заасан байх бөгөөд “...Х д ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2017.05.05-ны өдрийн хурлын шийдвэрийн дагуу шинэчилсэн компанийн дүрмэнд өөрчлөлт ороогүй” гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.

Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгчээс ирүүлсэн баримтууд нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирсэн баримтуудаас зөрүүтэй, нэхэмжлэлийн үндэслэл болох 2017.05.05-ны өдрийн 2 гэрээ, хурлын тэмдэглэл хоорондоо зөрүүтэй, Э.Э ийн эзэмшлийн 70 хувийн хувьцааг 115,000,000 төгрөгөөр үнэлсэн талаар гэрээнд тусгагдаагүй, нэхэмжлэлд дурдсан 50,000,000 төгрөгийг хувьцааны үнэд урьдчилан төлсөн эсхүл өмгөөлөгчийн хөлс, бусад гарсан зардалд төлсөн эсэх нь тодохойгүй байх тул үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй болно.  

Шүүх талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх бөгөөд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Талуудын хооронд байгуулсан 2017.05.05-ны өдрийн 2 гэрээ нь нотариатаар гэрчлүүлэх  хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн байх бөгөөд Иргэний хуулийн 190 дүгээр зүйлийн 190.2-т “нэг тал нь өөрт бэлэн байгаа бүх эд хөрөнгө буюу түүний хэсгийг нөгөө талын өмчлөлд шилжүүлэх, эсхүл хязгаартайгаар эзэмшүүлж, ашиглуулах /узуфрукт/-аар үүрэг хүлээсэн гэрээг нотариатаар заавал гэрчлүүлнэ” гэж заажээ.

 Компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5-д “компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг компанийн дүрэмд тусгасан байна”, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрт үндэслэн дор дурдсан хэлбэрээр өөрчилж болно”, 31.2.1-т ”нэгж хувьцааны нэрлэсэн үнийг өсгөх, эсхүл бууруулах” гэж тус тус заасан байх бөгөөд Х д ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2017.05.05-ны өдрийн хурал, хурлын шийдвэр, тухайн өдөр талуудын хооронд байгуулсан гэрээ нь Компанийн тухай хуулийн холбогдох зүйл заалтад /59,60,61 дүгээр зүйл/ нийцээгүй байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 73 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1, 260.3 дахь хэсэгт зааснаар С.Х оос хувьцаа худалдан авсаны үлдэгдэл төлбөр 65,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн Э.Э ийн үндсэн нэхэмжлэл болон Э.Э ээс хувьцааны үнэд илүү төлсөн гэх 48,806,600 төгрөг гаргуулахыг хүссэн С.Х ын сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн 2018.09.11-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 482,950 төгрөг, хариуцагчийн 2018.12.06-ны өдөр төлсөн 401,983 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                      

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   Д. ЭНХЦЭЦЭГ