Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/984

 

2022        12          15                                   2022/ШЦТ/984      

 

                        

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Тэргэлсаран,

Улсын яллагч: Ц.Хулан,

Хохирогч: ****,

Шүүгдэгч: **** түүний өмгөөлөгч Б.Батсүрэн нарыг оролцуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** холбогдох  эрүүгийн 2211000001638 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

**** /РД:/, Монгол Улсын иргэн, 2000 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, , урьд ял шийтгүүлж байгаагүй.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч **** нь 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэнгис” караоке дотор шалтгаангүйгээр ****ийн нүүр рүү мөргөж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, хамрын нурууны цус хуралт, зөөлөн өдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг холбогджээ.

         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Эрүүгийн 2211000001638 дугаартай хэргээс:

            Шүүгдэгч **** нь шүүхийн хэлэлцүүлэгт: Би тухайн өдөр найзтайгаа гал тогооны өрөөнд бэлтгэл хийгээд зогсож байсан. Манай байгууллагын заалнаас гал тогоо руу ордог хаалга нь хөшиг нь хаалттай юм. Тухайн өдөр нь ****ийн ажилддаггүй өдөр байсан хэдий ч тухайн өдөр ажил дээр ирээд хөшиг татсанаа дунд хуруугаа гаргачхаад инээгээд байсан. Тэгэхээр нь бэлтгэлээ хийж дуусчхаад ****ийг хайж очиход хөргөгчид ундаа өрөөд зогсож байхаар нь би өвдөглөчхөөд гал тогооны өрөө рүү эргээд орсон. Тэр үед **** миний хойноос ирээд татаж аваад мөргөх үед миний хамар ийм болсон гэв.

            Хохирогч **** нь шүүхийн хэлэлцүүлэгт: Би тухайн өдөр хичээлээ тарчхаад Тэди орж гар утас үзэх бодолтой явж байсан. Намайг ажлын ойролцоо явж байхад миний гар утасны цэнэг дуусаад унтарсан. Надад утсаа цэнэглээд ээжтэйгээ ярих шаардлага байсан учраас гар утсаа цэнэглэхээр ажил руугаа орсон. Би гар утсаа цэнэглэх гээд залгачхаад байж байтал зөөгч нь надад тус болоод хөргөгчид ундаа дүүргээд өгөхийг гуйсан.  Би тухайн үед зөөгчийн хүсэлтийг хүлээн аваад ундааг өрөөд зогсож байсан. Би тэр үед хөшгөөр шагайхын хувьд шагайсан гэхдээ дунд хуруугаа гаргаж ямар нэгэн байдлаар ёжилсон байдалтай үйлдэл гаргаагүй. Би тухайн үед **** ахад та буруу харсан талаар тайлбар хэлэхэд намайг ойлгоогүй. Намайг тухайн үед хөргөгчид ундаа өрөөд зогсож байхад миний хугархай хөл рүү нэг хүн өвдөглөсөн. Би хөргөгч рүүгээ харсан байдалтай байсан учраас хэн намайг өвдөглөснийг харж амжаагүй. Хэн намайг өвдөглөсөн юм болоо гээд гайхаад эргээд харахад **** ах буюу **** ах гал тогооны өрөө рүү орж байсан. Тэгээд **** ах  буцаж гарч ирснээ намайг учир зүггүй мөргөсөн. Миний хамраас цус гараад байсан учраас би гал тогооны өрөө рүү гүйж ороод угаалтуурт хамрынхаа цусыг угаасан. Тухайн үед манай байгууллын зохион байгуулагч хийж байсан Буд ах хамар чинь далийсан байна гэж хэлсэн. Чи халуун дээр нь ороод Гэмтлийн эмнэлэг ороод янзлуулахгүй бол болохгүй гэж хэлсэн. Би тухайн үед Гэмтлийн эмнэлэг рүү автобусанд суугаад явсан гэв.

            Хохирогч ****ийн мэдүүлэгт:        Өнөөдөр буюу 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр би “BNG chicken” гээд Тэнгис караокены 1 давхарт байрлах өөрийн ажилладаг газар луу утсаа цэнэглэх гээд орсон. Тэгээд утсаа цэнэглэж байх хоорондоо хөргөгчдөө ундаа өрөөд зогсож байсан юм. Гэтэл миний хадаастай хөл рүү нэг хүн өвдөглөчих шиг болсон.. тэгэхээр нь эргэж хараад яаж байгаа юм бэ? гээд хэлтэл цаашаа гал тогоо руугаа хөшигний цаагуур орчихсон юм. Тэр хүн болохоор гал тогооны өнөөдрийн ахлах тогооч **** гэж хүн байгаа юм. Нээх удалгүй нөгөө газраа буцаж ирээд, ямар ч шалтгаангүйгээр намайг миний өмсөж байсан цамцнаас татаж аваад мөргөчихсөн... миний хамраас цус гарахаар нь шууд угаалтуур луу гүйж очоод цусаа тогтоосон юм... Тэгэхээр нь би гэмтэл орж үзүүлээд, хамрын яс мурийсан байна гэж хэлсэн. Тэрийгээ би ээжид хэлээд бид хоёр манай ажил дээр ирээд намайг мөргөсөн гэх ахтай уулзсан. Ирснийхээ дараа яагаад ингэсэн юм гээд манай ээж тэр **** ахаас асуусан чинь танай хүүхэд чинь ёс зүйгүй хүүхдэдээ юм заачхаад надад хэл гэж хэлсэн. Би болохоор тэр хүнтэй ямар нэгэн байдлаар маргалдаж муудалцаж байсан зүйл байхгүй...”,

            “...би эмчилгээ үйлчилгээтэй холбоотой гарсан баримтуудаа гаргаж өгөх болно. Мөн миний хугарсан хамрыг одоогоор янзлах боломжгүй гэсэн. Цуурсан хэсгийг нь тэгшилсэн бөгөөд бороолж эдгэхийн тулд 3 сарын хугацаа хэрэгтэй. одоогийн байдлаар надаас нийтдээ 313.000 төгрөгийн зардал гарсан байна. Би 1.500.000 төгрөг нэхэмжлэх болно Би тухайн үед хамартаа гэмтэл авчхаад ГССҮТ-ийн амбулаторийн үзлэгээр орсон. Түүнээс өөрөөр ямар нэгэн байдлаар тусламж үйлчилгээ авсан асуудал байхгүй. Миний санаж байгаагаар 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдөр хөлийн хадаас авхуулах хагалгаанд орж байсан. Энд гарч ирсэн 2.033.000 төгрөг нь тухайн үед даатгалын сангаас гарсан мөнгө гэж бодож байна..^” /хх-ийн 4-6/

            Шинжээч эмчийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 12987 дугаартай дүгнэлт ****-н биед хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонгид алдагдуулахгүй. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” /хх-ийн 11-12/

             Иргэний нэхэмжлэгч **** мэдүүлэгт: “...**** нь 2022 оны 09 дүгээр сард Гэмтэл согог судлалын үндэсний төвийн амбулаторийн үзлэгээр 15,000 төгрөгийн зардал гарсан нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 04/4640 дугаартай албан бичгээр тогтоогдож байх тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч ****аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” /хх-ийн 49/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч **** нь 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэнгис” караоке дотор шалтгаангүйгээр ****ийн нүүр рүү мөргөж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, хамрын нурууны цус хуралт, зөөлөн өдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг, Хохирогч ****ийн мэдүүлэг /хх-ийн 4-6/, Шинжээч эмчийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 12987 дугаартай дүгнэлт ... Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонгид алдагдуулахгүй. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” /хх-ийн 11-12/, Иргэний нэхэмжлэгч **** мэдүүлэг /хх-ийн 49/  зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч ****ын үйлдэл нь хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч ****ын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

Хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч **** нь хохирогч ****ийн баримтаар гаргаж өгсөн 159.500 төгрөгийн хохирлыг төлсөн, мөн Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 15.000 төгрөгийг шүүгдэгч **** нь нөхөн төлсөн байх тул шүүгдэгч **** нь бусдад төлөх төлбөргүй байна.

Харин хохирогч **** нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримт бүрдүүлэн Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

 Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч ****ыг Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны зарчмыг баримтлан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө төлсөн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан оногдуулах ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч **** нь цагдан хоригдсон хоноггүй байна.

   Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дэх хэсэг зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                                   ТОГТООХ НЬ:

1. ****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч ****ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах ялаас чөлөөлсүгэй.

  3. Шүүгдэгч **** нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд зүйл битүүмжлээгүй, эд мөрийн баримтгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

   4. Хохирогч **** нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

  5. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ****т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.БАЯРМАА