Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2019/00849

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 10 өдөр                  Дугаар 183/ШШ2019/00849                              Улаанбаатар хот 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн .... тоот хаягт байрлах, О ХХК /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн .... тоотод оршин суух, Э.А  /РД:..../-д холбогдох,

хамтран ажиллах гэрээний үүрэгт 3,600,000 төгрөг  гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.   

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Т нар оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Д шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Анх ажил гүйцэтгэж өгнө гээд мөн манай компаниар аялагч аялуулна гэсэн нэрийдлээр манайхаас урьдчилгаа мөнгө авсан. Ажил хийнэ гэсэн боловч өнөөдрийг хүртэл нийслэл дээр хуралтай гэж байгаа шиг адилхан жишээгээр байнга хойшлуулж явсаар дэлхийн аваргын тоглолт дуусах хүртэл үргэлжилсэн. Тэгээд бүх зүйл дууссаны дараа мөнгөө өгөөч гэхэд би мөнгөө эргүүлж өгнө гээд гарын үсэг зураад тайлбараа бичиж өгсөн. Тэгээд 2 сарын хугацаатай сунгаж явсаар байгаад сүүлд нь 10 хувь нэмж өгье, дахиад 10 хувь нэмж өгье гэх маягаар явсаар байгаад 3,600,000 төгрөг болсны дараа бид нар өгөхгүй нь ойлгомжтой болчихлоо гэж үзсэн учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Зөвхөн баримт дээр гарын үсэг зуруулах гэж л сар хөөцөлдөж явсан. Аз болоход бүх зүйл дээр гарын үсгийг нь зуруулсан байсан учраас нотлох баримттай үлдсэн. Тийм учраас хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна” гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                            ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч О ХХК хамтран ажиллах гэрээний үүрэгт 3,600,000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг Э.А-д холбогдуулан 2019.01.10-ны өдөр шүүхэд гаргажээ.

          

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талуудын хооронд 2018.03.02-ны өдрийн 9 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, уг гэрээний зорилгыг О ХХК нь ОХУ-д болох Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол улсын иргэдэд таниулах, сурталчлах, аялалын явцад үзүүлэхтэй холбогдуулан МҮОНТ-ийн спортын сэтгүүлч Э.А захиалагчийн энэхүү үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээр тохирсон гэж тодорхойлжээ.

 

Дээрх гэрээний 2 дугаар зүйлийн 2-т зааснаар О ХХК ажил гүйцэтгэхэд зориулан нийт 3,400,000 төгрөгийг төлөх, гүйцэтгэгч нь энэхүү үнийн дүнд тохирсон ажлыг MNBC спорт, сувгийн захиралтай хамтран гүйцэтгэж гэрээг дүгнүүлэх үүргийг хүлээсэн байх бөгөөд 2018.03.30-нд 200,000 төгрөг, 2018.03.29-нд 200,000 төгрөг, 2018.03.29-нд 500,000 төгрөг, 2018.03.07-нд 500,000 төгрөг, мөн өдөр дахиад 500,000 төгрөг, 2018.03.02-нд 2,000,000 төгрөг нийтдээ 3,900,000 төгрөгийг хариуцагч Э.А-д  шилжүүлсэн болох нь кассын зарлагын ордер, талуудын тайлбараар тогтоогдсон байна.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2, 3-т заасныг үндэслэн Э.А болон МҮОНРТ-ийн спортын албаны сэтгүүлч, МNB спорт сувгийн захирал Г.О нарт хүргүүлсэн 2018.07.09-ний өдрийн албан шаардлага, 2018.07.10-ны өдрийн нэхэмжлэх, нэхэмжлэгчийн тайлбар зэргээс үзэхэд гэрээний үнээс тусдаа нэмж авсан гэх 500,000 төгрөгийг зар сурталчилгааны шторконд тоглосон зардалд суутган тооцож, Э.А-ны хүсэлтээр 3,000,000 төгрөгийг буцааж авахаар тохирсон боловч хариуцагч 3,000,000 төгрөгийг төлөөгүй байна.

 

Хариуцагч Э.А ажлын 3,900,000 төгрөгийг хүлээн авсанаа зөвшөөрч, О ХХК-ийн дансанд 3,000,000 төгрөгийг 2018.08.15-ны өдрөөс өмнө шилжүүлэх, мөн төлөхөөр тохирсон хугацааг хойшлуулж 10 хувийн алданги нэмж 2018.09.30-нд төлөхөөр амласан гэх хариуцагч Э.А-ны гарын үсэг бүхий 2018.07.23-ны болон 2018.08.17-ны өдрийн өргөдөл хэрэгт авагдсан байх бөгөөд нэхэмжлэлийн үнийн дүнг 3,000,000 төгрөгийн 10 хувийг 2 удаа тооцож 3,600,000 төгрөгөөр тодорхойлсон гэж нэхэмжлэгч тайлбарласан байна.

 

Дээрх 2018.03.02-ны өдрийн 9 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг хариуцагч Э.А өөрөө байгуулсан, ажлын хөлсийг өөрөө хүлээн авсанаа зөвшөөрсөн, МҮОНРТ-ийн спортын албанд хамааралгүй гэх үндэслэлээр хариуцагчаар Э.А-ыг сонгосон байх бөгөөд нэхэмжлэгч О ХХК нь  ажлын хөлсөнд шилжүүлсэн 3,900,000 төгрөгнөөс зар сурталчилгаанд тоглосоны хөлс 500,000 төгрөгийг хассан гэх тул үлдэх 3,400,000 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар  зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй бөгөөд хариуцагч Э.А нь энэ үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.

Хариуцагч нэхэмжлэлийн хувийг 2019.03.25-ны өдөр гардаж авсан байх бөгөөд хариу тайлбар ирүүлээгүй, 2019.04.10-ны өдрийн шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудас болон утсаар, мөн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны Засаг даргад албан тоотоор мэдэгдсэн боловч хариуцагч шүүх хуралдаанд  хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.А-аас 3,400,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 200,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт  зааснаар хариуцагч Э.А-аас 69,350 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93,350 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж залдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Д.ЭНХЦЭЦЭГ