Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/835

 

 

 

 

 

 

 

 

 

     2022            12           09                                         2022/ШЦТ/835                                

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Доржпүрэвийн Пүрэвсанд холбогдох эрүүгийн 22030 0464 0504 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Н.Уранбайгаль /тээвэр/, хохирогч О.Ганзориг, шүүгдэгч Д.Пүрэвсан, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Төмөрбаатар, иргэний нэхэмжлэгч Б.Гантулга нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Д.Баасандорж шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1955 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Дундговь аймагт төрсөн, 68 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 3, эхнэр, ач нарын хамт амьдрах, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 3 дугаар баг, 17-13 тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Боржигон овогт Доржпүрэвийн Пүрэвсан /РД:********/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Пүрэвсан нь 2022 оны 8 дугаар сарын 06-ны 16 цаг 35 минутын үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Нисэхийн спорт цогцолборын зүүн замд “Tоёото Витз” маркийн 16-00 *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9-д заасан заалтыг зөрчсөний улмаас Б.Батмөнхийн жолоодон явсан “Тоёото ланд круйзер” маркийн 86-81 *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч О.Ганзоригийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч Д.Пүрэвсангаас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...2022 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгаас Улаанбаатар хотод ирж, Дундговь аймгаас ирсэн дайврыг аваад буцаж Төв аймаг руу явж байхдаа уулзвараар буцаж эргэж байхдаа өөр машинтай мөргөлдсөн. Би зорчих хэсгийн хоёрдугаар эгнээнээс дохио өгөөд зүүн гар тийш эргэсэн.

Тухайн үед цаг 16 цаг 30 минут болж байсан ба гадаа гэгээтэй байсан. Би буцаж эргэх үедээ ирж яваа машиныг харсан, 500-600 метрийн цаана ирж байсан учир амжиж эргэнэ гэж бодсон. Би замын хөдөлгөөний дүрмээр бол тухайн ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрсөн хойно нь эргэх байсан гэдгээ мэдэж байгаа. Би дүрэм зөрчсөнөөс энэ осол хэрэг гарсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Осол хэрэг болох үед манай эхнэр хамт явж байсан ба ослын улмаас хавирга нь гэмтсэн. Одоогийн байдлаар хохирол төлбөр төлөөгүй, цаашид төлж барагдуулна. Машины эзэн Цэцэгмаа хотын хөдөлгөөнд би сайн жолоодож чадахгүй гээд намайг машинаа бариад явчих гэсэн учир түүний  16-00 *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөнд оролцсон. Эхнэр бид хоёр хоёулаа өндөр насны тэтгэвэрт байдаг, санхүүгийн боломж хүндрэлтэй байна. Хохирлыг цаашид төлж барагдуулна. гэсэн мэдүүлэг,

 

2. Хохирогч О.Ганзоригоос шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...2022 оны 8 дугаар сарын 06-ны өдөр манай нөхөр Д.Пүрэвсан, найз Ж.Цэцэгмаа бид гурав явж байсан. Төв аймгаас гараад дайвраа авчхаад Нисэхийн уулзвараар эргээд явж байсан. Тэгэхэд гэнэт тас түс гэсэн чимээ гараад, цааш нь юу болсон талаар мэдээгүй. Нэг мэдэхэд Гэмтлийн эмнэлэг рүү түргэн тусламжийн машинтай явж байсан. Гэмтлийн эмнэлэгт 5 хоног хэвтэн эмчлүүлээд гарсан. Ослын улмаас баруун хавирга хугарсан. Одоо эрүүл мэндийн хувьд хэвийн болж байгаа.“ гэсэн мэдүүлэг,

 

3. Иргэний нэхэмжлэгч Б.Гантулгаас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Тухайн зам тээврийн осол гарахын өмнөх өдөр нь би өөрөө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир хүүхдүүдтэйгээ ууланд гарч, салхилах гээд Батмөнхөөр жолоо бариулсан. Ослын улмаас тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтэл нь үнэлгээгээр 3.400.000 төгрөгөөр тогтоогдсон байгаа. Би өөрөө машинаа засуулсан, журмын хашааны төлбөр тооцооны зардал зэргийг гаргасан учир үнэлгээгээр тогтоогдсон хохирлын 3.375.000 төгрөгийг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх хүсэлтэй байна.  

Тухайн тээврийн хэрэгслийг би хүнээс худалдан авсан бөгөөд одоогоор өөрийн нэр дээрээ машиныг шилжүүлж авч амжаагүй байгаа. Хуучин эзэн Г.Ган-Эрдэнэ нь одоогоор Улаанбаатар хотод байхгүй, мөн машины үлдэгдэл төлбөр нь төлөгдөж дуусаагүй байгаа юм.” гэсэн мэдүүлэг,

 

Хоёр. Эрүүгийн 22030 0464 0504 дугаартай хэргээс:

 

1. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 05-12 дахь тал),

 

2. Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хэргийн 13-14 дэх тал),

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Ганзоригийн хохирогч, гэрчээр өгсөн:

“...Би 2022 оны 8 дугаар сарын 06-ны өдөр найз Ж.Цэцэгмаа, нөхөр Д.Пүрэвсан нарын хамт Төв аймгаас Улаанбаатар хот руу хүүхэд хүргэж өгөхөөр жижиг оврын суудлын машинтай явсан. Машины марк, дугаарыг нь мэдэхгүй байна. Манай нөхөр Д.Пүрэвсан машин жолоодоод, Ж.Цэцэгмаа урд талын суудалд, харин би хойд талын суудалд суугаад явсан юм. Ингээд Төв аймгийн замаар явж байгаад Нисэхийн зүүн талын замаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй явж байгаад манай нөхөр буцаж эргэх гарцаар буцаж эргэсэн. Эргээд явж байхад гэнэт тас түс хийгээд явчихсан. Тэрнээс хойш юу болсныг би санахгүй байгаа. Нэг мэдэхэд Гэмтлийн эмнэлэгт ирчихсэн байсан.

Ослын улмаас миний баруун талын 3 хувирга хугарсан, элэг няцралттай, элгэнд цус хурсан гэсэн оношоор Гэмтлийн эмнэлэгт 5 хоног хэвтээд гарсан байгаа. Би биеэ сайн эмчлүүлээд эрүүл саруул болмоор байна. Өөр надад гомдол санал байхгүй.

...Пүрэвсан бид хамт амьдраад 22 жил болж байна. дундаасаа 6 хүүхэдтэй, ач, зээ олонтой. Зан аашны хувьд манай хүн төлөв даруу, архи дарс хэрэглэдэггүй, тамхи татдаг, урлагийн алтан медальтай дуучин. Нэг насаараа мал маллан нутагтаа амьдарч байна. Гэр бүлдээ, ах дүү нартаа нэр хүндтэй, сум, нутаг орон, найз нөхдийнхөө дунд нэр хүнтэй хүн байгаа юм.” гэсэн мэдүүлэг (хэргийн 18, 65 дахь тал),

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч.Энхтуяагийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн:

“...Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй” гэж тус тус заажээ.

Иймээс гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч, уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулах явдал байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан зохицуулалт хэрэгжихгүй байгаа учир Тээврийн прокурорын газраас иргэний нэхэмжлэл гарган оролцож байна.

Д.Пүрэвсан нь 2022 оны 8 дугаар сарын 06-ны 16 цаг 35 минутын үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Нисэхийн спорт цогцолборын зүүн талын замд Ж.Цэцэгмаагийн эзэмшлийн T.Vitz маркийн 16-00 *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас Б.Батмөнхийн жолоодож явсан T.Land Criuser маркийн 86-81 *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч О.Ганзоригийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэмт хэрэг үйлдэгджээ.

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч О.Ганзориг нь 2022 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Нийслэлийн Түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэж, хэвтэн эмчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 596.000 төгрөгийг түүний эмчилгээнд зарцуулжээ. Иймд дээрх мөнгийг  Д.Пүрэвсангаас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын газарт нөхөн төлүүлж өгнө үү.” гэсэн мэдүүлэг (хэргийн 29 дэх тал),

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ж.Цэцэгмаагийн иргэний нэхэмжлэгч, хариуцагчаар өгсөн:

“...2022 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 14 цагийн орчимд Улаанбаатар хот орохоор Toyota Vitz маркийн 16-00 *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй хөдөлсөн. Тээврийн хэрэгслийг манай найз Д.Пүрэвсан жолоодоод, би урд талын суудалд суугаад, жолоочийн хойд талын суудалд Д.Пүрэвсангийн эхнэр О.Ганзориг суугаад явсан юм.

Тэгээд ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй Буянт-Ухаа 2 хорооллын зүүн замаар явж байхад буцаж эргэх гарц таарсан ба Д.Пүрэвсан тэр гарцаар зүүн гар тийш буцаж эргээд, зорчих хэсгийн 2 дугаар эгнээнд ороод явж байхад хойд талаас машин ирээд мөргөсөн. Буцаж эргэж байх үед ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй 100 орчим метрийн зайтай явж байсан. Би тэр үед Д.Пүрэвсанг буцаж эргэж амжих юм байна гэж бодсон ба Д.Пүрэвсан ч амжаад буцаад эргээд 2 дугаар эгнээ рүү орсон. Тэгээд 5 орчим метр явсан юм. Тэгтэл хойноос машин ирээд маш хүчтэй мөргөсөн.

Би манай машин мөргүүлээд шидэгдчихэв үү гэж бодоод хойшоо эргээд хартал О.Ганзоригийн амнаас цус гарч байсан. Би машинаас буугаад хойд хаалгаар О.Ганзоригийг буулгах гэсэн боловч хаалга онгойхгүй байсан. Нөгөө машинаас хүмүүс бууж ирээд хойд хаалгыг татаж онгойлгоод О.Ганзоригийг буулгасан. Удалгүй түргэн тусламжийн машин ирээд О.Ганзоригийг Гэмтлийн эмнэлэг рүү авч явсан.

Манай машины баруун хойд талаас мөргөсөн байсан. Тоёото Витз маркийн 16-00 *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр бүртгэлтэй миний өөрийн машин юм.

...Тээврийн хэрэгслийг жолоодох зөвшөөрлийг би өөрөө Пүрэвсанд өгсөн. Найз Пүрэвсангийн буруутай үйлдэл байна гэж тогтоогдох юм бол бусдад учруулсан хохирлыг би өөрөө төлж барагдуулна. Буруутай үйлдэл нь тогтоогдохгүй бол би хохирлоо төлүүлж авна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 36, 39 дэх тал),

 

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Ган-Эрдэнийн иргэний нэхэмжлэгч, хариуцагчаар өгсөн:

“...Надад ослын талаар мэдэх зүйл байхгүй. Land Cruiser 100 маркийн 86-81 *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр бүртгэлтэй байдаг. Би энэ машинаа ахын найз Б.Гантулгад 2022 оны 7 дугаар сард 20.0 сая төгрөгөөр худалдсан ба урьдчилгаа мөнгө 8.0 сая төгрөгийг авсан, үлдэгдэл 12.0 сая төгрөгийг аваагүй байгаа. Үлдэгдэл мөнгөө төлбөл машиныг нэр дээр нь шилжүүлж өгнө. Миний эзэмшилд байгаа тээврийн хэрэгслийг жолоодож явсан Батмөнхийн буруутай үйлдэл байна гэж тогтоогдох юм бол би бусдад учирсан хохирлыг төлж барагдуулна.

...Зам тээврийн ослын улмаас Toyota Land Cruiser машинд ямар эвдрэл гэмтэл учирсныг мэдэхгүй байна. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 43, 46 дахь тал),

 

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Гантулгын иргэний нэхэмжлэгчээр өгсөн:

“...Land Cruiser 100 маркийн 86-81 *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Г.Ган-Эрдэнэ гэдэг хүний нэр дээр байдаг. Би тухайн машиныг 2022 онд 20.0 сая төгрөгөөр худалдаж авсан ба урьдчилгаа 8.0 сая төгрөгийг төлж, үлдэгдэл 12.0 сая төгрөгийг төлөөгүй байгаа. Эвдрэлийн үнэлгээг хийлгэсэн байгаа. Ослын улмаас автомашины урд талын хэсэгт их эвдрэл учирсан, үнэлгээ гарсан байгаа. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 51 дэх),

 

8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Гантулгын гэрчээр өгсөн:

“...2022 оны 8 сарын 06-ны өдөр 17 цагийн орчимд Сонсголонгоос Буянт-Ухаа хорооллын урд талын Богд ууланд очихоор дүү Батмөнх, эхнэр Эрдэнэтуяа, найз Сарангэрэл, манай хоёр хүүхэд, Сарангэрэлийн хоёр хүүхдийн хамт Land Cruiser маркийн 86-81 *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй хөдөлсөн. Тээврийн хэрэгслийг Батмөнх жолоодоод , би урд талын суудалд нь бага хүүхдээ өвөр дээрээ суулгаад, бусад нь хойд талын суудалд суугаад явж байсан.

Тэгээд Буянт-Ухаа хорооллын зүүн талын замаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй, зорчих хэсгийн 3 дугаар эгнээгээр явж байтал тээврийн хэрэгслийн зүүн талаас нэг машин манай машины урдуур ороод ирсэн. Тэр машин гарцаар буцаж эргэж байсан юм шиг байна лээ. Би тэр машиныг буцаж эргэх гэж байгааг бол хараагүй, осол болсны дараа л буцаж эргэж байсан юм байна гэж бодсон.

Тухайн үед би зам руу хараагүй, хойно сууж явсан хэдтэйгээ юм яриад явж байсан, тэгтэл сигнал дуугарах шиг болохоор нь би урагшаа зам руу хартал манай машины урдуур машин ороод ирсэн, Батмөнх тэр машиныг мөргөөд жолооны хүрдээ баруун гар тийш дараад, зорчих хэсгээс гараад явган хүний замаар ойролцоогоор 2-3 метр газар яваад тээврийн хэрэгслээ зогсоосон.

Батмөнх тэр машиныг мөргөхгүй гээд жолооны хүрдээ баруун гар тийш эргүүлээд тээврийн хэрэгслийг зайлуулах гэтэл амжилгүй зүүн урд хэсгээрээ нөгөө тээврийн хэрэгслийн баруун хойд хэсэг рүү мөргөсөн. Тухайн үед Батмөнх 60 орчим км/цаг хурдтай явж байсан. Ослоос шалтгаалж надад ямар нэг бэртэл гэмтэл учраагүй. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Миний ярьсан зүйл үнэн.” гэсэн мэдүүлэг (хэргийн 62 дахь тал)

 

9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Эрдэнэтуяагийн гэрчээр өгсөн:

“...2022 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 16 цаг өнгөрч байхад Сонсголонгоос Богд уул руу Батмөнх, Гантулга, Сарангэрэл, манай 2 хүүхэд, мөн Сарангэрэлийн 3 хүүхэдтэй, нийт 9 хүн Land Cruiser 100 маркийн 86-81 *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй хөдөлсөн.

Тээврийн хэрэгслийг Батмөнх жолоодоод, би хойд талын суудлын голд суугаад явж байсан юм. Нисэхийн аюулгүйн тойргоор тойроод ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй явж байхад машины сигнал дуугарсан. Тэгээд би урагш харахад ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд саарал өнгийн жижиг суудлын машин манай машины урдуур ороод мөргөлдсөн юм. Тэгээд үүнээс хойш юу болсныг би мэдэхгүй байна. Батмөнх зорчих хэсгийн хэддүгээр эгнээнд, хэдэн км/цагийн хурдтай явж байсныг мөн мэдэхгүй байна. Мөн цагдаа эмнэлэгт хэн дуудлага өгснийг мэдэхгүй байна.

Ослоос шалтгаалж ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй тул шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 54 дэх тал),

 

10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Сарангэрэлийн гэрчээр өгсөн:

“...2022 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 17 цагийн орчимд Сонсголонгоос Богд ууланд очихоор Батмөнх, Гантулга, Эрдэнэтуяа, манай 3 хүүхэд, Гантулгын 2 хүүхэдтэй Land Cruiser 100 маркийн 86-81 *** улсын дугаартай тээврийн хэрэгслээр хөдөлсөн. Тээврийн хэрэгслийг Батмөнх жолоодоод, би жолоочийн хойд талд, миний зүүн гар талд Эрдэнэтуяа, түүний хажууд манай 2 хүүхэд суусан ба хамгийн хойд талын суудалд мөн 2 хүүхэд суугаад явж байсан. Буянт-Ухаа хорооллын зүүн замаар ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэлтэй, би Эрдэнэтуяатай юм яриад явж байхад гэнэт түс тас болоод, Батмөнх өөр машинтай мөргөлдчихсөн.

Би Эрдэнэтуяатай юм ярьж явсан болохоор юу болсныг огт мэдээгүй. Тэгээд хүүхдүүдээ аваад машинаас буугаад, осол болсон газраас бага зэрэг холдоод явсан. Тухайн үед Батмөнх хэдэн км/цагийн хурдтай явж байсныг мэдэхгүй байна. Миний хувьд ослоос шалтгаалж ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй тул шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй.

Осол болох үед машинд 4 том хүн, 5 хүүхэдтэй явж байсан. ослын улмаас бэртэж гэмтсэн хүн байхгүй. Манай 3 хүүхдийн бэртэл гэмтэл учраагүй. Шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 57, 59 дэх тал),

 

11. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Батмөнхийн гэрчээр өгсөн:

“...2022 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 17 цагийн орчимд Сонсголонгоос Богд Ууланд гарахаар ах Гантулга, Гантулгын эхнэр Эрдэнэтуяа, бэр эгч Сарангэрэл, дүү Батцэцэг, Мишээл, Саранбат, Гантулга ахын 2 хүүхэд, нийт 8 зорчигчтой Land Cruiser 100 маркийн 86-81 *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлсөн. Гантулга ах урд талын суудалд, бусад нь хойд талын суудалд сууж явсан. Тэгээд ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй, Буянт-Ухаа 2 хорооллын зүүн замаар, зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр явж байсан.

Тэгтэл ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй явж байсан саарал өнгийн тээврийн хэрэгсэл буцаж эргэх гээд зогсож байх шиг байсан. Тэгээд би хөдөлгөөнөө үргэлжлүүлээд явж байтал нөгөө машин шууд эргээд миний урдуур ороод ирсэн. Тэр машин буцаж эргэхдээ давхар эргэж миний урдуур ороод, би жолоодож явсан тээврийн хэрэгслийнхээ зүүн урд хэсгээрээ нөгөө машины баруун хойд хэсэг рүү нь мөргөсөн.

Мөргөх үедээ би тоормос гишгэж чадалгүй, жолооны хүрдээ баруун дараад явган хүний зам руу орсон ба цааш 4 метр орчим газар яваад тээврийн хэрэгслээ зогсоосон.

Тэр машин буцаж эргэхдээ урдуур нь буцаж эргэж байсан машины хойд талаар нь давхар эргээд, шууд нэгдүгээр эгнээ рүү явсан. Би тухайн үед 60 км/цагийн хурдтай явж байсан. Замын ачаалал бага, үзэгдэх орчин чөлөөтэй, цаг агаар тогтуун, бороо ороогүй, салхи шуураагүй байсан.Миний жолоодож явсан машин урд хэсгээрээ нэлээд эвдрэлтэй байгаа. Ослоос шалтгаалж ямар нэгэн бэртэл гэмтэл учраагүй. Бага зэрэг даралт ихэссэн. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би 2012 онд B,C ангилалтай жолооч болсон. 2012 оноос хойш тасралтгүй машин жолоодож байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 71 дэх тал),

 

12. ШШҮХ-ийн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 10941 дугаартай:

1. О.Ганзориг-н биед элгэнд няцрал, цус хуралт, баруун 4, 6, 7-р хавирганы хугарал, баруун чихэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 85-86 дахь тал),

 

13. ШШҮХ-ийн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 10943 дугаартай:

1. Ж.Цэцэгмаа-н биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 93-94 дэх тал),

 

14. Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Хас Үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 267 дугаартай:

“...Toyota Vitz маркийн 16-00 ***улсын дугаартай ... автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр шууд зардлын дүн 786.000 /долоон зуун наян зургаан мянга/ төгрөг, шууд бус зардлын дүн 230.000 /хоёр зуун гучин мянга/, нийт дүн 1.866.000 /нэг сая найман зуун жаран зургаан мянга/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн иргэний нэхэмжлэгч Ж.Цэцэгмаагийн Toyota Vitz маркийн 16-00 *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн үнэлгээний тайлан дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт (хэргийн 136-138 дахь тал),

 

15. Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ “Хас Үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 251 дугаартай:

“Toyota Land Cruiser маркийн 86-81 *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн ... автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр шууд зардлын дүн 2.675.000 /хоёр сая зургаан зуун далан таван мянга/ төгрөг, нийт хохирлын дүн 3.375.500 /гурван сая гурван зуун далан таван мянга таван зуу/ төгрөг” гэж үнэлсэн тээврийн хэрэгслийн техникийн үнэлгээний тайлан дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт (хэргийн 145-148 дахь тал),

 

16. “Авто тээврийн Үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 999423 дугаартай дүгнэлтэд:

Хариулт 1. Toyota Land Cruiser 100 маркийн 86-81 *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдал, стандартын шаардлага хангахгүй байна. Зүүн гар талын их гэрэл, дохионы гэрэл, оврын гэрэл хагарсан, зүүн гар талын урд крыло нугаларч будаг нь халцарсан, урд буфер эвдэрсэн, урд нүүрний рам гажиж эвдэрсэн байна.

Хариулт 2. Уг тээврийн хэрэгслийн зүүн гар талын их гэрэл, дохионы гэрэл, оврын гэрэл хагарсан, зүүн гар талын урд крыло нугларч будаг нь халцарсан, урд буфер эвдэрсэн, урд нүүрний рам гажиж эвдэрсэн эвдрэл гэмтэл нь зам тээврийн ослын үед үүссэн, хоёр дугаар тэнхлэгийн тоормос, зогсоолын тоормос зогсоогүй эвдрэл гэмтэл нь ашиглалтын явцад, засвар үйлчилгээ хийгээгүйгээс үүссэн хуучин эвдрэл гэмтэл байна.

Хариулт 3. Уг тээврийн хэрэгслийн тоормосыг тоног төхөөрөмжөөр болон жолоодлого хийж шалгахад ашиглалтын явцад засвар үйлчилгээ хийгдээгүйгээс хоёрдугаар тэнхлэгийн тоормос, зогсоолын тоормос стандарт шаардлага хангахгүй байна.

Хариулт 4. Тус тээврийн хэрэгслийн жолооны механизмын ажиллагаа хэвийн стандартын шаардлага хангаж байна.

Хариулт 5. Toyota Land Cruiser 100 маркийн 86-81 *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2020, 2021 онуудад тээврийн хэрэгслийн үзлэг оношилгоонд орж тэнцсэн байна. 2022 оны техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй байна.

Хариулт 6. Хэрэгт ач холбогдол бүхий шинээр илэрсэн зүйл байхгүй болно” гэсэн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 103-113 дахь тал)

 

17. “Цагаан шонхорын жигүүр” НҮТББ-ын шинжээчдийн 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 22/100 дугаартай дүгнэлтэд:

1. Toyota Vitz маркийн 16-00 *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Пүрэвсан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9. “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Toyota Land Cruiser маркийн 86-81 *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Батмөнх нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а. “энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах үүргийг хүлээнэ”, мөн дүрмийн 12.4. “Тээврийн хэрэгслийн хурдыг суурийн газарт цагт 60 километрээс хэтрүүлэхийг хориглоно.” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

Toyota Land Cruiser маркийн 86-81 *** улсын дугаартай автомашины хурдыг хэрэгт авагдсан тоормосны мөрөөр тодорхойлбол 67 км/цаг гарч байна. 2 тээврийн хэрэгслийн мөргөлдсөн хүчийг тодорхойлохдоо тооцоогүй болно. Үүнээс дүгнэхэд Toyota Land Cruiser маркийн 86-81 *** улсын дугаартай автомашин нь осол болох үед 67 км/цагаас багагүй хурдтай явсан байх үндэслэлтэй байна.

3. Уг зам тээврийн осолд зам, замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэл нөлөөлөөгүй гэж үзэж байна. Техникийн бүрэн бүтэн байдлын талаар энэхүү дүгнэлтийн 2 дахь хариултаар хариулсан болно.

4. Toyota Vitz маркийн 16-00 *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Пүрэвсан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9 дэх заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байна.

Учир нь: Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.16-д “зам тавьж өгөх” гэж замын хөдөлгөөнд оролцогч давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдлийг хэлнэ” гэж заасан ба Toyota Vitz маркийн 16-00 *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Пүрэвсан нь зам тавьж өгөх үүргээс чөлөөлөгдөхгүй.” гэсэн бүрэлдэхүүнтэй гаргасан шинжээчдийн дүгнэлт (хэргийн 158-160 дахь тал),

 

18. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Д.Пүрэвсангийн яллагдагчаар өгсөн:

“...Би ял сонсгож, яллагдагчаар татсан Прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна.

2022 оны 8 дугаар сарын 06-ны өдөр би эхнэр О.Ганзориг, найз Ж.Цэцэгмаа нарын хамт T.Vitz маркийн 16-00 *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Буянт-Ухаа 2 хорооллын зүүн талаар ертөнцийн зүгээр урдаас хойшоо чиглэлтэй явж байгаад, уулзвараар зүүн гар тийш буюу буцаж эргээд хөдөлгөөнд оролцоод явж байхад ертөнцийн зүгээр хойноос урагшаа явж байсан цагаан өнгийн жийп машин миний машины баруун хойд талын хэсэг рүү машиныхаа зүүн урд талын хэсгээр мөргөчихсөн. Тэгээд би мөргөлтөөс болоод урагш явсан ба мөргөсөн машин баруун дараад хашлага руу гараад, явган хүний хүний замд хөндлөн зогссон. Тэгээд түргэн тусламж болон цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.” гэсэн мэдүүлэг (хэргийн 174 дэх тал) болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой жолоодох эрхийн лавлагаа (хэргийн 180 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 181 дэх тал), шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 189 дэх тал) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эх сурвалж нь тодорхой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх талаарх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, шүүх эмнэлгийн шинжээчийн болон техникийн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий шинжээч, мэргэжилтэн нар гаргасан байх тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, үнэн зөв баримтууд гэж үнэлж дүгнэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно. 

 

Тухайн хэргийн хувьд мөрдөн байцаалтын холбогдох ажиллагаанууд бүрэн хийгдэж хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Пүрэвсангийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.  

 

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Д.Пүрэвсан нь 2022 оны 8 дугаар сарын 06-ны 16 цаг 35 минутын үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Нисэхийн спорт цогцолборын зүүн талын замд Ж.Цэцэгмаагийн эзэмшлийн T.Vitz маркийн 16-00 *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9-д заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас иргэн Б.Батмөнхийн жолоодож явсан T.Land Criuser маркийн 86-81 *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн зам тээврийн осол гаргасан,

- уг ослын улмаас T.Vitz маркийн 16-00 *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчин явсан зорчигч О.Ганзоригийн биед “..элгэнд няцрал, цус хуралт, баруун 4, 6, 7-р хавирганы хугарал, баруун чихэнд зулгаралт“ бүхий хүнд гэмтэл,

- зорчигч Ж.Цэцэгмаагийн биед “...тархи доргилт” бүхий хөнгөн гэмтэл тус тус учирсан,

- мөн дээрх зам тээврийн осолд холбогдол бүхий T.Land Criuser маркийн 86-81 *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд шууд зардлын дүнгээр 2.675.500 төгрөгийн, нийт 3.375.500 төгрөгийн эд хөрөнгийн хохирол,

- Toyota Vitz маркийн 16-00 *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд шууд зардлын дүнгээр 786.000 төгрөгийн, нийт дүнгээр 1.866.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол тус тус учирсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсныг Авто тээврийн   хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт тооцохоор, мөн уг гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинж болохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дах заалтад зааж хуульчилжээ.

 

2022 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 16 цаг 35 минутын үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Нисэхийн спорт цогцолборын зүүн замд гарсан T.Vitz маркийн 16-00 *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь T.Land Criuser маркийн 86-81 *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн зам тээврийн осол нь T.Vitz маркийн 16-00 *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч шүүгдэгч Д.Пүрэвсан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9 дэх заалтын “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас осол хэрэг гарсан болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 05-12 дахь тал),

-  хэрэгт техникийн шинжээчээр ажилласан “Цагаан шонхорын жигүүр” НҮТББ-ын шинжээчдийн 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 22/100 дугаартай:

1. Toyota Vitz маркийн 16-00 *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Пүрэвсан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9. “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Toyota Land Cruiser маркийн 86-81 *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Батмөнх нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а. “энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах үүргийг хүлээнэ”, мөн дүрмийн 12.4. “Тээврийн хэрэгслийн хурдыг суурийн газарт цагт 60 километрээс хэтрүүлэхийг хориглоно.” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

Toyota Land Cruiser маркийн 86-81 *** улсын дугаартай автомашины хурдыг хэрэгт авагдсан тоормосны мөрөөр тодорхойлбол 67 км/цаг гарч байна. 2 тээврийн хэрэгслийн мөргөлдсөн хүчийг тодорхойлохдоо тооцоогүй болно. Үүнээс дүгнэхэд Toyota Land Cruiser маркийн 86-81 *** улсын дугаартай автомашин нь осол болох үед 67 км/цагаас багагүй хурдтай явсан байх үндэслэлтэй байна.

3. Уг зам тээврийн осолд зам, замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэл нөлөөлөөгүй гэж үзэж байна. Техникийн бүрэн бүтэн байдлын талаар энэхүү дүгнэлтийн 2 дахь хариултаар хариулсан болно.

4. Toyota Vitz маркийн 16-00 *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Пүрэвсан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9 дэх заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байна.

Учир нь: Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.16-д “зам тавьж өгөх” гэж замын хөдөлгөөнд оролцогч давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдлийг хэлнэ” гэж заасан ба Toyota Vitz маркийн 16-00 *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Пүрэвсан нь зам тавьж өгөх үүргээс чөлөөлөгдөхгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 158-160 дахь тал) баримтаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүгдэгчийн энэхүү гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтын “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Тээврийн прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, үндэслэл бүхий байна.

 

Хэргийн шүүгдэгч Д.Пүрэвсан нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй болно. 

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч Д.Пүрэвсанг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж заасан.

 

Дээрх зам тээврийн осол хэргийн улмаас хохирогч О.Ганзоригийн эрүүл мэндэд нь учирсан хүнд хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу хохиролд тооцогдох бөгөөд учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ, оношилгоо үйлчилгээний болон бусад зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.

 

Түүнчлэн “тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэсэн Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааж зохицуулсан байна.

 

Зам тээврийн осол хэрэг гарах үед шүүгдэгч Д.Пүрэвсан нь Тoyota Vitz маркийн 16-00 *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч өмчлөгч Ж.Цэцэгмаагийн зөвшөөрсний дагуу жолоодон явсан, мөн ослын улмаас Ж.Цэцэгмаагийн эрүүл мэндэд “тархи доргилт” бүхий хөнгөн гэмтэл, эд хөрөнгөд нь үнэлгээгээр тогтоогдсон нийт дүнгээр 1.866.000 /нэг сая найман зуун жаран зургаа мянга/ төгрөгийн гэм хор учирсан үр дагавар үүссэн болох нь тус тус тогтоогдсон тул Тoyota Vitz маркийн 16-00 *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч өмчлөгч Ж.Цэцэгмааг хэрэгт иргэний нэхэмжлэгч, хариуцагчаар татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь хуулийн үндэслэл бүхий байна.

 

Мөн дээрх зам тээврийн осол хэрэгт мөргөлдөх хэлбэрээр өртсөн Toyota Land Cruiser маркийн 86-81 *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд шууд зардлын дүнгээр 2.675.500 /хоёр сая зургаан зуун далан таван мянга таван зуу/төгрөгийн, нийт зардлын дүнгээр 3.375.000 /гурван сая гурван зуун далан таван мянга/ төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон тул уг тээврийн хэрэгслийн эзэмшигч Г.Ган-Эрдэнэ, ашиглагч Б.Гантулга нарыг мөрдөгчийн тогтоолоор хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй байна.

 

Хэргийн хохирогч О.Ганзориг, иргэний нэхэмжлэгч Ж.Цэцэгмаа нар нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах, гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй бөгөөд хэрэгт хохирогчоор тогтоогдсон О.Ганзориг, иргэний нэхэмжлэгч Ж.Цэцэгмаа нар нь мөнгөн дүнгээр илэрхийлсэн баримт бүхий нэхэмжлэл, гомдлын шаардлага гаргаагүй, хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр өгсөн мэдүүлэгтээ: “...гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” хэмээн мэдүүлсэн баримттай байх тул шүүгдэгчийн хувьд иргэний нэхэмжлэгч О.Ганзориг, Ж.Цэцэгмаа нарт төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж заасны дагуу хэргийн хохирогч О.Ганзоригийн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлсэн хугацааны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас нөхөн төлөгдсөн 596.000 төгрөгийг тус санд буцаан төлүүлэх талаар прокурорын гаргасан иргэний нэхэмжлэл хуулийн үндэслэл бүхий байх тул шүүгдэгч Д.Пүрэвсангаас нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршгийн нөхөн төлбөрт тооцон хохирогч О.Ганзоригийн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлсэн хугацааны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас нөхөн төлөгдсөн 596.000 төгрөг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Б.Гантулга нь “нь Toyota Land Cruiser маркийн 86-81 *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг Г.Ган-Эрдэнээс худалдан авсан, машины үлдэгдэл төлбөр төлөгдөөгүй байгаа тул нэр дээрээ шилжүүлж аваагүй ч би өөрөө эзэмшиж ашиглаж байсан юм. Тухайн осол гардаг өдөр дүү Батмөнхөөр машинаа бариулсан. Ослын улмаас тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтэл нь үнэлгээгээр тогтоогдсон дүнгээр хохирлоо барагдуулж авмаар байна.” хэмээн мэдүүлж, гэм хорын хохиролд 3.375.000 төгрөг нэхэмжилсэн шаардлага гаргаснаас шүүх уг тээврийн хэрэгслийн хохирлыг шууд зардлын дүн 2.675.000 /хоёр сая зургаан зуун далан таван мянга/ төгрөгөөр тооцон иргэний хариуцагч Ж.Цэцэгмаагаар нөхөн төлүүлэх үндэслэлтэй гэж үзсэн. Учир нь:

 

Хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн  судалсан “Цагаан шонхорын жигүүр” НҮТББ-ын шинжээчдийн 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 22/100 дугаартай дүгнэлт, “Авто тээврийн Үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 999423 дугаартай дүгнэлт зэрэг баримтаар осолд холбогдол бүхий Toyota Land Cruiser маркийн 86-81 *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь “...ашиглалтын явцад засвар үйлчилгээ хийгээгүйгээс хоёрдугаар тэнхлэгийн тоормос, зогсоолын тоормос зогсоогүй эвдрэл гэмтэлтэй байснаас стандартын шаардлага хангахгүй бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсон, мөн тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт нь цагт 60 км/цагаас хэтрүүлэхгүй байх Замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчиж 67 км/цаг хурдтай хөдөлгөөнд оролцсон нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь тээврийн хэрэгслүүдийн мөргөлдөх үед үзүүлэх хүчний үйлчлэлийг үлэмж ихэсгэснээр гэм хороос үүдэн гарах хохирлын хэмжээг нэмэгдэхэд нөлөөлөх жолоочийн зохих буруутай үйлдэл гэж үзнэ.

 

Иймд гэм хор учрах буюу түүнээс урьдчилан сэргийлэх, учирсан гэм хороос үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн буюу эрх бүхий этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/ нөлөөлсөн бол гэм хорыг арилгах үүрэг болон түүний хэмжээг тодорхойлоход тэдгээрийн гэм буруугийн хэмжээг харгалзан үзэх Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.3-т заасныг баримтлан Toyota Land Cruiser маркийн 86-81 *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохирлыг шууд зардлын дүн 2.675.000 /хоёр сая зургаан зуун далан таван мянга/ төгрөгөөр тооцон нөхөн төлүүлэх үндэслэлтэй гэж дүгнэн, иргэний нэхэмжлэгчийн шаардлагаас үлдэх үлдэх 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн шаардлагыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Д.Пүрэвсан нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэргийн 189 дэх талд авагдсан “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон тул түүнийг анх удаа Эрүүгийн хулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бөгөөд энэ нь мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзвэл зохих хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болох юм.

 

Шүүх, шүүгдэгч Д.Пүрэвсанд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзэв. 

 

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Д.Пүрэвсан нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршигт баримт бүхий хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч О.Ганзориг, иргэний нэхэмжлэгч Ж.Цэцэгмаа нараас гаргасан “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэдгээ илэрхийлсэн нөхцөл байдал, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын санал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Пүрэвсангийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад тус тус заасныг баримтлан Д.Пүрэвсанд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 01 /нэг/ жилийн хугацаанд “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах”, “оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт Д.Пүрэвсан нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч О.Ганзориг, иргэний нэхэмжлэгч Ж.Цэцэгмаа нар нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                      

 

                                                               ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт Доржпүрэвийн Пүрэвсанг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар Д.Пүрэвсангийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад тус тус заасныг баримтлан Д.Пүрэвсанд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 01 /нэг/ жилийн хугацаанд “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах”, “оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авсугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар Д.Пүрэвсан нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт дахин хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1, 6.8, 6.9 дүгээр зүйлд тус тус заасан журмын дагуу ял оногдуулахыг анхааруулж мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэг, 229 дүгээр зүйлийн 229.2 дахь хэсэгт зааснаар гэм хорын хохиролд иргэний хариуцагч Ж.Цэцэгмаагаас 2.675.000 /хоёр сая зургаан зуун далан таван мянга/ төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, 55-646 тоотод оршин суух, Боржигон овогт Батжаргалын Гантулга /РД:********/-д олгож, түүний нэхэмжлэлээс үлдэх 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн шаардлагыг хангахгүй орхисугай.

 

6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршгийн нөхөн төлбөрт Д.Пүрэвсангаас 596.000 /таван зуун ерэн зургаан мянга/ төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлсүгэй.  

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Пүрэвсангийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, хэрэгт хураагдан ирсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №886414 дугаартай үнэмлэх баримтыг эрх хасах нэмэгдэл ялын хэрэгжилтийг хангуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад үүрэг болгосугай.

 

8. Энэ хэрэгт Д.Пүрэвсан нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч О.Ганзориг, иргэний нэхэмжлэгч Ж.Цэцэгмаа нар нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, иргэний нэхэмжлэгч, хариуцагч нь шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт тус тус давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай. 

 

10. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.Пүрэвсанд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.БАЗАРХАНД