Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/854

 

 

 

 

 

 

 

 

 

     2022            12           19                                         2022/ШЦТ/854                                

                                                                                                                     

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, улсын яллагч Х.Анхцэцэг, хохирогч Э.*******, шүүгдэгч С.Бямбадорж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Сүхээ, шинжээч эмч О.Болороо /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн******* овогт**************ид холбогдох эрүүгийн 22100 2273 1187 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засаг, математикч мэргэжилтэй, Монгол Улсын Боловсролын Их сургуулийн албаны дарга ажилтай, ам бүл 2, эцгийн хамт амьдрах,******* дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-17 дугаар гудамжны 372 тоотод оршин суух, урьд:

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 313 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Тэмээч овогт************** /РД:********/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Бямбадорж нь 2022 оны 9 дүгээр сарын 03-ны 22 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Наадам центрийн урд замд Э.*******тай такси булаацалдаж маргалдан, улмаар нүүрэн тус газарт гараараа цохиж, биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.                                                   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч С.Бямбадоржоос шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Люмино, Татар хамтлагийн тоглолт Төв цэнгэлдэх хүрээлэнд болоод очиж үзсэн. Орой 20 цагаас эхэлж бороо орж эхэлсэн ба 23 цагийн орчимд гэртээ харихаар явсан. Тэгээд гадаа бороотой байсан учраас такси олдохгүй байсан. Наадам центрийн орчимд гар өргөж зогсож байхад миний баруун талд 4 эрэгтэй, зүүн талд хохирогч гэх эмэгтэй 2-3 хүнтэй хамт зогсож байсан. Би голд нь ганцаараа зогсож байсан. Тэгээд намайг голлоод такси ирж зогссон учраас би хойд хаалгыг нь татаад суух гэтэл нэг эмэгтэй миний цувны захнаас татсан.

“Юу болж байна аа” гээд хартал хохирогч эмэгтэй байсан. Тэгээд маргаан үүссэн. Миний баруун талд байсан залуучууд бас тэр таксинд суух гэж оролдсон. Тэнд байсан хүмүүс таксигаа булаацалдаж овооролдсон. Тэгэхэд би “эмэгтэй хүмүүс бороотой шөнөөр явж байна” гэж бодож таксигаа өгөх байсан ч би өгөөгүй. Үүнийгээ ёс зүйн хувьд буруу гэж бодож байна.

Гэхдээ би энэ хүнд гэмтэл учруулж цохиогүй. Тухайн үед миний биеийн хэлэмж ямар байсныг мэдэхгүй. Хохирогч нь гэрч, тэнд байсан залуучуудыг дурдахгүй байна. Тухайн үед олон хүн овоорсон байсан. Би энэ хүн гэмтсэнийг зөвшөөрч байна, гэхдээ би гэмтэл учруулаагүй. Тэнд надаас өөр хүмүүс байсан юм.

Тухайн үед би ганцаараа цагаан өнгийн цувтай байсан. Бусад нь бараан хувцастай байсан. Тэнд над шиг өндөртэй, биетэй залуучууд их байсан. Хохирогч надаас өөр хүнээс гэмтэл авсан гэж үзэж байна. Хохирогч анх “энэ залуу цохичихлоо” гээд мэдүүлэг өгсөн. Одоо болтол тэр бодлоороо явж байна. Үүний цаана хүн хэлмэгдэж байж болно.

Би цагдаагийн байгууллагад үнэнийг тогтоолгох зорилгоор гэж очсон. Хэргийн газар байсан эгчийнх нь найз гэх эмэгтэй “энэ залуу биш байх” гэж хэлсэн, 2 дахид нь “энэ залуу биш” гэж Э.*******д хэлсэн. Үүнийг мэдүүлэгт дурдаагүй байсан. Би найзад нь учирлаж тайлбарлаж хэлсэн. Би тухайн үед ганцаараа явж байсан. Намайг “манай найз” гэж ярьсан гэж байна байна. Хэрвээ найз байсан бол мэдүүлэг өгөх байх.

Мөн мэдүүлэгтээ намайг “зугтсан, цохисон, хаалга татсан, замын цаана байсан” гэж янз бүрээр хэлсэн байсан. Би камерын бичлэгт найдсан. 2022 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс “камерын бичлэг шүүгээд өгөөч” гэж байцаагчид хэлсэн. Мөрдөгч, хорооны цагдаагаас гуйсан. Миний мэдүүлэгт байгаа. Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, 100-150 орчим грамм виски уусан.“ гэсэн мэдүүлэг,

 

2. Хохирогч Э.*******гаас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Тухайн үед би Наадам центрийн төв зам дагуу эгч, найз нартайгаа хамт зогсож байсан. Манай нөхөр ирж намайг авах гэж байсан би эгч нарыгаа таксинд суулгаж өгөх гэж байсан. Такси ирээд зогсоход шүүгдэгч суух гээд жолоочийн хаалгыг онгойлгосон. Тэгээд таксины хойно суудалд ороод суучихсан.

Тэгэхэд шүүгдэгч машины гадаа надтай маргалдаж байгаад намайг цохиж, би газар унаад удаан хэвтсэн. “цагдаа дуудах уу” гэхээр нь би “нөгөө хүн байна уу” гэхэд “байхгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “байхгүй бол яах вэ” гэж байтал “нөгөө хүн буцаад ирлээ” гэж хэлсэн. “Энэ хүн биш” гэж хэлсэн хүн нь эгч байсан. эгч машинд ороод суусан байсан учраас хараагүй. Цохиогүй хүнийг би “энэ хүн намайг цохисон” гэж гүтгэхгүй.

Би тухайн үед согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй байсан. Бид нарын дунд согтолттой хүн байгаагүй. Надад шүүгдэгчтэй өс хонзон, өр авлагын асуудал байхгүй. Миний өөдөөс харж байгаад баруун гараараа миний зүүн нүдэнд цохисон учраас би энэ хүнийг таниад хэлж байна. Баруун гараараа миний зүүн нүд рүү цохисон. Миний нүд хавдаад хөхөрсөн байсан. Хэрэг болсны дараа би ажилдаа яваагүй, томографын зураг авхуулсан. 148.00 төгрөгийг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг,

 

3. Шинжээч эмч О.Болорын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Эрүүл мэндийн яам, Хууль зүйн яамны хамтарсан журмыг баримталж ажилладаг. “Хүний биеийн гадаргууд 1 хувь хүрэхгүй ч эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн бол гэмтлийн зэрэгт хамаарна” гэж журамд заасан. Эмнэл зүйн шинж илэрнэ гэдэг нь толгой өвдөнө, энэ хэргийн хохирогчийн хувьд “зүүн нүдээ нээж чадахгүй” гэсэн байсан. Дээрх байдлаар эмнэл зүйн шинж илэрч байгаа юм.

Гэмтэл авсан газар хавдаагүй, тэмтрэхэд эмзэглэл байхгүй, биеийн гадаргуугийн нэг хувьд хүрэхгүй бол журамд зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэж үзнэ. Гэмтлийн зэрэг тогтоох агуулгыг ойлгох ёстой.

Шинжээчийн дүгнэлтийн дугаарыг 12168 гэж техникийн шинжтэй алдаа гаргаж, буруу бичсэн байна. Мөрдөгчөөс шинжээч томилсон тогтоол дээр байгаа 12169 гэсэн дугаартай давхцаж байгаа нь зөв дугаар юм.

Би 2022 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр өөрийн биеэр хохирогч эмэгтэйн биед үзлэг хийж, мөн оны 9 дүгээр сарын 08-ны өдөр дүгнэлтээ бичгээр гаргасан. Томографын хариуг авч ирэхэд хугацаа ордог учир хүлээж байгаад 9 дүгээр сарын 08-ны өдөр дүгнэлтээ гаргасан байгаа.

“Тархмал” гэдэг нь “том хэмжээ” гэсэн үг. Тухайн дээд, доод зовхи хэсгийг тэр чигт нь хамарсан гэж ойлгоно. Зовхи хаагдаж, нүд нээгдэхээ больсон байсан. Энэ нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх бөгөөд нүдний зовхи хонхор хэсэгт байрладаг, хавтгай гадаргуу дээр унахад зовхинд цус хурахгүй.” гэсэн мэдүүлэг,

 

Хоёр. Эрүүгийн 22100 2273 1187 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.*******гийн хохирогчоор өгсөн:

“...2022 оны 9 дүгээр сарын 03-ны орой би Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолт үзээд, 22 цагийн орчимд өөрийн төрсөн эгч Э.Ундрам болон түүний найз нарын хамт Наадам центрийн харалдаа төв зам дагуу такси барих гээд зогсож байхад нэг такси ирж зогссон. Тэгэхэд үл таних цагаан өнгийн цувтай залуу гүйж ирээд тухайн таксины хаалгыг татаад суух гэж байхаар нь “бид суух гэж байна” гэж хэлэхэд нөгөө залуу хэл амаар доромжлоод, миний зүүн талын нүд рүү гараараа нэг удаа цохисон ба намайг газар унахад тэр залуу зугтаагаад явсан.

Би босоод зогсож байхад нөгөө залуу буцаж гүйж ирээд “манай найз чамайг цохичихоод зугтаачихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь “чи юу яриад байгаа юм бэ, чи өөрөө цохисон ш дээ” гээд цагдаад дуудлага өгсөн боловч ирэхгүй байсан. Тэгээд бид нар өөрсдөө цагдаагийн хэлтэс дээр ирээд мэдүүлэг өгч, шүүх эмнэлэгт үзүүлэх тогтоол авсан. Толгойн зураг авхуулсан мөнгөө нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 12-13 дахь тал),

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Цэцэгдэлгэрийн гэрчээр өгсөн:

“...2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 17 цагийн орчимд би найз,, ******* нарын хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолт үзэж байгаад орой 22 цагийн орчимд гэртээ харихаар болсон.

Тэгээд бид нар Наадам центрийн замын урд талд такси барих гээд зогсож байхад цагаан цувтай үл таних залуу бид нарын хажууд ирээд зогсож байснаа цаашаа явсан. Энэ үед саарал өнгийн автомашин ирээд зогссон ба бид нар автомашинд суух гээд хаалга онгойлгоход нөгөө үл таних залуу хүрч ирээд “би сууна, миний такси” гээд маргаан үүссэн. Тэгэхэд хэл амаар доромжилж байснаа *******гийн зүүн нүд рүү гараараа цохисон ба ******* газар унахад нөгөө залуу Наадам центрийн зүг рүү зугтаасан. Тэгээд араас нь, нар гүйсэн ...удалгүй нөгөө залууг барьсан байхаар нь би өөрийнхөө утсаар дуудлага өгсөн. Тэгэхэд тэр залуу худлаа ярьж “надтай хамт явж байсан залуу танай найзыг цохисон” гэж хэлсэн. Цагдаа нар ирэхгүй байсан учир бид нар өөрсдөө цагдаагийн хэлтэс дээр ирсэн.” гэсэн мэдүүлэг (хэргийн 20-21 дэх тал),

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Ундрамын гэрчээр өгсөн:

“...2022 оны 9 дүгээр сарын 03-ны орой төрсөн дүү ******* болон найз, нарын хамт Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолт үзсэн. Гадаа бороо орохоор нь бид нар харих болоод Наадам центрийн ойролцоо төв зам дээр такси барих гээд зогсож байхад нэг такси ирээд зогссон. Бид таксинд суух гээд хаалга онгойлгоход цагаан цувтай үл таних залуу гүйж ирээд бид нарыг түлхээд “би суух гэж байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь “юу яриад байгаа юм бэ, бид гар өргөхөд энэ автомашин ирж зогссон, дарааллаараа сууна” гэж хэлсэн. Нөгөө залуу “та нар эмэгтэй хүн болохоороо даавуу эрхтэй юм уу, тэгж ярихгүй шүү” гэх мэт зүйл ярихаар нь “эр эм хамаагүй, бид гар өргөөд энэ автомашин зогссон. Чи дараагийн машиндаа суугаарай” гээд би автомашины хойд суудал дээр суусан. Миний араас сууж байхад нэг хүн газар унах шиг болсон. Би хэн нэг нь гар утсаа газар унагаачихлаа даа гэж бодоодд “юу унасан бэ” гэж байхад манай төрсөн дүү *******гийн өмссөн байсан малгай нь газар харагдсан. Тэгээд юу болсон бэ гэхэд манай дүү “саяны залуу намайг цохичихлоо” гэж хэлсэн. Тэгээд би тэр залууг харахад замын цаанаа зугтаагаад гүйж явсан. Би араас нь гүйсэн боловч алга болсон байсан.

Би түүнийг алдчихлаа гэж бодоод харахад замын нөгөө талд зогсож байхаар нь очиж барьж аваад “чи яагаад дүүг маань цохиж байгаа юм бэ” гэж уурлахад “би бишээ, манай найз цохиод зугтаачихлаа” гэж хэлсэн. “Юун танай найз вэ, чи сая ганцаараа байсан биз дээ” гэхэд “үгүй” гээд гүрийгээд байхаар нь “миний дүү дээр очоод хар” гээд дагуулаад явсан. Тэгээд манай дүү бас “чи сая намайг цохисон биз дээ” гээд маргаан болсон. Энэ үед цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн боловч ирэхгүй байхаар нь бид нар тэр залуугийн хамт цагдаагийн газарт ирэхэд “та нар яаж ч чадахгүй” гээд уурлаад байсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 25-26 дахь тал),

 

4. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 12168 дугаартай:

“1. Э.*******-н биед зүүн зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэсэн дүгнэлт (хэргийн 34-35 дахь тал),

 

5. Хохирогч Э.*******гаас эмчилгээ үйлчилгээ хийлгэсэнтэй холбоотой гаргасан зардлын баримтууд (хэргийн 83 дахь тал),

 

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч С.Бямбадоржийн яллагдагчаар өгсөн

“...Би ял сонсгож, яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Э.******* гэх хүнд огт гар хүрээгүй, ямар нэгэн байдлаар биед нь гэмтэл учруулаагүй. 2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр болсон гэх асуудалд өргөдөл гомдлыг хүлээж байсан хэсгийн байцаагчид тухайн газарт хяналтын камер байгаа эсэхийг шалгаж өгөөч гэж удаа дараа хүсэлт тавьж байсан. Тухайн газар нь хотын төв бүс учраас хяналтын камер байгаа гэж бодож байсан. Одоо болтол энэ талаар шалгаж өгөөгүй.

Хохирогч гэх эмэгтэйн найз нар нь тухайн үед намайг биш гэдгийг хохирогчид хэлээд байсан. Хэрвээ хяналтын камер байвал учрыг олох байх гэж бодож байна. Би тодорхой хэмжээний согтууруулах ундаа хэрэглэсэн байсан ба цагаан өнгийн цувтай явж байсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 54 дэх тал) болон мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 58 дахь тал), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хэргийн 62-63 дахь тал), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 76 дахь тал), гэрч Б.Энэрэлийн мэдүүлэг (хэргийн 80 дахь тал), Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/313 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хэргийн 87-90 дэх тал), Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн тогтоол (хэргийн 122 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч С.Бямбадоржийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч С.Бямбадорж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 9 дүгээр сарын 03-ны 22 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Наадам центрийн урд замд Э.*******тай такси булаацалдаж маргалдан, улмаар нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь “...зүүн зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд шинжлэн судалсан:

- хохирогч Э.*******гийн: “...2022 оны 9 дүгээр сарын 03-ны орой би Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолт үзээд, 22 цагийн орчимд өөрийн төрсөн эгч Э.Ундрам болон түүний найз нарын хамт Наадам центрийн харалдаа төв зам дагуу такси барих гээд зогсож байхад нэг такси ирж зогссон. Тэгэхэд үл таних цагаан өнгийн цувтай залуу гүйж ирээд тухайн таксины хаалгыг татаад суух гэж байхаар нь “бид суух гэж байна” гэж хэлэхэд нөгөө залуу хэл амаар доромжлоод, миний зүүн талын нүд рүү гараараа нэг удаа цохисон ба намайг газар унахад тэр залуу зугтаагаад явсан.

Би босоод зогсож байхад нөгөө залуу буцаж гүйж ирээд “манай найз чамайг цохичихоод зугтаачихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь “чи юу яриад байгаа юм бэ, чи өөрөө цохисон шүү дээ” гээд цагдаад дуудлага өгсөн боловч ирэхгүй байсан. Тэгээд бид нар өөрсдөө цагдаагийн хэлтэс дээр ирээд мэдүүлэг өгч, шүүх эмнэлэгт үзүүлэх тогтоол авсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 12-13 дахь тал),

- гэрч Г.Цэцэгдэлгэрийн: “...2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 17 цагийн орчимд би найз,, ******* нарын хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолт үзэж байгаад орой 22 цагийн орчимд гэртээ харихаар болсон.

Тэгээд бид нар Наадам центрийн замын урд талд такси барих гээд зогсож байхад цагаан цувтай үл таних залуу бид нарын хажууд ирээд зогсож байснаа цаашаа явсан. Энэ үед саарал өнгийн автомашин ирээд зогссон ба бид нар автомашинд суух гээд хаалга онгойлгоход нөгөө үл таних залуу хүрч ирээд “би сууна, миний такси” гээд маргаан үүссэн. Тэгэхэд хэл амаар доромжилж байснаа *******гийн зүүн нүд рүү гараараа цохисон ба ******* газар унахад нөгөө залуу Наадам центрийн зүг рүү зугтаасан. Тэгээд араас нь, нар гүйсэн ...удалгүй нөгөө залууг барьсан байхаар нь би өөрийнхөө утсаар дуудлага өгсөн. Тэгэхэд тэр залуу худлаа ярьж “надтай хамт явж байсан залуу танай найзыг цохисон” гэж хэлсэн. Цагдаа нар ирэхгүй байсан учир бид нар өөрсдөө цагдаагийн хэлтэс дээр ирсэн.” гэсэн мэдүүлэг (хэргийн 20-21 дэх тал),

- гэрч Э.Ундрамын: “...2022 оны 9 дүгээр сарын 03-ны орой төрсөн дүү ******* болон найз, нарын хамт Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолт үзсэн. Гадаа бороо орохоор нь бид нар харих болоод Наадам центрийн ойролцоо төв зам дээр такси барих гээд зогсож байхад нэг такси ирээд зогссон. Бид таксинд суух гээд хаалга онгойлгоход цагаан цувтай үл таних залуу гүйж ирээд бид нарыг түлхээд “би суух гэж байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь “юу яриад байгаа юм бэ, бид гар өргөхөд энэ автомашин ирж зогссон, дарааллаараа сууна” гэж хэлсэн. Нөгөө залуу “та нар эмэгтэй хүн болохоороо даавуу эрхтэй юм уу, тэгж ярихгүй шүү” гэх мэт зүйл ярихаар нь “эр эм хамаагүй, бид гар өргөөд энэ автомашин зогссон. Чи дараагийн машиндаа суугаарай” гээд би автомашины хойд суудал дээр суусан. Миний араас сууж байхад нэг хүн газар унах шиг болсон. Би хэн нэг нь гар утсаа газар унагаачихлаа даа гэж бодоодд “юу унасан бэ” гэж байхад манай төрсөн дүү *******нгийн өмссөн байсан малгай нь газар харагдсан. Тэгээд юу болсон бэ гэхэд манай дүү “саяны залуу намайг цохичихлоо” гэж хэлсэн. Тэгээд би тэр залууг харахад замын цаанаа зугтаагаад гүйж явсан. Би араас нь гүйсэн боловч алга болсон байсан.

Би түүнийг алдчихлаа гэж бодоод харахад замын нөгөө талд зогсож байхаар нь очиж барьж аваад “чи яагаад дүүг маань цохиж байгаа юм бэ” гэж уурлахад “би бишээ, манай найз цохиод зугтаачихлаа” гэж хэлсэн. “Юун танай найз вэ, чи сая ганцаараа байсан биз дээ” гэхэд “үгүй” гээд гүрийгээд байхаар нь “миний дүү дээр очоод хар” гээд дагуулаад явсан. Тэгээд манай дүү бас “чи сая намайг цохисон биз дээ” гээд маргаан болсон. Энэ үед цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн боловч ирэхгүй байхаар нь бид нар тэр залуугийн хамт цагдаагийн газарт ирэхэд “та нар яаж ч чадахгүй” гээд уурлаад байсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 25-26 дахь тал),

- ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 12168 дугаартай:

“1. Э.*******-н биед зүүн зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэсэн дүгнэлт (хэргийн 34-35 дахь тал),

- хохирогч Э.*******гаас эмчилгээ үйлчилгээ хийлгэсэнтэй холбоотой гаргасан зардлын баримтууд (хэргийн 83 дахь тал),

- шинжээч эмч О.Болорын “...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Эрүүл мэндийн яам, Хууль зүйн яамны хамтарсан журмыг баримталж ажилладаг. “Хүний биеийн гадаргууд 1 хувь хүрэхгүй ч эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн бол гэмтлийн зэрэгт хамаарна” гэж журамд заасан. Эмнэл зүйн шинж илэрнэ гэдэг нь толгой өвдөнө, энэ хэргийн хохирогчийн хувьд “зүүн нүдээ нээж чадахгүй” гэсэн байсан. дээрх байдлаар эмнэл зүйн шинж илэрч байгаа юм.

Гэмтэл авсан газар хавдаагүй, тэмтрэхэд эмзэглэл байхгүй хэрнээ нэг хувьд  хүрэхгүй бол журамд зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэж үзнэ. Гэмтлийн зэрэг тогтоох агуулгыг ойлгох ёстой.

Шинжээчийн дүгнэлтийн дугаарыг 12168 гэж техникийн шинжтэй алдаа гаргаж, буруу бичсэн байна. Мөрдөгчөөс шинжээч томилсон тогтоол дээр байгаа 12169 гэсэн дугаартай давхцаж байгаа нь зөв дугаар юм.

Би 2022 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр өөрийн биеэр хохирогч эмэгтэйн биед үзлэг хийж, мөн оны 9 дүгээр сарын 08-ны өдөр дүгнэлтээ бичгээр гаргасан. Томографын хариуг авч ирэхэд хугацаа ордог учир хүлээж байгаад 9 дүгээр сарын 08-ны өдөр дүгнэлтээ гаргасан байгаа.

“Тархмал” гэдэг нь “том хэмжээ” гэсэн үг. Тухайн дээд, доод зовхи хэсгийг тэр чигт нь хамарсан гэж ойлгоно. Зовхи хаагдаж, нүд нээгдэхээ больсон байсан. Энэ нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх бөгөөд нүдний зовхи хонхор хэсэгт байрладаг, хавтгай гадаргуу дээр унахад зовхинд цус хурахгүй.” гэсэн мэдүүлэг зэрэг (шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсэгт Монгол улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ: “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй дархан байх эрхийг баталгаажуулсан.

 

Хэргийн хохирогч Э.*******гийн эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан “...зүүн зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч С.Бямбадорж түүний нүүрэн тус газарт гараараа цохисноос үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс хэргийн үйл баримт, гэм бурууд маргаж, хохирогчид гэмтэл учруулж цохиогүй, хохирогчид учирсан гэх гэмтэл нь биеийн гадаргуугийн нэг хувиас хэтрэхгүй, гэмтлийн зэрэгт хамаарах гэмтэл биш, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэх зэрэг үндэслэл зааж хэрэгт дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэсэн санал, дүгнэлт гаргаж мэтгэлцсэн.    

 

Хэргийн нөхцөлд хохирогч Э.*******гийн “...миний өөдөөс харж байгаад баруун гараараа зүүн нүд хэсэгт цохисон..” гэх мэдүүлэг, түүний биед учирсан гэмтлийг “...Э.*******-н биед зүүн зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл” тогтоогдсон болохыг тодорхойлсон шинжээчийн дүгнэлт, дүрс оношилгооны “...зүүн нүдний зовхи эргэн тойрон зөөлөн эдэд хавантай” гэх дүгнэлт зэрэг эх сурвалж бүхий баримтуудыг үгүйсгэх үндэслэл бүхий баримтгүй, шинжээчийн дүгнэлт тодорхойгүй буюу бүрэн бус, үндэслэлгүй, үнэн зөв болох нь эргэлзээтэй гэх зэрэг Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19, 20 дугаар зүйл болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлд тус тус заасан дахин болон нэмэлт шинжилгээ хийлгэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүх дахин шинжилгээ хийлгэх талаар гаргасан шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн санал дүгнэлтийг хүлээн авч хангах үндэслэлгүй гэж дүгнэснийг тэмдэглэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч С.Бямбадоржийн хүний халдашгүй дархан байдалд хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдлийг Хан-Уул дүүргийн прокуророос “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, түүний гэм буруутай үйлдэлд тохирсон байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч С.Бямбадоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.

 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Хохирогч Э.*******гийн биед учирсан хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учруулсны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд, ..., санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй гарсан бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.

 

Хэргийн хохирогч Э.******* нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хохирогчоор тогтоогдож өгсөн мэдүүлэгтээ: “...Би гомдолтой байна. Толгойн томографын зураг авхуулсан 148.000 төгрөгийг нэхэмжилж байна.” хэмээн мэдүүлж, нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн мэдүүлгийг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан.

 

Хохирогчоос бодитой гарсан эмчилгээний зардлын баримтыг хэргийн 83 дугаар хавсарган бэхжүүлснийг шүүх шинжлэн судлахад 148.000 төгрөг болж байх тул хохирогч Э.*******д нөхөн төлөгдөх хохирол, хор уршгийн баримттай гарсан КТГ-ын шинжилгээний 140.000 төгрөг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд үзүүлсэн төлбөр 8.000 төгрөг, нийт 148.000 төгрөгийн шаардлагыг хангаж, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх үндэслэлтэй гэж дүгнэн шүүгдэгч С.Бямбадоржоос 148.000 /нэг зуун дөчин найман мянга/ төгрөг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн болно. 

 

Хэргийн хохирогч Э.******* нь шаардлагатай гэж үзвэл цаашид гарах эмчилгээний зардалд хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлах нь зүйтэй.

 

Шүүгдэгч С.Бямбадорж нь урьд ял шийтгүүлж байсан талаар урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт (хэргийн 76 дахь тал), Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/313 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хэргийн 87-90 дэх тал), Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн тогтоол (хэргийн 122 дахь тал) баримтууд хэрэгт авагдсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан тул шүүгдэгчийн урьд гэмт хэрэг үйлдэн ял шийтгүүлж байсан нөхцөл байдал нь түүний эрх зүйн байдлыг дордуулах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй юм.

 

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд тухайлан заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. 

 

Шүүх, шүүгдэгч С.Бямбадоржийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар болон улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх санал дүгнэлт зэргийг тус тус харгалзан С.Бямбадоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.  

 

Энэ хэрэгт С.Бямбадорж нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                      

 

ТОГТООХ нь:

 

1. Тэмээч овогт**************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. С.Бямбадоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Бямбадорж нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт С.Бямбадоржоос 148.000 /нэг зуун дөчин найман мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч дүүргийн 11 дүгээр хороо, Ургах наран хорооллын 7-22 тоотод оршин суух, овогт ******* /РД:********/-д олгосугай.

 

5. Энэ хэрэгт С.Бямбадорж нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд С.Бямбадоржид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  С.БАЗАРХАНД