Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2025/0014

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Лын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Б.Л

Нэхэмжлэгч: Б.Л

Хариуцагч: Увс аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газар

Нэхэмжлэлийн шаардлага: “Барилгын иж бүрэн зураг төсөл нөхөн баталгаажуулах, Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл нөхөн олгох, улсын комисс ажиллуулахыг даалгах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 124/ШШ2024/0027 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Б.Л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 124/2024/0014/З

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Л нь Увс аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газарт холбогдуулан “Барилгын иж бүрэн зураг төсөл нөхөн баталгаажуулах, Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл нөхөн олгох, улсын комисс ажиллуулахыг даалгах”-аар маргасан байна.

2. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 124/ШШ2024/0027 дугаар шийдвэрээр: Барилгын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1, 28 дугаар зүйлийн 28.1, 32 дугаар зүйлийн 32.1.10, 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Б.Лын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга:Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 124/ШШ2024/0027 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

3.1. Анх 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн аймгийн Засаг даргын А/338 дугаартай захирамжаар Л надад Улаангом сумын 9 дүгээр цэцэрлэгийн зүүн талд 400 м.кв газрыг Худалдаа үйлчилгээний зориулалтаар дуудлага худалдаагаар олгосон. Миний бие Улаангом сумын 3-р багт үйлчилгээ бүхий 9 айлын орон сууцны барилгыг өөрийн хөрөнгөөр барьж 2021 онд ашиглалтад оруулсан боловч одоог хүртэл барилга ашиглалтад оруулж чадаагүй байна.

3.2. Тухайн үед төрийн алба хаагчийн хүнд сутлаас болж батлуулж чадаагүй баримт бичгийг нөхөн батлах, эрх зүйн актыг нөхөн гаргахыг шүүхээс даалгаж шийдэх юм бол бичиг баримтын зөрчилгүй болж барилга ашиглалтад орох боломжтой болно. Засгийн газрын 2021 оны 212, 213 дугаар тогтоолд зааснаар асуудлыг шийдвэрлэхэд зайлшгүй дээрх асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсэн байхыг шаардаж байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргасан болно. Гэтэл анхан шатны шүүх 3 шаардлага бүхий нэхэмжлэлээс 1 шаардлагыг хангаж, харин үлдсэн 2 шаардлага болох Барилгын иж бүрэн зураг төсөл нөхөн баталгаажуулах, улсын комисс ажиллуулахыг даалгах тухай” шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болсон бөгөөд тухайн шийдвэрээр миний эрх, хууль ёсны ашиг сонирхол хангагдахгүй байх тул гомдол гаргаж байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бичгийн хэлбэртэй баримтыг бичмэл нотлох баримт гэнэ”, 38.2-т “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эх хувиар нь, хэрэв тухайн баримтын эх хувийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Шүүх шаардлагатай гэж үзвэл тухайн баримтын эх хувийг шаардан авах эрхтэй” гэж тус тус заасан.

3.1. Гэтэл маргааны үйл баримтад хамааралтай буюу хэрэгт авагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдагдсан хэргийн 14 дэх хуудсанд авагдсан 2022 оны *****171667 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээ, хэргийн 28-аас 117 дугаар хуудсуудад авагдсан хуулбарлан авсан гэх баримтууд нь хуулбар хувь байгаа нь /хуулбар үнэн болохыг нотолсон тэмдэг дарагдаагүй/ хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

4. Түүнчлэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т “Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ”, 25 дугаар зүйлийн 25.1-д “Хариуцагчаар татагдсан этгээд нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь тогтоогдвол түүнийг шүүгч нэхэмжлэгчийн зөвшөөрснөөр жинхэнэ хариуцагчаар солино” гэж тус тус заасан.

4.1. Нэхэмжлэгч Б.Л нь “Барилгын иж бүрэн зураг төсөл нөхөн баталгаажуулах, Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл нөхөн олгох, улсын комисс ажиллуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлдээ Увс аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрыг хариуцагчаар тодорхойлсон байна.

4.2. Барилгын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Энэ хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжид дараахь төрлөөр барилгын ажлын зөвшөөрөл олгоно”, 27 дугаар зүйлийн 27.1.3-д “энэ хуулийн 27.1.1, 27.1.2-т зааснаас бусад зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга” гэж зааснаас үзвэл барилгын ажлын зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд нь өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох жинхэнэ хариуцагч нь Увс аймгийн Засаг дарга байхад анхан шатны шүүх “...барилгын ажлын зөвшөөрлийг харьяа агентлаг болох хариуцагчаар дамжуулан хэрэгжүүлэх боломжтой...” гэсэн дүгнэлт хийж, Барилгын тухай хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

4.3. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна” гэж заасныг зөрчсөн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 124/ШШ2024/0027 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

    

ШҮҮГЧ                                                                        З.ГАНЗОРИГ

ШҮҮГЧ                                                                        Д.ОЮУМАА

еРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Д.БААТАРХҮҮ