Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 07

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

.

 Хд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

Прокурор Г.Хаш-Эрдэнэ

            Шүүгдэгч Х

           Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам, Д.Долгорсүрэн

            Нарийн бичгийн дарга С.Уянга нарыг оролцуулан хийж,          

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 52 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлээр Хд холбогдох эрүүгийн 1922000100025 тоот хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Т.Бямбажавын танилцуулснаар  хянан хэлэлцэв.

 

      Монгол Улсын иргэн, төрсөн, 42 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, оршин суух, ял шийтгэлгүй гэх Буд овогт Тгийн Х /регистрийн дугаар /

 

Яллагдагч Х нь 2019 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дундговь аймгийн тоотод Бтай маргалдаж, түүнийг хутгалсны улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Дундговь аймгийн Прокурорын газраас Хгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

 

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 52 дугаар шүүгчийн захирамжаар Хд холбогдох хэргийг “яллагдагчийн хувийн байдлыг тогтоогоогүй, гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцлийг тогтоож ирүүлээгүй, нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу бүрдүүлж чадаагүй байна” гэсэн үндэслэлээр Дундговь аймгийн прокурорын газарт буцааж, яллагдагч Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Хяналтын прокурор Г.Хаш-Эрдэнэ шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Яллагдагчийн өмгөөлөгчөөс шүүхэд гаргасан хүсэлтдээ “Хгийн хувийн байдлыг тогтоох ажиллагаа хийгдээгүй тул хэргийг прокурорт буцаан яллагдагчийн зан байдлын талаар гэрч асуулгах, мөн боловсрол, бичиг үсэг мэдэхгүй байдлыг тогтоож өгнө үү.” гэсэн ба шүүхээс өмгөөлөгчийн дээрх хүсэлтийг хангаж, ингэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “Хувийн бичиг баримтыг шалгах, шаардлагатай тохиолдолд хувийн байдлын талаар нэмэлт мэдээлэл авах” гэж заасныг үндэслэсэн байна.

Хуулийн дээрх зүйл, хэсэгт заасан “яллагдагчийн хувийн байдлын талаар нэмэлт мэдээлэл авах” гэдэг нь шаардлагатай тохиолдолд хийж гүйцэтгэхээр зохицуулсан байхад шүүхээс шаардлагатай тохиолдол гэдгийг ямар нөхцөл байдал болох, түүнчлэн ямар мэдээллийг авах талаар захирамжиндаа огт тусгаагүй байхаас гадна яллагдагчийн өмгөөлөгчөөс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцохдоо Хгийн зан байдлын талаар хэн гэдэг гэрчээс мэдүүлэг авахуулах зэрэг мөрдөн шалгах тодорхой ажиллагаа хийлгүүлэх хүсэлт огт гаргаагүй байна. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоох үүрэгтэй ба ингэхдээ мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал’-ыг тогтоосон байх ёстой. Гэвч Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалд “яллагдагчийн хувийн байдлыг тогтоох” талаар огт тусгаагүй байхад шүүхээс дээрх нөхцөл байдлыг харгалзаж үзээгүй байна.

 

Харин шүүхээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай яллагдагчийн хүсэлтэд дурьдаагүй, мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн явцад огт хэлэлцэгдээгүй зүйлийг буюу “яллагдагч болон хохирогч нарын маргалдах болсон шалтгаан нөхцөл’’-ийг тогтоогоогүй гэж захирамжиндаа заажээ. Хэрэгт цугларсан баримтуудаар 2019 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр буюу хэрэг гарах үед яллагдагч Х, хохирогч Б нараас гадна гэрч Ц.С, Г.Г гэх хүмүүс байсан ба хохирогч, холбогдогч нар юунаас болж маргалдсан талаар асуухад Г.Г нь “яагаад маргалдсаныг мэдэхгүй” гэсэн бол Ц.Са нь "...Б 2019 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр улсын аварга малчин Анд тэмээний уралдаан үзээд ирлээ гэж ярихад Х нь та нар баярхлаа, би тэрийг чинь үзэж чадаагүй гээд уурлаж, атаархах шиг санагдсан. Согтуу хүмүүс нэгнийхээ үгийг даагаагүй байх гэж бодож байна.” гэж тодорхой мэдүүлсэн байна. Гэтэл шүүх дээрх баримтуудыг хэрхэн дүгнэсэн нь тодорхойгүй байхаас гадна гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг бүрэн тогтоогоогүй, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

 

Учир нь яллагдагч Х нь прокурорын хяналтын шатанд өмгөөлөгч авсан ба өмгөөлөгчөөс хэргийн материалтай танилцаад хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгүүлэх тухай ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй, түүнчлэн өмгөөлөгчөөс шүүхэд гаргасан хүсэлтийн дагуу яллагдагчийн хувийн байдлыг зөвхөн гэрч асуулгах байдлаар тогтоох шаардлагатай гэж үзсэн нь өрөөсгөл юм. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэргийн оролцогч болон өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд хэрэгт ач холбогдол бүхий баримтыг гаргаж өгөх бүрэн боломжтой юм.

Иймд Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 52 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Прокуророос шүүх хуралдаанд гаргасан  дүгнэлтдээ: Эсэргүүцэлд дурдсан үндэслэлүүдээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэв.

 

Яллагдагчийн өмгөөлөгч Г.Лхам, Д.Долгорсүрэн нар: Яллагдагч Хгийн хувийн байдлын талаар түүний найз нөхөд, ойр дотны хүмүүсээ гэрчийн мэдүүлэг авахуулах шаардлагатай байгаа тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.  

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

           Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тус аймгийн хяналтын прокурор Г.Хаш-Эрдэний бичсэн эсэргүүцлийг үндэслэн Хд холбогдох хэргийг прокурорын эсэрүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ. 

   

            Дундговь аймгийн прокурорын газраас  Хд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд ирүүлсэн бөгөөд анхан шатны шүүхийн шүүгч “яллагдагчийн хувийн байдлыг тогтоогоогүй, гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцлийг тогтоогоогүй, нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу бүрдүүлж чадаагүй” гэсэн үндэслэлээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас шүүгчийн захирамжаар хэргийг прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагад нийцээгүй байна.

 

            Хд холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа түүний хувийн байдлын талаар иргэний үнэмлэхний лавлагаа авах /хуу-81/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах/хуу-85/, багийн засаг даргаас тодорхойлолт авах /хуу-86/, мал, хашаа, худгийн талаар мэдээлэл /хуу-82-84/ авах зэргээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.10 дугаар зүйлд заасан ажиллагаануудыг хийжээ.

   

            Хгийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлүүлэгт “...хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдлыг тогтоох ажиллагаа хангалттай хийгдээгүй түүний хувийн байдлыг тогтоохын тулд ойр дотны найз нөхөд, хамаатнаас нь гэрчийн мэдүүлэг авахуулах нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай гэсэн  хүсэлт“ гаргасан бөгөөд анхан шатны шүүх хүсэлтийг хүлээн авч хэргийг прокурорт буцаасан байна.

     

           Яллагдагчийн өмгөөлөгч энэхүү хүсэлтээ давж заалдах шатны шүүхэд гаргасан боловч гэрчийн мэдүүлгийг хаана оршин суудаг, хэн гэх хүмүүсээс авах, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт холбогдогчийн хувийн байдлыг тогтооход ямар ач холбогдолтой талаар тодорхойлж тайлбарлаагүй тул хүсэлтийг хангах үндэслэлгүй байна.

 

            Иймд хэргийг мөрдөн байцаалтанд буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож,  прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэв.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг  удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 52 дугаар захирамжийг хүчингүй болгож, Хд холбогдох 1922000100025 дугаартай хэргийг анхан шатны  шүүхийн урьдчилсан хэлэлүүлэгт буцаасугай.

 

  1. Хэргийг анхан шатны шүүхэд очтол Хд авсан “хувийн баталгаа гаргах”  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3  дахь хэсэгт зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй  болохыг  мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

                  

                             ДАРГАЛАГЧ                                  Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

                                 ШҮҮГЧИД                                  Ш.ТӨМӨРБААТАР

 

                                                   Т.БЯМБАЖАВ