Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/19

 

 

 

 

 

 

 

 

 

     2022            12           28                                         2023/ШЦТ/19                                

                                                                                                                     

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, улсын яллагч Г.Гармаа, хохирогч Г.Содгэрэл, шүүгдэгч Б.Буяндэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Даваа овогт Бямбасүрэнгийн Буяндэлгэрт холбогдох эрүүгийн 22100 0000 1383 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Байгаль орчин, аялал жуулчлалын мэргэжилтэй, “Эрхэт Монгол групп” ХХК-д маркетингийн менежер ажилтай, ам бүл 6, эцэг, эх, дүү, хүүхдийн хамт амьдрах, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 8-74 дугаар гудамжны 372 тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Даваа овогт Бямбасүрэнгийн Буяндэлгэр /РД:********/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Буяндэлгэр нь 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө 05 цагийн үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Хүннү молл” худалдааны төвийн урд байрлах автобусны буудлын зогсоол дээр иргэн Г.Содгэрэлтэй маргалдаж, улмаар гараараа нүүрэн тус газарт нь цохиж, биед нь “...хамар ясны хугарал, баруун, зүүн зовхины буланд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.                                                   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгч Б.Буяндэлгэр нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч Б.Буяндэлгэрээс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн. Мөн өөрийн гэм буруу болоод хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа учир шүүхэд нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг,

 

2. Хохирогч Г.Содгэрэлээс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Тухайн өдөр би бааранд орж согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад ийм асуудалд орсон. Буяндэлгэр бид хоёр нэг нэгнийгээ танихгүй, баар хаахаар боллоо гэхээр нь хамт гарсан юм. Манай найзууд хаяад явчихсан байсан ба үл таних 2 залуу хүргээд өгье гэхээр нь машинд сууж явсан.

Тэгээд нэг мэдэхэд манай гэрээс өөр зүг рүү яваад байсан ба Буяндэлгэр дургүйцээд маргах шалтгаан болсон. Хүннү молл худалдааны төвийн автобусны буудал дээр машинаас буух үедээ зодолдсон. Миний хамар яс хугарсан байсан, эмчилгээний зардалд 578.000 төгрөг зарцуулсан. Одоогоор төлөгдөөгүй байна.” гэсэн мэдүүлэг,

 

Гурав. Эрүүгийн 22100 0000 1383 дугаартай хэргээс:

1. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 04-05 дахь тал),

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Содгэрэлийн хохирогчоор өгсөн:

“...Би 2022 оны 10 дугаар сарын 22-ны үүрээр найзууд Ижилцэцэг, Ундармаа нарын хамт Мишээл экспо төвийн тэнд байрлах Омни бааранд орж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд нэг мэдэхэд манай найзууд намайг тухайн бааранд үлдээгээд гараад явчихсан байсан. Би бааран дотор нэг залуутай танилцаад, “манай найз Ижилээг олоод өгөөч, машинд суулгаад өгөөч” гээд хамт баарнаас гараад 30 гаран минут явсан. Удалгүй нөгөө залуу яваад, би ганцаараа үлдсэн юм.

Тэгэхэд 98-82 *** улсын дугаартай цагаан өнгийн Crown маркийн автомашинаас хоёр залуу, нэг эмэгтэй бууж ирээд надтай юм яриад байх шиг байсан. Би тухайн үед юу ярьж байснаа санахгүй байна. Тэр хоёр залуу миний гараас татаж чангаагаад, би дургүй байгаагаа илэрхийлсэн. Тэгэхэд “Ижилээг бид хэд мэднэ, хамт явъя” гэхээр нь машинд суугаад хамт явсан. Машин дотор сууж явсан шар үстэй эмэгтэйтэй муудалцсан, юунаас болж муудалцсанаа мэдэхгүй байна. Тэр эмэгтэй миний хамар луу гараараа маш олон удаа цохисон ба би урдаас нь бариад авах шиг болсон. Энэ үед жолооч машинаа зогсоогоод, нэг эрэгтэй бууж ирээд намайг машинаас чирч гаргаад гараараа цохих шиг болсон юм. Тэгээд тэндээ намайг хаяад явсан байсан. Би нэг мэдэхэд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива ситигийн автобусны буудал дээр зогсож байсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 08-09 дэх тал),

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Л.Мягмар-Очирын гэрчээр өгсөн:

“...Би 2022 оны 10 дугаар сарын 21-ний орой найз Эрдэнэхүү, Бямбадорж нарын хамт Мишээл экспо худалдааны төвийн дотор байрлах Омни бааранд орой 23 цагийн үед орсон. Тухайн үед манай найзууд согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглээд бааран дотор унтаад өгсөн. Би найз Экаг Багшийн дээдээс очиж аваад, Омни баарнаас үүрийн 04 цагийн согтуу 2 найзаа аваад 9882 *** улсын дугаартай цагаан өнгийн Crown маркийн автомашинтай явах гэж байхад улаан өнгийн пальто өмссөн эмэгтэй “хаашаа явах гэж байгаа вэ, би хамт явъя, замдаа Хүннү молл дээр буумаар байна” гэхээр нь зөвшөөрсөн.

Гэтэл Туул гол өнгөрөөд явж байхад нөгөө эмэгтэй “би ямар машинд суучихваа, гөлөгнүүдээ намайг буулга, би найз Ижилээ дээр очмоор байна” гэж орилохоор нь “одоохон зогсоол таарахаар чамайг буулгая” гэж хэлсэн. Тэгэхэд арын буудал дээр хамт явсан байсан найз Ука “чи ганцаараа явж байгаа юм уу, гуйж машинд суучхаад яагаад орилоод байгаа юм бэ” гээд тэр хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. Би Вива сити хорооллын автобусны буудал дээр зогсоход тэр хоёр машинаас буугаад үсдэлцэж зодолдоод байхаар нь би салгасан. Тэгээд би үл таних эмэгтэйг Хүннү молл худалдааны төвийн буудал дээр үлдээгээд явсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 14-15 дахь тал),

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Эрдэнэхүүгийн гэрчээр өгсөн:

“...98-82 *** улсын дугаартай цагаан өнгийн Crown загварын машин нь миний эзэмшлийн машин байгаа юм. 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр буюу баасан гарагт би найз Мягмар-Очир, Бямбадорж нарын хамт Мишээл худалдааны төвийн дотор байдаг Омни бааранд 23 цаг өнгөрч байхад ороод, үүрийн 04 цаг өнгөрч байхад гарсан. Тухайн үед би согтууруулах ундаа хэтрүүлсэн хэрэглэсэн байсан учир манай найз Мягмар-Очир тээврийн хэрэгслийн урд талын суудалд суулгаад, хойд талын суудалд суулгасан. Надаас гадна 4 хүний машинд суугаад манай гэр лүү явахаар болсон. Тэгээд Яармаг руу чиглээд явж байхад арын суудалд сууж явсан үл таних 2 эмэгтэй хоорондоо маргалдахаар нь Мягмар-Очир машинаа зогсоогоод, нөгөө 2 эмэгтэйг машинаас буулгахад хоорондоо зодолдоод байх шиг байсан. Тэгээд Мягмар-Очир нэгийг нь үлдээгээд цаашаа манай гэр лүү явсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 17-18 дахь тал),

5. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 14578 дугаартай:

“1. Г.Содгэрэлийн биед хамар ясны хугарал, баруун, зүүн зовхины буланд цус хуралт, хоёр өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 24-25 дахь тал),

6. Хохирогч Г.Содгэрэл нь эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн болон хохирол төлбөр нэхэмжлэхтэй холбоотой гаргасан зардлын баримтууд (хэргийн 38 дахь тал),

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Буяндэлгэрийн яллагдагчаар өгсөн:

“...Би ял сонсгож, яллагдагчаар татсан Прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 62 дахь тал) болон мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 31 дэх тал) баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 32 дахь тал), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хэргийн 36, 75 дахь тал), “Эрхэт Монгол Медиа Групп” ХХК-ийн ажлын газрын тодорхойлолт (хэргийн 74 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий шинжээч эмч нар гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Буяндэлгэрийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Дөрөв. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.Буяндэлгэр нь 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө 05 цагийн үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Хүннү молл” худалдааны төвийн урд байрлах автобусны буудлын зогсоол дээр иргэн Г.Содгэрэлийг “машинд дайгдаж суучихаад согтуурхан зүй бус авир гаргалаа” гэх шалтгаанаар маргаан үүсгэж, улмаар гараараа нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь “...хамар ясны хугарал, баруун, зүүн зовхины буланд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд шинжлэн судалсан:

- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 04-05 дахь тал),

- хохирогч Г.Содгэрэлийн мэдүүлэг (хэргийн 08-09 дэх тал),

- гэрч Л.Мягмар-Очир (хэргийн 14-15 дахь тал), гэрч Н.Эрдэнэхүү (хэргийн 17-18 дахь тал) нарын мэдүүлэг,

- ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 14578 дугаартай:

“1. Г.Содгэрэлийн биед хамар ясны хугарал, баруун, зүүн зовхины буланд цус хуралт, хоёр өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 24-25 дахь тал),

- хохирогч Г.Содгэрэл нь эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн болон хохирол төлбөр нэхэмжлэхтэй холбоотой гаргасан зардлын баримтууд (хэргийн 38 дахь тал) болон шүүгдэгч Б.Буяндэлгэрийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг (хэргийн 62 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэйгэж, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дугаар зүйлд “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй дархан байх эрхийг баталгаажуулсан.

 

Хэргийн хохирогч Г.Содгэрэлийн эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан “...хамар ясны хугарал, баруун, зүүн зовхины буланд цус хуралт, хоёр өвдөгт зулгаралт” бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Б.Буяндэлгэр түүний нүүрэн тус газарт гараараа цохисноос үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Б.Буяндэлгэрийн хүний халдашгүй дархан байдалд хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдлийг Хан-Уул дүүргийн прокуророос “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, түүний гэм буруутай үйлдэлд тохирсон байна гэж шүүх дүгнэв.

 

Хэргийн шүүгдэгч Б.Буяндэлгэр нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иймд шүүгдэгч Б.Буяндэлгэрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.

 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Хохирогч Г.Содгэрэлийн биед учирсан хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учруулсны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд, ..., санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй гарсан бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.

 

Энэ хэргийн хохирогч Г.Содгэрэл нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт “...Миний хамар яс хугарсан байсан, эмчилгээний зардалд 578.000 төгрөг зарцуулсан. Одоогоор төлөгдөөгүй байна.” хэмээн мэдүүлж, нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн мэдүүлгийг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан.

 

Хэргийн хохирогч Г.Содгэрэлээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарах эмчилгээний төлбөр төлсөн орлогын баримт сэлтийг хэргийн 38 дугаар талд хавсаргуулсныг шүүх нэг бүрчлэн шинжлэн судлахад хохирогчоос баримттай гарсан КТГ-ын шинжилгээний төлбөрийн 120.000 төгрөг, чих, хамар, хоолойн эмчийн үзлэгийн 40.000 төгрөг, Эм Би Жи Мед эмнэлгийн хамрын хугарал засах үйлчилгээний төлбөр 300.000 төгрөг, эм, тарий худалдан авсан 107.400 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн 8.000 төгрөг, нийт 575.400 төгрөг болж байх тул дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх үндэслэлтэй гэж дүгнэн шүүгдэгч Б.Буяндэлгэрээс 575.400 /таван зуун далан таван мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж, хохирогчид олгохоор шийдвэрлэсэн болно. 

 

Шүүгдэгч Б.Буяндэлгэр нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэргийн 31 дэх талд авагдсан “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон тул түүнийг анх удаа Эрүүгийн хулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бөгөөд энэ нь мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзвэл зохих хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болох юм.

 

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд тухайлан заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх, шүүгдэгч Б.Буяндэлгэрийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт баримтаар нэхэмжилсэн төлбөрийг хохирогчид нөхөн төлөхөө илэрхийлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх санал дүгнэлт зэргийг тус тус харгалзан Б.Буяндэлгэрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн камерын бичлэг бүхий CD нэг ширхгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээв. 

 

Энэ хэрэгт Б.Буяндэлгэр нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                      

 

ТОГТООХ нь:

 

1. Даваа овогт Бямбасүрэнгийн Буяндэлгэрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Б.Буяндэлгэрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Буяндэлгэр нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт Б.Буяндэлгэрээс 575.400 /таван зуун далан таван мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж, хохирогч Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хорооллын 416 дугаар байрны 165 тоотод оршин суух, ******** регистрийн дугаартай, Боржигон овогт Ганболдын Содгэрэлд олгосугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий CD нэг ширхгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй. 

 

6. Энэ хэрэгт Б.Буяндэлгэр нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

8. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Буяндэлгэрт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  С.БАЗАРХАНД