Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/956

 

          2022        12          07                                    2022/ШЦТ/956

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэргэлсаран,

улсын яллагч О.Нандинцэцэг,

хохирогч О.Б , түүний өмгөөлөгч Н.Намжилцогт,

шүүгдэгч Л.Г.Ё /L.G.Y/, түүний орчуулагч Б.Аззаяа, тэдгээрийн өмгөөлөгч О.Анхбаяр нарыг оролцуулан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Америкийн Нэгдсэн Улсын иргэн Л.Г.Ё /L.G.Y/-д холбогдох эрүүгийн 2211012231433 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Америкийн Нэгдсэн Улсын иргэн, Л.Г.Ё /L.G.Y/, 1986 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Америкийн Нэгдсэн Улсын Калифорн мужид төрсөн, Солонгос, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн ... .дүгээр хороо, ......... тоотод түр оршин суух, үндсэн хаяг .......... Америкийн Нэгдсэн Улсад оршин суух хаяг, ял шийтгэлгүй, паспортын дугаар ........

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Америкийн Нэгдсэн Улсын иргэн Л.Г.Ё /L.G.Y/ нь 2022 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсэгт байрлах 41 дүгээр байрны гадаа хохирогч О.Б тэй “шөнийн цагаар нялх хүүхэд унтаж байхад чанга дуугарч, ориллоо” гэх шалтгааны улмаас хоорондоо маргалдаж толгойн хэсэгт хутга, хайчаар 4-5 удаа зүсэж О.Б ийн биед “зулай, баруун чамархайн хуйханд шарх, зөөлөн эдийн гэмтэл, баруун зулай, чамархай хуйхан доор цусан хураа” бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Л.Г.Ё /L.G.Y/ нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч О.Б  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би энэ хүнийг хутгатай явж байгааг мэдээгүй. Цонхны дор ирээд маш их орилоод байсан. Би гараад цаашлаад өгөөрэй гээд түлхсэн ба гараараа цохих шиг болсон ч хутга, хайчаараа толгой руу цохисон байсан. Тухайн үед би мэдээгүй. Маш их цус гарсныг хараад шоконд орсон. Үүнээс улбаалж толгой маш их өвдөж байна. Огцом хөдөлгөөн хийхэд толгой өвддөг. Маш олон хялгасан судас тасарсан учир чих хүртэл шуугина гэж эмч хэлсэн. Үс халзарсан ба хичээл сургуульд явахад маш их санаа зовж байна. Нэгдүгээрт үсээ суулгуулах, хоёрдугаарт тасарсан судсыг холбож болдгийг эмчээс сонссон тул анх ямар байсан буцаад эрүүл болмоор байна. Эдгээртэй холбогдон гарах зардлыг нэхэмжилнэ...” гэв.

Гэм буруугийн дүгнэлт:

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Л.Г.Ё /L.G.Y/  нь 2022 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 41 дүгээр байрны гадаа хохирогч О.Б тэй “шөнийн цагаар нялх хүүхэд унтаж байхад чанга дуугарч ориллоо” гэх шалтгааны улмаас хоорондоо маргалдаж толгойн хэсэгт хутга, хайчаар 4-5 удаа зүсэж, зулай, баруун чамархайн хуйханд шарх, зөөлөн эдийн гэмтэл, баруун зулай, чамархайн хуйхан доор цусан хураа бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна. Дээрх үйл баримт нь:

- гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 4 дэх тал/,

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 6-9 дэх тал/,

- Хяналтын прокурорын “Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 14 дэх тал/,

- DVD-ний бичлэгт үзлэг хийсэн: “...замын гол хэсэгт хар өнгийн малгай, цагаан өнгийн пудволк, бараан өнгийн шорт, бараан өнгийн пүүзэн гуталтай L.G.Y нь зүүн гартаа хутга мэт зүйл барьсан зогсож байх ба 41-р байрны урд талын явган хүний замаар шаргал өнгийн куртиктэй эмэгтэй хүн явж өнгөрч байна..., .... L.G.Y нь англи хэлээр хохирогч О.Б  рүү хараалын үг хэлж байна..., ...хохирогч О.Б  нь L.G.Y дээр ирж хүүхэд амарч байна гэж англиар хэлж цээж хэсэгт нь гараараа хүрэх ба L.G.Y нь баруун гараараа хохирогч О.Б ийн хоолой хэсэгт хүрч хойш нь түлхэх ба О.Б  нь L.G.Y-г хойш түлхэх ба хойшоогоо L.G.Y ухрах үедээ О.Б ийн толгой хэсэгт зүүн гартаа байгаа хутга, хаачаар 4-5 удаа цохилж байна...” гэх тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 22-33 дахь тал/,

- Л.Г.Ё /L.G.Y/-ийн Монгол Улсын хилээр орж ирсэн мэдүүлгийн хуудас, гадаад паспортын хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 39-41 дэх тал/,

- хохирогч О.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 7 дугаар сарын 7-ны өдөр 22 цагийн үед Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо 41 байрны 36 тоот хадам аавын гэрт байж байтал гадаа нэг хүн англи, солонгос хэлээр орилоод байсан. Би өөрөө 4 сартай хүүхэдтэй болохоор 22 цагаас хойш дуу чимээ гаргаж болдоггүй гэж дотроо бодоод байж байтал нөгөө хүний чанга орилох чимээ улам тод сонсогдоод байхаар нь манай хадам ээж болох Дарханцэцэг гараад нөгөө хүнтэй ойлголцохоор очтол нөгөө гадаад fuck you гэж чангаар орилсон юм. Тэр үед манай эхнэр нөгөө хүн ээж рүү орилоод байна гэхээр нь цонхоор очиж хартал ээж рүү гар далайсан байхыг нь хараад ганцаараа гарахаас айгаад хадам аавд хэлээд хоёулаа гарсан юм. Тэгээд хувцсаа өмсөөд гартал ээж нөгөө залуугаас зугтсан байсан. Харин нөгөө залуу англи, солонгосоор орилсоор байсан. Тэгэхээр нь манай хадам аав чиш чиш түүнийг аяархан бай гэж дохио өгөөд Baby sleeping гэж хэлсэн. Тэгсэн чинь нөгөө залуу над руу дахин гадаадаар орилоод хараахаар нь би уг залуу дээр очоод би 4 сартай хүүхэдтэй, хүүхэд маань унтаж байна. Жоохон чимээгүй байгаад өгөөч гэж англиар хэлсэн чинь над руу дахин хараагаад, над руу гар далайхаар нь би түүнийг өөрөөс холдуулъя гэж бодоод айсандаа түүний цээжийг гарын алгаараа түлхсэн юм. Гэтэл нөгөө залуу намайг баруун гараараа багалзуурдсан. Мөн намайг түлхсэн, тэр үед би түүний эрчээрээ түлхэж байтал нөгөө залуу зүүн гараараа миний толгой руу хурдан цохиод байсан. Хэд цохисныг нь сайн мэдэхгүй байна. Нэлээн олон удаа цохисон юм. Гэхдээ тэр үед би миний толгойг гараараа цохиж байна гэж бодсон. Тэгж байгаад нөгөө залуу ухарч байхдаа хөлдөө тээглэж унасан ба унахдаа намайг татаад дээрээс уначихсан. Унахаасаа өмнө миний толгойны баруун хэсэгт цохиж байснаа, унасныхаа дараа миний дагз хэсэг рүү цохиж эхэлсэн. Тэр үед хадам аав замын нөгөө талаас ирээд бид хоёрыг салгасан. Бие эвгүй болоод орц лугаа орох гэсэн чинь толгойны баруун тал болон дагзнаас их хэмжээний цус гарч эхэлсэн... ...Тэр явдлаас хойш би их айдастай байгаа, шөнө орой гарахаас ч айдаг болсон. Бас их цус алдсан болохоор хэвтэж байгаад босоход л толгой эргээд нүд харанхуйлдаг болсон. Би гомдолтой байна, хуулийн дагуу шалгуулна. Одоогоор би эмчилгээ хийлгэж байгаа, эмчилгээ дуусаагүй байгаа болохоор хэдэн төгрөг болох, хэдэн төгрөг нэхэмжлэх талаараа хэлж мэдэхгүй байна. Эмчилгээ дуусахаар эмчилгээний баримтуудаа авч ирж өгнө...”  гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 53-57 дахь тал/,

- гэрч Ш.Д ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би тэр залуу руу харсан чинь гартаа хутга, мэс барьсан над руу дайрахаар нь би англи хэлээр сорри гэсэн. Тэгж байхад саадан дээр сууж байгаа залуучуудын нэг нь англи хэлээр ярихад намайг орхиж тэр залуучууд руу явсан. Тэгээд би саадан дундуур яваад цагдаагийн хэсэг яваад очсон чинь хаалттай байхаар нь 102 руу “хутгатай, мэстэй хүн байна” гэж дуудлага өгсөн. Тэгээд би буцаад сааднаас гараад байр руу явж байсан чинь манай хүргэн О.Б  цусанд хутгалдсан зогсож байсан. Тэгээд би юу болсон талаар асуусан чинь манай охин “энэ хүн хутгалсан” гэж гадаад хүнийг заасан. О.Б  маш их цус алдсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 58-59 дэх тал/,

- гэрч Б.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгээд тэр гадаад хүн Б ийн толгой хэсэг рүү 2 гараар хэд хэдэн удаа цохиод ухраад байхаар нь би ус туулж шууд очиход 4 дүгээр орцны үүдэнд хоёулаа газар унасан ба Б  дээр нь байсан. Би салгаж Б ийг татаад авах гэтэл нөгөө хүн зуураад тавихгүй цохиод байсан. Тэгээд би гадаад хүнийг гарыг нь тавиулах гэж арай л гэж салгаж аваад хүргэнээ босгож авсан. Тэгээд Б  толгойгоо барьж “аав толгой хагарсан юм шиг байна, цус гарч байна” гэсэн гэтэл толгой хагараагүй, олон газар хутгаар сийчүүлсэн байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 61 дэх тал/,

- гэрч Г.Т ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Б , аав  хоёр тэр хүн дээр оччихсон юм яриад зогсож байхаар нь хүүхдээ унтуулах гээд хэсэг байж байгаад дахин цонхоор харсан чинь Б  гараараа толгойгоо дараад байхаар нь хартал толгойноос нь цус гараад, толгойгоо дарсан гар нь цус болчихсон байсан. Тэгэхээр нь би гэрээс гараад очсон чинь Б ийн толгойноос аймар их цус гарч байсан ба тэр гадаад хүн хутгаар толгой руу нь хутгалчихлаа гэж хэлж байсан. Тэгтэл нэг хүн хэн байсныг анзаараагүй нэг шар хуванцар иштэй хутга, төмөр хайч хоёр газар шидээд энүүгээр зүссэн юм шиг байна гэж хэлж байсан санагдаж байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 65-66 дахь тал/,

- гэрч Д.О мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 7 дугаар сарын 7-ны өдөр..., ...Тэгсэн чинь цаанаас нэг залуу нэг ахын хамт гарч ирээд тэр ах нь бид нар луу алхаад ирж байсан. Харин цуг гарч ирсэн залуу нь гадаад залуу руу очоод “чи жаахан аажуухан байлдаа хүүхэд унтаж байна” гэсэн утгатай зүйл хэлсэн чинь тэр гадаад залуу гартаа юм барьсан чигтээ тэр залуу руу дайрсан чинь нөгөө залуу уг гадаад залуугийн хувцаснаас заамдаж аваад түлхсэн. Тэгэхээр нь бид нар салгах гээд очих хооронд тэр хоёр залуу газарт уначихсан ба монгол залуу нь босож ирээд тэрийгээ хараад надаас энэ залуу гартаа юм барьчихсан байсан юм уу гэж асуухаар би наад гадаад залуу чинь гартаа хутга барьчихсан байсан шүү дээ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 69-70 дахь тал/,

- гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Хохирогч залуу Солонгос залуу руу очсон Солонгос залууд хандаж хүүхэд унтаж байна. Чимээгүй бай гэж англиар хэлтэл Солонгос залуу хутга барьсан гараараа толгой хэсэг рүү нь хэд хэдэн удаа цохисон. Хохирогч залуу Солонгос залууг түрээд Солонгос залуугийн гарч ирсэн орцны урд тэр хоёр давхралдаж унасан. Тэр үед найз Б  түрүүлж очиж тэр хоёрыг салгасан. Хохирогч залуу толгойноос цус их хэмжээтэй гарч байсан цусыг нь тогтоох арга хэмжээ бид нар авсан. Солонгос залуу шоконд орсон байдалтай зогсож байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 73-75 дахь тал/,

- гэрч Х.Б ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Тэгтэл тэр эгчийн нөхөр нь хүргэнтэйгээ орцноос гарч ирээд хүргэн залуу тэр гадаад хүн рүү энд хүүхэд унтаж байна, чи ор гэж хэлсэн чинь тэр гадаад залуу толгойгоороо тэр залуугийн нүүр рүү тулчхаад орилоод байхаар нь цээж рүү нь түлхээд, тэр чигт нь түлхсэн чинь нөгөө гадаад залуу нь гартаа байсан хутга, хайч хоёроороо толгой руу нь хэд хэдэн удаа нэлээн хурдан цохиж аваад тэгээд тэр хоёр газарт унасан. Тэгээд нөгөө гадаад залуу газарт уначхаад хутга хайч хоёроо хайгаад байхаар нь би очоод тэр хутга, хайч хоёрыг нь цаад талын орцны үүд рүү шидсэн. Тэгээд нөгөө хутгалуулсан залуу босож ирээд толгойгоо бариад цус гараад эхэлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 77-78 дахь тал/,

- гэрч И.Ө мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 7 дугаар сарын 7-ны өдөр... Тэр хоёр бие биеэ түлхээд хохирогч залуу Солонгос залууг хойш түлхэхэд Солонгос залуу гартаа барьсан хутгаар толгой руу нь 4-5 удаа хутгаар цохиж байсан. Тэр хоёр орцны үүдэнд давхралдаж унахад дээрээс толгой руу нь дахин цохиж байсан. Тухайн залуугийн хадам аав ус туулаад тэр хоёр дээр очсон. Цаана сааднаас хоёр залуу ар араасаа гүйж ирээд салгасан...” гэх мэдүүлэг” /1 дүгээр хавтаст хэргийн 86-88 дахь тал/,

- шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 9739 дугаартай “...О.Б ийн биед зулай, баруун чамархай, хуйханд шарх, зөөлөн эдийн гэмтэл, баруун зулай, чамархай хуйхан доор цусан хураа гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь иртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 97-98 дахь тал/,

- шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 9735 дугаартай “...L.G.Y-н биед баруун өвдгөнд зулгаралт, дух, баруун эгэм, нуруу, баруун бугалга, баруун, зүүн цус хуралт, гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 100-101 дэх тал/,

- Мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 187 дахь тал/,

- Шүүх сэтгэц эмгэг судлалын №832 дугаартай дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 237-238 дахь тал/,

- Шинжээч эмч Б.Цолмонгийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 244-245 дахь тал/,

- Шүүгдэгч Л.Г.Ё / L.G.Y/ -оос 4.045.000 төгрөгийн хохирол төлсөн талаарх банкны баримт /2 дугаар хавтаст хэргийн 24 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Л.Г.Ё / L.G.Y/ -г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүхээс шүүгдэгч Л.Г.Ё / L.G.Y/-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэв.  

Шүүгдэгч Л.Г.Ё-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г.Ё нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав.  

Бусад асуудлын талаар:

Хохирогч О.Б  нь мөрдөн шалгах ажиллагааны үед баримтаар 2.617.165 төгрөгийг нэхэмжилснээс шүүгдэгч Л.Г.Ё / L.G.Y/нь 4.045.000 төгрөгийг төлсөн байх тул түүнийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Харин хохирогч О.Б  нь “...Цаашид гарах эмчилгээний болон бусад зардалд 33.000.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх боловч энэ энэ шийтгэх тогтоолоор уг нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй, зайлшгүй гарах зардал гэж үзэх баримтгүй байх тул эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэлгүй орхиж, энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан зардал буюу орчуулагчид төлсөн 451.000 төгрөгийг шүүгдэгч Л.Г.Ё / L.G.Y/-оос гаргуулан улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, хутга нэг ширхэг, хайч нэг ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц утгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Л.Г.Ё / L.G.Y/-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Л.Г.Ё / L.G.Y/-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г.Ё / L.G.Y/-д 1 /нэг/ сарын хугацаанд Улаанбаатар хотоос эрх бүхий байгууллагын хяналтан дор зайлшгүй эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авах, хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхээс бусад тохиолдолд зорчихыг хязгаарлаж хяналтдаа байлгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г.Ё /L.G.Y/ нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Шүүгдэгч Л.Г.Ё /L.G.Y/ нь хохирогчид 4.045.000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар орчуулагчийн зардал болох 451.000 төгрөгийг шүүгдэгч Л.Г.Ё / L.G.Y/-оос гаргуулан улсын төсөвт оруулсугай.  

7. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.  

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, хутга нэг ширхэг, хайч нэг ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Г.Ё / L.G.Y/-д авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.ХАЛИУН