Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
Хэргийн индекс | 164/2022/0154/э |
Дугаар | 2023/ШЦТ/03 |
Огноо | 2022-12-26 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Ц.Б |
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 2023/ШЦТ/03
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь
Улсын яллагч Ц.Батзаяа
Шүүгдэгч Д.М, түүний хууль ёсны төлөөлөгч П.Д
Шинжээч эмч Д.Даваахүү
Шинжээч эмч Э.Г.Б, Ч.Эрдэмболор, С.Чулуунсүх /цахимаар/
Гэрч Х.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Мд холбогдох 2116001180141 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, ...-ны өдөр төрсөн, ...настай, ам бүл ..., ээж, аав, дүүгийн хамт амьдардаг, бүрэн дунд бус боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ... тоотод оршин суух хаягтай, Урьд Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 58 дугаартай 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар сургалт хүмүүжлийн байгууллагад хорих ял оногдуулж уг ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн, мөн Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 124 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдаж байсан, ... регистрийн дугаартай, Говогтой Д.М.
Хэргийн товч утга: Говь-Алтай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.М-г Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн ... тоот хашаанд 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 22-23 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас Э.Бтай маргалдаж улмаар Э.Бгийн нүүрэн тус газарт нь мөргөх, цохих зэргээр эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн муруйлт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзаж улсын яллагч болон хууль ёсны төлөөлөгчийн асуусан асуултад хариулахдаа: 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Э.Б намайг амаараа орилж дуудсан. Хашаа 100 метр хүрэхгүй ойрхон газар байдаг. Хашаа руу нь ороход гурвуулаа байсан. Сүүлд нь цагдаа ирэхэд гэрт нь орсон. Өмнө нь ороогүй. Э.Б нь анх эхлээд хойно намайг цохисон. Тэр өдөр “Аялгуу” караокены үүдэн дээр шанаа руу цохисон. Тухайн үед 17 настай байсан. Дагуулаад явсан. Нэг эмэгтэй хүнийг явуулахгүй байсан. Энэ талаар мөрдөн байцаалтад мэдүүлсэн эсэхээ сайн санахгүй байна. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Хавсарч унагаасан. Би доор нь ороод зөндөө цохиулаад жоохон ухаан балартсан. Тэгээд алх аваад энд нь гүйцээчихье гээд Б.Год хэлж байсан. Тэгэхэд Э.Б миний дээр байсан. Аав орж ирээд намайг татаж босгосон. Аавын нүдэн дээр намайг нэг цохисон. Дахиад цохих гэхээр нь би цохисон. Э.Бг зүүн гараараа нэг цохисон. Мөргөсөн асуудал байхгүй. Мөрдөгч сүүлд тэгж бичсэн байсан. Хашаан тодор тас харанхуй, бороо орж байсан. Тэр гурав гурвуулаа цохисон. Яг хэн цохисон талаар сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан Э.Б миний дээд талд байсан гэв. /Шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Хохирогч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Бид хэд найзуудаараа “Аялгуу” караокед орсон. Би дуулаад гараад ирэхэд эдний хүргэн ах нь хүнтэй муудалцаж байхаар нь би голоор нь ороод салгасан. Тэгээд Б.Г найзтайгаа гэртээ очоод байж байсан. Тэгэхэд араас манай найз А.А орж ирээд юу хийж байгаа юм гэхээр нь унтах гэж байна гэхэд араас нь Д.М орж ирээд хоёулаа үзчих үү. Миний ээж, аав ямар хэл амтайг харах уу гэсэн. Тэгэхээр нь гэрээс гар гэхэд гарахгүй байсан. Тэгээд хашаанаас гар гэхэд гарахгүй зүүн орон дээр сууж байсан Б.Гыг заамдаж аваад гарсан. Би араас нь гараад Б.Гыг заамдсан байхаар нь салгах гэхэд өмнөөс цохих гэхээр нь унагаасан. Тэгээд аав нь орж ирээд хүүхэд босго гэхээр нь босгох гэхэд намайг мөргөөд цохиод хүүхдээ аваач гэхэд аав нь хараад зогсоод байсан. Хамраас цус гараад байхаар нь хойд талын хаалгаар гарч зугтаад дээд талын хашаанд ороод цагдаа дуудсан. Дээд талын хашаанд сууж байгаад цагдаа ирэхэд хашаа руу нь орсон гэв.
Тэрээр асуултад хариулахдаа: Манай найзууд явж дуулъя гэсэн. Д.М өөрөө хамт явна гээд захын тэндээс таараад хамт “Аялгуу” караокед ирсэн. Би дуудаагүй, унтах гэж байхад орж ирсэн. Гэрт орж ирээд үзэх үү, миний аав ээж хоёр ямар хэл амтай талаар харах уу гэсэн. Тэгээд дуугүй гэрээс гар гэж хэлэхэд гарчхаад эргэж орж ирээд Б.Гыг зүүн орон дээрээс чирээд гарснаас болж маргалдсан. Алх барьсан асуудал байхгүй. Цагдаа дээр ирэхэд эдний хүргэний машиных нь алх байна гэж хэлсэн. Д.М хутга барьсан асуудал байхгүй. ...Би Д.М-г унагаагаад дарж байхад аав нь орж ирсэн. Тэгээд Д.М намайг мөргөөд гараа атгаад хамар хэсэгт нэг цохисон. Хүүхдээ аваач гэхэд аав нь хараад зогсож байсан. Дахиад цохиход хамраас цус гарсан. Д.М-г Б.Г зодсон асуудал байхгүй. Д.М гэмтэлтэй холбоотой хохирол хор уршиг төлсөн зүйл байхгүй. Би нэхэмжлээгүй гэв. /Шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Гэрч Х.А шүүхийн хэлэлцүүлэгт: 2021 оны 08 дугаар сарын 20-нд 5 дахь өдөр байсан. Хүнд цохиулсан гэсэн асуумжтай, нүүр хамар өвдөнө гэсэн зовуурьтай ирсэн. Үзээд хамрын ясны хугарал байж магадгүй гээд тодруулах зорилгоор компьютер рентгенд илгээсэн. Шинжилгээ шивээд 1 дэх өдөр ирээгүй, 26-нд ирэхдээ рентгений дүгнэлт, компьютерын дүгнэлттэй ирсэн. Сиди авч ирж үзүүлсэн. Сидийг компьютерт хийж үзээд хамрын ясны хугаралтай хэсгийг утсаар дарсан. ...Надад ирж үзүүлэхдээ авч ирсэн сиди дээр байгаа зураг. Би хэлж мэдэхгүй байна. Компьютерт хийхдээ төрсөн он, сарыг оруулахдаа буруу оруулсан юм уу би тэрийг мэдэхгүй. Надад авч ирсэн сиди нь ийм байсан гэв. /Шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Шинжээч эмч С.Чулуунсүх шүүхийн хэлэлцүүлэгт: Э.Бгийн биед гэмтлийн зэрэг тогтоосон 724 дугаар актад би бүрэлдэхүүнд ороогүй дүрс оношилгооны эмийн хувиар зургийг уншиж өгсөн. 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн сиди байсан. Зураг авхуулсан он, сар, өдрийг харахаас төрсөн он, сар, өдрийг үзэхгүй. Э.Бгийн биед хамар ясны зүүн хажуу хананд зөрүүгүй сэтэрсэн хугаралтай, хамрын таславч дунд хэсгээр зүүн тийшээ мурийлттай байсан. Манайх хамар ясны мурийлтыг тогтоохоос гэмтлийн зэрэг тавихгүй гэв. /Шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Шинжээч эмч Ч.Эрдэмболор шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 08 дугаар сарын 31-ээс 09 дүгээр сарын 05-ны хооронд Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батзаяагийн тогтоолоор дахин шинжилгээ хийсэн. Хүний биед хийсэн үзлэгээр Э.Бг 08 дугаар сарын 20-нд чих хамар хоолойн эмч үздэг. 2021 оны 08 дугаар сарын 25-н гэсэн сидийг С.Чулуунсүх эмчээр давтан уншуулж дүгнэлт гаргасан. Сиди ямар нэгэн байдлаар ажиллагаатай эсэхийг шалгаж үзээд нарийн мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах албан бичиг гаргаад дүгнэлт гаргадаг. Сидийг уншуулаад 2 дахь хэсэгт Э.Бгийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, зулгарал гэмтэл учирсан. Дээрх гэмтэл нь 2021 оны 08 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой. Тухайн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн байгаа гэв. /Шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Шинжээч эмч Э.Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт: Ч.Эрдэмболор эмч хэлсэн. Шинжилгээнд ирсэн материалыг шалгаж аваад 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн сидийг 2022 оны 09 дүгээр сарын 05-нд дүрс оношилгооны эмч С.Чулуунсүх эмч уншсан байна. ...640 дугаартай дүгнэлт гаргах үедээ дүрс оношилгооны эмч Баярбаясгалан уншсан байна. Хариуг харахад тайлбарын хувьд зөрүүтэй, хугарлын хувьд нэг газраа ижил байршилтай адилхан уншигдсан байна. Тухайн хүний үгийн сонголт л байгаа. Тэрнээс биш байхгүй гэмтлийг байгаагаар зөрүүлж бичсэн гэж бодохгүй байна. ...Манай бүрэлдэхүүн 724 дугаартай дүгнэлтийг гаргахдаа өмнө дүгнэлт хийсэн эмч Ханхүү, Сэлэнгэ, Оюун-Эрдэнэ нарын дүгнэлттэй танилцахаас гадна Э.Бгийн амбулаториор хийлгүүлсэн үзлэгийн карт, 08 дугаар сарын 25-ны өдрийн компьютер томографикын шинжилгээтэй танилцаад дүрс оношилгооны шинжээч С.Чулуунсүхээр дахин уншуулаад дүгнэлт гаргасан. Иймээс дүгнэлтүүдийг үндэслэлтэй гэж үзэж байгаа гэв. /Шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Шинжээч эмч Д.Даваахүү шүүхийн хэлэлцүүлэгт: Э.Бгийн биед үзлэг хийж дүгнэлт гаргасан. Тухайн үед Э.Бгийн хамрын нуруу хэсэг хавдсан тэмтрэхэд эмзэглэлтэй, баруун мөрөнд зулгаралттай, эмнэлгийн бичиг баримт чих хамар хоолойн эмчийн үзлэгт биеийн байдал хамар өвдөнө, хамар битүүрнэ, биеийн байдал дунд, гадна хэсгээр эмзэглэлтэй, таславч мурий, салст улаан ягаан, ногоон ялгадастай, онош хамрын таславчийн мурийлт, хамрын ясны хугарал байж магадгүй гэсэн дүгнэлт гаргасан. 24-ний өдрийн рентген зурагт хамрын таславч зүүн тийшээ мурийсан, хамрын салст бага зэрэг хавантай гэж эмнэлгийн бичиг баримтад байсан. Эдгээрийг үндэслээд Э.Бгийн биед гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна гэж дүгнэлт гаргасан байгаа. Шүүх эмнэлгийн практикт дүгнэлт гаргаж байхад хамрын ясны хэддүгээр зэргийн мурийлт гэсэн зүйл байдаггүй. Сүүлд авч ирсэн бичиг дээр прокурор нь бичихдээ 3 дугаар зэргийн мурийлт гэж бичсэн байдаг. Тэрийгээ над руу 3 дугаар зэргийн мурийлт гэж бичсэн гэж дайраад байгаа юм. Бичиглэлийн алдаа гарсан байх. Миний өмнөх дүгнэлтүүдийг үзсэн ч гэсэн 2, 3 дугаар зэргийн мурийлт гэж бичиж байгаа. ...2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Э.Б рентген зураг авч ирж үзүүлсэн. Тэр үзлэг дээр хамрын таславч зүүн тийш бага зэрэг мурийсан, хамрын салст бага зэрэг хавантай гэж байсан. Компьютер томографикын шинжилгээн дээр хугарал нь гарч ирсэн. Би мурийлтаар гаргасан. Хугаралтай гэдэг дүгнэлт 25-нд гарсан. Компьютер томографик нь миний дүгнэлтийн дараа гарсан. Хамрын таславчийн мурийлт дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг. Миний дүгнэлт дээр хугарал гэж байхгүй. 24-ний өдрийн рентген зургийг уншсан үзлэг байсан. Компьютер томографик дээр хугарал гарч ирсэн. Компьютер томографик, рентген зураг хоёр өөр. Мурийлт, хугарал байсан ч гэмтлийн зэрэг өөрчлөгдөхгүй. Э.Б 24-ний өдөр ирж үзүүлэхдээ рентген зургийг авч ирсэн. Рентген зургийг бид нар авдаггүй. Үзчихээд буцаагаад хүнд өгдөг. Рентген зургийн хариултыг уншихаас өөрсдөө унших эрх байхгүй. Рентген зургийг тусдаа эмч уншдаг. Хариуг нь харахаас унших эрх байхгүй. Сидийг үндэслээгүй, шууд хүрээлэн рүү явуулсан гэв. /Шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр: Хохирогч Э.Бгийн мэдүүлэг, /1-р хх-ийн 116-118/, хохирогч Э.Бгийн дахин өгсөн /1-р хх-ийн 129, 185 дугаар тал/, гэрч Х.Агийн мэдүүлэг, /1-р хх-ийн 131 дүгээр тал/, гэрч А.Аын мэдүүлэг, /1-р хх-ийн 10-12 дугаар тал/, гэрч Б.Гын гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 13-15 дугаар тал/, гэрч Г.Бын мэдүүлэг, /1-р хх-ийн 32, 190 дүгээр тал/, гэрч аймгийн нэгдсэн эмнэлгийн онош зүйн тасагт рентген техникч Ж.Одгэрэлийн мэдүүлэг, /1-р хх-ийн 158 дугаар тал/, 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 28 дугаартай прокурорын зөвшөөрөл, /1-р хх-ийн 193 дугаар тал/, 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 151 дугаартай аймгийн нэгдсэн эмнэлгийн захирал Ш.Мэндсайханы албан бичиг, /1-р хх-ийн 194 дүгээр тал/, шинжээч эмч Д.Даваахүүгийн мэдүүлэг, /1-р хх-ийн 133 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн №291 дугаартай дүгнэлт, /1-р хх-ийн 66-67 дугаар тал/, 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх Эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч, цадаагийн ахмад Т.Сэлэнгэ, шинжээч эмч, цагдаагийн ахмад Г.Ханхүү, шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Оюун-Эрдэнэ нарын гаргасан №640 дугаартай дүгнэлт, /1-р хх-ийн 220-222 дугаар тал/, 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх Эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ч.Эрдэмболор, Т.Чимэд-Очир, О.Нансалмаа, Э.Эрхэмбаяр, Э.Г.Б нарын гаргасан №724 дугаартай дүгнэлт, /2-р хх-ийн 96-100 дугаар тал/ , 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх Эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Амартүвшин, С.Чулуунсүх, Н.Энхцолмон, Б.Ганзориг, Б.Баяртогтох нарын гаргасан №723 дугаартай дүгнэлт, 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Д.М-н нас тоолсон тухай мөрдөгчийн тэмдэглэл, /1-р хх-ийн 234 дүгээр тал/, 2021 оны 08 дугаар сарын 17-ны Э.Б, Д.М нарын драгер үлээсэн тухай тэмдэглэлүүд /1-р хх-ийн 86-87 дугаар тал/, Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 31/3517 дугаартай албан бичиг, /1-р хх-ийн 98 дугаар тал/, Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн захирал Ш.Мэндсайханаас 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 274 дугаартай албан бичиг, /1-р хх-ийн 99 дүгээр тал/, Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 31-03/1182 дугаартай албан бичиг, /1-р хх-ийн 161 дүгээр тал/, Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн захирал Ш.Мэндсайханаас 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 69 дугаартай албан бичиг, /1-р хх-ийн 195 дугаар тал/, 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, тогтоол /1-р хх-ийн 134-135 дугаар тал/, хохирогч Э.Бгийн гаргаж өгсөн группт байдаг талаарх Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбарууд /1-р хх-ийн 136-142 дугаар тал/, 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гэрч Х.Агаас гаргаж өгсөн хохирогч Э.Бгийн 6 ширхэг зураг хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл /1-р хх-ийн 145-147 дугаар тал/, хохирогч Э.Бгаас гаргаж өгсөн 24 хуудас бүхий эхний 2 нүүрэнд эмчийн үзлэгийн тэмдэглэл бичигдсэн дэвтрийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хэрэгт хавсаргах тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 196-197 дугаар тал/, 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн мөрдөгчийн эд зүйлийг хавтас хэрэгт тусгах тухай тогтоолууд /1-р хх-ийн 240-241 дүгээр тал/, 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн мөрдөгчийн эд зүйлийг хавтас хэрэгт тусгах тухай тогтоол, тэмдэглэл /1-р хх-ийн 242-243 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг,
Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчийн хүсэлтээр: Хавтаст хэрэг шаардлагагүй би өөрөө шинжлэн судлуулна. 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр толгойн рентген зураг авхуулсан бүртгэлийг хавсралтаар хүргүүлэв гэсэн. Хавсралт нь байгаа. Би энийг баталгаажуулахын тулд утсаар дарсан байгаа. 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 11 цаг 56 минут гээд эмч нарын нэр байна. Энхжаргалын Э.Б 1999 оны 01 дүгээр сарын 20-нд төрсөн байгаа. Мэндсайхан толгойн рентген зураг авхуулсан бүртгэлийг хавсралтаар хүргүүлэв гэж бичсэн байж 08 дугаар сарын 24-ний өдөр КТГ авхуулахаар бүртгүүлсэн бүртгэл гэж байгаа. Нотлох баримт харьцуулан судлахаар Энхжаргалын Э.Б 2433 бүртгэлийн дугаартай 1999 оны 08 дугаар сарын 25-н гэж он сарыг шивж оруулаад студи-1 гэж бичсэн... Хохирогч Э.Бгийн биед гэмтлийн зэрэг тогтоосон дүгнэлтийг шинжээч Д.Даваахүү нь 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр гаргасан байна. Уг дүгнэлтээр хохирогч Э.Бн хамар ясны рентген зураг болон нарийн мэргэжлийн эмч нарын үзсэн гар карт зэргийг үндэслэж хамар ясны 3 дугаар зэргийн мурийлттай байна. Дээрх мурийлт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн таны гарын үсэг улаан тамгатай байна. Шинжээчийн дүгнэлт байгаа. Үүн дээр хамар ясны 3 дугаар зэргийн мурийлт гэж байхгүй. Рентген зургийг 25-ны өдөр авхуулсан. Прокурорууд нотлох баримтын хүрээнд ажил үйлчилгээ явуулах ёстой хүмүүс. Аймгийн ерөнхий прокурор энэ хэрэгт зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 24 гэж бичвэрийн алдаа, Э.Бн биед хамрын таславч мурийлт, зөөлөн эдийн гэмтэл, баруун мөрөнд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учирсан гэсэн дүгнэлт гарчээ. Гэвч шинжээч дүгнэлтдээ дээрх гэмтэл бүхэлдээ эсхүл аль аль гэмтэл дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа эсэх талаар шинэ хуучин гэмтлийн аль нь болох талаар дурдаагүй байна гэсэн. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн баримтыг хавтаст хэрэгт өгсөн байгаа. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн П.Дд гэсэн байгаа. Шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцна гэж заасан. Говь-Алтай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Даваахүүгийн 291 дугаартай дүгнэлтийг үнэлэх боломжгүй байна гэсэн. Рентген зургийг авч ирсэн. Рентген зургийг өгсөн гэдгээ Д.Даваахүү өөрөө хэллээ. Рентген зураг нь 25-нд авхуулсан баримт нь гараад ирлээ. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэл дээр прокурорын хэлсэн үг нь байгаа. Прокурор өөрөө эд мөрийн баримтаар тооцохгүй гэж хэлсэн байгаа. Х.Агийн гаргаж өгсөн зургууд шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн рүү явж дүгнэлт гарсан. Анхны дүгнэлт гарахад л Лхагвадоржид гаргаж өгсөн гэж байгаа. Рентген зургийг сидитэй нь өгөхөд шаардлагагүй гэж хэлээд рентген зургийг өгсөн байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлд хуулийн этгээд, албан тушаалтан, иргэний баталсан болон бичсэн баримт бичиг, эрүүгийн хэрэгт ач холбогдолтой баримтат мэдээллийг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлсэн тохиолдолд нотлох баримт болно гэж байгаа. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс Э.Бгийн дүгнэлт ирэхэд хуулбар үнэн тамга тэмдэг дарагдсан зүйл байхгүй. Үнэн зөвийг баталж байж нотлох баримтын шаардлага хангана. 16.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт энэ хуулийн 16.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлнэ гэж заасан. Энд байгаа зургууд хуурамч байна. Компьютер автоматаар ингэж унших ёстой. 1999 оны 01 дүгээр сарын 20-нд төрсөн хүнийг 08 дугаар сарын 25-н гэж оруулсан. Д.М-нх дээр төрсөн он сар байхгүй байгаа. Ийм ийм эргэлзээ төрж байгаа зүйлийг нотлох баримтаас хасуулъя гэж байгаа. Шинжээчийн дүгнэлт 08 дугаар сарын 24-нд гарсан рентген зураг нь байхгүй, сиди нь бас байхгүй. Тэгэхээр 08 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн дүгнэлт өөрчлөгдсөн. Д.М-н хууль эрх зүйн байдлыг доордуулж байна. Рентген зураг ашигласан байж болно. Харин Э.Б 08 дугаар сарын 24-нд хаанаас ямар зураг өгснийг тодруулаарай. Намайг танилцахад рентген зураг гэж байгаагүй. Прокурорын тогтоолд заагаагүй сиди бичлэг явсан. Э.Бгийн канондсон хуулбар мэйл хаягаар ирсэн. Энэ баримтуудыг шинжлэн судлуулаад бүхэлд нь нотлох баримтаас хасуулах хүсэлтэй байгаа. 2004 онд төрсөн хүүхэд 2014 онд 5 сарын ял авсан гэж байгаа. Шүүх рүү явуулахгүйгээр мөрдөгч өөрөө тийм юм хийсэн байсан. Тэрдээр мөрдөн байцаах тасгийн дарга Барсбаатарын тайлбар ирсэн. Шүүхийн тамгын газрын даргад хүсэлт өгөөд Д.Мд холбогдох шийтгэх цагаатгах тогтоол бүртгэгдээгүй байна гэсэн. Энэ бүгд нь хуурамч бүрдсэн. Шүүх рүү дүгнэлт гаргаж явуулах хуулийн заалт байхгүй байхад л явуулж байдаг. Иймээс яллагдагчаар татаж байгаа асуудал, яллах саналаа явуулдаг бүх юм нь нэгэн зэрэг явагдсан. Ийм юмнуудыг бүхэлд нь нотлох баримтаас хасуулах хүсэлттэй байна гэснийг тус тус шинжлэн судлав.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Д.М-н Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 6-28 тоот хашаанд 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 22-23 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас Э.Бтай маргалдаж улмаар Э.Бгийн нүүрэн тус газарт нь мөргөх, цохих зэргээр эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн муруйлт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Д.М гэм буруутай болох нь:
Хохирогч Э.Бгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 18 цаг өнгөрч байхад Харзат багаас найз Мөнхбаатар, А.А, Амарбуян, Б.Г нартай “Аялгуу” караоке бааранд очиж дуулах санаатай гарсан. Тэгтэл хашааны ард замд Д.М тааралдаад хаашаа явах гэж байгаа юм бэ гэж асуухаар нь би өмнөөс нь төв орно гэсэн чинь цуг явъя гээд дагасан. Ингээд шууд баарандаа очоод 1 номерын өрөөнд ороод цаг хийлгээд текэн дээрээс “Ерөөл” нэртэй 0,75 литрийн архи, дөрвөн ширхэг ус аваад бид нар бүгд архиа тойруулж уусан. ...Ингээд Б.Г бид хоёр манай гэрт очоод унтах гээд ороо засах гээд сууж байтал ...Д.М гаднаас гэрт орж ирээд Б.Г гараад ир үзье гэхээр нь дуугай хашаанаас гар гээд би хэлсэн чинь Б.Гыг аваад гэрээс гарахаар нь би ардаас нь гартал гэрийн үүдэнд Б.Гыг Д.М заамдчихсан зогсож байхаар нь яасан бэ гээд очтол өмнөөс яасан ч яадаг юм бэ гэхээр нь би Мөнхзорилгыг барьж аваад дарж газарт унагаасан чинь хойд хаалгаар аав нь орж ирээд хүүхэд босго гэхээр нь Мөнхзорилгыг босгосон чинь босож ирээд нүүр лүү мөргөчхөөд шууд зөрүүлээд гараараа цохисон. Тэгэхээр нь би доош тонгойтол хамарнаас цус гарангуут дээд хашаа руу гүйж ороод цагдаа руу дуудлага өгөөд цагдаа нар ирэхээр нь би хашаа руугаа явж орсон. Ингээд цагдаа руу бөөндөө явцгаасан юм. Миний биед хамар муруйлттай гээд гэмтлийн хөнгөн зэрэг шүүх эмнэлгийн дүгнэлтээр гарсан. ...Би Мөнхзорилгыг хутга гартаа барьчихсан байсныг анзаарч хараагүй. Мөнхзорилгын аав Догооноо нь тухайн үед цагдаа сэргийлэхээр худлаа юм яриад хутга шөвөг, алх барьсан гэж яриад яваад байсан юм. Би Мөнхзорилгыг цамцнаас нь заамдаад газарт унагаад цамцных нь захаар хүзүүг нь боогоод байж байтал Д.М миний хоёр гаран дээрээс бариад гар тавиулах гээд ноцолдож байтал удалгүй хойд хаалгаар аав П.Д нь орж ирээд хүүхэд босго гэхээр нь тавиад би өөрөө бостол Д.М шууд өндийж ирээд миний нүүр лүү мөргөөд намайг нэг удаа нүүрэн цохисон юм... би тухайн үед эмчид үзүүлээд амбулаторийн дэвтэр байхгүй байсан учир дэлгүүрээс 24 хуудастай дэвтэр авч эмч нарт үзүүлсэн үзлэгийн тэмдэглэлээ бичүүлсэн. Тухайн үед компьютер томографикийн зураг авахуулаад шууд СD-нд надад бичиж, хуулж өгсөн. Тэрийгээ би шинжээч эмчид үзүүлж дүгнэлт гаргуулсан юм” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 116-118, 129, 185/,
Гэрч Х.Агийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр дунд зэргийн нуруутай бор залуу хүнд зодуулсан гэсэн өгүүлэмжтэй надад ирж үзүүлэхэд нь би амбулаторийн картан дээр нь хамрын ясны хугарал байж магадгүй гээд рентгенд үзүүлэх, толгойны компьютер томографт харуулж зураг авахуулж ир гэж хэлээд бичилт хийж өгөөд явуулсан. Ингээд 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр толгойны компьютер томографт харуулсан зургаа бариад ирэхээр нь уг зургийг нь харж үзэхэд хамрын яс хугарсан, хамрын таславч мурийсан шинэ гэмтэл учирсан байсан. Ингээд хэсэг газар буюу хамарны орчимд мэдээ алдуулах тариа хийж хамрын хугарсан ясыг зориулалтын багажаар татаж тэгшлэх мэс ажилбар хийж зассан. Тухайн мэс ажилбарын үед хамрын таславч янзлагдаагүй учир амбулаторийн дэвтрийн 2 дахь заалтад хамрын таславчийн мурийлтыг септопластик мэс засал хийлгэх шаардлагатай гэж бичиглэл үйлдсэн....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 131/,
Гэрч А.Аын “...Э.Б намайг чи одоо харьдаа Б.Г бид 2 унтлаа гээд байж байтал Д.М орж ирээд Б.Гыг гараад ир гэсэн чинь Э.Б чи одоо харь гай болно гэж хэлсэн чинь Д.М Б.Гыг зүүн орон дээрээс чирээд аваад гарсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 10-12/,
Гэрч Б.Гын “...Э.Бг Д.М нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохиод дараа нь мөргөсөн чинь Э.Бгийн хамраас цус гараад зугтаасан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 13-15/,
Гэрч Г.Бын “...манай хүү эрүүлжүүлэхээс гараад гэртээ хүрээд ирсэн чинь хамар нь хавдсан байсан. Тэгээд эмнэлэгт үзүүл гэсэн чинь яах юм бэ гээд байсан. Тэгээд цагдаагаас гэмтэл тогтоох шинжилгээ хийлгээд хамарт нь гэмтэл учирсан байна гэсэн дүгнэлт гарсан байсан. Огт хамартаа гэмтэл авч байгаагүй. Манай хүү чихнээс нь булаг гараад болохгүй. Чих, хамар, хоолойн эмчид үзүүлээд чихний өвчний оношоор группт орсон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 32/,
2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх Эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч, цадаагийн ахмад Т.Сэлэнгэ, шинжээч эмч, цагдаагийн ахмад Г.Ханхүү, шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Оюун-Эрдэнэ нарын гаргасан №640 дугаартай “...Э.Бгийн биед хамар ясны хугарал, таславчийн муруйлт, зөөлөн эдийн няцрал, баруун мөрний зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд болно. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг торгох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 220-222/,
2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх Эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ч.Эрдэмболор, Т.Чимэд-Очир, О.Нансалмаа, Э.Эрхэмбаяр, Э.Г.Б нарын гаргасан №724 дугаартай “...Шинжилгээ хийлгүүлэхээр ирүүлсэн нэгдсэн эмнэлгийн эмч нарын бичилт бүхий дэвтрийн онош, үзлэгийн тэмдэглэл, компьютер томографикын СD-нд буулгасан “КТГ” нь шүүх эмнэлгийн шинжилгээнд тэнцэнэ. Э.Бгийн биед хамар ясны хугарал, таславчийн муруйлт, зөөлөн эдийн няцрал, баруун мөрний зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь 2021 оны 08 дугаар сарын 17-оос 18-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг торгох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /2-р хх-ийн 96-99/,
2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх Эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Амартүвшин, С.Чулуунсүх, Н.Энхцолмон, Б.Ганзориг, Б.Баяртогтох нарын гаргасан №723 дугаартай “...Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгээс гаргуулан авсан Д.М-н КТГ-ийн зураг бүхий цагаан өнгийн СD, Д.М-н хууль ёсны төлөөлөгч П.Дгээс гаргаж өгсөн КТГ-ийн зураг бүхий шар алаг СD-нүүд нь шинжилгээнд тэнцэж байна. Дээрх 2 ш СD нь нэг цаг хугацаанд авахуулсан, нэг ижил КТГ-ийн зургууд байна. Д.М-н биед зүүн хацар, шанаа, зүүн нүдний доод зовхи орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг гарсан цаг хугацаа буюу 2021 оны 08 дугаар сарын 17-оос 18-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /2-р хх-ийн 83-86/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Уг үйл баримт нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн бөгөөд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэнэ.
Иймд шүүгдэгч Д.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Хохирогч Э.Б нь шүүгдэгч Д.Мос хохирол нэхэмжлээгүй ба гомдол саналгүй гэсэн болно.
Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч П.Д шүүхийн хэлэлцүүлэгт “...хутга, алх байсан. Түүгээр Д.М-г цохисон байж магадгүй. Мөнхзорилгыг алахыг завдсан үйлдэл гаргасан тул Д.М өөрийгөө хамгаалсан үйлдэл хийсэн гэж үзэж байна. Алахыг завдаж байна гэсэн үг. Алахыг завдаж байхад манай хүүхэд амиа хамгаалах зорилгоор ноцолдож байхдаа эргүүлээд нэг удаа цохисон...” гэж мэтгэлцэж байгаа ч хохирогч Э.Бгийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...алх барьсан асуудал байхгүй. Цагдаа дээр ирэхэд эдний хүргэний машиных нь алх байна гэж хэлсэн. ...Би Мөнхзорилгыг хутга гартаа барьчихсан байсныг анзаарч хараагүй...” гэх мэдүүлэг, гэрч Б.Гын “...Э.Б Д.Мос хутгыг нь аваарай гээд орилохоор нь хартал гартаа хутга барьсан байхаар нь мөр хэсгээс нь нэг гараараа, бариул хэсгээс нь нэг гараараа барьж байгаад мушгиад тавиулчхаад Э.Бн гэрт оруулж шүүгээнд хийсэн. Удалгүй П.Д ах ирээд гэрээс гарч ирж байсан А.Аыг заамдаж аваад боож унагаасан. Энэ хооронд Э.Бг Д.М нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохиод дараа нь мөргөсөн чинь Э.Бн хамраас цус гараад зугтаасан...” зэрэг мэдүүлгээс Мөнхзорилгыг Э.Б нь зодсон түүнд халдсан үйлдэл гаргасан түүнчлэн хутга, алх барьж алахыг завдсан үйлдэл гаргасан болох нь нотлогдохгүй байна. Харин шүүгдэгч Д.М нь гаднаас аавыгаа орж ирэхэд Э.Бн биед халдаж түүнд хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна. Иймд хууль ёсны төлөөлөгч П.Дгийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Мөн хууль ёсны төлөөлөгч П.Д нь “...Говь-Алтай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Даваахүүгийн 291 дугаартай дүгнэлтийг үнэлэх боломжгүй байна гэсэн. Рентген зургийг авч ирсэн. Рентген зургийг өгсөн гэдгээ Д.Даваахүү өөрөө хэллээ. Рентген зураг нь 25-нд авхуулсан баримт нь гараад ирлээ..., Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс Э.Бгийн дүгнэлт ирэхэд хуулбар үнэн тамга тэмдэг дарагдсан зүйл байхгүй. Үнэн зөвийг баталж байж нотлох баримтын шаардлага хангана. Бүхэлд нь нотлох баримтаас хасуулмаар байна. Прокурор нь канондсон хуулбараар хүнийг яллагдагчаар татаж байна. Үүнийг шинжлэн судлуулъя. Энэ зөв юм уу, мөн Эмч Х.Агийн утаснаас гаргаж өгсөн зураг баримт нь Мөнхзорилгын авхуулж байсан рентген зурагнаас өөр Э.Бгийн төрсөн он сар өдөр өөрөөр бичигдсэн байгааг харьцуулан шинжлэн судлах замаар хуурамч гэж үзэж байна. Х.А нь Э.Бг групп тогтооход оролцсон эмч тул таньдаг байгаа...” гэсэн хүсэлт гаргаж шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарлуулж мөн шүүх хуралд энэ талаар мэтгэлцэж оролцлоо.
Тухайн үйл баримт нь 2021 оны 08 сарын 17-18-нд шилжих шөнө болсон бөгөөд шүүгдэгч Д.М-н хууль ёсны төлөөлөгч П.Дгийн Цагдаагийн газарт өгсөн өргөдөл гомдлын дагуу /1-р ХХ-ийн 4-6 хуудас/ 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Цагдаагийн хошууч М.Лхагвасүрэн 2116000289 дугаартай зөрчлийн хэрэг үүсгэн холбогдох хүмүүсээс байцаалт авч шинжээчийн дүгнэлтүүдийг гарган зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулсан байна. Улмаар хяналтын прокурор нь 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 211600118 дугаартай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ. Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад хохирогч Э.Б болон холбогдогч Д.М, гэрч Б.Г, А.А нарын биед гэмтэл учирсан эсэхийг тогтоохоор шинжээчийн дүгнэлт гаргуулсан бөгөөд хохирогч Э.Бгийн биед 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 291 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хөнгөн зэргийн гэмтэл гарчээ. Уг дүгнэлтэд үзлэгт: 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн нүүрний рентген зурагт: “хамрын таславч зүүн тийш бага зэрэг муруйсан, хамрын салст бага зэрэг хавантай” гэж бичигджээ. Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч П.Д Шүүхийн шинжилгээний албаар нэмэлтээр нарийвчилсан дүгнэлт гаргуулах тухай хүсэлт гаргаж /2-р ХХ-ийн 153-рт/ уг хүсэлтийг прокурор 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр “...дүгнэлт 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр гарсан, хохирогч Э.Б нь 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр компьютер томографикт үзүүлсэн тул эд мөрийн баримтаар уг зургийг тооцох, нэмэлтээр гэмтлийн зэрэг тогтоох шаардлагатай...” /2-р ХХ-ийн 154-рт/ гэж үзэж хүсэлтийг бүрэн хангах тогтоол гаргасан боловч хохирогч Э.Бгийн хамар ясны компьютер томографикт үзүүлсэн баримт материал нь олдохгүй хохирогч гээгдүүлсэн тул нэмэлт шинжилгээ хийлгэх боломжгүй гэж үзэж 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ. Улмаар уг шийдвэрийг хууль ёсны төлөөлөгч П.Д эс зөвшөөрч аймгийн прокурорт гомдол гаргасан бөгөөд уг гомдлыг хүлээн авч хүсэлтийг хангахаас татгалзсан прокурорын тогтоолыг хүчингүй болгож шинжээчийн дүгнэлт дахин гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 640 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Э.Бн биед хөнгөн зэргийн гэмтэл гарчээ. Уг дүгнэлтийг хохирогч Э.Бн 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр авхуулсан гавал тархины КТГ-ын дүрс оношилгооны сидийг үзэж дүгнэлт бичсэн О.Оюунбаясгалан эмчийн 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн хариуг үндэслэн гаргажээ. /2-р хавтаст хэргийн 220-221-р хуудсанд/. Улмаар шүүгдэгч Д.М-г 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан байна. Дээрхи мөрдөн шалгах ажиллагаа нь Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор буюу хэргийн үйл баримт болсон 1 жилийн хугацааны дотор Д.М-г яллагдагчаар татсан байна. Иймд нотлох баримтуудыг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэлгүй байна.
Шинжээч эмч Д.Даваахүү нь хохирогч Э.Бн биед гэмтэл учирсан эсэхийг тогтоох дүгнэлт гаргахдаа хохирогчийн рентген зураг, эмчлүүлэгчийн картанд бичигдсэн эмчийн үзлэгийг үндэслэж 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 291 дугаартай дүгнэлтээ гаргасныг хууль зөрчиж дүгнэлт гаргасан гэж үзэж үндэслэлгүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт компьютер томографик, рентген зураг хоёр өөр, мөн муруйлт, хугарал байсан ч гэмтлийн зэрэг өөрчлөгдөхгүй гэж тайлбарлаж байна.
Шүүх шүүгдэгч Д.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэр гаргахдаа 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 291 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрч Х.Агийн утаснаас хуулбарлан хэрэгт авагдсан зургийг үндэслэл болгоогүй бөгөөд харин 2 дугаар хавтаст хэргийн 90 дүгээр хуудсанд авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 641 дугаартай шинжээчийн дүгнэлтийн эх хувь 1 дүгээр хавтаст хэргийн 206 дугаар хуудсанд тус тус авагдсан байгааг дурдаж шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосныг тэмдэглэх нь зүйтэй байна.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Д.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцож, хуульд зааснаар шүүгдэгч Д.М-г 2 сарын хугацаагаар Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдсан шүүгдэгч Д.М-н компьютер томографикын CD 2 ширхэг, хохирогч Э.Бгаас хураан авсан 22 хуудас бүхий дэвтэр 1 ширхэг, CD 1 ширхэг зэргийг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г ургийн овгийн Д.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-г 2 сарын хугацаагаар Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй тохиолдолд зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Д.Мд мэдэгдсүгэй.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдсан шүүгдэгч Д.М-н компьютер томографикын CD 2 ширхэг, хохирогч Э.Бгаас хураан авсан 22 хуудас бүхий дэвтэр 1 ширхэг, CD 1 ширхэг зэргийг хэрэгт хавсаргасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардаж авсан өдрөөс хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА