| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 183/2018/02532/И |
| Дугаар | 183/ШШ2019/00980 |
| Огноо | 2019-04-24 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 183/ШШ2019/00980
| 2019 оны 04 сарын 24 өдөр | Дугаар 183/ШШ2019/00980 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Б” ХХК-д / / холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 22 469 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, “Б” ХХК-ийн “Ш” ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 33 802 742 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Үлэмж, хариуцагчийн төлөөлөгч Д.Наранбат, түүний өмгөөлөгч Т.Сайнбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Ш” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Үлэмж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай байгууллага нь 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр “Б” ХХК-тай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Баянхонгор аймаг, Шаргалжуут рашаан сувиллын газар байрлах Сойдон буудлын барилгын ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцож гэрээ байгуулсан бөгөөд гэрээ байгуулсан өдөр болох 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 15 000 000 төгрөг ажлын явцад буюу 2018 оны 05 сарын 16-ны өдөр 27 000 000 төгрөг гэх зэргээр нийт 42 000 000 төгрөгийн төлбөрийг хийж байсан боловч гүйцэтгэгч тал нь гэрээний нөхцөлийг удаа дараа зөрчиж гэрээгээр заасан хугацаанд ажлыг хүлээлгэн өгөх боломжгүй болсон. Гүйцэтгэгч байгууллага нь ажлын талбайд барилга угсралтын ажлын бүрэн гүйцэд хийж дуусгаагүй, ажлын байрны шаардлагыг хангаагүй тул манай байгууллагын зүгээс гэрээг дуусгавар болгож ажлын талбайг чөлөөлүүлсэн болно. Иймд нийт шилжүүлсэн төлбөрөөс гүйцэтгэсэн ажлын хөлс болох 27 000 000 төгрөгийг хасч 15 000 000 төгрөгийн үлдэгдэл төлбөр болон гэрээгээр тохиролцсон алданги болох 7 469 000 төгрөг, нийт 22 469 000 төгрөгийг “Б” ХХК-иас гаргуулж өгнө үү.
Нотлох баримтууд маань нэлээн дутуу байна. Энд байгаагаар хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Гэрээг цуцалсан шалтгаан нь хана, тааз, цутгалтын буруу асуудлаас болсон. Шинжээчийн дүгнэлтэд 20, 28-ны өдөр ажил хүлээлцсэн байдаг. Талуудын хооронд гэрээгээр тохиролцсон зүйл нь ажил хүлээлцээд төлбөрийн нэхэмжлэлийн дагуу төлбөрийг шилжүүлнэ гэдэг. Хариуцагч тал ажлыг хүлээлгэж өгсөн байсан бол манай талд төлбөрийн нэхэмжлэлийг илгээх ёстой. Илгээсэн тайлан хавтаст хэрэгт байдаггүй. 2-т шинжээчийн дүгнэлтийн хувьд хөндлөнгийн шинжээч байх ёстой боловч маргалдагч талуудын нэгнийх нь өгсөн үнийн саналын дагуу тооцож, дүгнэлт гаргасан учир манай байгууллага хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. 27 000 000 төгрөг шилжүүлсэн нь өмнөх ажлуудыг хүлээж авсанд тооцож байна гэх асуудал байж болохгүй. 27 000 000 төгрөг шилжүүлснээс хойш үйл ажиллагаа явагдаагүй, барилгын ажил зогссон байсан учраас гэрээг цуцалсан үйл баримт байдаг. Шинжээч нийт ажлыг дундчилж үзээд Шаргалжуут руу явж хийсэн ажлыг нь үзэх ёстой байсан. Ядаж бид нараас авсан баримтуудаа хавсаргаж өгөх ёстой. Хөндлөнгийн хараат бус дүгнэлт байж чадаагүй дүгнэлт гэж үзэж байна. 42 000 000 төгрөг дээр маргадаггүй. 20, 27-ны өдөр ажил хүлээлцсэн үнийн дүн 27 000 000 төгрөг, 9 хоногийн алданги 675 000 төгрөг. Доголдолтой ажил гүйцэтгэсэн гэдгээ хариуцагч хүлээн зөвшөөрдөг. Гэрээнээс татгалзах бүрэн үндэслэл байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26-д заасны дагуу сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа этгээд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрсдөө нотолж, нотлох баримтаа цуглуулах үүрэгтэй. Хариуцагч гэрээгээр тохиролцсон чанар стандартаар ажил гүйцэтгээгүй нь гэрээгээр тохиролцсон үүргээ биелүүлээгүй. 2 өдрийн ажил хүлээлцсэн акт байдаг нь 27 000 000 төгрөг болдог. Бусдаар ажил гүйцэтгэсэн нь тогтоогддоггүй учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Ц.Наранбат шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон түүнийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч компанитай 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж ажилласан. Гэрээний нийт үнийн дүн 150 000 000 төгрөгөөс 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр урьдчилгаа 15 000 000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 27 000 000 төгрөг, нийт 42 000 000 төгрөг шилжүүлж авсан. Гэрээний талууд ажил хугацаандаа явахгүй байсан учир 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр талууд амаар хүн хүч, техникээ нэмэхээр тохиролцсон. Гэтэл амаар тохиролцсоны маргааш өдрөөс эхлэн “Ш” ХХК нь гэрээ цуцалсан гээд манай ажилчдыг барилгын талбайд оруулахаа больсон. Энэ үед манай компани нийт 75 802 742 төгрөгийн ажил гүйцэтгэсэн байсан. Нийт гүйцэтгэлээс авсан 42 000 000 төгрөгийг хасвал 33 802 742 төгрөг үлдэж байна. Ажлын гүйцэтгэл дуусаагүй байхад шалтгаангүйгээр шаардлага хангахгүй байна гээд ажлын талбайг чөлөөл гэсэн. Нэхэмжлэгч талын үндэслэлгүй шалтгаанаар цуцлагдсан “Б” ХХК-тай байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл төлбөр болох 32 802 742 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө гэх сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Шинжээчийн дүгнэлтэд сэтгэл дундуур байгаа боловч манай ажлын зарим хэсгийг нотлох баримт хангалттай биш байна гэж хассан. Шинжээчийн дүгнэлтээр 65 620 000 төгрөгийн ажил хийгдсэн гэсэн. Үүнээс бидний гүйцэтгэлд авсан 42 000 000 төгрөгийг хасаж 23 620 000 төгрөг болсон. Үүнээс буруу цутгалт хийсэн 490 000 төгрөгийг хасаж 23 130 000 төгрөг болгож сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Гэрээ 1 сарын хугацаанд үйлчлэх байсан боловч нэхэмжлэгч компани 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр гэрээг цуцалсан байна. Иргэний хуулийн 355.2-т захиалагч хэдийд ч гэрээгээ цуцлах эрхтэй. Гэрээний хугацаа дуусахаас өмнө өөрсдөө гэрээгээ цуцалснаар алданги яригдахгүй юм. Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс гэдэг. Ямар үүрэг гүйцэтгээгүйгээс алданги тооцож байгаа нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгч тал үүнийгээ тайлбарлаж чадахгүй байна. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой тайлбарт нийт ажлыг “Хөрөнгө үнэлгээ” ХХК-аар үнэлээд “Б” ХХК буюу хариуцагч компани нийт ажлын дүнгээс 15 хувь бууруулж энэ ажил гүйцэтгэсэн нь харагдаж байна. Түүнээс өөрсдөө тодорхойлоод 15 хувь бууруулсан гэж дүгнээгүй юм. Дүгнэлтийн 7.1-т захиалагчийн өгсөн мэдээллийг тулгуурлан гэдэг. Шүүхэд шинжээч томилуулах захиалга өгсөн хүн нь нэхэмжлэгч өөрөө юм. Талуудаас хэн алинаас нь нотлох баримт авсан нь хууль зүйн үндэслэлтэй байна. Шинжээчийн дүгнэлт гараад нэлээд удлаа. Нэхэмжлэгч тал энэ хугацаанд шинжээчийн дүгнэлтэд маргаагүй. Шинжээчийн дүгнэлтэд ажил хүлээж авсан акт байхгүй гэдэг. Нэхэмжлэгч компани талууд хоорондоо байлцаж байгаад яагаад акт үйлдэж аваагүй вэ. Үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө үүргээ гүйцэтгээгүй байна. Иргэний хуулийн 355.3-т зааснаар ямар нэг хугацаа олгосон зүйл байдаггүй. Доголдлыг арилгуулах талаар баталгаат хугацаанд нь гаргасан шаардлага байдаггүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага хангагдахгүй байгаа нь харагдаж байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага бол Иргэний хуулийн 355.6-д ажил дуусахаас өмнө захиалагч гэрээг цуцалсан бол гэрээг цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчид орсон орлого, үр шимийг хасаж учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй. “Б” ХХК буюу ажил гүйцэтгэгчийн хийсэн ажлыг шинжээч дүгнээд гаргаж ирсэн байна. Нийт ажлын үнэлгээг 65 620 000 төгрөг гэж тодорхой гаргаж өгсөн. Хэдийгээр ажил хүлээлцсэн акт байхгүй боловч ажил гүйцэтгэгч нь захиалагчийн өмнө 65 620 000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн байгаа нь харагдаж байна. Тийм учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Ш” ХХК нь хариуцагч “Б” ХХК-д холбогдуулж ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 22 469 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, “Б” ХХК нь “Ш” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 33 802 742 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нийт гэрээний үүрэгт шилжүүлсэн 42 000 000 төгрөгийн төлбөрөөс гүйцэтгэсэн ажлын хөлс 27 000 000 төгрөгийг хасч үлдэх 15 0000 000 төгрөг, алданги 7 469 000 төгрөг, нийт 22 469 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж тайлбарлав.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй харин манайх гэрээг цуцлах хүртэл 75 802 742 төгрөгийн ажил гүйцэтгэсэн байсан тул авсан 42 000 000 төгрөгийг хасч үлдэх 33 802 742 төгрөгийг гаргуулна гэх сөрөг шаардлага гаргаж маргаж байна.
Нэхэмжлэгч “Ш” ХХК болон “Б” ХХК-ийн хооронд “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ” 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 2018/05/04/-01 дугаартай гэрээг байгуулжээ.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэгтэй” гэж заасан байна.
Мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан зарчимд нийцсэн, гэрээний талууд хүсэл зоригоо илэрхийлж, гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болсон байна.
Ажил гүйцэтгэх гэрээнд зааснаар “Б” ХХК нь “Ш”-ын газрын амралтын байрны дотор засал болон барилгын ажлыг хийж гүйцэтгэн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр дуусган хүлээлгэн өгөх, “Ш” ХХК нь гэрээний төлбөр 150 000 000 төгрөгийг төлөхөөр тохирчээ.
Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2-т “Ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй.” гэж зааснаар ажлыг доголдолтой хийсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч нь гэрээг хугацааны өмнө буюу 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр цуцалж хариуцагч “Б” ХХК-иар ажил гүйцэтгүүлээгүй ба хариуцагч үүнд маргахгүй байна.
Гэрээг байгуулснаас цуцлах өдрийг хүртлэх хугацаанд захиалагчаас ажил гүйцэтгэгчид нийт 42 000 000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан дансны хуулга, төлбөрийн даалгавар, зохигчийн тайлбараар тогтоогдсон.
Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-т “Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.” гэж зааснаар нэхэмжлэгч нь шаардах эрхтэй юм.
Нэхэмжлэгч “Ш” ХХК нь хариуцагч нь 27 000 000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн байсан гэж тайлбарласан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй болно.
Түүнчлэн алдангид 7 469 000 төгрөг гаргуулна гэх боловч хэдий хугацааны алдангийг шаардаж байгаа талаараа үндэслэл бүхий тайлбар гаргаж мэтгэлцээгүй тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хариуцагч “Б” ХХК нь 33 802 742 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 23 620 000 төгрөгийг “Ш” ХХК-иас гаргуулна гэж тодорхойлсон.
Гэрээг цуцлах өдөр буюу 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд гүйцэтгэгч “Б” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын үнэлгээг гаргуулахаар нэхэмжлэгч талаас шинжээч томилуулж дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн захирамжаар хангаж, шинжээчээр “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-г томилж шинжээч нь “Б” ХХК нь гэрээ цуцлагдах үед 65 620 000 төгрөгийн гэрээт ажил хийж гүйцэтгэсэн тухай дүгнэлтээ бичгээр гаргаж шүүхэд ирүүлсэн байна.
Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.6-д “Ажил дуусахаас өмнө захиалагч гэрээгээ цуцалсан бол гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчид орсон орлого, үр шимийг хасаж, учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.” гэж зохицуулсан ба шинжээчийн дүгнэлтээр ажил гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн ажлыг үнэлгээг гаргасан тул зөрүү 23 620 000 төгрөгийг гаргуулна гэх сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.
Шинжээч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК нь дүгнэлт гаргах эрхтэй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, дээрх дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан шаардлага хангажээ.
Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шинжээчийн дүгнэлт нь хариуцагч “Б” ХХК-ийн гаргасан үнээр тооцож дүгнэлтээ гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж тайлбарласан хэдий ч тэрээр дахин болон бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулахаар хүсэлт гаргаагүй болно.
Хариуцагч нь ажил гүйцэтгэх хугацаанд бетоныг буруу цутгаснаас үүссэн хохиролд 490 000 төгрөг төлөхийг зөвшөөрч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа энэ үнийн дүнг хасч нэхэмжилсэн болохыг дурдав.
Дээрхийг нэгтгэхэд 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн барилгын ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт хариуцагч “Б” ХХК-иас 22 469 000 төгрөг гаргуулах тухай “Ш” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, “Ш” ХХК-иас 23 620 000 төгрөг гаргуулах тухай “Б” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 270 295 төгрөгийг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа тэмдэгтийн хураамжид төлсөн 327 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, “Ш” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 276 050 төгрөгийг гаргуулан “Б” ХХК-д олгох нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь [email protected], хариуцагч нь [email protected] хаягтай цахим шууданд үзлэг хийлгэх хүсэлтээсээ тус тус татгалзсан болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 355.6-д зааснаар хариуцагч “Б” ХХК-иас 22 469 000 төгрөг гаргуулах тухай “Ш” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, “Ш” ХХК-иас 23 620 000 төгрөг гаргуулж “Б” ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч “Ш” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270 295 төгрөгийг, хариуцагч “Б” ХХК-иас сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа тэмдэгтийн хураамжид төлсөн 327 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, “Ш” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 276 050 төгрөгийг гаргуулан “Б” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА