| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2019/0204/И |
| Дугаар | 286 |
| Огноо | 2019-04-24 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 286
Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б аймгийн Б сумын 2 дугаар багт оршин суух, Х овогт Нн Т,
Нэхэмжлэгч: Б аймгийн Б сумын 2 дугаар багт оршин суух, Х овогт Өн Б,
Нэхэмжлэгч: Б аймгийн Б сумын 5 дугаар багт оршин суух, Ж овогт Хгийн Р,
Нэхэмжлэгч: Б аймгийн Б сумын 5 дугаар багт оршин суух, М овогт Аы Ө нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн Б сумын Ерөнхий боловсролын сургууль /захирал А.Е/-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Т, Ө.Б, Х.Р, А.Ө, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Х.Т, орчуулагч А.Еркегүл, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Саранцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн Б сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 47 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, 49 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, 54 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалууд, 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/07 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Б/08 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Б/09 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Б/10 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалуудыг тус тус хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан галчийн ажилд эгүүлэн тогтоолгох, нэхэмжлэгч нарын тус бүрийн 3 сарын цалин 720000 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэгч Н.Т, Ө.Б, Х.Р, А.Ө нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Т миний бие Б аймгийн Б сумын Ахлах сургуулийн захирлын 2003 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 63 дугаар тушаалаар тус сургуулийн бага оврын зуухны галчаар ажилд орсон. Ө.Б миний бие Б аймгийн Б сумын Ахлах сургуулийн захирлын 2012 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 43 дугаар тушаалаар тус сургуулийн бага оврын зуухны галчаар ажилд орсон. Х.Р миний бие Б аймгийн Б сумын Ахлах сургуулийн захирлын 2008 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 54 дугаар тушаалаар тус сургуулийн бага оврын зуухны галчаар ажилд орсон. А.Өыг миний бие Б аймгийн Б сумын Ахлах сургуулийн захирлын 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 51 дүгээр тушаалаар тус сургуулийн бага оврын зуухны галчаар ажилд орсон. Бид ажилласан хугацаанд ажлаа шаардлагын хэмжээнд хийж гүйцэтгэж, ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Гэтэл тус сургуулийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 47, 49, 54 дугаар тушаалаар бид гурвыг ажлын байр татан буугдсан гэх шалтгаанаар ажлаас чөлөөлсөн. Х.Рд ажлаас чөлөөлсөн тушаал гаргалгүй үлдээсэн болно. Энэ талаар тухайн үед хуулийн дагуу сарын өмнө ажлаас чөлөөлөх болсон шалтгаанаа бидэнд мэдэгдээгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан орон тоо хасагдсан гэх үндэслэлээр бид гурвыг ажлаас халсан байна. Гэвч тухайн байгууллагад тухайн үед галчийн орон тоо хасагдаагүй байлаа. Гэвч Х.Р нь бидэнтэй хамт ажилласан боловч ажлаас чөлөөлсөн тушаал гаргаагүй юм. Ямар учиртай тушаал гаргаагүй үлдээснийг бид мэдсэнгүй. Тэр ч бидэнтэй адил тушаал гараагүй мөртлөө цалин хөлс аваагүй болно. Тухайн үед сургуулийн захирал галч нар болох Н.Т, А.Ө. О.Б бид нарыг ажлаас чөлөөлсөн ба, бид нараас та нар өөрсдөө ажлаас сайн дураараа гарна гэсэн өргөдөл бичиж өгвөл та нар ажилгүйдлийн тэтгэмж авах бололцоотой болно гэсэн үгэнд итгэж захирлын зааснаар өргөдөл бичиж өгсөн. Тэгээд бид гурав ажилгүйдлийн тэтгэмж хөөцөлдсөн боловч холбогдох нийгмийн даатгалын байгууллагад бид нарын цалингаас суутгасан өмнөх саруудын шимтгэл төлөгдөөгүй байв. Нийгмийн даатгалын мэргэжилтэн бид нарт сургуулийн захиргаанаас шимтгэл төлсөн тухай санхүүгийн материал ирээгүй тул ажилгүйдлийн тэтгэмж олгох боломжгүй гээд хариу өгсөн. Үүний дараа сургуулийн захиралд дахин хандаж та нар бидний нийгмийн| даатгалын шимтгэлийг төлөөгүй байна. Бид ажилгүйдлийн тэтгэмж авч чадаагүй хууль, шүүхийн байгууллагад хандана гэдгийг хэлээд явсан. Тэгээд захирал А.Е өөрөө та нар хүлээж бай би зохицуулж өгнө гэж хэлээд 2019 оны 01 дугаар сарын 15-ны өдрийн Б/09 тоот тушаалаар Н.Т Б/08 тоот тушаалаар А.Өыг, Б/10 тоот тушаалаар Х.Рыг, Б/07 тоот тушаалаар Ө.Б бид дөрвийг нэг өдрийн дотор дахин ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан байна. Үүний учрыг сургуулийн захирлаас асуухад нарт ажилгүйдлийн тэтгэмж олгуулах үүднээс дахин тушаал гаргалаа. Та нарт одоо тэтгэмж авах бололцоо бүрдсэн гэж хэлсэн. Гэхдээ миний нэр дээр дахин өргөдөл бичиж өгөх ёстой гэж хэлээд нябо Маар өргөдлийн загварыг бичүүлэн гаргаж, бид нараар дахин хуулуулан гарын үсэг зуруулан авч үлдсэн. Бид монгол хэлээр бичсэн өргөдлийн утгыг ойлгоогүй ажилгүйдлийн тэтгэмж авбал боллоо гээд нийгмийн даатгалын дэвтрийг бичүүлж аваад явсан. Дараа нь хуулийн байгууллагын хүмүүсээс зөвлөгөө авахад бид нарын 10,11, 12 дугаар саруудын цалинг олгож, ажлаас чөлөөлөгдсөний дараа 1 сарын цалинг бас сургуулиас олгох ёстой юм байна. Бид ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдөж, цалин аваагүй ба бидний хөдөлмөрлөх эрх зөрчигдөж байгаа талаар аймгийн МХГ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдлын улсын байцаагч Т.Нд 2019 оны 02 дугаар сарын 14-ны өдөр өргөдөл гаргасан боловч хариуг аваагүй болно. Иймд бидний гомдлыг зохих журмын дагуу хянан үзэж зөрчигдсөн эрхийг хамгаалж Б аймгийн Б ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 47, 49, 54 дүгээр тушаал, 2019 оны 01 дугаар сарын 15-ны өдрийн Б/07, Б/08, Б/09, Б/10 тушаалуудыг тус тус хүчингүй болгож. гомдол гаргагч хүн тус бүрт 3 сарын цалин 720.000 төгрөгийг гаргуулан өгч, урьд эрхэлж байсан тус сургуулийн галчийн ажилд эргүүлэн тогтоолгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Н.Т шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Бид нар сургуульд галч хийдэг байсан. Би 2009 онд ажилд ороод 10 гаруй ажилласан. Тус сургуулийн захирал нэгдсэн халаалтад холбогдоно гэж биднийг дуудсан. Захирал “та нар ажлаа хийнэ” гэж хэлсэн. Бид нар захиралд итгээд явж байсан. Нэг өдөр захирал дуудаад “ажлаас гарах боллоо“ гээд тушаал өгсөн. Би тушаалаа аваад Нийгмийн даатгалын байгууллагад тэтгэмж авах гээд ирсэн. Нийгмийн даатгалын байгууллагад тус сургууль 20 сая төгрөгийн өртэй тул ажлаас гэнэт халагдсаны тэтгэмж өгөхгүй гэж хэлсэн. Бид дахиж захиралд хандахад асуудлыг өөрөө зохицуулна гэж хэлсэн. 1 дүгээр сард Мэргэжлийн хяналтын газрын Н гэх байцаагчид өргөдөлд гаргасан. Н байцаагч сургуулийн захирал, нярав нарыг дуудаж үүрэг даалгавар өгч, байгууллагаас олгох 1 сарын тэтгэмжийг өг гэх үүрэг өгсөн. Бид тэтгэмжээ одоо хүртэл авч чадаагүй. Бид захиралтай дахин уулзахад 01 дүгээр сарын 15-ны өдөр ажлаас халсан тушаал өгсөн. Тухайн үед захирал шүүхээр ханд гэж хэлсэн. Бид нарт ажилгүй байсан хугацааны 3 сарын цалин гаргуулж, ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүсэж байна гэв.
Нэхэмжлэгч Ө.Б шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Би 2012 онд ажилд орсон. 10 дугаар сарын 15-ны өдөр тушаал өгсөн. Би тэтгэмж авахаар аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хандсан тус сургууль 20 сая төгрөгийн өртэй байгаа гээд өгөөгүй. Бид захиралд очиход зохицуулна гээд 01 дүгээр сарын 15-ны өдөр дахин тушаал гаргаж өгсөн. 2 дугаар сарын үед хяналтын газрын байцаагч Нд өргөдөл өгсөн. Бид нарт тэтгэмж өгнө гэсэн ч одоо өгөөгүй. Бид захиралд дахиж очиж уулзахад шүүхэд хандаарай гэж хэлсэн гэв.
Нэхэмжлэгч Х.Р шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Би 2008 оны 09 дүгээр сард ажилд орсон. Би сургуульд галч хийдэг байсан. Өнгөрсөн жил тус сургууль нэгдсэн халаалтад холбогдсон гэж сонссон. 09 дүгээр сарын 15-ны өдөр ажлаа хийгээд явж байсан. Надад захирал 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ажлаас гарна гээд тушаал өгсөн. Би цалин асуухад цалин өгөхгүй гэсэн. Бид нар нийгмийн даатгалын байгууллагад ажлаас гэнэт халагдсан тэтгэмжээ авахаар өргөдөл гаргасан. 02 дугаар сарын 15-ны үед аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч Н Б суманд ажиллах үеэр өргөдөл гаргасан. Н нь сургуулийн нягтлан бодогч, захирал нарыг дуудаж уулзсан. Захирал “би бүтээнэ” гэж хэлсэн ч асуудлыг зохицуулаагүй. Бид захиралтай дахин очиж уулзахад “би асуудлыг зохицуулж чадахгүй юм байна, та нар шүүхэд нэхэмжлэл гаргаарай” гэж хэлсэн. Би 3 сар цалинг нэхэмжилж байна. Мөн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүсэж байна гэв.
Нэхэмжлэгч А.Ө шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Би 2012 онд 10 дугаар сард ажилд орсон. Надад 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр халсан тухай тушаал өгсөн. Захирал надад” Нийгмийн даатгалын байгууллагад очиж ажлаас халагдсаны тэтгэмжээ аваарай” гэж хэлсэн. Бид аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст өргөдөл гаргасан. Нийгмийн даатгалын газарт хандахад 20 сая төгрөгийн өртэй гэсэн тул бидний материалыг хүлээж аваагүй. Би захиралтай очиж уулзахад “өр төлсний дараа өөрөө бүтээж өгнө” гэж хэлсэн. Би 1 дүгээр сарын үед 15-ны өдөр захиралтай очиж уулзахад ажлаас гарсан тушаал өгч, нэмж тэтгэмж өгнө гэж хэлсэн. 3 сарын цалин 240000 төгрөгөөр бодож нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байсан. Бид аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст дахин ирэхэд ажлаас халагдсаны тэтгэмж авах талаар өргөдөл өгөхөд хүлээж аваагүй. 02 дугаар сарын 14-ний өдөр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч Н ирэхэд өргөдөл бичиж өгсөн. Байцаагч Н нь сургуулийн захирал, нягтлан бодогч Мыг дуудаж уулзсан. Байцаагч Н захиралд “бид нарын асуудлыг зохицуулж, мөнгийг нь өгөөрэй” гэж хэлсэн. Захирал “бидний ажлыг бүтээж өгнө, цалинг нь бүтээж өгнө, ажлаас гарвал нэг сарын тэтгэмж өгнө, ажлаас гарахгүй ажлаа хийгээд явна” гэж хэлсэн. 3 сарын цалинг гаргуулж, мөн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүсэж байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг нэхэмжлэгч нарын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Н.Т, Ө.Б, Х.Р, А.Ө нь Б аймгийн Б сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 47 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, 49 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, 54 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалууд, 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/07 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Б/08 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Б/09 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Б/10 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалуудыг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус сургуулийн галчийн ажилд эгүүлэн тогтоолгох, нэхэмжлэгч нарын тус бүрийн 3 сарын цалин 720000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч Н.Тыг Б аймгийн Б сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 47 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар, нэхэмжлэгч Ө.Быг Б аймгийн Б сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 49 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар, нэхэмжлэгч А.Өыг Б аймгийн Б сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 54 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар, нэхэмжлэгч Х.Рыг Б аймгийн Б сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/10 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар тус тус Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1 заалтыг үндэслэн ажиллах орон байр нь татан буугдсан гэх үндэслэлээр нэхэмжлэгч Н.Т, Ө.Б, А.Ө нарыг 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн, нэхэмжлэгч Х.Рыг 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь тус тус чөлөөлсөн байна.
Хариуцагч Б аймгийн Б сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал А.Ед 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн нэг хувийг гардуулж, хуулинд заасан эрх, үүргийн танилцуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж байгаа үндэслэлээ өөрөө нотолж, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлийн талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргийг хүлээсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т зааснаар хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааны дотор ажилтан гомдлоо шүүхэд гаргасан эсэх, гаргаагүй бол хүндэтгэн үзэх шалтгаан байгаа эсэхэд шүүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад эрх зүйн дүгнэлт өгч шийдвэрлэх зүйтэй байна.
Нэхэмжлэгч Н.Т, Ө.Б, А.Ө, Х.Р нар нь ажил олгогчийн ажлаас чөлөөлсөн тушаалыг гардан авч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хуулийн хугацаанд шүүхэд гомдлоо гаргаагүй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Н.Т, Ө.Б, А.Ө, Х.Р нар нь “... ажлаас чөлөөлөгдсөн тушаалаа гардан авч Б аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс ажилгүйдлийн тэтгэмж авах зорилгоор Б аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хандсан боловч ажилгүйдлийн тэтгэмж авч чадаагүй, учир нь сургуулийн захиргаанаас шимтгэл төлсөн санхүүгийн материал ирээгүй тул ажилгүйдлийн тэтгэмж олгох боломжгүй гэсэн хариу өгсөн, үүний дараа сургуулийн захиралд дахин хандаж бидний нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй байна, бид ажилгүйдлийн тэтгэмж авч чадаагүй, хууль шүүхийн байгууллагад хандана гэдгээ хэлсэн. Захирал А.Е та нар хүлээж бай би зохицуулж өгнө гээд бид дөрөвт нэг өдрийн дотор 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Б/07, Б/08, Б/09, Б/10 дугаартай тушаалыг дахин гаргаж өгсөн боловч бид Б аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж авч чадаагүй, Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч Т.Нд өргөдөл гаргасан ба манай суманд Т.Н ирсэн, тэгээд захиралтай ярьж биднийг байлгаж байгаад бид нарыг хохироож болохгүй, тэтгэмж өгөөрэй гэж хэлж, захирал тэтгэмж өгөхөөр болсон боловч бид дахин захиралтай очиж уулзахад надад өгөх зүйл байхгүй шүүхэд хандаарай гэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан” гэж тайлбарлаж байгаа боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэсэн байхад нэхэмжлэгч Н.Т, Ө.Б, А.Ө, Х.Р нь ажил олгогчийн ажлаас чөлөөлсөн тушаалыг /шийдвэрийг/ хүлээн авсны дараа Н.Т, Ө.Б, А.Ө нар нь 4 сар 19 хоног, нэхэмжлэгч Х.Р 1 сар 19 хоног өнгөрсний дараа шүүхэд тус тус гомдлоо гаргасан ба гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна.
Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч нарыг ажлаас чөлөөлсөн тушаалын агуулга нь өөрчлөгдөөгүй, нэхэмжлэгч нарын хүсэлтээр тушаалын сар өдрийг өөрчилсөн буюу ажлаас чөлөөлснөөс маргаан үүссэн байх бөгөөд ажил олгогч өөрийн санаачилгаар нэхэмжлэгч нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр болон 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр тус тус өөр өөр огноо, дугаартай нийт хоёр /2/ тушаал гаргасан нь тогтоогдсон байна.
Мөн ажилтан ажлаас халагдсан тухай гомдлыг Хөдөлмөрийн маргаан таслах, комисс, Үйлдвэрчний эвлэлийн байгууллага, Цагдаа, Прокурорын байгууллага зэрэг эрх бүхий этгээдэд гаргаж байсан нь тухайн нэхэмжлэлийг шүүхэд гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээх шууд үндэслэл болохгүй юм.
Нэхэмжлэгч Н.Т, Ө.Б, А.Ө, Х.Р нар нь “... ажлаас халах тухай ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэхгүйгээр шууд тушаал гаргасан” гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгч нараас шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд тодруулахад “... улирлын чанартай галчийн ажил хийж байсан, 8 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан, сургууль нэгдсэн халаалтад холбогдсоноор ажилгүй болсон, 2018 оны 10 дугаар сараас ажил эхлэх байсан боловч ажил хийгээгүй, “К” ХХК-ийн захирал А.Е нэгдсэн халаалтаар хангах ажиллагаа эрхэлж байгаа” гэсэн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нар ажлаас чөлөөлөгдсөн буюу ажлаас чөлөөлсөн гэснийг мэдэж байсан байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч нарыг сургуулийн захирал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөхөд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд мэдэгдэх үүрэгтэй боловч ажил олгогч мэдэгдээгүй шууд ажлаас нь чөлөөлсөн байна гэж үзэх боломжгүй байна. Учир нь нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “... бид дөрөвт дахин ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан, үүний учрыг сургуулийн захирлаас асуухад та нарт ажилгүйдлийн тэтгэмж олгуулах үүднээс дахин тушаал гаргалаа, гэхдээ миний нэр дээр дахин өргөдөл бичиж өгөх ёстой гэж нябогоор өргөдлийн загварыг бичүүлэн гаргаж бид нараар дахин хуулуулан гарын үсэг зуруулан авч үлдсэн, бид монгол хэлээр бичсэн өргөдлийн утгыг ойлгоогүй ажилгүйдлийн тэтгэмж авбал боллоо гээд нийгмийн даатгалын дэвтрийг бичүүлж аваад явсан” гэж бичсэнээс үзэхэд ажлаас чөлөөлөгдсөн гэдгээ мэдсэн учир нэхэмжлэгч нар нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж авах эрхээ эдлэхийг хүссэн байна.
Нэхэмжлэгч Н.Т, Ө.Б, Х.Р, А.Ө нь Б аймгийн Б сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 47 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, 49 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, 54 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалууд, 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/07 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Б/08 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Б/09 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Б/10 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалуудыг тус тус хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна. Учир нь, энэхүү эрхийн актуудыг ямар үндэслэлээр хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч нар нотолж чадаагүй учир хууль зүйн үндэслэлгүй гаргасан эрхийн акт байна гэж үзэх боломжгүй байна.
Ажил олгогчийн тушаал нь хууль зүйн үндэслэлгүй гарсан хэдий ч ажилтныг ажилд эгүүлэн тогтоох үндэслэлийг бий болгож буй хууль зүйн факт болж байгаа бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр цаашид эрх зүйн үр дагавар үүсгэхгүй учир шүүх уг тушаалыг заавал хүчингүй болгох шаардлагагүй гэж үзлээ.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар нэхэмжлэгч нараас эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах учиртай байхад нэхэмжлэгч Н.Т, Ө.Б, А.Ө, Х.Р нар тус бүр 3 сарын цалин 720000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа хуулинд заасан хугацаанд гаргаагүй, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх тул энэ нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна. Учир нь Хөдөлмөрийн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан хугацааг хэтрүүлэн шүүхэд гомдол гаргасан байна.
Нэхэмжлэгч Х.Рыг ажлаас чөлөөлсөн Б аймгийн Б сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/10 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг нэхэмжлэгч Х.Р нь тухайн өдөр гардан авсан гэх боловч нэхэмжлэгч Х.Р нь 2018 оны 09 дүгээр сараас хойш огт ажил хийгээгүй, цалин хөлс аваагүй болох нь нэхэмжлэгч Х.Ры шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн тайлбараар нотлогдож байх тул цалин хөлсний талаар хуулинд заасан хугацаанд гомдлоо шүүхэд гаргаагүй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд гаргаж өгсөн Б аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/974 дугаартай “Төсвийн сарын зохицуулсан хуваарь батлах тухай” захирамж болон хавсралтад Б сумын сургуулийн гэрээт ажлын цалин хөлсийг тусгасан байгаа учир эдгээр галч нар цалин хөлсөө авах ёстой гэж тайлбарлаад байгаа боловч хуулинд заасан хугацаанд шүүхэд гомдлоо гаргаагүй учир дээрх нотлох баримтыг нотлох баримтаар үнэлэн нэхэмжлэгч нар цалин хөлс авах ёстой гэж дүгнэх боломжгүй байна.
Иймд нэхэмжлэгч Н.Т, Ө.Б, Х.Р, А.Ө нарын Б аймгийн Б сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 47 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, 49 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, 54 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалууд, 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/07 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Б/08 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Б/09 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Б/10 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалуудыг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус сургуулийн галчийн ажилд эгүүлэн тогтоолгох, нэхэмжлэгч нарын тус бүрийн 3 сарын цалин 720000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хариуцагч Б аймгийн Б сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал А.Ед шүүх хуралдааны товыг шүүхээс 2019 оны 04 дугаар сарын 17-ны өдөр утсаар, 2019 оны 04 сарын 18-ны өдөр орон нутгийн олон нийтийн радиогоор хэргийн оролцогчдыг шүүхэд /шүүх хуралдаанд/ дуудаж, зарлуулсан тухай баримт /мэдэгдэх хуудас/-аар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй ба нэхэмжлэгч нар хариуцагчийн эзгүйд шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэж өгөх талаар хүсэлт гаргасныг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгч нараас гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Н.Т, Ө.Б, А.Ө, Х.Р нарын ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдол нь Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч нарын 3 сарын цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгч Н.Ты улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21830 төгрөг, Ө.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21830 төгрөг, А.Өийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21830 төгрөг, Х.Ры улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21830 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч Н.Т, Ө.Б, Х.Р, А.Ө нарын Б аймгийн Б сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 47 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, 49 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, 54 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалууд, 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/07 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Б/08 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Б/09 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Б/10 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалуудыг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус сургуулийн галчийн ажилд эгүүлэн тогтоолгох, нэхэмжлэгч нарын тус бүрийн 3 сарын цалин 720000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Н.Т, Ө.Б, Х.Р, А.Ө нарын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Н.Ты улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21830 төгрөг, Ө.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21830 төгрөг, А.Өийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21830 төгрөг, Х.Ры улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21830 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН