Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Александрын Сарангэрэл |
Хэргийн индекс | 113/2024/0002/3 |
Дугаар | 221/МА2024/0747 |
Огноо | 2024-11-27 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 221/МА2024/0747
“ЭТД ӨЭМТ” ЗГБХН-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 19 дүгээр шийдвэрийг нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Оын гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Н.Долгорсүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Э.Лхагвасүрэн
Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Еликай
Нэхэмжлэгч: “Этд ӨЭМТ” ЗГБХНөхөрлөл
Хариуцагч: Говьсүмбэр аймаг дахь Төрийн аудитын газар
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.О /цахимаар/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, хариуцагч Б.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М,
Хэргийн индекс: 1***/2024/0002/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 19 дүгээр шийдвэрээр:
Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг, 6.3.1 дэх заалт, 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг, 4 дүгээр зүйлийн 4.1.39 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч ЭТД ӨЭМТийн гаргасан “Говьсүмбэр аймаг дахь Төрийн аудитын газрын 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн *** дугаартай “Татгалзсан дүгнэлт”-ийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2.Гомдлын агуулга:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Оын шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:
Шүүхийн шийдвэрээр Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1. 6.3.1, 8 дугаар зүйлийн 8.2. Төсвийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.1.39 дүгээр зүйлүүдийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн гаргасан "Говьсүмбэр аймаг дахь Төрийн аудитын газрын 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн *** дугаартай "Татгалзсан дүгнэлт"-ийг хүчингүй болгох" шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэрийг дараах байдлаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүхээс хэргийн оролцогчдын маргаж байгаа асуудлууд болон маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлд бүрэн дүүрэн дүгнэлт хийгээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүрэн гүйцэд үнэлээгүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй гэж үзэж байна.
2.1.Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн
Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг "Төрийн аудитын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасны дагуу аудит хийлгэх этгээдэд хамаарна", "нэхэмжлэгч нь төсвийн байгууллага мөн", "өрхийн эрүүл мэндийн төвийн захирагч нь төсвийн шууд захирагч мөн" гэж үзэж маргасан нь хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбар, маргаан бүхий актын үндэслэх хэсэгт Төрийн аудитын тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийг дурдсан зэргээр тогтоогдож байгаа бөгөөд эдгээрийг шүүхийн шийдвэрт няцаасан дүгнэлт хийсэн боловч ямар үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон талаараа дурдаагүй нь хууль бус гэж үзэж байна.
2.3.Төрийн аудитын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д "шалгагдагч этгээд" гэж төсвийн байгууллага, тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, төрийн чиг үүргийг хууль тогтоомж, гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан этгээд болон хуульд заасны дагуу төрийн аудит хийгдэх аливаа этгээдийг" ойлгохоор хуульчилсан бөгөөд мөн хуулийн 8 дугаар зүйлийн санхүүгийн тайлангийн аудит хийх үйл ажиллагааны төрлүүдийг хуульчилсан бөгөөд 8.2-т "Төрийн аудитын байгууллага төрийн чиг үүргийг хууль тогтоомж, гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан этгээдийн санхүүгийн тайланд аудит хийж болно" гэж заасан нь "төрийн чиг үүргийг хууль тогтоомж, гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан этгээд"-ийн санхүүгийн тайланд аудит хийх харилцаа нь тус хуулийн 8.1-д заасны дагуу санхүүгийн тайланд аудит хийх үйл ажиллагаанаас ялгаатай байхад адилтган үзэж татгалзсан дүгнэлтийн үндэслэлээ тайлбарлаж байгаа нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг өөрчилж, үйл ажиллагаагаа хэвийн явуулж чиг үүргээ гүйцэтгэх боломжгүй болж, санхүүжилтийн асуудлаас болж нийт иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ тасалдах, ингэснээр нөхөрлөлийн хэвийн үйл ажиллагаа алдагдахаас гадна, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ авдаг 10.000 иргэний эрх зөрчигдөх, цаашлаад улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаа болон тэднээс эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авдаг иргэдэд ч нөлөөлөх үр дагавартай шүүхээс үүнийг харгалзан үзээгүйд гомдолтой байна.
2.4.Маргаан бүхий актаар нэхэмжлэгчийн "Эм, эмнэлгийн хэрэгслийн тендер зарлаагүй 71,497.8 мянган төгрөгийн гэрээ байгуулан шууд худалдан авалт хийсэн гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд тус төв нь хувийн хэвшлийн байгууллага учир Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтын 4.1.1, 4.1.2, 4.1.3-т хамаарахгүй тул "Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн" дагуу худалдан авах үйл ажиллагааг гэрээгээр хийж үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 10-р зүйлд заасан тусламж үйлчилгээг худалдан авах гэрээг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай байгуулна" гэж заасны дагуу гүйцэтгэлээр санхүүждэг гэрээний гүйцэтгэлээ тухай бүр дүгнүүлж, санхүүжүүлэгч болох Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас ямар нэгэн зөрчилгүй болохыг баталгаажуулсан баримт хэрэгт авагдсан билээ. Иймд байхад манай байгууллагыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээд гэж үзэж байгаа нь үндэслэлгүй энэ талаар хэргийн оролцогчид маргасан байхад анхан шатны шүүхээс дээрх нөхцөл байдалд огт дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна.
2.5.Хавтаст хэрэгт авагдсан Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны А/10 дугаар тушаалаар батлагдсан 3.4 дэх хэсгийн зохицуулалтаас үзэхэд ч Төрийн аудитын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь заалтууд ялгаатай журамласан, хавтаст хэрэгт авагдсан 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ** дугаартай Монгол Улсын Ерөнхий аудиторын тушаалын хавсралтаар 2023-2024 онд санхүүгийн тайлангийн аудит хийх шалгагдагч байгууллагын тоо, аудит хийх хэлбэрийг баталсан. Энэхүү тушаалаас үзэхэд ч Төрийн аудитын хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь зохицуулалтууд ялгаатай болох нь тогтоогдож байхад шүүхээс огт дүгнэлт хийгээгүй нь хуульд нийцээгүй.
2.6.Хариуцагчийн зүгээс татгалзсан дүгнэлт гаргах үндэслэлдээ "аудит хийлгэхээс татгалзсан, шаардлагатай судалгааг гаргаж ирүүлээгүй, гаргаж өгөхөөс татгалзсан" гэж дурдсан нь үндэслэлгүй юм. Учир нь 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр "Пп" аудитын газартай гэрээ хийж Говьсүмбэр аймгийн Төрийн аудитын газрын Төрийн сан дансанд 1,728,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд "Пп" аудитын менежер Б.Дд санхүүгийн баримтаа хүлээлгэн өгсөн. Дахин санхүүгийн жил дууссаны дараа 2024 оны 1 сарын 19-нд "Пп" аудитын аудитор Г.Гд дахин санхүүгийн баримтаа хүлээлгэн өгсөн. Ингээд 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр "Пп" аудит нь манай санхүүгийн баримтыг хүлээлгэн өгсөн боловч манай байгууллагад акт тавина гэснийг хүлээн зөвшөөрөхгүй хуулийн үндэслэлгүй гэхэд дахиад 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Говьсүмбэр аймгийн Төрийн аудитын газарт манай байгууллагын санхүүгийн баримтыг татаж авч шалгалт хийчхээд санхүүгийн баримтаа өгөхөөс татгалзсан гэж үзэж татгалзсан дүгнэлт өгсөн нь хэрэг авагдсан баримтаар тогтоогдож байхад мөн л шүүхээс дээрх нөхцөл байдалд огт дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна.
2.7.Хариуцагчийн зүгээс манайд хяналт шалгалт, аудит хийхдээ тусгайлсан удирдамж, төлөвлөгөөг 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр баталсан гэх боловч уг төлөвлөгөөг батлахаас өмнө аудит хийгдэж эхэлсэн байсан уг төлөвлөгөөг нэхэмжлэгчид тухайлан танилцуулаагүй нь аудитад хамрагдагчийн эрхийг зөрчсөн байхад шүүхээс мөн дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна.
Иймд Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 115/ШШ2024/0019 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.
1.Нэхэмжлэгч “Этд” өрхийн эрүүл мэндийн төвөөс “Говьсүмбэр аймаг дахь Төрийн аудитын газрын 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн *** дугаартай “Татгалзсан дүгнэлт”-ийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Говьсүмбэр аймаг дахь Төрийн аудитын газарт холбогдуулан гаргасан.
2.Нэхэмжлэгчээс ““Этд” өрхийн эрүүл мэндийн төв нь төсөвт байгууллага биш хувийн хэвшлийн байгууллага, төвийн дарга нь төсвийн захирагч биш, тендерийн хуулийн үйлчлэлд хамаарахгүй, мөн аудитаа өөрөө сонгох эрхтэй учир төрийн аудитад хамрагдах үндэслэлгүй, хувийн аудитын байгууллагад өгсөн санхүүгийн баримтаа өгөөд зохих журмын дагуу шалгуулсан байхад татгалзсан дүгнэлт гаргаж байгаа нь үндэслэлгүй, хариуцагч нь хууль тогтоомжийг зөрчиж, өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар дүгнэлт гаргасан” гэж маргажээ.
3.Хариуцагч захиргааны байгууллагаас “нэхэмжлэгч нь нөхөрлөлийн хэлбэртэй үүсгэн байгуулагдсан хэдий ч 100 хувь орон нутгийн өмчийн хөрөнгийг эзэмшдэг, хувийн эзэмшлийн хөрөнгийн оролцоо байхгүй, орон нутгийн өмчийг ашиглалтын гэрээгээр бус орон нутгийн өмчийг эзэмшүүлэх гэрээгээр эзэмшдэг, орон нутгийн төсвөөс байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор тогтмол зардлын санхүүжилтийг олгож байгаа, орон нутгийн хөрөнгө оруулалт, орон нутгийн хөгжлийн сангаас тухайн байгууллагад шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийж байгаа нь Төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан гарсан хууль тогтоомж, журам зааврыг санхүүгийн үйл ажиллагаандаа мөрдөн ажиллах үүрэгтэй” гэх агуулгаар нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргаж байна.
4.Монгол Улсын Ерөнхий аудиторын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/** дугаар тушаалаар[1] нэхэмжлэгч “Этд” өрхийн эрүүл мэндийн төвийн 2023-2024 онд санхүүгийн тайлангийн аудит хийх ажлыг хэрэгжүүлж, гүйцэтгэлийн тайлан гаргаж ажиллах үүрэг болгосны дагуу Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.1, 8 дугаар зүйлийн 8.1, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9.1-д заасныг үндэслэн хариуцагчаас нэхэмжлэгчийн 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр санхүүгийн байдал, санхүүгийн үр дүн, цэвэр хөрөнгө, өмчийн өөрчлөлт, мөнгөний гүйлгээний тайлан, тодруулга, тайлангуудад аудит хийхээр ажилласан.
5.Улмаар нэхэмжлэгчээс санхүүгийн тайлан, тодруулга тайлангуудад дүгнэлт өгөөгүй, аудит хийлгэхээс татгалзсан тайлбар өгсөн, шаардлагатай судалгааг өгөхөөс татгалзсан тул нэхэмжлэгчийн 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөрх санхүүгийн тайлан, тодруулга тайлангуудад хариуцагчаас дүгнэлт өгөхөөс татгалзсан байна. Ийнхүү хариуцагч нь татгалзсан дүгнэлт өгөхдөө мөн нэхэмжлэгчийг Төсвийн тухай хууль, Төрийн хэмнэлтийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Нөхөрлөлийн тухай хуулийг тус тус зөрчсөн зөрчлүүдийг гаргасан, санхүүгийн тайлангийн аудитын тодруулга, нийцсэн бөгөөд зохистой байх батламж мэдэгдлүүдийг хангаагүй гэж дүгнэжээ.
6.Эрүүл мэндийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Өрхийн эрүүл мэндийн төв нь хот, суурин газрын хүн амд төрөөс үзүүлэх өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх үндсэн чиг үүрэг бүхий сайн дурын үндсэн дээр бүртгүүлсэн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага байна.” гэж заасны дагуу нэхэмжлэгч “Этд” өрхийн эрүүл мэндийн төв нь эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлэх үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий, Говь сүмбэр аймгийн Сүмбэр сумын 1-р багт байрладаг нөхөрлөл[2] гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
7.Эрүүл мэндийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилт нь улсын төсөв, эрүүл мэндийн даатгал, Засгийн газрын тусгай сан болон аж ахуйн нэгж, байгууллага, хамт олон, иргэний хандив, эрүүл мэндийн байгууллагын төлбөртэй тусламж, үйлчилгээ, бусад үйл ажиллагааны орлого, хууль тогтоомжоор хориглоогүй бусад эх үүсвэрээс бүрдэнэ.” гэжээ.
8.Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн үзүүлэх Эрүүл мэндийн тухай хуулийн 24.6-д заасан тусламж, үйлчилгээний зардлыг улсын төсвөөс дараах аргаар санхүүжүүлнэ:”, 17.2-т “Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн үзүүлэх Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9.1-д заасан тусламж, үйлчилгээний зардлыг тохиолдолд суурилсан төлбөрийн аргаар тооцож, эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлнэ.”, 17.3-д “Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв энэ хууль болон Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуульд зааснаас бусад тохиолдолд иргэнээс төлбөр авч тусламж, үйлчилгээ үзүүлэхийг хориглоно.” гэж заасан.
9.Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/212 дугаар тушаалаар баталсан “Өрхийн эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрэм”-ийн 4.1-д “Төвийн санхүүжилт нь улсын болон орон төсөв, эрүүл мэндийн даатгалын санхүүжилт, аж ахуйн нэгж, байгууллага хамт олон, иргэний хандив, хууль тогтоомжоор хориглоогүй бусад эх үүсвэрээс бүрдэнэ.” заажээ.
10.Нэхэмжлэгч өрхийн эмнэлгийн төвөөс Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргатай 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан ГС-05/*** дугаар “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ худалдан авах гэрээ”[3], Орон нутгийн өмчийн газрын даргаас нэхэмжлэгчтэй 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан 22 дугаар “Орон нутгийн өмчийг эзэмшүүлэх гэрээ”[4], Эрүүл мэндийн газрын дарга, Сүмбэр сумын Засаг дарга, нэхэмжлэгч нар 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хамтран байгуулсан “2023 онд хамтран ажиллах гэрээ”[5], 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр “Орон нутгийн өмчийг эзэмшүүлэх гэрээний 2022 оны биелэлтийг дүнг баталгаажуулах хуудас”[6], 2023 оны 08 дугаар сарын 01-ны өдөр ГС-05/***-499 дугаар “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ худалдан авах гэрээнд өөрчлөлт оруулах нэмэлт гэрээ”[7] зэрэг баримтууд хэрэгт авагджээ.
11.Эдгээр гэрээний агуулгаас үзэхэд нэхэмжлэгч өрхийн эмнэлгийн төв нь 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүртэлх буюу маргаан бүхий татгалзсан дүгнэлтэд хамаарах цаг хугацаанд орон нутгийн өмчид хамаарах өөрийн эзэмшлийн өмчийг эзэмших, хамгаалах, орон нутгийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө, мөн эрүүл мэндийн даатгалын сангаас тус тус санхүүжилт авахаар тохиролцсон гэдэг нь тогтоогдож байна.
12.Иймээс хариуцагч аудитын байгууллагаас нэхэмжлэгчийн 2023 оны бүтэн жилийн санхүүгийн байдалд аудит хийж, татгалзсан дүгнэлт гаргасан үйлдлийг Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д “Төрийн аудитын байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 6.3.1-д “шалгагдагч этгээдэд энэ хуулийн 11, 12 дугаар зүйлд заасны дагуу санхүүгийн тайлангийн, гүйцэтгэлийн болон нийцлийн аудит хийх”, 8.2-т “Төрийн аудитын байгууллага төрийн чиг үүргийг хууль тогтоомж, гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан этгээдийн санхүүгийн тайланд аудит хийж болно.”, Төсвийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т “Монгол Улсын нэгдсэн төсөв нь улсын төсөв, орон нутгийн төсөв, ..., Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвөөс бүрдэнэ.” гэж заасныг тус тус зөрчиж, өөрт хуулиар олгогдоогүй, чиг үүрэгт нь үл хамаарах үйл ажиллагааг хэрэгжүүлсэн бөгөөд уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгч нөхөрлөлийн эрх зүйн байдлыг өөрчилж, үйл ажиллагаагаа хэвийн явуулж чиг үүргээ гүйцэтгэх боломжгүй болж, нийт иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ тасалдах, ингэснээр нөхөрлөлийн хэвийн үйл ажиллагаа алдагдах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдсөн гэж шүүхээс үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
***.Тодруулбал, нэхэмжлэгч өрхийн эмнэлэг нь эрх зүйн байдлын хувьд нөхөрлөлийн хэлбэрээр зохион байгуулагдаж, үйл ажиллагаа явуулдаг боловч санхүүжилтийн хувьд орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжиж, орон нутгийн өмчийг эзэмшдэг тул түүний санхүүжилтийн үйл ажиллагааны хяналт, орон нутгийн төсвийн хөрөнгийг үр ашигтай, хэмнэлттэй зарцуулж буй байдалд орон нутгийн төсөвт хяналт тавих чиг үүрэг хуулиар хариуцагч Төрийн аудитын байгууллагад олгогдсон бөгөөд уг чиг үүргээ хэрэгжүүлснийг хууль зөрчсөн үйл ажиллагаа хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй юм.
14.Хэдийгээр маргаан бүхий татгалзсан дүгнэлтэд хариуцагчаас Төрийн аудитын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалтыг буюу хэрэглэх ёсгүй хуулийг баримталсан нь үндэслэлгүй боловч мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийн санхүүгийн тайланд аудит хийх бүрэн эрхтэй байна.
15.Үүний учир нэхэмжлэгчийн “санхүүгийн тайланд аудит хийх харилцаа нь тус хуулийн 8.1-д заасны дагуу санхүүгийн тайланд аудит хийх үйл ажиллагаанаас ялгаатай байхад адилтган үзэж татгалзсан дүгнэлтийн үндэслэлээ тайлбарлаж байгаа нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг өөрчилж, үйл ажиллагаагаа хэвийн явуулж чиг үүргээ гүйцэтгэх боломжгүй болж, санхүүжилтийн асуудлаас болж нийт иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ тасалдах, ингэснээр нөхөрлөлийн хэвийн үйл ажиллагаа алдагдахаас гадна, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ авдаг 10.000 иргэний эрх зөрчигдөх, цаашлаад улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаа болон тэднээс эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авдаг иргэдэд ч нөлөөлөх үр дагавартай” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
16.Эдгээр үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь шийдлийн хувьд үндэслэл бүхий байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 19 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ