Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 00153А

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж 

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг

Улсын яллагч Б.Жавхлантуяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд

Шүүгдэгч Ө.Бат-Очир нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Үхэр цагаан овогт Өлзийбадрахын Бат-Очирт холбогдох 201614000175 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

1.Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

1.1. Үхэр цагаан овогт Өлзийбадрахын Бат-Очир, Монгол Улсын иргэн, 1990 оны 02 сарын 16-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, эрэгтэй, 26 настай, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Хуучин тосгон 7-15а  тоотод оршин суух, урьд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 91 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, /РД:ФМ90021671/

 

2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар

 

2.1.Шүүгдэгч Ө.Бат-Очир нь давтан үйлдлээр 2016 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутагт бэлчээрээс иргэн Г.Цогиймаагийн улаан халзан бор нүдэн зүсний нас гүйцсэн үнээг хулгайлж 1 000 000 төгрөгийн хохирол учруулсан.

 

2.2. 2016 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан багийн нутагт бэлчээрээс иргэн Ж.Мөнхтөрийн эрээн нүүртэй гунжин үнээг хулгайлан 450 000 төгрөгийн хохирол учруулсан.

 

2.3. 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Говил багийн нутаг Дулааны станцын урд талын бэлчээрээс иргэн Г.Баярмаагийн чихэндээ шар өнгийн ээмэгтэй, эрээн нүүртэй улаан шаргалдуу зүстэй нас гүйцэж байгаа үнээг хулгайлан 600 000 төгрөгийн хохирол учруулсан.

 

2.4. 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн нутаг Дулааны цахилгаан станцын урд талын бэлчээрээс иргэн А.Баярхүүгийн зүүн чихэндээ шар өнгийн ээмэгтэй, шаргал халзан зүстэй, хээтэй дөнжин үнээг хулгайлан 600 000 төгрөгийн хохирол учруулсан.

 

2.5. 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг Дулааны станцын урд талын бэлчээрээс иргэн Х.Янжингийн хар халзан зүстэй, дөрвөн шийр цагаан, хязаалан эр үхрийг хулгайлан 1 000 000 төгрөгийн хохирол учруулсан.

 

2.6. 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн Хабитатын 132 тоотод оршин суух иргэн З.Оросоогийн байшингийн цонхоор нэвтэрч  дунд гарын мөнгөн аяга 4 ширхэг, ягаан өнгийн шүрэн шигтгээтэй ээмэг бөгжний мөнгөн хослол, улаан өнгийн чулуун шигтгээтэй ээмэг, бөгж, кулоны  мөнгөн хослол, мөнгөн бугуйвч нэг ширхэг, гоёлын шар өнгийн чулуун шигтгээтэй ээмэг 1 ширхэг, хэт хутга зэрэг эд зүйлсийг хулгайлан 1 980 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Г.Цогиймаагийн “2016 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 15 цагийн орчим миний нөхөр Наранбаатар хоёр үхрээ услаад хашаанаас гаргасан байсан.  Тэр өдрийн орой манай 2 үхэр ирээгүй. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Манай үхэр нас гүйцсэн байсан. Улаан халзан бор нүдэн зүстэй үхэр байсан бөгөөд өдийд л тугалах байсан” гэсэн мэдүүлэг./х/х-ийн 12-13-р хуудас/

2. Хохирогч Ш.Мөнхтөрийн “Би 2015 оны 11 дүгээр сард Нараа гэж хүнээс 250.000 төгрөгөөр гунжин үхэр худалдаж авсан. Энэ хавар тугалах гунж байсан. 2016 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Нараа над руу утсаар “танай гунж, манай ганц саалийн үнээ алга болчихлоо” гэж хэлсэн. Үхрээ хайж яваад Авлий гэж хүнээс үхрээ асуухад арын хашаанд хоёр үхэр байсан гэсэн. Арын хашааны эзэн болох Баянмөнхөөс асуухад намайг байхгүй байхад манай хүүхдүүдэд худлаа хэлээд манай нэг найз хоёр үхэр хашиж байгаад аваад явсан байна” гэсэн. Ингээд цагдаагийн байгууллагад хандсан” гэсэн мэдүүлэг. /х/х-ийн 15-р хуудас/

3. Хохирогч Г.Баярмаагийн “2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр үхрээ 10 цаг өнгөрч байхад бэлчээрт гаргасан. Орой үхэр ирэхэд 1 үхэр дутуу байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан юм.  Манай хулгайд алдсан үхэр нас гүйцэж байгаа эрээн нүүртэй, улаан шаргалдуу зүстэй үнээ байсан” гэсэн мэдүүлэг /х/х-ийн 17-р хуудас/

 4. Хохирогч А.Баярхүүгийн “2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр би өөрөө ажилтай байсан болохоор хамт ажилладаг Хүрэлчулуунд үхрээ захиж үлдээсэн. Орой нь Хүрэлчулуун над руу утсаар яриад долоон үхэр бэлчээрт гарсан чинь нэг нь алга болсон байна гэсэн. Би өөрөө ажилтай гэр бүлийн хүн маань байхгүй байсан болохоор тэр өдөртөө хайж чадаагүй. Шаргал халзан зүстэй, хээлтэй 2016 оны 05 дугаар сарын сүүлээр тугалах дөнжин үнээ алга болсон. Зүүн талын чихэндээ шар өнгийн ээмэгтэй байсан” гэсэн мэдүүлэг. /х/х-ийн 19-р хуудас/

5. Гэрч Ч.Бадарчийн “2016 оны 03 дугаар сарын 28-ны орой таксинд яваад гэр хорооллын эцсийн буудлаас Жаст-Ойл шатахуун түгээх станц руу явах замд явж байсан чинь гурван залуу гар өргөөд суусан. Машинд суугаад тэр 3 үхэр зарах талаар яриад байсан. Тэгэхээр нь би үхэр зарна гээд яриад байсан залуугаас танай үхэр хаана байгаа юм үзэж харж болох уу манай хүргэн үхэр авах юм гэхэд тэр хүнтэй чинь уулзаж болох юм гэсэн. Би тэднийг аваад хүргэн Бөхболотын гэрт очиход Бөхболот үхэр зарна гэсэн залуутай ярилцаад үхрийг нь үзэж харах болоод хамт явсан. Манай хүргэн Бөхболот нөгөө үхрийг нь үзээд үнэ мөнгөө тохироод авахаар болсон. Гэхдээ маргааш өдөр наймаа хийнэ чи гарал үүслийн бичгийг нь бэлдээд байж байгаарай гэсэн. Маргааш нь 10 цаг өнгөрч байхад манай базууд нөгөө үхрийг үзээд авахаар болоод байж байтал тэр хашааны эзэн гэх хоёр залуу гарч ирээд наад 2 үхрийг чинь би худалдаж авсан шүү гэхэд үхэр зарах гэж байсан залуу дуугүй болоод их сонин болсон. Тэгснээ нөгөө үхэр зарах гэж байсан залуу за за би та нарт өөр үхэр зарья, манай үхэр тосгонд байгаа гээд манай базууд тийшээ явахаар болсон. Би өөрөө ажилтай болохоор салаад явсан” гэсэн мэдүүлэг /х/х-ийн 20-21-р хуудас/

6. Иргэний нэхэмжлэгч К.Бөхболотын “2016 оны 03 дугаар сарын 28-ны орой гэртээ байхад манай хадам аав 23 цаг өнгөрч байхад утсаар яриад малаа авсан уу энд хямд үнэтэй үхэр зарна гэж байна гэсэн. Тэгэхээр нь би ямар үхэр байгаа юм бол гэхэд одоо тугалах үхэр бяруутайгаа байгаа гэнэ гэсэн. Тэгээд үзэхээр болоод шандын хажуу талд Шанд баг руу явдаг засмал замын яг хойд талд урт төмөр хашаатай айлд очсон. Тэгээд би тэр залууд гарал үүслийн гэрчилгээг авч өг маргааш больё гэсэн. Маргааш нь манай аав ээж хоёр үзэхээр болсон. Хэсэг хугацааны дараа ээжтэй утсаар ярихад бид хоёр үзэж харлаа авахаар боллоо гэсэн. Хэсэг хугацааны дараа ээж утсаар яриад нөгөө үхрийг чинь авах гэсэн чинь өөр хүн авчихсан гээд байна гэсэн. Би тэр залуутай ярихад би энэ айлд хэдэн төгрөгийн  өртэй байсан юм өрөндөө үхрийг авна гээд байна. Би хөдөөнөөс 6 үхэр ачиж ирсэн. Одоо тосгонд өөр хоёр үхэр байгаа тэрийг авчих гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг. /х/х-ийн 22-23-р хуудас/

 

7. Гэрч Д.Казакбэкийн “Манай хүүгийн хадам аав  нь хорооллын эцсээс нэг цэнхэр өнгийн портер машин аваад нөгөө гурван залуутай хамт үхэр байгаа газар очиж үхрээ харж үзэж байтал 2 залуу ирээд наад үхрийг чинь би авсан та нар хашаанаас гар гэсэн. Тэгтэл нөгөө залуу тосгонд манай 6 тооны үхэр байгаа тэндээс хоёрыг нь ав гэсэн. Би хоёр үхрийн мөнгө болох 400 000 төгрөгийг тоолж өгсөн” гэсэн мэдүүлэг. /х/х-ийн 24-25-р хуудас/

8. Гэрч С.Баршагүлийн “Бид нарыг очиход жижиг ягаан өнгийн машинтай 3 залуу байсан. Бид нар хашаанд орж 2 үхэр үзсэн. Үхрээ үзээд авахаар болж байтал гаднаас хоёр эрэгтэй хүн орж ирээд би наад үхрийг чинь худалдаж авсан та нар хашаанаас гар гэсэн. Тэгтэл үхэр зарах гэж байсан залуу их сонин болсоноо би хөдөөнөөс 8 үхэр оруулж ирсэн юм. Тосгонд байгаа тэндээс 2 үхэр авчих гэсэн. Үхэр зарсан залуу манай ээжийн бие Улаанбаатар хотод тааруухан байгаа. Манай өөрийн үхэр байгаа юм. Мөнгөний хэрэг гараад үхрээ зарж байгаа юм гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг. /х/х-ийн 26-р хуудас/

9. Гэрч С.Анх-Эрдэний “Тэр машиныг ирсэн чинь Зоригоо тосгон явна гэсэн. Тэгэхээр нь яах гэж байгаа юм бэ гэсэн чинь хоёр үхэр ачих гэж байгаа юм гэсэн. Зоригоо тэр хашаанд ороод хоёр үхрийг барьж авсан. Тэгээд ачааны машинд ачаад Зоригоогийн гэр лүү буцаад явсан. Зоригоог хашаанд нь буулгаад бид хоёр явахаар болоход Бат-Очир би хамт явж болох уу манайх хол гэсэн тэгээд бид гурав таксинд суугаад Батукагийн гэр лүү явсан. Бат-Очир нөгөө таксины ахаас үхэр худалдаж авах хүн байна уу гээд байсан.

Таксины жолооч ах манай хүүхэд мал авна гэсэн гээд уулзуулах гээд эргээд Зоригоогийн гэрт ирж үхэр үзүүлсэн. Ер нь Бат-Очир энэ 4 үхрийг зарж байхдаа би өөрийнхөө үхэрнүүдийг хөдөөнөөс тууж ирсэн юм. Мөнгөний хэрэг болоод малаа зарж байгаа гэсэн. Казак өвөө, эмээ хоёрт хэлэхдээ манай үхэр тосгоны урд бэлчээрлэж байгаа тэндээс очоод авчих гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг. /х/х/-ийн 27-28-р хуудас/

10. Гэрч А.Хүрэл-Эрдэний “Бат-Очир дээр яваад очсон чинь би яаралтай Улаанбаатар явах хэрэгтэй байна. Ээжийн бие тааруу байна. Нэг үхэр зарах гэсэн юм гэсэн. Амраа бид 2 таксинд сууж байсан бөгөөд дулааны цахилгаан станцаас хойшоо дэнж рүү яваад цэнхэр өнгийн хаалгатай хашаанд Бат-Очир, Чинзориг хоёр орж үхрээ үзээд үхрийн наймаа хийхээр болсон бөгөөд үхэр ачих машин олно гэж байсан. Чинзориг нэг хүнтэй уулзаад үхэр ачих машин олсон. Тэгээд бүгдээрээ хоёр машинтай тосгон руу яваад хоёр үхрээ ачиж ирээд Чинзоригийн хадам аавынх нь хашаанд буулгасан” гэсэн мэдүүлэг. /х/х/-ийн 29-30-р хуудас/

11. Гэрч Ц.Чинзоригийн “2016 оны 03 дугаар сарын 28-ны орой  Хүрэл-Эрдэнэ бид хоёр бааранд сууж байхад энэ үхэр зарсан залуу нэг залуугийн хамт орж ирээд Хүрэл-Эрдэнэтэй танимхайраад юм яриад байсан. Тэр залуу яаралтай мөнгөний хэрэг байна. Үхэр авах хүн байна уу гэсэн. Би үзье гэсэн. Тосгонд хойшоо харсан хаалгатай хашаанд 2 үхэр үзсэн.  Маргааш нь би 140 000 төгрөг өгч үлдсэнийг нь үдээс хойш өгье гэсэн. Тэгээд гадуур мөнгө хайгаад явж байсан чинь хадам ээж залгаад чамд үхэр зарсан залуу чинь баахан хүн дагуулж ирээд зарах гээд байна чи мөнгө өгсөн юм уу гэсэн. Би үхэр зарсан залууд чи яагаад байгаа юм гэсэн. Үхэр үзэж байсан өвөө, эмээ нарт ч хэлсэн” гэсэн  мэдүүлэг. /х/х/-ийн 31-32-р хуудас/

12. Гэрч Б.Батзоригийн “Анхаа бид хоёр пирамидын гадна явж байхад Хүрлээ гэж залуу хоёр залуугийн хамт явж байсан. Бид юм ярьж байгаад тэд нар тосгон явж үхэр авна. Үхэр ачих гэж байгаа гэхээр нь туслахаар болж хамт явсан. Үхэр зарсан залуу  манай гэр тосгонд байдаг ойрхон танай гэрт хоноод явья гэхээр нь аваад явсан. Тэр залуу замдаа таксины жолоочтой үхэр зарах талаар яриад байсан. Үхэр зарсан залуу хамт яваад өгөөч энэ таксины жолооч ахын хүүхэд үхэр авна гэнэ үзүүлэх хэрэг байна гээд дагуулаад явсан. Түүнээс хойш нэлээд удаж байж тэр хоёр манайд ирж хоносон” гэсэн мэдүүлэг. /х/х/-ийн 33-34-р хуудас/

13. Гэрч Б.Баянмөнхийн “Надад энэ хэргийн талаар мэдэх зүйл байхгүй. Би гадуур ажилтай явж байгаад орой ирэхэд манай хүүхдүүдэд танай аавд чинь хэлчихсэн. Манай үхэр байгаа юм. Ах нь танай хашаанд хийчихээд маргааш авья гэж хэлээд хоёр үхрийг манай хашаанд хашаад явсан байсан. Тэгэхээр нь би Бат-Очир луу залгаад чи юун үхэр манай хашаанд хашаад байгаа юм гэхэд манай үхэр байгаа юм би удахгүй авлаа гэж байсан” гэсэн мэдүүлэг. /х/х/-ийн 35-р хуудас/

14. Гэрч Д.Оюунчимэгийн “Би 6-1-04 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэ хутагт” нөхөрлөлд малын эмчээр ажилладаг.  Надад үлдэх хувийг шүүж үзэхэд 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Ариунболд гэж хүн 0016704 тоот мал амьтаны гарал үүслийн гэрчилгээг бичиж аваад явсан байсан” гэсэн мэдүүлэг. /х/х/-ийн 37-р хуудас/

15. Гэрч С.Хүрэлхүүгийн “2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр надтай хамт ажилладаг Баярхүү гэж хүн үхэр бэлчээрт гаргаад өгөөрэй гэсэн. Тэр өдөр Баярхүүгийн 7 тооны үхрийг  бэлчээрт гаргасан бөгөөд орой нь 6 тооны үхэр ирсэн” гэсэн мэдүүлэг. /х/х/-ийн 38-р хуудас/

16. Гэрч М.Отгончулууны “намайг малчныхаа хоолыг өгөөд сууж байсан чинь станцын урд талд байх голын эрэг дээр байсан үхэрнүүд дээр цэнхэр өнгийн портер машин, гэрээт харуулын машин мөн нэг ягаан өнгийн суудлын машин зогсож байсан. Тэд голын эрэг дээр байсан үхрийг бөөгнүүлж хоёр үхэр барьж авсан. Тэгэхээр нь би тэр хүмүүс рүү ойртож юун хүмүүс вэ гэхэд нэг бор залуу зүгээрээ би өөрийнхөө малыг зарж байна” гэсэн мэдүүлэг. /х/х/-ийн 39-р хуудас/

17. Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /х/х/-ийн 47-75-р хуудас/

18. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /х/х/-ийн 95-98-р хуудас/

19. Хохирогч З.Оросоогийн “Би 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өглөө ажилдаа явсан бөгөөд үдээс хойш 16 цаг өнгөрч байхад манай хүүхэд Батманлай над руу утсаар яриад танай гэрт хулгай орсон байна гэсэн. Гэртээ орсон чинь том өрөөний сервантны дотор байсан дөрвөн ширхэг дунд гарын мөнгөн аяга, ягаан өнгийн шүрэн шигтгээтэй ээмэг, бөгжний мөнгөн хослол, ногоон чулуун шигтгээтэй ээмэг бөгжний мөнгөн хослол, улаан өнгийн чулуун шигтгээтэй ээмэг, бөгж, кулоны мөнгөн хослол, мөнгөн бугуйвч 1 ширхэг, шар өнгийн чулуун шигтгээтэй ээмэг, хэт хутга зэрэг эд зүйл алдагдсан” гэсэн мэдүүлэг. /х/х/-ийн 118-119-р хуудас/

20. Гэрч Р.Батманлайгийн “2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр би аавын гэрт очсон. Манай аавын байшингийн урд талын цонхны хамгаалалт төмрийг нааш нь суга татаад цонхыг нь хагалж хүн орсон байдалтай байсан” гэсэн мэдүүлэг. /х/х/-ийн 120-р хуудас/

21. Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /х/х/-ийн 121-126-р хуудас/

22. Криминалистикийн шинжээчийн дүгнэлт “Шинжилгээнд тэнцсэн 4, 6 гэж дугаарласан гарын мөрүүд санд МЫ003010010765 дугаараар бүртгэгдсэн Ө.Бат-Очирын баруун гарын алга болон зүүн гарын ядам хурууны хээний дардастай папилляр шугамын эхлэл, салаалалт, төгсгөл, нийлэлт зэрэг шинж тэмдгүүдээрээ тохирч байна” гэсэн дүгнэлт. /х/х/-ийн 129-134-р хуудас/

23. Хохирогч Х.Янжингийн “2016 оны 03 дугаар сарын 21-ний өглөө үхрээ аймгийн дулааны станц руу чигтэй туусан. Тэгээд би 11 цагийн үед үхрээ хайгаад олоогүй. Үхрээ дурандаж байсан чинь  хоёр бяруу нь цагдаагийн газрын урд талын барилгын хашаанаас гарч ирж байсан. Тэгэхээр нь үхэр дээрээ яваад очсон чинь манай 12 үхрийн  1 болох эр үхэр алга байсан” гэсэн мэдүүлэг. /х/х/-ийн 147-148-р хуудас/

24.  Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /х/х/-ийн 149-154-р хуудас/

25. Хохирогч З.Оросоо, Г.Баярмаа, Ш.Мөнхтөр, Х.Янжин, Г.Цогиймаа, иргэний нэхэмжлэгч К.Бөхболот нарын шүүгдэгчээс хохирол төлбөрөө барагдуулж авсан одоо гомдол саналгүй гэсэн хүсэлтүүд /х/х/-ийн 211, 224-229/

         26. Шүүгдэгч Ө.Бат-Очирын “мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг болон урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа, шинжээчийн дүгнэлт, хохирогч гэрч нарын мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үнэлэх боломжтой гэж үзэв.

            Хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “хохирлоо төлүүлж авсан, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ө.Бат-Очир нь давтан үйлдлээр 2016 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутагт бэлчээрээс иргэн Г.Цогиймаагийн улаан халзан бор нүдэн зүсний нас гүйцсэн үнээг хулгайлж 1 000 000 төгрөгийн хохирол учруулсан, 2016 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан багийн нутагт бэлчээрээс иргэн Ж.Мөнхтөрийн эрээн нүүртэй гунжин үнээг хулгайлан 450 000 төгрөгийн хохирол учруулсан, 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Говил багийн нутаг Дулааны станцын урд талын бэлчээрээс иргэн Г.Баярмаагийн чихэндээ шар өнгийн ээмэгтэй, эрээн нүүртэй улаан шаргалдуу зүстэй нас гүйцэж байгаа үнээг хулгайлан 600 000 төгрөгийн хохирол учруулсан, 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн нутаг Дулааны цахилгаан станцын урд талын бэлчээрээс иргэн А.Баярхүүгийн зүүн чихэндээ шар өнгийн ээмэгтэй, шаргал халзан зүстэй, хээлтэй дөнжин үнээг хулгайлан 600 000 төгрөгийн хохирол учруулсан, 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг Дулааны станцын урд талын бэлчээрээс иргэн Х.Янжингийн хар халзан зүстэй, дөрвөн шийр цагаан, хязаалан эр үхрийг хулгайлан 1 000 000 төгрөгийн хохирол учруулсан, 2016 оны 04 дүгээр саын 08-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн Хабитатын 132 тоотод оршин суух иргэн З.Оросоогийн байшингийн цонхоор нэвтэрч дунд гарын мөнгөн аяга 4 ширхэг, ягаан өнгийн шүрэн шигтгээтэй ээмэг бөгжний мөнгөн хослол, улаан өнгийн чулуун шигтгээтэй ээмэг, бөгж, кулоны  мөнгөн хослол, мөнгөн бугуйвч нэг ширхэг, гоёлын шар өнгийн чулуун шигтгээтэй ээмэг 1 ширхэг, хэт хутга зэрэг эд зүйлсийг хулгайлан 1 980 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдсон гэж үзлээ.

Орхон аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

Шүүгдэгч Ө.Бат-Очирт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг давтан үйлдсэнийг хүндрүүлэн үзлээ.

 Хохирогч нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

            Шүүгдэгч Ө.Бат-Очир нь Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 91 дугаар шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар  2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн байх бөгөөд уг ял шийтгүүлэхийн өмнө буюу 2016 оны 03 дугаар сарын 27-ноос 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байх тул түүнд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлд заасныг журамлан ял оногдуулах  үндэстэй байна.

       Шүүгдэгч Ө.Бат-Очирын цагдан хоригдсон 363 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.                                                           

         Эд мөрийн баримтаар мал амьтаны гарал үүслийн гэрчилгээ 1 ширхэг хураагдан ирсэн бөгөөд түүнийг хавтаст хэрэгт дугаарлан хавсаргасан байна. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 290, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1. Шүүгдэгч Үхэр цагаан овогт Өлзийбадрахын Бат-Очирыг давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар шүүгдэгч Ө.Бат-Очирыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3-д зааснаар шүүгдэгч Ө.Бат-Очирт энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр 2016 оны 5 сарын 06-ны өдрийн 91 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялаас заримыг буюу 6 сарын хорих ялыг нэмж нэгэтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоосугай.

    4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ө.Бат-Очирт оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

    5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Ө.Бат-Очирын цагдан хоригдсон 363 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүйг  дурьдсугай.

   7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн мал, амьтаны гарал үүслийн бичгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Бат-Очирт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ.