Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 166

 

Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген би,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 5 дугаар багт оршин суух, Ш овогт Жы Е,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 5 дугаар багт оршин суух, С овогт Хйн А нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 5 дугаар багт оршин суух, Х овогт Зы К,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 5 дугаар багт оршин суух, Х овогт Кы Е,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 5 дугаар багт оршин суух, Ш овогт Кн Ш нарт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Еркегүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүргийн гүйцэтгэл 11310000 төгрөг, алданги 5655000 төгрөг, нийт 16965000 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэгч Ж.Е, Х.А нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б аймгийн Ө сумын 5 дугаар багт оршин суух Жы Е, Хазын А бид өөрсдийн өмчлөлийн байраа З.К, К.Ш, К.Е нарт 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр худалдсан юм. Энэхүү худалдах худалдан авах гэрээний төлбөрийн заримыг бэлнээр заримыг дараа төлөхөөр харилцан тохиролцож төлбөр барагдуулах гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлж байсан юм. Худалдан авагч нар гэрээний төлбөрийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл бүрэн төлж барагдуулах ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл 11310000 төгрөгийг дутуу төлсөн юм. Худалдан авагч нар зээлийн төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүйгээс болж миний бие арилжааны банкнаас авсан өндөр хүүтэй бизнесийн зээлийг хугацаандаа төлж чадалгүй их хэмжээгээр хохирч байна. Тэдэнтэй байгуулсан гэрээнд алданги тогтоосон ба энэхүү төлбөрийн үлдэгдэл болох 11310000 төгрөгийг алдангийн хамт худалдан авагч нараас шаардаж байна. Гэрээнд зааснаар алданги бодвол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас буюу хуульд зөвшөөрсөн хэмжээнээс илүү гарч байгаа учраас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар бодож нэхэмжилсэн болно. Иймд З.К, К.Ш, К.Е нараас үлдэгдэл төлбөр болох 11310000 /арван нэгэн сая гурван зуун арван мянга/ төгрөг, алданги 5655000 /таван сая зургаан зуун тавин таван мянга/ төгрөг нийтдээ 16965000 /арван зургаан сая есөн зуун жаран таван мянга/ төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд талууд орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулж байсан. Гэрээний дагуу төлбөрийг урьдчилж, эд хөрөнгө авсан үед 13000000 төгрөгийг төлж байсан. Үлдэгдэл 27000000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр буюу 2018 он хүртэл төлж өгөхөөр тохиролцож бичгээр гэрээ байгуулж нотариатаар батлуулж байсан. 2018 он хүртэл сар бүр хэсэгчлэн төлж ирсэн. Гэхдээ үлдэгдэл 11310000 төгрөгийг өнөөдрийн хүртэл төлөөгүй байгаа учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. 11310000 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлж дуусгаагүй одоо 1 жил 3 сар 13 хоног өнгөрүүлсний төлөө гэрээнд заасны дагуу талууд өдрийн 0.5 хувь алданги төлнө гэж гэрээнд заасны дагуу нэхэмжлэл гаргасан. Үлдэгдэл 11310000 төгрөгийн алдангийг 0.5 хувиар бодож тооцоо гаргавал гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрч байсан учраас Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д заасан зарчмыг баримталж нийт төлөгдөөгүй үнийн дүнгийн 50 хувийн алдангийг тооцож нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч З.К, К.Ш нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие З овогтой К Ж.Еээс байр худалдаж авсан нь үнэн болно. Уг байрны үнийг гэрээний дагуу төлж байсан боловч сүүлийн хэдэн сарыг ар гэрэийн асуудлаас болж хугацаандаа төлж чадаагүй. Өнөөдрийн байдлаар 40 сая төгрөгөөс 30850000 төгрөг төлсөн болно. Е бид хоёр амаар тохиролцож 2 жилээр хугацааг нь сунгасан байсан. Бид хоёрын тохиролцсон хугацаа дуусаагүй. Хугацаанд нь багтаагаад төлж өгөх болно гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ж.Е, Х.А нар нь хариуцагч З.К, К.Ш, К.Е нараас гэрээний үүргийн гүйцэтгэл болох 11310000 төгрөг, алданги 5655000 төгрөг, нийт 16965000  төгрөг гаргуулахыг хүсжээ. 

Хариуцагч К.Ед 2019 оны 02 дугаар сарын 01-ны өдөр нэхэмжлэлийн нэг хувийг гардуулж, хуулинд заасан эрх, үүргийн танилцуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж байгаа үндэслэлээ өөрөө нотолж, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргийг хүлээсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т дугаар зүйлд зааснаар  хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагч З.К, К.Ш нар нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа “... Миний бие ... Еээс байр худалдаж авсан нь үнэн болно. Уг байрны үнийг гэрээний дагуу төлж байсан боловч сүүлийн хэдэн сарыг ар гэрийн асуудлаас болж хугацаандаа төлж чадаагүй. Өнөөдрийн байдлаар 40 сая төгрөгөөс 30850000 төгрөг төлсөн болно. Е бид хоёр амаар тохиролцож жилээр хугацааг нь сунгасан байсан. Бид хоёрын тохиролцсон хугацаа дуусаагүй, хугацаанд нь багтаагаад төлж өгөх болно” гэж 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хариу тайлбар ирүүлсэн боловч нэхэмжлэгч Ж.Етэй харилцан тохиролцож, төлбөр төлөх хугацааг сунгасан талаар шүүхэд нотлох баримт гаргаж өгч чадаагүй учир нэхэмжлэгч хариуцагч нар харилцан тохиролцож, төлбөр төлөх хугацааг сунгасан байна гэж үзэх боломжгүй байна.

Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан төлбөр төлөгч З овогтой К, К овогтой Ш, К овогтой Е, төлбөр авагч Жы Е, Хазын А нар нь харилцан тохиролцож, 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр “Төлбөр барагдуулах гэрээ”-г байгуулж, Б, Ө сумын 5-р багт орших “Нурданеска-2” 22 айлын орон сууцны 1-р орц 2-р давхар 09 тоотод орших 42 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны үнэ 40000000 /дөчин сая/ төгрөгөөр худалдан авч, 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал төлбөрөө төлж дуусгахаар болж, 13000000 /арван гурван сая/ төгрөгийг 2015 оны 5 дугаар сард төлж, үлдэгдэл 27000000 /хорин долоон сая/ төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал төлнө. Энэ төлбөрийг сар бүрийн 30-ны өдөр Голомт банк дахь төлбөр авагчийн 5805005555 тоот дансанд энэ гэрээний хавсралтад тусгасан хуваарийн дагуу хийж байх, төлбөр дууссаны  дараа орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг төлбөр төлөгч талын нэр дээр шилжүүлж өгөхөөр тохиролцож, төлбөр төлөгч төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож төлбөр авагчид алданги төлнө гэж  харилцан тохиролцож, талууд гарын үсэг зурж баталгаажуулснаар гэрээ хүчин төгөлдөр болсон байна.

Хэргийн зохигчид орон сууц худалдан авсан талаар маргаагүй ба хариуцагч З.К нь “... өнөөдрийн байдлаар 40 сая төгрөгөөс 30850000 төгрөг төлсөн ...” гэж тайлбар ирүүлсэн ба орон сууцны үлдэгдэл үнээс хэдэн төгрөг төлж барагдуулсан талаар нотлох баримт гаргаж өгөөгүй учир хариуцагч нар орон сууцны үлдэгдэл төлбөрөөс хэдэн төгрөг төлж, хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй байгаа талаар дүгнэлт хийх боломжгүй байна.

Нэхэмжлэгч Ж.Е, Х.А нар нь орон сууцны худалдаж авсан  төлбөрийн үлдэгдэл үнэ 11310000 төгрөгийг хариуцагч З.К, К.Ш, К.Е нар нь хугацаандаа төлөөгүйн улмаас гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн хоног тутамд үнийн дүнгийн 0,5%-тай тэнцэх алданги төлбөр төлөгч нар төлнө гэж гэрээгээр хоёр тал харилцан тохиролцсон байх тул зохих алдангийн хэмжээ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар гүйцэтгэгдээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 % хувиас хэтрэхгүй байна гэсний дагуу нэхэмжлэгч Ж.Е, Х.А нар нь хариуцагч З.К, К.Ш, К.Е нараас алданги 5655000 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “... Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж зааснаар алдангийн хэмжээг хариуцагч Ш.К, К.Ш, К.Е нарын гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 11310000 төгрөгийн 50 хувь болох 5655000 төгрөгөөр тооцсон нь дээрх хуулийн заалтад нийцэж байна гэж  үзлээ.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заажээ.

Талууд гэрээндээ алданги тооцохоор хүсэл зоригоо илэрхийлэн, харилцан тохиролцож 2015 оны 09 дугаар сарын 08-ны өдөр төлбөр барагдуулах гэрээг байгуулсан байна.

Нэхэмжлэгч Ж.Е, Х.А нар нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хувьд өөрт учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж үзлээ.

Иймд хариуцагч Ш.К, К.Ш, К.Е нараас төлбөр барагдуулах гэрээний зээлийн үлдэгдэл 11310000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 5655000 төгрөг нийт 16965000 төгрөгийг гаргуулан Ж.Е, Х.А нарт олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ж.Е, Х.А нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242775 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлэхээр заасны дагуу хариуцагч З. К, К.Ш, К.Е нараас 242775 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Е, Х.А нарт олгох нь зүйтэй байна. 

Хариуцагч З.К, К.Ш, К.Е нарт шүүх хуралдааны товыг шүүхээс 2019 оны 03 дугаар сарын 06-ний өдөр /баримт №9/ мэдэгдэхэд шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар гаргасан хүсэлт болон бусад нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг тус тус баримтлан З.К, К.Ш, К.Е нараас гэрээний үүргийн гүйцэтгэл болох 11310000 төгрөг, алданги 5655000 төгрөг, бүгд 16965000 /арван зургаан сая есөн зуун жаран таван мянган/ төгрөг гаргуулан Ж.Е, Х.А нарт олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Е, Х.А нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242775 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.К, К.Ш, К.Е нараас 242775 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Е, Х.А нарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             К.БҮЛДИРГЕН