Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/11

 

 

 

 

 

 

 

 

 2022           12            27                                    2023/ШЦТ/11

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж, Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу, шүүгч Г.Золбоо нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн хөтлөн,

            Улсын яллагч Т.Баянмөнх,

            Шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Б.Оюунгэрэл /ҮД:0086/,

            Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***,

            Иргэдийн төлөөлөгч *** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** овогт ***ын ***т холбогдох эрүүгийн 2205000002216 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 02-ны хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, *** оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа амьдардаг, *** дүүргийн *** дугаар хорооны *** тоотод оршин суух бүртгэлтэй боловч *** дүүргийн *** дүгээр хорооны *** тоотод түр оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

Дундговь аймгийн Сум дундын шүүхийн 1995 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 198 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1996 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр өршөөлд хамрагдаж суллагдсан,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2000 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 116 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2000 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 425 дугаартай шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай,

*** овогт ***ын ***, /РД:***/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

*** нь “2022 оны 10 дугаар сарын 09-ний өглөөний 06 цагийн үед *** дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *** тоот хашаанд байдаг эсгий гэр дотор согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч ***ыг байнгын шинжтэй бие махбод, сэтгэл санааны дарамтад оруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, улмаар “машины түлхүүр өгөөгүй” гэх шалтгаанаар ***ын хоолойг нарийн олсоор боомилж, түүнийг амьсгал механик дутагдалд оруулж алсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар                 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч *** нь “2022 оны 10 дугаар сарын 09-ний өглөөний 06 цагийн үед *** дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *** тоот хашаанд байдаг эсгий гэр дотор согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч ***ыг байнгын шинжтэй бие махбод, сэтгэл санааны дарамтад оруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, улмаар “машины түлхүүр өгөөгүй” гэх шалтгаанаар ***ын хоолойг нарийн олсоор боомилж, түүнийг амьсгалын механик дутагдалд оруулж алсан” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтас хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгийг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ын өгсөн “…Тухайн үед 2022 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл найзуудтайгаа болон ганцаараа архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. “Одоо амьдралаа бодоод архи уухаа болъё” гэж бодоод 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс уухаа больсон. Тэр өдрөөс хойш нойр хүрэхгүй, унтаж чадахгүй, чихэнд элдвийн зүйл сонсогдоод байсан. 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр талийгаач над руу яриад манайд ирж, орой 18 цагийн үед явсан. Би талийгаачийг автобусны буудал хүргэж өгчхөөд буцаад гэр рүүгээ алхаад явж байтал чихэнд элдвийн зүйл сонсогдоод байхаар нь дэлгүүр орж 100 граммын архинаас 3 ширхгийг авсан. Согтоод ч хамаагүй жаахан унтчих юм сан гэж бодсон. Гэрийн хананы цагны цохилтод цочоод яагаад ч унтаж чадахааргүй байсан. Тэгэхээр нь гадаа гараад алхахаар шийдээд 22 цагийн үед гэрээсээ гарсан. Тэгж явтал “Танай ээж, дүү, төрсөн охиныг мөн чамайг дээд тэнгэрээс авах тушаал ирсэн байна. Хоногийн тоо чинь ойртсон байна. Чамайг өнөө шөнө авахаар ирнэ” гэх утгатай, учир нь олдохгүй олон зүйлс надад сонсогдоод байсан. Нэг мэдэхэд маргааш өглөө болсон байсан ба цаг харахад 7 цаг болж байсан. Тэр үед талийгаач над дээр пиво барьсан орж ирсэн. Би түүнд “Би явмаар байна, машины түлхүүр хаана байна” гэж хэлснээ санадаг. Би дотор нь үлдээсэн байж магадгүй гэж бодоод машины жижиг цонхийг хагалтал дотор нь байгаагүй. Би ээж рүүгээ явъя гэж бодоод чемодантай хувцсаа аваад гарснаа санаж байгаа ч өглөө нь үү, орой нь уу гэдгийг санахгүй байна. Би машины түлхүүр өгсөнгүй гэж хүний амь насыг хохироогоогүй. Тухайн өглөө буюу 2022 оны 10 дугаар сарын 09-ний өглөө талийгаачтай хамт согтууруулах ундаа уугаад байж байхад “Чи үхэх гэж байгаа шүү” гэсэн дарамт байгаад байсан. Гадаа нохой хуцахад хүртэл миний нэрээр хуцаад байхаар нь би өөрийгөө гарцаагүй үхэх гэж байна гэж бодсон. Гэтэл чихэнд “Чи нэгэнт үхэх гэж байгаа юм чинь найзыгаа хамт дээд тэнгэр рүү аваад яв, зовоохгүй л сүнсийг нь явуулаарай, тэгвэл дээд тэнгэрт очоод сайхан байна” гэх утгатай зүйл сонсогдсон. Тэгээд түүнээс хойш юу болсныг санахгүй байна...” гэх мэдүүлэг, 

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***ын өгсөн “...Шүүгдэгчийн ярьж байгаагаар магадгүй 2019 оноос хойш уулзсан байж болох юм. Хамтран амьдрагч биш гээд байна. Тэгж хэлэхэд их хэцүү. Хамтран амьдрагч гээд нэг нэгнийхээрээ орж гардаг байсан. Талийгаач маань 3 охинтой ба өөрийг нь дагаж явдаг нэг охин байдаг. Хоёр охин нь аав дээрээ байдаг. Тэр охиныг сургуулиа төгстөл нь тэтгэлэг авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2205000002216 дугаартай хэргээс:

          2022 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 01 тал/,

 

          Баянгол дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсийн Шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /1-р хх-ийн 02 тал/,

 

          2022 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 4-18 тал/,

 

          2022 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Цогцост гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 19-26 тал/,

 

          2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 33-37 тал/,

 

          Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ***ын хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр өгсөн “...Манай дүү 4 жил орчмын өмнөөс ***тай хамтран амьдардаг болсон. Манай хашаанд нэг өвөл өвөлжсөн. Тэгээд хашаа түрээсэлж амьдарч байсан. Манай дүү, *** нар манай гэрт болон хамаатан саднаараа ирж очдог байсан. Хааяа манай дүүг архи уугаад ирсэн байна гээд цагдаагаас ярьдаг байсан. ***, манай дүү хамтдаа архи уугаад байгаа юм байна. Өчигдөр манай дүү том эгчийн гэрт 15 цагийн орчим ороод хувцсаа солиод гарсан гэсэн. Манай дүү *** архи уучихсан байна, машинаа согтуу барих гээд байна, машины түлхүүрийг нь авчихсан, дүүд нь өгнө гэж хэлсэн гэсэн. Өнөөдөр манай бага дүү рүү цагдаагаас залгаж, дүүг нас барсан гэж мэдсэн. Хуулийн дагуу шийдүүлье...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 46-47 тал/,

 

          Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ***ын гэрчээр өгсөн “...Энэ хашаанд манай болон хажуу айл түрээс төлж гэрээ барьж амьдардаг. Хажуу айлын ах нэг жилийн өмнөөс энэ хашаанд буусан. Цэнхэр өнгийн приус машинтай, 40 орчим насны ах ихэнхдээ ганцаараа амьдардаг. Хааяа эхнэр нь гээд нэг эгч ирж хонодог. 7 хоногт 1 удаа эхнэр нь ирж, 2-3 хоноод явдаг. Хамтдаа архи пиво уудаг, хааяа гаднаа хүмүүс ирж хамт уудаг. Хамт архи уухаараа хэрэлдээд, зодолдоод байдаг. Хүүхэд ерөөсөө ирж байгаагүй. Ямар ажил хийдгийг нь мэдэхгүй. Өдөр тийшээ утсаар яриад, машинаа унаад орой нь эсвэл өглөө нь ирдэг. Хөрш айлын эхнэр өчигдөр өглөө 16-17 цагийн үед хөрш айлын ахтай, машинтай нь ирсэн. Хөрш ах согтуу машинаа унаж ирсэн болохоор эхнэр нь загнаж байсан. өнөөдөр өглөө үүрээр 05 цагийн үед нөхөр нь чемодан чирээд хашаанаас гарсан. Дараа нь эхнэр нь орилоод утсаараа цагдаа дуудаад байгаа бололтой байсан. Үүний дараа нөхөр нь буцаж орж гараад байгаа бололтой, хашааны хаалга 2-3 удаа хаагдах чимээ сонссон. Түүнээс хойш би унтаад өгсөн. Өглөө сэрэхэд хөрш айлын хаалга хаалттай, элдэв чимээ гарахгүй байсан. Нөхрийнх нь машин хашаанд байсан. Хүн гарч, орохгүй, галаа түлэхгүй, чимээгүй байдалтай байж байгаад 15 цагийн үед цагдаагийн машин ирсэн. Манайхаар орж гардаггүй, дотно байдаггүй. Өчигдөр эднийд гаднаас өөр хүн ирээгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 50-52 тал/,

 

          Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ***ийн гэрчээр өгсөн “...Манай хажуу талд 2021 оны 8, 9 сарын үед нэг үл таних 40 орчим насны ганц бие залуу амьдарч эхэлсэн. Эхнэр нь гээд 30 орчим насны эмэгтэй заримдаа ирдэг. Тухайн залуу ямар ажил хийдгийг мэдэхгүй, танихгүй, нэрийг нь ч мэдэхгүй. Өдрийн цагаар би гэртээ байдаггүй учраас мэдэхгүй байна. 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр орой 20 цагийн үед гэртээ ирсэн. Тухайн залуугийн эзэмшлийн усан цэнхэр өнгийн тоёота приус 20 загварын тээврийн хэрэгсэл хашаанд байсан. Хөрш залууг гэрээсээ орж, гарахыг хараагүй, хэнтэй байсан талаар нь мэдэхгүй. 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр өглөө үүрээр 05 цаг өнгөрч байх үед манай гэрийн ард талаар эмэгтэй хүний хоолой гараад, машиныхаа түлхүүрийг эндээс хай гээд хэлээд байсан. Гэрийн урд үүд хэсгээр хөрш залуу дуугараад машины түлхүүр өг гээд хэлээд байсан. Үүнээс хойш юу болон талаар мэдээгүй унтаад өгсөн. Намайг сэрээд удаагүй, гэрээсээ ч гарч амжаагүй байхад цагдаа нар ирсэн. Тэр эмэгтэй заримдаа ирээд 7 хоноод яваад дахиад 10-20 хоногийн дараа ирээд буцдаг. Манай хөрш залуу болон эмэгтэй хамт байхаараа архи ууж, байнга хэрүүл маргаан хийгээд байдаг. 2021 оны сүүл билүү 2022 оны эхээр хөрш эмэгтэй нүүр ам хөхөрсөн байдалтай цагдаад дуудлага өгч, цагдаа ирж байсан. Өчигдөр ирсэн гэдгийг нь огт мэдээгүй, өглөө үүрээр 5 цагийн үед гэрийн хойд талд эмэгтэй хүний дуу гараад байхаар хөрш эмэгтэй ирж байж магадгүй гэж бодсон. Би хөршийн гэрт орж байгаагүй. Эмэгтэй нь бол туранхай бор царайтай, 158 см орчим өндөртэй, богино үстэй 30 гаран насны эмэгтэй байдаг. Эрэгтэй нь арай намхан, 155 см орчим өндөртэй, бор царайтай, дунд зэргийн махтай, 40 гаран насны хүн байдаг. Архи уусан үедээ байнга хамт байдаг, тэр үедээ байнга хэрүүлтэй байдаг...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 54-57 тал/,

 

          Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ***ын гэрчээр өгсөн “...хажуу айлд нэг эрэгтэй, нэг эмэгтэй байдаг. Архи уухаараа уг залуу их авиртай орилж хашхираад байдаг. Уг хашааг түрээсэлж амьдардаг юм байна лээ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 61 тал/,   

 

          Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ***ийн гэрчээр өгсөн “...Тухайн хашаанд 2 айл байдаг. Тэр айлаас цэнхэр приустэй залуу орж гарч харагддаг. Хааяа нэг туранхай эмэгтэй харагддаг ба ямар харилцаатай талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 63 тал/,

 

          Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ***ийн гэрчээр өгсөн “...Бичил хорооллын хойд талын гэр хороололд айлын хашаа түрээсэлж монгол гэрт амьдардаг. Миний мэдэхээр 2 жил орчим тухайн хашаанд амьдарч байгаа. Тодорхой эрхэлсэн ажилгүй, дүүгийнхээ нэр дээр байдаг хөх өнгийн приус-20 маркийн автомашинаар халтуурт явж мөнгө олдог. Тухайн машиныг *** ах өөрөө мөнгийг нь төлж лизингээр авсан боловч архи уугаад байдаг болохоор нь машинаа зарж магадгүй гэж бодоод дүү *** нь өөрийнхөө нэр дээр байлгадаг юм. Анх намайг нөхөртэйгөө суухад *** ах, эхнэр хүүхэдтэй байсан. 10 гаран жил архины хамааралтай, байнгын хэрэглэдэг, эрүүл үедээ даруу төлөв зан ааштай ч согтохоороо сонин ааш авиртай болчихдог. 2021 оны 7 дугаар сарын хавьцаа нэг эмэгтэй хүнтэй хамт амьдарч байгаа гээд *** буюу *** гэж дууддаг эмэгтэйг танилцуулсан.*** ах хэлэхдээ ***гаа өөртэй нь хамт архи уудаг гэж ярьдаг байсан боловч ***г архи ууж байхыг нь хараагүй. Өчигдөр орой буюу 2022 оны 10 дугаар сарын 08-ны орой 18 цагийн орчимд *** ахын дугаараас манай нөхрийн утас руу залгахаар нь автал *** байсан бөгөөд согтуу машин барина гээд байна, машиныхаа түлхүүрийг булаагаад авчихлаа гээд утсаа тасалсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 65-66 тал/,

 

          Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ***ийн гэрчээр өгсөн “...Миний мэдэхээр одоогоор 3 жилийн өмнө *** гэх залуутай уулздаг болсон бөгөөд нэг гэртээ албан ёсоор ороогүй ч уулздаг байсан. *** гэх залуутай уулзахаараа л архи уучихдаг, гэрээсээ хөөдөг гэж хэлж байсан. Өчигдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 09-ний өглөө 11 цаг өнгөрч байх үед талийгаач над руу залгаад өөрийгөө хаана байгааг хэлээгүй, гэртээ харьж дулаан хувцас өмсье гэхээр нь би одоо гэртээ харь харь гэж хэлээд утсаа тасалснаас хойш огт холбоо бариагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 68 тал/,

 

          Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ***гийн гэрчээр өгсөн “...Над руу 2022 оны 10 дугаар сарын 08-ны орой 18 цагийн үед *** дугаараас залгаад “Би *** байна, *** согтуу машин унана гээд байна, би түлхүүрийг нь авчихлаа, та ирээд машиныг нь аваад яваач” гэсэн. Өнөөдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 09-ний 05 цаг 45 минутад дахиад над руу залгаж “Би ахад чинь хуушуур хоол өгөх гээд ирсэн чинь машинаа онгойлгосон байна, түлхүүр нь надад байгаа, илүү түлхүүртэй юм байлгүй гэснээ цаашаа дүүтэй чинь ярьж байна, ***тэй ярьж байна” гэж орилоод байсан. Өглөө нойрмог байсан учраас цагдаа дууд гэсэн чинь хаягийг нь мэдэхгүй байна гэсэн. Анх удаа надтай утсаар ярьсан бөгөөд *** ахын найз бүсгүй гэж ойлгосон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 71-73 тал/,

 

          Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ***ийн гэрчээр өгсөн “...Миний хувьд Солонгос улс руу 2017 онд явж 2020 онд ирсэн. Тэр үед эгч маань *** гэх хүнтэй амьдарч байсан. Өчигдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 20 цагийн орчим эгчтэй уулзсан. Надад *** согтуу агсраад байна, машины түлхүүр утсыг нь би авчихсан, төрсөн дүүтэй нь утсаар ярьсан, дүүд нь түлхүүрийг нь өгөхөөр болсон, би эгчид 5000 төгрөг өгөөд явлаа гэж хэлээд явсан. Орой 23 цаг 47 минутад утсаар ярьж эгч нь Чингэлтэй дүүргийн 17 дугаар буудлын бааранд байна, ярина шүү гэж хэлсэн. Өглөө нь 06 цаг 46 минутад, 07 цаг 03 минутад, 07 цаг 16 минутад миний утас руу залгасан байсан. Би унтаж байсан учир утсаа аваагүй. *** нь 2021 онд манай эгчийг зодож байсан гэж хажуу айлын хүн нь надад хэлсэн. Тухайн үед цагдаа дуудахад *** нь зугтаж яваад дуудлага өнгөрөөсөн гэсэн. Хааяа надад *** согтуу байна, хэл амаар доромжлоод хэрүүл маргаан хийлээ, намайг цохилоо гэж хэлж байсан. Талийгаач, *** хоёр хоёулхнаа түрээсийн хашаанд гэрт амьдардаг байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 75-76 тал/,

 

          Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ***ийн гэрчээр өгсөн “...Өнөөдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 09-ний өглөө 10 цагийн орчимд манай найз *** нь манай гэрт ирсэн. Тухайн үед нь би согтуу болохоороо эхнэр, хүүхэд айлгачихна гээд гэр рүү оруулаагүй. Гарч ирэхэд нүүрсний амбаарын хажууд унтчихсан байсан. 14 цагийн үед *** сэрэхээр нь би хүргэнийгээ хүргээд өг гэсэн. Удалгүй *** над руу *** дугаараас залгаад “*** үхчихжээ” гэж хэлэхээр нь цагдаад дууд гэж хэлсэн. Удалгүй намайг цагдаагаас дуудсан. Архи уухаараа хэтрүүлж, хэд хоног нойр хоолгүй уугаад, хий юм хараад элдэв сонин юм яриад байдаг. ***тай 2019 оноос хойш холбоотой байгаа. Уухаараа хоёулаа их агсам, дундаасаа үр хүүхэд байхгүй, албан ёсны гэрлэлтийн баталгаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 82-84 тал/,

 

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2647 дугаартай шинжээчийн “...Талийгаач ***ын цогцост хүзүүнд дарагдлын ором, зүүн гарын чигчий хуруунд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүдээс хүзүүний дарагдлын ором нь хагас зөөлөн эд буюу уяа гогцоогоор, зүүн гарын чигчий хурууны язарсан шарх нь мохоо зүйлийн үйлчлэлээр тус бүрдээ нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Хүзүүний дарагдлын ором нь гэмтлийн хүнд, зүүн гарын чигчий хурууны язарсан шарх нь гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна. Талийгаач нь хүзүү гаднаасаа уяа гогцоогоор дарагдсанаас амьсгал механикаар бүтэж нас баржээ. 2022.10.09-ний 23:35 цагийн цогцсын гадна үзлэгээр талийгаач нь нас бараад 16-18 цаг орчим болсон байжээ. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь хоёрдугаар бүлгийн цустай байна. Химийн шинжилгээгээр спиртийн зүйл цусанд 2,2 промилли, ходоодны шингэнд 5,4 промилли илэрсэн ба талийгаач нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ. Талийгаачид эсэргүүцэн тэмцэлдсэн гэхээр гэмтэл тогтоогдсонгүй. Талийгаач нь бэлгийн харьцаанд орсон, үтрээний арчдас, наалдацад эр бэлгийн эс илэрсэн байна. Илэрсэн эр бэлгийн эсийн ДНХ-г шинжээч эмч тогтоохгүй. Талийгаач нь жирэмсэн биш байна. Мөр судлалын шинжилгээнд ирүүлсэн цагаан эрээн өнгийн олсоор хүзүүн дэх ором нь үүсэж болно...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 89-92 тал/,

 

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2873 дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн 3 хэсэг уяа урьд нэг бүхэл байсан байна. Зах ирмэг хэсгээр нийлж нэг бүхлийг үүсгэж байна. Дээрх 3 хэсэг уяа нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн зүсэгдэлт байна. Нэг бүхлийг үүсгэж байсан 3 хэсэг уяаны өргөн 4 мм, шинжилгээнд нэмэлтээр ирүүлсэн 2022.10.09-ний өдрийн “Цогцост гадна үзлэгийн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт” дээр хүзүүний зүүн талын хэсэг үүссэн шархыг харуулав гэсэн тайлбартай зурагт хоолойд үүссэн гүн мөр ойролцоогоор 4 мм хэмжээтэй, мөн 2022.10.09-ний өдрийн “Цогцост гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл”-ийн 2 дугаар хуудсанд “баруун чихний омогноос доош 4 см зайд, зүүн чихний омогноос доош 4 см-д бүх талдаа 0,4 см өргөнтэй гүн мөр үүссэн гэсэн байх тул цогцосны хоолойд үүссэн гүн мөр шинжилгээнд ирүүлсэн нэг бүхлийг үүсгэж байгаа уяагаар үүссэн байж болно...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 103-110 тал/,

 

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 01/325 дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн 1, 2, 3, 4 гэж дугаарласан 4 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэнэ. 5, 6, 7, 8 гэж дугаарласан 4 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд тэнцсэн 2, 3 дугаарласан гарын мөр нь санд MN000220002912, MN000810002389 дугаараар бүртгэгдсэн *** овогтой ***ын баруун гарын алганы болон ядам хурууны хээтэй тохирч байна. 1, 4 гэж дугаарласан гарын мөрүүд нь санд байгаа гарын мөр, дардсуудтай тохирохгүй. Амь хохирогчийн гарын дардас нь санд урьд MN004110009361, MN005310010238 дугаараар 2 удаа бүртгэгдсэн байна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 116-130 тал/,

 

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2872 дугаартай шинжээчийн “...Хэргийн газрын үзлэгээр хураан авсан заазуурын ажлын хэсгийн үзүүрээс бэхжүүлсэн гэх хар өнгийн даавуун эдлэлийн сэмэрдэс нь шинжилгээнд ирүүлсэн 3 хэсэг олс уяаны дотор талын хар өнгийн сэмэрдэстэй тохирч байна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 160-166 тал/,

 

          Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 1033 дугаартай “...*** нь сэтгэцийн хувьд F10.1 архины хэтрүүлэн хэрэглээтэй байна. *** нь сэтгэцийн хувьд F10.1 архины хэтрүүлэн хэрэглээтэй байна. Дээрх эмгэг нь олдмол шалтгаант эмгэг болно. *** нь хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгож, удирдах чадвартай байсан байна. *** нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байсан байна. *** нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. *** нь хэрэг үйлдэгдэх үед санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан гэх баримт шинж үгүй байна. *** нь хэрэг үйлдэгдэх үед болон хэрэг үйлдэгдсэний дараа мөн хэрэг үйлдэгдэхээс өмнө F10.1 архины хэтрүүлэн хэрэглээтэй байна. ***т эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна...” гэх дүгнэлт /2-р хх-ийн 22-23 тал/,

            

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 191 тал/,  иргэний үнэмлэхийн лавлагаа /2-р хх-ийн 01 тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /2-р хх-ийн 02 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч *** нь “2022 оны 10 дугаар сарын 09-ний өглөөний 06 цагийн үед *** дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *** тоот хашаанд байдаг эсгий гэр дотор согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч ***ыг байнгын шинжтэй бие махбод, сэтгэл санааны дарамтад оруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, улмаар “машины түлхүүр өгөөгүй” гэх шалтгаанаар ***ын хоолойг нарийн олсоор боомилж, түүнийг амьсгалын дутагдалд оруулж алсан” болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, Баянгол дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсийн Шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /1-р хх-ийн 02 тал/, 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 4-18 тал/, 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Цогцост гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 19-26 тал/, 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 33-37 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2647 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 89-92 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2873 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 103-110 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 01/325 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 116-130 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2872 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 160-166 тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

          Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.8-д заасан  “Хүнийг алах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байх ба шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс амь хохирогчийг түүнийг гэр бүлийн гишүүн биш харин найз нөхдийн харилцаатай байсан тул хэргийн зүйлчлэл буруу гэж мэтгэлцсэн.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт болох амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***ын өгсөн “...манай дүү 4 жил орчмын өмнөөс ***тай хамтран амьдрах болсон, манай хашаанд нэг өвөл өвөлжсөн...” гэх мэдүүлэг, гэрч ***ын өгсөн  “...хажуу айлд нэг эрэгтэй, нэг эмэгтэй амьдардаг...” гэх мэдүүлэг, гэрч ***ийн өгсөн “...3 жилийн өмнөөс *** гэх залуутай уулздаг болсон...” гэх мэдүүлэг зэргээр шүүгдэгч амь хохирогч нар нь албан ёсоор гэрлэгчид болоогүй ч тэдний хооронд хамтын амьдрал байсан гэж шүүх дүгнэлээ.

 

          Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “Энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна” гэж заасан байх тул шүүгдэгч ***ыг түүний хамтран амьдрагч байсан ***ын амь насыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохироосон гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна.

         

          Хавтаст хэрэгт  Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 1033 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 22-23 тал/ авагдсан байх ба дүгнэлтээр шүүгдэгчийг “хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгох чадвартай байсан байна, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байсан байна” гэж дүгнэсэн болохыг тэмдэглэж байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хүнийг алах гэмт хэргийн үндсэн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, хохирогчийн үхлийн хооронд шалтгаант холбоо байхыг шаарддаг бөгөөд хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас хүний амь нас хохирсноор төгссөнд тооцогддог.

 

Шүүгдэгч *** нь “2022 оны 10 дугаар сарын 09-ний өглөөний 06 цагийн үед *** дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *** тоот хашаанд байдаг эсгий гэр дотор согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч ***ыг “машины түлхүүр өгөөгүй” гэх шалтгаанаар ***ын хоолойг нарийн олсоор боомилж, түүнийг амьсгал механик дутагдалд оруулж алсан” болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч ***ын энэ үйлдлийг Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэнд, амь насанд халдсан, бусдын амь нас хохирсон хор уршигт хүргэсэн гэмт хэргийн шинжтэй, уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан  гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, хэргийн зүйлчлэл зөв гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд, хавтас хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан хэлэлцээд ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “хүнийг алах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хэргийн зүйлчлэл буруу, шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан “хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэж мэтгэлцсэн бөгөөд өмгөөлөгчийн тайлбар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар няцаагдсан тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтэд хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй гэж шүүх дүгнэв.

 

Иргэдийн төлөөлөгчөөс шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн болно.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

 

Шүүгдэгч ***ын үйлдсэн гэмт хэргийн улмаас ***ын амь нас хохирч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь оршуулгын зардал болох 6.462.631 /зургаан сая дөрвөн зуун жаран хоёр мянга зургаан зуун гучин нэг/-н төгрөгийн баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж нэхэмжилсэн байх ба шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны болох шүүхийн шатанд нийт 8.524.000 /найман сая таван зуун хорин дөрвөн мянга/-н төгрөг төлсөн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мэдүүлэхдээ амь хохирогчийн том охинд шүүгдэгчээс тэтгэмж гаргуулах нэхэмжлэлийг гаргасан бөгөөд энэ шүүх хуралдаанаар нэхэмжлэлийг хянан хэлэлцэх баримт хэрэгт авагдаагүй  байх тул гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирол, гэм хорыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***т нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүгдэгч *** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.8-д заасан “Хүнийг алах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.8-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч ***т ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн хор аюул зэрэгт дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.8-д заасан 15 /арван тав/-н жилийн хорих ялыг оногдуулж, түүний эдлэх ялыг шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн арга, бусад нөхцөл байдалд дүгнэлт хийж хаалттай хорих байгууллагад биечлэн эдлүүлэхээр шүүхээс шийдвэрлэлээ.

 

Улсын яллагчаас шүүгдэгчид 12 /арван хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хохир байгууллагад эдлүүлэх саналыг гаргасан бөгөөд улсын яллагчийн энэ ялын санал шүүгдэгчийн гэмт үйлдэлд тохирохгүй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн болохыг тэмдэглэж байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх хуулийн зохицуулалтыг хэрэглэх саналыг гаргасан бөгөөд өмгөөлөгчийн энэ саналд хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

 

Учир нь шүүхээс шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.8-д заасан “Хүнийг алах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн, дээрх хуулийн зүйл хэсэгт заасан гэмт хэрэгт 12-20 жил эсхүл бүх насаар нь хорих ял оногдуулахаар хуульчилсан байх тул Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан зохицуулалтыг  шүүгдэгч ***ын үйлдсэн гэмт хэрэгт хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Шүүгдэгч *** нь энэ хэрэгт нийт 77 /далан долоо/ хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд оруулан тооцож, түүнд оногдуулсан хорих ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

 

Мөн түүнчлэн, шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасны дагуу хэрэгт эд мөрийн баримтаар тооцож хурааж авсан цагаан эрээн өнгийн 3 хэсэг олсыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон 77 /далан долоо/ хоногтой, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, ***т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь заалтыг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** овогт ***ын ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.8-д заасан  “Хүнийг алах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж ”  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.8-д зааснаар шүүгдэгч ***ыг 15 /арван тав/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан 15 /арван тав/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ын цагдан хоригдсон нийт 77 /далан долоо/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5. Шүүгдэгч ***ын хорих ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Шүүгдэгч *** нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид гэмт хэргийн улмаас гарсан зардалд нийт 8.524.000 /найман сая таван зуун хорин дөрвөн мянга/-н төгрөг төлсөн болохыг дурдаад амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас гарсан бусад гэм хорын зардлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасны дагуу хэрэгт эд мөрийн баримтаар тооцож хурааж авсан цагаан эрээн өнгийн 3 хэсэг олсыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

  

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЭРДЭНЭЧИМЭГ

 

 

                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     О.ЖАНЧИВНЯМБУУ

 

 

                  ШҮҮГЧ                                      Г.ЗОЛБОО