Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 765

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

  Нэхэмжлэгч: С.Ө-ын нэхэмжлэлтэй,

  Хариуцагч: “Б” ТӨААТҮГ /РД: 2119374/-т холбогдох,

  Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэлийг нөхөн бичиүлж баталгаажуулахыг даалгах тухай иргэний хэргийг 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Ө, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Гэрэл-Очир, хариуцагч “Б” ТӨААТҮГ-ын захирал Б.Эрхэмбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Маралмаа нар оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

                  Нэхэмжлэгч С.Өаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/49 тоот тушаалаар “Б” ТӨААТҮГ-т нягтлан бодогчоор ажилд орсон бөгөөд ажиллаж байх хугацаандаа ямар нэг алдаа дутагдал гаргаж байгаагүй. 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/15 тоот тушаалаар намайг ажлаас халсныг үндэслэлгүй гэж үзэж, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.

Манай байгууллагад гэрээний дагуу бүтээгдэхүүний захиалга ирж, тэрийг нь нярав хүлээлгэж өгсний дараа надад падаан нь орж  ирдэг. Би санхүүгийн өөрийн файл дээр падааны он, сар, өдөр, авсан хүний нэртэйгээр нь хүснэгт зохиогоод нийт дүнгээр бодогддог файлын дагуу ажлаа хийдэг. Би барааг ачуулахдаа тэр дор нь тооцоог хийдэг. Ихэвчлэн захиалсан бараа нийлүүлснээс хойш 45-60 хоногийн дотор мөнгө нь шилжиж ирдэг учраас тухай тухайн үед нь очиж тооцоо нийлдэг, ингэхгүй бол мөнгө нь хойшлогддог.

Зэвсэгт хүчний 310 дугаар ангитай 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр тооцоо нийлснээр тооцоо баталгаажиж Батлан хамгаалах яамнаас мөнгө орж ирсэн. Би ажлаас халсан тушаалтай танилцаад ерөнхий захиралд тайлбар бичиж өгсөн бөгөөд тэрээр миний хийчихсэн байгаа ажлыг хийгээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Би тооцоогоо хийгээд ирсэн гэдгээ хэлсэн.  Манай ерөнхий нягтлан бодогч нь санхүүгийн программ цоожлоод,  ажлаа хийх ямар ч боломжгүй болгодог. Хийсэн ажлаа танилцуулахад хийгээгүй гэж үздэг. Намайг ажлаа хийдэггүй, цаг тухайд нь мэдэгддэггүй гэж удирдлагад хэлдэг.  Би барааны тооцоог нийлж баталгаажуулаад эх хувийг нь өөрөө аваад нөгөө хувийг ерөнхий нягтлан бодогчид өгдөг байсан. Тэгэхэд үйлдвэрлэлийн албанд мэдээ өгөөгүй, ажлаа хийгээгүй гэж элдвээр хэлдэг, ярьдаг. Тийм учраас дараа нь үйлдвэрлэлийн албанд хуулбарлаж өгөх, давхар ерөнхий захиралд ажлаа тайлбарлах шаардлага гардаг байсан. Зарим тохиолдолд ерөнхий захирал завгүй байдаг учир онцын шаардлагагүй бол орж ирэх шаардлагагүй гэдэг байсан. Тийм учраас би ерөнхий захиралд өөрт нь дуулгаж чадаагүй. Захирлын 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн тушаалаар намайг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай тооцоо нийлсэн байхад 20 хувиар цалингаас хасах хариуцлага тооцсон. Би энэ тушаалын талаар захиралд намайг хэлмэгдүүлж байна гэж хэлсэн. 350 векижийн тухайд  тэр нь 2017 оны 12 сард нийлүүлэгдсэн бөгөөд тухайн үеийн Б.Баярбаатар захирлын тушаалаар өгөгдсөн ба би 310 дугаар ангид нийлүүлэх викежийн тоо гүйцсэн, үүнийг өгөх юм бол энэ тоо илүүднэ, энэ жилийн төсөвт энэ мөнгө суутгагдаагүй байгаа гэдэг талаар танилцуулж байсан. Б.Баярбаатар захирал “захирал нь хариуцъя, чи явуулчих” гэсэн тул нярав н.Оюу-Эрдэнэ тэр бүтээгдэхүүнийг ачаад нийлүүлсэн байдаг. 2018 оны гэрээний талаар надад ямар нэг чиглэл хэн ч өгөөгүй. 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Зэвсэгт хүчний 310 дугаар анги дээр тооцоо нийлэх гэж очихдоо 24 322 500 төгрөгийн, 42 120 979 төгрөгийн, нөгөө нь 40 960 400  төгрөгийн гэсэн 3 тооцоотой очсон. Би тэнд өдрийн 15.00 цагийн үед очоод шөнийн 23.00 цаг хүртэл тооцоо хийж суусан. Тэгэхэд 310 дугаар ангийн нябо  нь өмнөх хоёр тооцоог нь баталгаажуулаад авсан мөртлөө 40 960 400 төгрөгийн тооцоог авахгүй, санхүүжилт хаасан гэсэн тайлбар хэлэхэд нь  адил гэрээний тооцоог авчихлаа, энэ 40 960 400 төгрөгийн тооцоог авах ёстой гэж дарга н.Бүрэнтөгсөд нь хэлсэн. Тэгэхэд Бүрэнтөгс дарга надад манай санхүүгийн албаны дарга Ц.Дашдуламтай маргасан тухайгаа надад хэлээд энэ тооцоог авахгүй гэсэн. Тэгэхээр нь би 2 даргын энэ маргаантай асуудал байна, гол нь би ажлаа хийж байна гэж би хэлэхэд чи санаа зоволтгүй, энэ гэрээний хугацаа дуусаагүй учир оны дараа авч болно гэсэн. Ажил дээрээ ирээд энэ байдлыг  ерөнхий нягтлан бодогч Ц.Дашдуламд танилцуулсан. Тэгэхэд надаас хуулбаруудыг бүгдийг нь өөртөө авсан. Эх хувь нь надад байсан. Тэгээд би н.Бүрэнтөгстэй даргатай  холбогдох байх, учраа авах байх гэж бодсон. Би тэр үед маш их завгүй ажиллаж байсан. Би тооцоо нийлээгүй миний буруу гэж хурал дээр хэлээгүй, хурлын протоколоос намайг өөрөө алдаа гаргасан юм шиг байдлаар бичсэн байна лээ. Би уг 40 960 000 төгрөгийн тооцоог нийлж ирчихээд н.Бүрэнтөгс даргын тайлбарыг захиралд өөрөө шууд хэлээгүй нь миний буруу болсон байна гэснийг тэгж бичсэн байдаг. Миний үгийг ч гүйцэт бичээгүй байна.  2017 онд өгсөн 350 викеж дээр Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн хувцасны албаны дарга өөрөө утасдаж үүнийг аль тооцоонд оруулах вэ гэхэд нь 40 960 000 төгрөгөөс өөр гэрээнд орох ёстой байсан юм шиг байна гэж хэлсэн. Гэтэл үүнээс болоод надад хариуцлага тооцогдсон. Захирал намайг бас хувцас өгөөд тэнд үлдээсэн гэж байна. Би эд хариуцагч биш учраас надад тэгж хүний агуулахаас эд хариуцагчид мэдэгдэхгүйгээр аваачиж өгөх боломж байхгүй.  93 ширхэг малгай гэдэг дээр нярав н.Оюу-Эрдэнэ нь П.Ариунзаяа бид хоёрыг тооцоо хийгээд сууж байхад падааныг оруулж ирж өгсөн. Тэгэхэд нь би үүнийг аваад явлаа, энэ шүүхийн шийдвэрийн хувь гээд үлдээсэн падаанаар тэр тоогоор нь ёслолын саравчтай малгай 160, ёслолын китель өмд 141, ёслолын китель юбка 164 гээд 12 дугаар сарын 12-ны өдөр  тусгагдаад файл дээр хийхээр тоонууд нь гарч ирсэн. Үүний тоог нь би бичээд өнөөдөр юм уу маргааш манай нярав ирж авна гэж байна, тулгаад үзчих, зөв байвал гарын үсгээ зураад тамгаа зураад өг гээд гарын үсгийг нь зуруулаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тамга дарсан байгаа. Энэ падаан дээр нярав н.Оюу-Эрдэнэ өөрийн гараар бичсэн бөгөөд илүү байсан гэдгийг мэдсээр байж орхиж явсан гэдэг хардлагыг надад төрүүлж байна. Тэгээд эргэж ирээд ав гэхээр завгүй байна, маргааш ирээд авъя гэсэн. Ингээд хийсэн ажлыг үгүйсгэж надад сахилгын шийтгэл ногдуулсан. Иймд намайг ажлаас халсан тушаал үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч “Б” ТӨААТҮГ-ын захирал Б.Эрхэмбаяраас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тооцооны Нягтлан бодогч С.Ө нь  удаа дараа хариуцсан ажилдаа мэргэжлийн үүднээс ханддаггүй, хайхрамжгүй хандаж,  ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлдэггүй болох нь 2  удаагийн арга хэмжээ авсан тушаалд тусгагдсан байгаа. Эхний арга хэмжээг 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/03 дугаар тушаалаар авсан. С.Өнөрцэцэг нь  ажлын байрны тодорхойлолтоор харилцагч байгууллагатай тооцоо нийлж өр авлагыг барагдуулан гүйцээх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүйгээс 93 ширхэг ёслолын малгай буюу 2 604 000 төгрөг, 75 ширхэг хос ёслолын китель юбка 13 500 000 төгрөг, албаны саравчтай малгай 2 ширхэг буюу 38 000 төгрөг, 1 хос албаны китель өмд буюу 109 000 төгрөг, нийт 16 307 000 төгрөгийн хувцсыг илүү үйлдвэрлэсэн. Манайх төсвөөс нэг ч төгрөгийн санхүүжилт авдаггүй, тухай бүрт захиалагчдаас өгсөн мөнгөөр ажилчдын  цалин хөлсийг олгодог.

С.Өнөрцэцэгийн үүргээ биелүүлээгүйгээс манай байгууллага санхүүгийн хувьд алдагдалд орсон. Мөн 2017 оны жилийн эцсээр энэ хүн Зэвсэгт хүчний 310 дугаар ангид 350 ширхэг векиж буюу цэргийн өвлийн өмсгөлийг илүү үйлдвэрлээд нийлүүлсэн. Энэ нь ойролцоогоор 30 000 000 орчим төгрөг болох юм. Өмнөх 2017 оны жилийн эцсээр тооцоог нийлсэн бол 350 ширхэг викежийг илүү  хийх шаардлагагүй. Энэ үндэслэлүүдээр Б/03 дугаар тушаалаар албан тушаалдаа тэнцэхгүй байгааг анхааруулж нэг сарын цалинг 20 хувиар бууруулах тухай сахилгын шийтгэл ногдуулсан. Нягтлан бодогч С.Ө нь тооцоо нийлэхээр явах бүртээ надаас бензиний мөнгө цохуулж авдаг. Гэтэл Зэвсэгт хүчний 310 дугаар ангид нийлүүлсэн 850 хүний хувцасны  тооцоо нийлээгүйгээс болоод 40 960 000 төгрөгийг төрийн санд хураалгасан байдаг.  2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр миний бие захиалагч төрийн байгууллагуудын санхүүжилт тухайн оны 12 дугаар сарын 25-ны өдөр гэхэд хаагддаг, тооцоогоо хийгээд мөнгөө авах шаардлагатай шүү гэж өөрт нь хэлж байсан. Ингээд тооцоо нийлэхээр энэ хүн явсан, тэгээд тооцоог нийлж чадаагүй юм уу, тэр чигээр нь энэ асуудлыг хаясан байдаг. Тооцоо нийлсэн акт байхгүй тул энэ мөнгийг Батлан хамгаалах яам, Сангийн яаманд хураалгасан. Тус хувцсыг бол 08 дугаар сард хүлээлгэж өгсөн байсан.

2019 он гарсны дараа Батлан хамгаалах яамны сайд, Төрийн нарийн бичгийн дарга нартай би өөрөө уулзаж, зэмлүүлсний эцэст энэ мөнгийг 03 сард манайх авсан. Хэрэв энэ мөнгийг оны эцэст авсан бол  2019 оны 01 дүгээр сарын ажилчдын цалинг олгочих байсан.  Гэтэл манай байгууллага Батлан хамгаалах яамны Барилга захиалагчийн албанаас 100 000 000 төгрөг зээлж цалин хөлс, татвар хураамж төлсөн.

Манай байгууллага санхүүгийн баримтуудыг шалгуулахаар хөндлөнгийн аудитыг 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр оруулсан. Тус аудитын дүгнэлтээр ганц С.Ө бус бүх нярав, нягтлан бодогч, санхүүгийн ажилтнуудад мэргэжлийн ур чадваргүй, бүртгэл тооцооны ажил нь салан задгай, бүртгэлийн ажил унасан байна гэсэн дүгнэлт гарсан. Энэ дүгнэлтийг 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр гарсан бөгөөд хэрэгт өгсөн байгаа. 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр энэ дүгнэлтийг үндэслээд бүх санхүү бүртгэлийн ажилтнуудад үүрэг өгч, гарын үсэг зуруулсан. Тэгсэн боловч санхүүгийн ажилд ямар ч ахиц гараагүй.

2018 оны санхүүгийн үйл ажиллагаанд үндэсний аудитын газраас 2019 оны 01 дүгээр сард шалгалт орсон бөгөөд уг шалгалтаар сөрөг санал дүгнэлттэй гарсан байдаг. Өөрөөр хэлбэл манай байгууллагын санхүүгийн үйл ажиллагааны талаарх  дүгнэлт  сөрөг, муу  гарсан. Үндсэндээ манай санхүүгийн тооцоо бүртгэл алдагдсан гэсэн. С.Өтай холбоотойгоор нийт авлагын 95 хувийг баталгаажуулдаггүй, 117 300 000 төгрөгийг байгууллагуудаас авах ёстой байхад энэ хүн тооцоо нийлж баталгаажуулах ажлаа хийгээгүй байдаг. Эд хариуцагч няравын тодорхойлолт дээр 957 000 000 төгрөгийн зөрүүтэй баримтууд гарч ирсэн бөгөөд үүнийг нярав тайлбарлахдаа өртөг өөрчлөгдсөнийг ерөнхий нягтлан бодогч няравтай хамтарч засах ёстой байсныг засахгүйгээр програмд оруулсан гэж тайлбарласан. Энэ нь С.Өын гаргасан зөрчил юм. С.Ө нь удаа дараа алдаа дутагдал гаргаж, ажлаа хийгээгүй. Би энэ хүнтэй 1 жил хамтарч ажилласан бөгөөд дүгнэлтүүдийг харахад л энэ хүн бүтэн жил ажил хийгээгүй гэж харагдаж байгаа юм. Би бараг дараа нь нэхэмжлэгчээс цалинг нь нэхэмжилж үйлдвэрийг хохиролгүй болгох бодолтой байна. 

Зэвсэгт хүчний 310 дугаар ангитай байгуулсан гэрээний хувьд 1 жилийн хугацаанд хүчинтэй бөгөөд ямар ч төсвийн байгууллага худалдан авах бараа, ажил үйлчилгээний  төлбөрийг тухайн ондоо багтааж худалдаж аваад мөнгөө өгдөг. Илүү гарсан мөнгө нь төрийн санд хураагддаг. Батлан хамгаалах яамны санхүүгийн хэлтсээс танай тооцооны нягтлан тооцоо нийлээгүйгээс, хариуцлагагүй ажилласнаас болоод мөнгө хураагдсан гэдэг тодорхойлолт байгаа. 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр захирлын зөвлөлийн хурлаар С.Ө нь 40 960 000 төгрөгийг тооцоо нийлээгүйгээс төрийн санд хураалгаж алдсан байна, миний гаргасан алдаа бол шууд захиралд орж хэлээгүй, хэрэв тухайн үед хэлсэн бол тэр асуудлыг захирал дор нь шийдэх байсан юм байна гэдгийг ойлголоо гэж өөрөө зөвшөөрсөн байдаг. Тухайн үед албаны даргадаа найдаж хэлсэн, хүний нөөцдөө талархлаа гэсэн байна. Иймд нэхэмжлэгч С.Ө нь байгууллагад хохирол учруулсан сахилгын ноцтой зөрчил гаргасан, давтан үйлдсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т зааснаар 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр С.Өыг ажлаас халсан Б/15 дугаар тушаал үндэслэлтэй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүхийн хэлэлцүүлэг болон зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад

                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Ө нь хариуцагч байгууллагад холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичүүлж баталгаажуулах тухай нэхэмжлэлийг   шүүхэд гаргажээ.

Дээрх нэхэмжлэлийг хариуцагч “Б” ТӨААТҮГ нь үл зөвшөөрч, С.Ө нь ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэдэг, Зэвсэгт хүчний 310 дугаар ангитай тооцоо нийлээгүйгээс 40 960 000 төгрөгийг төрийн санд хураалган байгууллагад хохирол учруулсан ноцтой зөрчил гаргасан, мөн 16 307 000 төгрөгийн хувцас, хэрэглэлийг илүү үйлдвэрлүүлэн үр ашиггүй зардал гаргаж,  2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/03 тоот тушаалаар сахилгын шийтгэл ноогдуулсан, сахилгын зөрчлийг давтан гаргасан  тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т зааснаар ажлаас халсан нь үндэслэлтэй гэж тайлбарлан маргасан байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч С.Ө нь 2014 оноос эхлэн хариуцагч байгууллагын нягтлан бодогчоор томилогдон ажиллаж байгаад 2019 оны 01 дүгээр сарын 22-нд ажил олгогчийн санаачилгаар тус ажлаасаа чөлөөлөгдсөн болох нь “Б” ТӨААТҮГ-ын ерөнхий захирлын 2014 оны 04 дүгээр сарын А/49 тоот “Ажилд авах тухай”, 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/15 тоот “С.Ө-ыг ажлаас халах тухай” тушаалууд, 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр С.Өнөрцэцэг болон “Б” ТӨААТҮГ-ын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ, тус байгууллагын тооцооны нягтлан бодогчийн ажилын байрны тодорхойлолт, 1008624 тоот С.Өнөрцэцэгийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, зохигчдын тайлбар зэргээр нотлогдсон.

Ажил олгогч “Б” ТӨААТҮГ-ын ерөнхий захирлын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/15 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., хөдөлмөрийн дотоод журмын 7.3, хөдөлмөрийн гэрээний 4.1.3 дахь заалтуудыг үндэслэн С.Өнөрцэцэгийг 2018 оны жилийн эцсийн өглөг, авлагын тооцоог Зэвсэгт хүчний 310 дугаар ангитай бүрэн гүйцэт хийгээгүйгээс 40 орчим сая төгрөгийг төрийн санд хураалгаж, байгууллагад санхүүгийн хохирол, үйл ажиллагааны зөрчил, дутагдал гаргасан гэж буруутган түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд ажил олгогч байгууллагын 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/03 тоот тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай  90 ширхэг ёслолын малгай, Зэвсэгт хүчний 310 дугаар ангитай 350 ширхэг векижний тооцоог нийлээгүй, ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэн нягтлан бодох бүртгэлийн алдаа гаргасан гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2.-т зааснаар  нэг сарын цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг ажилтан С.Өд оногдуулсан байна.

Талуудын хооронд байгуулсан 2017 оны хөдөлмөрийн гэрээний 4.1.3-т “Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.1., 131.1.2.-т заасан зөрчлийг давтан гаргасан” бол хөдөлмөрийн харилцааг зогсоож, гэрээг дуусгавар болгохоор заажээ.

Дээрхээс үзэхэд хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч С.Ө-ыг сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа 2018 оны жилийн эцсийн өглөг, авлагын тооцоог Зэвсэгт хүчний 310 дугаар ангитай бүрэн гүйцэт хийгээгүйгээс 40 960 000  төгрөгийг төрийн санд хураалгаж, байгууллагад санхүүгийн хохирол учруулсан сахилгын зөрчил гаргасан гэж дүгнэсэн байна.

1.Хариуцагч талаас баримтаар гаргасан  Батлан хамгаалах яам баталж, Зэвсэгт хүчний 310 дугаар анги болон “Б” ТӨААТҮГ-ын хооронд байгуулсан 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 01 тоот “Цэргийн дүрэмт хувцас оёж нийлүүлэх гэрээ”-гээр хариуцагч байгууллага нь нийт 6 төрлийн 313 914 800 төгрөгийн үнэ бүхий цэргийн дүрэмт хувцас, хэрэглэлийг үйлдвэрлэн захиалагч байгууллагад хүлээлгэн өгөхөөр тохиролцож, гэрээний тусгай нөхцлийн 3.1-д зааснаар нийлүүлсэн барааны үнийг бараа ирснээс хойш 3 шатлалтайгаар буюу 1, 2 дугаар улиралд 30 хүртэл хувийг, 3 дугаар улиралд 30 хүртэл хувийг, 4 дүгээр улиралд 40 хүртэл хувийг захиалагчийн хүлээн авсан тухай актыг үндэслэн төлөхөөр, 7.1-д зааснаар нийлүүлэгч нь захиалагчийн гаргасан тоо хэмжээ, шаардлагын дагуу заасан хугацаанд барааг бүрэн бэлтгэн нийлүүлсэн тухай акт бичигдэж батлагдсаны дараа захиалагч төлбөрийг гүйцэтгэх хүртэл 1 жилийн хугацаанд гэрээ хүчин төгөлдөр байна гэж тус тус заажээ.

Дээрх гэрээний дагуу захиалагч Зэвсэгт хүчний 310 дугаар ангид гүйцэтгэгч тал болох хариуцагч нь хэдэн ширхэг цэргийн дүрэмт хувцас, хэрэглэл хүлээлгэн өгсөн, түүний дотор 350 ширхэг векиж хүлээлгэн өгсөн эсэх, өөрөөр хэлбэл хэдийд, хэдэн ширхэг барааг актаар хүлээлгэн өгсөн, түүнтэй холбоотой ямар тооцоог хэдийд хийх шаардлагатай байсан, ямар тооцоог хийгээгүй орхигдуулсан болох  мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хэдэн ширхэг ёслолын малгай үйлдвэрлэж нийлүүлэхээс хэдэн ширхгийг актаар хүлээлгэн өгсөн, үүнээс ямар шалтгаанаар хэдийд 90 ширхэг ёслолын малгайны тооцоог нийлээгүй орхигдуулсан гэх зэрэг үйл баримтууд тодорхойгүй  байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч С.Өд сахилгын шийтгэл ноогдуулсан ажил олгогчийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/03 тоот тушаалын үндэслэлд заасан сахилгын зөрчил баримтаар тогтоогдоогүй бөгөөд дээрх зөрчлийг С.Ө үйлдсэнийг шалгаж тогтоосон баримтгүй байна.

Хариуцагч байгууллагын хүсэлтээр “Бэст фортуна аудит” ХХК-иас тус байгууллагын 2018 оны 01 дүгээр  сарын 01-нээс 08 дугаар сарын 31-ний хоорондох хугацааны санхүүгийн тайлан, нягтлан бодох бүртгэл, анхан шатны баримтын  хөтлөлт, санхүүгийн программын ашиглалт, хөрөнгийн байдлыг 2018 оны 08 дугаар сарын 24-нөөс 09 дүгээр сарын 21-ний хооронд хянаж шалган, бодит байдал, зөвлөмж, хийж гүйцэтгэсэн ажил гэсэн 3 хэсэг бүхий 01/69 тоот зөвлөмжийг 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан байх бөгөөд уг зөвлөмжид нэхэмжлэгч С.Ө нь санхүүгийн ямар зөрчил гаргасан буюу Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, холбогдох дүрэм, журмыг зөрчсөн буруутай болохыг тогтоогоогүй байна.

Иймд дээрх зөвлөмж болон 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 55 421 000 төгрөгийн дүн бүхий, 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 39 242 000 төгрөгийн дүн бүхий “Б” ТӨААТҮГ-ын санхүүгийн тэмдэгтэй зарлагын баримтууд, нярав Ц.Оюу-Эрдэний тайлбар зэрэг баримтууд нэхэмжлэгч  С.Өыг хөдөлмөрийн гэрээнд заасан сахилгын зөрчлийг үйлдсэн гэх үндэслэлийг нотлохгүй юм.

Түүнчлэн ажилтан С.Ө-ын сахилгын зөрчил үйлдсэн гэх хугацаа тодорхойгүй байх бөгөөд “Бэст фортуна аудит” ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн  01/69 тоот зөвлөмж гарснаас хойш тооцоход Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2.-т заасан “Сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ноогдуулна” гэсэн хуульд заасан хугацаа дууссаны дараа  2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр сахилгын шийтгэл ноогдуулсан байна.

 Үүнээс үзэхэд ажил олгогч байгууллагын 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/03 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1., 131.1.2.-т заасантай нийцэхгүй байна.

2.Хариуцагч байгууллага нь 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн “Б” ТӨААТҮГ-ын хурлын тэмдэглэл,  2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн “Б” ТӨААТҮГ-ын Захиргааны хурлын тэмдэглэл, Үндэсний аудитын газрын 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 06/591 тоот “Аудитын гэрчилгээ” зэргийг нотлох баримтаар гаргаж, С.Өыг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ 2018 оны жилийн эцсийн өглөг, авлагын тооцоог Зэвсэгт хүчний 310 дугаар ангитай бүрэн гүйцэд хийгээгүйгээс 40 960 000  төгрөгийг төрийн санд хураалгаж, байгууллагад санхүүгийн хохирол учруулсан ноцтой зөрчил гаргасан,  сахилгын зөрчлийг давтан үйлдсэн гэж тодорхойлсон.

Хэрэгт авагдсан Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 1в/1436 тоот албан бичигт “...нийлүүлсэн бүтээгдэхүүний үлдэгдэл 47,1 сая төгрөгийн тооцоог хариуцсан албан тушаалтны буруугаас  тооцоо нийлэлгүй орхигдуулж, Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн 2019 оны орлого зарлагын төлөвлөлтөд дахин тусган энэ оны 03 дугаар сард санхүүжилтийг олгосон” гэж дурджээ.

Нэхэмжлэгч С.Өын ажлын байрны тодорхойлолтын “Б” хэсгийн “Ажлын байрны үндсэн зорилт”-ын 3-т “Харилцагч байгууллагуудтай тооцоо хийж, өр авлагыг шуурхай барагдуулах" гэж  заасан байх бөгөөд талуудын хооронд байгуулсан 2017 оны хөдөлмөрийн гэрээний 4.2-т хөдөлмөрийн харилцааг зогсоож, гэрээг цуцлах ноцтой зөрчлийг тодорхойлсон байна.

Хөдөлмөрийн гэрээний дээрх заалтын  4.2.1-д “Байгууллагын эд хөрөнгө, эзэмшиж байгаа тоног төхөөрөмж эвдэж устгах, гэмтээх, завших, байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан, 4.2.2-т “Ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй байх, ажил таслах, чөлөөний хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3-с дээш хоног хэтрүүлсэн”,  4.2.3-т “ ...эд хөрөнгө хариуцсан ажилтан бусад ажилтан, ажил олгогчийн итгэлийг алдаж, мөнгө, эд зүйлийг дутагдуулсан, үргүй зардал гаргасан”, 4.2.4-т “Үйлдвэрийн технологийн сахилгыг ноцтой зөрчиж, үйлдвэрийн үлгэр, загвар, эталон, дамжлагын хуваарь, оюуны өмчийн эрх авсан дүрэмт хувцасны патент зэргийг зөвшөөрөлгүй гадагш гаргахыг хатуу хориглоно” гэсэн 4 төрлийн зөрчилд С.Өыг буруутгасан харилцагч байгууллагатай өглөг, авлагын тооцоог нийлэх, өр авлагыг барагдуулах үүргээ биелүүлээгүй гэх зөрчил хамаарахгүй байх бөгөөд уг зөрчлийн талаар талууд, хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл бүхий ноцтой зөрчилд тооцохоор тохиролцож, хөдөлмөрийн гэрээнд тодорхойлж заагаагүй байна.

Нөгөө талаар нэхэмжлэгч С.Ө-ын ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй, дээрх зөрчлийн улмаас хариуцагч байгууллага нь өөрийн дансанд байсан 40 960 000 төгрөгийг төрийн санд хураалган байгууллагын эд хөрөнгө багасаж, санхүүгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдоогүй бөгөөд Батлан хамгаалах яамны Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн үлдэгдэл тооцоо гэх 47 100 000 төгрөгт энэ 40 960 000 төгрөг хамаарч байгаа эсэх нь тодорхойгүй байна.

Өөрөр хэлбэл Батлан хамгаалах яамны Зэвсэгт хүчний хөгжлийн санд байсан мөнгийг төрийн санд шилжүүлснийг хариуцагч байгууллагад хохирол учирсан гэж үзэх боломжгүй бөгөөд  түүнчлэн Батлан хамгаалах яамнаас хэдийд 40 960 000 төгрөгийг төрийн сангийн дансанд буцаан шилжүүлсэн талаар ч хэрэгт баримт авагдаагүй байна.

Харин нэхэмжлэгч С.Ө нь 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Зэвсэгт хүчний 310 дугаар ангитай тооцоо нийлж, тус анги нь  “Б” ТӨААТҮГ-т 40 960 400 төгрөгийн өртэй байгааг  баталж, уг өрийг дансаар нэхэмжлэн авахаар тохиролцож “Тооцооны үлдэгдлийн баталгаа”-г үйлдсэн байх ба үүний дагуу 40 960 400 төгрөгийг хариуцагч байгууллагад 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр шилжүүлсэн болох нь “Б” ТӨААТҮГ-ын Худалдаа хөгжлийн банк дахь 499003387 тоот дансны хуулга, дээрх Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 1в/1436 тоот албан бичгээр нотлогджээ.

Үүнээс үзэхэд  2018 оны эцэст нэхэмжлэгч нь Зэвсэгт хүчний 310 дугаар ангитай өр авлагын тооцоог нийлээгүй, 40 960 400 төгрөгийн авлагатай байгааг баталгаажуулаагүй гэх зөрчил нь ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулсан, ажил олгогчийн нэр хүндийг гутаасан,  эрх ашиг сонирхолд нь нөлөөлөх сөрөг үр дагаврыг бий болгосон, ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт харш үйлдэл бүхий Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Мөн түүнчлэн Үндэсний аудитын газрын 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 06/591 тоот “Аудитын гэрчилгээ” нь С.Өыг ажлаас чөлөөлсний дараа үйлдэгдсэн байх тул энэ нь хариуцагчийн татгалзлыг нотлох үндэслэл болохгүйг дурдаж байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-д заасан хөдөлмөрийн гэрээнд заасан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох сахилгын ноцтой зөрчил гаргасан, сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэл тогтоогдоогүй байхад С.Өыг ажлаас чөлөөлсөн хариуцагч “Б” ТӨААТҮГ-ын захирлын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/15 тоот тушаал нь  хууль зүйн үндэслэлгүй болсон байх тул нэхэмжлэгч С.Ө нь урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогчоос шаардах эрхтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-д “Ажилтан ажлаас буруу халсан...гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 1 сарын дотор шүүхэд гаргана“ гэсэн байх ба  нэхэмжлэгч нь ажил олгогчийн шийдвэрийг эс зөвшөөрч 2019 оны 02 дугаар сарын 21-нд шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь  хуулийн дээрх заалттай нийцсэн байна.

Хариуцагч байгууллагын  санхүүгийн тэмдэг бүхий  цалингийн тодорхойлолт болон нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийг үндэслэн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсийг 760 101 төгрөгөөр тооцон тодорхойлж, ажилгүй байсан 2019 оны 01 дугаар сарын 23-наас 2019  оны 05  дугаар сарын 01-нийг хүртэл ажлын 65 хоногийн цалинтай тэнцэх олговорт  2 297 979 төгрөгийг хариуцагч байгууллагаас гарган нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.-д “Ажил олгогч болон...ажилтан нь ...нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй” гэж, 46.2.-т “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан дээрх хугацааны олговроос  холбогдох шимтгэл, татвар, хураамжийг тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийж  баталгаажуулахыг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.

Дээрх нөхцөл байдлуудаас, нэхэмжлэгч С.Ө-ыг урьд эрхэлж байсан нягтлан бодогчийн  ажилд нь эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулж олгохоор   шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 51 718 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 160 дугаар зүйлийн 160.1.1.-д заасныг удирдлага болгон                                                                                            

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Ө-ыг урьд эрхэлж байсан “Б” ТӨААТҮГ-ын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2 297 979 төгрөгийг хариуцагч байгуулагаас гаргуулан олгосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1., 46.2.-т заасныг баримтлан  дээрх олговроос зохих журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэл, татвар, хураамжийг тооцон нэхэмжлэгч С.Өын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч байгууллагад даалгасугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж,  мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 51 718 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

              5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                               ДАРГАЛАГЧ                              Ж.БАЙГАЛМАА