Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/09

 

 

 

 

 

 

 

 

2023            01            03                                           2023/ШЦТ/09

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

              Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Мөнхтуул, улсын яллагч Т.Өсөхболд, шүүгдэгч *******  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Төнхөн овогт ******* *******д холбогдох эрүүгийн 2236000000317 дугаартай, 178/2023/0013/Э индекстэй хэргийг 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1976 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Ховд аймгийн Дуут суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, ард урианхай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч, малчин мэргэжилтэй, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Дуут сумын Шивэр,1 дүгээр багт мал маллаж амьдардаг, аминдаа 800 толгой мал, гэр, УАЗ-469 маркын авто машин нэг, хашаа, хувийн орон сууц нэгийн  хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 1000000 төгрөг, ял шийтгэлгүй, ПЙ76120691 регистрийн дугаартай, Төнхөн овогт ******* *******

 

Холбогдсон хэргийн талаар

            Шүүгдэгч Төнхөн овогт ******* ******* нь Ховд аймгийн Дуут сумын Шивэр багийн нутаг дэвсгэр Шар булаг гэх газраас 2022 оны 11 дүгээр сарын эхээр алтайн хойлог шувууг өөрийн өмчлөлийн ТОЗ-8 маркийн буугаар агнаж, мөн өөрийн өмчлөлийн ******* ******* улсын дугаартай УАЗ-469 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж Ховд аймгийн Жаргалант суманд байх гэртээ хадгалсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан   гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

1.Эд мөрийн баримтаар... агнагдсан хойлог шувуу мэт  бор, цагаан  өнгөтэй, цээжний хэсэг нь цагаан бор өнгийн  хөлтэй  шувууг ... эд мөрийн баримтыг хураан авах прокурорын зөвшөөрөл, хураан авсан тэмдэглэл,тогтоол, гэрэл зураг /хэргийн 10-13, 28-31 дүгээр  тал/

2.Эд мөрийн баримтаар...110 см-ийн урттай, хар өнгийн оосортой, 100 хараатай, шар өнгийн хундага модтой, модны бөгсний мод цуурсан мэт зураас гарсан, бөгсний ар хэсэгт хөнгөн цагаан төмөр хадсан, сум ордог хэсгийн доод талд хундага  мод нь яртай модтой, гол төмрийн дугаар *******, замагны дугаар 300 гэсэн дугаартай, сумны байрны дээд хэсэгт ТОЗ-8 маркийн  MADE IN USSR  гэсэн бичвэртэй модон хундагатай ТОЗ-8 маркийн гар бууг ...эд мөрийн баримтыг хураан авах прокурорын зөвшөөрөл, хураан авсан тэмдэглэл , тогтоол, гэрэл зураг  / хэргийн 14-18 дугаар хуудас/

3.Хэргийн газар үзлэг хийсэн... Хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн Дуут сумын Шивэр багийн Арын-Өөм гэх газар байв. Тухайн газар нь өндөрлөг газар байв. Дуут сумын төвөөс 38 км-ийн зайд, уг уул нь өндөрлөг цас орсон байдалтай, бор өнгийн шувуу олж авсан ...гэх газрыг гэрэл зургаар бэхжүүлэв... гэх тэмдэглэл, гэрэл  зураг / хэргийн 19-23 дугаар тал/

4.Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн...  Ховд аймгийн Дуут  сумын Арын–Өөм гэх газарт байх ******* гэх айлын гэрийн хажууд цагаан өнгийн УАЗ-469 маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл байв. Уг тээврийн хэрэгсэл нь бор өнгийн эсгий мэт зүйлээр ороосон байдалтай, тээврийн хэрэгсэлийн хойд ирмэгээр халзарсан будагтай байв. Уг тээврийн хэрэгсэлийн дотор талд үзлэг хийхээр тогтож, хаалгыг онгойлгон урд талын милийн заалтыг үзэхэд ******* тоот байв. Уг тээврийн хэрэгсэлийн хойд талыг үзэхэд хонь, ямаа холилдсон байв... гэх үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг / хэргийн 24-27 дугаар тал /

5.Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ******* өгсөн...  Манай найз охин Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багт байдаг. Намайг ирэхэд манай найз охины гэрт хойлог шувуу байсан. Тухайн үед хичээлдээ явахдаа хүн ирж авах байх өгчих гэж хэлээд явсан. Тэр дагуу зарах гэж байгаад цагдаа нар ирээд  бариад авчихсан ... гэх мэдүүлэг / хэргийн 33 дугаар тал/

6.Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ийн өгсөн... Би Ховд аймгийн  Жаргалант сумын Буянт багийн 14-08 тоотод оршин суудаг, сургуульд сурдаг. Манай аав ******* нь Ховд аймгийн Дуут сумаас өөрийн ******* ******* улсын  дугаартай цагаан өнгийн УАЗ-469 маркийн машинаар ирэхдээ хойлог шувуу авчираад гэрийнхээ хөргөгчинд үлдээгээд явсан. Аав хөдөө байхдаа “хойлог шувуу зарна” гээд зар байрлуулсан байж байгаад устгасан байсан. Аав над руу утсаар яриад “чам руу хүн ярих байх хойлог шувууг зарчих” гэж хэлсэн. Би хичээлтэй  байсан тул найз залуу руугаа “чатаар хүн ирж хойлог шувуу авна өгчих гэж хэлсэн. Тэгээд цагдаа нар ирээд авсан байсан. Манай аав тухайн шувууг Ховд  аймгийн Дуут сумын Шивэр багийн Шар булаг гэдэг газраас агнасан гэсэн. Аавд калибар маркын буу байдаг. Тухайн шувууг гаргаад өгчих гэхээр нь  гаргаж өгсөн ... гэх мэдүүлэг / хэргийн 35 дугаар тал/

7.Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч өгсөн... Ховд аймгийн Жаргалант сумын гэртээ ирэхэд манай нөхөр хойлог шувуу алсныг мэдсэн.  Хөргөгчинд хийж хөлдөөсөн. Тэгээд гэртээ байж байгаад хөдөө гэрлүүгээ явсан. Тэгээд 11 сарын 21- ний өдөр аймагт байдаг хүүхдүүдийн утас холбогдохгүй болохоор нь ирэхэд хойлогоо хураалгасан, айсан  байдалтай байсан... гэх мэдүүлэг / хэргийн 39-40 дүгээр тал/

8.Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль  ёсны төлөөлөгч өгсөн...  Манай сумын Арын- Өөм гэх  газар нь тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй. Хойлог шувуу агнах зөвшөөрлийг сумаас олгодоггүй. Хойлог шувууны экологи- эдийн засгийн үнэлгээ нь 130000 төгрөг ... гэх мэдүүлэг / хэргийн 49 дүгээр тал/

 9.Шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 05- ны өдрийн 16 дугаартай ... Шинжилгээнд ирүүлсэн шувуу нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн шувуу нь Алтай хойлог/ Tetragaiius aitaicus/, нас  хүйсийг тодорхойлох боломжгүй, 1953 оноос агнахыг хуулиар хориглож, Монгол улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11- ний өдрийн 07 дугаар тогтоолын хавсартад зааснаар ховор амьтнаар бүртгэж, Монгол улсын улаан номонд оруулсан, тархац нутгийн ихэнхийг улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамруулж хамгаалсан.  Засгийн газрын 2011  оны 01 дүгээр сарын 25- ны өдрийн 13 дугаар тогтоолын нэг дүгээр хавсралтанд “Ан амьтны экологи- Эдийн засгийн үнэлгээ”- ээр  Алтай хойлог/ Tetragaiius aitaicus/ -130000 төгрөгөөр үнэлэгдсэн. Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохиролыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ. Мөн зүйлийн 37.2-т заасныг дагуу амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолоор тогтоосон экологи- эдийн засгийн үнэлгээг 2 дахин өсгөж тогтооно... гэх дүгнэлт /  хэргийн 55 дугаар тал/

10.Хөрөнгийн үнэлгээний ВЕНДО ХХК- ний 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ХЦ22-300 дугаартай  ... ТОЗ-8 маркийн галт зэвсэг -600000 төгрөг...гэх дүгнэлт/ хэргийн 60-63 дугаар тал/

11.Хөрөнгийн үнэлгээний ВЕНДО ХХК-ний 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ХЦ22-30 дугаартай... УАЗ-469 маркийн 2001 онд үйлдвэрлэгдсэн, авто машин– 4241244 төгрөг  ...  гэх дүгнэлт/ хэргийн 68-70  дугаар тал/

12.Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч *******гийн хэргээ хүлээн мэдүүлсэн... Би 2011 оны 11 дүгээр сарын эхээр Ховд аймгийн Дуут сумын Шивэр багийн Арын-Өөм гэх газар малаа хариулж явахдаа хойлог шувуу агнаж, мөн багийн Шар булаг гэх газар гэртээ хадгалж байгаад Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн нутагт гэртээ авчирж хөргөгчинд  хийж хөлдөөж хадгалсан. Тухайн үед өөрийн эзэмшлийн УАЗ- 469 маркийн авто машинаар эхнэрийн хамт ирсэн. Анчид аялагчид гэсэн хаалттай группэд өөрийн охин ийн   Enhmend Tavitai хаяганаас  ... хойлог хэдтэй байгаа бол авах хүн байна уу “ гэсэн зар  тавьсан. Өөрийн ТОЗ-8 маркийн буугаар буудсан, улмаар өөрийн ******* ******* улсын   дугаартай, УАЗ-469 маркийн тээврийн хэрэгсэлээр Ховд аймагт тээвэрлэн ирүүлсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү... гэх мэдүүлэг / хэргийн 77-78 дугаар тал/

13.Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч өгсөн... Манай нөхөр бид хоёр 2000 онд гэр бүл болсон. Манай нөхөр ******* архи, тамхи хэрэглэдэггүй, тайван дөлгөөн, хөдөө мал маллаж амьдардаг. 2019 онд сумын аварга, 2021 онд аймгийн аварга  малчин болж байсан. Манай нөхөр өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Манайх Ховд аймгийн төвд хашаа болон байшинтай, мянга гаруй бог мал, 80 толгой бод малтай, мал маллаж боломжийн амьдардаг. Манай нөхөр цэргийн алба хаасан ... гэх мэдүүлэг / хэргийн 80 дугаар тал/

14.Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч өгсөн... Манай хүргэн ах *******г 2000 онд манай хүргэн болсон үеэс таньдаг болсон. Манай хүргэн ах ******* тайван дөлгөөн зантай. 2021 онд аймгийн аварга малчин болж байсан. Урьд гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Ховд аймгийн Дуут сумын Шивэр багт мал маллаж амьдардаг. Аминдаа мянга гаруй бог, 80 толгой бод малтай. Цэргийн алба хаасан, боломжийн амьдралтай... гэх мэдүүлэг / хэргийн 82 дугаар тал /

15.******* дугаарын регистртэй,  Төнхөн овогт ******* ******* нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” / хэргийн 83 дугаар тал/   

16.******* дугаарын регистртэй,Төнхөн овогт ******* *******гийн Ховд аймгийн Дуут сумын 1 дүгээр Шивэр багт оршин суудаг гэх иргэний үнэмлэхний лавлагаа/ хэргийн 88 дугаар тал/

17.******* дугаарын регистртэй,  Төнхөн овогт ******* *******гийн  гэр бүлийн хэрэгцээний газар, хувийн орон сууцны хөрөнгийн мэдээлэлийн бүртгэл / хэргийн 89 дүгээр тал/

18.Ховд аймгийн Дуут сумын ан агнуурын нөөцийн төлбөрт 260000 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төрийн сангийн тоот дансанд төлсөн ХААН банкны шилжүүлэгийн мэдээлэл / хэргийн 91 дүгээр тал/

19.Галт зэвсгийн гэрчилгээ, буу эзэмшигч ******* *******, иргэний үнэмлэхний дугаар , регистрийн дугаар *******, Дуут сум Шивэр ба орос улсан үйлдвэрлэсэн, ТОЗ-8-01 маркийн 1015.83 дугаарын гол төмөр, 300 дугаартай  / хэргийн 93, 95  дугаар тал/

20.Тээврийн хэрэгсэлийн гэрчилгээ ******* ******* улсын дугаартай УАЗ - , 2001 онд үйлдвэрлэгдсэн, өмчлөгчийн нэр ******* ******* / хэргийн 94 дүгээр тал/

21.Ховд аймгийн Прокурорын  газрын прокурорын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 13 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай “ тогтоолоор  яллагдагч 3.*******гийн өмчлөлийн 2001 онд үйлдвэрлэсэн, арлын дугаар бүхий *******- ******* улсын дугаартай цагаан өнгийн УАЗ-469 маркийн тээврийн хэрэгсэлийг битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг ... / хэргийн 97-100 дугаар тал/

22. Ховд аймгийн Прокурорын газарт яллагдагч *******гийн гаргасан... Миний холбогдон шалгагдаж байгаа хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү Би гэмт хэргийн хохирол болох 260000 төгрөгийг төлж барагдуулсан. Өөрийн өмчлөлд байгаа гэмт хэрэг үйлдэх үед ашигласан буу, машиныг улсын орлого болгоход татгалзах зүйл үгүй... гэх хүсэлт / хэргийн 104 дүгээр тал/  зэрэг болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 Мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлага, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролыг төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдсан байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтаар

 Шүүгдэгч Төнхөн овогт ******* ******* нь 2022 оны 11 сарын эхээр Ховд аймгийн Дуут сумын 1 дүгээр , Шивэр багийн нутаг дэвсгэр Арын– Өөм гэх газраас Алтай хойлог/ Tetragaiius aitaicus/,  шувууг өөрийн өмчлөлийн ТОЗ-8 маркийн бууг ашиглан агнаж, өөрийн өмчлөлийн ******* ******* улсын дугаартай  УАЗ-469 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж, Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 14 дүгээр гудамж 08 тоотод байх гэртээ  хадгалсан, хэргийн үйл баримт тогтоогдсон.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтад хийсэн хууль зүйн дүгнэлт:

 Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т ““амьтан” гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа буюу түр нутагшсан ... ан амьтан ... хамаарна” гэж, Амьтны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “ховор амьтан”-д тархац нутагтаа тоо толгой цөөрсөн, нөөц багатай, устгаж болзошгүй амьтныг эсхүл ихэнх хэсэгт тоо толгой цөөрсөн, ашиглах нөөцгүй, устах аюулд орсон амьтныг хамруулахаар тус тус хуульчилж, ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнахыг хоригложээ. Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар алтайн хойлог шувууг  ховор амьтны жагсаалтад оруулж баталжээ.

Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5, 7.6 дахь хэсэгт зааснаар Ховор амьтны жагсаалт, ховор амьтныг агнах, барих зөвшөөрөл олгох журмыг Засгийн газар батална. Ховор амьтныг агнах, барих зөвшөөрлийг төрийн захиргааны төв байгууллагаас олгоно ... гэж тус тус заасан.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 11 сарын эхээр ховор амьтан болох Алтай хойлог/ Tetragaiius aitaicus/, шувууг  агнах зөвшөөрөлгүй  атлаа тухайн хойлог шувууг зөвшөөрөлгүйгээр агнаж, тээвэрлэж, өөрийн  гэртээ хадгалсан  үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, ...тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, ...тээвэрлэсэн” гэх хууль бусаар ан агнах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал ховор амьтны жагсаалтад орсон амьтныг зөвшөөрөлгүйгээр агнасан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч *******г  хууль бусаар ан агнасан, тээвэрлэсэн, хадгалсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

                           Хоёр:  Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлох баримтаар  нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 83 дугаар хуудас), шүүгдэгч *******гийн  яллагдагчаар өгсөн “...Би хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг, гэрч С.Наранцэцэг, Я.Батболд нарын мэдүүлэг авагдсан, хохирол төлсөн  зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх 1.2-т заасан... учруулсан хохирлыг нөхөн төлсөн.. гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн нөхцөл байдал тогтоогдсон.

Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмаар прокурор нь   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан  Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэх, мөн тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх саналыг, мөн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигалсан  600’000 төгрөгийн үнэлгээтэй “ТОЗ-8” маркийн бууг, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ******* ******* улсын дугаартай УАЗ - , 2001 онд үйлдвэрлэгдсэн , 1241244  төгрөгийн үнэлгээтэй  УАЗ- маркийн тээврийн хэрэгсэлийг  тус тус хураан авч гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулах буюу хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх санал гаргасныг шүүгдэгч  хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан гэх хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч *******г  хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэх, мөн тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, мөн Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 600’000 төгрөгийн үнэлгээтэй “ТОЗ-8” маркийн бууг, 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан  тээврийн хэрэгсэл  болох 1241244  төгрөгийн үнэлгээтэй  УАЗ- маркийн тээврийн хэрэгсэлийг  тус тус хураан авч гэмт хэргийн хохирол, хор уршгийг нөхөн төлөхөд зарцуулах буюу хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээг оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Гурав:  Гэмт хэргийн улмаас учирсан хохирол,

           хор уршиг , бусад асуудлын  талаар:

 Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар алтайн хойлог  шувууны экологи-эдийн засгийн үнэлгээг 130000  төгрөгөөр тогтоосон байна. Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт “Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно” гэж заасны дагуу гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг 260000 төгрөгөөр төгрөгөөр тогтоох үндэслэлтэй.

 Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол 260000 төгрөгийг Ховд аймгийн Дуут сумын Ан агнуурын нөөцийн төлбөрт 260000 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төрийн сангийн тоот дансанаар төлсөн нь ХААН банкны шилжүүлэгийн / хэргийн 91 дүгээр тал/  баримтаар тогтоогдож байх тул   хор уршигийг арилгасан гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт  ... гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгсэлийг хурааж улсын орлогод шилжүүлнэ... гэж  заасан тул шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан  түүний өмчлөлийн   орос улсад үйлдвэрлэсэн, ТОЗ-8-01 маркийн 1015.83 дугаарын гол төмөр, 300 дугаартай  / хэргийн 93, 95  дугаар тал/   600000 төгрөгний үнэ бүхий буу, ******* ******* улсын дугаартай УАЗ -, 2001 онд үйлдвэрлэгдсэн, 4241244 төгрөгний үнэ бүхий тээврийн хэрэгсэлийг тус тус хураан авч, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулах буюу хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх санал гаргасныг яллагдагч хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн ТОЗ-8-01 маркийн 1015.83 дугаарын гол төмөр, 300 дугаартай  бууг худалдан борлуулахаар  Ховд аймаг дахь  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, алтайн хойлог шувууны махыг худалдан борлуулах нь  хуулиар хориотой тул устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй.

 Эрүүгийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийг хэрэгсэлийг хураан авч хохирол, хор уршгийг нөхөн төлөхөд зарцуулахаар шийдвэрлэсэн тул шүүгдэгч  3.*******гийн  өмчлөлийн 2001 онд үйлдвэрлэсэн, арлын дугаар бүхий ******* ******* улсын дугаартай цагаан өнгийн УАЗ- маркийн тээврийн хэрэгсэлийг битүүмжилсэн Ховд аймгийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 13 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх  тухай “ тогтоолыг хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээв.

Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид  хорих ял оногдуулахыг тэнсэж, албадлагын арга хэмжээ авсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Төнхөн овогт ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан... ховор амьтанг зөвшөөрөлгүй агнасан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, тээвэрлэсэн ...  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Энэ хэрэгт эдмөрийн баримтаар хураагдсан ТОЗ-8 -01 маркийн 1015.83 дугаарын гол төмөр, 300 дугаартай бууг худалдан борлуулахаар  Ховд аймаг дахь  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, алтайн хойлог шувууны махыг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, шүүгдэгчээс гаргуулах  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй,хохирогчид учирсан хор уршигт 260000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гаас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ТОЗ-8-01 маркийн 1015.83 дугаарын гол төмөр, 300 дугаартай, 600000 төгрөгийн үнэ бүхий  буу,   ******* ******* улсын дугаартай УАЗ - , 2001 онд үйлдвэрлэгдсэн, 4241244 төгрөгний үнэ бүхий  тээврийн хэрэгсэлийг тус тус хураан авч, Байгаль орчин, уур амьсгалын санд шилжүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан... “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг тэнссэн 1 жил 6 сарын хугацаанд шүүгдэгч *******д  хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасан... Тэнссэн хугацаанд шүүгдэгч нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, мөн уг хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулж, мөн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ялуудыг нэмж нэгтгэхийг...тайлбарлаж, шүүгдэгчийн хөрөнгө хураах, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ болон тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6.Шүүгдэгч  3.*******гийн  өмчлөлийн 2001 онд үйлдвэрлэсэн, арлын дугаар бүхий *******- ******* улсын дугаартай цагаан өнгийн УАЗ-469 маркийн тээврийн хэрэгсэлийг битүүмжилсэн Ховд аймгийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 13 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх  тухай” тогтоолыг хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчин төгөлдөр болох ба шүүгдэгч *******д өмнө авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг   шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлжэгч  нар  Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд  гомдол гаргах , улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэй ба  гомдол, эсэргүүцлээ  шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Т.ЦЭЦЭГМАА