| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээний Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 106/2023/0006/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/15 |
| Огноо | 2022-12-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Эрдэнэзаяа |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 2023/ШЦТ/15
2022 12 28 2023/ШЦТ/15
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн хөтлөн,
Улсын яллагч: М.Эрдэнэзаяа,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** овогт ***ын ***д холбогдох эрүүгийн 2205000002504 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** оны 02 дугаар сарын 17-ны өдөр *** аймгийн *** суманд төрсөн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт *** дүүргийн *** дугаар хороо, *** гудамж, *** тоотод оршин суух хаягтай, *** тогоочоор ажилладаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,
*** овогт ***ын ***, /РД:***/.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч *** нь “...2022 оны 10 дугаар сарын 29-ний шөнө *** дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэр, *** байрны *** тоотод гэр бүлийн хамаарал бүхий эхнэр болох хохирогч ***тэй “хүүхдээ аав ээжийнд хүргэж өгнө, өгөхгүй” гэсэн гэр бүлийн маргаан үүсгэж, улмаар нүүр хэсэгт нь гараараа цохиж, хохирогч ***гийн биед зүүн дээд, доод зовхи, шанаанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү, бугалгад цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч *** нь “...2022 оны 10 дугаар сарын 29-ний шөнө *** дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэр, *** байрны *** тоотод гэр бүлийн хамаарал бүхий эхнэр болох хохирогч ***тэй “хүүхдээ аав ээжийнд хүргэж өгнө, өгөхгүй” гэсэн гэр бүлийн маргаан үүсгэж, улмаар нүүр хэсэгт нь гараараа цохиж, хохирогч ***гийн биед зүүн дээд, доод зовхи, шанаанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү, бугалгад цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээрх үйл баримт нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** “…гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2205000002504 дугаартай хэргээс:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ***гийн хохирогчоор өгсөн “...би найз залуу ***д ажил хийх гэж байгаа, очиж ярилцлага өгнө гэж хэлсэн чинь би чамайг явуулахгүй, ээж гэртээ хоол хийсэн гэж байна, би том хүүгээ аваад явлаа, чи бага хүүгээ яахаа өөрөө мэд гэж хэлэхээр нь би ажил хийх хэрэгтэй байна, мөнгө төгрөг алга байна, хоол хүнс алга байна, өнөөдөр ярилцлагад орох юм бол маргаашаас ажиллаж болно гэсэн. *** уурлаад өөрийн цээж хэсэг рүү цохиод орилж байснаа миний зүүн чих рүү 2 удаа алгадах үед миний толгой дүүрч манарсан. Манараад зогсож байтал гараа атгаж байгаад миний зүүн нүд рүү 6 удаа цохих үед нь би газар унаад, уйлаад зайл гэж хэлсэн. Миний гар утсыг аваад өгөхгүй байсан ба намайг орилох үед *** чимээгүй бол гээд миний амыг гараараа дараад хэвлий хэсэг рүү өшиглөсөн. Толгой, хэвлий, нуруу, чих хэсгээр өвдөж, сэтгэл санаа таагүй байна. Зүүн нүд хавдсан. Би өнөөдрийг хүртэл 180.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Би цаашид гарах эмчилгээний зардлыг гаргуулах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 тал/,
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 37-39, 41-43 тал/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 14889 дугаартай шинжээчийн “...***гийн биед зүүн дээд, доод зовхи, шанаанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү, зүүн бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 18-19 тал/,
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ын хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 53 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 54 тал/, жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 55 тал/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 56 тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 57 тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 58 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэх шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас үүссэн шууд үр дагавар болох хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг санаатайгаар, мэдэж ухамсарлаж учруулсан байхыг шаардана.
Шүүгдэгч *** нь хохирогч ***гийн биед “зүүн дээд, доод зовхи, шанаанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү, зүүн бугалгад цус хуралт” бүхий гэмтлийг учруулсан болох нь хэргийн 18-19 талд авагдсан шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 14889 дугаартай дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох шүүгдэгчийн өөрийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.
Шүүгдэгч нь бусдын биед халдах нь хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих эрх зүйн чадамжтай этгээд байх ба гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримт болох шинжээч эмчийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 14889 дугаартай дүгнэлтэд заасан гэмтэл нь цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаатай давхцаж байгаа нь шүүгдэгчийг хохирогчид дээрх гэмтлийг учруулсан гэж үзэх үндэслэлтэй.
2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 216/422 дугаартай “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан байх тул шинжээчийн 14889 дүгээр дүгнэлт энэ журамд нийцсэн байна.
Шүүгдэгч *** болон хохирогч *** нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь хэрэгт авагдсан баримтаар болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч ***ын “...2022 оны 10 дугаар сарын 29-ний шөнө *** дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэр, *** байрны *** тоотод гэр бүлийн хамаарал бүхий эхнэр болох хохирогч ***тэй “хүүхдээ аав ээжийнд хүргэж өгнө, өгөхгүй” гэсэн гэр бүлийн маргаан үүсгэж, улмаар нүүр хэсэгт нь гараараа цохиж, хохирогч ***гийн биед зүүн дээд, доод зовхи, шанаанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү, бугалгад цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Хохирол төлбөрийн тухайд
Хохирогч *** нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт 140.000 /нэг зуун дөчин мянга/-н төгрөгийн баримтыг хэрэгт хавсаргасан байна.
Шүүгдэгч *** нь хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгчээс нийт 140.000 /нэг зуун дөчин мянга/-н төгрөг гаргуулж хохирогч ***д олгох нь зүйтэй байна.
ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч *** нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүхээс шүүгдэгч ***д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.
Шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 3 /гурав/-н сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, ялын хязгаарыг Улаанбаатар хотын бүс нутгаар тогтоож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялын эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж байна.
Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** овогт ***ын ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ***д 3 /гурав/-н сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, ялын хязгаарыг Улаанбаатар хотын бүс нутгаар тогтоосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч ***д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар ***аас 140.000 /нэг зуун дөчин мянга/-н төгрөгийг гаргуулж хохирогч ***д олгосугай.
6. Шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЧИМЭГ