Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/01

 

 

 

 

 

 

   2022           12           21                                       2023/ШЦТ/01

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхзаяа,  

улсын яллагч Н.Нандин-Эрдэнэ,

шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Бэгзжав овогт Жаргалсайханы Тэргэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210000001355 дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны ***  дугаар сарын *** -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ***  настай, эрэгтэй, дээд боловсролтой, IT инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-2, эхийн хамт, *** дүүргийн *** дүгээр хороо, “*** тоотод оршин суух хаягтай, урьд *** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *** оны *** дугаар сарын ***-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн *** дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *** нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *** төгрөгөөр торгох ял шийтгэгдэж байсан, *** (РД:***

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:

Яллагдагч *** нь 2022 оны 10 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн *** дүгээр хороонд байрлах *** тоотод иргэн Б.Хулантай согтуугаар маргалдан толгой болон нүүрэн тус газарт олон удаа цохиж, түлхэж унагааж, үснээс нь чирсний улмаас баруун болон зүүн шуу, баруун сарвуу, баруун бугалга, бүсэлхий нуруу, зүүн мөр, бугалга, зүүн даланд цус хуралт, зүүн хацар, хүзүү, эрүү, баруун өгзөг, баруун болон зүүн гуянд цус хуралт, баруун болон зүүн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

        ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр бүтэн сайн өдөр байсан. Өглөө 11.00 цагийн үед найз Бат-Эрдэнийн эхнэрийн ахын ажил явдлаар Яармагт би очсон байсан. Тэгээд найз Б.Хулан тэр өдөр ажил нь эрт нь тарна гэсэн чат бичихээр нь ажил дээрээс нь очиж авсан. Тэгээд Бат-Эрдэнэ бид гурав манай *** тоот гэрт ирсэн. Тэр үед ээж эгчийнх рүүгээ явсан байсан юм. Бид гурав дэлгүүр орсон. Би уг нь архи уухгүй байгаа юм. Найзын ах нь залуухан хүн, таньдаг байсан болохоор сэтгэл сонин  болоод би гуйж байгаад 0.33 граммын архи, хоёр пиво авсан. Манай найз Бат-Эрдэнэ эхнэр Цэнгэлтэйгээ тааруу харилцаатай юм. Би тэр өдөр Цэнгэлийг гэртээ дуудсан юм. Орой нь Цэнгэл ирэхдээ 8 пиво аваад манай гэрт орж ирсэн. Бат-Эрдэнэ түрүүлээд манай гэрээс гараад явчихсан юм. Тэгээд Цэнгэл, Б.Хулан бид гурав пиво ууж байгаад хоорондоо маргалдсан. Б.Хулан яриа нийлэхгүй түрүүлээд унтсан, бас явах гэж үзсэн. Би нэлээд согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Шөнө 03 цагийн үед байх, Цэнгэл гараад явсан. Тэр явдал болохоос өмнө надад архи уугаад сонин зүйл тохиолдож байсан юм. Тэр өдөр бас л буланд суугаад шал өөр юм яриад байсан байна лээ. Цагдаа дээр хонож, маргааш нь гэрийнхэн ирж батлан дааж авсан. Б.Хулан намайг тайвшруулах гэж зөндөө оролдсон байна лээ. Хийсэн зүйлдээ одоог хүртэл өөрийгөө өмөөрөх юу ч хэлмээргүй байна. Өдийг хүртэл амьдрахдаа эмэгтэй хүнд гар хүрч үзээгүй, яагаад ийм үйл болсныг мэдэхгүй байна. Тэр өдөр Б.Хуланг маш олон удаа алгадсан байна лээ. Маш их харамсаж байна.  Их согтуу байсан болохоор зарим зүйлээ санахгүй байна. Б.Хулан бид хоёр үерхээд жил орчим болж байгаа. Б.Хулан офицерт, би Яармагт амьдардаг, нэг гэрт хамт амьдардаггүй, үерхдэг харилцаатай юм. Өөрийн хайртаа гэсэн хүндээ гар хүрсэн нь муу зүйл, архинаас л хол явах ёстой гэсэн бодолтой байна. гэсэн мэдүүлэг гаргасан болно.

 

Хоёр: Эрүүгийн 2210000001355 дугаартай хэргээс:

 

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст 2022 оны 10 дугаар сарын 09-ны өдөр иргэнээс “Нөхөр нь эхнэрээ зодоод байна” гэсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 4 дэх тал),

2. Б.Хулангийн биед 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр үзлэг хийсэн: “...167 см өндөр 25 настай гэх эмэгтэй байна. ...Нүүрэнд хоёр хацар улайж зулгарсан, зүүн талын хацар хавдаж хөхөрсөн. Зүүн талын хацар хэсэгт хуучин сорвитой. Цааш Б.Хулангийн хувцсыг тайлуулж биед нь нурууны баруун талд улайж зулгарсан, хоёр гуя хөхөрч, хэсэг газарт зулгарсан, баруун шуу, булчингийн ар хэсэг хөхөрч хавдсан өөр ямар нэг гэмтэл шарх сорви байхгүй.” ...гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 6-7 дахь тал),

3. Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс Нийтийн хэв журам хамгаалах тасаг, эргүүлийн офицер ахмад Ц.Цолмонгийн иргэн ***-д хийсэн Аюулын зэрэг “Дунд” гэсэн үнэлгээ (хавтаст хэргийн 8 дахь тал),

4. Хохирогч Б.Хулангийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр найз залуу ажлаас ирж аваад бид хоёр түүний гэр лүү явсан. Тухайн өдөр Тэргэлийн хоёр найз ирээд бид дөрөв Х нэртэй 500 граммын архи, 8 лааз пиво уусан. Би архинаас 5-6 хундагыг уугаад дахиж уугаагүй. Тэгээд харьж амрахаар гарах гэж байтал Тэргэл явуулахгүй хориод байсан. Би гэрээс нь гарч явтал хүчээр шахуу гэртээ дагуулж орж ирээд алгадсан. Үүнийг харсан Цэнгэл гэх эмэгтэй найз нь Тэргэлийг болиулахаар нь би юм ярилгүй нойл орж бөөлжөөд дотор онгойхоор нь унтахаар хэвтсэн. Шөнө дундад бие нэг л таагүй байхаар нь сэртэл Тэргэл намайг базаж чимхээд байсан. Би гайхаад босож ирэхэд хэл үггүй толгой руу маш олон удаа цохиж байгаад үснээс зулгаагаад өрөөнд байрлах ширээ хүртэл чирсэн. Сэхээ өгөхийн завдалгүй дахин намайг татаж чангаагаад ор луу түлхэж унагаагаад дээрээс толгой хэсэг рүү 2-3 цохих үед би гараараа толгойгоо хамгаалж байгаад гар луугаа хэд хэдэн удаа цохиулсан. Шинжээч эмчийн дүгнэлттэй уншиж танилцлаа, санал хүсэлт байхгүй. Тухайн гэмтлийг *** миний биед учруулсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралд оролцохгүй, хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү, ярьсан зүйл бүгд үнэн. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал),

 

5. Гэрч Д.Отгонбаярын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр өгсөн: Би Шинэ өргөө хотхоны 618 дугаар байрны 35 тоотод оршин суудаг. 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хажуу айл буюу 36 тоотод баахан хүн ирчихсэн юм уу гэмээр чанга чимээ гараад байсан. Эрүүл бус архи уучихсан шинжтэй дуу авиа гарч байсан. Шөнийн 01 цаг өнгөрөөд чимээ арай намжиж олон хүмүүсийн чимээ гарахаа болиод тухайн айлаас хүн гарч явж байгаа чимээ гарсан. Чимээ намжихаар нь унтаж байтал 04 цагийн үед хажуу айлаас эрэгтэй хүний уурлаж, зандарсан маягтай дуу чимээ гарахад нь сэрсэн. Тэр эрэгтэй хүн “чи тэгдэг биз дээ, ингэдэг биз дээ” гээд л орилоод байсан. Би 30-40 минут орчим чимээ намжихыг хүлээгээд хэвтсэн. Гэтэл чимээ улам нэмэгдээд юм цохиж байгаа чанга дуу чимээ гарсан. Тухайн үед эмэгтэй хүний ёолж байгаа чимээ гарч байсан. Би хараагүй болохоор яг юу цохиод байгааг нь мэдээгүй. Гэхдээ урьд нь манай нэг хөрш айлын хүмүүс муудалцаад хана руу юм авч шидэх, эд зүйлсээ цохих чимээ өөр байдаг байсан бол тухайн үеийн чимээ хүнийг цохиж байх үеийн тас гэх чимээ байсан. Тэгээд би болохгүй болж байгаа юм байна, хүчирхийлэл үйлдэгдэж байна гэж бодоод, мөн унтаж амрах шаардлагатай байсан учраас цагдаагийн байгууллагад өөрийн 88776008 дугаараас нөхөр нь эхнэрээ зодоод байна гэж дуудлага өгсөн. Тухайн айл нүүж ирээд удаагүй байсан байх, эсвэл их чимээгүй айл байсан. Тухайн өдөр л тийм дуу чимээ гарсан.гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дэх тал),

 

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн хүний биед хийсэн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн №13927 дугаартай:

- Б.Хулангийн биед баруун болон зүүн шуу, баруун сарвуу, баруун бугалга, бүсэлхий нуруу, зүүн мөр, бугалга, зүүн даланд цус хуралт, зүүн хацар, хүзүү, эрүү, баруун өгзөг, баруун болон зүүн гуянд цус хуралт, баруун болон зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.  

- Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 29-30 дахь тал),

 

7. Яллагдагч Ж.Тэргэлийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр өгсөн: 2022 оны 10 дугаар сарын 08-ний өдөр найзтайгаа хамт хүний ажил явдалд оролцоод найз охиноо 13 дугаар хороолол дахь ажлаас нь очиж аваад гэртээ харьсан. Тухайн үед би болон манай найз бид хоёр найз охидуудтайгаа маргаантай байсан. Эвлэрч ярилцаж ойлголцох үүднээс найз *** эхнэр Цэнгэлийг дуудаад гэртээ дөрвүүлээ суухаар төлөвлөөд Б.Хулангийн хамт дэлгүүрээс идэх уух зүйлс болон 2 лааз пиво, 0,33 граммын архи аваад гэртээ орсон. Тэгсэн миний санаснаар болоогүй. Найз Бат-Эрдэнэ эхнэртэйгээ учраа олох бодолгүй байсан уу, нэг л таагүй байдалтай байж байгаад гараад явсан. Цэнгэл, Хулан бид гурав юм ярьж сууж байгаад Б.Хулан гэр лүүгээ явна гээд босож яваад байхаар нь би 2-3 эсэргүүцэж болиулсан. Б.Хулан хэсэг сууж байгаад унтахаар хэвтээд өгсөн. Цэнгэл бид хоёр 04 цаг хүртэл ярилцаж суугаад Цэнгэл гэртээ харихаар явсан. Тэгээд орон дээр унтаж байсан Б.Хуланг сэрээгээд өмнөх асуудлаа ярьж би хэрүүл өдсөн. Түүний нүүр, толгой руу хэд хэдэн удаа алгадсан, бас үснээс нь зулгаасан. Б.Хулан намайг их тайвшруулах гэж хичээсэн боловч би өмнө болсон харилцааны үл ойлголцол, дээрээс нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байснаас үүдэж ууртай, өөрийгөө барьж чадахгүй байсан. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, уур бухимдалтай байсан учраас тийм зүйл хийсэн. Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36 дахь тал),

8. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа,  гэрлэсний бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгийн талаар лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, (хавтаст хэргийн 39-56 дахь тал),  Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 22/485 дугаартай тогтоол (хавтаст хэргийн 74 дэхь тал),  болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

  1. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч Ж.Тэргэл иргэн Б.Хулантай согтуугаар маргалдан түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай, хохирогч Б.Хулан нь эрүүл мэндэд учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна. гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм бурууд маргаагүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч *** нь согтуурсан үедээ Хан-Уул дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “*** тоот гэртээ  2022 оны 10 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө 04 цагийн үед иргэн Б.Хуланг унтаж байхад нь сэрээж шалтгаангүйгээр маргалдан, улмаар толгой, нүүрэн тус газар нь гараараа хэд хэдэн удаа цохиж, түлхэж унагаан, үснээс нь чирч бие, эрүүл мэндэд нь баруун болон зүүн шуу, баруун сарвуу, баруун бугалга, бүсэлхий нуруу, зүүн мөр, бугалга, зүүн даланд цус хуралт, зүүн хацар, хүзүү, эрүү, баруун өгзөг, баруун болон зүүн гуянд цус хуралт, баруун болон зүүн шилбэнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

- Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст 2022 оны 10 дугаар сарын 09-ны өдөр иргэнээс “Нөхөр нь эхнэрээ зодоод байна” гэсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 4 дэх тал),

- Б.Хулангийн биед 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 6-7 дахь тал),

- Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс Нийтийн хэв журам хамгаалах тасаг, эргүүлийн офицер ахмад Ц.Цолмонгийн иргэн  хийсэн Аюулын зэрэг “Дунд” гэсэн үнэлгээ (хавтаст хэргийн 8 дахь тал),

- Хохирогч Б.Хулангийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал),

 

- Гэрч Д.Отгонбаярын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дэх тал),

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн хүний биед хийсэн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн №13927 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 29-30 дахь тал),

 

- Яллагдагч Ж.Тэргэлийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 36 дахь тал), болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд нь хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба гэмт хэргийг нийгмийн аюулын шинж чанар, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт үндсэн шинжийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэж тодорхойлжээ.

 

Хэргийн үйл баримт болон цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн  хууль зүйн дүгнэлт хийхэд хохирогч Б.Хулангийн эрүүл мэндэд гэмтэл учирсан нь тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогчид учирсан гэмтэл шүүгдэгчийн үйлдэлтэй шалтгаант холбоотой буюу хохирогчийн толгой, нүүрэн тус газар нь гараараа хэд хэдэн удаа цохиж, түлхэж унагаан, үснээс нь чирэх зэргээр бие, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулжээ. Мөн шүүгдэгч Ж.Тэргэл өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг шүүгдэгчийн үйлдэл бүрэн хангасан байна.

 

            Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлээр уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж, 3.1.1 дэх заалтад “...эхнэр, нөхөр, хамтран амьдрагч ...” гэж заасан, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ... бие махбодод халдсан үйлдэл, ..., 5.1.2 дахь заалтад “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж “гэр бүлийн хүчирхийллийн улмаас ... бие махбод, сэтгэл санааны байдлаараа хохирсон хүнийг хэлнэ” гэж тус тус хуульчилсан.

            Шүүгдэгч Ж.Тэргэл хохирогч Б.Хулан нарын хувьд найз нөхдийн харилцаа холбоотой, дээрх хуулийн хамтран амьдрагч, эхнэр, нөхрийн харилцаа хамаарал хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй байх тул шүүгдэгч ***-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж зүйлчлэлийг хүндрүүлэх, эрх зүйн байдлыг нь дордуулах үндэслэл тогтоогдоогүй тул шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэсэн болно. 

            Шүүгдэгч согтууруулах ундаа хэрэглэсэн, өөрийн үйлдлийг ухамсарлах, биеэ хянах чадваргүй байсан нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна.

 

            Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ***-йиг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ шүүгдэгч сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан.

Шүүгдэгч нь монгол хэл, бичиг мэддэг байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж өөрийгөө өмгөөлөх шүүгдэгчийн хуулиар олгогдсон эрхийг хангасан болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан. 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын амь нас, эрүүл мэнд...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн ...эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ...зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй. гэж тус тус заажээ. 

Гэмт хэргийн улмаас хохирогч ***-гийн бие, эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан хэдий боловч хохирогч баримтаар нэхэмжилсэн хохиролгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг түүнд төлөх төлбөргүй гэж үзэв.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:                 

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.гэж,

   6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.гэж тус тус хуульчилсан.

Яллах, өмгөөлөх талын гаргасан санал, дүгнэлт:

Улсын яллагч санал, дүгнэлтдээ шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн *** дугаар зүйлийн ***  дэх хэсэгт зааснаар *** нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ***  төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай. Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах.гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцохдоо эрүүгийн хариуцлагын талаар хэлэх саналгүй. гэсэн болно.

Хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаагаар шүүгдэгч Ж.Тэргэл нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *** нэгжтэй тэнцэх хэмжээний *** төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн байх ба Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын *** оны *** дүгээр сарын *** -ны өдрийн ***  дугаартай тогтоолоор Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон байх тул нэмж нэгтгэх ялгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.

Шүүгдэгч ***-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн, нөгөө талаас шүүгдэгч мөн хохирогч Б.Хулангийн бие, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдэж 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 638 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдэж байсан боловч өөртөө дүгнэлт хийгээгүй, засарч төлөвшөөгүй, дахин хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Улсын яллагч шүүх хуралдаанд шүүгдэгч ***-ийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялын санал гаргаж байх боловч шүүгдэгч өмнө хүлээсэн эрүүгийн хариуцлагаа ухамсарлаагүй, өөртөө дүгнэлт хийгээгүй, засарч төлөвшөөгүй, дахин гэмт хэрэгт холбогдсон, нөгөө талаас хохирогчийн хуулиар хамгаалагдсан эрх чөлөөг гэмт халдлагаас хамгаалах Эрүүгийн хуулийн болон хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцүүлэх үүднээс улсын яллагчийн саналыг хүлээн аваагүй болно.

 

3. Бусад асуудлын талаар: Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт баривчлагдсан хугацаагүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Бэгзжав овогт Жаргалсайханы Тэргэлийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бэгзжав овогт Жаргалсайханы Тэргэлийг 720 (долоон зуун хорь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Тэргэлд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Тэргэл нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч *** оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч ***-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан хугацаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч *** хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ДОРЖСҮРЭН