Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 338

 

Ц.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2017/02612 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ц.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ШУТИС-д холбогдох

 

Ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулж ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгүүлэх тухай маргаантай хэргийг

           

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Ц.Мөнхбат,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Ганбилэг,

Хариуцагчийн өмгөөлөгч: Н.Номин-Эрдэнэ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ШУТИС-ийн удирдах зөвлөлөөс Санхүү, эдийн засгийн газрын 2013, 2014, 2015 онуудын ажлын үр дүнг тус бүр хангалттай сайн" гэж дүгнэсэн. Дээрх дүгнэлтийн дагуу жил бүрийн ШУТИС-ийн ректорын холбогдох тоот тушаалуудаар үр дүнгийн урамшуулал шагнал авсан. Нэхэмжлэгч Ц.Б-ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.3 дахь хэсэг заалтыг баримтлан 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн Б/33 тоот тушаалаар ажлаас чөлөөлөхдөө ямар зөрчлийг хэзээ гаргасныг тушаалд тусгаагүй. Сахилгын зөрчлийг хариуцагч байгууллага тогтоогоогүй. Ажилтны гаргасан зөрчлийн талаарх баримт, тэмдэглэл, Ц.Б-ийн тайлбар зэрэггүйгээр сахилгын зөрчил ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй. Иймээс Ц.Б-ийг санхүү эдийн засгийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, цалин олговорт 22 897 742 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалд заасны дагуу сүүлийн 3 сарын дундаж цалинг тодорхойлдог. Цалин хөлсний бүрэлдэхүүнд үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс зэргийг оруулан тооцдог. Энэхүү журмын дагуу нөхөн олговроо тооцоолсон. 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн Б/15 тоот тушаал яригдахгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт сахилгын шийтгэл ногдуулснаас хойш 1 жилийн өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцно гэж заасны дагуу сахилгын шийтгэлгүйд тооцно. 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн сахилгын шийтгэл нь 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр сахилгын шийтгэлгүйд тооцогдсон учир хариуцагчийн тайлбар нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй. 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр ногдуулсан сахилгын шийтгэл ногдуулах тухай А/134 дугаар тушаалыг Ц.Б-эд танилцуулаагүй. Ц.Б- нь ажлаас чөлөөлөгдөхдөө тухайн тушаалыг мэдсэн учир нэхэмжлэлд дурдсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дугаар зүйлийн 131.2 дахь хэсэгт сахилгын зөрчил гарснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын ногдуулна гэж заасан. Гэтэл 2017 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс 8 дугаар сарын 07-ны өдрийн дотор сахилгын шийтгэл ногдуулах ёстой байсан хугацаа өнгөрсөн учраас сахилгын шийтгэл ногдуулах хууль зүйн үндэслэлгүй. Аудитын баримтад дурдагдсан зөрчлүүд хэзээний ямар зөрчил гэдэг нь тодорхой бус. Санхүүгийн баримтад дээр гаргасан зөрчлүүд хэзээний зөрчил гэдэг нь тодорхойгүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дугаар зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан сахилгын зөрчил гарснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын ногдуулна гэсэн заалтыг зөрчсөн. Иймээс 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр ногдуулсан сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй. Сахилгын шийтгэлийг мэдэгдээгүй учраас нэхэмжлэгч шүүхэд гомдол гаргаагүй. Хариуцагч байгууллага сахилгын шийтгэлээ танилцуулаагүй. Миний бие Б.Арвинбаяр, н.Хашбаяр, Ц.Б- нартай 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр мэдэгдсэн тухай хурлын тэмдэглэлд тусгасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д зааснаар энэ маргаан шүүхээр шийдүүлэх маргаан бөгөөд зөрчлийг мэдсэн өдрөөс хойш 3 сарын дотор шүүхэд гомдлоо гаргах ёстой байсан. Гэтэл тухайн тушаалыг танилцуулаагүй учраас гомдлоо гаргаагүй. Тушаал танилцуулаагүй бөгөөд тушаал танилцуулсан баримт нь хэрэгт авагдаагүй. Иймээс 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/134 тоот тушаал нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй. 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн ректорын зөвлөлийн хурлын тэмдэглэлийн 3 дахь хуудсан дээр захиргаа, мониторингийн газрын дарга н.Пүрэв хэлэхдээ “... миний бие өчигдөр Б.Арвинбаяр, Ц.Б-, н.Хашбаяр нартай уулзаад ажлаас нь чөлөөлөх тухай хэлсэн тэд нар зохих газар ажлаа тайлагнаж байж асуудлыг шийднэ” гэсэн гэжээ. Тэгэхээр 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн уулзалтаар ажлаас чөлөөлөхийг хэлсэн. Хурлын тэмдэглэл дээр энэ хурал ямар зорилгоор хэзээ болсон хурал гэдэг нь тогтоогдохгүй байна. Ц.Б- нь өөрийн найз н.Батчулуунтай үгсэн хуйвалдаж шинэ жилийн баярын цэнгүүнийг төрийн сан төсвийн хөрөнгө болох 1 900 000 төгрөгөөр ивээн тэтгэж, үлэмж хэмжээний хохирол учруулж, эрх мэдэл албан тушаалаа хэтрүүлсэн гэж үндэслэлгүй бичжээ. 2015 оны 12 дугаар сард зөрчил гаргасан гэж үзвэл 2 жил өнгөрсөн гэсэн үг. Мөн Ц.Б- нь худалдан авалтыг мэдэгдэлгүйгээр зохион байгуулсан гэжээ. Гэтэл энэ хэзээний зөрчил нь тодорхойгүй. Ц.Б- нь бусадтай нийлж, эрх мэдэл албан тушаалаа ашиглан төсвийн хөрөнгөөр гадаадад зугаалж, онц их хэмжээний хохирол учруулсан гэжээ. Гэтэл энэ нь 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн асуудлыг дурдсан бөгөөд зөрчил гаргаснаас хойш 1,6 хугацаа өнгөрсөн байна. Ц.Б- нь шунахайн сэдлээр төсвийн хөрөнгийг ашиглаж байсан нь тогтоогдож байна. Жишээ нь: Дархан-Уул аймгийн технологийн сургуулиар өөрийгөө тодорхойлуулж шагнуулах, семинарын зардалд төсөвлөгдсөн мөнгийг хувийн дансандаа шилжүүлэн завших зэргээр Авилгатай тэмцэх газар шалгуулах нэлээдгүй үйлдэл гаргасан гэжээ. Гэтэл энэ нь 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр үйл явдлыг хэлж байна. Эдгээр үндэслэлүүдээр ажлаас халжээ. Гэтэл эдгээр гаргасан гээд байгаа зөрчлүүд нь үйл баримт нь тогтоогдохгүй байна. Зөрчлийг нотлох баримт байхгүй. Ректорын хурлын тэмдэглэл нь зөрчлийг нотолж байгаа нотлох баримт биш. Зөрчил дээр тайлбар авах ёстой. Зөрчлийг илрүүлэх ёстой. 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр болсон хурал дээр яригдсан зүйл нь Ц.Б- нь төсвийн талаар асуусан асуултад буруу хариулах, сайн мэдэхгүй байгаа зэрэг хувь хүн талаасаа зөндөө алдаа гаргасан удирдах зөвлөлийн гишүүний хувьд үзэхэд Ц.Б- нь ажлаа хийж чадахгүй байна гэж үзсэн. Үүнээс мэргэжил арга зүйн хувьд албан тушаалдаа тэнцэхгүй гэх асуудал яригдаж, бүтцийн өөрчлөлт хийнэ багаар хамтарч ажиллахгүй байх талаараа хуралдаанаараа ярьсан бөгөөд тухайн хурлаараа зөрчлийн тухай яриагүй зөрчлийг илрүүлээгүй. Эндээс харахад ажлаас халагдсан үндэслэл тогтоогдохгүй байна. Захиргаа, мониторингийн газрын дарга н.Пүрэв 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Б.Арвинбаяр, Ц.Б-, н.Хашбаяр нарыг ажлаас чөлөөлөхөөр болсныг мэдэгдсэн. Тушаалын үндэслэл хэсэгт дурдсан тайлбар худал мэдүүлсэн гэж үзэж байна. Мөн Б.Арвинбаяр, Ц.Б-, н.Хашбаяр нарыг Авлигатай тэмцэх газар шалгуулахад Нийслэлийн прокурорын 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 162 дугаар тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Ийм учраас ноцтой зөрчил нь тогтоогдохгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Ц.Б- нь удаа дараа сахилгын зөрчил гаргасан. Дотоод аудитор Г.Бэлэгтэд тэтгэмж 21 551 400 төгрөгийг давхардуулан олгож, сургуулийг хохироосон үйлдэлдээ 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/15 тоот ректорын тушаалаар сануулах сахилгын шийтгэл авч байсан. Мөн захиргаа бүрэлдэхүүн сургуулийн санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих, холбогдох арга хэмжээг аваагүй үйлдэлдээ 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/134 тоот ректорын тушаалаар сануулах сахилгын шийтгэл авсан. Улмаар Ц.Б- нь 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр ректорын зөвлөлийн хуралд ажлаа танилцуулаагүй, санхүүгийн үйл ажиллагаа хангалтгүй явагдаж байна гэдэг үндэслэлээр 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн Б/33 тоот тушаалаар Ц.Б-ийг ажлаас чөлөөлсөн. Ц.Б- нь шүүхэд гаргасан тайлбартаа сахилгын шийтгэл авснаа дурдсан, тухайн сахилгын шийтгэлдээ гомдол гаргаагүй учир тухайн хүлээн зөвшөөрч байна” гэж үзэж байна. Ийнхүү Хөдөлмөрийн тухайн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг баримталсан. Ц.Б- нь 1 563 200 төгрөгийн үндсэн цалинтай. Ц.Б- нь хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан тул ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Сахилгын шийтгэл хүлээсэн тухайн үндэслэл нь ректорын зөвлөлийн хурлын 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн хурлын тэмдэглэлд тодорхой авагдсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Б-ийг эрхэлж байсан Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Санхүү эдийн засгийн албаны даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас Шинжлэх ухаан технологийн их сургуулийн ректорын ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай Б\33 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Шинжлэх ухаан технологийн их сургуулиас олговорт 22 897 792 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Б-эд олгуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилтийг зөвтгөн хийхийг хариуцагч Шинжлэх ухаан технологийн их сургуульд үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Шинжлэх ухаан технологийн их сургуулиас хариуцан төлөх улсын тэмдэгтийн хураамжид үндсэн шаардлагад 70 200 төгрөг, олговорт гаргуулсан дүнгээс тооцон 272 439 төгрөг бүгд 342 639 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганбилэг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй гэж үзэж давж заалдах гомдол гаргасан. Ц. Бумцэнд нь 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Санхүү, эдийн засгийн газрын даргын албан тушаал, 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс бүтцийн өөрчлөлтөөр тус сургуулийн Санхүү, эдийн засгийн албаны даргын албан тушаалд томилогдон ажиллаж байсан. Ц.Б-ийг 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс ШУТИС-ийн ректорын Б/33 тоот тушаалаар ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43, 131 дүгээр зүйлийн 131.1.3, ШУТИС-ийн дүрмийн 4.12.6, 4.12.8, 9.2, сургуулийн дотоод журмын холбогдох заалт, ректорын зөвлөлийн 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэсэн. Шүүх Ц.Б-ийг сахилгын хариуцлага хүлээлгэх сахилгын зөрчил гаргасан байдал нь тогтоогдохгүй байна гэж үзжээ. Ц.Б- нь ажиллаж байх хугацаандаа ажилдаа хариуцлагагүй хандаж, ректорын зөвлөлийн хурлыг тасалж, цаг хугацаандаа ажлаа тайлагнаагүй, мөн сахилгын давтан зөрчлүүд гаргасан байтал шүүх нотлох баримтыг үнэлэхгүйгээр шийдвэрлэсэн нь хууль бус байна Ц.Б- 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн Б/15 тоот ректорын тушаалаар сануулах сахилгын шийтгэл хүлээсэн. Уг шийтгэл нь 2015 оны 12 дугаар сарын 23-нд ажилдаа хариуцлагагүй хандаж дотоод аудитор Г.Бэлэгтэд тэтгэмж давхардуулан олгож сургуульд 21 551 400 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд нь оногдуулсан. Энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдсан байгаа. Мөн 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/134 тоот ректорын тушаалаар сануулах сахилгын шийтгэл хүлээсэн. Ингэхдээ Захиргаа, бүрэлдэхүүн сургуулийн санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих, зөрчил дутагдал гарсан тохиолдолд арилгах арга хэмжээ аваагүй, хариуцлагагүй хандаж хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үйлдэлдээ уг шийтгэлийг хүлээсэн. 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн Б/33 тоот тушаал нь Ц Бумцэнд ажил үүргийн хүрээнд ректорын зөвлөлийн хуралд ажлаа тайлагнах ёстой байсан. Гэтэл уг хурлыг тасалсан явдал нь хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй нь сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл юм. Энэ нь ректорын зөвлөлийн 2016 оны 9 дүгээр сарын 13, 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн хурлын тэмдэглэлүүдээр тус тус нотлогдож байгаа. Шүүх "... 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн Б/15 тоот ректорын тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулснаас хойш Ц.Б- сахилгын зөрчил гаргасан үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдохгүй байна гэжээ ...” Гэтэл Ц.Б- нь 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/134 тоот ректорын тушаалаар сануулах сахилгын шийтгэл хүлээсэн тушаалыг орхигдуулсан. Уг сахилгын шийтгэл ногдуулсан ректорын тушаалд Ц.Б- нь гомдол гаргаагүй байгаа нь хүлээн зөвшөөрсөн гэж ойлгогдохоор байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4 дэх хэсэгт заасан сахилгын шийтгэл ногдуулснаас хойш 1 жил өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцно гэсэн. Гэтэл Ц.Б- нь сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа өнгөрөөгүй байхад давтан сахилгын шийтгэл хүлээж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болсон. Ц.Б-ийг ажлаас чөлөөлсөн 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн Б/33 тоот ректорын тушаал нь хуульд нийцсэн үндэслэл бүхий болсон. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзэлгүйгээр хэт нэг талыг баримталж шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Ц.Б- нь хариуцагч ШУТИС-д холбогдуулан ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Ц.Б- нь нэхэмжлэлээ анх шүүхэд 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэгч ирээгүй үндэслэлээр 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр шүүгчийн захирамжаар Ц.Б-ийн нэхэмжлэлийг буцаасан байна. /хх-ийн 5-р тал/

Тэрээр 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэгчийн хүсэлтээр нотлох баримт гаргуулах тухай шүүгчийн захирамж гарч, 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр шүүгчийн захирамжаар шийдвэрлэгдсэн хэргээс 45 хуудас баримт хуулбарлагдаж, архивын тэмдэг дарагдсанаар хавтаст хэрэгт авагджээ. /хх-ийн 28-74-р тал/

Анхан шатны шүүх дээрх баримтуудаас үнэлж хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэнтэй нийцээгүй байна. Тодруулбал:

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэж заасан шаардлагыг хангаагүй болно.

 

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтыг  удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2017/02612 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тус шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   М.НАРАНЦЭЦЭГ                                            

                                                          ШҮҮГЧ                                   С.ЭНХТӨР                                                                                                         

                                                                                            Г.ДАВААДОРЖ