Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2021/00923

 
 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Сонинбаяр, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 182/ШШ2020/02175 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2246 дугаар магадлалтай,

 

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар

 

нэхэмжлэл: үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч *******гийн хяналтын журмаар 2020.12.15-ны өдөр гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нарийн бичгийн даргад Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: ЧД-н ИХАШШ-н шүүгчийн 2017.01.26-ны өдрийн 182/ШШ2017/00221 дугаар захирамжаар *******, Б.Гэрэлчулуун нараас 54,522,136 төгрөг гаргуулж, Хасбанк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Тус гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулан үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2202009751 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 15-р хороо, Жаргалантын 23-р гудамж, 386 тоот хувийн орон сууц, газрын хамт 47,036,000 төгрөгөөр, мөн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202014154 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүрэг, 16-р хороо, Согоотын 50-р гудамж, 577-б тоот хувийн сууц, хашааны хамтаар 16,087,500 төгрөгөөр үнэлсэн талаар 2020.06.09-ний өдөр мэдэгдсэн байдаг. Уг үл хөдлөх хөрөнгүүдийг бидний зүгээс нийтэд нь 100,000,000 төгрөг байхаар үнийн санал өгсөн. Мөн тус үл хөдлөх хөрөнгүүдийг үнэлэхдээ хэмжилт хийгээгүй, үнэн зөв үнэлээгүй нь өргөтгөл хийсэн болон өрөө хоорондын талбайг нийлүүлэн өөрчилснөөс хамаарч ашигтай талбай ихэссэн, ашигтай байрлал гэх зэрэг хөрөнгийн үнийг бус төлбөрийн хэмжээг харгалзан үнэ гаргасан байна гэж харахаар байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7-д заасныг үндэслэн үнэлгээтэй холбоотой гомдол гаргаж байна. 386 тоот хувийн орон сууц, газрын хамт 47,036,000 төгрөгөөр, 577-б тоот хувийн сууц, хашааны хамтаар 16,087,500 төгрөгөөр үнэлснийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч тайлбартаа: Төлбөр төлөгч ******* өөрийн өмчлөлийн хашаа байшинг 75сая төгрөгөөр Б.Оюунчимэгийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 52сая төгрөгөөр үнэлэх үнийн саналыг өгсөн. Б.Оюунчимэг өөрийн өмчлөлийн Ү-2202020643 дугаартай ЧД-н 16-р хороо, Согоотын 5 дугаар гудамж 577/б тоот хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 50сая төгрөгөөр үнэлэх үнийн саналыг өгсөн байна. Төлбөр төлөгч Б.Гэрэлчулуун нь төлбөр төлөгч *******гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөнд 75сая төгрөг, Б.Оюунчимэгийн үл хөдлөх эд хөрөнгөнд 30сая төгрөгийн үнийн саналыг өгсөн бөгөөд дээрх саналыг төлбөр авагч Хасбанк ХХК хүлээн зөвшөөрөөгүй тул 2020.05.29-ний өдрийн 5/310 дугаартай шинжээч томилох тогтоолоор Файн эстимэйт ХХК-ийн үнэлгээчин Н.Цолмонгэрэлийг, мөн өдрийн 5/313 дугаартай шинжээч томилох тогтоолоор Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийн үнэлгээчин Г.Отгонбаяр нарыг томилсон байна. Файн эстимэйт ХХК 2020.06.08-ны өдөр *******гийн өмчлөлийн Ү-2202009751, Г-2202003088 дугаарт бүртгэлтэй, 386 тоот хашаа байшинг 47,036,000 төгрөгөөр, Сэлэнгэ-Эстимэйт ХХК 2020.06.10-ны өдөр Т.Оюунчимэгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202020643 дугаарт бүртгэлтэй, 577/б тоот хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 16,087,500 төгрөгөөр тус тус үнэлгээ тогтоосон байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад дээрх үнэлгээг 2020.06 сарын 09, 10-ны өдрүүдийн 4/22963, 4/22868, 4/22867,4-122/22964 дугаартай албан бичгээр мэдэгдэж тэмдэглэлээр баталгаажуулсан. Мөн анхны дуудлага худалдааны 2020.06.22-ны өдрийн 7/70 тоот, 2 дахь дуудлага худалдааны 2020.07.21-ний өдрийн 8/30 тоот тогтоолыг хуулийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад гардуулан өгсөн байдаг. ШШГТХ-н 42.1, 55.2-н дагуу үнэлгээг мэргэжлийн шинжээч гаргадаг тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 182/ШШ2020/02175 дугаар шийдвэр гаргаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-т заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох барьцаа хөрөнгийн үнэлгээний тайлангаар үнэлэгдсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 07 сарын 30-ны өдрийн 182/ШЗ2020/07565 дугаар захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2246 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 182/ШШ2020/02175 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

 

Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Үнэлгээ хийх эрх бүхий компани үнэлгээ хийхдээ үл хөдлөх хөрөнгөд хэмжилт хийж тогтоогдсон мкв бүрийг зах зээлийн үнэнд шилжүүлэн үнэ гарна. Үнэлгээ хийх компани үнэлгээ хийх эрх байсан хэдий ч үл хөдлөх хөрөнгийн мкв-ын хэмжилт хийх тусгай зөвшөөрөл авсан байх, хэрэв тийм зөвшөөрөл байхгүй бол тусгай зөвшөөрөл бүхий этгээдийг хуульд зааснаар урьж оролцуулдаг. Хоёр шатны шүүх үзэхдээ хэмжилт хийх тусгай зөвшөөрөлгүй компани үнэлгээ хийсэн байна энэ нь хууль зөрчсөн гээд нэхэмжлэл гаргаад байхад шүүх нотлох баримтыг өөрөө цуглуулан мкв-ыг нотлох ёстой гэж үзээд байна. Харин Төрийн эрх бүхий байгууллагаас үнэлгээчин томилоод тус үнэлгээ хийх компани хуульд нийцээгүй үнэлгээ хийсэн байхад үнэлгээний компани тус үнэлсэн зүйлээ ингэж хэмжсэн гэх нотлох баримтаа гаргаж өгөөгүй байхад хувь хүнээс мкв хэмжсэн нотлох баримт шаардаж байгаа нь шударга биш байна. Үнэлгээ хийсэн компани хууль зөрчөөгүй үл хөдлөх хөрөнгийг хэмжих ёсгүй гэх шийдвэр аль шатны шүүх гаргаагүй байна. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

******* 2020.06.15-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Чингэлтэй дүүрэг, 15-р хороо, Жаргалантын 23-р гудамж, 0386 тоот хаягт байршилтай нэг хүний буюу *******гийн өмчлөлийн 96 кв.м хувийн орон сууц, 377 м.кв газрын хамт 2020.04.15-ны байдлаар 47,036,000 төгрөгөөр.,Чингэлтэй дүүргийн 16-р хороо, Согоотын 50-р гудамж, 577-б тоот хаягт байршилтай нэг хүний буюу Т.Оюунчимэгийн өмчлөлийн 300 м.кв өмчлөлийн газрыг 32,5 м.кв сууцны хамт 2020.06.10-ны байдлаар 16,087,500 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох /хх1/-ыг шаардсан, хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан байна.

 

1. Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

а/. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Хасбанк ХХК нь *******, Б.Гэрэлчулуун нарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, талууд эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр эвлэрч, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2017.01.26-ны өдрийн 182/ШШ2017/00221 дүгээр захирамжаар 54,522,136.12 төгрөгийг хуваарийн дагуу төлж барагдуулах, барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, барьцаанд Чингэлтэй дүүрэг, 15-р хороо, Жаргалантын 23-р гудамж, 0386 тоот хаягт байршилтай 377 м.кв газар, 96 м.кв хэмжээтэй хувийн сууц, Чингэлтэй дүүргийн 16-р хороо, Согоотын 50-р гудамж, 577-б тоот хаягт байршилтай 300 газар, 32,5 м.кв хувийн сууц, 05-58 УНХ Hyundai porter маркийн ачааны автомашин, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжүүд байгаа талаар заасан байна. /хх11/

 

б/.Төлбөр төлөгч Б.Гэрэлчулуун болон өмчлөгч Т.Оюунчимэг нар нэхэмжлэл гаргаагүй, тэдгээрийг нэхэмжлэгч төлөөлөх эрхтэй тухай баримт хэрэгт авагдаагүй тул шүүх Чингэлтэй дүүргийн 16-р хороо, Согоотын 50-р гудамж, 577-б тоот хаягт байршилтай нэг хүний буюу Т.Оюунчимэгийн өмчлөлийн 300 м.кв өмчлөлийн газар.,32,5 м.кв сууцыг 16,087,500 төгрөгөөр үнэлсэн үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох *******гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

 

в/. Чингэлтэй дүүрэг, 15-р хороо, Жаргалантын 23-р гудамж, 0386 тоот хаягт байршилтай нэг хүний буюу *******гийн өмчлөлийн 96 кв.м хувийн орон сууц, 377 м.кв газрын хамт 2020.04.15-ны байдлаар 47,036,000 төгрөгөөр үнэлсэнд нэхэмжлэгч гомджээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч ...хэмжилт хийгээгүй...үнэн зөв үнэлээгүй...хэт доогуур үнэлсэн.. /хх1/ гэсэн үндэслэл заасан байх бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзүүлэх хүсэлтдээ ..үнэ нь хэт бага...үнэн зөв үнэлээгүй../хх 24/ талаар дурдсан, гэрч асуулгах хуралдаан хойшлуулах хүсэлтдээ үнэлгээтэй холбоотой үндэслэл заагаагүй /хх157, 166/, нэхэмжлэлтэй холбоотой өөр тайлбар гаргаагүй ба анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцоогүй байна.

 

*******гийн гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлд хариуцагч тайлбар өгч, шүүх хуралдаанд оролцжээ. /хх 33/

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа ..хэмжилт хийх тусгай зөвшөөрөлгүй компани үнэлгээ хийсэн байна энэ нь хууль зөрчсөн.. гэсэн үндэслэл зааж байгаагүй тул хяналтын гомдол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4-т нийцээгүй гэж үзнэ.

 

Иймд ... хэмжилт хийх тусгай зөвшөөрөлгүй компани үнэлгээ хийсэн гэж маргаж байхад шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй.. гэх гомдол шийдвэр, магадлалыг хүчингүй болгох нөхцөл болохгүй гэж үзнэ.

 

2. Шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, зохигч нар нийт 47,036,000 төгрөгөөр үнэлэгдсэн эд хөрөнгийн байршлыг ...386 тоот.. мөн ...0386 тоот.. гэж., ... орон сууц..газар.. эсхүл ..хашаа.. байшин.. гэж өөр өөр байдлаар тодорхойлсон байхад шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй нь дутагдалтай болжээ.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч нь эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгохыг шаардсан байхад шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийг тодорхой бус заасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д нийцээгүй байна.

 

******* нь Чингэлтэй дүүрэг, 15-р хороо, Жаргалантын 23-р гудамж, 0386 тоот хаягт байршилтай нэг хүний буюу *******гийн өмчлөлийн 96 кв.м хувийн орон сууц болон 377 м.кв газрыг нийт 47,036,000 төгрөгөөр., Чингэлтэй дүүрэг, 16-р хороо, Согоотын 50-р гудамж, 577-б тоот хаягт байршилтай нэг хүний буюу Т.Оюунчимэгийн өмчлөлийн 300 м.кв өмчлөлийн газрыг 32,5 м.кв сууцны хамт 16,087,500 төгрөгөөр үнэлсэн /хх105-128/ үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасан байгаа тул нэхэмжлэлийг тодорхой тусгаж, шийдвэр магадлалд өөрчлөлт оруулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2246 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг дэх заалт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 182/ШШ2020/02175 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтыг ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-т заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Чингэлтэй дүүрэг, 15-р хороо, Жаргалантын 23-р гудамж, 0386 тоот хаягт байршилтай 96 кв.м хувийн орон сууцыг 377 м.кв газрын хамт 47,036,000 төгрөгөөр, Чингэлтэй дүүргийн 16-р хороо, Согоотын 50-р гудамж, 577-б тоот хаягт байршилтай 300 м.кв өмчлөлийн газрыг 32,5 м.кв сууцны хамт 16,087,500 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох тухай *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.. гэж өөрчлөн, шийдвэр магадлалын бусад заалтуудыг хэвээр үлдээж, хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД, Г.БАНЗРАГЧ

П.ЗОЛЗАЯА

Х.СОНИНБАЯР

Б.УНДРАХ