Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2024/0732

 

 

 

 

 

“ЭЭЭЖ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

 

Шүүх  бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Н.Долгорсүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон: Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Буянхишиг

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 940 дүгээр шийдвэр,

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б

 

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: “ЭЭЭЖ” ХХК

Хариуцагч: Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Ц.Э, Б.Б нар

 

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагч Ц.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А,

Хэргийн индекс: 128/2023/0051/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага:Татварын Ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын улсын байцаагч Ц.Э, Б.Б нарын “ЭЭЭЖ” ХХК-д тогтоосон 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн НА/*** дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Татварын Ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын улсын байцаагч Ц.Э, Б.Б нарт холбогдуулан гаргасан.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 940 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2, 47.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан Татварын Ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын Улсын байцаагч Ц.Э, Б.Б нарын “ЭЭЭЖ” ХХК-д тогтоосон 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн НА-*** дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:

3.1.Шүүх хэргийн үйл баримтыг бүрэн тогтоогоогүй, түүнчлэн хэрэгт байх нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлээгүй. Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснээс гадна нийтээр дагаж мөрдөөгүй хууль, журмыг буцаан хэрэглэж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглэхгүй татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулсан болно.

3.2.Учир нь “ЭЭЭЖ” ХХК нь төмрийн хүдэр худалдах, худалдах авах үйл ажиллагаанд зуучилж гэрээний талуудыг холбох, гэрээ байгуулахад туслалцаа үзүүлэх мөн худалдан авагчтай “Төмрийн хүдэр тээвэрлэх гэрээ” байгуулсны үндсэн дээр түүний худалдан авсан төмрийн хүдрийг ачуулах үйл ажиллагаа эрхэлсэн ба энэхүү ажлын орлогыг хүлээн авч, зориулалтын дагуу зарцуулсан. Мөн тус компани энэхүү ажил гүйцэтгэж олсон орлогоо тайландаа тусгасан, Энэ нь хэрэгт авагдсан “ЭЭЭЖ” ХХК-ний дансны хуулгад байх мөнгөн гүйлгээ,түүний утга агуулгаас болон гэрээнүүд /худалдах болон тээврийн ажил гүйцэтгэх/, тайлан зэргээр бүхэлдээ нотлогддог.

3.3.Гэтэл шүүх “ЭЭЭЖ” ХХК-ний дээрх үйлдэлд Ашигт малтмалын хуулийг тайлбарлан хэрэглэхдээ 2019.03.13 -2021.12.31-ний өдрийг хүртэлх хугацааг хамарсан хяналт, шалгалт хийсэн бөгөөд шүүх “... татварын хяналт шалгалтад хамаарах хугацаагаар авч үзвэл ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч төлөхөөр, 2019 оны 4 дүгээр сарын 08-аас 10 сарын 30-ыг хүртэл ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд төлөхөөр, 2019 оны 10 дугаар сарын 30-аас “ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч, ашигт малтмал экспортлогч этгээд”... төлөхөөр байна. Энэ тохиолдолд “ЭЭЭЖ” ХХК нь ... маргааны үйл баримтад дурдсан төмрийн хүдрийг өөрийн компанийн нэр дээр гаалийн байгууллагад мэдүүлэн, тогтоосон хураамжийг төлж, гаалийн бүрдүүлэлт хийлгэн Монгол Улсын гаалийн хилээр гаргах зөвшөөрлийг авч, Бн***-руу нэвтрүүлсэн, Товчхондоо, ... төмрийн хүдрийг Бн***-д гаргаж зарж, үйлчилгээний экспорт хийсэн болох нь гаалийн мэдээ, төв лабораторийн дүгнэлтээр тогтоогдож байх тул ... Ашигт малтмалын тухай хуулийн 47.1.2-т заасан ашигт малтмал экспортолсон этгээд гэж үзэж АМНАТ ноогдуулсан нь үндэслэлтэй гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтыг хамааралтай, ач холбогдолтой талаас бүрэн үнэлээгүй байна.

3.4.Учир нь “ЭЭЭЖ” ХХК төмрийн хүдрийн худалдагч, экспортлогч байх хуульд заасан шаардлагаар бол худалдсан төмрийн хүдрийн мөнгийг нь хүлээн авч байж, бүтээгдэхүүнийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг хүлээх ёстой. Хэргийн үйл баримтаар болон хэрэгт авагдсан нотлох баримтаар төмрийн хүдрийг худалдан борлуулсны мөнгийг Бн***-ын компаниас, “ДТҮ” ТӨҮГ ХХК болон “Мб” ХХК нар хүлээн авч, харин “ЭЭЭЖ” ХХК ачих, тээвэрлэхтэй холбогдон гарах зардлыг, ажлын хөлсний хамт хүлээн авч, зарцуулж байгааг үзвэл хэн худалдагч, худалдан авагч вэ гэдэг нь тодорхой атал шүүх тус компанид зориулж “үйлчилгээний экспорт” хийсэн гэж дээрх байдлаар дүгнэж Ашигт малтмалын тухай хуулийн 47.1 дэх хэсэгт хамааруулсан нь үндэслэлгүй юм.

3.5.Тухайлбал, Гаалийн тухай хууль 3 дугаар зүйлийн 3.1.1."бараа" гэж гаалийн хилээр нэвтрүүлэх ачаа, тээш, эд юмс ... зэрэг хөдлөх эд хөрөнгө ...- ийг, 3.1.7."гаалийн мэдүүлэг" гэж мэдүүлэгчийн сонгосон гаалийн бүрдүүлэлтийн горимын дагуу шаардагдах мэдээлэл агуулсан бичиг баримтыг, 3.1,8."мэдүүлэгч" гэж гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлж байгаа аливаа этгээдийг” ойлгохоор тус тус заажээ. Дээрх заалтуудаас харахад “гаалийн бүрдүүлэлт хийсэн бол экспортлогч” гэж үзэх агуулгагүй байх бөгөөд гаалийн хилээр нэвтрүүлэх бараа...-г гаалийн байгууллагад аливаа этгээд мэдүүлж болохоор байна. Мөн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6 дахь хэсэгт "татвар төлөгч" гэж Монгол Улсын гаалийн хилээр бараа нэвтрүүлэхээр мэдүүлсэн этгээд гэж заасан байх тул гаалийн байгууллагад бараа мэдүүлж байгаа аливаа этгээд гаалийн татвар төлөх үүрэгтэй байна. Харин АМНАТ төлөх үүрэгтэй этгээдийг Ашигт малтмалын тухай хуулиар тусгайлан зохицуулсан тул ашигт малтмалыг гаалийн хилээр нэвтрүүлсэн этгээдийг АМНАТ гэж үзэхээргүй байдаг.

3.6.Гаалийн тухай хуулийн 25.2.2 дахь хэсэгт Магадлан шинжилгээг гаалийн лаборатори, гаалийн байгууллагаас томилсон байгууллага, эсхүл шинжээч хийнэ гэж зохицуулсан байна. 2023 оны 05 сарын 16-ны өдрийн А/315 дугаартай тушаалаар хүчингүй болсон 2019 оны 10 сарын 30-ны өдрийн А/226 дугаартай Гаалийн ерөнхий газрын даргын Журам батлах тухай тушаал, түүний хавсралтууд, тухайлбал, Барааны сорьц, дээж, загвар, магадлан шинжилгээ хийх, дүгнэлт гаргах журамд зөвхөн “экспортлогч” магадлан шинжилгээ хийлгэх буюу магадлан шинжилгээ хийлгэсэн этгээдийг “экспортлогч” болох тухай зохицуулаагүй. Харин уг журамд “мэдүүлэгч” гаалийн байгууллагад барааг мэдүүлэх тухай заасан байна.

3.7.Түүнчлэн шүүх “хэлэлцүүлгийн шатанд мэдүүлсэн хариуцагч нарын ... АМНАТ-ын төлбөрт хасагдах зардал гэсэн ойлголт байхгүй бөгөөд борлуулалтын үнээс тооцно. Борлуулалтын үнэлгээг тооцохтой холбоотой Засгийн газрын журам хэрэгжинэ. ... ДТҮ татвараас зайлсхийх гэсэн гурвалсан үйл ажиллагаа явагдсан. ДТҮ 2.5% төлсөн бөгөөд жишиг үнээр тооцоход 5% төлөх ёстой юм” гэх тайлбар хууль зүйн үндэстэй гэж дүгнэсэн. Ийнхүү шүүх хавтаст хэрэгт авагдсан гэрээ, тухайлбал Төмрийн хүдэр тээвэрлэх гэрээ, тээврийн хөлс, түүний зарцуулалт зэрэг баримтад огт дүгнэлт хийгээгүй боловч шүүх хуралдаан дээр тайлбарласан хариуцагчийн “ДТҮ татвараас зайлсхийх гэсэн гурвалсан үйл ажиллагаа явагдсан” гэсэн бусад баримтаар нотлогдоогүй тайлбарыг “хууль зүйн үндэслэлтэй” гэж дүгнэсэн. Хэрэв энэ тайлбар үнэн бол татварын алба энэхүү “... гурвалсан үйл ажиллагааг...” нотолж, зохих этгээдэд хариуцлага хүлээлгэх үүрэгтэй боловч татварын хяналт, шалгалтыг бүрэн гүйцэд хийгээгүй. Харин татварын байцаагч нар зөвхөн “ЭЭЭЖ” ХХК л шалгах үүрэгтэй болохоос өөр этгээдийг шалгаж болохгүй” гэж тайлбарладаг. Гэтэл шүүгч татварын байцаагч нарын дээрх тайлбарыг нотолсон хуульд заасан арга, хэрэгслээр авагдсан ямар ч нотлох баримт байхгүй байхад уг тайлбарыг үндэслэлтэй хэмээн хийсвэр дүгнэлт хийж, уг дүгнэлтдээ үндэслэн манай компанийг “нэгэнт татварын зөрчил гаргасан” гэж үзэж ойлгомжгүй, эргэлзээтэй дүгнэлт хийсэн.

3.8.Дээрх байдлаас үзвэл Шүүх болон Том татвар төлөгчийн газрын улсын байцаагч нар нь 2019 61 хууль зөрчсөн гэх үндэслэлээр үйлчлэлийг нь түдгэлзүүлж, улмаар 2019.11.25-ны өдрөөс дагаж мөрдөхөөр заасан Ашиг малтмалын тухай хуулийн Холбогдох заалтууд болон мөн 2020.06 сараас нийтээр дагаж мөрдөж эхэлсэн Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 342, 465 тогтоолын хавсралтаар баталсан журмыг манай компанийн худалдах, худалдан авах ажиллагаанд зуучилж, бусдын худалдан авсан төмрийн хүдрийг тээвэрлүүлэх ажил гүйцэтгэхдээ 2019, 2020 онд нийт *** ш гаалийн бүрдүүлэлт хийсэн үйлдэлд дүгнэлт хийж Ашигт малтмалын тухай хуулийг буруу тайлбарлан "экспортлогч" гэж үзсэн.

3.9.Энэ нь шүүх хүчин төгөлдөр дагаж мөрдөөгүй хууль, журмыг 2019, 2020 онд буцаан хэрэглэж татвар төлөгч манай байгууллагын эрх зүйн байдлыг дордуулж 2022 оны 6 сарын 24- ний өдрийн НА-*** дугаартай актаар 678,518,113.34 төгрөгийн нөхөн татвар, 213,209,023.14 төгрөгийн торгууль, 144,440,738.55 төгрөгийн алданги, нийт 1,036,167,875.03 төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/ ногдуулж байгаа үндэслэлгүй тул гомдолтой байна.

Товч илэрхийлбэл, шүүх татвар ногдох орлогыг нэмэгдүүлэн тооцсонтой холбоотой маргааныг тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийг хэрэглэж шийдвэрлэх зарчимд нийцүүлээгүйн дээр хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд "эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцааж хэрэглэхгүй" байх суурь зарчмыг баримтлаагүй гэж үзэхээр байна.

3.10.Учир нь, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2 дахь заалт буюу "ашигт малтмал экспортолсон этгээд" гэсэн хуулийн заалт болон Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 06 сарын 28-ны өдрийн 03 дугаартай дүгнэлтээр Үндсэн хуулийг зөрчсөн гэж дүгнэсэн 47.1 дэх хэсгийн "Ашигт малтмал худалдсан, худалдан авахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд...нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож төсөвт төлнө" гэх заалтыг хүчин төгөлдөр үйлчилж байсан гэж манай компанийн үйл ажиллагааг ангилж ялгалгүйгээр экспортлогч, ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан гэж 2019 оны үйл ажиллагаанд хуулийг буцаан хэрэглэж, мөн 2020 оны үйл ажиллагаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлээгүй журмаар АМНАТ-ын тайлан гаргаж, төлбөр төлөх ёстой гэсэн нь үндэслэлгүй юм.

3.11.Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 47.6 дах хэсэгт /2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр өөрчлөгдсөн/ хуулийн этгээдийн төлбөл зохих татвар ногдох орлогыг тодорхойлох аргачлал тогтоож, төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэн тооцох тухай Засгийн газрын 2019 оны 342, 465 дугаар тогтоолоор батлагдсан журам нь гарсан өдөр болох 2019.09.04, 2019.12.25 өдрөөс хүчинтэй үйлчлэх ч 2020.06 сард нийтлэгдсэнээс хойш буюу нийтээр дагаж мөрдөх ёстой тул “ЭЭЭЖ” ХХК-ний 2019, 2020.06 сар хүртэлх үйл ажиллагаанд буцаан хэрэглэж АМНАТ-ын төлбөр тогтоосон буруу юм.

3.12.“ЭЭЭЖ” ХХК-нь ашиг олох, борлуулах зорилгоор төмрийн хүдрийг худалдаж аваагүй бөгөөд гадаад улсын иргэн хуулийн этгээдэд худалдаагүй, худалдах зорилгоор гаалийн хилээр гаргаж экспортлоогүй тул Ашигт малтмалын 47.1-д заасан ашигт малтмал экспортлогч биш бөгөөд бусдын худалдсан болон худалдан авсан төмрийн хүдрийг богино ирээсээр тээвэрлэх, вагонд ачуулах ажил гүйцэтгэсэн ба ийнхүү тээвэрлэлт хийлгэх, вагонд ачуулахад компанийн нэрээр гаалийн бүрдүүлэлт хийсэн нь АМНАТ төлөх үндэслэл болохгүй юм.

3.13.Түүнчлэн Татварын байцаагч нарын шахалтаар дээрх үйл ажиллагааны дагуух гаалийн мэдээлэлд 2019, 2020 онд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Засгийн газрын 2016 оны 81-р тогтоолыг баримтлан тусгай зөвшөөрөл эзэмшигч ДТҮийн гэрээний үнийг баримтлан АМНАТ-ын тайлан гаргаж, төлбөр төлснийг буруутгах үндэслэл бөгөөд хариуцагч нь тайлан гаргах үед уг журам үйлчилж байсныг хүлээн зөвшөөрдөг.

3.14.Шүүх хяналт шалгалтыг удирдамжгүй хийсэн үйлдэлд үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй байна. Шүүх "... хэрэгт байгаа удирдамж Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 5.2..... хавсралт хэргийн материалд авагдаагүй,... удирдамжийн 2.2 дахь хэсэгт.... гэх боловч нэгэнт татварын зөрчил илэрсэн бодит тул энэ үндэслэлээр маргаан бүхий актыг хууль бусад тооцох боломжгүй юм гэж дүгнэсэн. Энэхүү дүгнэлтээс харахад шүүх "удирдамж хууль зөрчсөн болохыг хүлээн зөвшөөрсөн байна. Харин шүүх нэгэнт зөрчил илэрсэн бол татварын байцаагч нар хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж буюу тухайн зөрчлийг шалгах тусгай удирдамжгүйгээр хяналт, шалгалт хийж болно хэмээн татварын байцаагч нарын хууль бус үйлдлийг зөвтгөсөн нь хууль бус юм. Шүүх ийнхүү дүгнэлт хийхдээ удирдамжийн 2.2 дахь заалтыг тайлбарласан нэхэмжлэгч талын тайлбарыг буруу ойлгож дүгнэсэн.

3.15.Тухайлбал, удирдамжийн 2.2 дахь хэсэгт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч, ашигт малтмалын бүтээгдэхүүнийг худалдан борлуулагч, худалдан авагч татвар төлөгч хамаарна /Хавсралт -2/ гэсэн байх тул хэнийг шалгах гэж байгаа тухай заагаагүй байгаа тухай тайлбарласан. Хяналт шалгалтыг хэрэгжүүлэхдээ хэнийг, ямар хугацаанд шалгахыг тодорхой заах тухай хуульчилсан байгаа тухай тайлбарласан болно.

3.16.Учир нь Татварын ерөнхий хуулийн 5.1... хяналт шалгалт хийх, үйл ажиллагаанд зайлшгүй байх, тодорхой байх, шударга байх зарчмыг баримтлах тухай заасан. Татварын байцаагч нар хяналт, шалгалтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах үүрэгтэй бөгөөд Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.13 дахь хэсэгт Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга баталж, мөрдүүлнэ" гэж заасан.

3.17.Гэвч татварын байцаагч нар хүчингүй болсон Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмыг баримталж хяналт, шалгалт хийн Нөхөн ногдуулалтын акт үйлдсэн. Мөн 2019.03.13 2021.12.31-ний өдрийг хүртэлх хугацааг хамрах "Эрсдэлд суурилсан, төлөвлөгөөт бүс, хэсэгчилсэн Татварын хяналт шалгалтыг “ЭЭЭЖ” ХХK -д хийх тухай 2022 оны 05 сарын 27-ны өдөр үйлдсэн Томилолтын 7 дахь хэсэгт "Татварын хяналт, шалгалт эхлэх, зарцуулах хугацааг 2022 оны 06 сарын 2-ны өдөр, 22 ажлын өдөр" буюу 2022 оны 07 сарын 04-ны өдөр дуусахаар байна. Харин татварын байцаагч нар Нөхөн ногдуулалтын актыг 2022 оны 06 сарын 24-ний өдөр үйлджээ. Иймээс хяналт, шалгалт хийх хугацаанд Татварын ерөнхий газрын даргын 2014 оны 04 сарын 15-ны өдрийн Журам батлах тухай Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам/ А/39 дугаартай тушаал үйлчилж байжээ.

3.18.Гэвч энэхүү А/39 дугаартай тушаал, түүний хавсралтууд 2022 оны 06 сарын 24-ний өдрийн Журам, маягт батлах тухай Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам/ дугаартай тушаалын 3 дахь хэсэгт зааснаар хүчингүй болсон. А/70 дугаартай тушаалаар А/39 дугаартай тушаалыг хүчингүй болгохдоо "хүчингүй болох" өөр хугацаа заагаагүй, харин 2022 оны 06 сарын 24-ний өдрөө хүчингүй болсон байна. 2022 оны Журам, маягт батлах тухай /Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам/ А/70 дугаартай тушаал нь Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд 2022 оны 07 сарын 08-ны өдрийн 5904 дугаарт бүртгэгдсэн бөгөөд 2022 оны 07 сарын 25-ны өдрийн 21 дугаарт нийтлэгдсэн. Иймээс А/39 дугаартай тушаал, түүний хавсралтууд хүчингүй болсон өдөр буюу 2022 оны 06 сарын 24-ний өдөр Нөхөн ногдуулалтын акт үйлдсэнээс гадна энэхүү хяналт шалгалтыг "удирдамжгүй" хийсэн буюу хяналт, шалгалт хийх үндэслэл, журмыг зөрчсөн тул энэхүү акт нь хүчингүй болох үндэслэлтэй акт юм.

3.19.Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/ 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт "Татварын алба татварын хяналт шалгалтыг ерөнхий болон тусгай удирдамж, томилолттой хийх бөгөөд бүрэн, эсхүл хэсэгчилсэн хэлбэрээр олон улсын жишиг, хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ" гэж заасан. Харин нэхэмжлэгч тал татварын байцаагч нараас дээрх тайлбарт анхан шатны шүүх хуралдаанаас өмнө болон хуралдааны үед тайлбар авахыг шаардсан боловч энэхүү тайлбарт бичгээр болон амаар тайлбар өгөөгүй болно.

3.20.Иймээс татварын байцаагч, тэдгээрийн төлөөлөгч нар дээрх тайлбарыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна. Мөн шүүх дээрх нотлох баримтуудад үндэслэлтэй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй болно. Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2 дах хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

ХЯНАВАЛ:

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

1.Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Ц.Э, Б.Б нар нь “ЭЭЭЖ” ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд эрсдэлд суурилсан, төлөвлөгөөт бус хэсэгчилсэн хяналт шалгалтыг хийж маргаан бүхий нөхөн ногдуулалтын актыг гаргажээ.

 

2.Маргаан бүхий 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн НА-*** дугаар нөхөн ногдуулалтын актаар[1] нэхэмжлэгч “ЭЭЭЖ” ХХК-ийг:

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн /ТТ-15/-ийн тайлангаар 2019 онд 20,214,80 тонн, 2020 онд 40,428.17 тонн, нийт 60,642.97 тонн төмрийн хүдрийг экспортод гарган борлуулахдаа 12,760,570,950.57 төгрөгийн борлуулалтын үнэлгээг дутуу тооцож, ашигт малтмал ашигласны үндсэн төлбөр ногдуулж, төсөвт төлөөгүй нь Ашигт малтмалын тухай /2006 он/ хуулийн 4.1.7, 47.1, 47.2, 47.2.1, 47.3, 47.3.3-т заасныг,

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн /ТТ-15/-ийн тайлангаар 2019 онд 20,214,80 тонн, 2020 онд 40,428.17 тонн, нийт 60,642.97 тонн төмрийн хүдрийг экспортод гарган борлуулахдаа 2019 онд 3,758,640,744.35 төгрөг, 2020 онд 9,001,930,206.21 төгрөг нийт 12,760,570,950.57 төгрөгийн борлуулалтын үнэлгээг дутуу тооцож, ашигт малтмал ашигласны нэмэлт төлбөр ногдуулж, төсөвт төлөөгүй нь Ашигт малтмалын тухай хуулийн /2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өөрчлөн найруулснаар/ 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.2, 47.5, 47.8-д заасан заалтыг,

Ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн төлбөр 2021 онд 96,535,891.42 төгрөгийг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй, хугацаа хожимдуулсан нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.10, Татварын Ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг тус тус зөрчсөн гэж үзэн 678,518,113.34 төгрөгийн нөхөн татвар, 213,209,023.14 төгрөгийг торгууль, 144,440,738.55 алданги, нийт 1,036,167,875.03 төлбөрийг төлүүлэхээр тогтоожээ.

3.Нэхэмжлэгчээс Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд хандан “...татварын байцаагч нар хяналт шалгалт хийхдээ тухайн үеийн хүчин төгөлдөр үйлчилж байсан хуульд байхгүй заалтаар нэхэмжлэгчийг ашигт малтмалын нөөц ашигласны татвар төлөгч гэж үзэж акт тогтоосон, нэхэмжлэгч нь экспортлогч биш тээвэрлэгчийн үүрэг гүйцэтгэсэн тул АМНАТ төлөх үндэслэлгүй” гэсэн агуулгаар гомдол гаргасныг Маргаан таслах зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 12 дугаар тогтоолоор[2] улсын байцаагч нарын нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

4.Нэхэмжлэгчээс ““ЭЭЭЖ” ХХК нь ашиг олох, борлуулах зорилгоор төмрийн хүдрийг худалдаж аваагүй бөгөөд гадаад улсын иргэн хуулийн этгээдэд худалдаагүй, худалдах зорилгоор гаалийн хилээр гаргаж экспортлоогүй тул Ашигт малтмалын 47.1-д заасан ашигт малтмал экспортлогч биш, бусдын худалдсан болон худалдан авсан төмрийн хүдрийг богино ирээсээр тээвэрлэх, вагонд ачуулах ажил гүйцэтгэсэн ба ийнхүү тээвэрлэлт хийлгэх, вагонд ачуулахад компанийн нэрээр гаалийн бүрдүүлэлт хийсэн нь АМНАТ төлөх үндэслэл болохгүй, манай компанийн үйл ажиллагааг ангилж ялгалгүйгээр экспортлогч, ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан гэж 2019 оны үйл ажиллагаанд хуулийг буцаан хэрэглэж, мөн 2020 оны үйл ажиллагаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлээгүй журмаар АМНАТ-ын тайлан гаргаж, төлбөр төлөх ёстой гэсэн нь үндэслэлгүй,  хяналт шалгалтыг удирдамжгүй хийсэн” гэж маргажээ.

5.Хариуцагч талаас “...хяналт шалгалтын хүрээнд авагдсан баримтууд болох тус компанийн 2019-2021 онуудын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан, гаалийн мэдээ, Гаалийн төв лабораторийн магадлан шинжилгээний дүгнэлт, тус компанийн гаргаж өгсөн Төрийн хүдрийн баяжмал худалдах, худалдан авах гэрээнүүдээс үзвэл “ЭЭЭЖ” ХХК нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Ашигт малтмалын тухай /2006 оны/ хуулийн 47.1, 47.1.2-т зааснаар экспортлогч буюу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч мөн тул акт тогтоосон” гэж тайлбарласан.

            Нэхэмжлэгчийн “ашигт малтмал экспортлогч биш, хуульд зааснаар АМНАТ төлөх үүрэггүй” гэх гомдлын тухайд:

6.Ашигт малтмалын тухай (2006 оны) хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-дэх заалтыг “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө” гэж 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар УИХ-аас өөрчилжээ.

7.Уг 47.1-дэх заалтыг “ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө” гэж УИХ-аас 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчилсөн.

Тодруулбал, 2011 оны хуулиар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (цаашид АМНАТ гэх) төлөгч нь зөвхөн “ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч” байсан бол 2019 оны өөрчлөлтөөр АМНАТ төлөгч нь ашигт малтмал “худалдсан”, “худалдахаар ачуулсан”, “ашигласан” этгээд байхаар өргөжүүлэн зохицуулсан байна.

8.Энэхүү 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчилсөн Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг болон бусад холбогдох зүйл, заалтыг Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдийн 04 дүгээр тогтоолоор “Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн” гэж үзэж хүчингүй болгосон.

 9.Үүний дараа УИХ-аас баталсан 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг “Доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна:” 47.1.1.“ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч”, 47.1.2.“ашигт малтмал экспортолсон этгээд”, 47.1.3.“Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд” гэж өөрчилсөн бөгөөд уг хууль өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байна.

10.Энэхүү хэргийг хянан шийдвэрлэх цаг хугацаанаас  өмнө гарсан Улсын дээд шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 001/ХТ2024/0046, 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 001/ХТ2024/0055 дугаар тогтоолоор 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр нэмэлт, өөрчлөлт орсон Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг Үндсэн хуулийн цэцээс хүчингүй болгосны үр дагаврыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн хэсэгтэй холбон тайлбарлахдаа “сүүлд Үндсэн хуульд нийцээгүй хэмээн хүчингүй болсон хууль анх батлагдсан цагаасаа авхуулан үйлчлэлээ алдах нь гагцхүү Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуулийн хүрээнд хариуцлагыг хөнгөрүүлэх тохиолдолд хамаарахаар байна. Иймд татвараа үнэн зөв суутгаж тайлагнаагүйгээс татварын хууль тогтоомжид үндэслэн ашиг малтмалын нөөц ашигласны төлбөрийг нөхөн ногдуулсан энэхүү хэргийн хувьд дээрх зохицуулалт хамааралгүй” гэж тайлбарлан хэрэглэжээ.

11.Энэ маргааны хувьд, нэхэмжлэгч “ЭЭЭЖ” ХХК нь 2019, 2020, 2021 онуудад төмрийн хүдэр, баяжмал Монгол Улсаас худалдан авч Бн***-руу экспортолсон гэдэг нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч компанийн АМНАТ ашигласны төлбөрийн тайлан, гаалийн мэдүүлэг, гаалийн мэдээ[3], Гаалийн төв лабораторийн магадлан шинжилгээний дүгнэлтүүд[4], Худалдах, худалдан авах гэрээнүүд[5] зэргээр тогтоогдож байх тул тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгч компанийг ашигт малтмал “худалдсан”, “худалдахаар ачуулсан”, “ашигт малтмал экспортолсон этгээд” гэж үзэх үндэслэлтэй юм.

Мөн дээр дурдсан Улсын дээд шүүхийн Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг тайлбарлан хэрэглэсэн маргаантай ижил төстэй байдлаар нэхэмжлэгч талаас маргаж байх тул энэхүү хэрэгт мөн адил уг хуулийг тайлбарлан хэрэглэх нь зүйтэй  байна.

12.Иймд нэхэмжлэгч компанийн 2019, 2020, 2021 онд экспортолсон төмрийн хүдэр, баяжмалын борлуулалтын үнэлгээг дутуу тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн төлбөр ногдуулж, хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй, хугацаа хожимдуулсан зөрчил гаргасан цаг хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн зохицуулалтыг үндэслэн хариуцагч нараас нэхэмжлэгч компанид нэхэмжлэгч компанийг ашигт малтмал “худалдсан”, “худалдахаар ачуулсан”, “ашигт малтмал экспортолсон этгээд” гэж үзэн нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсныг буруутгах үндэслэлгүй бөгөөд үүнтэй холбоотой анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

13.Үүний учир нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “ашигт малтмалыг гаалийн хилээр нэвтрүүлсэн этгээдийг АМНАТ төлөгч гэж үзэхээргүй, экспортолсон этгээд биш, зөвхөн тээвэрлэсэн,  ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан гэж 2019 оны үйл ажиллагаанд хуулийг буцаан хэрэглэсэн, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2 дахь заалт буюу "ашигт малтмал экспортолсон этгээд" гэсэн хуулийн заалт болон Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 06 сарын 28-ны өдрийн 03 дугаартай дүгнэлтээр Үндсэн хуулийг зөрчсөн гэж дүгнэсэн” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.

Нэхэмжлэгчийн “хяналт шалгалтыг удирдамжгүй хийсэн” гэх гомдлын тухайд:

14.Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Ц.Э, Б.Б нар нь Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн даргын 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2122*** тоот томилолт[6], Татварын ерөнхий газрын дарга болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга нараас баталсан “Хяналт, шалгалт хийх тусгай удирдамж”[7]-ын дагуу “ЭЭЭЖ” ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд эрсдэлд суурилсан, төлөвлөгөөт бус хэсэгчилсэн хяналт шалгалтыг 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хийсэн гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдов.

            15.Иймээс хариуцагч нараас нэхэмжлэгч компанийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийхдээ Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т “Татварын алба татварын хяналт шалгалтыг ерөнхий болон тусгай удирдамж, томилолттой хийх бөгөөд бүрэн, эсхүл хэсэгчилсэн хэлбэрээр олон улсын жишиг, хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ.” гэж заасныг зөрчиж хяналт шалгалтыг удирдамжгүй хийсэн гэж шүүхээс үзэх үндэслэлгүй бөгөөд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүлээн авах үндэслэлгүй байна.

Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 940 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Бн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                      Н.ДОЛГОРСҮРЭН

 

       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                       Д.БААТАРХҮҮ

 

ШҮҮГЧ                                                       А.САРАНГЭРЭЛ

 

 

 

 

[1] Хэргийн 1-р хавтас 11-12 дахь тал

[2] Хэргийн 1-р хавтас 19-22 дахь тал

[3] Нотлох баримтын 33-45 дахь тал

[4] Нотлох баримтын 46-54 дэх тал

[5] Хэргийн 1-р хавтас 23-26, 32-36, 39-45, Хэрэгт нотлох баримтаар авагдсан баримтын 55-67 дахь тал

[6] Хэрэгт нотлох баримтаар авагдсан баримтын 1 дэх тал

[7] Хэрэгт нотлох баримтаар авагдсан баримтын 2 дахь тал