Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/16

 

 

 

 

 

 

   2022           12          28                                          2023/ШЦТ/16

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

МОГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн хөтлөн,

Улсын яллагч: М.Эрдэнэзаяа  

Шүүгдэгч: *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** овогт ***ын ***өд холбогдох 2205000002129 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны 5 дугаар сарын 18-ны өдөр *** аймагт төрсөн, эрэгтэй, халх, дээд боловсролтой, 27 настай, ам бүл 3, эцэг, эхийн хамт *** дүүргийн *** дугаар хороо, *** тоотод оршин суух хаягтай, хэрэг үйлдэх үедээ *** компанид жолоочийн ажил эрхэлдэг гэх, урьд

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар ял шийтгүүлж байсан,

*** овогт ***ын *** /РД:***/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь “...Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” компанид хүргэлтийн жолоочоор ажиллах явцдаа 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр захиалагч нарын тооцооны орлого болох 714.250 төгрөгийн өөрийн хувийн данс руу шилжүүлэн авч, хөрөнгө завшсан...” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч *** нь “...Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” компанид хүргэлтийн жолоочоор ажиллах явцдаа 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр захиалагч нарын тооцооны орлого болох 714.250 төгрөгийн өөрийн хувийн данс руу шилжүүлэн авч, хөрөнгө завшсан...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ийн “.. гэм буруутай, маргахгүй...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2205000002129 дугаартай хэргээс:

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ***ийн хохирогчоор өгсөн “...Манай жолооч болох ***ийн орлого байхгүй байсан. Лавлаж асуутал өөрийнхөө дансанд мөнгийг нь шилжүүлж, бооцоотой тоглоом интернэтээр тоглож, манай байгууллагын мөнгийг алдсан байсан. 1.114.250 төгрөг авах ёстойгоос өөрийн ажилласан хугацааны хөлс болох 400.000 төгрөгийг хасаад 714.250 төгрөг авах ёстой. Тухайн мөнгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 тал/,

 

“***” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн  24/А-069 тоот тушаал /хх-ийн 37 тал/,

 

*** салбарын өдрийн тайлан, захиалгын баримт, дансны хуулга /хх-ийн 39-41 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 12 тал/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 19 тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 20 тал/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 21 тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 22 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 23 тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 24 тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 25 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч ***өд холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд шүүгдэгч *** нь “...Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” компанид хүргэлтийн жолоочоор ажиллах явцдаа 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр захиалагч нарын тооцооны орлого болох 714.250 төгрөгийн өөрийн хувийн данс руу шилжүүлэн авч, хөрөнгө завшсан...” болох нь шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** мэдүүлэг, “***” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн  24/А-069 тоот тушаал /хх-ийн 37 тал/, *** салбарын өдрийн тайлан, захиалгын баримт, дансны хуулга /хх-ийн 39-41 тал/ зэргээр нотлогдон тогтоогдлоо.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан “хөрөнгө завших” гэмт хэрэг нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшиж өөрийн өмчийн адил захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийн улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байхыг шаарддаг.

 

          Шүүгдэгч *** нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч ***ийн “...Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” компанид хүргэлтийн жолоочоор ажиллах явцдаа 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр захиалагч нарын тооцооны орлого болох 714.250 төгрөгийн өөрийн хувийн данс руу шилжүүлэн авч, хөрөнгө завшсан...” гэх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч ***ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

 

Шүүгдэгч ***ийн үйлдсэн хөрөнгө завших гэмт хэргийн улмаас хохирогч “***” ХХК-д нийт 714.250 /долоон зуун арван дөрвөн мянга хоёр зуун тавь/-н төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** мэдүүлэхдээ “...бүх хохирлоо барагдуулж дууссан. Ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй болно...” гэх хүсэлтийг гаргасан  байна.

 

Шүүгдэгч *** нь гэмт хэргийн улмаас хохирогч “***” ХХК-ийн нэхэмжилсэн хохирол төлбөрийг төлж барагдуулсан болох нь тогтоогдсон тул шүүгдэгч ***ийг хэрэг хянан шийдвэрлэх үед бусдад төлбөл зохих хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч *** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завших гэмт хэргийг  үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч ***өд ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

   Шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 500 /таван зуу/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж шийдвэрлэв.

 

   Шүүгдэгч нь түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх  ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх  хэсэгт заасны дагуу шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелүүлээгүй нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд тайлбарлаж байна.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** овогт ***ын ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ийг 500 /таван зуу/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч ***өд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *** нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүй, хохирол төлөгдсөн болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  шүүгдэгч ***өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЭРДЭНЭЧИМЭГ