Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/35

 

 

 

 

 

 

2023         01          02                                        2023/ШЦТ/35

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярбат,

Улсын яллагч Д.Ариунжаргал,

Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох 2206 03748 3109 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Сайнцагаан суманд 1959 оны 01 дүгээр сарын 31-нд төрсөн, бүрэн дунд боловсролтой, 63 настай, эрэгтэй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 15 дугаар гудамжны 208 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй,

Дундговь аймгийн шүүхийн 1975 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 09 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1964 оны Эрүүгийн хуулийн 168.Б-д зааснаар 2 жилийн хугацаагаар 4 сарын хорих ял,

Ардын армийн шүүхийн 1979 оны 04 дүгээр сарын 20-ний өдрийн 38 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1964 оны Эрүүгийн хуулийн 168.В-д зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял,

Дундговь аймгийн шүүхийн 1985 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 3/61 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 88.А-д зааснаар 2 жилийн хорих ял,

Дундговь аймгийн шүүхийн 1988 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 3/9 дугаартай тогтоолоор 1964 оны Эрүүгийн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэг, 153 дугаар зүйлийн 153.4 дэх хэсэгт тус тус зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял,

Дундговь аймгийн шүүхийн 1995 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 277 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял,  

Дундговь аймгийн шүүхийн 1996 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 129 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэг, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт тус тус зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэгдэж байсан, Б овогт Дын Б /РД: /.

Хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Д.Б нь согтуурсан үедээ буюу 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, 15 дугаар гудамжны 208 тоотод “гэрт өтгөнөө гаргасан” гэх шалтгааны улмаас иргэн Б.Гэрэлээг нүүрэн тус газар нь цохиж, өшиглөж эрүүл мэндэд нь зүүн тенториумын аалзан хальсны доорх голомтлог цус харвалт, баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамрын таславч зөрүүтэй хугарал, баруун зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимд цус хуралт,  баруун доод зовхинд язарсан шарх зүүн зовхи хацарт зулгаралт, эрүүний зөөлөн эдийн няцрал доод уруулын шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй... Тухайн үед энэ хүн нь ахыгаа нас барсан гээд надаас мөнгө авах гээд ирсэн. Би өөрийгөө өмөөрөх гэж байгаа юм биш. Энэ хүн өөрөө өтгөн, шингэнээ гаргадаг газар гаргасан бол ийм асуудал болохгүй байсан.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулсан дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн үйл баримтын талаар:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.03/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.05-08/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх.12/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Гэрэл өгсөн: “Намайг зодсон Б гэх хүнтэй танилцаад 2 жил гаруй болж байгаа бөгөөд 2022 оны 06 дугаар сарын 19-нд би Бы 89393945 дугаарт залгаад ярихад намайг “гэрт хүрээд ир, жаахан юм ярьж сууя” гэсэн. Намайг очиход “архи уух уу, пиво уух уу” гэж асуусан. Тэгэхээр нь архи уухгүй гэж хэлээд 2.5 литр хэмжээтэй пиво авсан. Нэг пиво хувааж уугаад байж байтал 0.75 литр хэмжээтэй хар экс архи гаргаж ирээд, бид 2 ярилцаж уг архи задлаад бага зэрэг уусан. Би архи сайн уудаггүй ба ууж байхдаа согтоод юу болсон талаар мэдээгүй. Гэнэт ухаан ороход би ширээний хажуугаар шалан дээр хэвтэж байтал Б намайг хөлөөрөө нүүр, нурууны баруун тал руу өшиглөж байсан. Нүүр лүү гараараа алгадаад “муу хар гичий чинь өтгөнөө гаргаад байхдаа яадаг юм” гэж хэлээд намайг зодож байсан. Тэгээд би “өөрөө цэвэрлэнэ” гээд инээгээд босоод, гэрээс нь гарч гүйгээд гэртээ харьсан юм. Намайг гэртээ орсны дараа Б араас миний утас куртик хоёрыг авч ирээд үлдээсэн байсан. Би 2015 онд тал харваж байсан тул архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй. Тухайн үед манай ах өнгөрчихсөн байсан тул би сэтгэл зүйн дарамттай байсан учраас хэтрүүлж уугаад согтчихсон байсан. Би уг архинаас 2 хундага л уусан, тэрнээс илүү уугаагүй. Ухаан ороход намайг “өмдөндөө өтгөнөө гаргачихсан” гээд алгадаж өшиглөж байсан. Би тухайн үед цагдаагийн байгууллагад хандаагүй, манай охин мэдээд маргааш нь цагдаагийн байгууллагад мэдэгдэж эмнэлэгт үзүүлэх тогтоол авч мэдүүлэг өгсөн...” гэх мэдүүлэг /хх.24-25/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч гэрч Б.Сарангэрэлийн “... Би 2022 оны 04 сараас 9 cap хүртэл хугацаанд эгч Гэрлээгийн гэрт 2 хүүхдийнхээ хамт амьдарч байсан бөгөөд 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдөр би ажлаа тараад орой 23 цагийн орчимд эгчийн гэрт очиход эгч байхгүй байсан. Тэгээд би гэртээ очоод байж байтал шөнө 01 цагийн орчимд Гэрлээ эгч ганцаараа нэлээд согтуу дээгүүрээ футболктой, доогуураа нүцгэн /дотуур хувцасгүй байсан гэх/ байдалтай орж ирсэн. Эгчийг орж ирэхээр нь харахад баруун нүд улайж хавдаад цус гарсан байдалтай байсан бөгөөд эгчээс юу болсон юм гэж асуухад “Б гэх таньдаг хүнийхээ гэрт пиво уусан. Тэгээд би зарим зүйлийг сайн санахгүй байна. Ямар ч байсан Б намайг зодсон, нүд рүү маань цохисон” гэж хэлсэн. Тэр үед эгчийн нүднээс цус гараад хөл, гар нь бас цус болсон байхаар нь би зургийг нь утсаар дарсан юм. Тэгтэл 5-10 орчим минутын дараа Б гэх хүн гаднаас нэлээд согтуу байдалтай орж ирээд “танай эгч чинь манай гэрт өмдөндөө баасан” гэхээр нь “та тэглээ гээд хүнийг ингэтэл зоддог юм уу” гэхэд “би зодоогүй, ганц нэг л алгадсан шүү дээ” гэхээр нь би уурласан...” гэх мэдүүлэг /хх.54-55/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Бы яллагдагчаар өгсөн: “ ... Тухайн үед цаг нэлээд орой болсон байсан бөгөөд яг хэд болж байсныг нь мэдэхгүй байна. Ямар ч л байсан би гадаа гарч бие засчхаад орж ирэхэд Гэрлээ манай гэрийн баруун хойд талд бөгсөөрөө газар суучихсан өмд турсикээ шувтлаад шалан дээр хүндээр бие зассан байхаар нь би уурлаад” гэр оронд бааж шээлээ, цэвэрлэ” гэж хэлэхэд миний өөдөөс инээгээд “айлд шээх муу, баавал сайн байдаг, баяждаг” гэх мэтээр доромжлоод байхаар нь би уурласандаа цохисон нь үнэн. Тэгээд Гэрлээ “гаднаас алчуур авч ирнэ” гэж гарснаа өмдөө тайлаад хашаан дотор орхиод явчихаар нь би санаа зовоод Гэрлээгийн араас гэр лүү нь очсон...” гэх мэдүүлэг /хх.49-50/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Г.Ханхүүгийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 8926 дугаартай:

“1. Б.Гэрлээгийн биед зүүн тенториумын аалзан хальсны доорх голомтлог цус харвалт, баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамрын таславч зөрүүтэй хугарал, баруун зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимд цус хуралт, баруун доод зовхинд язарсан шарх, зүүн зовхи, хацарт зулгаралт, эрүүний зөөлөн эдийн няцрал, доод уруулын шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэх дүгнэлт /хх.30-31/,

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Шүүгдэгч Д.Бы иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэсхийг шалгах хуудас /хх.88-90/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байх тул шүүх эдгээр нотлох баримтыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой юм.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

          Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

          Үйл баримтын талаарх дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Д.Б нь согтуурсан үедээ буюу 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, 15 дугаар гудамжны 208 тоотод, “гэрт өтгөнөө гаргасан” гэх шалтгааны улмаас иргэн Б.Гэрэлээг нүүрэн тус газар нь цохиж, өшиглөж эрүүл мэндэд нь зүүн тенториумын аалзан хальсны доорх голомтлог цус харвалт, баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамрын таславч зөрүүтэй хугарал, баруун зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимд цус хуралт,  баруун доод зовхинд язарсан шарх зүүн зовхи хацарт зулгаралт, эрүүний зөөлөн эдийн няцрал доод уруулын шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.03/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.05-08/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх.12/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Гэрэл өгсөн: “... Б намайг хөлөөрөө нүүр, нурууны баруун тал руу өшиглөж байсан. Нүүр лүү гараараа алгадаад “муу хар гичий чинь өтгөнөө гаргаад байхдаа яадаг юм” гэж хэлээд намайг зодож байсан...” гэх мэдүүлэг /хх.24-25/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч гэрч Б.Сарангэрэлийн “... Эгчийг орж ирэхээр нь харахад баруун нүд улайж хавдаад цус гарсан байдалтай байсан бөгөөд эгчээс “юу болсон юм” гэж асуухад “Б гэх таньдаг хүнийхээ гэрт пиво уусан. Тэгээд би зарим зүйлийг сайн санахгүй байна. Ямар ч байсан Б намайг зодсон, нүд рүү маань цохисон” гэж хэлсэн. Тэр үед эгчийн нүднээс цус гараад хөл, гар нь бас цус болсон байхаар нь би зургийг нь утсаар дарсан юм. Тэгтэл 5-10 орчим минутын дараа Б ... ганц нэг л алгадсан шүү дээ гэхээр нь би уурласан...” гэх мэдүүлэг /хх.54-55/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Бы яллагдагчаар өгсөн: “ ... би уурласандаа цохисон нь үнэн...” гэх мэдүүлэг /хх.49-50/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Г.Ханхүүгийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 8926 дугаартай:

“1. Б.Гэрлээгийн биед зүүн тенториумын аалзан хальсны доорх голомтлог цус харвалт, баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамрын таславч зөрүүтэй хугарал, баруун зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимд цус хуралт, баруун доод зовхинд язарсан шарх, зүүн зовхи, хацарт зулгаралт, эрүүний зөөлөн эдийн няцрал, доод уруулын шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэх дүгнэлт /хх.30-31/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Бы гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дээрх нотлох баримтуудаар тухайн үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, хэргийн талаар нотолбол зохих байдал хангалттай тогтоогдсон гэж үзлээ.

Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Быг холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг тусган хуульчилж, мөн зүйлийн 1 дэх хэсэгт уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааснаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулжээ.

Хохирогч Б.Гэрэлийн биед шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон “биед зүүн тенториумын аалзан хальсны доорх голомтлог цус харвалт, баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамрын таславч зөрүүтэй хугарал, баруун зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алиманд цус хуралт, баруун доод зовхинд язарсан шарх, зүүн зовхи, хацарт зулгаралт, эрүүний зөөлөн эдийн няцрал, доод уруулын шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Д.Б нь хохирогч Б.Гэрэлийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндэд бүлэглэж хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг хангажээ.

          Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг улсын яллагч гаргасан бөгөөд гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар шүүгдэгч маргаагүй болно.

Д.Быг нь иргэн Б.Гэрэлийн эрүүл мэндийн эсрэг халдсан нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Шүүгдэгч Д.Бы гэмт үйлдлийн улмаас хохирогч Б.Гэрэлийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл болон хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой юм.

Иймд шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

Хохирогч Б.Гэрэл нь “Дүрш оношлогооны төлбөр 140.000 төгрөг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг өгсөн байх бөгөөд тухайн мөнгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Б.Гэрэлд олгох нь зүйтэй.

Харин хохирогч Б.Гэрэл энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Д.Баас жич нэхэмжлэх эрхтэй юм.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Д.Б гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Д.Бы үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Бд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Д.Бд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах тухай дүгнэлтийг улсын яллагч гаргасан боловч 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүнд, биеийн эрүүл мэндэд шууд нөлөөлөхүйц нийтэд тустай ажил хийлгэх ялыг жирэмсэн эмэгтэй, тавин таваас дээш насны эмэгтэй, жараас дээш насны эрэгтэй хүнд оногдуулахгүй.

Шүүгдэгч Д.Бд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулж байна.

          Бусад асуудлаар:

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Д.Бд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Б овогт Дын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Д.Бд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Бд сануулсугай.

          5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

6.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Д.Баас 140.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Гэрэлд олгосугай.

          7. Хохирогч Б.Гэрэл нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Д.Баас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

          8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Бд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                               С.ӨСӨХБАЯР