Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/19

 






 

    2022           12           28                                        2023/ШЦТ/19


 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн хөтлөн,

Улсын яллагч: Г.Намжил

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** овогт ***ын ***т холбогдох эрүүгийн 2205011662244 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, *** оны 10 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, *** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт *** дүүргийн *** дүгээр хороо, *** гудамж, *** тоотод оршин суух хаягтай, урьд

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 385 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

*** овогт ***ын *** /РД:***/.

 

Холбогдсон хэргийн талаар:  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь “...2022 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн шөнийн 04 цагийн орчимд Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” нийтийн караокед дуулж байхдаа тухайн өдөр зөөгчөөр ажиллаж байсан хохирогч ***тай “микрофон эвдэлсэн байна” гэж хэллээ гэх шалтгаанаар маргалдаж, харилцан бие биедээ халдаж, үснээсээ зулгаалцаж, улмаар хохирогчийн хамар, толгойн тус газарт гараараа цохиж “...тархи доргилт, баруун бугалга, зүүн хамарт цус хуралт, баруун чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал...” гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

       

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд  шүүгдэгч  *** нь “...2022 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн шөнийн 04 цагийн орчимд Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” нийтийн караокед дуулж байхдаа тухайн өдөр зөөгчөөр ажиллаж байсан хохирогч ***тай “микрофон эвдэлсэн байна” гэж хэллээ гэх шалтгаанаар маргалдаж, харилцан бие биедээ халдаж, үснээсээ зулгаалцаж, улмаар хохирогчийн хамар, толгойн тус газарт гараараа цохиж “...тархи доргилт, баруун бугалга, зүүн хамарт цус хуралт, баруун чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал...” гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ийн “...тухайн гэмтлийг би учруулаагүй...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2205011662244 дугаартай хэргээс:

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ***гийн хохирогчоор өгсөн “...2022 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 27-ны өдөр шилжих шөнө би зөөгчөөр ажиллаж байхад гаднаас 2 эмэгтэй, 1 эрэгтэй 2 цагийн үед гаднаас орж ирсэн ба пиво захиалаад дуу дуулж байхдаа микрофон унагаад байсан. Удалгүй гаднаас 1 эмэгтэй, 1 эрэгтэй орж ирсэн ба дахиад пиво захиалж уусан. 4 цагийн үед нэг эмэгтэй нь микрофон ажиллахгүй байна гэхэд зайг нь солиход ажиллахгүй байсан. *** эгчид хэлэхэд түрүүн наад хүмүүс чинь унагаагаад байсан, эвдчихсэн юм бишүү гэсэн. Бид нар эвдээгүй гээд маргалдсан. Гэтэл *** “чи олон хүнтэй үйлчилгээний газар ажиллаж байж хүмүүстэй муухай харьцлаа” гээд мөр хэсэгт зөөлөн хүрэхээр нь “яагаад хүн цохиод байгаа юм бэ” гэхэд хацар руу нэг удаа алгадсан. Араас хүрч ирээд үсдээд дарахаар нь би зөрүүлээд үснээс нь зууралдсан. *** эгч ирээд салгасан. Цагдаа ирээд гадаа авч гарах гээд байж байтал *** цаашаа болооч гээд хамар хэсэгт гараараа 1 удаа цохисон. Цагдаагийн машины ард сууж байхад *** миний толгой руу гараа зангидаж байгаад 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ***ын гэрчээр өгсөн “...2022 оны 03 дугаар сарын 26-ны орой хүүхдүүд унтчихаар нь нөхөртэйгөө караоке орохоор болсон. *** ирсэн байсан бөгөөд бид 3 шөнийн 2 цагийн үед гэмтлийн эмнэлгийн автобусны буудлын хажууд *** нэртэй караоке орсон. 2 лааз пиво захиалж уусан. *** өөрийн нөхөр ***ыг дуудсан чинь *** хүргэж ирсэн. Хэсэг дуулж байтал микрофон ажиллахаа больчихоор нь зөөгч *** гэх охин зайг нь сольж үзээд болохгүй байсан. Зөөгч болон *** гэх эзэнтэй нь маргалдаад байж байтал *** болон хамт явсан хүмүүс хүрээд ирсэн. *** зөөгчийг боловсон бай гэж хэлээд нуруу руу нь тоншсон чинь зөөгч охин эргэж хараад шууд алгадсан. *** араас нь очоод үсдэж авсан. Бид нар болон *** очиж салгасан. Цагдаа ирээд байж байтал *** шатан дээр ***гийн хамар хэсэгт 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд О.***гийн гэрчээр өгсөн “...2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүүхдүүдээ аваад *** ахын гэрт очиж хоносон. ***, *** хоёртой пиво ууж байгаад караоке орсон. Нөхөр ***тай утсаар яриад дуудсан ба *** эгч шөнөөр таксинд явдаг учир хамт ирсэн. Хамт суугаад пиво захиалаад дуу дуулаад байж байтал микрофон ажиллахаа больсон. *** микрофон ажиллахгүй байна гээд тек рүү очсон. *** зөөгч болон ***тэй маргалдаад байсан. *** зөөгч охиныг боловсон бай гээд нуруун дээр нь хүрсэн чинь зөөгч охин эргэж хараад алгадсан. *** үсдээд нөгөө охинтой зууралдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ***ы гэрчээр өгсөн “...2022 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 27-ны өдөр шилжих шөнө Бугат 113 чиглэлд дэд ахлагч ***ийн хамт үүрэг гүйцэтгэж ажилласан. 04 цаг 23 минутад “Би найзыгаа авах гэж очоод зодуулчихлаа” гэх дуудлага ирсэн. *** гэх нийтийн караоке руу ороход үүдэнд нэг эмэгтэй сууж байсан. Микрофон ажиллахгүй байна гэтэл эвдчихлээ гээд маргалдаад зодуулчихлаа гэсэн. Тэр эмэгтэй нэрийг тодруулахад *** гэсэн. ***, *** нарыг аваад гарах үед *** хажуугаас дайраад агсраад байсан. Цаашаа бай гээд холдуулж байх хооронд *** ***гийн нүүр хэсэгт цохиод авсан. Боль гэж салгаад машинд суулгасан. *** ***г үсдэж цохиж авахаар нь *** салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 5168 дугаартай шинжээчийн “...***гийн биед тархи доргилт, баруун бугалга, хамарт цус хуралт, баруун чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, 2022.03.26-2022.03.27 шилжих шөнө үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 51-52 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 86 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч *** нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” /хх-ийн 112 тал/ гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах байр суурьтайгаар оролцсон болно.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийг улмаас үүссэн шууд үр дагавар болох хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг санаатайгаар, мэдэж ухамсарлаж учруулсан байхыг шаардана.

 

Шүүгдэгч *** нь хохирогч ***гийн биед “тархи доргилт, баруун бугалга, хамарт цус хуралт, баруун чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл учруулсан болох нь хэргийн 51-52 талд авагдсан шинжээч эмчийн 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 5168 дугаартай шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна. 

 

Шүүгдэгч нь бусдын биед халдах нь хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих эрх зүйн чадамжтай этгээд байх ба гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримт болох шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 5168 дугаартай дүгнэлтэд заасан гэмтэл нь цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаатай давхцаж байгаа нь шүүгдэгчийг хохирогчид дээрх гэмтлийг учруулсан гэж үзэх үндэслэлтэй.

 

2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 216/422 дугаартай  “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан байх тул шинжээчийн 5168 дугаартай дүгнэлт энэ журамд нийцсэн байна.

 

Иймд шүүгдэгч ***ийн “...2022 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн шөнийн 04 цагийн орчимд Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” нийтийн караокед дуулж байхдаа тухайн өдөр зөөгчөөр ажиллаж байсан хохирогч ***тай “микрофон эвдэлсэн байна” гэж хэллээ гэх шалтгаанаар маргалдаж, харилцан бие биедээ халдаж, үснээсээ зулгаалцаж, улмаар хохирогчийн хамар, толгойн тус газарт гараараа цохиж “...тархи доргилт, баруун бугалга, зүүн хамарт цус хуралт, баруун чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал...” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь хэргийн бодит байдалтай нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирол төлбөрийн тухайд

 

Хохирогч *** нь гэмт хэргийн улмаас түүнд учирсан хохирлыг баримтаар нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч ***ийг бусдад төлбөл зохих хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэлээ.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч *** нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

 

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан хохирлын шинж байдал зэргийг харгалзан үзлээ. 

 

Шүүхээс шүүгдэгч ***т ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Иймээс, шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан гэмтэл, хохирол зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 3 /гурав/-н сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, ялын хязгаарыг Баянзүрх дүүргийн бүс нутгаар тогтоож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялын эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж байна.

 

Шүүгдэгч ***т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгав.

 

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг тус тус дурдаж, шүүгдэгч ***т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон 

 

   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** овогт ***ын ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ***ийг 3 /гурав/-н сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, ялын хязгаарыг Баянзүрх дүүргийн бүс нутгаар тогтоосугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч ***т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

 

5. *** нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, бусдад төлбөл зохих хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ***т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ