| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2023/0002/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/003 |
| Огноо | 2022-12-28 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Д.Рэгзэдмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 2023/ШЦТ/003
Монгол Улсын нэрийн өмнөөс
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Д.Рэгзэдмаа,
Нарийн бичгийн дарга: Х.Золцэцэг,
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Рэгзэдмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2214001960264 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн *******, / РД: ******* /,
Шүүгдэгч Г.******* нь “2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Ихэр” гэх газарт Hyundai-130 маркийн бага оврын трактор, шороо угаах зориулалт бүхий төхөөрөмж /пункер/ зэргийг ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж, хууль бусаар 3.71 грамм алт олборлож, байгаль орчинд 709,902 төгрөгийн хохирол учруулж, хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлосон гэх гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь:
Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Гурванбулаг сумын төвөөс ганцаараа 130 тракторыг жолоодоод Гурванбулаг сумын 2 дугаар багийн Ихэр гэх газар луу... очсон. Тэгсэн миний жолоодож явсан трактор эвдэрсэн юм. Тэгээд би тэр өдрөө өөрийн таньдаг автын засварчин гэдэг хүнтэй утсаар яриад “экскээ Ихэр гэх газар эвдэрчихлээ. Ирээд янзлаад өгөөч” гэхэд надад хэлэхдээ “би экскээг янзалж мэдэхгүй" гэхээр нь “хүрч ирээд ямар ч байсан л туслаад өгөөч” гэж хэлэхэд “за тэгье” гээд салгасан... Маргааш ******* ганцаараа мотоциклоороо ирсэн. 2-3 хоног янзлаад дууссан. Тэгээд явсан...гэх мэдүүлэг/ хх-ийн 70 /,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Би гэм буруугаа хүлээж байна гэв.
3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
.... ******* нь ямар нэгэн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан гэх талаар манай сумын Засаг даргатай ямар нэг гэрээ хийсэн зүйл байхгүй. Тухайн талбай дээр бичил уурхайн зориулалтаар тусгай хэрэгцээнд авагдаж Ашигт малтмалын газраас гаргасан дүгнэлттэй талбай байхгүй...гэх мэдүүлэг/хх-ийн 31-32 /,
4. Иргэний нэхэмжлэгч мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Хууль бус үйл ажиллагаа юм чинь тухайн орон нутагт хохиролтой байгаа. Хохирлын хэмжээг мэргэжлийн байгууллага тодорхойлох байх гаргасан үнэлгээг үндэслэн эвдэрсэн газрыг нөхөн сэргээлгэх, наашаа цаашаа дуудагдах зардлыг төлүүлэх, нөхөн сэргээсэн газрыг актаар албажуулж хүлээж авах хүсэлттэй байна...гэх мэдүүлэг / хх-ийн 38-39 /,
5. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2022 оны 06 дугаар сарын 08-нд ******* утсаар залгаад “миний трактор болохгүй байна. Хүрч ирээд трактор янзлаад өгөөч хөлс мөнгийг өгье” гэхээр нь очиж тракторыг нь 3-4 хоног янзалж дууссан. Дуусгаад нэг өдөр ойр зуурын юманд туслаад ажилласан. Би трактор барьж чадахгүй. Би тухайн хүнтэй хамтарч ажилласан зүйл байхгүй. Харин ******* тухайн газар намайг очиход нэг жижиг монгол гэрийн хэмжээтэй нүх ухаж байсан. Би тэгээд яваад өгсөн...гэх мэдүүлэг / хх-ийн 42-43 /,
6. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Манайх энэ газар буугаад 5 хонож байна. Манайхыг энд буухаас өмнө энэ газар байсан. Манайхыг бууснаас хойш миний мэдэхийн 3 хоног ажилласан. 1 залуутай хоёулаа ажиллаж байсан. Би цуг ажиллаж байсан залууг сайн танхигүй манай сумын хүргэн гэж байсан. Цагаан толгойтой, шар өнгийн 4-н дугуйтай бага оврын трактор, шороо угаах зориулалт бүхий усан буу зэрэг техник ашиглаж нэг газар ухсан байх. Өөрийн эзэмшлийн трактор байх. Худалдаж авсан гэж байсан...гэх мэдүүлэг / хх-ийн 49-50 /,
7. “Нуман-Алтай” ХХК-н 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн №1/36 дугаартай шинжээч:
1. Тогтоолоор өгөгдсөн солбицол бүхий газар нь ямар нэгэн ашиглалт, хайгуулын тусгай зөвшөөрөлтэй газар, улсын тусгай хамгаалалттай газартай давхцалгүй байна.
2. Тухайн газар нь урьд өмнө эвдрэлтэй газар байснаас гадна эвдэгдсэн газарт ухсан нүхний гүний хэмжээ тогтоох боломжгүй, хэргийн газрын үзлэгт гүний хэмжээ авагдаагүй учир байгаль орчинд учруулсан экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээ тогтоох боломжгүй байна.
3. Тус талбайд нөхөн сэргээлт хийгдсэн байх тул нөхөн сэргээлт хийх ажлын зардлын хэмжээ тооцох боломжгүй байна.
4. Тухайн эвдэгдсэн газар нь урьд өмнө эвдэгдсэн газар байсан байна...гэх дүгнэлт /хх-ийн 70 /,
8. “Нуман-Алтай” ХХК-н 2022 оны 09 дүгээр сарын 02-ний өдрийн №1/60 дугаартай шинжээчийн /нэмэлтээр дахин гаргуулсан/:
1. Тогтоолоор өгөгдсөн солбицол бүхий газарт биологийн нөхөн сэргээлт хийх зардал тооцох боломжтой байна. Тухайн газар нь урьд өмнө эвдрэлтэй газар байсан байна.
2. Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Ихэр” гэх газар байх 1-р цэг N47 15 30.6, Е98 48 25.8, 2-р цэг N47 15 30.6, Е98 48 25.0, 3-р цэг N47 15 30.9, Е98 48 25.4, 4-р цэг N47 15 30.4, Е98 48 25.6 гэсэн цэг солбицолтой газарт 2022 оны 06 сарын 15-ны өдөр үйл ажиллагаа явуулахдаа цэврээр 3.71 грамм алт олборлосон тохиолдолд байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ нь 709,902 төгрөг болж байна.
3. Тогтоолоор өгөгдсөн солбицол бүхий газарт биологийн нөхөн сэргээлт хийхэд гарах зардал нь 101,102 төгрөг болохоор байна.
4. Тухайн эвдэгдсэн газар нь урьд өмнө эвдэгдсэн газар байсан байна” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 82 /,
9. Хос итгэл төгс ХХК-ийн 2022 ны 06 дугаар сарын 24-ний өдрийн №1/18 дугаартай хөрөнгө үнэлгээний тайлан:
...Мөрдөгчийн тогтоолын дагуу Hyundai-130 трактор, шороо угаах зориулалт бункерийн зах зээлийн үнэлгээг хийлгэхэд “Хос итгэл төгс” ХХК-н 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд “Үнэлж буй хөрөнгийн өртгийн тодорхойлолт”-оор Hyundai-130 трактор 1 ширхэг үнэлгээ 4,000,000 төгрөг, шороо угаах төхөөрөмж 1 ширхэг 1,000,000 төгрөг, “Үнэлгээний дүнг 5,000,000 (Таван сая) төгрөгөөр тогтоов...гэх тодорхойлолт /хх- ийн 88-94 /
10. Баянхонгор аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн шинжээчийн:
211400196 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон 3.71 граммыг жинлэж үзэхэд жинтэйгээ таарсан. Манай жин нь стандарт, Хэмжил зүйн газрын Хэмжил зүйн лабораториор шалгагдан баталгаажсан жин юм.
211400196 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон 3.71 грамм жинтэй, шар өнгөтэй, нунтаг хэлбэртэй металл нь алт мөн байна.
Алт мөн хэдий ч сорьцын шинжилгээ хийж тогтоож болохгүй. Учир нь: Аптанд сорьцын шинжилгээ хийхэд Проберийн шинжилгээний арга буюу MNS ISO/IEC 11426:2017 / тодорхой стандартын дагуу тогтоодог 3.71 грамм алт нь сорьцын шинжилгээ хийхэд грамм нь хүрэхгүй байна. Манай лабораторийн шинжилгээ нь 100 граммаас дээш алтанд сорьцын шинжилгээ хийдэг.
211400196 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон 3.71 граммтай металл нь үнэт металл буюу алт мөн гэж тогтоож байна” гэсэн дүгнэлт / хх- ийн 103 дугаар хуудас/,
11. Энх-Нахиа ХХК-н 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 257 дугаартай шинжээчийн: ...алт 3.71 кг... эд зүйлийн үнэлгээ 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар 577,276 /таван зуун далан долоон мянга хоёр зуун далан зургаа/ төгрөг болохыг тодорхойлов..гэх дүгнэлт /хх-ийн 109-110 / болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 4-12 /, Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын 5 дугаар багийн тодорхойлолт / хх-ийн 131 /, *******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 132 / зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч Г.******* нь 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Ихэр” гэх газарт Hyundai-130 маркийн бага оврын трактор, шороо угаах зориулалт бүхий төхөөрөмж /пункер/ зэргийг ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж байгаль орчинд 709,902 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт болсон байна.
Уг үйл баримт болсон нь хохирогч иргэний нэхэмжлэгч *******, гэрч *******, ******* нарын мэдүүлэг, Нуман-Алтай ХХК-ийн шинжээчийн 1/36, 1/60, Хос итгэлт ХХК, Энх-Нахиа ХХК-ийн 257 дугаар дүгнэлт, Баянхонгор аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч *******г тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул олборлолт явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тоолцоо.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.
Хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх явцад шүүх хуралдааныг завсарлуулж шүүгдэгч ******* нь байгаль орчинд учруулсан хохирол болон нөхөн сэргээлтийн зардал нийт 1.485.755 төгрөгийг төлж барагдуулсан талаарх баримтыг гаргаж өгсөн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-нийг, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.
Харин шүүх шүүгдэгч *******д гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэж байгаа бөгөөд уг албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Hyundai-130” маркийн бага оврын трактор, шороо угаах зориулалт бүхий төхөөрөмж /пункер зэргийг ашигласан гэх бөгөөд эдгээр техникийн үнэ үнэлгээний шинжээчийн дүгнэлтээр нийтдээ 5 сая төгрөгөөр үнэлэгдсэн тул уг 5 сая төгрөгийг улсын төсөвт шилжүүлэх талаар үүрэг хүлээлгэж байгаа гэж ойлгох нь зүйтэй байна.
Харин хэрэгт 3.71 грамм алтыг эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн бөгөөд уг алтыг гэмт хэрэг үйлдэхдээ олсон орлого гэж ирүүлсэн боловч шүүгдэгч ******* нь ашигт малтмалын эрэл хайгуулд, олборлолт явуулахдаа уг алтыг олборлосон гэх нь хангалттай нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа харин уг алтыг захаас худалдаж авсан гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 7.1-д “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд энэ хуульд өөрөөр заагаагүй бол сонгон шалгаруулалтын журмаар олгоно”. гэж хуульчилсанаас дүгнэхэд иргэн нь ашигт малтмалын хайгуул, ашиглалт явуулах эрхгүй бөгөөд шүүгдэгч *******гаас хураан авсан 3.71 грамм алтыг хууль бусаар олж авсан гэж үзэж уг алтыг Монгол банкинд шилжүүлж үнийг улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ
Шүүх шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Hyundai-130” маркийн бага оврын трактор, шороо угаах зориулалт бүхий төхөөрөмж /пункер зэргийг битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг тракторын үнэ 4.000.000 төгрөг, төхөөрөмжийн үнэ 1.000.0000 төгрөг нийт 5.000.000 төгрөгийг шүүгдэгч *******гаас гаргуулж үнийг улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, трактор, болон төхөөрөмж нь шүүгдэгч *******гийн эзэмшлийнх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоны дараа эзэмшигч *******д хэрэгцээний дагуу буцаан олгож шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул олборлолтын үйл ажиллагаа явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасныг журамлан шүүгдэгч ******* овогт *******гийн *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т заасан хорих ял оногдуулахгүйгээр зургаан / 06 / сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******д гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар авах үүргийг хүлээлгэж уг үүргийг хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6-т зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.
6. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч *******гаас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Hyundai-130” маркийн бага оврын трактор, шороо угаах зориулалт бүхий төхөөрөмж /пункер зэргийг битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг тракторын үнэ 4.000.000 төгрөг, төхөөрөмжийн үнэ 1.000.0000 төгрөг нийт 5.000.000 төгрөгийг шүүгдэгч *******гаас гаргуулж үнийг улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, “Hyundai-130” маркийн бага оврын трактор, шороо угаах зориулалт бүхий төхөөрөмж /пункер зэргийг битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болгож, уг “Hyundai-130” маркийн бага оврын трактор, шороо угаах зориулалт бүхий төхөөрөмж /пункер зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоны дараа эзэмшигч *******д хэрэгцээний дагуу буцаан олгосугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар 3.71 грамм алт хураагдаж ирсэнийг Монгол банкинд шилжүүлж үнийг улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11 . Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ