| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жавзмаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 142/2016/0214/э |
| Дугаар | 00001 |
| Огноо | 2016-12-21 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Ч.Сэлэнгэ |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 00001
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж
Улсын яллагч Ч.Сэлэнгэ
Шүүгдэгч Б.Б-
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сарантуул
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-ад холбогдох эрүүгийн 201614000501 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол улсын иргэн ** оны ** дүгээр сарын **-ний өдөр ** аймгийн ** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, ээж, хүүгийн хамт ** аймгийн *** сумын ** багт оршин суух, гавъяа шагналгүй, урьд нь 2012 оны 06 сарын 04-ний өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2, 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 2 жил 2 сарын хорих ял оногдуулж мөн хугацаагаар тэнсэж хянан хагалзсан, 2014 оны 07 сарын 29-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 07 сарын 07-нд тэнсэн суллагдсан хэрэг хариуцах чадвартай гэх С овогт Б-н Б- /РД: хх00000/
Шүүгдэгч Б.Б- нь 2016 оны 11 сарын 06-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Яргуйт багийн 0-0 тоотод оршин суух иргэн Б-ын байшингийн цонхоор нэвтрэн орж 52 инчийн Самсунг маркийн ЛСД зурагт улаан өнгийн D8810 гэсэн бичигтэй гар утас, Шанель маркийн үнэртэй ус зэргийг хулгайлж 1.280.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдожээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Б.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2016 оны 11 сарын 06-ны өдөр найзындаа очихоор явж байгаад З-Б-ийн 19 тоот айлын хашаанд орж гэрээс нь телевизор, гар утас, үнэртэй ус зэргийг хулгайлж гарч яваад баригдсан. Тэгээд цагдаагийн газарт очсон. Хулгайлсан эд зүйлээ буцааж өгсөн. Ажилгүй болохоор хулгай хийсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж ийм хэрэг үйлдэхгүй гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Ж.Т-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би алдсан эд зүйлээ бүгдийг нь буцаагаад авсан. Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Харин манай гэрт орсон хулгайчид хуулийн дагуу арга хэмжээ авч өгөхийг хүсч байна гэсэн мэдүүлэг /хх 17 ху/
-Гэрч Э.М-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 11 сарын 06-ны өдөр 15 цагийн орчим хариуцсан айлуудаар явж тогны бичилт хийсэн. Яргуйт багийн 0-0 тоотод оршин суух Г-ийн хашааны гадаа ирэхэд танихгүй, өндөр нуруутай залуу хашааны үүдэнд ганцаараа зогсож байхаар нь танайх энд ирчихсэн юм уу гэхэд айл сураглаж явна гэж хэлсэн. Би ойролцоо айлын тогны бичилтийг хийж байгаад эргээд нөгөө гудамж руугаа ороход нөгөө залуу Г-ийн хашаан дотор явж байхаар нь хулгайч юм болов уу гэж бодоод машин дотроосоо харж байхад Г-ийн хашаан дотор байдаг Б-о гэдэг залуугийн байшингийн урд талын цонхоор хар өнгийн зурагт гаргаж байхыг хараад би цагдаад дуудлага өгсөн гэсэн мэдүүлэг /хх 18-р ху/
- Гэрч Б.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 11 сарын 06-ны өдөр аав Б-ийн гэр болох Их залуу багийн 0-0 тоотод байж байхад манай хажуу талын хашааны эмэгтэй Т- ирээд манай байшинд хулгай орчихсон байна, танай байшингийн цонхыг онгойлгочихсон байна гэж хэлсэн.
Би байшин дээрээ очоод үзэхэд ямар нэгэн зүйл алга болоогүй, цонхыг нь онгойлгочихсон байсан гэсэн мэдүүлэг /хх 19 ху/
-Гэрч Х.Х-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 11 сарын 07-ны өдөр ажил дээрээ байхад бэр эгч Т- ирээд байшинд хулгай орчихсон байна, хамт очоод ирэх үү гэхээр нь би хамт Цагдаагийн газар ирээд Т- эгчийн гэрт очсон. Т- эгч нөхөр хүүхдийн хамт 0-0-0 тоотод амьдардаг. Миний төрсөн ах Б-ын эхнэр байгаа юм. Яргуйт багийн 0-0 тоот байшинд хүн байхгүй байсан. Т-ын хамт байшинд очиход хар өнгийн 52 инчийн ЛСД дэлгэцтэй зурагт байхгүй байсан гэсэн мэдүүлэг /хх 20ху/
-Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх 3-5 ху/
-Гэрэл зургын үзүүлэлт /хх 6-7, 9 ху/
-Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх 8 ху/
-Хураан авсан эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 10-12/
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 41 ху/
-Эд зүйлийн үнэлгээ /хх 23 ху/
-Б.Б-ыг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, ял сонсгон яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 36-37, 38-39 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгч Б.Б- нь 2016 оны 11 сарын 06-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Яргуйт багийн 0-0 тоотод оршин суух иргэн Б-ын байшингийн цонхоор нэвтрэн орж 52 инчийн Самсунг маркийн ЛСД зурагт, улаан өнгийн D8810 гэсэн бичигтэй гар утас, Шанель маркийн үнэртэй ус зэргийг хулгайлж, нийт 1.280.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч Ж.Т- /хх 17 ху/, гэрч Э.М- /хх 18р ху/, Б.Б /хх 19 ху/, Х.Хишигдаваа /хх 20 ху/ нарын мэдүүлгүүд, хохирлын үнэлгээ /хх 23 ху/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Б.Б-ыг бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан баривчлах ялыг ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Б- нь Булган аймгийн сум дундын шүүхийн 2012 оны 06 сарын 04-ний өдрийн 49 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2, 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 2 жил 2 сарын хорих ял оногдуулж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Сум дундын 4 дүгээр шүүхийн 2014 оны 07 сарын 29-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 сарын 07-ны өдрийн 46 тоот шүүгчийн захирамжаар хорих яд эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллаж, хянан харгалзах хугацааг 10 сараар тогтоосон байх бөгөөд уг хугацааг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т заасан ялтай байдал арилаагүй байна гэж үзэв.
Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүгдэгчийн үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирол төлбөргүй зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Энэ хэргийн улмаас хохирогч Ж.Т-т 1.280.000 хохирол учирсан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ж.Т-т 52 инчийн хар өнгийн самсунг маркийн ЛСД зурагт, залгуур, удирдлага, улаан өнгийн D8810 гэсэн дугаартай гар утас, chanel гэсэн бичигтэй үнэртэй ус зэрэг эд зүйлийг буцаан өгсөн байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна.
Шүүгдэгчийн цагдан хоригдсон 45 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдав.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294 дүгээр зүйлийн 294.2, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт Б-ийн Б-ыг бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Б.Б-ыг эд хөрөнгө хураахгүйгээр 4 /дөрөв/ сарын баривчлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч Б.Б-ад оногдуулсан 4 сарын баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-д зааснаар шүүгдэгч Б.Б-ын цагдан хоригдсон 45 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА