Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 10

 

 

 

 

 

 

 

 

 

 

.

 

 Лд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Төмөрбаатар даргалж, шүүгч Ц.Отгонцэцэг, Т.Бямбажав  нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

Прокурор Т.Төмөртулга

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Сайнбилэг

            Шүүгдэгч Л

            Нарийн бичгийн дарга С.Уянга нарыг оролцуулан хийж,          

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 37 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлээр Лд холбогдох эрүүгийн 1922000500039 тоот хэргийг 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Т.Бямбажавын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

      Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, төрсөн, 20 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл-4, эх, эцэг, эгчийн хамт оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар, Боржгин овгийн Бн Л.

Шүүгдэгч Л нь 2019 оны 2 дугаар сарын 21-ний шөнө Дундговь аймгийн сумын 1-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Аазуу” ХХК-ний 8 нэрийн барааны дэлгүүрт бусадтай бүлэглэн хууль бусаар нэвтэрч хүнсний болон ахуйн бараа бүтээгдэхүүн  хулгайлж хохирогч Зд 458.750 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Дундговь аймгийн прокурорын газраас Лд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заэаснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд ирүүлсэн байна.

 

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Лд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг болгон өөрчилж,  Б. Лг  орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Лд 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар Лд оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлж,

Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5-т заасныг журамлан мөн хуулийн 8.6, 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгг заасныг баримтлан Б. Лд 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан энэхүү шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулж, мөн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, хяналт тавихыг Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй эсхүл шинээр гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд ялыг биечлэн эдлүүлдэг журамтайг шүүгдэгч Лд анхааруулж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Лд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

  Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч өөрчлүүлэхээр бичсэн эсэргүүцэлдээ: Тус прокурорын газраас Лг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж, 2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгон өөрчилж шийдвэрлэжээ.

  Анхан шатны шүүхээс хэргийн зүйлчлэлийг өөрчилж ял оногдуулсан үндэслэлээ “...Л нь 14 насанд хүрээгүй Б.Цэдэвдоржтой хамтран дээрхи хэргийг үйлдсэн бөгөөд Б.Цэдэвдоржийг эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрээгүй гэсэн үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон атлаа шүүгдэгч Лг бусадтай бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлгүй юм гэж тайлбарласан байна.

  Шүүгдэгч Л, Б.Цэдэвдорж нар нь бүлэглэн, “Аазуу “ ХХК-ний дэлгүүрт хууль бусаар  нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд прокурорын шатанд Б.Цэдэвдорж нь гэмт хэрэг үйлдэх үедээ Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрээгүй үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд  Б.Цэдэвдорж нь гэмт хэрэг үйлдээгүй гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоогүй тул шүүхээс  Л, Б.Цэдэвдорж нар гэмт хэргийг  бүлэглэн үйлдээгүй гэж  дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

  Өөрөөр хэлбэл: Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй буюу гэмт хэрэг /хулгайлах гэмт хэргийг үйлдэхээр завдсан/- ийг бүлэглэн үйлдсэн бөгөөд Б.Цэвэгдоржийн хувьд зөвхөн эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрээгүй, эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй гэж прокуророос үзсэнийг анхан шатны шүүхээс гэмт хэрэг хамтран үйлдээгүй гэж үзсэн нь буруу бөгөөд гэмт хэргийн шинжгүй байх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх асуудал нь хоёр өөр ойлголт юм.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйл буюу “Бүлэглэн гүйцэтгэх” гэсэн зүйлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйл буюу “Гэмт хэрэг үйлдэхээр завдах, гэмт хэрэг үйлдэхээс татгалзах” гэсэн хоорондоо огт хамааралгүй зүйл хэсгээр өөрчилж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байх тул тус шийтгэх тогтоолд прокурорын  яллах дүгнэлтэд заагдсан эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлаж шүүхэд шилжүүлснийг хэвээр үлдээж, шүүхийн шийдвэрийг өөрчлүүлэх шаардлагатай байна.

Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хууль буруу тайлбарлаж  хэрэглэсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасны дагуу Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Шүүгдэгч Л давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбар гаргаагүй бөгөөд өмгөөлөгчийнхөө саналыг дэмжиж байна гэв.

         Шүүгдэгчийн өмгөөлөгч  В.Сайнбилэг: Прокурорын бичсэн эсэргүүцэлтэй холбогдуулан давж заалдах шатны шүүхэд бичгээр тайлбар гаргасан. Энэ тайлбараа дэмжиж байна. Шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

         Прокурор Т.Төмөртулга  шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:  Эсэргүүцлээ дэмжиж байна. Шүүгдэгч нар нь бүлэглэн, орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайн гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон. Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлаж Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хэргийг шүүхэд шилжүүлснийг хэвээр үлдээж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

         Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан зөвхөн прокурорын эсэргүүцэлд  дурдсан асуудлаар  хязгаарлахгүйгээр давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний хүрээнд хэргийг бүхэлд нь хянаж үзлээ. 

         Шүүгдэгч Л нь 2019 оны 2 дугаар сарын 21-ний шөнө 13 нас 11 сартай  Б.Цэдэвдоржтой бүлэглэн Дундговь аймгийн Адаацаг сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “Аазуу” ХХК-ний 8 нэрийн барааны дэлгүүрт хууль бусаар нэвтэрч 458.750 төгрөгийн хүнсний бараа бүтээгдэхүүн хулгайлсан гэмт хэрэгт холбогдсон ба аймгийн прокурорын газраас түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

         Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 –д заасныг журамлан Лг орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцож 6 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5-д заасныг журамлан, 8.6, 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Лд 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулж шийдвэрлэжээ.

         Шүүгдэгч  Л нь өсвөр насны Б.цэдэвдоржтой бүлэглэн орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлах гэмт хэргийг үйлдсэн үйлдэл дээрээ баригдсан бөгөөд аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 –д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байхад анхан шатны шүүхээс Лг бусадтай бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй байна.

         Мөн шүүгдэгч Л нар нь дэлгүүрээс эд зүйл хулгайлаад гарч яваад баригдсан хулгайн үйлдлээ бүрэн хийсэн байхад шүүхээс  завдалт гэж хэргийн зүйлчлэлийг Эрүүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлд заасныг журамлан хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчжээ.  

         Шүүгдэгч Лд холбогдох хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн  гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. Үүнд:

         2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн бөгөөд 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр насанд хүрээгүй Л /хх-ийн 34-35 дугаар хуу/, Цэдэвдорж  /хх-ийн 28-29 дүгээр хуу/ нарыг сэжигтнээр тогтоож, байцаалгүйгээр Эрүүгийн хууль сануулан  гэрчийн мэдүүлэг авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  25.3 дугаар зүйл, 31.11 дүгээр зүйлийг ноцтой зөрчсөн, шүүх шийтгэх тогтоолдоо хууль зөрчиж авсан насанд хүрээгүй гэрч Б.Цэдэвдоржийн мэдүүлгийг үндэслэсэн   байх тул шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож,  хэргийг анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

 

 Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 2 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1.Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 37 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Л, Б.Цэдэвдорж нарт холбогдох 1922000500030 дугаартай хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай

            2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Лд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3  дахь хэсэгт зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ                              Ш.ТӨМӨРБААТАР

 

      ШҮҮГЧИД                              Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                Т.БЯМБАЖАВ