Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 158/ШШ2021/0018

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батчимэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: М.Ганболдын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Булган аймгийн ................... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдох

................... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Дөлгөөнтамир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдаан зарлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, тус Хурлын ээлжит бус хуралдаан зарлах асуудлыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлж тогтоол гаргуулахыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий 158/2021/0023/з дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Ганболд, хариуцагч Булган аймгийн ................... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Дөлгөөнтамир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Ганболд шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Булган аймгийн ................... сумын 8 дахь удаагийн сонгуулийн үр дүнд 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн анхдугаар хуралдаанаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 52.3 хувийн саналтайгаар сумын Засаг даргаар Л.Пүрэвсүрэнг томилуулахаар Аймгийн Засаг даргад уламжилсан. Аймгийн Засаг дарга ................... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ирүүлсэн саналыг хүлээн авч 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/83 дугаар захирамжаар томилсон. Гэвч Авлигатай тэмцэх газраас ...2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 05/14125 дугаар албан бичгээр “Хуулийн хэрэгжилтийг хангах тухай” албан шаардлага ирүүлсэн. Аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ нь Авлигатай тэмцэх газрын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 05/14125 дугаар “хуулийн хэрэгжилтийг хангах тухай” албан бичгийн дагуу ................... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Дөлгөөнтамирт 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 01/463, 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 01/577 дугаар албан бичгээр тус тус “хуулийн хэрэгжилтийг хангуулах” асуудлыг тавьсан. Гэвч ................... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Дөлгөөнтамир нь сумын Засаг даргыг томилох, чөлөөлөх асуудлыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцүүлж, нийт төлөөлөгч нарт мэдэгдэхгүй зөвхөн хувь хүний байр сууринаас хандаж 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 11 дүгээр албан бичгээр татгалзсан хариуг Аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнийн нэр дээр хүргүүлсэн байдаг. Мөн 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч М.Ганболд, Л.Баянжаргал, Д.Сансар-Очир, Н.Ням...................,  Ц.Одончимэг, Ч.Цогзол, Т.Батжаргал, Г.Ширчин, Б.Эрдэнэ-Очир, Ц.Мягмардорж нар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Дөлгөөнтамирт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааныг хуралдуулах, хуралдаан зарлах асуудлыг сумын Тэргүүлэгчдийн хуралд оруулахыг шаардсан боловч 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 13 тоот албан бичгээр мөн л сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдаан зарлах шаардлагагүй гэж хариу өгсөн. ................... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Дөлгөөнтамир нь Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.4-т заасныг зөрчиж, аймгийн Засаг дарга болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч болон хуралдааны бүрэн эрхэд халдсан ...өөрийн эрх хэмжээг хэтрүүлэн хэрэглэж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулахгүй байгаа эс үйлдэхүй нь тухайн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн эрх хэмжээг ноцтой зөрчсөн үйлдэл болж байна. Аймгийн Засаг дарга болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэр бүхий 10 төлөөлөгчдийн зүгээс “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулж тухайн сумын Засаг даргыг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцүүлэх”-ээр хүсэлт тавьсаар байхад ...Хурлын ээлжит бус хуралдааныг товлон зарлахгүй, санал ирүүлснээс хойш 15 хоногийн дотор хуралдаанаар хэлэлцүүлэхгүй байгаа эс үйлдлийг хууль бус болохыг тогтоож, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлж тогтоол гаргуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү... сумын Засаг даргаар томилогдон ажиллаж байгаа хүний асуудлыг хурлаар хэлэлцэх ёстой. Иргэн хүн сумын Засаг даргын ажлыг хийх гэж байгаа бол бакалаврын зэрэгтэй, хуульд заасан шаардлагыг биелүүлсэн байх ёстой... Бид нарын нэхэмжлэлийн тухайд Пүрэвсүрэн нь бакалаврын зэрэг хангахгүй байгаа учир сольж түүний оронд бакалаврын зэрэг хангасан хүнийг томилж өгөөч гэдэг үндэслэлээр шүүхэд хандсан. Шаардлага хангасан хүнээ сумын Засаг даргаар томилуулахаар хурлаа зарлана уу гэдэг зүйлийг ярьж байгаа... Түүнээс бид бүхэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг хуралдахгүй байна гэдэг асуудлыг яриагүй... ................... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 52 дугаартай тогтоол...-д Засаг даргын талаар хэлэлцэх үг үсгийн талаар олж харахгүй байна. Хэлэлцэх асуудлыг хүрээнд 7 асуудал хэлэлцэхээр болсон байгаа... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хуралдуулсугай гэсэн нэгдүгээр заалт байгаа юм. Хоёрт хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дор дурдсанаар баталсугай гэсэн байгаа: Үүнд: Малын тоо толгой, албан татварын тухай, Бэлчээр ашигласан төлбөрийн тухай, Долоон бар, Илчит металл, Газар зохион байгуулалт, Шинэ Булган дэд хөтөлбөрийн тухай, Мал аж ахуй хөгжүүлэх төлөвлөгөөний тухай гэсэн асуудлуудыг хэлэлцэнэ гэж баталсан байхад хариуцагч өнөөдрийн шүүх хурал дээр Пүрэвсүрэнгийн асуудлыг хурлаар хэлэлцсэн гэдэг зүйлийг ярьж байгаа нь миний хувьд хууль хяналтын байгууллагыг хуурч байна гэж харж байна. Үнэхээр ийм байдлаар Монгол Улсын төр засгийг авч явна гэж байхгүй. Бүгд л хуульд захирагддаг үед ингэж ярьж болохгүй... Авилгатай тэмцэх газар, аймгийн Засаг даргын захирамж гарчихаад байхад манай бүлгийн шийдвэр ийм байна гээд хууль бус шийдвэр гаргаад хэлэлцэх асуудалдаа албан ёсоор оруулахгүй, хууль хэрэгжүүлэхгүй байгаа асуудлыг байж болохгүй гэж үзэж байгаа... Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр нэр бүхий 10 иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нарын гарын үсэг бүхий баримт ирсэн байна. Бусад төлөөлөгч нар намайг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон. Би 10 хүнээ төлөөлж нэхэмжлэл гаргасан байгаа... Цаашид Монгол Улсын төрийг барьж байгаа Засаг дарга болоод Хурлын дарга, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нар хуулийн дагуу ажлаа хийдэг байх ёстой гэдэг шаардлагыг тавьж байна. Тэргүүлэгчид олонхоороо хүч түрээд байдаг учир бид нар хуралдаа оролцоогүй. Ямар нэгэн асуудлын талаар шаардлага тавихаар манай бүлгийн асуудал гээд хүч түрж шийддэг. Өмнөх хуралдаанд Тэргүүлэгчид санал гаргаад авч хэлэлцэхгүй байгаа юм чинь бид нар хуралд оролцоод санал гаргахаар бас л адилхан авч хэлэлцэхгүй. Хуулиа дагаж мөрдөхгүй байгаа хойно хуулийн дагуу шийдвэрлүүлэх гэсэн юм...” гэв.

Хариуцагч Булган аймгийн ................... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Дөлгөөнтамир шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Булган аймгийн ................... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг хуралдуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна. 1. Булган аймагт цар тахлын улмаас хурал хуралдах боломжгүй нөхцөл үүссэн бөгөөд Булган аймгийн Онцгой комиссын даргын шийдвэрээр хурал зөвлөгөөн хийхийг хориглосон. Улмаар ................... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 4 дүгээр хуралдаан 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хуралдсан. Хурлын зарыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч бүрт мэдэгдсэн болно.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан тохиолдолд шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч М.Ганболдын гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь ................... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг хуралдахыг даалгах тухай бөгөөд иргэдийн Хурлын Төлөөлөгч иргэдийн Төлөөлөгчийн Хурлыг хуралдуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй байна.

3. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасны дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг хуралдуулах, хуралд үг хэлэх, санал өгөх бүрэн эрхтэй байдаг. Гэтэл ................... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч М.Ганболдын хурал хуралдуулах, үг хэлэх, санал өгөх нь хууль ёсны ямар эрх ашиг сонирхлыг зөрчсөн нь тодорхойгүй байна.

Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дах хэсэгт заасны дагуу ................... сумын иргэдийн Хурлын Төлөөлөгч М.Ганболдын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... Булган аймгийн ................... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 5 дугаар сард хурлаа хийгээд ээлжит бус хуралдааныг 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хийсэн. Тус хуралдаанаар Булган аймгийн ................... сумын Засаг даргаар ажиллаж байгаа Лүндэн овогтой Пүрэвсүрэнгийн асуудлыг хэлэлцэн оруулж ирэхэд төлөөлөгч нар энэ асуудлыг дэмжээгүй. Хуралдаан дээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар хурлын төлөөлөгч үг хэлэх, санал оруулна гэсний дагуу Монгол Ардын Намын зүгээс Пүрэвсүрэнгийн асуудлыг авч хэлэлцэх үү гэж хэлэлцэх асуудалд санал оруулсан. Энэ талаар тэмдэглэлд тусгагдсан байгаа. Энэ асуудлыг буюу Пүрэвсүрэнг ажлаас нь чөлөөлөх асуудлын талаар хуралдаанаар хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн... Гэхдээ бид бүхэн хуралдаанаа хийсэн учир нэхэмжлэлийн шаардлагыг хангасан гэж үзэж байгаа... Тэргүүлэгчдийн хуралдаан дээр Ардчилсан намын бүлгийн дарга Баяржаргал гэдэг хүн хэлэлцэх асуудал дээр санал оруулсан... Ардчилсан намын бүлгээс Баяржаргал тэргүүлэгч, Батжаргал тэргүүлэгч, манайхаас дөрвөн Тэргүүлэгч сууж байсан. 4=2 гэсэн харьцаагаар асуудлыг шийдвэрлэсэн... Хурал зарлах хурлаас өмнө энэ асуудлыг хөндөж оруулж ирж байсан... Авилгатай тэмцэх газраас гарсан хоёр бичиг байгаа. Нэг нь хууль бус дээд боловсролгүй гээд, нөгөө нь ашиг сонирхлын зөрчилгүй гэсэн учир Тэргүүлэгчдийн хуралдаанаар авч хэлэлцэх шаардлагагүй юм байна гэж үзсэн. 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаан дээр Монгол Ардын намын бүлгийн дарга Олзбаяр сумын Засаг даргын асуудлыг авч хэлэлцэхээр оруулж ирсэн байгаа. Хэлэлцэх асуудлыг жагсаалтад оруулах шаардлагагүй гэж шийдсэнийг Засаг даргын асуудлыг хэлэлцсэн гэж ойлгож байна ...нийт төлөөлөгчдийн олонхын саналаар ...Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцэх шаардлагагүй гэсэн байгаа... Булган аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан тайлбар дээр бичсэн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлд хариу тайлбар гаргасан байгаа. Өөр тусгайлан гаргах саналгүй...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Булган аймгийн ................... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч М.Ганболд нь “................... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Дөлгөөнтамир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдаан зарлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, тус Хурлын ээлжит бус хуралдаан зарлах асуудлыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлж тогтоол гаргуулахыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Булган аймгийн ................... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдуулан гаргажээ.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд “...Ардчилсан намаас сонгогдсон 10 төлөөлөгчийг төлөөлж нэхэмжлэл гаргасан...” гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэлд Булган аймгийн ................... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч гэх М.Ганболд, Л.Баяржаргал, Д.Сансар-Очир, Н.Ням..................., Ц.Одончимэг, Ч.Цогзол, Т.Батжаргал, Г.Ширчин, Б.Эрдэнэ-Очир, Ц.Мягмардорж нарын гарын үсэгтэй “...сумын ИТХ илт удаа дараа хууль зөрчиж байгаа тул бид бүхэн сумын ИТХ-ын төлөөлөгч М.Ганболдод бид бүхнийг төлөөлөх эрх олгож хуулийн байгууллагад хандахыг зөвшөөрч байна” гэх бичвэр бүхий баримтыг хавсарган ирүүлжээ.

Тус баримт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 28 дугаар зүйлийн 28.2 дугаар зүйлд заасан шаардлагуудыг хангахгүй байх тул мөн зүйлийн 27.5-д заасны дагуу итгэмжлэл хүчин төгөлдөр бус бөгөөд М.Ганболд нь дээрх Хурлын төлөөлөгч Л.Баяржаргал, Д.Сансар-Очир, Н.Ням..................., Ц.Одончимэг, Ч.Цогзол, Т.Батжаргал, Г.Ширчин, Б.Эрдэнэ-Очир, Ц.Мягмардорж нарыг шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхгүй байна.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.2, 12.1.3, 24 дүгээр зүйлийн 24.1-д тус тус зааснаар М.Ганболд нь ................... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч тул тус Хурлын хуралдаанаар асуудал хэлэлцэн шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох, хэлэлцэж байгаа асуудлын талаар асуулт тавьж хариулт авах, санал дүгнэлт гаргах, санал хураалгах, Хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Харин дээрх хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар Хурлын төлөөлөгчийг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь ................... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний дарга нь бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлж, Хурлын төлөөлөгчийн үйл ажиллагааны баталгааг хангаж ажиллах үүрэгтэй.

Булган аймгийн ................... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /цаашид “................... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал” гэх/-ын төлөөлөгч М.Ганболдын дээрх зохицуулалтуудад заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байж болзошгүй бөгөөд тэрээр уг эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар нэхэмжлэл гаргах эрхтэй байх тул шүүх түүний “................... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Дөлгөөнтамир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдаан зарлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, тус Хурлын ээлжит бус хуралдаан зарлах асуудлыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлж тогтоол гаргуулахыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээр энэхүү захиргааны хэргийг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан болно.

Маргаан үүссэн шалтгаан нөхцлийг судлан үзвэл: 1. Авлигатай тэмцэх газраас Булган аймгийн Засаг даргад нэр заан хүргүүлсэн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 05/14125 дугаарын албан бичигт Булган аймгийн ................... сумын Засаг дарга Л.Пүрэвсүрэнгийн D20121302 дугаартай дипломын талаар “...Боловсрол шинжлэх ухааны яамнаас зөвшөөрөгдсөн боловсролын зэрэгтэй диплом биш болохыг тодорхойлсон байна. ...сумын Засаг даргад нэр дэвшигч нь дээд боловсролтой байх шаардлагыг заасан байх тул ................... сумын Засаг даргыг томилох асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэнэ үү” гэжээ.

Булган аймгийн Засаг даргаас 2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 01/463 дугаарын албан бичгээр ................... сумын Засаг дарга Л.Пүрэвсүрэнгийн бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлсэн байна.

Харин тус Хурлын дарга 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 11 дугаарын албан бичгээр “...Тус иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Л.Пүрэвсүрэн нь бүрэн эрхийн хугацаанаасаа огцрох хууль зөрчсөн үйлдэл гаргаагүй гэж үзэж байна...” гэсэн хариуг өгчээ.

Мөн 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдөр ................... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэр бүхий 10 төлөөлөгчөөс “Сумын Засаг дарга Л.Пүрэвсүрэн нь ...дээд боловсролтой байх шаардлагыг хангаагүй болох нь ...тогтоогдсон тул сумын Засаг даргыг огцруулах шаардлага үүслээ. Энэ талаар аймгийн Засаг дарга ...саналаа ирүүлсэн байтал тэргүүлэгч, төлөөлөгчдөд танилцуулалгүй хууль, тогтоомжид нийцэхгүй хариу хүргүүлсэн байна. Иймд ...ээлжит бус хуралдаан хуралдуулна уу” гэх бичвэр бүхий баримтыг,

Булган аймгийн Засаг даргаас 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “...Л.Пүрэвсүрэнгийн бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дахин хүргүүлж байна. Хуулийн хугацаанд цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан ...сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг цахим хэлбэрээр зохион байгуулж, хариуг ирүүлнэ үү” гэх агуулгатай 01/577 дугаарын албан бичгийг тус тус хариуцагчид хүргүүлжээ.

Нэхэмжлэгч нь “...сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Ардчилсан намаас сонгогдсон нэр бүхий 10 төлөөлөгчөөс сумын Засаг даргаар дээд боловсролтой хүнийг нэр дэвшүүлж томилуулах тухай асуудлыг хэлэлцүүлэхээр санал гаргасан боловч Хурлын дарга Хурлын ээлжит бус хуралдааныг товлон зарлах, тус хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад сумын Засаг даргыг огцруулах тухай асуудлыг оруулах эсэх асуудлыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэхгүй хууль зөрчиж байна...” гэх, хариуцагч нь “...сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад сумын Засаг даргыг огцруулах эсэх асуудлыг төлөөлөгч Олзбаяр санал болгоод татгалзаж шийдвэрлэсэн...” гэх агуулгаар тус тус мэтгэлцэж байна.

Сумын Засаг даргыг томилох болон огцруулах талаарх эрх зүйн зохицуулалтуудыг судалбал: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /цаашид “Хуулийн” гэх/-ийн 18 дугаар зүйлийн 18.1.1.г хэсэгт зааснаар ................... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тус сумын Засаг даргыг томилуулах, чөлөөлөх болон огцруулах санал гаргаж аймгийн Засаг даргад уламжлах онцгой бүрэн эрхийг хэрэгжүүлэх бол мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар Хурлын Тэргүүлэгчид нь Хурлын хуралдааныг товлон зарлах, түүний бэлтгэлийг хангах, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон санал, шийдвэрийн төсөл боловсруулах, хэлэлцэх асуудлын жагсаалтыг батлах бүрэн эрхийг эдлэнэ.

Харин дээрх хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1, 22.1.3, 22.1.4, 22.1.8-д тус тус зааснаар ................... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь тус Хурлын ээлжит болон ээлжит бус хуралдааныг товлон зарлах, бэлтгэлийг хангах саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх, Хурлын Тэргүүлэгч, төлөөлөгч бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл бололцоог хангах ажлыг зохион байгуулалтын удирдлагаар хангах, төлөөлөгчдөөс Тэргүүлэгчдээр хэлэлцүүлэхээр тавьсан саналыг хүлээн авах, гарах шийдвэрийн төслийг боловсруулах, хуралдаанаар хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах, сумын Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх, чөлөөлөх, огцруулах тухай хүсэлтийг хүлээж авах эсэх саналыг Хуралд оруулах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

Хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т Сумын Засаг даргыг тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн буюу 50-аас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар аймгийн Засаг даргад санал болгохоор зохицуулсан байгаа бол мөн зүйлийн 26.5.1-д сумын Засаг даргад нэр дэвшигч нь дээд боловсролтой байхыг шаарджээ.

Харин хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-т “Дээд шатны Засаг дарга... энэ хуулийн 32.2-т заасан үндэслэлээр Засаг даргыг огцруулах бол саналаа зохих шатны Хуралд хүргүүлэх бөгөөд Хурал 15 хоногийн дотор хэлэлцэж санал хураалт явуулж хариу өгнө” гэж, 32.6-д “Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурж Хурлын даргад өргөн мэдүүлсэн бол Хурал 15 хоногийн дотор уг саналыг хуралдаанаараа хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилсан.

Дээрх зохицуулалтуудаас харахад ................... сумын Засаг даргыг огцруулах тухай саналыг Булган аймгийн Засаг дарга болон ................... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн хэн аль гаргах эрхтэй байна.

Тиймээс ................... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь сумын Засаг даргыг огцруулах талаар гаргасан аймгийн Засаг дарга болон тус Хурлын нэр бүхий 10 төлөөлөгчийн гаргасан саналыг хүлээж авснаас хойш 15 хоногийн дотор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаараа хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулах үүрэгтэй. Тодруулбал: Хариуцагч нь аймгийн Засаг дарга болон тухайн Хурлын нэр бүхий 10 төлөөлөгчийн гаргасан “Сумын Засаг даргыг огцруулах тухай” саналыг хүлээн авснаас хойш 15 хоногт багтаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийн тулд тухайн Хурлын хуралдааныг товлон зарлах, тус хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад сумын Засаг даргыг огцруулах эсэх асуудлыг оруулах саналаа Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх, сумын Засаг даргыг огцруулах тухай саналыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх үүрэгтэй.

Харин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь хуульд заасан дээрх хугацаанд багтаан Хурлын хуралдааныг товлон зарлах, тус хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад сумын Засаг даргыг огцруулах эсэх асуудлыг оруулан баталсан шийдвэрийг гаргах үүрэгтэй.

Хурлын дарга болон Хурлын Тэргүүлэгчид нь сумын Засаг даргыг огцруулах эсэх асуудлыг бие даан шийдвэрлэх эрхгүй болох нь хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-т “Дээд шатны Засаг дарга ... Хуралд хүргүүлэх бөгөөд Хурал 15 хоногийн дотор хэлэлцэж санал хураалт явуулж хариу өгнө”, 32.6-д “Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь ...саналд гарын үсэг зурж Хурлын даргад өргөн мэдүүлсэн бол Хурал 15 хоногийн дотор уг саналыг хуралдаанаараа хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэнэ” гэх зохицуулалтуудаас харагдаж байна. 

Гэтэл хариуцагч нь аймгийн Засаг дарга болон тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэр бүхий 10 төлөөлөгчдөөс гаргасан сумын Засаг даргыг огцруулах саналыг хуульд заасан хугацаанд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлээгүй атлаа 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 11 дугаартай албан бичгээр Булган аймгийн ................... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрийн өмнөөс сумын Засаг дарга Л.Пүрэвсүрэнг огцруулахаас татгалзсан хариуг аймгийн Засаг даргад өгсөн нь зөвхөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд олгосон бөгөөд тус Хурлын даргад олгогдоогүй эрхийг эдэлж, гүйцэтгэх ёстой үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй гаргажээ.

Хуулийн 32 дугаар зүйлийн 32.4, 32.6 дахь заалтуудаар сумын Засаг даргыг огцруулах эсэх саналыг зөвхөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдаанаараа хэлэлцэн хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар шийдвэрлэх үүрэгтэй талаар өмнө хэсэгт тайлбарласан.

Эрх бүхий албан тушаалтнуудаас гаргасан дээрх саналыг хүлээж авснаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг товлон зарлахгүй байх, уг саналыг Хурлын хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулахаас татгалзах, хуралдаанаар хэлэлцүүлэхгүй байх эрх Хурал, Хурлын дарга, Тэргүүлэгчид, төлөөлөгчдийн хэн алинд нь байхгүй юм. Өөрөөр хэлбэл тухайн асуудлыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдаанаараа хэлэлцүүлэн заавал шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд харин хэрхэн шийдвэрлэх нь тухайн Хурлын эрх юм.

................... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад сумын Засаг даргыг огцруулах эсэх асуудлыг оруулуулахаар төлөөлөгч н.Олзбаяраас гаргасан саналыг хүлээн авахаас татгалзсан шийдвэр нь аймгийн Засаг дарга болон тус Хурлын 10 төлөөлөгчийн гаргасан саналыг шийдвэрлэсэн хэрэг биш бөгөөд ................... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон түүний Тэргүүлэгчид, дарга нар нь хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй гаргаж буй нь илт хууль бус байна.

Тиймээс Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 22 дугаар зүйлийн 22.1.1, 22.1.3, 22.1.4, 22.1.8, 32 дугаар зүйлийн 32.4. 32.6 дахь хэсэгт тус тус заасны дагуу Булган аймгийн ................... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч М.Ганболдын  ................... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Дөлгөөнтамир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдаан зарлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, тус Хурлын ээлжит бус хуралдаан зарлах асуудлыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлж тогтоол гаргуулахыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12, 107, 108 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 22 дугаар зүйлийн 22.1.1, 22.1.3, 22.1.4, 22.1.8, 32 дугаар зүйлийн 32.4. 32.6 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэн М.Ганболдын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Булган аймгийн ................... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд “Хурлын ээлжит бус хуралдааныг товлон зарлах” саналыг оруулж шийдвэрлүүлэхгүй байгаа тус Хурлын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, түүнд Булган аймгийн Засаг дарга болон ................... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Л.Баяржаргал, Д.Сансар-Очир, Н.Ням..................., Ц.Одончимэг, Ч.Цогзол, Т.Батжаргал, Г.Ширчин, Б.Эрдэнэ-Очир, Ц.Мягмардорж нараас гаргасан “Сумын Засаг даргыг огцруулах санал”-ыг хэлэлцүүлэх үндэслэлээр тус Хурлын хуралдааныг товлон зарлах саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж зохих шийдвэрүүдийг гаргуулахыг даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Ганболдод олгосугай.  

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд давж заалдах гомдол гаргаагүй этгээд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг тус тус дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.БАТЧИМЭГ