| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2023/0004/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/004 |
| Огноо | 2023-01-02 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ж.Энхбат |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 2023/ШЦТ/004
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Ж.*******,
Нарийн бичгийн дарга: Б.Сайнбилэг,
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.*******аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2214000000238 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогтой *******гийн *******, / РД:******* /,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 16 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар баг 3-16-04 тоотод байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр *******г үл ялих зүйлээр шалтаглаж буюу “архи уусан юм уу” гэж хэлснээс болж түүнийг сандлаар толгой руу цохиж, хүрзний ишээр гуя руу нь цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь тархи доргилт, духны шарх, зүүн гуянд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь:
Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би Монгол улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. Би буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдлээд мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Дахин цаашид гэмт хэрэг үйлдэхгүй гэдгээ амлаж байна. Би буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна......гэх мэдүүлэг / хх-ийн 50-51 /
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын мэдүүлэхдээ: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
3. Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Манай нөхрийг *******гийн ******* гэдэг бид хоёр гэрлэлтийн баталгаатай гэр бүл болоод 20 жил болж байгаа дундаасаа 3 хүүхэдтэй бүгд тусдаа гарсан одоо бид хоёр гэртээ хоёулахнаа байдаг. Өнөөдөр манай нөхөр гэртээ байж байгаад 15 цаг өнгөрч байхад би ус аваад ир гэсэн тэгээд өөрийн 11-65 БНА улсын дугаартай приүс 11 маркийн машинаар 2 сав ус авч ирж өгсөн тэгээд би толгойгоо угаачхаад байж байтал манай дүү утас руу залгасан тэгтэл утасны цэнэг дууссан тэгээд гэр тоггүй байсан учраас түүний машин руу утсаа цэнэглэх гээд нөхөртөө утсаа өгч гаргаж залгуулсан тэгээд байж байтал манай нөхөр дүү чинь залгаад байна гэж гэрт орж ирсэн тэгэхээр нь би машиндаа орж дүүтэйгээ утсаар ярьчихаад гэртээ орж ирээд толгой угаасан усаараа шалаа угааж байсан тэгтэл манай нөхөр гэрийн зүүн талын орон дээр хэвтсэн та дүү чинь юу яриад байгаа юм та нар юугаа ярьдаг юм гуйлагчингууд гэсэн тэгэхээр нь ээжийн шинжилгээний хариуг авсан ярьж байна гээд хэлээд чи чинь хаашаа юм бэ архи уусан юм уу гээд 2-3 удаа хэлтэл миний идэж уух чамд ямар хамаатай юм ууна гэж байна гэж хэлээд гэрийн зуухны урд байсан модон сандлыг авсан тэгэхээр нь би хаалганыхаа дотор талд зогстол тухай сандлаар чигээр нь миний толгойн зүүн тал руу цохисон савж далайж бол цохиогүй тэгсэн нүүр дагаад цус гоожоод толгой хагарсан тэгэхээр нь шууд цагдаад дуудлага өгсөн болсон зүйл бол энэ байгаа юм. Манай нөхөр архи уух болгондоо ийм үйлдэл гаргадаг. Нэг уухаараа 7-8 хоног шоконд ортлоо ууна би байгаа тулдаа хөөцөлдөөд архинаас нь болиулдаг. Миний ойрхны санаж байгаагаар сая 10 дугаар сарын 08-нд ээжийг эмнэлэгт хот руу авч явах гэж байхад яасан их мөнгө төгрөг ордог юм хоноцын шээсээ гэж хэл доромжлоод зүгээр байхад үсдэж аваад гэр дотор чирсэн. Энэ болгонд нь тэвчдэг цагдаагийн байгууллагад ерөөсөө мэдэгдэж байгаагүй энэ удаа анхных нь байгаа юм. Архи уучихаараа гэр орондоо шээнэ, намайг дандаа янхан банзал гээд орсон гарсан өөрийнхөө найз нөхөдтэй хардаад байдаг. Манай ээж 67 настай хэвтрийн манай хашаанд жижиг гэртээ байдаг харах хүн байхгүй тиймээс би хамгаалах байранд байхгүй.....гэх мэдүүлэг / хх-ийн 27-28 /,
.... Манай нөхөр ******* сардаа 3-4 орчим удаа архи, согтуур ундаа хэрэглэдэг. Бид хоёр 20 жил орчим хамт амьдарч байгаа. Энэ үед бол цохиж зодож байсан асуудал бол байсан. Гэхдээ тэр болгоныг би санахгүй, мартчихсан байна. Хамгийн сүүлд ч хэзээ цохиж зодсоныг нь санахгүй байна. Гэхдээ архи уух болгондоо цохиж зодоод байдаггүй. Архи уух болгондоо муухай, янз бүрийн авир гаргаад байдаг гэсэн үг байгаа юм. Архинд бол дуртай хүн байгаа юм. Би хэзээ цохиулж зодуулж байснаа бол яг одоо он, сар, өдрийг нь бол сайн санахгүй байна, мартчихсан байна. Өмнө нь би нэг ч удаа цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгч байсан зүйл байхгүй. 2022 оны 10 дугаар сарын 20-нд л өгч байгаа нь энэ байгаа юм. Намайг сандлаар цохиж байхад бид хоёроос өөр хүн байгаагүй юм. Гэрт миний толгой руу сандлаар цохихоор нь гэрээс гүйгээд гартал хашаан дотор хүрзний ишээр зүүн талын гуяны ард хэсэг рүү 2 удаа цохиод авсан. Өөр цохиж зодсон асуудал бол байхгүй юм. Би эмнэлгийн байгууллагад хандаж байгаагүй. Тухайн өдөр би эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт ирж толгойдоо 2 оёдол тавиулсан. Тэгээд тэрнээс хойш сүүлд нь би гэртээ 10 гаран хоногийн дараа оёогоо авчихсан юм. Өөр эмчилгээ хийлгэсэн зүйл огт байхгүй....гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 /
...Би 2022 оны 10 дугаар сарын сүүлээр хашаагаа цэвэрлээд хугархай муу хүрзний иш яваад байхаар нь хашааныхаа хогтой хамт хогийн машинд ачаад хаясан юм. Одоо намайг цохисон гээд байгаа хүрзний иш байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 33 /,
4. Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би тухайн өдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр эргүүл удирдаад явж байх хугацаанд цагийг нь сайн санахгүй байна, ямар ч байсан өдөр байсан, уг тоотод “манай нөхөр агсам согтуу тавиад байна” гэх дуудлагын дагуу очиход эхнэр, нөхөр хоёр хашаанаасаа хэрэлдээд гараад ирсэн. Тэгээд юу болсон талаар тодруулахад эхнэр нь “нөхрийгөө согтуу машин унаж явах гээд байхаар нь хэрүүл хийтэл толгой хагалчихлаа" гэхээр нь тэр хоёрыг хоёуланг нь суулгаад нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн төвд ирээд эхнэрийнх нь толгойд 2 оёдол тавиулаад ажил дээр авч ирэн тэр хоёрыг мөрдөгч ахлах дэслэгч Н.Отгонбаярт хүлээлгэн өгсөн. Нэрийг нь бол одоо санахгүй байна. Нөхөр нь модон сандлаар толгой руу нь цохиод хагалсан гэж байсан. Хашааны гаднаас нь тэр хоёрыг шууд машиндаа суулгаад нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн төвд ирсэн. Согтолт нь гайгүй байсан. Тэр өдөр өглөө нь 0.33 граммын шилтэй архи уугаад согтуу машинаа бариад гарах гээд байхаар нь маргалдаад сандлаар толгой руу нь цохисон гэж эхнэр нь хэлж байсан. Толгойных нь духны дээд хэсэгт хагарсан, цус гарсан байдалтай байсан. Өөр ил харагдах бэртэл гэмтэл анзаарагддаггүй...гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 /,
5. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 665 дугаартай шинжээчийн:
1. 2. *******гийн биед тархи доргилт, духны шарх, зүүн гуянд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.
4. 6. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
5. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
7. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна....гэх дүгнэлт / хх-ийн 43-44 / болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс нэг хуудас нотлох баримт гаргаж өгсөн зэргийг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 16 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар баг 3-16-04 тоотод байрлах өөрийн гэртээ согтуурсан үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр *******г үл ялих зүйлээр шалтаглаж буюу “архи уусан юм уу” гэж хэлснээс болж түүнийг сандлаар толгой руу цохиж, хүрзний ишээр гуя руу нь цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь тархи доргилт, духны шарх, зүүн гуянд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.
Энэ үйл баримт болсон нь хохирогч *******гийн мэдүүлэг, 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн шинжээчийн 665 дугаартай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч *******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ******* нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Шүүх шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж эрүүгийн хариуцлага хүлээлгэлээ
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Хэрэгт шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэхэд ашигласан модон сандлыг эд мөрийн баримтаар хураан авсан Прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг сандлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгалаа.
Шүүх шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж эрүүгийн хариуцлага хүлээлгэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогтой *******гийн *******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч ******* овогтой *******гийн *******ыг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар хэрэгт гэмт хэрэг үйлдэхэд ашигласан модон сандлыг эд мөрийн баримтаар хураан авсан Прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг сандлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ