Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/05

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Н.Нандин-Эрдэнэ, шүүгдэгч С.********, түүний өмгөөлөгч Б.Баттулга, нарийн бичгийн дарга О.Жавхлан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос ******** овогт ********гийн ********ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210000000899 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1975 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, ******** дүүргийн 16 дугаар хороо, ********ын 59а тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд: Сүхбаатар дүүргийн шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 571 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар,

Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 48 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, уг ялын 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 20/170 дугаартай тогтоолоор эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан, бие эрүүл, ухаан бүрэн, ******** овогт ********гийн ******** /РД: ********/.

Холбогдсон хэргийн талаар:

 

           Шүүгдэгч С.******** нь 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “********” ХХК-ийн барилгын хашаанд байсан 250 метрийн урттай 380 вольтын 4 житэй хүчдэлийн утсыг шунахайн сэдлээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч А.********д 2,400,000 төгрөгийн хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

 

Шүүгдэгч С.********: “...Би нэг сар орчим ажилласан, Цолмон гэх залуу цалингаа өгөхгүй байсан. Анх 7 хоног тутам цалингаа өгнө, ингэхдээ өдөрт 70,000 төгрөг өгнө гэж тохиролцсон байсан, анх 300,000-400,000 төгрөгийг цалин гэж өгөөд хэд хоногийн дараа буцаагаад зээлж авсан. Тэгээд цалингаа өгөхгүй болохоор нь би очихоо больсон. Анх тэр утсыг би аваад цалингаа өгч байж аваарай гэж хэлээд гэртээ тавих санаатай авсан. Тухайн үед таксины мөнгө байхгүй байсан тул жаахан хэсгийг нь тасалж аваад таксины мөнгө олох гэж байсан...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би “********” ХХК-ийн захирлаар ажилладаг, манай байгууллага Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Морин тойруулгын зүүн талын шугам хоолойн угсралтын ажил хийж байгаа юм. Тухайн газар үйл ажиллагаа явуулах зорилгоор айлын хашаанаас тог авч татсан 380 хүчдэлийн 4 жи бүхий кабелын утас татсан байсан. 2022 оны 07 дугаар сарын 01-ний өглөө цагдаагийн байгууллагаас над руу залгаад танай байгууллагын кабелын утас алдагдсан уу, танай байгууллагаас хулгай хийсэн гээд утас зараад 100 айл дээр явж байгаад баригдчихлаа гэж хэлсэн. Тэгээд би тухайн байгууллагынхаа кабелын утсыг шалгаж үзэхэд манай 250 орчим метр утас алга болчихсон байсан. Тэгээд Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс дээр ирсэн чинь манай байгууллагад өмнө нь ажиллаж байсан ******** гээд хүн баригдчихсан, манай хашаанд байсан утаснуудыг хулгай хийсэн байсан гэж хэлсэн юм. Энэ хүн одоогоос 7,8 хоногийн өмнөөс ажилдаа ирээгүй байж байгаад өнөөдөр бас кабелын утас хулгайлсан байна. Тэгээд өөрөөс нь яагаад хулгай хийсэн талаар асуусан. “Цалин өгөөгүй биз дээ” гэж хэлсэн ... Би тухайн алдсан эд зүйлсийг бүгдийг нь хүлээгээд авчихсан болохоор ямар нэгэн санал хүсэлт гомдол байхгүй байна...” /хавтаст хэргийн 13 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Э.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Нисэхийн тойргоос хотын төв рүү чиглэлтэй такси үйлчилгээнд өөрийн эзэмшлийн ******** УБЭ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн цэнхэр өнгийн машинтайгаа явж байсан. Тэгээд Морин тойруулгын ертөнцийн зүгээр зүүн хойд хэсэгт замын хажууд явж байхад 45-50 насны орчим цэнхэр өнгийн футболктой, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй ах такси барихаар зогсоосон юм. Тэгээд би хаашаа явах талаар асуусан чинь “ахын дүү ийшээ ороод /тухайн морин тойруулгын ертөнцийн зүгээр зүүн талд байх барилгын хашаа руу гараараа заасан/ юм ачаад 19 оръё” гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрөөд тухайн ах машинд суугаад бид хоёр барилгын хашааны урдуур тойрч орсон чинь тийшээ очоод зогсчих гээд нэг газар заасан, тэнд нь очоод зогссон чинь бөөгнүүлээд тавьчихсан өндөр хүчдэлийн 380 волтын кабелын утас байсан бөгөөд тухайн кабелыг өөрөө өргөөд машинд тавьсан. Тэгээд шууд 19 үйлчилгээний төв рүү орох гээд явж байсан чинь тэр ах, “ахын дүү шууд 100 айл орчих энэ утаснаас зараад таксины мөнгө өгье” гэж хэлсэн. Тэгж хэлэхээр нь би сэжиг аваад чимээгүй 100 айлын зах дээр очсон чинь нөгөө ах машинаас буугаад “авах хүн асуугаад ирье” гээд яваад өгсөн. Тэгэхээр нь би шууд цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд тэр ахыг цагдаа нар ирээд аваад явсан...” /хавтаст хэргийн 15-16 дахь тал/ гэсэн..”

 

Шүүгдэгч С.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр өмнө нь ажиллаж байсан Хан-Уул дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “********” ХХК-ийн захирал ********той уулзахаар ажил дээр нь ирсэн. Тэгээд барилгын хашаанд ямар нэгэн хүн байгаагүй бөгөөд хэсэг хүлээж сууж байгаад хашаанд байсан гэрлийн утсыг шонгоос нь салгаж аваад хашаанд бөөгнүүлсэн. Би ер нь нэлээн урт хэмжээний цахилгааны утсыг авсан бөгөөд метрийг нь бол яг нарийн хэлж мэдэхгүй байна. Тэгээд хашаанд утсыг бөөгнүүлж тавьчхаад барилгын хашааны хойд талын төв зам дээр гараад такси бариад тухайн барилгын хашаа руу ороод тухайн бөөгнүүлсэн цахилгааны утсыг аваад гэр рүүгээ явсан юм. Тэгээд явж байсан чинь таксины мөнгө байхгүй байхаар нь тухайн цахилгааны утаснаас зарж таксины мөнгө олохоор Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байх худалдааны зах ороод тухайн таксинд нөгөө авсан цахилгааны утсаа үлдээгээд цахилгааны утас худалдаж авах хүн байгаа эсэхийг тодруулахаар хүмүүстэй уулзсан чинь авах хүн байхгүй байсан. Тэгээд буцаад такси дээр хүрээд ирсэн чинь цагдаа нар ирчихсэн байсан бөгөөд миний барилгын хашаанаас авсан утас зэргийг аваад Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн бөгөөд тухайн цахилгааны утсыг эзэнд нь хүлээлгэж өгсөн юм...” /хавтаст хэргийн 67-68дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 5 дахь тал/,

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 7-8 дахь тал/,

- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 9-10 дахь тал/,

- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 22-25 дахь тал/,

- Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 28 дахь тал/,

- Эд зүйлийг бусдад хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 29 дэх тал/,

- “********” ХХК-н улсын бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 100-101 дэх тал/,

- “********” ХХК-н улсын бүртгэлийн гэрчилгээ /хавтаст хэргийн 102 дахь тал/,

 

- Шүүгдэгч С.********ын хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 30 дахь тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 31 дэх тал/, хуулийн этгээд бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 32 дахь тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 33 дахь тал/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хавтаст хэргийн 34 дэх тал/, асап сангийн мэдээлэл /хавтаст хэргийн 35-44 дэх тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 46 дахь тал/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хавтаст хэргийн 48-52, 55-56 дахь тал/, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан эсэх мэдээлэл /хавтаст хэргийн 96, 97 дахь тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч С.******** нь 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “********” ХХК-ийн барилгын хашаанд байсан 250 метрийн урттай 380 хүчдэлийн 4 жи-тэй утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч “********” ХХК-д 2,400,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч А.********гийн “...Би “********” ХХК-ийн захирлаар ажилладаг. Манай байгууллага үйл ажиллагаа явуулах зорилгоор айлын хашаанаас тог авч татсан 380 хүчдэлийн 4 жи бүхий кабелын утас татсан байсан. ...Цагдаагийн байгууллагаас над руу утасдсан, тэгээд би байгууллагынхаа кабелын утсыг шалгаж үзэхэд манай 250 орчим метр утас алга болчихсон байсан. Тэгээд Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс дээр ирэхэд манай байгууллагад урьд нь ажиллаж байсан ******** гээд хүн баригдчихсан, манай хашаанд байсан утаснуудыг хулгай хийсэн байсан гэж хэлсэн юм...” /хавтаст хэргийн 13 дахь тал/ гэсэн, гэрч Э.********гийн “...Би 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Нисэхийн тойргоос хотын төв рүү чиглэлтэй такси үйлчилгээнд өөрийн эзэмшлийн ******** УБЭ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн цэнхэр өнгийн машинтайгаа явж байсан. Морин тойруулгын ертөнцийн зүгээр зүүн хойд хэсэгт замын хажуугаас 45-50 орчим насны, цэнхэр өнгийн футболктой, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй ах такси барихаар зогсоосон. Тэгээд би хаашаа явах талаар асуусан чинь “ахын дүү ийшээ ороод /тухайн морин тойруулгын ертөнцийн зүгээр зүүн талд байх барилгын хашаа руу гараараа заасан/ юм ачаад 19 оръё” гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрөөд тухайн ах машинд суугаад бид хоёр барилгын хашааны урдуур тойрч орсон чинь тийшээ очоод зогсчих гээд нэг газар заасан юм. Тэгээд очоод зогссон чинь бөөгнүүлээд тавьчихсан өндөр хүчдэлийн кабелын утас байсан бөгөөд тухайн кабелыг өөрөө өргөөд машинд тавьсан. Тэгээд шууд 19 үйлчилгээний төв рүү орох гээд явж байсан чинь тэр ах, “ахын дүү шууд 100 айл орчих энэ утаснаас зараад таксины мөнгө өгье” гэж хэлсэн, тэгэхээр би хар аваад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” /хавтаст хэргийн 15-16 дахь тал/ гэсэн...” гэсэн, шүүгдэгч С.********ын “...2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр өмнө нь ажиллаж байсан “********” ХХК-ийн захирал ********той уулзахаар ажил дээр нь ирсэн. Тэгээд барилгын хашаанд ямар нэгэн хүн байгаагүй бөгөөд хэсэг хүлээж сууж байгаад хашаанд байсан гэрлийн утсыг шонгоос нь салгаж аваад хашаанд бөөгнүүлсэн. Би ер нь нэлээн урт хэмжээний цахилгааны утсыг авсан бөгөөд метрийг нь бол яг нарийн хэлж мэдэхгүй байна. Тэгээд хашаанд утсыг бөөгнүүлж тавьчхаад барилгын хашааны хойд талын төв зам дээр гараад такси бариад тухайн барилгын хашаа руу ороод тухайн бөөгнүүлсэн цахилгааны утсыг аваад гэр рүүгээ явсан юм. Тэгээд явж байсан чинь таксины мөнгө байхгүй байхаар нь тухайн цахилгааны утаснаас зарж таксины мөнгө олохоор Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байх худалдааны зах ороод тухайн таксинд нөгөө авсан цахилгааны утсаа үлдээгээд цахилгааны утас худалдаж авах хүн байгаа эсэхийг тодруулахаар хүмүүстэй уулзсан чинь авах хүн байхгүй байсан...” /хавтаст хэргийн 67-68дахь тал/ гэсэн мэдүүлгүүд, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 7-8 дахь тал/, Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 9-10 дахь тал/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 22-25 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогдоно.

 

         Шүүгдэгч С.******** нь 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “********” ХХК-ийн барилгын хашаанд байсан 250 метрийн урттай 380 хүчдэлийн 4 жи-тэй кабель утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 2,400,000 төгрөгийн хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул дээрх зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч С.********од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

Шүүгдэгч С.******** нь хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

2. Шүүгдэгч С.******** нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, сэдэлт, зорилго зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.********од оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд Улаанбаатар хотын ******** дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх нь зүйтэй.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч “********” ХХК-ийн эд хөрөнгө өмчлөх эрх зөрчигдөж, 2,400,000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол учирсан, тухайн компанийн гүйцэтгэх захирал А.******** болох нь хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, лавлагаа, дүрэм зэрэг баримтуудаар тогтоогдох бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нь хулгайлсан эд зүйлсийг биет байдлаар буцаан өгсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна.

 

Эрүүгийн 2210000000899 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч С.******** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч А.******** гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

   Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******** овогт ********гийн ********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********гийн ********ыг 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч С.********од оногдуулсан 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.********од шийтгэсэн 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд Улаанбаатар хотын ******** дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг тус тус хүлээлгэсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.******** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар тус тус солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн 2210000000899 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч С.******** цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч А.******** гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.********од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.********од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР