Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 26 өдөр

Дугаар  2023/ШЦТ/12

 

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч А.Алтангэрэл, хохирогч Э.********, шүүгдэгч Э.********, М.********, нарийн бичгийн дарга О.Жавхлан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ******** овогт ********ийн ********ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч ******** овогт ********ын ********ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210019371302 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн, 1995 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, жүжигчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Баянгол дүүргийн 25 дугаар хороо, 103-107 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, ******** овогт ********ийн ******** /РД: ********/.

 

2. Монгол Улсын иргэн 1997 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Дорнод аймгийн Баяндун суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шинжлэх ухаан техникийн их сургуулийн 4 дүгээр дамжааны оюутан, ам бүл 3, найзуудын хамт Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 27-1-1106 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, ******** овогт ********ын ******** /РД: ********/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Э.******** нь Э.********тай урьдын харилцааны явцад үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас архи, согтууруулах ундааны  зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 30-ны шөнө 02 цагийн үед өөрийн найз М.********ад иргэн Э.********ы эзэмшлийн ******** УАС улсын дугаартай Тоёота Харьер маркийн тээврийн хэрэгслийг гэмтээх талаар хэлж, машиндаа байсан урт иштэй төмрийг түүнд өгч явуулан уг автомашины салхины шилийг нь хагалуулж, бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдэхийг санаачилж, удирдсан гэмт хэрэгт хамтран үйлдэгчийн үүрэг оролцоог хуваарилан зохион байгуулсан,

Шүүгдэгч М.******** нь өөрийн найз Э.********ыг “******** эгчийн машины цонхыг хагалчхаад хүрээд ир” гэж хэлсний дагуу 2022 оны 07 дугаар сарын 30-ны шөнө 02 цаг 30 минутад Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, ********ийн 481 дүгээр байрны В1 давхрын 7 дугаар зогсоолд байсан ******** УАС улсын дугаартай Тоёота Харьер маркийн тээврийн хэрэгслийн урд талын салхины шилийг Э.********ын өгсөн урт иштэй төмрөөр 2 удаа цохин хагалж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, шүүгдэгч мэдүүлсэн мэдүүлэг: 

 

Хохирогч Э.********: “...******** эхний удаа манай дүүгийн машины цонхыг хагалаад явахдаа уучлаарай эгчээ, дараагийн удаа ирж хагалахдаа намайг ямар айхтар хүн гэдгийг харав уу гэж хэлсэн. Надад үүнд өс санасан зүйл байхгүй. Шөнийн 00 цаг болж байхад юм аа авъя гэж мессеж бичдэг, би юу авах гээд байгаа юм, нүүр нүүрээ харж байгаад ярья гэж хэлсэн. Энэ хугацаанд уулзаад асуудлаа шийдье гэж хэлсэн. Гэтэл үгүй, манай доод дэлгүүрт аваачиж өг гэж хэлдэг. Би цамц, ширэм, чихэвч зэргийг нь аваачиж өгсөн. Үүнээс хойш шөнийн 02, 03 цагт нэхсэн байдалтайгаар мессеж бичсэн байдаг байсан. Намайг ямар айхтар хүн гэдгийг харлаа гэж бичсэн. Түүнээс өмнө уучлаарай гээд явж байсан. Би энэ хүний мууг үзэхдээ биш энэ байдал зогсохгүй байгаа учраас шүүхэд хандсан. Надад гомдол санал байхгүй. Хуулийн дагуу шийдүүлмээр байна. Энэ хүн энэ байдлаа зогсохгүй гэх баталгаа байхгүй учраас хуулийн байгууллагад хандсан. Над руу саяхан хохирол төлье, прокурор төлчих гэж хэлсэн гэсэн. Би шүүхийн шийдвэрийг харна гээд дансаа өгөөгүй. Эцэг эх нь нас барсан гэж байгаа бол хохирол нэхэмжлэхгүй. Би хүний мууг үзэх гэж байгаа зүйл биш, уучлаарай эгчээ гээд явж байгаад төд удалгүй намайг харж байгаа биз дээ гэж эхэлдэг, хохирлын мөнгө нэхэмжлэхгүй...” гэв.

 

Шүүгдэгч Э.********: “...Би хохирогч ********ы дүү ********тай харилцаатай байсан. Тухайн үед 6 дугаар сарын 08-ны өдрийн хавьцаа харилцаа дууссан. Харилцах боломжгүй байсан. Манайх аяллаар зун явдаг. Би найзаар нь дамжуулж ширэм өгсөн байсныг авах гэж хэлүүлсэн. Гэтэл ******** хариу өгөөгүй. Би ээж, эгчийнх нь утас руу мессеж бичсэн. Над руу залгасан. ******** утсаар яриад юу авах гээд байгаа юм гэж хэлсэн. Бид хоёр харилцаа тасарсны дараа 100 дахь хоногт би ********д бэлэг өгсөн. Хонхны баяраар нь мөн бэлэг өгсөн. Тухайн үед сэтгэлзүйн тогтворгүй үе байсан. ******** надад сэтгэл гомдохоор үг хэлсэн. Чихэр жимсээ авах гэж байгаа бол хогийн саванд хаясан, заагаад өгье гэж хэлсэн. Би үүнд сэтгэлзүйн үүднээс гомдсон. Би машиныг нь янзлах болсон шалтгаан бол хэн хэндээ дэм болох үүднээс засуулсан. ********д хэлэхэд эгчээс асууя гээд асуухад нь зөвшөөрсөн тул засуулсан. Манай амьдралын санхүүгийн байдал 7 дугаар сарын 20 орчим хүнд байдалд орсон. Манай аав өвчтэй байсан. Би ********ын дугаараас манай аавын бие хүнд байна, мөнгө хэрэгтэй байна гэж мессеж бичсэн. Надад хариу өгөөгүй. Түүнд би гомдсон. Энэ хүний дүүгийн төлөө осол хийгээд жолооны үнэмлэхгүй явж байхад нь жолооны үнэмлэхтэй болгож тусалсан. түүнийг ******** мартсан юм шиг байна. Би гомдолтой байсан учраас ********ад бүх зүйлээ хэлсэн. ******** яасан муухай юм бэ гэж хэлсэн. Тэгээд ******** машиных нь цонхыг хагалсан. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа. Түүнээс хойш шүүх хурал дээр ирэх хэмжээнд энэ хэрэг томорчихлоо. Би аавыгаа алдаад 7 хоноогүй байна. Манай аав 7 хоногийн өмнө нас барсан. Түүнийг ойлгоосой гэж хүсэж байна. Таны машины цонхыг хагалсандаа харамсаж байна. Таныг хохиролгүй болгож өгнө. Сүүлд ******** эгчтэй ярьж хоёулаа эвлэрье гэхэд хоёулаа муудалцаагүй биз дээ гэж хэлсэн. Би хохиролгүй болгоё гэж хэлсэн. Данс нь ирээгүй байгаа. Би хохиролгүй болгож өгнө...” гэв.

 

Шүүгдэгч М.********: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Э.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 22 цагийн орчимд өөрийн амьдардаг ********ийн 481 дүгээр байрны В1 давхрын 7 дугаар зогсоолд өөрийн эзэмшлийн цагаан өнгийн ******** УАС улсын дугаартай тоёота Харьер машиныг байршуулсан юм. Би өөрийн машиныг өөрөө жолоодож зогсоолд байршуулсан бөгөөд тухайн үед миний машинд ямар эвдрэл гэмтэл байгаагүй. Би өөрийн машиныг байршуулснаасаа хойшоо хөдөлгөөнд оролцоогүй бөгөөд 2022 оны 07 дугаар сарын 31-ний өглөө 09 цагийн орчимд гадагшаа ажилд явах гээд гараад машинаа онгойлгоод суугаад хартал миний машины урд талын салхины шил хагарсан байсан бөгөөд би цагдаагийн байгууллагад хандсан юм.

...******** нь 2022 оны 4-5 дугаар сарын үед “U CAR” гэдэг газрын зар сурталчилгааны бичлэг хийж өгөх гэж байгаа юм хажуугаасаа мөргүүлсэн хаалган талаасаа сэвтэй машин хэрэгтэй байна гэж манай дүү болох ********д хэлсэн гэж манай дүү надад хэлж миний машиныг тухайн зар сурталчилгааны бичлэгт ашиглаад буцаагаад өгөхдөө машины чинь сэвийг тухайн зар сурталчилгаа хийлгэж байгаа “Юу Кар” гэх нэртэй засварын төвд засуулаад буцаагаад өгнө гэж хэлээд миний Тоёота Харьер маркийн машиныг гуйж манай дүүгээр авхуулсан. ...5-6 хоног болоод буцааж өгсөн ингэхдээ миний машины зүүн хойд талын хаалганы доод хэсэгт будаг нь халцарсан байсныг засаж, янзалж авчирсан байсан. Ингээд үүнээс хойш би холбоо бариагүй тэгээд 06 дугаар сарын 08-ны өдөр манай дүүгийн машиныг Э.******** сэвтүүлсэн гэмтээсэн учир манай дүү Э.******** харилцаагаа тасалъя гэж хэлсний улмаас машиныг эвдэлсэн байсан. Түүнээс хойш Э.******** манай дүү рүү залгаад юу нэхээд байгаа нь мэдэгдэхгүй юмаа авъя гэж нэхээд байдаг. Ингээд сүүлдээ тухайн байдал зогсохгүй байхаар нь би чи манай дүүгээс юу нэхээд байгаа юм гэхэд цамц, машины жижиг дэр, мах шардаг таваг, утасны чихэвч зэрэг эд зүйлс нэхсэн би тухайн эд зүйлийг нь аваачиж хэлсэн газар нь үлдээсэн. ...Үүнээс хойш надаас машин янзлуулсан гэх мөнгөө нэхдэг болсон. Би тухайн Э.******** гэх хүнээс машиныг минь засуулж өгөөч гэж гуйж байгаагүй, ******** надад болзол тавьж өөрөө авч яваад миний бичлэгтээ ашиглачхаад буцааж авч ирэхдээ засаж ийм учраас миний хувьд тухайн хүнд өр төлбөр байхгүй..” /хавтаст хэргийн 7-8, 9 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Э.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 04 дүгээр сард Э.******** надад хандаж би сошиал медиад бичлэг хийдэг юм аа надад бичлэг хийхэд дунд оврын жийп машин хэрэгтэй байна. Чи өөрийнхөө эгч болох Э.********аас машиныг нь гуйгаад аваад өгөөч би бичлэгтээ ашиглачхаад буцаагаад өгье гэж гуйсан. Ингээд Э.******** нь бичлэгтээ манай эгчийн машиныг гуйж ашиглаад өгсөн. ...2022 оны 06 дугаар сард надтай харилцаагүй болсныхоо дараа манай эгчийн машины сэвийг засуулсан мөнгөө авна гэж байнга эгч рүү залгаж, мессеж бичиж, мөнгөө авъя гэж дарамталдаг болсон...” /хавтас хэргийн 12-13 дахь тал/ гэсэн,

 

Гэрч З.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Билгээ бид хоёр машиндаа сууж байсан. Гарьдаа бууж яваад 30 гаран минутын дараа Яармагийн гүүрний хажуугаас машинд суусан ...Сүүлд сонсоход ******** бууж яваад 30 минутын дараа ирэхдээ хагалсан гэж байсан. Хагалсан шалтгаан нь тухайн машины эзэн нь ********д мөнгөний өртэй, тэгээд өрөө өгөхгүй байхаар нь адилхан хохирол учруулъя гэж бодоод Гарьдаар хагалчих гээд хагалуулсан гэж байсан. Билэгээд тухайн машины эзэн өртэй эсэхийг нь мэдэхгүй байна. Билэгээ өөрөө надад тэгж хэлсэн...” гэсэн,

 

Шүүгдэгч Э.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 07 дугаар сарын 29-ний шөнө өөрийн найз болох ********, Аригун нартай уулзаад ...өөрийн машиныг ********аар жолоодуулан Нисэх рүү явсан, Нисэх дээр ирээд Буянт-Ухаа 1 хорооллын хойд талын зам дагуу зогсож ********ад хандаж “********ы машины цонхыг хагалаад хүрээд ирээ” гэж хэлсэн, машинаас буух үед нь машинд байсан нарийн төмөр өгөөд ********ыг буулгасан. ********ыг буулгаад цааш нь Аригун машин бариуд Шувуун фабрик руу явсан тухайн үед би архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байсан. ******** руу залгаж ********ы амьдардаг байрыг нь зааж машины дугаар ******** УАС дугаартай цагаан өнгийн Тоёота Харьер машиныг гар утсаар зааж өгсөн...” /хавтаст хэргийн 37-38 дахь тал/ гэсэн,

 

Шүүгдэгч М.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 07 дугаар сарын 30-ны орой 02 цагийн үед найз ********, Аригун нарын хамтаар ********ын машиныг бариад Хан-Уул дүүрэг, Нисэх, Буянт-Ухаа 1 хороолол руу явсан. Би машинтай нь Буянт-Ухаа 1 хорооллын замын хойд талын зогсоолд зогсоон ...******** ...надад жижиг Т хэлбэртэй төмөр өгөөд ********ы машин байна, тэрийг хагалаад хүрээд ирээ гэж хэлээд намайг буулгаад яваад өгсөн. ...Надад хэлэхдээ Тоёота Харьер загварын ******** УАС улсын дугаартай машин байгаа тэрний цонхыг хагалчих гэхээр нь би жолооч талын цонхыг хор удаа цохиход цонх нь хагарчихсан...” /хавтас хэргийн 66 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 3 дахь тал/,

- Хохирогчоос гаргаж өгсөн гэрэл зурагт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5-6 дахь тал/,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 23-27 дахь тал/,

- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,

- Шүүгдэгч Э.********, М.******** нарын хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 40, 43 дахь тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 41, 50 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 67-68 дахь тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Э.******** нь Э.********тай урьдын харилцааны явцад үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас архи, согтууруулах ундааны  зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 30-ны 02 цагийн үед өөрийн найз М.********ад иргэн Э.********ы эзэмшлийн ******** УАС улсын дугаартай Тоёота Харьер маркийн тээврийн хэрэгслийг гэмтээх талаар хэлж, машиндаа байсан урт иштэй төмрийг түүнд өгч явуулан уг автомашины салхины шилийг нь хагалуулж, бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдэхийг санаачилж, удирдсан, гэмт хэрэг хамтран үйлдэгчийн үүрэг оролцоог хуваарилан зохион байгуулсан,

Шүүгдэгч М.******** нь өөрийн найз Э.********ыг “******** эгчийн машины цонхыг хагалчхаад хүрээд ир” гэж хэлсний дагуу 2022 оны 07 дугаар сарын 30-ны 02 цаг 30 минутад Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, ********ийн 481 дүгээр байрны В1 давхрын 7 дугаар зогсоолд байсан ******** УАС улсын дугаартай Тоёота Харьер маркийн тээврийн хэрэгслийн урд талын салхины шилийг Э.********ын өгсөн урт иштэй төмрөөр 2 удаа цохин хагалж бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсэн гүйцэтгэгчээр оролцсон гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч Э.********ы: “...Би 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 22 цагийн орчимд өөрийн амьдардаг ********ийн 481 дүгээр байрны В1 давхрын 7 дугаар зогсоолд өөрийн эзэмшлийн цагаан өнгийн ******** УАС улсын дугаартай тоёота Харьер машиныг байршуулсан юм. Би өөрийн машиныг өөрөө жолоодож зогсоолд байршуулсан бөгөөд тухайн үед миний машинд ямар эвдрэл гэмтэл байгаагүй. Би өөрийн машиныг байршуулснаасаа хойшоо хөдөлгөөнд оролцоогүй бөгөөд 2022 оны 07 дугаар сарын 31-ний өглөө 09 цагийн орчимд гадагшаа ажилд явах гээд гараад машинаа онгойлгоод суугаад хартал миний машины урд талын салхины шил хагарсан байсан...” /хавтаст хэргийн 7-8, 9 дахь тал/ гэсэн,

Гэрч Э.********ы: “...2022 оны 04 дүгээр сард Э.******** надад хандаж би сошиал медиад бичлэг хийдэг юм аа надад бичлэг хийхэд дунд оврын жийп машин хэрэгтэй байна. Чи өөрийнхөө эгч болох Э.********аас машиныг нь гуйгаад аваад өгөөч би бичлэгтээ ашиглачхаад буцаагаад өгье гэж гуйсан. ...2022 оны 06 дугаар сард надтай харилцаагүй болсныхоо дараа манай эгчийн машины сэвийг засуулсан мөнгөө авна гэж байнга эгч рүү залгаж, мессеж бичиж, мөнгөө авъя гэж дарамталдаг болсон...” /хавтас хэргийн 12-13 дахь тал/ гэсэн,

Гэрч З.********гийн “...Сүүлд сонсоход ******** бууж яваад 30 минутын дараа ирэхдээ хагалсан гэж байсан. Хагалсан шалтгаан нь тухайн машины эзэн нь ********д мөнгөний өртэй, тэгээд өрөө өгөхгүй байхаар нь адилхан хохирол учруулъя гэж бодоод Гарьдаар хагалчих гээд хагалуулсан гэж байсан....” гэсэн,

Шүүгдэгч Э.********ын “...2022 оны 07 дугаар сарын 29-ний шөнө ...********ад хандаж “********ы машины цонхыг хагалаад хүрээд ирээ” гэж хэлсэн, машинаас буух үед нь машинд байсан нарийн төмөр өгөөд ********ыг буулгасан. ...******** руу залгаж ********ы амьдардаг байрыг нь зааж машины дугаар ******** УАС дугаартай цагаан өнгийн Тоёота Харьер машиныг гар утсаар зааж өгсөн...” /хавтаст хэргийн 37-38 дахь тал/ гэсэн,

Шүүгдэгч М.********ын “...2022 оны 07 дугаар сарын 30-ны орой 02 цагийн үед ...******** ...надад жижиг Т хэлбэртэй төмөр өгөөд ********ы машин байна, тэрийг хагалаад хүрээд ирээ гэж хэлээд намайг буулгаад яваад өгсөн. ...Надад хэлэхдээ Тоёота Харьер загварын ******** УАС улсын дугаартай машин байгаа тэрний цонхыг хагалчих гэхээр нь би жолооч талын цонхыг хор удаа цохиход цонх нь хагарчихсан...” /хавтас хэргийн 66 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,

Хохирогчоос гаргаж өгсөн гэрэл зурагт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5-6 дахь тал/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 23-27 дахь тал/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 28-29 дэх тал/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ...” гэж,

3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн, ял оногдуулах насанд хүрээгүй хүнийг, хэрэг хариуцах чадваргүй хүнийг, гэмт хэргийг хамтран үйлдээгүй ба гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй бусад хүнийг, мал, амьтан ашиглан үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ...” гэж

3.3 дугаар зүйлийг 1 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг, оролцоог хуваарилсан, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан хүнийг гэмт хэргийн зохион байгуулагч гэнэ...” гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч Э.******** нь хохирогч Э.********тай урьдын харилцааны явцад үүссэн таарамжгүй харилцааны улмаас түүний машины цонхыг хагалах буюу эд хөрөнгийг нь санаатай устгах гэмт хэргийг санаачилж, төлөвлөж, М.********ад үүрэг өгч гүйцэтгүүлсэн нь зохион байгуулагчийн шинжийг, М.******** нь Э.********ын хэлсэн, заасны дагуу Э.********ы тээврийн хэрэгслийн салхины шилийг хагалсан үйлдэл нь бусдын эд хөрөнгийг устгах гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон шинжийг хангаж байна, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг давхар журамлах шаардлагагүй гэж шүүх дүгнэв.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ******** овогт ********ийн ********д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч ******** овогт ********ын ********ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

Шүүгдэгч Э.********, М.******** нар хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

2. Шүүгдэгч Э.********, М.******** нар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн ангиллын гэмт үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол хор уршиг, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, үйлдсэн байдал, үйлдэл оролцоо зэргийг харгалзан шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.********д 350 /гурван зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, М.********ад 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэв.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч Э.******** эд хөрөнгөд 350,000 төгрөгийн хохирол учирсан, хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэж хохирол нэхэмжлэхээс татгалзсан тул энэ шийдвэрээр шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн 2210019371302 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Э.********, М.******** нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Э.******** нэхэмжлэх зүйлгүй, гомдолтой гэсэн болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******** овогт ********ийн ********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага бус хэмжээний хохирол учруулах  гэмт хэрэгт зохион байгуулагчаар хамтран оролцсон,

Шүүгдэгч ******** овогт ********ын ********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага бус хэмжээний хохирол учруулах  гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутай тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.********д 350 /гурван зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.********ыг 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Э.********д шийтгэсэн 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч М.********ад шийтгэсэн 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.********, М.******** нарт шийтгэсэн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 2210019371302 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Э.********, М.******** нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Э.******** нэхэмжлэх зүйлгүй, гомдолтой гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.********, М.******** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.********, М.******** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР