Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 135/ШШ2019/00363

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2019/00304/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ....  тоотод оршин суух, ....  регистрийн дугаартай, харилцах утас .... , *******-гийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ... тоотод оршин суух, ...  регистрийн дугаартай, харилцах утас ......, *******-т холбогдох

 

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ******* , хариуцагч ******* , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******аранчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие *******  нь анх 2010 онд ******* тай танилцаж, 2011 оноос дотно харилцаатай болж 2012 оны 12 дугаар сард охин ******* , 2016 оны 7 дугаар сард хүү *******-г төрүүлсэн. 2017 оны 10 дугаар сард бид хоёр маргалдан тусдаа амьдрах болсон. *******  нь ******* гэгчтэй 2017 оны 11 сараас дотно харилцаатай болж хамт амьдарч эхэлсэн бөгөөд тэдний дундаас 2018 оны 10 дугаар сард хүү төрсөн гэх тул бидний хувьд эвлэрэх боломжгүй болсон юм. Бид хоёр гэрлэлтийн баталгаагүй, мөн эд хөрөнгийн маргаан үгүй. Иймд нэхэмжлэгч миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-т заасны дагуу өөрийн охин ******* , ******* нарт тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлээ гаргаж байна гэв.

 

Хариуцагч *******  хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

*******  бид хоёр 2010 онд Улаанбаатар хотод оюутан болоод танилцсан. 2011 оноос хамт амьдарсан. 2012 онд охин Учрал, 2016 онд хүү Цэлмэг төрсөн. Сургуулиа төгсөж ирээд Дарханд хамт амьдарсан. Үл ялих зүйлээс болж маргалдаж тусдаа амьдарсан. Тусдаа амьдарснаас хойш  би *******-тай уулзаж байгаад 2018 оны 10 дугаар сард хүүтэй болсон. Одоогоор тусдаа амьдарч байгаа. Миний бие өөрийн гаргасан алдаанаас болж энэ гэр бүлийг сүйрүүлж хоёр хүүхэдээ эцэггүй өсгөхийг хүсэхгүй байгаа. Нэхэмжлэлийг хүлэээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч *******  нь хариуцагч ******* т холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч ******* , хариуцагч *******  нар нь 2010 онд танилцаж гэр бүл болон хамтран амьдарч байх хугацаандаа 2012 оны 12 дугаар сарын 29-ний өдөр охин ******* , 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүү ******* нарыг төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, МЭДС ТОБ өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Дархан сумын 11 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Зохигчид нь албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй боловч эрх бүхий бүртгэлийн байгууллагад хандаж охин ******* , хүү ******* нарын төрсөн эцэг З.З овоглосон байна.

 

Нэхэмжлэгч *******  нь ... 2012 оны 12 дугаар сард охин ******* , 2016 оны 7 дугаар сард хүү *******-г төрүүлсэн. 2017 оны 10 дугаар сард бид хоёр маргалдан тусдаа амьдрах болсон. *******  нь ******* гэгчтэй 2017 оны 11 сараас дотно харилцаатай болж хамт амьдарч эхэлсэн бөгөөд тэдний дундаас 2018 оны 10 дугаар сард хүү төрсөн гэх тул бидний хувьд эвлэрэх боломжгүй болсон юм гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхойлсныг хариуцагч үгүйсгээгүй болно.

 

Зохигчид нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй тул 2012 оны 12 дугаар сарын 29-ний өдөр төрсөн охин ******* , 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү ******* нарыг эх ******* гийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 21.5-д Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 26 дугаар зүйлийн 26.1-д “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул ******* , ******* нарт сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг ******* аар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2012 оны 12 дугаар 29-ний өдөр төрсөн охин ******* , 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү ******* нарыг эх ******* гийн асрамжид үлдээж, 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа нөхцөлд 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг ******* аар тэжээн тэтгүүлсүгэй.

 

2. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэрэгжүүлж байхыг эцэг ******* , эх *******  нарт даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагчаас нэг жилийн хугацаанд төлөгдвөл зохих хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд улсын тэмдэгтийн хураамж тооцож 50 873 төгрөг гаргуулж Төрийн сангийн орлогод оруусугай.

.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

    

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.АЛТАНТУЯА