Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1795

 

 

 

 

 

 

  2022         12          09                                        2022/ШЦТ/1795

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярбат,

Улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

Шүүгдэгч Т.Б, Б.Д, тэдгээрийн өмгөөлөгч А.Ганзориг /ҮД:2446/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Б, Б.Д нарт холбогдох 2206 02105 1698 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Сантмаргац суманд 1961 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, 61 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүү, бэр, 2 ачийн хамт Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 64 дүгээр байрны 99 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

Л овогт Тгийн Б /РД: /,  

2. Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Сантмаргац суманд 1993 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эцэг, эх, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 64 дүгээр байрны 99 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан шагналгүй,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 583 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзагдсан,

Л овогт Бн Д /РД: /,

Хэргийн товч агуулга:

Т.Б, Б.Д нар нь бүлэглэн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнийн 00 цагийн үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 64 дүгээр байрны 2 дугаар орцонд иргэн Ж.Баярсайханыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б өгсөн мэдүүлэгтээ: ““Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д өгсөн мэдүүлэгтээ: ““Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулсан дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн үйл баримтын талаар:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.03/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Баярсайханы өгсөн: “... 2022 оны 04 дүгээр сарын 11-ний шөнө 23 цагийн үед өөрийн амьдардаг Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 64 дүгээр байрны 2 дугаар орц луу орсон чинь манай 64 Сууц өмчлөгчдийн холбоонд ажилладаг аав, хүү хоёр намайг “хаашаа орох гэж байгаа юм” гэхээр нь би “гэр лүүгээ орох гэж байна” гэж хэлсэн чинь “оруулахгүй” гэж хэлэхээр нь би “гэртээ орох гээд байна шүү дээ” гэж хэлсэн чинь тухайн аав, хүү хоёр хамт дайраад, миний өмсөж явсан улаан хүрэн өнгийн даавуун цамцыг урсан, мөн миний толгой руу юугаар цохисныг нь мэдээгүй ямар нэгэн зүйлээр цохиод байсан, тэгсэн чинь миний толгойноос цус гарсан юм. Тэгээд тэр хоёр үйлдлээ зогсоогоод орцоос гараад явсан. Улмаар би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Тэр хоёр хоёулаа л намайг нийлж байгаад зодсон юм. Яг хэн нь хаашаа цохисон талаар бол анзаараагүй, гэхдээ халзан толгойтой аав нь гэх эрэгтэй хүн илүү цохиод байсан юм. Миний толгой хагарсан юм шиг байна, цус гарч байна, баруун гар хавдсан, толгой өвдөж байна, зүүн талын нүд улайж хавдаж хөхөрсөн байдалтай байна. шүүх эмнэлэгт үзүүлнэ. Би тодорхой хэмжээгээр архи уусан байсан, гэхдээ болсон асуудлаа бол санаж байгаа юм. Тэр хоёр хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн талаар бол мэдэхгүй байна. Тэр хоёр хүнийг бол урьд нь харж байгаагүй, манай байрны 64 Сууц өмчлөгчийн холбоонд ажилд орсон, аав, хүү хоёр гэдгийг сая сүүлд хүмүүсээс мэдэж авсан юм...” гэх мэдүүлэг /хх.07/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Бн гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... Би 2021 оны 11 сард “Тунамал Алт” ХХК-д жижүүрээр ажилд ороод одоог хүртэл ажиллаж байгаа, хүү Б.Д нь 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 64 дүгээр байрны Сууц өмчлөгчдийн холбоонд жижүүрээр ажилд орж  тухай байрны 16 давхар буюу лифтний өрөөнд манай гэр бүл амьдарч байгаа юм. Тэгсэн чинь 2022 оны 04 дүгээр сарын 11-ний шөнө 23 цагийн үед гэртээ байж байхад манай хүү Б.Д нь “орцонд 2 согтуу хүн хэвтэж байна” гэхээр нь гараад тухайн хоёр хүнийг босгож явуулсан, тэгсэн чинь 2 дугаар орцонд нэг үл таних эрэгтэй хүн гар утсаар чанга, чанга яриад байхаар нь “та гэр лүүгээ ор, эсхүл гараад яваарай” гэж хэлсэн чинь тэр эрэгтэй хүн “чамд ямар хамаатай юм” гэж хэлээд шууд миний хамар луу гараа атгаж байгаад цохисон, тэгтэл манай хүү Б.Д нь тухайн эрэгтэй хүний зүүн талын хацар луу гараа атгаж байгаад нэг удаа цохисон, тэгээд би тухайн хүнтэй барилцаад ноцолдож эхэлсэн, тэр эрэгтэй хүн ч миний нүүр лүү олон удаа цохисон, би тэгсэн тэр хүний нүүр лүү 2 удаа гараа атгаж байгаад цохисон. Тэгээд бид хоёр зодолдохоо болиод байж байсан чинь дүү нь гэх эмэгтэй хүн орж ирээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм...”,

“... гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... Хохирогчтой хэрэг гарснаас хойш хоёр хоногийн дараа уулзахаар очиход хохирогч нь надад “би ангийнхантайгаа салхинд гарлаа, чи надтай яриад байх юм байхгүй, би өмгөөлөгч авсан байгаа, өмгөөлөгчтэй ярь” гээд байсан...”  гэх мэдүүлэг /хх.13, 53/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Дн гэрчээр болон яллагдадгчаар өгсөн: “... 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих орой 23 цагийн үед ... 64 дүгээр байр луу орж, өөр хүн амьтан байна уу, шалгаад ирье гээд байр луу орсон. Тэгээд би гадаа байж байгаад аавын араас ойролцоогоор 10 минутын дараа орсон чинь аав 64 дүгээр байрны 2 давхарт үл таних хүнтэй маргалдаад зогсож байсан. Тэр үед аавтай маргалдаж байсан хүн аавын хамар хэсэгт гараараа нэг удаа цохиж байсан, тэгэхээр нь би аавыгаа өмөөрч тухайн үл таних хүнийг зүүн талын нүдний доод хэсэгт гараа атгаж байгаад нэг удаа цохиод, тэр хүнийг цааш нь түлхсэн. Намайг түлхэх үед миний цамцнаас зуураад намайг өөр лүүгээ татсан. Тэр үед намайг үл таних хүн цохих гэсэн, тэгэхээр нь цохих үед нь оногдолгүй бултаад, тухайн хүнийг зөрүүлээд 2-3 удаа зүүн талынх нь нүдний доод хэсэг болон уруулыг нь дээд хэсэгт цохисон. Тэгтэл тэр хүн намайг хойш түлхсэн. Тэгэхэд манай аав тэр хүнтэй бас зууралдаад толгой хэсэг рүү нь цохиод байсан. Гэхдээ яг толгойныхоо нь хаана нь цохисныг нь мэдэхгүй байна. Мөн аав тэр хүний өмсөж явсан цамцыг нь толгой дээгүүр нь гаргаж ирээд цамцаар нь боогоод шалан дээр дарчихсан, толгой руу нь гараараа 2-3 удаа цохиж байсан. Тэр хооронд би цагдаад дуудлага мэдээлэл өгсөн...”,

“... гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... Хохирогчид учирсан хохирлыг төлөх гээд гар утас руу нь аав бид 2 залгахад хохирогч “манай өмгөөлөгчтэй ярь” гээд ярилцах боломж өгөхгүй байсан. Тэгээд өмгөөлөгч рүү нь залгахаар нэг удаа яриад дахин утсаа авахгүй байсан...” гэх мэдүүлэг /хх.15, 45/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Сэргэлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 6021 дугаартай:

1. Ж.Баярсайханы биед тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг алдуулахгүй.” гэх дүгнэлт /хх.82-83/,

Хохирогчийн эмчлүүлсэн тухай өвчний түүх /хх.86-95/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч Б.Сэргэлэнгийн өгсөн: “... Магадлуулагч Ж.Баярсайханы өөрийн нэр хаяг бүхий 2022.04.12-ны өдрийн “Лазер Мед” эмнэлгийн толгойн томографын шинжилгээнд “зүүн нүдний ухархайн дотор хана эмтойд хөндий рүү 1.7 см өргөн хэсэгт 0.5 см хүртэл гүн цөмөрсөн хуучин урагдалтай ...” гэсэн байсан нь хэрэг болсон гэх өдөр авагдсан КТК-н хариуд хуучин хугарал гэж тогтоогдсон тул хуучин хугарал гэж үзэж дүгнэлтэд тусгаагүй. Тэгэхээр хэрэг болсон цаг хугацаанаас өмнө үүсгэгдсэн хуучин гэмтэл байжээ. Мөн шинэ гэмтэл байсан ч гэмтлийн зэрэгт нөлөөлөхгүй.” гэх мэдүүлэг /хх.100-101/,

Хохирогчоос гаргаж өгсөн эмнэлгийн баримтууд /хх.103-109, 118/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Сэргэлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 584 дугаартай:

“Ж.Баярсайханы биед 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн “Лазер мед” эмнэлгийн Толгойн тодосгогч бодисгүй компьютерт томографын шинжилгээгээр зүүн нүдний ухархайн дотор хана этмойд хөндий рүү 1.7 см өргөн хэсэгт 0.5 см хүртэл гүн цөмөрсөн хуучин хугаралтай гэж оношлогдсон байх бөгөөд, энэ оношоор 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ТТАХНЭ-т зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарлыг нөхөх мэс засалд орсон байна. Энэ нь өмнө гаргасан 6021 дугаартай дүгнэлтийн гэмтлийн зэрэгт өөрчлөлт орох үндэслэл болохгүй...” гэх дүгнэлт /хх.132-133/,

Хохирол нөхөн төлсөн баримт /хх.157/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Амартүвшин, Б.Долгормаа, С.Эрдэнэцэцэг нарын бүрэлдэхүүнтэй 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 919 дугаартай:

“1. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022.04.27-ны өдрийн №6021 тоот дүгнэлт, Хэргийн материалаар нэмэлтээр гаргасан 2022.07.18-ны өдрийн №584 тоот дүгнэлтүүд үндэслэлтэй байна.

2. Ж.Баярсайханы биед 2022.04.12-ны өдөр хийгдсэн толгойн КТГ-н шинжилгээний хариугаар зүүн нүдний ухархайн ханын хугарал нь тухайн үед учирсан гэмтэлтэй шалтгаант холбоогүй хуучин хугарал байна. Уг хуучин хугарлын хэдийд үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй” гэх дахин дүгнэлт /хх.185-189/,

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Шүүгдэгч Т.Бн иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа газрын тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх.19, 20, 21/,

Шүүгдэгч Б.Дн иргэний үнэмлэхийн хуулбар, түүний хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, “Сэлбэ 64” СӨХ-ийн тодорхойлолт, хувийн байдлын талаарх баримтууд /хх.23, 25, 27, 42, 75-77, 133/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байх тул шүүх эдгээр нотлох баримтыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой юм.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

          Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

          Үйл баримтын талаарх дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Т.Б, Б.Д нар нь бүлэглэн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнийн 00 цагийн үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 64 дүгээр байрны 2 дугаар орцонд иргэн Ж.Баярсайханыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.03/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Баярсайханы өгсөн: “... аав, хүү хоёр хамт дайраад миний өмсөж явсан улаан хүрэн өнгийн даавуун цамцыг урсан, мөн миний толгой руу юугаар цохисныг нь мэдээгүй ямар нэгэн зүйлээр цохиод байсан, тэгсэн чинь миний толгойноос цус гарсан... Тэр хоёр хоёулаа л намайг нийлж байгаад зодсон... аав нь гэх эрэгтэй хүн илүү цохиод байсан юм. Миний толгой хагарсан юм шиг байна цус гарч байна, баруун гар хавдсан, толгой өвдөж байна, зүүн талын нүд улайж хавдаж хөхөрсөн байдалтай байна...” гэх мэдүүлэг /хх.07/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Бн яллагдагчаар өгсөн: “... гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...”  гэх мэдүүлэг /хх.13, 53/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Дн яллагдадгчаар өгсөн: “... гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.15, 45/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Сэргэлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 6021 дугаартай:

1. Ж.Баярсайханы биед тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг алдуулахгүй.” гэх дүгнэлт /хх.82-83/,

Хохирогчийн эмчлүүлсэн тухай өвчний түүх /хх.86-95/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч Б.Сэргэлэнгийн өгсөн: “... Магадлуулагч Ж.Баярсайханы өөрийн нэр хаяг бүхий 2022.04.12-ны өдрийн “Лазер Мед” эмнэлгийн толгойн томографын шинжилгээнд “зүүн нүдний ухархайн дотор хана эмтойд хөндийрүү 1.7 см өргөн хэсэгт 0.5 см хүртэл гүн цөмөрсөн хуучин урагдалтай ...” гэсэн байсан нь хэрэг болсон гэх өдөр авагдсан КТК-н хариуд хуучин хугарал гэж тогтоогдсон тул хуучин хугарал гэж үзэж дүгнэлтэд тусгаагүй. Тэгэхээр хэрэг болсон цаг хугацаанаас өмнө үүсгэгдсэн хуучин гэмтэл байжээ. Мөн шинэ гэмтэл байсан ч гэмтлийн зэрэгт нөлөөлөхгүй.” гэх мэдүүлэг /хх.100-101/,

Хохирогчоос гаргаж өгсөн эмнэлгийн баримтууд /хх.103-109/,

Хохирогчоос Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт эмчилгээний төлбөр төлсөн тухай баримтууд /хх.113, 125/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Б.Сэргэлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 584 дугаартай:

“Ж.Баярсайханы биед 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн “Лазер мед” эмнэлгийн Толгойн тодосгогч бодисгүй компьютерт томографын шинжилгээгээр зүүн нүдний ухархайн дотор хана этмойд хөндий рүү 1.7 см өргөн хэсэгт 0.5 см хүртэл гүн цөмөрсөн хуучин хугаралтай гэж оношлогдсон байх бөгөөд, энэ оношоор 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ТТАХНЭ-т зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарлыг нөхөх мэс засалд орсон байна. Энэ нь өмнө гаргасан 6021 дугаартай дүгнэлтийн гэмтлийн зэрэгт өөрчлөлт орох үндэслэл болохгүй...” гэх дүгнэлт /хх.132-133/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Амартүвшин, Б.Долгормаа, С.Эрдэнэцэцэг нарын бүрэлдэхүүнтэй 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 919 дугаартай:

“1. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022.04.27-ны өдрийн №6021 тоот дүгнэлт, Хэргийн материалаар нэмэлтээр гаргасан 2022.07.18-ны өдрийн №584 тоот дүгнэлтүүд үндэслэлтэй байна.

2. Ж.Баярсайханы биед 2022.04.12-ны өдөр хийгдсэн толгойн КТГ-н шинжилгээний хариугаар зүүн нүдний ухархайн ханын хугарал нь тухайн үед учирсан гэмтэлтэй шалтгаант холбоогүй хуучин хугарал байна. Уг хуучин хугарлын хэдийд үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй” гэх дахин дүгнэлт /хх.185-189/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б, Б.Д нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа тус тус хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дээрх нотлох баримтуудаар тухайн үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, хэргийн талаар нотолбол зохих байдал хангалттай тогтоогдсон гэж үзлээ.

Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Б, Б.Д нарыг холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг тусган хуульчилж, 2 дахь хэсэгт нь “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” гэж, тухайлбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад “бүлэглэж” гэсэн уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тодорхойлсон байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааснаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулжээ.

Хохирогч Ж.Баярсайханы биед шинжээчийн үндсэн, нэмэлт болон дахин дүгнэлтүүдээр тогтоогдсон “тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэдэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг гэмт хэргийг хоёр ба түүнээс дээш удаа үйлдсэн, эсхүл уг гэмт хэргийг 2-оос дээш олон хүн санаатай нэгдэж үйлдсэн байхыг ойлгоно. Гэмт хэргийг бүлэглэж үйлдэх нь нийгмийн аюулыг ихэсгэдэг ба бүлэглэж үйлдэх талаар урьдчилан тохиролцсон, тохиролцоогүй аль нь ч байж болно.

Шүүгдэгч Т.Б, Б.Д нар нь хохирогч Ж.Баярсайханы биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндэд бүлэглэж хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг хангажээ.

          Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т.Б, Б.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг улсын яллагч гаргасан бөгөөд гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч маргаагүй болно.

Т.Б, Б.Д нар нь бүлэглэж иргэн Ж.Баярсайханы эрүүл мэндийн эсрэг халдсан нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Шүүгдэгч Т.Б, Б.Д нарын гэмт үйлдлийн улмаас хохирогч Ж.Баярсайханы эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл болон хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой юм.

Иймд шүүгдэгч Т.Б, Б.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

          Хохирогч Ж.Баярсайханы нэхэмжилсэн эмчилгээний зардлын нийт 2.264.400 төгрөгөөс 333.100 төгрөгийг нөхөн төлсөн, үлдэх хэсгийг нотлох баримт хангалтгүй учир хэлэлцэхгүй орхих нь зүйтэй.

Улмаар хохирогч Ж.Баярсайхан нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн цаашид гарах бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Т.Б, Б.Д нараас жич нэхэмжлэх эрхтэй юм.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Т.Б, Б.Д нар гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

          Шүүгдэгч Т.Б, Б.Д нарын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэгт хамтран оролцогчдын гүйцэтгэсэн үүрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгч нарын хувийн байдал, тэдэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.

Т.Б, Б.Д нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Т.Б, Б.Д нарт тус бүр оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт сануулах нь зүйтэй.

Т.Б, Б.Д нарын анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хувийн болон эрүүл мэнд, ар гэрийн байдал зэргийг харгалзан тэдгээрийг ялаас чөлөөлөх тухай дүгнэлтийг шүүгдэгч нарын өмгөөлөгч гаргасан боловч хохирогч Ж.Баярсайханы санал гомдлоос үзэхэд дээрх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

          Бусад асуудлаар:

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Б, Б.Д нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

          Шүүгдэгч Т.Б, Б.Д нарт урьд нь авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Л овогт Тгийн Б, Л овогт Бн Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд бүлэглэж хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б, Б.Д нарт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Т.Б, Б.Д нарт тус бүр оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлсүгэй.     

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Т.Б, Б.Д нарт тус тус сануулсугай.

          5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Б, Б.Д нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Хохирогч Ж.Баярсайхан нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн цаашид гарах бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Т.Б, Б.Д нараас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

          7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.Б, Б.Д нарт урьд нь авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

  

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ              С.ӨСӨХБАЯР