| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2019/00333/И |
| Дугаар | 135/ШШ2019/00364 |
| Огноо | 2019-04-22 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 135/ШШ2019/00364
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2019/00333/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, .... тоотод оршин суух, .... регистрийн дугаартай, харилцах утас .... , *******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ... тоотод оршин суух, ... регистрийн дугаартай, харилцах утас ... , *******-д холбогдох
Эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ******* , нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* , хариуцагч ******* , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 2010 онд ******* тай танилцаж гэр бүлийн харилцаатай байсан. Бидний дундаас 2012.11.05-ны өдөр охин ******* төрсөн. Бид одоог хүртэл гэрлэлтээ батлуулаагүй. Охин *******-г төрснөөс хойш өөрийн гэсэн орон гэргүй, хадам болон өөрийн гэр хоёрын хооронд амьдардаг байсан. 2017 оны намар бид тусдаа гарч 2018.04.16-ны өдөр бага хүү Г.Э төрсөн. ******* нь тогтмол ажил хийдэггүй. Янз бүрийн халтуурын ажил хийх далимаар гэртээ байх нь бага, заримдаа хоногоор яваад ирдэггүй. 2018.06.26-ны өдөр би 2 хүүхдээ авч өөрийн ээжийнхээ гэрт ирсэн. ******* нь 7, 8 дугаар сард ирж хүүхдүүдтэйгээ уулздаг байсан. 10 дугаар сараас эхлээд уулзахаа больсон. Одоо ******* нь өөр хүнтэй амьдарч байгаа. Би өөрөө 1 дүгээр ангийн охин ******* хичээлд нь зөөж, бага хүү Г.Э-г харж гэртээ байдаг. Иймд 2012.11.05-ны өдөр төрсөн охин *******, 2018.04.16-ны өдөр төрсөн хүү Г.Э нарыг ******* ын хүүхэд мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Миний бие *******-тэй 2010 онд танилцан үерхэж байгаад ******* жирэмсэн болж тэрнээс хойш хүүхэд төрснөөр аав, ээж гэр бүлийнхэнтэй минь хамт амьдрах болсон. Тэр хугацаанд гэрийнхэн болон надтай таарч тохирохгүй хэрэлдэж, маргалдан хүүхдээ аваад ээжийнхээ гэр рүү нэг бол хүүхдээ 2-3 сараар нь орхиод өөрийнхөө гэр рүү явчихдаг байсан. Тэр хугацаанд том охиныг минь миний аав, ээж харж хандаж өсгөсөн. Энэ хугацаанд ирэн, очин 2 талд амьдардаг байсан. 2017 оны 9 дүгээр сард хашаа болон гэрийн хамт аав, ээж минь надад өгч, биднийг биеэ дааж амьдар гээд биднийг тусдаа гаргасан. Энэ хугацаанд ******* нь бие давхар болж цуг тусдаа амьдарч байх хугацаандаа байнгын хэрүүлтэй, гэр орныхоо эд хогшлыг эвдэж, амьдарч чадахгүй гээд явдаг байсан. Тэгээд би хүүхдүүдээ бодоод гуйж, гэрт нь очиж авч ирдэг байсан. 2018.04.16-ны өдөр Б хүү төрсөн. Тэгээд сар гаруй хугацаанд хамт амьдраад хэрүүл маргааны улмаас дахин хаяад сална гээд явсан. 2018 оны 7 сараас би буцаж нийлэх гэж зөндөө гуйсан боловч надаас сална гээд бага хүү Б-н нэрийг Эрхэс болгон сольсон байсан. ******* нь надтай хамтран амьдрах хугацаандаа өөр хүмүүстэй нэр холбогддог байсан. Надаас салснаас хойш Ч гэх хүнтэй учиртай болсон. ******* миний бие ажил мэргэжилгүй, боловсролгүй нэгэн болно. Тогтмол орлогогүй ажилгүй, том охин *******-г өөр дээрээ болон аав, ээж дээрээ авах хүсэлттэй байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* д холбогдуулан эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч ******* , хариуцагч ******* нар нь 2010 онд танилцаж гэр бүл болон хамтран амьдарч байх хугацаандаа 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр охин *******, 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүү Г.Э нарыг төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ГОС ХОТ өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Дархан сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.
Талууд албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй боловч Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хандан захиргааны журмаар охин *******-г эцэг ******* аар овоглосон байх бөгөөд хариуцагч нь шүүх хуралдаанд 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн хүү Г.Э-н төрсөн эцэг болохыг хүлээн зөвшөөрч маргаагүй тул Г.Э-н төрсөн эцэг нь Л-г мөн болохыг тогтоох нь зүйтэй.
Нэхэмжлэгч ******* нь... Бид одоог хүртэл гэрлэлтээ батлуулаагүй. Охин *******-г төрснөөс хойш өөрийн гэсэн орон гэргүй, хадам болон өөрийн гэр хоёрын хооронд амьдардаг байсан. 2017 оны намар бид тусдаа гарч 2018.04.16-ны өдөр бага хүү Г.Э төрсөн. ******* нь тогтмол ажил хийдэггүй. Янз бүрийн халтуурын ажил хийх далимаар гэртээ байх нь бага, заримдаа хоногоор яваад ирдэггүй. 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр би 2 хүүхдээ авч өөрийн ээжийнхээ гэрт ирсэн. ******* нь 7, 8 дугаар сард хүүхдүүд дээрээ ирж уулздаг байсан. 10 дугаар сараас эхлээд уулзахаа больсон. Одоо ******* нь өөр хүнтэй амьдарч байгаа... гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхойлсон бөгөөд хариуцагч ******* нь нэхэмжлэлийн үндэслэлийг эсэргүүцээгүй нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 21.5-д Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 26 дугаар зүйлийн 26.1-д “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж зааснаар *******, Г.Э нарт сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг ******* аар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн хүү Г.Э-н төрсөн эцэг нь Л мөн болохыг тогтоосугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн *******, 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн хүү Г.Э нарыг эх ******* ийн асрамжид үлдээж, 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа нөхцөлд 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг ******* аар тэжээн тэтгүүлсүгэй.
3.Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэрэгжүүлж байхыг эцэг ******* , эх ******* нарт даалгасугай.
5.Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.3, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1–д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг, нэг жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлгийн үнийн дүнгээр тооцож улсын тэмдэгтийн хураамж тооцож тус бүр 50 873 төгрөг нийт 121 073 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА