| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
| Хэргийн индекс | 101/2016/05803/И/ |
| Дугаар | 400 |
| Огноо | 2018-02-05 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 400
Ж.Д-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/02959 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Ж.Д-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох
Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай маргаантай хэргийг
Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Чингүн,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Д.Раднаабазар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Эрдэнэбилэг нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2015/07493 дугаар шүүгчийн захирамжаар төлбөр төлөгч Ж.Д-ийн Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Энэбишийн өргөн чөлөө, 77-1 дүгээр байрны 58 тоот орон сууцыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад байрыг албадан үнэлүүлж, зах зээлийн үнээс хэт доогуур буюу 65 262 600 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон, 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 5/179 тоот тогтоол нь үнийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж, хувь хүний өмчийг үнэгүйдүүлсэнийг зах зээлийн бодит үнэлгээгээр дахин үнэлүүлж, үнийн саналыг зөвшөөрөхгүй тул нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2015/07493 дугаар шүүгчийн захирамжаар Жанцангийн Даваадоржоос 90 607 950 төгрөгийг гаргуулж, Д.Раднаабазарт олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан улсын бүртгэлийн Ү-2205023482 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Энэбишийн өргөн чөлөө гудамж 77-1 дүгээр байр 58 тоот орон сууцыг 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдөр битүүмжилж, 2016 оны 3 дугаар сарын 11-нд хураасан. Албадан дуудлага худалдаанд оруулах үнийн санал авахад төлбөр төлөгч Ж.Д- 300 000 000 төгрөгөөр, хамтран өмчлөгчөөс мөн адил 300 000 000 төгрөгөөр үнийн саналаа өгснийг төлбөр авагч зөвшөөрөөгүй. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31, 37 дугаар зүйлд заасны дагуу харилцан тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээчээр “Итгэлт эстимэйт” ХХК-г томилсон. Шинжээч хөрөнгийг 97 518 000 төгрөгөөр үнэлсэнийг 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 3/14498 дугаар мэдэгдэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлд зааснаар баталгаат шуудангаар тус тус хүргүүлсэн. Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасан хугацаа, журмын дагуу явуулсан. Энэ хугацаанд нэхэмжлэгчээс гомдол гаргаж байгаагүй. Үнэлгээ болон шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасан хугацаа, журмын дагуу гаргаагүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэвийн ажиллах нөхцөл боломжоор хангасан шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие шүүхийн шийдвэр гарснаас хойш өнөөг хүртэл төлбөрөө авч чадаагүй, цаг хугацаагаар асар их хохирч байна. Удаа дараагийн хуралд нэхэмжлэгч талаас ирэхгүй байгаа тул хэргийг хурдан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.
Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002/ оны/ 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар НШГА-нд холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Ж.Д-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Ж.Д- давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, гомдол гаргаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т "хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэх" гэж заасан. Гэтэл 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч надад мэдэгдээгүй, улмаар мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан "шүүх хуралдаанд оролцох эрх"-ийг хангаагүй болно. Иймээс дээрх үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т "зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн" гэж заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах хууль зүйн үндэслэл мөн болно. Түүнчлэн нэхэмжлэгч нь "үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох" тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад анхан шатны шүүхийн шийдвэрт "НШГА-ны хураах, битүүмжлэх ажиллагаанд гомдол гаргаагүй" хэмээн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс гадуур, хэрэгт хамааралгүй асуудлаар дүгнэлт гаргаж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгч нь "үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох" нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд уг дүгнэлтийг гаргах "үндэслэл журам"-ыг хуульд заасны дагуу хэрэгжүүлээгүй болохыг нотлох, улмаар энэ үйл ажиллагаанд шүүхийн хяналтыг хэрэгжүүлэх зорилготой байсан. Гэтэл анхан шатны шүүх "гомдол гаргаагүй" гэсэн үндэслэлээр хуульд заасан үндэслэл журам зөрчиж, гаргасан дүгнэлтийг зөвтгөсөн нь буруу юм. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Ж.Д- нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2015/07493 дугаар захирамжаар Ж.Д- нь 90 000 000 төгрөгийг Д.Раднаабазарт төлөхөөр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж шийдэрлэсэн байна. /хх-18,19/
Дээрх хүчин төгөлдөр шүүгчийн захирамжийн дагуу олгогдсон гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн хариуцагч нь 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 16/2-84 тогтоолоор Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, 3 дугаар хороолол 77/1 байрны 58 тоот 2 өрөө орон сууцыг битүүмжилж, 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн эд хөрөнгө хураах тогтоолоор хураан авчээ. /хх 167-168, 173-174/
Эд хөрөнгө битүүмжилж, хураасан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль зөрчөөгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 19, 30, 36 дугаар зүйлд заасантай нийцсэн, нэхэмжлэгч уг ажиллагаанд гомдол гаргаагүй байна.
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 37 дугаар зүйлийн 37.1-д заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нараас үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах үнийн саналыг авахад төлбөр төлөгч Ж.Д- нь 300 000 000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч эс зөвшөөрсөн тул хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37.2.2-т зааснаар “Итгэлт эстимэйт” ХХК-нийг шинжээчээр томилсноор эд хөрөнгийг 97 518 000 төгрөгөөр үнэлжээ.
Нэхэмжлэгч үнэлгээг зах зээлийн ханшаас доогуур үнэлсэн тул хүлээн зөвшөөрөхгүй гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй бөгөөд энэхүү тайлбараа тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болно.
Нэхэмжлэгч нь давж заалдах гомдолдоо шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаагүй нь зохигчийн эрхийг зөрчсөн гэх боловч тэрээр 2016 оны 12 дугаар сарын 07, 2017 оны 2 дугаар сарын 15, 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд өөрөө оролцож байжээ.
2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдааны товыг шүүхээс хариуцагчид мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул хариуцагч, гуравдагч этгээдийн гаргасан хүсэлтийг үндэслэн анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасантай нийцсэн байна.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээ болон хариуцагч байгууллагын нэршлийн хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/02959 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтын “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 37 дугаар зүйлийн 37.3 ...” гэснийг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5” гэж,
“... НШГА-нд ...” гэснийг “Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ
Г.ДАВААДОРЖ