Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 11

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Бод холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, Т.Бямбажав  нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

Прокурор Т.Төмөртулга

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам

            Шүүгдэгч Б

            Нарийн бичгийн дарга С.Уянга нарыг оролцуулан хийж,          

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгч, шүүгдэгч нарын давж заалдах гомдлоор Бод холбогдох эрүүгийн 1922000000023 тоот хэргийг 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Т.Бямбажавын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

      Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, төрсөн, 22 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, оршин суудаг, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 200 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145. Дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагар хорих ял шийтгэгдэж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагар хянан харгалзсан /регистрийн дугаар / Мянгад овогт йн Б.

 

Шүүгдэгч Б нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг "Алтанговь” буудлын 410 тоот өрөөнд хууль бусаар нэвтэрч иргэн Б.Бгийн 150.000 төгрөг, "Самсунг” маркийн гар утсыг хулгайлж 350000 төгрөгийн хохирол,

2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Хөсвгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт орших Баяр наадмын талбайн засварын ажилчдын байрлаж байсан монгол гэрт хууль бусаар нэвтэрч хохирогч Д.Бийн 1 хос хромон гутал, 1 ширхэг цахилгаан дрилль зэрэг эд зүйл хулгайлж 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Дундговь аймгийн Прокурорын газраас Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Мянгад овогт Эрдэнэсүрэнгийн Быг 2 удаагийн үйлдлээр орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм бурүүтайд тооцож,

Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1- д зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бод оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, 

Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогч нарт учруулсан хохирлоо бүрэн төлсөн, хохирогч нар нь гомдол саналгүй нэхэмжпэх зүйлгүй гэснийг тус тус дурьдаж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

 

           Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам, шүүгдэгч Б нар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхээс Быг 2 удаагийн үйлдлээр орон байранд нэвтэрч хүлгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж тооцсон. Б нь үйлдсэн гэмт хэргийнхээ гэм бурууг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатнаас үнэн зөвөөр шударгаар хүлээн мэдүүлж, хохирогч нарын хохирлыг нөхөн төлсөн, бусдад төлөх ямар нэгэн хохирол төлбөр байхгүй. Бод анхан шатны шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийи ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” заалтын 1.3-дахь заалтыг хэрэглээгүй тул гомдол гаргаж байна.

Иймд Бод анхан шатны шүүхийн 36 тоот шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг тухайн зүйл заалтад заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулан хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү гэжээ.

 

           Шүүгдэгч Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, үйлдсэн хэргээ шударгаар хүлээн бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан. Миний энэ байдлыг анхааран үзэж оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв. 

           Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бод  Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж, оногдуулсан  ялыг хөнгөрүүлэх боломжтой  тул  шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв. 

           Прокурор Т.Төмөртулга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:” Шүүгдэгч Бын үйлдсэн гэмт хэрэг нь нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Шүүгдэгч нь хүнд гэмт хэрэг үйлдэж  урьд нь 2  удаа ял шийтгүүлж байсан. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан харин ч хуульд заасан ялын доод хэмжээний ял оногдуулсан байгаа.Анхан шатны шүүхээс оногдуулсан ял тохирсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй”  гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан зөвхөн гомдолд дурдсан асуудлаар  хязгаарлахгүйгээр давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний хүрээнд хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

            Шүүгдэгч Б нь 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт орших Баяр наадмын талбайн засварын ажилчдын байрлах гэрт хууль бусаар нэвтэрч Д.Бийн хромон гутал, цахилгаан дриллийг хулгайлж 450.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Д.Бийн: 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр би ажил дээрээ байж байгаад ажлынхаа гэрийг цоожилчихоод гадаа барилгын ажил хийж байгаад 17 цаг өнгөрч байхад ажлынхаа гэрт иртэл цоожийг нь эвдлээд хаячихсан, гэрээс миний худалдаж аваад 3 сар болж байсан хромон гутал, кени дриллийг хулгайлсан байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 78-79 дүгээр хуу/

Гэрч Б.Баасанрагчаагийн “ Би нөхрийнхөө хамт 2018 оны 5 сард Мөрөн сумын баяр наадмын талбайд ажилчдын гэр бариад засварын ажил хийж байсан. Тэр үед манай нөхрийн хоромон гутал, дрилл хулгайд алдагдсан. Хулгай хийсэн хүний ээж нь хохирлын мөнгийг  надад  өгсөн. Бидэнд гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 70-73 дугаар хуу/

Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 96 дугаар хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Б нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Дундговь аймгийн  Алтанговь зочид буудлын 409 тоот өрөөнөөс иргэн Б.Бгийн 150.000 төгрөг болон Самсунг маркийн гар утсыг хулгайлж 300.000 төгрөгийн хохирол /нийт 450.000 төгрөгийн хохирол/ учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Б.Бгийн: 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Алтанговь зочид буудлын 410 тоотод найз Ганхөлөгтэй хамт орж, 2-уул хөзөр тоглож байгаад 22 цагийн үед унтацгаасан. Шөнийн 02 цагийн үед сэрээд цаг харахаар гар утсаа хайж үзтэл миний утас олдохгүй байхаар нь өглөө болъё гэж бодоод буцаад хэвтэх гэж байтал манай өрөөний хаалга онгорхой байхаар нь цүнхтэй мөнгөө үзэхэд дотор нь байсан 150.000 төгрөг алга байхаар нь цагдаа дуудаж камер шүүлгэхэд  манай хажуу талын 409 тоот өрөөнөөс дотуур хувцастай залуу ганцаараа гарч ирээд 00 өрөө орчихоод буцахдаа манай өрөө рүү орчихоод өрөө рүүгээ орж 4-5 минут болж байснаа буцаж хувцастайгаа гарч ирээд манай өрөө рүү орсноо миний гар утас, мөнгө 2-ыг барьчихсан гарч ирж байгаа бичлэг байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7 дугаар хуу/

Гэрч Б.Бийн “Алтанговь буудлын 4 давхарт нэг өрөөнд орсон. Унтаж байтал шөнө 2 цагийн үед Б  дуудахаар нь сэртэл “хотод хүний бие муудаад байна. Хурдан явъя” гэхээр нь нөгөө 2-ыгоо сэрээж УБ хот руу гарцгаасан. Хот руу орсны дараа Б бензин хий гэж мөнгө өгөхөөр нь юун мөнгө болохыг асуухад Б би  “Буудлын хажуу өрөөнөөс авчихсан юм” гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуу/

Гэрч Э.Гийн: Хөвсгөл аймгийн төв орж Б, Б нартай уулзахад Б Дундговь аймагт буусан буудлынхаа хажуу өрөөнөөс гар утас, 150.000 төгрөг авчихсан юм гэж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуу/

Гэрч Д.Оийн: Би Алтанговь зочид буудалд ресепшинээр ажилладаг бөгөөд 2018 оын 12 дугаар сарын 17-ны өдөр 410  тоотод хөдөөнөөс ирсэн 1 охин байрласан, 409 тоотод үл таних 4 залуу байрласан. Шөнө 01 цагийн үед 4 залуу буудлаас гарсан бөгөөд  410 тоотод байрлаж байсан охин 2 цаг өнгөрч байхад бууж ирээд “...миний мөнгө, утас алга болсон байна” гэсэн. Буудлын камер шүүхэд 409 тоот өрөөнд байрласан залуу 00 цаг өнгөрч байхад 410 тоот өрөө рүү 2 удаа орсон байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-24 дүгээр хуу/

Сайнцагаан сумын үнэлгээний комиссын дүгнэлт /хх-26 дугаар хуу/ болон Бын яллагдагчаар байцаагдахдаа үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан болон хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудаар түүний үйлдсэн гэмт хэрэг нь  хангалттай нотлогдон тогтоогджээ.

 

Хэрэгт Боос  Эрүүгийн хууль сануулан  гэрчийн мэдүүлэг авч /хх-ийн 13 хуу/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байгаа боловч шүүх түүний гэрчээр байцаагдаж өгсөн мэдүүлгийг  үнэлэлгүй яллагдагчаар байцаагдаж өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдсон гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй  байна.

 

Шүүгдэгч нь 2016 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 01 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан бөгөөд хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг үйлдээгүй байна.

 

Шүүгдэгч нь гэм буруугаа хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатнаас хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирлын  шинж байдал, хэмжээ шүүгдэгч нь  анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хэргийн болон хэрэгтний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж ялыг хөнгөрүүлэхийг хүссэн түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн  шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг дараахь байдлаар өөрчилсүгэй. Үүнд: Шүүгдэгч Бод Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар шүүдэгчид оногдуулсан хорих ялыг   хөнгөрүүлж буюу 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй гэж өөрчилсүгэй.

2.Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3.Магадлал хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Бод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3  дахь хэсэгт зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                              Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

      ШҮҮГЧИД                               Ш.ТӨМӨРБААТАР

 

                                              Т.БЯМБАЖАВ