Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 158/ШШ2021/0020

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум Хатгал тосгоны иргэн Б.Ганбаатарын нэхэмжлэлтэй 

            Хариуцагч: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга /З.Ням-Очир/-д холбогдох  

            “Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/18 тоот захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай 126/2021/0005/з дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Ганбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Долгорсүрэн, хариуцагч Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга З.Ням-Очир, гуравдагч этгээд А.Баттүшиг, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч Б.Ганбаатараас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие анх Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/18 тоот захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд томилохыг сумын Засаг даргад даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” гэж Алаг-Эрдэнэ сумын Засаг даргад холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа “Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/18 тоот захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” гэж өөрчилсөн байгаа. Энэ шаардлагаа дэмжиж байгаа. Миний бие нь 2014 онд Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу Хатгал тосгоны захирагчаар сонгогдон, сумын Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Б/07 дугаар захирамжаар Хатгал тосгоны захирагчаар томилогдон ажилласан. Энэхүү захирамж өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа ба энэ захирамжийг хүчингүй болгосон ямар ч эрх зүйн баримт бичиг байхгүй байна. Гэтэл Алаг-Эрдэнэ сумын Засаг даргаас хууль зөрчин 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Б/18 дугаартай захирамж гарган намайг үүрэгт ажлаас чөлөөлж, А.Баттүшигийг Хатгал тосгоны захирагчийн үүрэг гүйцэтгэгчээр томилсон нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөж байх тул нэхэмжлэл гаргасан. Үндэслэл нь: Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд тосгоны захирагчийн бүрэн эрхийн хугацаа дуусах болон үүрэг гүйцэтгэгч томилох талаар зохицуулалт байхгүй. Тосгоны захирагч нь захирагчийн сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг сонгох хуулийн зохицуулалттай байхад сонгууль явагдаагүй байхад иргэн А.Баттүшигийг үүрэг гүйцэтгэгчээр томилж байгаа нь буруу юм. Мөн сумын Засаг дарга нь маргаан бүхий захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан сонсгох ажиллагааг хийгээгүй, тайлбар санал гаргах боломжоор хангаагүй. Иймд дээрх захирамжийг хүчингүй болгож, намайг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Долгорсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлага нь маргаан бүхий акт буюу Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/18 дугаар захирамжийг хүчингүй болгуулах юм. Уг захирамж нь яагаад хууль бус байна вэ гэхээр энэ захирамжийг гаргахдаа тодорхой хууль зүйн үндэслэлүүдийг дурдсан. Энэхүү захирамжийг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гаргахдаа өмнөх сонгуулийн маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг үндэслэсэн. Мөн Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалт, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх заалт, Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай 3 дугаар зүйлийн 3.2 дахь заалт, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн болон Улсын дээд шүүхийн 2019 оны магадлал, тогтоолыг үндэслэсэн байна. Энэхүү үндэслэл нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь хот тосгоны захирагч Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт зааснаар энэ зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг үндэслэн хот тосгоны захирагчийг чөлөөлөх, огцруулах тухай шийдвэрийг харьяалах Засаг дарга гаргана гэж заасан. Чөлөөлөх, огцруулах үндэслэлд Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.3 дахь хэсэгт зааснаар өөрөө хүсэлтээ өгсөн эсвэл гэмт хэрэг үйлдсэн болохыг шүүхээс тогтоосон гэж байна. Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай 3 дугаар зүйлийн 3.2 дахь заалт нь сонгууль явуулах эсэхийг заасан ,олохоос биш хэн нэгнийг ажилд томилох, ажлаас чөлөөлөх талаар зохицуулаагүй. Улсын их хурлын болон аймаг нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулиас бусад сонгон шалгаруулалтад биечлэн оролцохыг хориглосон заалт юм. Албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс гэж заасан. Тэгэхээр уг захирамжид сонгууль явуулах боломжгүй байгааг дурдаж байгаа нь ажлаас чөлөөлөгдөх үндэслэлд хамаарах эсэх, үүнийг хэрхэн хамааруулж байгаа нь ойлгомжгүй байна. Хоёрдугаарт өмнө нь сонгуулийн маргааны талаар нэр дэвшигч Ч.Ням-Очирын нэхэмжлэлээр хэрэг үүсгэж, шалгаж дууссан. Дараа нь дахин хэрэг үүсгэж Давж заалдах болон Хяналтын шатны шүүхээс магадлал гарсан. Тэгтэл уг шийдвэрүүдийг захирамждаа үндэслэхгүй яагаад 2019 оны шүүхийн шийдвэрүүдийг үндэслэсэн бэ? Үүнд тодорхой ашиг сонирхол байна гэж үзэж байна. Нөгөө талаар хот тосгоны захирагчийг ажлаас чөлөөлөх, халах үндэслэлүүдийг хуульд тодорхой заасан. Тосгоны захирагчийг огцруулах үндэслэлтэй гэж үзсэн үү эсвэл ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн гэж үзсэн үү гэдэг нь тодорхойгүй байна. Ер нь бол хариуцагч тал Б.Ганбаатарын бүрэн эрхийн хугацаа дууссан гэж үзэж байгаа. Аливаа сонгуулийн бүрэн эрхийн хугацааг 4 жил байна гэж заасан. Тэгэхээр 4 жилийн хугацаа өнгөрсөн гээд ажлаас чөлөөлөх боломжгүй. Дараагийн хүн нь сонгогдсоны дараа өмнөх сонгогдсон улс төрийн албан тушаалтны бүрэн эрхийн хугацаа дуусгавар болно. Тэгэхээр он цаг дарааллын хувьд хэрхэн ойлгож ийм захирамж гаргаж байгааг би мэдэхгүй байна. 2014 онд захирагчийн сонгуульд Б.Ганбаатар олонхын санал авсан. Тэгээд 4 жилийн дараа сонгууль зарлагдсан. Уг сонгуульд Ч.Ням-Очир, Б.Ганбаатар нар өрсөлдөж аль аль нь олонхын санал аваагүй гэдэг талаар шүүхийн шийдвэрүүд гарсан. Ингээд энэ асуудал дуусгавар болсон. Дараа нь 2 нэр дэвшигчийн хооронд санал хураалт явуулсан. Өөр нэр дэвшигч байгаагүй. Тийм учраас санал хураалт явуулсан 2 хүний дунд дахин санал хураах боломжгүй. Тиймээс дахин сонгууль зарлах нь зүйтэй гэсэн. Ингээд сонгууль зарласан нь хууль бус гэж нэр дэвшигч Ч.Ням-Очир заргалдсан. Хамгийн сүүлд 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Улсын дээд шүүхийн 331 тоот тогтоолоор Ч.Ням-Очирын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Гэтэл 12 дугаар сард уг шийдвэрийг хараагүй юм уу эсвэл харахыг ч хүсээгүй юм уу бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон гэж үзээд Б.Ганбаатарыг ажлаас чөлөөлсөн. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар тосгоны захирагчийг нийт оршин суугчдын хурлаас олонхын санал авч сонгогдсон хүнийг томилох ёстой. Түүнээс биш төрийн албан хаагч шиг үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох ёсгүй юм. Улсын их хурлын гишүүд, Ерөнхийлөгч, аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Засаг дарга, тосгоны захирагч нар бүгд сонгуулиар сонгогддог албан тушаалтнууд юм. Бүрэн эрхийн хугацаа нь 4 жилийн хугацаатай. Жишээлбэл Ерөнхийлөгчийн тухай хуульд Ерөнхийлөгчийн бүрэн эрх хэзээ дуусгавар болох тухай заасан байдаг. Хуульд зааснаар ерөнхийлөгчийн бүрэн эрх шинэ сонгогдсон ерөнхийлөгч тангараг өргөснөөр дуусгавар болно. Тэгвэл Улсын их хурлын тухай хуульд улсын их хурлын гишүүний бүрэн эрх дараагийн сонгуулиар шинээр сонгогдсон улсын их хурлын гишүүн тангараг өргөснөөр дуусгавар болно гэж заасан. Үүнтэй адил Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд төлөөлөгчийн бүрэн эрх шинээр томилогдсон төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрснөөр дуусгавар болно гэж заасан байдаг. Мөн тосгоны захирагчийн бүрэн эрх Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар сонгуулиар олонхын санал авч сонгогдсон этгээд томилогдсоноор дуусгавар болно.  Тэгэхээр 4 жилийн хугацаа нь дууссан гээд хүнийг ажлаас чөлөөлөх нь буруу юм. Тийм учраас Засаг даргын захирамж үндэслэлгүй гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна” гэв. 

     Хариуцагч Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Б.Ганбаатар нь 2014 оны Хатгал тосгоны захирагчаар томилогдон ажиллаж байгаад 2018 онд ээлжит сонгуулийн дүнд бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж, тосгоны захирагчийн сонгуульд оролцон тус тосгоны захирагчаар томилогдсон. Гэвч 2018 оны сонгуулийн дүн, түүнийг томилсон шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар иргэн Б.Ганбаатарын Хатгал тосгоны захирагчаар томилсон шийдвэр болон сонгуулийн хорооны дүнг шүүх хүчингүй болгосон. Үүнээс харахад Б.Ганбаатарын бүрэн эрхийн хугацаа 2018 онд дууссан байх ба Б.Ганбаатар нь шүүхийн шийдвэрийг биелүүлэлгүй, захирагчийн албан тушаалд ажилласаар байсан. Миний бие нь шүүхийн шийдвэрийн дагуу, уг шийдвэрийг биелүүлж захирамж гарган Хатгал тосгоны захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэх хүнийг томилсон. Нэхэмжлэгч хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөн гэж хэлж байна. Би шүүхэд маш товчхон тайлбарыг хэлж байгаа. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч бүрэн эрхийн хугацаа дуусгавар болох талаар тайлбарлаж байна. Нэхэмжлэгч нь 2014 оны тосгоны захирагчийн сонгуулиар томилогдсон гэдгийг бүгд мэднэ. 2018 онд сумын Засаг даргын захирамжаар Б.Ганбаатарыг Хатгал тосгоны захирагчийн ажилд томилсон. Тухайн иргэнийг хамгийн сүүлд ажилд томилсон шийдвэр нь тухайн хүний ажлын байранд томилсон эрх зүйн акт болно гэж хувьдаа үзэж байна. Гэтэл сонгуулийн дүнг үндэслэн шүүхэд гаргасан нэхэмжлэл явсаар байгаад дээд шатны шүүхээс 2018 оны Б.Ганбаатарыг ажилд томилсон захирамжийг хүчингүй болгосон. Ингээд энэ хүний ажилд томилогдсон шийдвэр хүчингүй болсон гэж үзэж байна. Гэтэл урьд ажиллаж байсан албан тушаалд томилогдсон буюу 2014 оны шийдвэр хүчинтэй гэж үзээд уг шийдвэрийг ярьж байгааг би ойлгохгүй байна. Монгол улсын хэмжээнд шүүхийн шийдвэрийг хувь хүн, иргэн заавал биелүүлэх ёстой гэж бодож байна. Улсын дээд шүүхийн тогтоолоор 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 07 тоот сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгосон. Гэтэл миний өмнө ажиллаж байсан Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга албан ёсоор хүчингүй болгосон шийдвэр гаргаагүй орхисон гэж би ойлгож байна. Нэхэмжлэгч тал Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг ярьж байна. Энэ хуульд 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Улсын их хурлын болон Ерөнхийлөгчийн зэрэг хоёр гуравхан сонгуулийг зохион байгуулж болно. Бусад биечлэн оролцох сонгууль, сонгон шалгаруулалтыг явуулж болохгүй тухай заалт байсан. Тиймээс уг хуулийг үндэслэсэн. Улсын дээд шүүхийн шийдвэрийг үндэслэж тосгоны захирагчийн сонгуулийг зарлах боломж сумын Иргэдийн төлөөлөгчийн хуралд байсан. Гэтэл Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд зааснаар тосгоны захирагчийн сонгуулийг зарлах нөхцөл байдал үүсэхгүй байсан тул уг хуулийг үндэслэсэн. Бид бүхэн хэрвээ тосгоны захирагчийн сонгуулийг зарласан бол Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг зөрчиж сонгууль явуулах боломжгүй байх байсан. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд тосгоны захирагчийг 4 жилийн хугацаатай сонгоно гэж заасан. 2014 онд гаргасан шийдвэр нь 2018 онд дуусгавар болсон. Дуусгавар болсныг нь нотолж байгаа зүйл нь сонгууль юм. Сонгууль зарласан боловч хууль бус сонгууль болсон. Хууль бус сонгуулийн дүнг үндэслэж, ажилд томилсон шийдвэрийг шүүх хүчингүй болгосон тул дараагийн хууль ёсны хүнийг томилох ёстой гэж үзэж Б/18 дугаар захирамжийг гаргасан. Иймд Б.Ганбаатарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэнэ үү” гэв.

Гуравдагч этгээд А.Баттүшиг шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Б.Ганбаатарын бүрэн эрхийн хугацаа 2018 онд дуусгавар болж улмаар 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ээлжит сонгууль зохион байгуулагдаж, сонгуулийн дүнг үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн Б/07 тоот захирамжаар томилогдон ажиллаж байсан. Гэвч Б.Ганбаатарыг томилсон 2018 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн Б/07 тоот захирамж нь шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон байдаг. Энэхүү шүүхийн шийдвэрт үндэслэж Алаг-Эрдэнэ сумын Засаг даргаас захирамж гарган, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлж, намайг үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Б.Ганбаатар нь шүүхийн шийдвэрийг биелүүлж намайг чөлөөлж, таныг томилох гэж байна хэмээн надад өөрөө хэлсэн бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр шийдвэр гарах гэж байна гэдгийг Б.Ганбаатарт хэлээд хамт ир гэсэн боловч Б.Ганбаатар ирээгүй. Ингээд тухайн өдөр Б.Ганбаатар өөрөө надад тамгаа өгөөд маргааш нь өрөөний түлхүүр, машины түлхүүрээ хүлээлгэж өгөөд, хууль шүүхээр явахгүй гэж хэлээд амжилт хүсээд явсан. Намайг томилсон явдал нь уг албан тушаал нь улс төрийн албан тушаал ба цар тахалтай холбогдуулан ойрын хугацаанд зохион байгуулах, шийдвэрлэх яаралтай ажил байсантай холбогдуулан гарсан шийдвэр гэж үзэж байгаа. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурал болон аймгийн Засаг даргаас чиглэл өгсний дагуу сонгууль болтол түр томилсон байдаг. Иймд нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй юм” гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Оролцогчдын тайлбарыг сонслоо. Сонсох ажиллагааны хувьд 2018, 2019 онд гарсан шүүхийн магадлал, тогтоолууд нь өөрөө сонсох ажиллагааны нэг хэлбэр мөн юм. Шүүхийн шийдвэр сонсгосон тул мөн гэж ойлгож байна. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гармагц Монгол улсын иргэн, аж ахуй нэгж байгууллага, албан тушаалтан биелүүлэх үүрэгтэй. Тухайн үед Алаг-Эрдэнэ сумын өмнөх Засаг дарга Ганболдод даалгасан байсан шийдвэрийг биелүүлээгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу эрх залгамжлагч буюу З.Ням-Очир нь тухайн шүүхийн шийдвэрийг биелүүлж, Б.Ганбаатарыг ажилд томилсон захирамжийг хүчингүй болгосон нь зөв. Нэхэмжлэгч тал Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг ярьж байна. Энэ хуульд хот тосгоны захирагч нь эдийн засаг, аж ахуйн асуудлаар Засаг даргатай харилцан ажиллах бөгөөд хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол улсын зэрэглэлтэй хотын захирагч аймгийн Засаг даргын хооронд үүссэн маргааныг ерөнхий сайд, аймгийн зэрэглэлтэй хот тосгоны захирагч сум, багийн Засаг даргын хооронд үүссэн маргааныг харъяалах дээд шатны Засаг дарга тус тус шийдвэрлэнэ гэж заасан. Хэрвээ Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль яривал бид бүхэн аймгийн Засаг даргаар асуудлаа шийдвэрлүүлнэ. Хоёрдугаарт Б.Ганбаатар гэдэг хүн нь шүүхийн тогтоол, магадлал гарснаар Хатгал тосгоны захирагч биш болсон тул эрх зүйн чадамжгүй болж, уг нэхэмжлэлийг гаргах эрх бүхий этгээд биш болно. Энэ хүний эрх ашиг нь хөндөгдөөгүй гэдэг утгаараа шүүхэд энэ хэрэг үүсэх ёсгүй гэж үзэж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч Б.Ганбаатараас Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргад холбогдуулан “Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/18 тоот захирамжийг хүчингүй болгож, намайг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилохыг Алаг-Эрдэнэ сумын Засаг даргад даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин 1.492.221 /нэг сая дөрвөн зуун ерэн хоёр мянга хоёр зуун хорин нэгэн/ төгрөг гаргуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагаар захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байх явцад иргэн А.Баттүшигийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй гэж үзэн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 28 дугаартай захирамжаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь 2021 оны 3 дугаар сарын 09-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/18 тоот захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” гэж өөрчилсөн байна. 

Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ “Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд тосгоны захирагчийн бүрэн эрхийн хугацаа 4 жил болоод дуусна. Энэ хугацаа дуусахад  үүрэг гүйцэтгэгч томилно гэсэн зохицуулалт байхгүй. Захирагчийн сонгууль явагдаагүй байхад иргэн А.Баттүшигийг үүрэг гүйцэтгэгчээр томилж байгаа нь буруу, маргаан бүхий захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан сонсгох ажиллагааг хийгээгүй, тайлбар санал гаргах боломжоор хангаагүй” гэж

Хариуцагч талаас “нэхэмжлэгчийн бүрэн эрхийн хугацаа сонгууль явагдсанаар дууссан, нэхэмжлэгчийг 2018 онд захирагчийн албан тушаалд томилсон шийдвэр хүчингүй болсон тул нэхэмжлэл гаргах эрхгүй, эрх зүйн чадамжгүй. Маргаан бүхий актыг Давж заалдах шатны шүүхийн болон Улсын дээд шүүхийн шийдвэрүүдийг биелүүлэх үүргээ хэрэгжүүлж гаргасан” гэж

Гуравдагч этгээдийн талаас “нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрүүдийг мэдэж байсан нь маргаан бүхий актыг сонсгосон гэж үзнэ. Мөн нэхэмжлэгч урьдчилан шийдвэрлэх журам зөрчсөн. Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу маргаж байгаа бол энэхүү шийдвэрийг аймгийн Засаг даргад хандаж шийдвэрлүүлэх байсан. Иймд нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй” гэж тус тус маргажээ.

Нэхэмжлэгч Б.Ганбаатарыг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Б/07 дугаартай захирамжаар[1] Хатгал тосгоны захирагчийн албан тушаалд томилж, 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/18 тоот захирамжаар[2] үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Мөн 2020 оны 12 дугаар сарын 17-ний өдрийн Б/18 дугаартай захирамжаар гуравдагч этгээд А.Баттүшигийг Хатгал тосгоны Захирагчийн үүрэг гүйцэтгэгчээр томилжээ.   

Гуравдагч этгээдээс маргаан бүхий захиргааны актыг Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасны дагуу дээд шатны захиргааны байгууллага буюу аймгийн Засаг даргад хандаж, шийдвэрлүүлэх байсан гэж маргаж байгаа боловч нэхэмжлэгч нь Хөвсгөл аймгийн Засаг даргад 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гомдол[3] гаргасан боловч шийдвэрлэж хариу өгөөгүй байна. Монгол улсын Дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 08 дугаартай тогтоолын 18 дугаарт “Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж заасан нь хүний нөөцийн удирдлагатай холбогдсон асуудлаар гарсан шийдвэр /захиргааны акт/-т хамаарахгүй” гэжээ. Энэхүү Монгол улсын Дээд шүүхийн “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 08 дугаар тогтоолд дурдсан Төрийн албаны тухай хууль хүчингүй болсон боловч уг тогтоолд дурдагдсан Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа ба энэ хуулийн дагуу гарсан албан тушаалтныг ажлаас чөлөөлсөн шийдвэрийн талаар аймгийн Засаг даргад хандах шаардлагагүй бөгөөд нэхэмжлэгчийг урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй тул шүүх захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн болно. 

Нэг. “Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/18 дугаартай “Бат-Очирын Ганбаатарыг ажлаас чөлөөлж, Андрейн Баттүшигийг үүрэг гүйцэтгэгчээр томилох тухай” захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлагын тухайд: Хариуцагчаас маргаан бүхий захиргааны актын үндэслэлээ “хуулиар тогтоосон бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон” гэж тодорхойлжээ. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлд “Энэ хуулийн 10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд хот, тосгоны захирагчийг тухайн хот, тосгоны сонгуулийн эрх бүхий оршин суугчид нийтээрээ, чөлөөтэй шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, 4 жилийн хугацаагаар сонгоно”, 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хот, тосгоны захирагчийн сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг тухайн хот, тосгоны захирагчаар сонгогдсонд тооцно”, 14.3-т “Энэ зүйлийн 1,2 дахь хэсэгт заасны дагуу сонгогдсон улсын зэрэглэлтэй хотын захирагчийн бүрэн эрхийг Ерөнхий сайд, аймгийн зэрэглэлтэй хотын захирагчийн бүрэн эрхийг аймгийн Засаг дарга, тосгоны захирагчийн бүрэн эрхийг сумын Засаг дарга тус тус хүлээн зөвшөөрнө”  гэж тус тус заажээ. Хуулийн энэхүү заалтууд нь тосгоны захирагчийг  хэн сонгох, түүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх асуудлыг зохицуулсан байна. Харин дээрх хуулийн дагуу сонгогдсон захирагчийн бүрэн эрхийн хугацаа нь орон нутгийн ээлжит сонгуулийн үр дүнгээр дараагийн шинээр сонгогдсон захирагчийг эрх бүхий албан тушаалтан хүлээн зөвшөөрч, тосгоны захирагчаар томилсон шийдвэр гарснаар дуусна. Учир нь хот, тосгоны захирагч нь улс төрийн албан тушаалтан ба улс төрийн албан тушаалтныг сонгох, томилох ээлжит сонгууль болох хугацаа  4 жил байхаар хуульд заасан. Өөрөөр хэлбэл сонгогдсон улс төрийн албан тушаалтныг томилох хугацааг 4 жил гэж хуульд заасан боловч орон нутгийн ээлжит сонгуулиар дараагийн улс төрийн албан тушаалтан сонгогдсоноор бүрэн эрх нь дуусгавар болно. Хуульд заасны дагуу орон нутгийн ээлжит сонгуулийн үр дүн гарсны дараа шинээр сонгогдсон хүнд албан тушаалаа хүлээлгэн өгдөг улс төрийн албан тушаалтныг шинэ хүн сонгогдоогүй байхад дээрх 4 жилийн хугацааг барьж бүрэн эрхийн хугацаа дууссан гэж үзэх боломжгүй юм. Хатгал тосгоны захирагчийг сонгох ээлжит сонгууль 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр явагдсан боловч сонгуулийн үр дүн, үйл ажиллагаатай холбогдуулан шүүхэд маргаан үүсгэснээр дээрх сонгуулийг зохион байгуулсан сонгуулийн хорооны тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. Энэхүү шүүхийн шийдвэрийн дагуу Хатгал тосгоны захирагчийн сонгуулийг зохион байгуулж, захирагчийг сонгох ажиллагааг хийх байсан боловч Улсын онцгой комисс болон Хөвсгөл аймгийн Засаг даргын өндөржүүлсэн бэлэн байдал зарласан захирамж хүчин төгөлдөр үйлчилж байгаатай уялдан цар тахлын улмаас хийгдээгүй байх ба Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Хот, тосгоны захирагчид тухайн хот, тосгоны оршин суугчдын Хурал, харьяалах засаг захиргааны нэгжийн иргэдийн Нийтийн болон Төлөөлөгчдийн Хурлаас нэр дэвшүүлнэ”, 13 дугаар зүйлд “Хот, тосгоны захирагчийн сонгуулийг тухайн хот, тосгоны харьяалах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас байгуулсан сонгуулийн нэгдсэн хороо эрхлэн явуулна” гэж тус тус заасны дагуу захирагчийн сонгуулийг зохион байгуулах эрхийг сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурал эдлэхээр хуульчилсан байна. Дээрх хуулийн зохицуулалтаас харахад тосгоны захирагчийг сонгох асуудлыг тухайн тосгоны сонгуулийн насны оршин суугчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэх ажиллагааг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал зохион байгуулахаар тусгажээ. Гэтэл Алаг-Эрдэнэ сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлаас Хатгал тосгоны захирагчийн сонгуулийг зохион байгуулахаар оршин суугчдын хурлыг зарлан хуралдуулаагүй байх ба тосгоны захирагчийг сонгох санал хураалтыг оршин суугчдын дунд явуулаагүй, тосгоны захирагчаар шинэ хүн дэвшээгүй, оршин суугчдийн олонхийн санал авсан хүн тодроогүй байхад албан үүргээ гүйцэтгэж байсан тосгоны захирагчийг албан тушаалаас нь чөлөөлсөн сумын Засаг даргын шийдвэр /захиргааны акт/ - ийг хууль бус гэж үзэх үндэслэлтэй.

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9-д “Монгол улсын иргэн нь шууд буюу төлөөлөгчийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг арван найман наснаас эдэлнэ. Сонгогдох насыг төрийн зохих байгууллага, албан тушаалд тавих шаардлагыг харгалзан хуулиар тогтооно” гэж иргэдийн сонгох эрхийг баталгаажуулсан ба энэхүү эрхээ эдлэх боломж нь ээлжит сонгууль түүний дотор анхан шатны нэгж болох өөрийн оршин суугаа тосгоны захирагчийг сонгох сонгуульд оролцож, захирагчаа өөрөө сонгох хэлбэрээр илэрнэ. Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хот, тосгоны захирагчийн сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг тухайн хот, тосгоны захирагчаар сонгогдсонд тооцно” гэсэн байх ба үүний дагуу захирагчийн сонгуульд олонхийн санал авсан нэр дэвшигчийг сумын Засаг дарга хүлээн зөвшөөрснөөр  тухайн тосгоны захирагчаар томилдог. Захирагчийн сонгууль нь тухайн тосгоны иргэдээс бүрдэх ба захирагчаа өөрсдөө сонгох эрхийг хуулиар олгосон гэж ойлгоно. Дээрх хуулийн зохицуулалтаар тосгоны оршин суугчдын олонхийн санал авсан нэр дэвшигч тосгоны захирагчаар томилогдох бөгөөд тосгоны иргэдийн хурлаас захирагчид нэр дэвшүүлэх болон санал хураах ажиллагаа хийгдээгүй байна. 2018 оны ээлжит захирагчийн сонгуулийн үр дүнг шүүхээс хүчингүй болгосноос хойш цар тахалтай холбогдуулан дээрх хуулийн дагуу оршин суугчдын хурал болж, захирагчийн сонгууль хийгдээгүй, шинээр захирагчийг сонгох ажиллагаа явагдаагүй болох нь 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн[4] болон 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн шүүхийн үзлэгийн тэмдэглэл[5], тэмдэглэлд хавсаргасан баримт болон нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбараар тогтоогдож байна.

Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Төрийн албан тушаалыг дор дурдсанаар ангилна: 10.1.1. төрийн улс төрийн албан тушаал, 10.1.2. төрийн захиргааны албан тушаал, 10.1.3. төрийн тусгай албан тушаал, 10.1.4. төрийн үйлчилгээний албан тушаал” гээд 10.3-т “Энэ хуулийн 10.1.2, 10.1.3-т заасан албан тушаалыг төрийн жинхэнэ албан тушаал гэнэ” гэжээ. Мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Төрийн улс төрийн албан тушаалд Монгол улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийн хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны дараахь албан тушаал хамаарна:“, 11.2-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, хот, тосгоны захирагчийн албан тушаалыг төрийн улс төрийн албан тушаалтай адилтган үзэж болно” гэж тус тус заажээ. Хуулийн дээрх заалтуудаас харахад тосгоны захирагчийн албан тушаал нь улс төрийн албан тушаал байх бөгөөд сонгуулийн үр дүнгээс шалтгаалж, өөрчлөгддөг албан тушаал юм.

Төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх асуудлыг Төрийн албаны тухай хуулиар зохицуулсан байх ба хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол эрх бүхий этгээд дараах тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийнх нь зэрэгцээ түр орлон гүйцэтгүүлж болно” гэсэн нь төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх, гүйцэтгүүлэх талаар зохицуулсан зохицуулалт байна. Харин улс төрийн албан хаагчийн хувьд түүний албан үүргийг өөр этгээдээр орлон гүйцэтгүүлэх зохицуулалтыг хуульд тусгаагүй байх ба сонгуулийн үр дүнгээс шалтгаалж өөрчлөгддөг, иргэд, сонгогчдын саналаар томилогддог улс төрийн албан тушаалтны ажил үүргийг хэн нэгэн сонгогдоогүй этгээд орлон гүйцэтгэх боломжгүй юм. 

Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд Хатгал тосгоны захирагчийн сонгуулийн хурал хийгдэж, хэн нэгнийг шинээр захирагчид нэр дэвшүүлж, сонгоогүй байхад сумын Засаг даргаас дур мэдэн тосгоны захирагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний ажлыг хэн нэгэнд хариуцуулахаар шийдвэрлэж, орлон гүйцэтгэгч томилсон нь үндэслэлгүй болжээ. 

Маргаан бүхий захиргааны акт болох Б/18 тоот захирамжийн үндэслэлд Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх заалт тусгагдсан байх бөгөөд энэхүү үндэслэл болгосон хуулийн 15.4-т “Энэ зүйлийн 1,3 дахь хэсэгт заасныг үндэслэн хот, тосгоны захирагчийг чөлөөлөх, огцруулах тухай шийдвэрийг Ерөнхий сайд болон харьяалах аймаг, сумын Засаг дарга тус тус гаргана” гээд 15.1-д “Хот, тосгоны захирагчийг өөрийн нь хүсэлт, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар ажлаас нь чөлөөлнө”, 15.3-д “Гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоосон шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон, мөн түүнчлэн тухайн хот, тосгоны захирагчийн огцруулах тухай санал хураалтад оролцсон оршин суугчдын олонхи нь огцруулахыг дэмжвэл захирагчийг огцруулна” гэж тус тус заажээ. Хуульд заасан захирагчийг чөлөөлөх, огцруулах нөхцөл байдал үүссэн гэх баримт хэрэгт авагдаагүйн дээр хариуцагчаас энэ талаархи нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Хариуцагчаас Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын Дээд шүүхийн тогтоолыг биелүүлж, маргаан бүхий актыг гаргасан гэж маргаж байгаа боловч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2019/0169 дугаартай магадлал[6], Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 214 дугаартай тогтоолууд[7] нь Хатгал тосгоны 2018 оны захирагчийг сонгох сонгуулийн нэгдсэн хорооны тогтоол болон уг тогтоолоор сонгогдсон захирагчийг хүлээн зөвшөөрсөн сумын Засаг даргын шийдвэрүүдийг хүчингүй болгосон нь тосгоны захирагчийг сонгох сонгуулийг дахин явуулж, санал хураах нөхцөл байдлыг үүсгэсэн байна. Дээрх шүүхийн шийдвэрүүдийг биелүүлэх ажиллагаа нь Алаг-Эрдэнэ сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурал хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд Хатгал тосгоны захирагчийн сонгуулийг зохион байгуулж, тосгоны захирагчийн сонгуулийг дахин явуулж, сонгуулийн дүнг гаргаснаар хэрэгжинэ. Харин шүүхийн шийдвэрээр 2018 оны сонгуулийн үр дүнг хүчингүй болгосон нь уг сонгуулиас өмнө албан үүргээ гүйцэтгэж байсан захирагчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм.  Өөрөөр хэлбэл дээрх хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх, гүйцэтгэх арга нь Хатгал тосгоны захирагчийн сонгуулийг тухайн тосгоны сонгох эрх бүхий оршин суугчдаас бүрдсэн хурлаар хэлэлцэж, захирагчийг сонгох сонгуулийг дахин явуулж, захирагчийг сонгох ажиллагааг зохион байгуулах нь зүйтэй гэдгийг дурьдвал зохино.

Нэхэмжлэгчээс “маргаан бүхий захиргааны актыг танилцуулаагүй, санал хэлэх боломжоор хангаагүй” гэснийг гуравдагч этгээдээс “2018 оны сонгуулийн дүн, уг сонгуулийн дүнд үндэслэж Хатгал тосгоны захирагчийг томилсон шийдвэрийг хүчингүй болгосон Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын Дээд шүүхийн тогтоолыг нэхэмжлэгч мэдэж байсан нь маргаан бүхий актыг урьдчилж мэдсэн” гэж үзнэ гэж няцааж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь дээрх шүүхийн шийдвэрүүд нь Хатгал тосгоны захирагчийг сонгох 2018 оны сонгуулийн үр дүнг хууль зөрчсөн гэж үзэж хүчингүй болгож, сонгуулийн дүнд үндэслэж гарсан захирагчийг томилсон шийдвэрийг мөн хүчингүй болгосон байна. Энэ нь 2018 оны сонгууль зохион байгуулагдахаас өмнө захирагчийн албан үүргийг гүйцэтгэж байсан захирагчийг чөлөөлөх захиргааны акт гаргахад хамааралгүй юм. Захиргааны акт шинээр гаргахад хуульд тусгайлан урьдчилсан нөхцөл, шаардлагыг хангасан байхыг шаардсан байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 29 дүгээр зүйлийн 29.1-д “Захиргааны байгууллагаас захиргааны шийдвэрийн хувийн хэргийг хөтлөх бөгөөд уг хувийн хэрэгт шийдвэр гаргах үйл ажиллагааны үндэслэл, үе шат, оролцогчийн санал, холбогдох баримт, сонсох ажиллагаа, уулзалт, хуралдааны тэмдэглэл, шийдэл, хүргүүлсэн мэдэгдсэн баримт зэргийг бүрдүүлэн, архивт хадгална” гэж заасан байхад маргаан бүхий захиргааны актад хувийн хэрэг нээгээгүй, хяналтын дагалдах хуудсыг бөглөөгүй нь шүүхээс хийсэн үзлэг[8], үзлэгийн тэмдэглэлд хавсаргасан баримтаар[9] тогтоогдож байх ба актад дурдагдсан Захиргааны хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүд нь нэхэмжлэгчийг захирагчийн үүрэгт ажлаас чөлөөлөх шийдвэр гаргах ажиллагаанд хамааралгүй юм. Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд сонсох ажиллагааг хийхгүй байхаар хэд хэдэн нөхцөлийг хуульчилсан байх боловч Хатгал тосгоны захирагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж буй захиргааны актыг гаргахад хуульд заасан дээрх тохиолдлууд үүсээгүй гэж үзэхээр байна.  

Хариуцагч Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын нэхэмжлэгч Б.Ганбаатарыг ажлаас чөлөөлж, гуравдагч этгээд А.Баттүшигийг захирагчийн  үүрэг гүйцэтгэгчээр томилсон маргаан бүхий захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг агуулсан байх бөгөөд Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 11, 12, 13, 14, 15 дугаар зүйлийн холбогдох заалтыг зөрчсөн, Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны акт гаргах урьдчилсан нөхцөл болох тус хуулийн 26, 28, 29 дүгээр зүйлд заасныг хангаагүй, хуульд нийцээгүй, гарсан шийдвэр /захиргааны акт/ байна гэж шүүх дүгнэлээ.

Хоёр. “Урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох” шаардлагын тухайд: Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/18 дугаартай захирамж нь Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн нь тогтоогдсон, тосгоны захирагчийг чөлөөлөх шийдвэр /захиргааны акт/ гаргах урьдчилсан нөхцөл үүсээгүй, хуульд заасан шаардлага хангагдаагүй байхад үндэслэлгүйгээр нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлсөн байх тул нэхэмжлэгч Б.Ганбаатарыг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны захирагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, зөрчигдсөн /хөдөлмөрлөх/ эрхийг сэргээх нь зүйтэй байна.

Гурав. “Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” шаардлагын тухайд: Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4-т “Монгол улсын иргэн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. Хэнийг ч хууль бусаар хөдөлмөрлүүлж болохгүй”, Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д “Төрийн албан хаагчид хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно” гэж тус тус заажээ. Төрийн албан хаагч нь төрийн албан тушаал эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авах, баталгаагаар хангагдан ажилладаг ба түүнийг буруу халсан үед ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг өмнө авч байсан цалингийн дунджаас тооцож нөхөн олгохыг Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин, хөлс тодорхойлох журам” ын 7-ийн “а”-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн  нэхэмжилсэн үнийн дүнгээр тооцож, түүний нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар[10], цалингийн тодорхойлолт[11], нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт[12]-д үндэслэн нийт 192 өдрийн цалинтай тэнцэх хэмжээний олговрыг нөхөн олгох үндэслэлтэй байна.

Ажилгүй байсан хугацааны олговрын тооцоолол: 2020 оны 9 дүгээр сараас 2020 оны 11 дүгээр сарыг дуустал хугацаанд буюу сүүлийн 3 сарын цалин хөлсний дунджаас тооцон бодвол:

Нэхэмжлэгчийн сүүлийн 3 сарын нийт цалин 4.961.987 /3 сар = 1.653.996 /дундаж цалин/, 1.653.996 / 21.2 = 78.019 /1 хүн өдрийн хөлс/,  78019*192 = 14.979.648 /арван дөрвөн сая есөн зуун далан есөн мянга зургаан зуун дөчин найман/ төгрөгийн нөхөн олговор олгогдохоор байна.

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т “Хурал, Засаг дарга гаргасан шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэл, хариуцлагыг бүрэн хүлээнэ” гэсний дагуу Засаг даргын хууль бус шийдвэрийн улмаас нэхэмжлэгчид учирсан хохирлыг дээрх хуульд зааснаар сумын Засаг дарга хариуцан арилгах үүрэгтэй тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нөхөн олговор болох нийт 14.979.648  /арван дөрвөн сая есөн зуун далан есөн мянга зургаан зуун дөчин найман/ төгрөгийг Алаг-Эрдэнэ сумын Засаг даргаас гаргуулахаар шийдвэрлэлээ.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.12, 107, 108 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйл, 29 дүгээр зүйлийн 29.1, 37 дугаар зүйлийн 37.1, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, 29 дүгээр зүйлийн 29.2, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйл, 12 дугаар зүйлийн 12.1, 13 дугаар зүйл, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3, 15 дугаар зүйлийн 15.4 дэх заалтыг тус тус баримтлан Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/18 дугаартай “Бат-Очирын Ганбаатарыг ажлаас чөлөөлж, Андрейн Баттүшигийг үүрэг гүйцэтгэгчээр томилох тухай” захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Ганбаатарыг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны захирагчийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
  2. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчийн  2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан 192 өдрийн цалинтай тэнцэх олговор 14.979.648  /арван дөрвөн сая есөн зуун далан есөн мянга зургаан зуун дөчин найман/ төгрөгийг Алаг-Эрдэнэ сумын Засаг даргаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 
  4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.3, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд болон тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дараа шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.МӨНХЖАРГАЛ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[