Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Александрын Сарангэрэл |
Хэргийн индекс | 120/2024/0011/З |
Дугаар | 221/МА2024/0767 |
Огноо | 2024-12-04 |
Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 221/МА2024/0767
“Нл” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 21 дүгээр шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Зын давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Н.Долгорсүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Э.Лхагвасүрэн
Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр,
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: “Нл” ХХК,
Хариуцагч: “Тт” ХК, “Тт” ХК-ийн тендерийн Үнэлгээний хороо,
Гуравдагч этгээд: “Дэм” ХХК,
Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д, хариуцагчийн өмгөөлөгч Н.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, өмгөөлөгч Б.Ц,
Хэргийн индекс: 120/2024/0011/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Нл” ХХК нь “Тт” ХК, “Тт” ХК-ийн тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан ““Тт” ХК-ийн тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 02 дугаартай тэмдэглэл /зөвлөмж/-ийн “Нл” ХХК-ийг шалгаруулаагүй хэсэг, мөн “Дэм" ХХК-ийг хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчоор шалгаруулсан үнэлгээ бүхий хэсгийг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, “Тт” ХК-ийн тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Тт” ХК-ийн гүйцэтгэх удирдлага Ч.Гд хүргүүлсэн зөвлөмжийн “Дэм” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, "Тт” ХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 1-460 дугаар “Дэм" ХХК-тай Гэрээ байгуулах эрх олгох тухай шийдвэрийг хүчингүй болгуулах, “Тт” ХК болон “Дэм” ХХК-ийн хооронд 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан ТТХК/2024/0*** дугаартай хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээг хүчингүй болгуулах, “Нл” ХХК-ийн тендер хамгийн сайн үнэлэгдсэн тендер мөн болохыг тогтоож, зөвлөмж /шийдвэр/ гаргахыг “Тт” ХК-ийн тендерийн үнэлгээний хороонд даалгах, “Нл” ХХК-тай Хөрс хуулалт, нүүрс олборлолтын гэрээ байгуулахыг "Тт" ХК-д даалгах”-аар маргасан байна.
2. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 21 дүгээр шийдвэрээр:
“Захиргааны ерөнхий хуулийн *** дугаар зүйлийн ***.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Нл” ХХК-ийн Тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Тт” ХК-ийн гүйцэтгэх удирдлага Ч.Гд хүргүүлсэн зөвлөмжийн “Дэм” ХХК-д холбогдох хэсгийг болон "Тт” ХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 1-460 дугаар “Дэм" ХХК-тай Гэрээ байгуулах эрх олгох тухай шийдвэр /албан бичиг/-ийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хүлээн авахаас татгалзаж,
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.3, 17.4, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.1.3, 21.3, 26 дугаар зүйлийн 26.1, 26.9-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Нл” ХХК-ийн Тендерийн Үнэлгээний хорооны хорооны 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 02 дугаартай тэмдэглэл /зөвлөмж/-ийн “Нл” ХХК-ийг шалгаруулаагүй хэсэг, мөн “Дэм” ХХК-ийг хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчоор шалгаруулсан үнэлгээ бүхий хэсгийг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, “Тт” ХК болон “Дэм” ХХК-ийн хооронд 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан ТТХК/2024/0*** дугаартай хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээг хүчингүй болгуулах, “Нл” ХХК-ийн тендер хамгийн сайн үнэлэгдсэн тендер мөн болохыг тогтоож, зөвлөмж /шийдвэр/ гаргахыг “Тт” ХК-ийн тендерийн үнэлгээний хороонд даалгах, “Нл” ХХК-тай Хөрс хуулалт, нүүрс олборлолтын гэрээ байгуулахыг “Тт” ХК-д даалгах нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1.“Шүүхээс хариуцагчийн тендерийн үнэлгээний хорооны "Шаардлагатай тохиолдолд Захиалагчаас гаргасан төлөвлөгөөний дагуу уурхайд ажиллах техник, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх болон бууруулах боломжтой тухай баталгааг ирүүлээгүй" тул "Нл" ХХК-ийн тендерээс татгалзаж шийдвэрлэсэн хариуцагчийн Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэлтэй гэж үнэлсэн нь хууль бус гэж үзэж байна. Шүүхийн хэлэлцүүлгээр хариуцагчаас ирүүлсэн төрийн худалдан авах ажиллагааны www.tender.gov.mn сайтаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нотлох баримт шинжлэн судлах явцад "Нл" ХХК нь Захиалагчаас гаргасан төлөвлөгөөний дагуу техник, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх боломжтой гэснийг хүлээн зөвшөөрсөн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 05/01-12 тоот албан бичиг, мөн өдрийн 05/01-16 тоот албан бичиг албан бичиг ирүүлсэн гэдэг нотлогдсон. Хариуцагч нь Тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1-т "..Шаардлагатай тохиолдолд Захиалагчаас гаргасан төлөвлөгөөний дагуу уурхайд ажиллах техник, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх болон бууруулах боломжтой тул баталгааг албан бичгээр гарган хүргүүлнэ." гэж тендерийн ажлын даалгаврын 2.3.1-т "Шаардлагатай тохиолдолд Захиалагчаас гаргасан төлөвлөгөөний дагуу уурхайд ажиллах техник, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх болон бууруулах боломжтой байна." гэж ижил шаардлагыг тавьсан.
Манай компани нь ажлын даалгаврын бүхий л нөхцөлийг хүлээн зөвшөөрч байгаа талаар 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 05/01-12, 05/01-16 дугаар албан бичгээр хүргүүлсэн нь шаардлагатай тохиолдолд Захиалагчаас гаргасан төлөвлөгөөний дагуу уурхайд ажиллах техник, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх болон бууруулах боломжтой байна гэдгээ баталсан хэлбэр гэж шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүх үзсэн гэвч нотлох баримтыг хариуцагч талаас шүүхэд албан бичгийг огт ирүүлээгүй гэж буруу тайлбарласан, шүүхийн шийдвэрийн үндэслэлд манай компанийн хүргүүлсэн дээрх албан бичгийг Захиалагчаас гаргасан төлөвлөгөөний дагуу уурхайд ажиллах техник тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх болон бууруулах боломжтой эсэхээ баталсан нотлох баримт гэж үзэх боломжгүй тул Тендерийн хорооны шийдвэр үндэслэлтэй гэж дүгнэсэн шүүхийн шүүгчийн шийдвэр нь хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн хянаж үзээгүй мөн хууль зүйн үндэслэлгүй юм.
3.2.Шүүхээс "Нл" ХХК болон "Хм" ХХК нарын хооронд байгуулагдсан ХНАГГ/***дугаартай "Хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх" гэрээ-г шүүх нотлох баримтаар үнэлээгүй. "Нл" ХХК болон "Хм" ХХК нарын хооронд байгуулагдсан ХНАГТ/***дугаартай гэрээ нь хууль зүйн хувьд хүчин төгөлдөр гэрээ бөгөөд тус гэрээтэй холбоотой ямар нэгэн маргаан байхгүй, гэрээ биелэгдсэн талаарх "Хм" ХХК-ийн тодорхойлолтоор гэрээ байгуулагдсан, хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил хийгдсэн гэдэг нь нотлогдсоор байхад шүүх дээрх гэрээг үнэлээгүй. Гэрээний 2 тал ажлын хөлс, гэрээг хэрхэн тооцох талаараа харилцан тохиролцож гэрээг байгуулсан. Дээрх байгуулагдсан гэрээ нь 2022 онд ижил төстэй ажил гүйцэтгэх тендерийн баримт бичгийн шаардлагыг бүрэн хангаж байгаа. Мөн тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1-т заагдсан хийж гүйцэтгэсэн нийт ажлын гэрээний дүнгийн нийлбэр нь 2024 онд санхүүжих дүнгийн 15 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байх гэх шаардлагыг дээрх гэрээний үнийн дүнг оруулахгүй байсан ч нэхэмжлэгч "Нл" ХХК-ийн 2023, 2021 онд хийгдсэн гэрээнүүд тендерийн үнийн дүнг хангана. Хариуцагчийн манай компанийн хүргүүлсэн тендерээс татгалзсан дээрх хоёр үндэслэл нь манай хүргүүлсэн саналаас татгалзах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
3.3.Тендерийн баримт бичгийн ТШЗ-ны 16.1-т "Оролцогчийн өрөнхий шаардлага хангасан эсэхийг дараах баримт бичгээр магадлана. Үүнд:" гэж, 16.1.1-д "ТШЗ-ны 14.1-д заасны дагуу бөглөж ирүүлсэн Ѵ бүлгийн Маягт 1." гэж заасан бөгөөд тендерийн баримт бичгийн Маягт 1-т ажлын өртгийн задаргааг нэгж үнээр болон нийт үнээр ирүүлэхтэй холбоотой агуулга огт байхгүй байхад шүүхээс буруу дүгнэлт хийж нэхэмжлэгчийн ажлын өртгийн задаргааг нэгж үнээр болон нийт үнээр ирүүлээгүй гэх гомдол үндэслэлгүй байна гэж шийдвэрлэсэн нь хууль бус.
3.4.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6.12, 6.13, 6.14, 6.15 дахь хэсгүүдэд шүүхээс "Дэм" ХХК болон "Бсэр" ХХК нарын хооронд байгуулагдсан 22/Г-08 дугаар гэрээний Маягт 4. Ижил төстэй ажил гүйцэтгэсэн гэрээний мэдээлэл, Маягт 6. Ижил төстэй гэрээний дэлгэрэнгүй мэдээллийг бөглөхдөө техникийн алдаа гаргасан гэх гуравдагч этгээд "Дэм" ХХК-ийн тайлбарт дүгнэлт хийгээгүй, хариуцагч "Тт" ХК-ийн үнэлгээний хорооны 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдөр тендерийн үнэлгээг хийхдээ техникийн алдаатай, зөрүүтэй мэдээлэл илгээсэн, маягтуудыг илтэд буруу бөглөсөн тендерт оролцогч "Дэм" ХХК-ийг шалгаруулсан үйлдлийг огт харгалзан үзэхгүйгээр хууль бус шийдвэр гаргасан.
Тодруулбал, "Дэм" ХХК болон "Бсэр" ХХК нарын хооронд байгуулагдсан 22/Г-08 дугаартай "Уулын ажил гүйцэтгэх гэрээ" нэр бүхий гэрээ нь 2022 оны 11-р сарын 05-ны өдөр байгуулагдсан гэх боловч "Дэм" ХХК Маягт 4. Ижил төстэй ажил гүйцэтгэсэн гэрээний мэдээллийг бөглөхдөө гэрээ байгуулагдсан огноог 2021 оны 12-р сар, дуусгавар болох огноог 2023 оны 12-р сар гэж тусгасан.
Маягт 6. Ижил төстэй гэрээний дэлгэрэнгүй мэдээлэлд тухайн гэрээг байгуулсан огноог 2021.12.25 гэж буруу бөглөсөн, гэрээ дуусгавар болсон огноог 2022.12.25 гэж мөн адил буруу бөглөсөн. Тухайн 22/Г-08 дугаартай гэрээ байгуулагдсан огноог тендерт шалгарсан "Дэм" ХХК нь 3-н өөр өдрөөр байгуулсан гэж тендерийн материал ирүүлсэн алдаа гаргасан, энэхүү алдаагаа шүүх хуралдааны явцад гуравдагч этгээд хүлээн зөвшөөрсөн мөн энэхүү гэрээ хэзээ байгуулагдсан талаар мэдээлэл тодорхой бус, алдаатай зөрүүтэй мэдээлэлтэй тендерийн баримт ирүүлсэн "Тт" ХК-ийн тендерийн үнэлгээний хорооны шийдвэр буруутгах боломжгүй гэж шүүхээс үнэлсэн нь хууль бус.
3.4.1.Дээрх 22/Г-08 дугаар гэрээний гүйцэтгэлийг дүгнэж "Гэрээ дүгнэсэн акт"-ыг 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр "Дэм" ХХК болон "Бсэр" ХХК нар нь үйлдсэн. Тухайн гэрээ дүгнэсэн актад "Бсэр" ХХК-ийг төлөөлж Б.Ч гэх этгээд гарын үсэг зуран баталгаажуулсан. Гэтэл Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын цахим хуудсанд болон тендерт хавсаргасан компанийн Улсын Бүртгэлийн гэрчилгээнд тавигдсан мэдээллээр тус компанийн Гүйцэтгэх захирал 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр өөрчлөгдөж, тус өдрөөс Г овогтой А гэх этгээд томилогдсон. Энэ нь "Дэм" ХХК болон "Бсэр" ХХК нарын хооронд 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан "Гэрээ дүгнэсэн акт"-д "Бсэр" ХХК- ийг төлөөлж гарын үсэг зурах эрхгүй этгээд болох Б.Ч гарын үсэг зурж баталгаажуулан тендерийн материал ирүүлсэн гэж үзнэ. Тус гэрээ дүгнэсэн актыг "Тт" ХК-ийн тендерийн үнэлгээний хороо 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хянан үзэхдээ хүчин төгөлдөр бус гэж тооцож, Тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1-т заасан шаардлага "... Гэрээ дүгнэсэн акт эсхүл захиалагч байгууллагын тодорхойлолтын хуулбарыг ирүүлнэ...” гэж заасныг баримтлан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-т заасны дагуу шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогч гэж үзэж тендерээс татгалзах хуулийн зохицуулалттай. Тухайн гарын үсэг зурсан гэрээ дүгнэсэн актыг нотлох баримт шинжлэн судлахад хэргийн оролцогч болон шүүгч шинжлэн судалсан. Дээрх асуудалд гуравдагч этгээд дараах тайлбар болон хариултыг өгдөг: 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр "Бсэр" ХХК-ийн Гүйцэтгэх захирал албан томилолтоор гадаад улсад явж байсан тул итгэмжлэл Б.Чад өгч гэрээ дүгнэсэн актад гарын үсэг зурсан, тухайн итгэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр тендерийн материал явуулахдаа хүргүүлээгүй гэх хариулт, тайлбарыг өгсөн бөгөөд хариуцагч "Тт" ХК-ийн үнэлгээний хороо нь шүүхэд бид 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 03/4401 албан бичгээр /тендерт материал хүргүүлсэн өдрөөс хойш 27 хоногийн дараа/ "Дэм" ХХК-иас тодруулга авч 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр "Бсэр" ХХК-иас албан бичиг авч гэрээ дүгнэсэн актад гарын үсэг зурсан этгээд болох Б.Ч нь итгэмжлэлээр олгосон эрхийн хүрээнд тухайн актад гарын үсэг зурсан талаар мэдсэн гэж тайлбарладаг.
Тодруулбал, "Тт" ХК-иас зарласан ТТХК/2024*** дугаартай "Хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил" багцтай тендер шалгаруулалт 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр болсон бөгөөд тухайн тендерт оролцогч байгууллагууд 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр тендерийн материалыг эцсийн байдлаар хүргүүлсэн. Тухайн тендерт оролцогч нарын материалыг "Тт" ХК-ийн үнэлгээний хороо хянан үзэж холбогдох шийдвэрийг гаргах үүрэгтэй. 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдөр "Тт" ХК-ийн тендерийн үнэлгээний хороо дээрх "Бсэр" ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд гэрээ дүгнэсэн актад гарын үсэг зурсан алдаатай үйлдлийг тендер үнэлэхдээ үл харгалзан "Дэм" ХХК-ийг тендерт хамгийн сайн оролцогчоор шалгаруулсан алдаатай шийдвэр гаргасан үйл баримт нь нотлогдож байгаа.
Тендер шалгаруулалтын зарлалд "Тендерийг 2024 оны 05-р сарын 02-ны өдрийн 10 цаг 30 минутаас өмнө тендер шалгаруулалтын баримт бичигт зааснаар илгээх ба тендерийг 2024 оны 05-р сарын 02-ны өдрийн 11 цаг 00 минутад нээнэ." гэж заасан. Энэ нь 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдөр "Тт" ХК-ийн тендерийн үнэлгээний хороо "Дэм" ХХК-ийг хамгийн сайн тендерт оролцогчоор шалгаруулахдаа "Дэм" ХХК болон "Бсэр" ХХК-ийн хооронд байгуулагдсан "Гэрээ дүгнэсэн акт"-ыг Тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1-т заасныг зөрчсөнд тооцож, шийдвэр гаргах байсныг тодорхой харуулна. Түүнчлэн шүүхээс дээрх үйл баримтыг нотлох баримт шинжлэн судлах үед шинжлэн судалсан боловч хэрэг хянан шийдвэрлэхдээ харгалзан үзэлгүй хууль бус шийдвэр гаргасан.
3.5.Шүүх хуралдаанд хэрэгт авагдсан нотлох баримт шинжлэн судлах үед гуравдагч этгээд "Дэм" ХХК-иас ирүүлсэн тендерийн материалын Маягт 3 буюу үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгслийн мэдээллийн тоон өгөгдөл алдаатай мөн зөрүүтэй байсныг шүүх нотлох баримтаар хэлэлцүүлсэн. Тухайн мэдээлэлд тээвэрлэх буулгах зориулалттай Тл*** маркийн 8 ширхэг автосамосвал гэж дурдсан бол "Дэм" ХХК-ийн тендерийн материалын 29-р хуудасны ажлын даалгавар хүснэгт №2-т заасан задаргааны автосамосвал Тл*** маркийн 7 ширхэг гэж тусган зөрүүтэй мэдээлэл ирүүлсэн. Нотлох баримт шинжлэн судлахад тендерийн материалын дээрх хэсгийг алдаатай, зөрүүтэй ирүүлсэн гэдгийг гуравдагч этгээд болон хариуцагч нар хүлээн зөвшөөрсөн.
3.5.1. Нотлох баримт шинжлэн судлах үед мөн адил "Дэм" ХХК нь нийт 18 ширхэг автосамосвалын мэдээллийг төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn"-д оруулахдаа "ШЭТ" ХХК-ийн эзэмшилд байгаа гэж оруулсан. Харин Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон олон нийтэд нээлттэй Авто үйлчилгээний мэдээллийн нэгдсэн сан (www.autobox.mn)-аас тус тус 18 ширхэг автосамосвалын мэдээллийг нягтлан үзэхэд 16 ширхэг автосамосвал нь "ХБ" ХК-ийн өмчлөлд, 2 ширхэг автосамосвал нь "М" гэх хуулийн этгээдийн өмчлөлд бүртгэлтэй байгаа боловч "Дэм" ХХК-ийн тендерийн материалд дээрх тээврийн хэрэгслийн өмчлөгчийг Ч овогтой Б гэж, Мөн нийт 7 ширхэг автосамосвал-н өмчлөгчөөр "Бт" ХХК-ийг оруулсан боловч Тээврийн хэрэгслийн улсын бүртгэл гэрчилгээ болон олон нийтэд нээлттэй Авто үйлчилгээний мэдээллийн нэгдсэн сан (www.autobox.mn)-aap нягтлан үзэхэд "Хэ" ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байгаа. "Дэм" ХХК нь түрээсийн тоног төхөөрөмжид холбогдуулан түрээсийн гэрээ ирүүлсэн боловч тухайн түрээсийн тоног төхөөрөмжийн өмчлөгч этгээдтэй биш өөр этгээдтэй байгуулсан түрээсийн гэрээг ирүүлсэн үйлдэл гаргасныг нотолсон. Гэвч шүүхээс дээрх үйл баримтыг огт хянан үзэлгүй шийдвэр гаргасан үйлдэл нь хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн хянаж үзээгүй, хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байна.
3.6."Дэм" ХХК-иас ирүүлсэн "Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт" дахь өрийн мэдээлэл хэдийгээр өргүй гэж байгаа боловч тухайн компанийн ажилтнуудын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоос харахад "Дэм" ХХК-д харьяалалтай ажиллагсдын нийгмийн даатгалын шимтгэл 3 болон 4 сард нийтдээ "Төлөгдөөгүй" байгааг нийт 20 ажилтан тус бүр дээр нотлох баримт шинжлэн судлах үед шүүх судалсан. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6.16.2 дахь хэсэгт "Дэм" ХХК-ийн инженер, техникийн зарим ажилтнуудын 2024 оны 3,4-р саруудын нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй байгааг үнэлсэн байдаг. Дээрх үйл баримтаас үзвэл "Тт" ХК-ийн тендерийн үнэлгээний хороо "Дэм" ХХК-ийн ирүүлсэн тендерийн материалын нэг мэдээлэлд нийгмийн даатгалын өргүй, нэг мэдээлэлд өртэй гэх зөрүүтэй материал ирүүлсэн тендерт оролцогчийг хамгийн сайн тендерээр шалгаруулсан үйлдэл гаргасан байдаг. Гэвч шүүхээс гуравдагч этгээдийн "...лавлагаа авах үед Нийгмийн даатгалын байгууллагаас шивж бүртгэж оруулаагүй байсан нь бидний буруу биш" гэх тайлбарыг үндэслэлтэй гэж үзсэн нь хууль бус юм.
Иймд Гуравдагч этгээдийн ирүүлсэн тендерийн материалд дээр дурдсан илэрхий алдаатай /хариуцагч нар болон гуравдагч этгээд өөрсдөө хүлээн зөвшөөрсөн/ байхад тендерийн үнэлгээний хороо "Дэм" ХХК-ийг шалгаруулсан үйлдэл нь хууль зөрчсөн эсэхийг шүүх заавал нягтлан үзэж хууль зүйн хувьд шударга ёсны зарчим болон, тэгш эрхийн зарчмын хүрээнд дүгнэх ёстой гэж үзэж байна.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.
Нэхэмжлэлийн шаардлагын талаар:
1.Нэхэмжлэгч “Нл” ХХК-аас “Тт” ХК-ийн тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 02 дугаартай тэмдэглэл /зөвлөмж/-ийн “Нл” ХХК-ийг шалгаруулаагүй хэсэг, мөн “Дэм" ХХК-ийг хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчоор шалгаруулсан үнэлгээ бүхий хэсгийг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах,
-“Тт” ХК-ийн тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Тт” ХК-ийн гүйцэтгэх удирдлага Ч.Гд хүргүүлсэн зөвлөмжийн “Дэм” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,
-"Тт” ХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 1-460 дугаар “Дэм" ХХК-тай Гэрээ байгуулах эрх олгох тухай шийдвэрийг хүчингүй болгуулах,
-“Тт” ХК болон “Дэм” ХХК-ийн хооронд 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан ТТХК/2024/0*** дугаартай хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээг хүчингүй болгуулах,
-“Нл” ХХК-ийн тендер хамгийн сайн үнэлэгдсэн тендер мөн болохыг тогтоож, зөвлөмж /шийдвэр/ гаргахыг “Тт” ХК-ийн тендерийн үнэлгээний хороонд даалгах,
“Нл” ХХК-тай Хөрс хуулалт, нүүрс олборлолтын гэрээ байгуулахыг "Тт" ХК-д даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг “Тт” ХК, “Тт” ХК-ийн тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргажээ.
Маргааны үйл баримтын талаар:
2.“Тт” ХК-иас 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр[1] байгуулагдсан Үнэлгээний хороо нь “Хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил /багцтай/ гүйцэтгэгчийг сонгох тендер”-ийг цахимаар зарлан, тус тендерийн Багц-4 тендерт “Кэр” ХХК, “Дэм” ХХК, “Нл” ХХК тус тус оролцжээ.
3.Үнэлгээний хорооноос 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр “Хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил Багц-4-т “Дэм” ХХК-ийн ирүүлсэн материал техникийн шаардлага хангасан, харьцуулах хамгийн бага үнийг ирүүлсэн гэж үнэлсэн” гэх зөвлөмжийг[2] “Тт” ХК-д хүргүүлсэн байна.
4.“Тт” ХК-иас 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 1-460 дугаар албан бичгээр[3] “Хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил багц-4, ТТХК/2024***-г 267,006,110,*** төгрөгөөр гүйцэтгэхээр ...ирүүлсэн танай тендермийг ... хүлээн зөвшөөрч гэрээ байгуулах эрх эрх олгож байгаа” мэдэгдлийг “Дэм” ХХК-д хүргүүлжээ.
5.“Тт” ХК нь “Дэм” ХХК-тай 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр №ТТХК/2024/0*** дугаар “Тт ордын MV-000*** тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн багц-4 хэсэгт Хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ”[4]-г байгуулсан байна.
6.“Нл” ХХК-иас ““Дэм” ХХК нь 7 төрлийн баримт бичгийн шаардлага хангаагүй” үндэслэлээр Сангийн яаманд гомдол гаргаж, Сангийн яамны 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 03/3976 тоот албан бичгээр[5] “...Сангийн сайдын 2023 оны А/253 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам”-ын 4.1.1-д “...гомдол гаргаж буй тендер шалгаруулалт, түүний аль багц болон шийдвэрийг тодорхой дурдсан байх” гэж заасан. Тухайн тендер шалгаруулалт нь багцуудтай байх бөгөөд танай ирүүлсэн гомдолд аль багцын талаар дурдаагүй байна.” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдлыг буцаасан байна.
7.Мөн тендерт оролцсон “Кэрс” ХХК-иас Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд гомдлыг хянасан Сангийн яамны 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн “Гомдол хянасан тухай” 03/4401, “Гомдол хянасан тухай” албан бичгээр[6] тус тус дахин үнэлгээ хийхээр заасны дагуу тус Үнэлгээний хороо 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр “Хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил” тендер шалгаруулалтын ..., багц 4-т ирүүлсэн тендерийн баримт бичгийг дахин үнэлгээ хийж[7], “Дэм” ХХК-ийн ирүүлсэн материал нь тендерийн баримт бичиг болон ажлын даалгаварт шаардсан шаардлага хангасан, харьцуулах хамгийн бага үнийг ирүүлсэн гэж үнэлгээний хорооны гишүүд дахин үнэлсэн тул өмнөх шийдвэрээ хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн ““Нл” ХХК нь тендерийн баримт бичгийн шаардлага хангасан байхад тендерийн саналаас татгалзсан” гэх гомдлын тухайд:
8.Хариуцагч “Тт” ХК-иас 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 1-467 дугаар албан бичгээр[8] нэхэмжлэгч “Нл” ХХК-д “...тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1-д “Ижил төстэй ажилд гурваас доошгүй уурхайн хөрс хуулалт, бүх төрлийн олборлолтын ажил хийж гүйцэтгэсэн туршлагыг харгалзан үзнэ” гэсний дагуу 2022 оны нотлох баримт ирүүлсэн боловч энэ нь уурхайн хөрс хуулалт, бүх төрлийн олборлолтын ажил хийж гүйцэтгэсэн гэрээ биш байгаа нь, ТШЗ 19.1 болон ажлын даалгаврын 2.3. Уулын ажилд ашиглагдах техник хэрэгсэл, машин механизмын 2.3.1-д “Шаардлагатай тохиолдолд Захиалагчаас гаргасан төлөвлөгөөний дагуу уурхайд ажиллах техник, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх болон бууруулах боломжтой тухай баталгааг албан бичгээр гарган ирүүлнэ” гэсний дагуу ирүүлээгүй нь тус тус шаардлага хангаагүй тул ...танай ирүүлсэн саналаас татгалзаж байгааг ...мэдэгдэж байна.” гэх мэдэгдлийг хүргүүлжээ.
9.Хэрэгт авагдсан “Нл” ХХК, “Хм” ХХК нарын хооронд 2022 онд байгуулсан “Хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ”[9] нь нэршлийн хувьд болон мөн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1-д “гүйцэтгэгч нь өөрөө буулгагчаар хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч нь гэрээнд заасны дагуу ажлын төлбөрийг төлөхтэй холбогдох харилцааг зохицуулна.” гэж зааснаас үзэхэд тендерийн баримт бичигт заасан “Хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ” гэж ойлгогдох боловч агуулгын хувьд уг гэрээг ТШЗ 19.1-д заасан, захиалагчаас шаардаж буй хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажлыг хийж байсан туршлагыг нотлох гэрээ гэж үзэх үндэслэлгүй юм.
10.Учир нь уг гэрээнд захиалагчийн “Хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ” гэж үзэх шаардлагад хамаарах гэрээний агуулгад тусгагддаг “хаана байрлах, ямар нэртэй, хэдий хэмжээний талбайтай нүүрсний уурхайд хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэсэн талаар тусгагдаагүй, уг ажлыг хийж гүйцэтгэхэд хэдэн м3 уулын цул, хөрс нүүрсний хэмжээг заагаагүй, уулын ажлыг хийж гүйцэтгэх менежментийн баг, техник, тоног төхөөрөмж, туслах тоног төхөөрөмжийн зардал, кемп, катерингийн зардлууд” зэрэг хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажлыг гүйцэтгэхэд хамаарах ажлууд тусгагдаагүй гэдэг нь тогтоогдож байна.
11.Иймээс уг гэрээг “уурхайн хөрс хуулалт, бүх төрлийн олборлолтын ажил хийж гүйцэтгэсэн гэрээ биш” гэх агуулгаар дүгнэж, нэхэмжлэгчийн тендерт ирүүлсэн баримтыг шаардлага хангаагүй гэж үзсэн хариуцагчийн шийдвэрийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиалагч оролцогчоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцэх эсэхийг энэ зүйлд зааснаар хянан үзнэ”, 26.9-д “Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, Тендер шалгаруулалтын зааварчилгааны 13.2.5-д “тендерт оролцогчийн чадавх, туршлага ТШЗ-ны ...19-д заасан шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангахыг нотлох баримт бичиг”, 17.1-д “Захиалагч ТШЗ-ны 18, 19-д заасан чадавхын болон туршлагын шаардлага тогтооход хуулийн 15 дугаар зүйлийг баримтална”, 19.1-д “Хуулийн 17.4-т зааснаар оролцогч Өгөгдлийн хүснэгтэд заасан техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангасан байна”, 19.2-т “Техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангах нотлох баримт ирүүлэхийг захиалагч шаардах бол хуулийн 17.2.1, 17.2.3, 17.2.4-т заасан баримт бичгээс сонгож Өгөгдлийн хүснэгтэд заана” гэж тус тус заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
12.Түүнчлэн хэрэгт авагдсан нэхэмжлэгч компаниас захиалагчид хүргүүлсэн 2024 оны 05/01-12, 05/01-16 тоот албан бичгүүдэд[10] “уулын ажилд ашиглагдах техник хэрэгсэл, машин механизмд холбогдох мөн ажлын даалгавартай танилцаж хүлээн зөвшөөрсөн тухай” дурджээ. Эдгээр албан бичгийг захиалагчаас тусгайлан тогтоосон нөхцөл, шаардлага, төлөвлөгөөнд хамаарах “нэхэмжлэгч компаниас захиалагчид хүргүүлсэн уурхайд ажиллах техник, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх болон бууруулах боломжтой тухай баталгаа” гэж үзэх нь тодорхойгүй байна.
13.Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д “Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ:”, 26.4.3-д “захиалагчаас тогтоосон, эсхүл холбогдох гэрээний нөхцөлөөр тодорхойлсон талуудын эрх, үүргийг хүлээн зөвшөөрсөн байх” гэж, Тендер шалгаруулалтын зааварчилгааны 19.1-д шаардлагатай тохиолдолд захиалагчаас гаргасан төлөвлөгөөний дагуу уурхайд ажиллах техник, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх болон бууруулах боломжтой тухай баталгааг албан бичгээр гарган ирүүлнэ.” гэж заасныг хариуцагчаас зөрчиж нэхэмжлэгчийн тендерийн саналаас татгалзсан гэж үзэх үндэслэлгүй байна.
14.Үүнээс дүгнэхэд, нэхэмжлэгч “Нл” ХХК-ийн гаргасан “Хариуцагчийн манай компанийн хүргүүлсэн тендерээс татгалзсан дээрх хоёр үндэслэл нь манай хүргүүлсэн саналаас татгалзах хууль зүйн үндэслэлгүй” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.
Нэхэмжлэгчийн “Дэм” ХХК-г тендерийн баримт бичгийн шаардлага хангаагүй гэх гомдлын тухайд:
15.Тендерийн өгөгдлийн хүснэгтийн 19.2-т заасан ажлын өртгийн задаргааг нэгж үнээр болон нийт үнээр “Дэм” ХХК-иас ирүүлсэн болох нь 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл (Багц-4 харьцуулсан хүснэгт 7)[11]-ээр тогтоогдож байна.
16.Мөн анхан шатны шүүхээс “Худалдан авах ажиллагааны цахим систем /www.tender.gov.mn/-д хариуцагчийн эрхээр нэвтэрч, “Дэм” ХХК-ийн ирүүлсэн материал /7, 8, 32, 33 дугаар хуудас дахь/-ыг судлан үзэж, ажлын өртөгийн задаргааг ТШЗ-ын 16.1.1-д заасан маягтын дагуу нэгж үнээр болон нийт үнээр гарган илгээгдсэн байдал, уурхайд ажиллах техник, тоног төхөөрөмжийн жагсаалт” зэргийг харицуулан үнэлж, дүгнээд уншигдах боломжтой гаргацтай, тод байсан нөхцөл байдлыг тогтоож, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх хуульд заасан үүргээ хэрэгжүүлсэн байна.
17.Иймээс нэхэмжлэгчийн “ажлын өртгийн задаргааг нэгж үнээр болон нийт үнээр ирүүлэхтэй холбоотой агуулга огт байхгүй байхад шүүхээс буруу дүгнэлт хийж нэхэмжлэгчийн ажлын өртгийн задаргааг нэгж үнээр болон нийт үнээр ирүүлээгүй гэх гомдол үндэслэлгүй байна гэж шийдвэрлэсэн нь хууль бус” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.
18.Тендерийн өгөгдлийн хүснэгтийн 19.1-т заасан ижил төстэй ажил доод тал нь нэг удаа гүйцэтгэсэн байх шаардлагын дагуу ирүүлсэн “Дэм” ХХК, “Бсэр” ХХК-иудын хооронд байгуулагдсан уулын ажлын гэрээний он, сарыг тендерийн маягтад бөглөхдөө техникийн алдаа гаргасан болох нь гуравдагч этгээдийн тайлбараар тогтоогдож байна. Энэхүү гэрээ нь 2022 оны 11 дүгээр сарын 05-ний өдөр хийгдсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар[12] нотлогдож байна. Мөн гэрээ дүгнэсэн актад гарын үсэг зурсан Б.Ч нь тухайн цаг хугацаанд тус компанийг төлөөлөх эрх бүхий этгээд байсан болох нь Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 01/391 дугаартай албан бичгээр ирүүлсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Тодруулгад хариу хүргүүлсэн албан бичиг, “Бсэр” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 23-081 дугаартай тушаал зэрэг хавтаст хэрэгт авагдсан болон цахим систем дэх баримтуудаар[13] тогтоогдов.
19.Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6.16.2-т дурдсан “цахим систем дэх “Дэм” ХХК-ийн хүний нөөцтэй холбоотой баримтуудыг үзвэл тус компанийн инженер, техникийн зарим ажилтнуудын 2024 оны 3,4-р саруудын нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй байх боловч хүний нөөцийн мэдээллийн жагсаалтад бүртгэгдсэн инженер, техникийн ажилтнууд 3 жилээс дээш жил нийгмийн даатгалын шимтгэл төлөлттэй, тухайн албан тушаалдаа 3-25 жил ажилласан туршлагатай гэж санал болгож буй мэргэжилтний намтарт тэмдэглэгдсэн, Нийгмийн даатгалын ерөнхий газрын цахим мэдээллийн сан дахь тодорхойлолтоор “Дэм” ХХК нь нийгмийн даатгалын шимтгэлийн өглөггүй гарсан байна” гэх тайлбар үндэслэлтэй байна.
20.Тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1-т: “ажил гүйцэтгэхэд ашиглагдах үндсэн тоног, төхөөрөмж, техник хэрэгсэл: Шаардана гээд А. Ухаж ачих, тээвэрлэх техникүүд гэх хэсэгт экскаватор тоо/хэмжээ 7, үүнээс 5-аас доошгүй нь өөрийн эзэмшлийн байх, автосамосвал 50 тн дээш даацтай, нийлбэр даац 3,500 тн багагүй, 60 хувиас багагүй нь өөрийн эзэмшлийнх” байх шаардлага тавьсан.
21.Уг шаардлагыг гуравдагч этгээдээс биелүүлээгүй талаар гаргасан нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэлтэй холбоотойгоор анхан шатны шүүхийн үндэслэх хэсгийн 6.17.2-т “...Шүүх хуралдаанд, худалдан авах ажиллагааны цахим системд байрших гуравдагч этгээдээс маягт 4-ийн дагуу бөглөж ирүүлсэн үндсэн тоног, төхөөрөмж, техникүүдийн мэдээлэл /санал болгосон машин механизмын/-ийг татаж үзэхэд бүрэн уншигдах боломжтой байхын зэрэгцээ уг мэдээллийг Ажлын даалгаврын 2.3-т заасны дагуу хариуцагчаас тендер нээсэн өдөр цахим системээр дамжуулан Автотээврийн үндэсний төвийн мэдээллийн сангаас шалгасан байдлыг судлан үзэхэд өөрийн эзэмшлийн 7 экскаватортай, санал болгосон автосамосвалууд /70,0 тн, 60,0 тн, 60,1 тн/-аас 67 хувь нь эзэмшлийнх, нийлбэр даац нь 3,784 тн болох нь тогтоогдож байна.” гэх үндэслэл бүхий дүгнэлтийг өгчээ.
22.Дээр дурдсанаас дүгнэхэд, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиалагч оролцогчоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцэх эсэхийг энэ зүйлд зааснаар хянан үзнэ.”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Захиалагч шаардлагад нийцсэн тендерийг энэ хуулийн 11.4-т заасан үнэлгээний үндсэн шалгуурын дагуу үнэлнэ.”, 28 дугаар зүйлийн 28.1-д “Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана” гэсэн хуулийн зохицуулалтуудыг хариуцагчаас зөрчсөн, тодруулбал, хариуцагчийн гуравдагч этгээдийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн гэж үзэн гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр нь хууль зөрчсөн бөгөөд энэхүү хариуцагчийн шийдвэрийн улмаас нэхэмжлэгч компанийн тендерт шударгаар өрсөлдөж, шалгарах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж шүүхээс дүгнэх үндэслэл тогтоогдсонгүй.
23.Эдгээр үндэслэлээр нэхэмжлэлийн зарим шаардлагыг “захиргааны шүүхийн харьяаллын бус” үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, зарим нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан “анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах” давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 21 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Нл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
[1] Хэргийн 1-р хавтас 90 дэх тал
[2] Хэргийн 1-р хавтас 92 дахь тал
[3] Хэргийн 1-р хавтас 146 дахь тал
[4] Хэргийн 2-р хавтас 83-143 дахь тал
[5] Хэргийн 1-р хавтас 23 дахь тал
[6] Хэргийн 3-р хавтас 225-227 дахь тал
[7] Хэргийн 2-р хавтас 192 дахь тал
[8] Хэргийн 1-р хавтас 93 дахь тал
[9] Хэргийн 2-р хавтас 13-17 дахь тал
[10] Хэргийн 3-р хавтас, 76-77 дахь тал
[11] Хэргийн 1-р хавтас 179-180 дахь тал
[12] Хэргийн 1-р хавтас 204-211 дэх тал
[13] Хэргийн 1-р хавтас 151-158, 194-196 дахь тал