Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 287

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж, шүүгч С.Пүрэвсүрэн, шүүгч Д.Мөнхтуяа  нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга  Х.Түмэнчимэг,

улсын яллагч М.Цэнд-Аюуш,

шүүгдэгчийн өмгөөлөгч  Ц.Цэцэгмаа  ҮД:23-73.,

хохирогч Р.Энхсайхан,

шүүгдэгч Ж.Алтанбагана,

иргэдийн төлөөлөгч Ц.Батбилэг  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас:

            Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1987 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой,  ковшийн  оператер ,жолооч мэргэжилтэй, “Алтай бригад”  ХХК-д жолооч ажилтай, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Ойчдын 1р гудамжны 59 тоотод оршин суух оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлийн хувьд: 1. Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгэгдсэн , 2.Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 46  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 3 сарын хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан 3. Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 05 сарын баривчлах ялаар шийтгэгдэж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Булнай овогт Жигмэдийн Алтанбаганад /РД:РЭ87101611 /

           Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201625012325 дугаартай 105/2016/0212/Э индекстэй хэргийг 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүгдэгч Ж.Алтанбагана нь архидан согтуурсан үедээ  2016 оны 05 дугаар  сарын 31-ний өдөр 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 48 дугаар байрны гадаа бусдыг илтэд үл хүндэтгэн хохирогч Р.Энхсайханыг чулуу, труба барьж дайрч хүч хэрэглэн зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Алтанбагана мэдүүлэхдээ:  Би 2016 оны 5 дугаар сарын 31-ний орой 17 цагийн орчим  гэрээсээ гарч явсан. Манай   гэр Цагдаагийн  академийн  хойно байдаг.  Тэгээд  цагдаагийн академийн  урд  нэг танихгүй хүнтэй  2 шил  архи хувааж уусан тэгээд нэг мэдэхэд  энэ ахтай уулзсан байсан. Би өөрийгөө  энэ ахад дээрэмдүүлчихлээ гэж ойлгосон.  Миний дээгүүр өмссөн цамц, гутал,  гар утас байхгүй болсон байсан. Би хохирогчийн  хохиролд  2.400.000 төгрөгийг төлсөн гэв.

 Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Р.Энхсайхан мэдүүлэхдээ: Би тэр орой   22   цагийн  үед  харихаар явж байтал  араас  гэнэт  цээж нүцгэн,  хөл нүцгэн  нүд нь улаанаараа эргэлдсэн  залуу  гэв гэнэт гарч ирээд  элдэж хөөгөөд  цохьж зодсон.  Энэ залууг би огт таньж  мэдэхгүй, энэ залууд цохьж  зодуулсны улмаас миний  3 шүд  унасан, шүдний араа  суларсан. Нүдний ухархай  цөмөрч гэмтсэн.  Миний биемахбодид учирсан гэмтлүүдэд  мэс заслын эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн боловч  санхүүгийн боломжгүйн улмаас  эмчилгээгээ хийлгэж чадахгүй байна. Нүдний ухархай цөмөрсөн гэмтэлд мэс  засал хийлгэх  шаардлагатай гэсэн.

Мөн  гэмтсэн шүднүүд эмчилж  иплант шүд  хийлгэх гэсэн боловч  хийлгэж чадаагүй байна. Эдгээрийн эмчилгээний зардалд 7 сая гаруй төгрөгийг нэхэмжилж байгаа боловч Ж.Алтанбагана нь 2.400.000 төгрөгийг төлсөн. Өөрт учирсан хохирлоо гаргуулж авахыг хүсч байна. Ж.Алтанбаганын танхайрсан үйлдэл  камерын бичлэгт тодорхой бичигдсэн байдаг.Асуудлыг хуулийн дагуу  шийдвэрлэж өгнө үү гэв.

Мөрдөн байцаалтанд хохирогч Р.Энхсайханы: ...2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 23 цагийн үед гэрлүүгээ харих гээд Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 48 дугаар байрны ойролцоо алхаж байхад гуталгүй, бор царайтай, цээж нүцгэн, үс нь дөнгөж ургаж байгаа залуу ардаас намайг хөөе гэж дуудсан бөгөөд гартаа цементэн чулуу барьчихсан “миний гутал” гэж хэлсэн. Би хариуд нь чиний гутлыг мэдэхгүй байна гэхэд гарт барьсан чулуугаараа зүүн талын шанаа руу цохисон. Тэгээд намайг зогсоо зайгүй цохисон. Би зугтаагаад 24 /А/ байрны буланд нуугдаад байж байхад тэр залуу хаана байна гээд орилоод байсан. Уг залуу намайг хайж байгаад олоод ирсэн. Ирээд чулуугаар миний толгой руу цохисон. Харанхуй байсан учраас би энд байвал энэ хүнд алуулах юм байна гэж бодоод тэр залуутай зууралдаж байгаад гэрэлд гарсан. Тэгэхэд 24/А/ байрны манаач гэх залуу эндээс та хэд холдоо гэж хэлсэн. Намайг зодож байсан залуу газраас том цемент аваад цохих гэсэн бөгөөд хамгаалагч залуу боль гээд болиулсан. Тэгсэн хаанаас ч юм гартаа 2 ширхэг труба аваад гараад ирсэн ба хамгаалагч залуу болиулах гэхэд хамгаалагч залууг тэр залуу гараараа нэг цохиод, трубагаар мөн цохисон. Тэгэхэд хамгаалагч залуу нөгөө залууг цохиод унагаасан. Би цааш зугатаагаад цагдаад дуудлага өгсөн. Тэгээд 54 дүгээр байрны ойролцоо хүлээж байтал 10 минутын дараа цагдаагаас залгаад “та 24 дүгээр байран дээр хүрээд ир” гэсэн. намайг яваад очиход цагдаа нар намайг зодсон хүнийг саатуулсан байсан. Би ямар нэгэн байдлаар согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, сахарын өвчтэй учир архи ууж болдоггүй. Намайг зодсон залуу нэлээн согтуу байсан. Тэр залуу 168 см орчим өндөртэй, 28-30 орчим насны, бор царайтай, 90 кг орчим жинтэй, өтгөн хөмсөгтэй, онигор нүдтэй залуу байсан. Өмсөж явсан хувцас нь дээгүүрэээ шалдан, шорттой, гуталгүй, оймстой байсан шиг санагдаж байна. Би шүүх эмнэлгийн 7612 дугаарын дүгнэлттэй уншиж танилцлаа. Шүүх эмнэлгийн дүгнэлтэнд миний биед зүүн нүдний ухархайн ханын хугарал, хамар ясны хугарал, 1 шүдний хугарал, 1 шүдний булгарал, 1 шүдний сулрал, хамар, зовхи, хацар, сарвуунд цус хуралт, зулгаралт, цээж, хөх, өвдөгт, зулгаралт гэмтэл тогтоогдсон байна. Дээрхи гэмтлүүдийг намайг зодсон гэх залуу учруулсан болно”… гэх мэдүүлэг /хх-н 15-17-р тал/,

Мөрдөн байцаалтанд гэрч З.Цогтгэрэлийн:... 23 цагийн үед байх ба байрныхаа ойр орчмыг эргээд явж байхад 165 см орчим өндөртэй, бор царайтай, хөл нүцгэн, дээгүүрээ нүцгэн залуу 178 см орчим өндөртэй 5О гаран насны ах хүүг зодож байсан. Намайг очиход намхан залуу гартаа чулуу барьчихсан байсан. Намайг харж байхад  лав чулуугаар ах хүүг цохисон асуудал байхгүй. Би гараас нь чулууг аваад цааш аваачиж хаясан. Тэгээд граш орж эргэчихээд буцаад очиход нөгөө намхан залуу хоёр гартаа төмөр барьчихсан байсан. Би уг залуугаас төмөрийг авах гэхэд миний хөл рүү өшиглөсөн. Тэгэхээр нь би нүүр рүү нь цохиод унагаачихсан юм. Зодуулж байсан ах хүү зугатаасан. Би цагдаад дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хх-н 20-р тал/

            Мөрдөн байцаалтанд гэрч Т.Амаржаргалын:...Тухайн үед би Сүлд-66 чиглэлтэй эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд Баянзүрх дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт согтуу хүнд зодуулчихлаа гэж дуудлага ирсэний дагуу очиход 24-р байрны ойролцоо 165 см орчим өндөртэй, бор царайтай, дээд хэсгээрээ нүцгэн, гуталгүй залуу байсан. Хажууд нь Р.Энхсайхан гэж настай ах хүү зогсож байсан. Юу болсон талаар асуухад энэ залуу миний гутлыг авчихсан гээд Ж.Алтанбагана гэх тэр согтуу залуу уг хүн рүү дайрч байсан. Ж.Алтанбагана гэх нөхөрийг саатуулаад эрүүлжүүлсэн болно. Тухайн үед дуудлагаар очиход Р.Энхсайханы нүүр, ам нь цус болсон, миний шүд хугарсан гэж хэлж байсан. Ж.Алтанбагана гэх нөхөрийн биед нь ямар нэгэн гэмтэл гэх зүйл байгаагүй” гэх мэдүүлэг /хх-н  21-р тал/

-Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 7612 тоот шүүх эмнэлгийн үзлэг хийсэн актанд:

1. Энхсайханы  биед  зүүн нүдний ухархайн ханын хугарал, хамар ясны хугарал, 1 шүдний хугарал, 1 шүдний булгарал, 1 шүдний сулрал, хамар , зовхи, хацар, сарвуунд цус хуралт, зулгарал,  цээж,  хөх, өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд  үүссэн байх боломжтой байна. Шинжээч эмч Н.Туяа гэх дүгнэлт /хх-н 23-р тал/

-Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1169 тоот шүүх эмнэлгийн үзлэг хийсэн актанд:

1. Р.Энхсайханы биед зүүн нүдний ухархайн ханын хугарал, 1 шүдний булгарал, 1 шүдний сулрал, хамар, зовхи, хацар, сарвуунд цус хуралт, зулгаралт , цээж, хөх, өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Өөр ямар нэгэн гэмтэл тогтоогдсонгүй.

2. Энхсайханы зүүн сарвууны чигчий хуруунд хугарал гэмтэл тогтоогдсонгүй.

3.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

4.Дээрх гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д  зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шинжээч эмч Т.Амартүвшин, Т.Номинчимэг, О.Болороо гэх дүгнэлт /хх-н 30-31-р тал/

-Бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэлд :

Үзлэгээр илэрсэн нь: Саарал өнгийн “VERATIM” хатуу диск байв. Уг сидиг Ленова маркийн суурин компьютерт уншуулахад...2016 оны 05 дугаар сарын 31-ны шөнийн 21 цаг 45 минут 21 секундээс бичигдсэн 12 минут 20 секундын бичлэг байв. Бичлэгийг эхнээс нь тавьж үзэхэд камерний доод хэсэгт цагаан өнгийн малгайтай, саарал ногоон өнгийн цамцтай хүн урагш хараад сууж байх бөгөөд хүнийг №1 гэсэн дугаараар тэмдэглэв. Бичлэгийг үзэх явцад 21 цаг 51 минут 22 секундэд...биеийн дээд хэсгээрээ шалдан залуу гарч ирсэн бөгөөд уг залууг №2 дугаараар тэмдэглэв. ...21 цаг 51 минут  51 секундэд  эрээн өнгийн цамцтай, хар өмдтэй, 50 гаран насны эрэгтэй хамраа дараад гарч ирэх бөгөөд уг хүнийг №3 дугаараар тэмдэглэв. ...№3-ийн хажууд №1 зогсох бөгөөд 21 цаг 51 минут 57 секундэнд №2 баруун гартаа саарал өнгийн чулуу мэт зүйл барьж гарч ирэн №3 руу дайрахад №1 цааш түлхэн салгаж байгаа бичлэг байв.

            ...№3 байрны зүг алхахад 21 цаг 55 минут 12 секундэнд №2 хоёр гартаа мод мэт зүйл барин №3-ийн араас хөөж гүйцэн очих бөгөөд цаанаас нь №1 алхан ирж байгаа бичлэг байв. /хх-н 11-12-р тал/

Яллагдагч Ж.Алтанбаганын:..Тухайн өдөр юу болсон талаар би сайн санахгүй байна. Ямар ч байсан эрүүлжүүлэх байрнаас гарахад гутал, фудволка маань байхгүй байсан. Би 17 цагийн үед Цагдаагийн академи дээр архи ууж байгаад тасарчихсан байсан. Нэг сэргэхэд миний дээд хувцас болон гутал байхгүй байсан. Би унтаж байхад хүн амьтан гутал, фудволкийг маань аваад явчихсан юм байна гэж бодсон. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Яагаад тэр хүнийг зодсон талаараа үнэхээр мэдэхгүй байна. Миний хувцсыг  авчихсан гэж бодоод маргалдаж муудалцсан байх. Миний биед учирсан гэмтэл гэх зүйл байхгүй байсан. би .Энхсайхан гэгчийг танихгүй гэх мэдүүлэг /хх-н 42-43-р тал/          

Дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Танхайн хэргийн объект нь нийгмийн хэв журам байна. Хүний нэр төр, эрх чөлөө, эрүүл мэнд нийтийн болон хувийн өмчийн эрх зэрэг нь энэ хэргийн давхар объект байж болно.

Объектив тал нь бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглсэн буюу хэрэглэхээр заналхийлсэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн үйлдэл байдаг.

Субъектив тал нь гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байх бөгөөд бусдыг үл хүндэтгэсэн танхайн сэдэлттэй байдаг.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаас үзэхэд Ж.Алтанбагана  нь  бусадтай  архидан согтуурч  өөрийн өмсөж явсан  гутал хувцас эд зүйлээ алдсанаа  хохирогч Р.Энхсайханыг  гудамж талбайд явж байхад нь түүнийг өөрийгөө  дээрэмдсэн гэж  ойлгон  эрх чөлөөнд халдан замд тааралдах  чулуу, труба барьж дайрч хүч хэрэглэн зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан байна. Ж.Алтанбаганын танхайрсан үйлдлийн эсрэг хохирогч Р.Энхсайхан нь хариу ямар нэгэн үйлдэл хийсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй болно.

           Иймд шүүгдэгч Ж.Алтанбагана нь архидан согтуурсан үедээ  2016 оны 05 дугаар  сарын 31-ний орой  23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 48 дугаар байрны гадаа бусдыг илтэд үл хүндэтгэн хохирогч Р.Энхсайханыг чулуу, труба  зэргийг зэвсгийн  чанартай  хэрэглэн зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх ба  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т заасан гэмт хэргийн  бүрэлдэхүүнтэй  байх тул  гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ж.Алтанбагана урьд нь  Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгэгдэж 1 жилийн хугацаагаар ял хойшлуулсан, Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 46 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 3 сарын хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан  Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 05 сарын баривчлах ялаар шийтгэгдэж байсан болох нь түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт зэргээр нотлогдож байна. /хх-н 48-52, 64-65, 66-р тал/

Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т … хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд ялаа эдэлж дууссанаас хойш таван жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол ялгүйд тооцохоор хуульчилсан байна.

            Гэвч  шүүгдэгч Ж.Алтанбагана нь  Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 05 сарын баривчлах ялаар буюу  хүндэвтэр  гэмт хэрэг үйлдсэн  ялтайд тооцох хугацаа нь 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр баталсан Анхны Ардчилсан Сонгууль Болж Байнгын Ажиллагаатай Парламент Байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д хамаарч ялгүй  болсон байна.

            Шүүгдэгч  Ж. Алтанбагана нь  гэмт  хэргийг согтуугаар үйлдсэн  байна.

            Хохирогч  Р.Энхсайхан  нь өөрт  учирсан хохирлын талаархи    хх-н 121-р талд  15.000 төгрөг, хх-ийн 122-р талд 330.000 төгрөг, хх-ийн 123-р тал 325.000 төгрөг, хх-ийн 127-р талд 330.000 төгрөг, хх-ийн 128-р тал 120.000 төгрөг, хх-ийн 129-р тал 21.400+13.200+100.730+8200=143.530 төгрөг, хх-ийн 130-р тал 10.500+6600+27.000+9700=53.800 төгрөг, хх-ийн 131-р талд 41.000+40.000+1900+120.000=202.900 төгрөг, хх-ийн 132-р талд 50.000+40.000+60.000+41.000=191.000 төгрөг, хх-ийн 133-р талд 42.000+61.000+40.000+79.000=222.000 төгрөг, хх-ийн 134-р талд 3500+3500+3000=10.000 төгрөг, хх-ийн 135-р талд 5000 төгрөг нийт  1.948.230 төгрөгийн баримтыг ирүүлсэн  байх боловч  шүүгдэгч Ж.Алтанбагана нь  хохирогчид  2.400.000 төгрөгийг нөхөн төлсөн болох нь  шүүгдэгч, хохирогчийн    тайлбараар тогтоогдож байх  тул хохирогчид одоогоор төлөх төлбөргүй  гэж үзэв. /хх-н 78-р тал /

            Хохирогч  Р.Энхсайхан  нүдний  хагалгаанд орох  болон гэмтсэн  шүдээ  эмчлүүлэхээр   5.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа  боловч  холбогдох нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул  шийдвэрлэх боломжгүй байна. Хохирогч   эдгээр гэмтлээ эмчлүүлсний  эцэст  холбогдох  нотлох баримтаа бүрдүүлж Иргэний  Хэрэг Шүүхэд Хянан  Шийдвэрлэх   тухай  хуульд заасан  журмын дагуу  жич нэхэмжлэх  эрхтэй болно.

            Иймд хохирогчид  учирсан хохирол  бүрэн арилжээ гэж  шүүх дүгнэх  үндэсгүй  байна.  

Шүүгдэгч  Ж.Алтанбаганад   ял шийтгэлийг  оногдуулахдаа  хөнгөрүүлэн  Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн  55.1 дүгээр зүйлийн  55.11-т заасныг  баримтлан  Эрүүгийн хуулийн тусгай  ангид заасан  хорих ялын доод  хэмжээнээс доогуур  оногдуулах болон мөн шүүгдэгч  нь  санаатай  гэмт  хэрэг  үйлдэж  удаа дараа  шүүхээр  ял  шийтгэл хүлээж байсан хувийн  байдал болон   хүнд  гэмт  хэрэг үйлдсэн  зэрэг нь  түүний   эдлэх хорих  ялын  дэглэмийг  өөрчлөх  боломжгүй   гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Булнай овогт Жигмэдийн Алтанбаганыг бусдыг  илтэд үл  хүндэтгэн  чулуу, трубаг зэвсгийн чанартай хэрэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол  улсын Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дах хэсэгт зааснаар Жигмэдийн Алтанбаганыг 5 /таван / жил 1 /нэг / сарын хорих ялаар  шийтгэсүгэй.                       

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дах хэсэгт зааснаар Ж.Алтанбаганад оногдуулсан 5 /таван / жил 1 /нэг / сарын хорих  ялыг чанга  дэглэмтэй   хорих ангид эдэлүүлсүгэй. 

4.Ж.Алтанбагана нь хэргийн  улмаас цагдан хоригдсон хоноггүй,  одоогоор бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  88 дугаар зүйлийн  88.1.7-т  зааснаар  эд мөрийн баримтаар хураагдаж  ирсэн сааран өнгийн 1 ширхэг Си-Диг  уг хэргийг хадгалах хугацаа  дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.  

6.Хохирогч  Р.Энхсайхан нь  цаашид гарах  эмчилгээний  зардлаа  холбогдох нотлох баримтаа  бүрдүүлж Иргэний Хэрэг  Шүүхэд  Хянан  Шийдвэрлэх  хуульд заасан журмын  дагуу  жич нэхэмжлэх  эрхтэйг  дурьдсугай.

          7.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.Алтанбаганад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг 2016 оны 12 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай.

8.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдсугай.

9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Алтанбаганад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.АЛТАНЦЭЦЭГ

 

                                     ШҮҮГЧИД                            С. ПҮРЭВСҮРЭН.

 

                                                                                     Д. МӨНХТУЯА.