Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/66

 

 

 

 

 

 

2023         01          10                                        2023/ШЦТ/66

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярбат,

Улсын яллагч М.Оюунбат,

Шүүгдэгч М.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Гөд холбогдох 2206 03776 3131  дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1984 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хэвлэлийн технологич мэргэжилтэй, “Арвай вилла” хотхонд барилгын туслах ажилтай, ам бүл-2, эхийн хамт Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөө гудамжны 7-5 дугаар байрны 13 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, М овогт Мын Г /РД: /.

Хэргийн товч агуулга:

М.Г нь 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 07 дугаар сарын 05-ны өдрийн хооронд иргэн З.Загдсүрэнд Солонгос улсаас гар утас хямд үнээр худалдан авч өгнө хэмээн фейсбүүк чатаар холбогдон итгэл төрүүлж, улмаар утасны төлбөрт 7.700.000 төгрөгийг өөрийн эзэмшдэг Голомт банкны дансаар шилжүүлэн авч, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилсан,

“М.Х.Төөгийнөө” гэх фейсбүүк хаягаар “Бүгд Найрамдах Солонгос Улсаас гар утас захиалгаар нийлүүлнэ” гэсэн зар, сториг оруулж, улмаар Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Сансэт Хаус” хотхоны 2а-11 тоотод оршин суух, иргэн Д.Цэрэндэгдийг хуурч, Голомт банкны 1105245771 дугаартай дансаар дамжуулан 3.000.000 төгрөгийг гар утас захиалгын төлбөрт шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Г өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй... Надад холбогдсон хэрэг болохоор би анхнаасаа хүн залилах ямар ч сэдэл байгаагүй. Би дараа нь тэр хүмүүс гомдол гаргахаар нь авсан мөнгөө  бүгдийг буцааж өгсөн. Тийм учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлттэй байна...” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулсан дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн үйл баримтын талаар:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.04, 60/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч З.Загдсүрэнгийн өгсөн: “... 2022 оны 05 дугаар сарын18-ны өдөр миний хувь чатаар “М.Х.Төөгийнөө” гэх фейсбүүк хаягаас “урьдчилгаа өгөөд Солонгос улсаас утас авч болно шүү” гэж чат бичсэний дагуу утас захиалж 2 сарын хугацаанд нийт 7.700.000 төгрөгийг шилжүүлж залилуулсан. Хамгийн анх 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр “Эс-20” ультра маркийн утас захиалж, 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэрнээс хойш нийт 9 удаагийн гүйлгээгээр Голомт банкны 1105245771 дугаартай Мын Г гэх данс руу шилжүүлсэн. Фейсбүүкээр нээлттэй байгаа мөртөө утас руу нь залгахаар холбогдох боломжгүй, чатаар залгахад “мөнгийг чинь буцаагаад өгье” хөөцөлдөж байна гэж хэлсэн...”  гэх мэдүүлэг /хх.10-11/,  

Хохирогч З.Загдсүрэнгийн Хас банк дахь дансны хуулга /хх.22-25/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Цэрэндэгдийн өгсөн: “... Би “Дээгий Дээгий” гэх фейсбүүк хаяг ашигладаг юм, 2022 оны 04 дүгээр сараас хойш “М.Х Төөгийнөө” гэх нэртэй фейсбүүк хэрэглэгчтэй харилцаж, Бүгд Найрамдах Солонгос улсаас гар утас захиалахаар болсон юм. Тэгээд гар утасны урьдчилгаа төлбөрт 2 удаагийн гүйлгээгээр нийт 3.000.000 төгрөгийг шилжүүлсэн юм...”  гэх мэдүүлэг /хх.68-69/, 

Хохирогч Д.Цэрэндэгдийн Хас банк дахь дансны хуулга /хх.72-73/,

Харилцан бичсэн чатын хуулбар /хх.74-98/,

Шүүгдэгч М.Гийн Голомт банк дахь дансны хуулга /хх.114-143/,

Хохирогч Д.Цэрэндэгдийн гомдолгүй тухай бичгээр гаргасан хүсэлт /хх.144/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол /хх.148-149/,

Яллагдагчид эрх, үүрэг тайлбарласан баталгаа /хх.151/,

Хохирол нөхөн төлсөн тухай баримт /хх.160/,

Мөрдөн шалгах ажиллагаанд М.Гийн яллагдагчаар өгсөн: “... Би өөрийн ашигладаг М.Х.Төөгийнөө гэх фейсбүүк хуудсаараа “Ай фоне 13 про макс загварын гар утсыг урьдчилгаа мөнгө өгөөд захиалаарай” гэсэн сториг оруулсан чинь Загдсүрэн гэх хүн над руу чатаар “Самсунг галакси эс 20 загварын гар утаснаас 2 ширхгийг захиалаад өгөөч” гээд 2022 оны 05 дугаар сарын дундуур 1.100.000 төгрөгийг миний Голомт банкны 110524577 тоот дансанд шилжүүлсэн. Түүнээс хойш Загдсүрэн нь “Самсунг загварын зөөврийн компьютер захиалаад өгөөч Ай фоне 13 про макс загварын гар утсыг мөн захиалаад өгөөч” гээд 3.000.000 төгрөгийг нэмж өгсөн. Түүнээс хойш 1 сар орчмын дараа байх гэж санаж байна. Би Загдсүрэн гэх хүнтэй холбогдоод “бараа нь орж ирэхгүй, 1 сар орчим боллоо би мөнгийг чинь эргүүлээд өгье, чи Монголд бараа буулаа гэхээр бэлэн мөнгөө өгөөд авчих” гэхэд Загдсүрэн нь “үгүй би мөнгөө авахгүй” гэсэн. Тэр өдрөөс 5 хоног орчмын дараа би “Загдсүрэн лүү мөнгөө авчихаа” гэхэд Загдсүрэн нь над руу “би дахиад юм захиалмаар байна, та Аппле Ай Мак 2019 оны загварыг захиалмаар байна, та үнэ ханшийг нь асуугаад өг” гэхээр нь би үнийг нь асуухад “5.600.000 төгрөг орчим байна” гэхэд Загдсүрэн нь “урьдчилгаа мөнгийг шилжүүлье” гээд 3.600.000 төгрөгийг надад 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр шилжүүлсэн. Гэтэл түүнээс хойш Монгол Улсад захиалсан бараанууд буухгүй байсан ба би өөрөө 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Монгол Улсад ирээд өөрийн эзэмшил дээр байсан байрыг зараад Загдсүрэнд хохирол гэж 7.240.000 төгрөгийг өгсөн. Загдсүрэн өмнө нь “мөнгөний хэрэг гараад байна” гээд 460.000 төгрөгийг авч байсан. Би Загдсүрэн гэх хүний хохирол мөнгийг 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төлж барагдуулсан.

Мөн миний зүс таних Д.Цэрэндэгд гэх хүн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр надад “Солонгос улсаас Ай фоне 13 про макс загварын гар утас захья” гээд урьдчилгаа мөнгө 1.000.000 төгрөгийг миний Голомт банзны 1105245771 тоот дансанд шилжүүлсэн. Түүнээс хойш 1 сар орчмын дараа утсыг нь өгөх боломжгүй байсан учир “мөнгийг чинь буцаагаад шилжүүлье мөнгийг чинь өөртөө байлгасан хүү гээд 150.000 төгрөг нэмж өгье” гээд 1.150.000 төгрөгийг Цэрэндэгдэд буцааж өгсөн. Түүнээс хойш байж байгаад 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр байх гэж санаж байна Солонгос улсаас гар утас аваад Монгол руу явуулж байсан хүнийг “газрын каргогоо болиод агаарын каргогоор явуулна” гэхээр нь Цэрэндэгдтэй холбогдоод “агаарын каргогоор гар утсыг аваачихаар боллоо, та захих уу” гэхэд “тэгье” гээд 2.000.000 төгрөгийг над руу шилжүүлсэн. Түүнээс 2-3 хоногийн дараа би Цэрэндэгд рүү холбогдоод “та нэгийг нэмээд захиалчих, 2.000.000 төгрөг дээр 1.000.000 төгрөг нэмээд хийчих” гэхэд Цэрэндэгд нь “тэгье” гээд дахин 1.000.000 төгрөгийг над руу шилжүүлсэн. Түүнээс хойш Бүгд Найрамдах Солонгос улсаас миний захиалсан бараа ирээгүй, би өөрөө Монгол улсад ирээд 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Цэрэндэгдийн хохирол болох 3.000.000 төгрөгийг өгч барагдуулсан. Би тогтоолтой танилцлаа. Зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.163/,

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Шүүгдэгч М.Гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэсхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, хувийн байдлыг тодорхойлох баримтууд, /хх.99-106-/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байх тул шүүх эдгээр нотлох баримтыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой юм.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

          Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

          Үйл баримтын талаарх дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

М.Г нь 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 07 дугаар сарын 05-ны өдрийн хооронд иргэн З.Загдсүрэнд Солонгос улсаас гар утас хямд үнээр худалдан авч өгнө хэмээн фейсбүүк чатаар холбогдон итгэл төрүүлж, улмаар утасны төлбөрт 7.700.000 төгрөгийг өөрийн эзэмшдэг Голомт банкны дансаар шилжүүлэн авч, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилсан,

“М.Х.Төөгийнөө” гэх фейсбүүк хаягаар “Бүгд Найрамдах Солонгос Улсаас гар утас захиалгаар нийлүүлнэ” гэсэн зар, сториг оруулж, улмаар Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Сансэт Хаус” хотхоны 2а-11 тоотод оршин суух, иргэн Д.Цэрэндэгдийг хуурч, Голомт банкны 1105245771 дугаартай дансаар дамжуулан 3.000.000 төгрөгийг гар утас захиалгын төлбөрт шилжүүлэн авч залилсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх үйл баримтын талаар нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дээрх нотлох баримтуудаар тухайн үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, хэргийн талаар нотолбол зохих байдал хангалттай тогтоогдсон гэж үзлээ.

Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.Гийг холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг тусган хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан...” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар иргэний өмчлөх эрхийг баталгаажуулжээ.

Залилах гэмт хэргийг хохирлын хэмжээ шаардахгүй буюу хэлбэрийн шинжтэйгээр хуульчилсан. Өөрөөр хэлбэл, хуульд заасан аргаар бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар энэ гэмт хэрэг төгсөнө.

Харин залилан мэхлэх гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг.

Шүүгдэгч М.Г нь хуурч, зохиомол байдал зориуд бий болгон хохирогч З.Загдсүрэнгээс 7.700.000 төгрөг, хохирогч Д.Цэрэндэгдээс 3.000.000 төгрөгийг залилан авсан үйлдэл нь “Залилах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна.

          Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг улсын яллагч гаргасан бөгөөд гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар шүүгдэгч маргаагүй болно.

М.Г гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд заасан шаардлагыг бүрэн хангасан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт “үлэмж хэмжээний хохирол” гэж арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг буюу 10.000.000 төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгохоор заасан байдаг ба шүүгдэгч М.Г нь хохирогч З.Загдсүрэн, Д.Цэрэндэгд нарт нийт 10.700.000 төгрөг залилан авч бусдын өмчлөх эрхэд үлэмж хэмжээний хохирол учруулжээ.

М.Гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой, шунахайн сэдэлттэй байна.

Иймд шүүгдэгч М.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, баримт бичиг, зохиомол байдал зориуд бий болгож эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл М, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч М.Г нь хохирогч З.Загдсүрэнгийн 7.700.000 төгрөг, хохирогч Д.Цэрэндэгдийн 3.000.000 төгрөгийг тус тус нөхөн төлсөн байх тул шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

М.Г гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

          Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг шүүх хүлээн авсан бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс шүүгдэгч М.Гөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гөд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

М.Гийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзаж үзсэн болно.

Шүүгдэгч М.Гөд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “учруулсан хохирлыг төлсөн” гэж заасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч М.Гөд оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

          Бусад асуудлаар:

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Г нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

М.Гөд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч М овогт Мын Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдал зориуд бий болгож эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гөд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч М.Гөд оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.Гөд сануулсугай.

          5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

          6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.Гөд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                               С.ӨСӨХБАЯР