| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2018/00314/И |
| Дугаар | 135/ШШ2019/00365 |
| Огноо | 2019-04-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 135/ШШ2019/00365
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2018/00314/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ... тоотод оршин суух, .... регистрийн дугаартай, харилцах утас ....., *******-гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ... тоотод оршин суух, .... регистрийн дугаартай, харилцах утас ....., *******-т холбогдох
1 400 000 төгрөг гаргуулах,
Хариуцагчийн 200 000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие ******* *******-тэй гэрээ байгуулан 1 400 000 төгрөгийн үнэтэй сандал, ширээг 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр зарсан. ******* махны бөөний худалдаа эрхэлдэг, мах бөөндөж авсан учир мөнгө бага байна гээд 200 000 төгрөгийг урьдчилан өгч, үлдэгдлийг нь ондоо багтааж төлнө гэж хэлсэн. *******-с гэрээнийхээ үүргийг биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч элдэв шалтаг ярьж үүргээ биелүүлэхгүй байгаа тул хариуцагч *******-с 1 400 000 төгрөг гаргаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2018 оны 12 сарын 15 өдөр Эрдэнэцэцэг манай сандал ширээг авъя гэж ирээд ярилцаж тохироод 1 400 000 төгрөгөөр 8 сандал 3 ширээг 900 000 төгрөгөөр 2 ширхэг сандлыг 500 000 төгрөгөөр зарсан. Тухайн үед надад мөнгөний хэрэг гараад хямдхан зарж байгаа шүү гэхэд махаа зарчхаад оны өмнө мөнгөө багтааж өгнө гээд урьдчилгаа болгон 200 000 төгрөг өгсөн. Би мөнгөө өгөх байх гээд хараад байтал өгөхгүй байсан. Хэд хэдэн удаа утсаар залгаж асуухад мөнгөгүй байна гэж байсан. Тэгээд дараа нь утас нь холбогдохгүй байсан. Нэг удаа холбогдоод асуухад хөдөө махны наймаа хийж байна гээд байсан. Цагаан сар болоод түүний дараа ч өгөөгүй алга болсон. Зах дээгүүр хайгаад цайны газар нь ч орж үзэхэд байхгүй байсан. Тэгээд 3 сар болоход өгөхгүй байсан. Мөнгөө нэхээд байсан ч өгөөгүй үүнийгээ буцааж ав гээд байсан. Би зарчхаад мөнгөө л авах сонирхолтой байсан. Дараа нь манай ажил дээр ширээ сандлыг аваачаад тавьсан байсан. Надад аваачлаа гэж мэдэгдээгүй. 2 сандлын хөл хугалсан байсан. Мөн 500 000 төгрөгийн үнэ бүхий 2 сандлыг авч ирж өгөөгүй. Тухайн үед Э аваагүй байсан бол би өөр хүнд зарах боломжтой байсан. Тийм учир одоо урьдчилгаанд өгсөн 200 000 төгрөгөө хасаад үлдэгдэл 1 200 000 төгрөгөө авах хүсэлтэй байна гэв.
Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Би анх буфет ажиллуулах гэж иргэн *******-тэй 2019 оны 1 сард харилцан тохиролцож, хуучин ширээ, сандалыг нь 1 400 000 төгрөгөөр худалдан авахаар болоод урьдчилгаа гэж 200 000 төгрөг өгсөн. Үлдэгдэл мөнгийг нь буфетээ ажиллуулж байгаад өгье гэж тохирсон. Буфетаа ажиллуулаагүй болохоор мөнгө төгрөг гарахгүй байсан учраас *******-д ширээ, сандлаа авах уу гэтэл аваад ир гээд би үсчнийх нь доор подвалд оруулж өгсөн. Гэтэл ******* өөрөө байхгүй, одоо очиж байна, оруулж бай гэхээр нь иртэл нь 2 цаг хүлээсэн боловч ирээгүй. 14 хоногийн дараа урьдчилгаанд өгсөн 200 000 төгрөгөө авъя, би сандал, ширээг чинь өгчихсөн. Мөнгөө явуул гэхэд өгөөгүй. Энэ хүн надаас сандал, ширээгээ авчхаад надаас 1 400 000 төгрөг нэхэмжлэх үндэслэлгүй юм. Би нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
Миний бие ******* 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр урьдчилгаа болгон өгсөн 200 000 төгрөгийг гаргуулж авмаар байна. Мөнгө өгөхөд Буянтогтох овогтой Э-тай цуг орж өгсөн. Хариуцагч *******-с 200 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ******* сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:
Миний бие ******* 2018.12.15-ны өдөр 1 400 000 төгрөгөөр сандал, ширээ зарсан. Сандал, ширээг зарахад 200 000 төгрөгийн урьдчилгаа авсан. Хэрвээ миний
1 400 000 төгрөгийг өгвөл 200 000 төгрөгийг буцаагаад өгнө. Сандал, ширээгээ намайг байхгүй байхад өгөхдөө 2 ширхэг шинэ сандалыг маань өгөөгүй байна лээ. Тухайн үед би 100 000 000 төгрөгөөр мах худалдаж авсан. Удахгүй оны өмнө багтааж мөнгө төгрөг өгнө гэж хэлсэн гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-т холбогдуулан ширээ сандал худалдсаны төлбөр 1 400 000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан боловч урьдчилгаанд өгсөн 200 000 төгрөгийг хасч үлдэгдэл төлбөр 1 200 000 төгрөг гаргуулах, хариуцагч нь эд зүйлийг буцаан өгсөн тул урьдчилгаанд өгсөн 200 000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 3 ширээ, 8 сандлыг 900 000 төгрөгөөр, 2 ширхэг сандлыг 500 000 төгрөгөөр худалдаж, урьдчилгаа төлбөрт 200 000 төгрөг авч, үлдэгдлийг нь 2018 оны 12 сард багтаан төлөхөөр харилцан тохиролцож, эд зүйлийг *******-т шилжүүлсэн болох нь шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбар, хэрэгт авагдсан гэрээ гэх баримтаар тогтоогдож, талууд энэ талаар маргаагүй бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
Хариуцагч нь төлбөрийг хугацаандаа төлөөгүй тул болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх бөгөөд төлбөрийг шаардахад 3 ширээ, 8 сандлыг 2019 оны 2 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгч *******-н Мерси салонд хүргэж өгсөн болох нь талуудын тайлбар, гэрч Х.Б-н мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд 500 000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг сандлыг урьдчилгаанд өгсөн 200 000 төгрөг өгсний дараа өгнө гээд өгөөгүй талаар хариуцагч тайлбар гаргаж байгаа боловч худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж байгаа талаар мэдэгдсэн нотлох баримт ирүүлээгүй, талуудын хооронд байгуулсан гэрээнд үүргээ биелүүлээгүй бол гэрээнээс татгалзах талаар тусгаагүй байх тул Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д Аль нэг тал гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ, 204.2-т Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээнээс татгалзах хугацааг татгалзах санал гаргаагүй тал тогтооно, Энэ хугацаанд гэрээнээс татгалзаж байгаа тухай нөгөө талд дахин мэдэгдээгүй бол гэрээнээс татгалзах эрхээ алдана гэж зааснаар хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.
Хариуцагч нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасан үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байх тул мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч *******-с 1 200 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, гэрээнээс татгалзаж 200 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч *******-с 1 200 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, 200 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37 550 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6 650 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 33 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА