Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/08

 

 

 

 

 

 

2022         12          22                                        2022/ШЦТ/08

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярбат,

Улсын яллагч Б.Өлзийжаргал,

Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн М.Бт холбогдох 2206 04631 3490  дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2001 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Төв аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, хадам эцэг, эх, эхнэрийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Хайлаастын 16 дугаар гудамжны 863 тоотод орших суух, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Х овогт Мын Б /РД: /.

Хэргийн товч агуулга:

М.Б нь Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2020 оны 02 дугаар сараас эхлэн 75-06 УНЕ улсын дугаартай Приус-20 загварын автомашиныг түрээслэн хэмээн өдөрт 30.000 төгрөгөөр тохиролцон авч яваад 2020 оны 10 дугаар сараас хойш түрээсийн төлбөрийг төлөөгүй, мөн 2021 оны 1 дүгээр сараас хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Батбямба гэгчид давхар түрээслүүлэн хохирогч Ж.Болорчулууны Приус-20 загварын автомашиныг залилан мэхэлж 12.713.649 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулсан дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн үйл баримтын талаар:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.02/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.05-08/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх.12/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Болорчулууны өгсөн: “... Би тэтгэвэрт байдаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, гэртээ байдаг тул өөрийн 7506 УНЕ улсын дугаартай авто машинаа худалдаалах гэж байсан ба 2020 оны 02 дугаар сард үл таних иргэн М.Б нь миний машиныг өдрийн 30.000 төгрөгөөр түрээслэхээр болж гэрээ хийж авч явсан. Түрээсийн мөнгөө 2020 оны 10 дугаар сар хүртэл төлж байгаад алга болсон...”  гэх мэдүүлэг /хх.08-09/,  

Мөрдөн шалгах ажиллагаанд М.Бийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... Би хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг бөгөөд 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр автомашин түрээсэлнэ зарын дагуу 75-06 УНЕ улсын дугаартай приус 20 загварын автомашиныг түрээслэхээр болж Болорчулуун гэх хүнтэй Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт уулзаж өдрийн 30.000 төгрөг сарын 900.000 төгрөг төлж түрээслэхээр болж тухайн авто машиныг авч явсан. Авч явсан өдрөөс хойш 2021 оны 09 дүгээр сар хүртэл мөнгөө төлж байгаад ажилд орж тухайн авто машины зээлийн мөнгөө төлж чадахгүй болж 2021 оны 12 дугаар сар хүртэл Болорчулууны мөнгийг өгөхгүй залгахаар нь утсыг нь авахгүй явсан. 2022 оны 01 дүгээр сард үл таних хүнд сарын 500.000 төгрөг авахаар тухайн авто машиныг түрээсэлж эхэлсэн. Түүнээс авсан мөнгөө бэлнээр авч байхдаа Болорчулуун ахад нэг ч удаа мөнгө өгөлгүй явж байгаад цагдаад баригдсан...” гэх мэдүүлэг /хх.12-13/,

“... Тогтоолтой танилцлаа хүлээн зөвшөөрч байна. Мөнгөний хэрэг гарсан тул гэмт хэрэг үйлдэх болсон. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...”  гэх мэдүүлэг /хх.43/,

“Дамно” ХХК-й 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн БЗ1-22-1455 дугаартай Шинжээчийн дүгнэлт /хх.45-47/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол /хх.37-38/,

Яллагдагчид эрх, үүрэг тайлбарласан баталгаа /хх.40-41/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хохирогчийн хүсэлт /хх.51/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай прокурорын тогтоол /хх.55/,

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Шүүгдэгч М.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа, хувийн байдлыг тодорхойлох баримтууд, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэсхийг шалгах хуудас /хх.14-32, 34/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байх тул шүүх эдгээр нотлох баримтыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой юм.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

          Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

          Үйл баримтын талаарх дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

М.Б нь Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2020 оны 02 дугаар сараас эхлэн 75-06 УНЕ улсын дугаартай Приус-20 загварын автомашиныг түрээслэн хэмээн өдөрт 30.000 төгрөгөөр тохиролцон авч яваад 2020 оны 10 дугаар сараас хойш түрээсийн төлбөрийг төлөөгүй, мөн 2021 оны 1 дүгээр сараас хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Батбямба гэгчид давхар түрээслүүлэн хохирогч Ж.Болорчулууны Приус-20 загварын автомашиныг залилан мэхэлж 12.713.649 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.02/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.05-08/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх.12/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Болорчулууны өгсөн: “... 75-06 УНЕ улсын дугаартай авто машинаа худалдаалах гэж байсан ба 2020 оны 02 дугаар сард үл таних иргэн М.Б нь миний машиныг өдрийн 30.000 төгрөгөөр түрээслэхээр болж гэрээ хийж авч явсан. Түрээсийн мөнгөө 2020 оны 10 дугаар сар хүртэл төлж байгаад алга болсон...”  гэх мэдүүлэг /хх.08-09/, 

Мөрдөн шалгах ажиллагаанд М.Бийн яллагдагчаар өгсөн: “... Мөнгөний хэрэг гарсан тул гэмт хэрэг үйлдэх болсон. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...”  гэх мэдүүлэг /хх.12-13, 43/,

“Дамно” ХХК-й 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн БЗ1-22-1455 дугаартай Шинжээчийн дүгнэлт /хх.45-47/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дээрх нотлох баримтуудаар тухайн үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, хэргийн талаар нотолбол зохих байдал хангалттай тогтоогдсон гэж үзлээ.

Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.Бийг холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг тусган хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан...” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар иргэний өмчлөх эрхийг баталгаажуулжээ.

Залилах гэмт хэрэг нь хохирлын хэмжээ шаардахгүй ба хуульд заасан аргаар бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцно.

Харин залилан мэхлэх гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг.

Шүүгдэгч М.Б нь хуурч, зохиомол байдал зориуд бий болгон хохирогч Ж.Болорчулуунд 12.713.649 төгрөгийн үнэ бүхий автомашиныг авсан үйлдэл нь “Залилах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна.

          Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг улсын яллагч гаргасан бөгөөд гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар шүүгдэгч маргаагүй болно.

М.Б гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд заасан шаардлагыг бүрэн хангасан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт “үлэмж хэмжээний хохирол” гэж арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг буюу 10.000.000 төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгохоор заасан байдаг ба шүүгдэгч М.Б нь хохирогч Ж.Болорчулууны 12.713.649 төгрөгийн эд зүйлийг залилан авч бусдын өмчлөх эрхэд үлэмж хэмжээний хохирол учруулжээ.

М.Бийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой, шунахайн сэдэлттэй байна.

Иймд шүүгдэгч М.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, баримт бичиг, зохиомол байдал зориуд бий болгож эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч М.Б нь хохирогч Ж.Болорчулууны 12.713.649 төгрөгийн үнэ бүхий автомашиныг буцааж өгсөн, хохиролд 520.000 төгрөг нөхөн төлсөн байх тул шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

М.Б гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу М.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг танилцуулж, яллагдагч тус саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

М.Бийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзаж үзсэн болно.

Шүүгдэгч М.Бт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “учруулсан хохирлыг төлсөн” гэж заасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч М.Бт оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

          Бусад асуудлаар:

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

М.Бт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Х овогт Мын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдал зориуд бий болгож эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бт 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.Бт сануулсугай.         

          4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

          5. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.Бт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                               С.ӨСӨХБАЯР