Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
Хэргийн индекс | 105/2022/1767/Э |
Дугаар | 2023/ШЦТ/22 |
Огноо | 2022-12-26 |
Зүйл хэсэг | 20.7.3.3., |
Улсын яллагч | Г.Билгүүжин |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 2023/ШЦТ/22
2022 12 26 2022/ШЦТ/22
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж, шүүгч Э.Оюунтунгалаг, шүүгч Д.Шинэхүү нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярбат,
Улсын яллагч Г.Билгүүжин,
Иргэдийн төлөөлөгч П.Батсүх,
Гэрч О.Энхтулга,
Шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Г.Сүхээ /ҮД:0157/, Б.Чинбат /ҮД:0053/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ад холбогдох 2202 00458 0337 дугаартай 2 хавтаст эрүүгийн эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1996 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлагын мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эх, хойд эцэг, 2 дүү, охины хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 22-12 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ш овогт Бат-ЭА /РД: /.
Хэргийн товч агуулга:
Б.А нь Бүгд Найрамдах Турк Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтсан “мөс” гэх нэршилтэй метамфетаминий агууламжтай 20,5345 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө 03 цагийн үед Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах “Чингис хаан” олон улсын нисэх буудлаар буюу Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн,
Улмаар 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 18-33 тоотод 1971 оны Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад багтсан метамфетаминий агууламжтай “мөс” гэх нэршилтэй 20,5345 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А өгсөн мэдүүлэгтээ: “Уг гэмт хэрэгт хураагдсан ууттай мөс гэх нэршилтэй хар тамхийг манай нөхөр Түвшинсайхан 08 дугаар сарын эхээр авчирсан. Үүнийг би Туркээс авчраагүй. Тэгээд би 08 дугаар сарын 16-ны өдөр Турк руу явж бүжгийн хувцас болон бүжгийн хувцас хийх даавуу, материал авахаар явах гэж байсан. Үүнтэй холбогдуулаад би 08 дугаар сарын 15-ны өдөр нөхрийн найз Батгэрэл гэх хүнээс 3.000.000 төгрөг дансаар зээлж авсан. Тухайн орой Батгэрэлтэй Түвшинсайхан бид хоёр Сүнжин Гранд дээр очиж уулзсан. Тэр үед Батгэрэл клипэнд тоглох гэж байгаа гээд бид хоёртой богино хугацаанд уулзаад явсан. Тэгээд би Батгэрэлээс маргааш өглөө 05 цагаас 06 цагийн хооронд Чингис хаан нисэх онгоцны буудал руу хүргээд өгөөч гэж гуйсан. Тэгээд Түвшинсайхан бид хоёр гэртээ хариад байж байхад Энхтулга ирсэн. Энхтулгыг манай гэрт ирэх үед Түвшинсайхан бид хоёр тухайн мөсийг хэрэглэж байсан. Тэгээд Энхтулга нөхөр бид хоёртой хамт хэрэглээд явсан. Үүрийн 05-06 цагийн орчимд Батгэрэлийг ирэх үед манай нөхөр Түвшинсайхан унтаж байсан. Тэр үед би Батгэрэлд хандан ууттай мөсийг авч яваад хадгалж байгаач, би дахиад хэрэглэчих байх гэж хэлсэн. Тухайн үед би маш их хэмжээгээр хэрэглэж байсан. Гэтэл Батгэрэл ууттай мөсийг авч явахаас татгалзсан. Тэгэхээр нь би гэртээ нуугаад Турк руу явсан. Тэгээд би 08 дугаар сарын 19-ний өдрийн 03 цагт Монголд буусан. Туркийн гааль, Монголын гааль болон камераар, тусгай зориулалтай хаалга, төхөөрөмж зэргээр би авч явсан бүх зүйлээ шалгуулсан. Гаалийн байцаагчийн зөвшөөрлөөр би Монголд нэвтэрч буусан. Тэгээд Батгэрэлийн мөнгө зээлсэн болохыг болон Энхтулгатай холбогдсон талаар анхны мэдүүлэг өгөхөд дарамттай байсан. Яагаад гэвэл намайг онгоцноос буухад манай нөхөр Түвшинсайхан, Энхтулга хоёр тосож авсан. Тэгээд манай нөхөр Түвшинсайхан бид хоёр түрүүлж гэртээ ороод нуусан мөсөө гаргаж ирээд хэрэглэсэн. Тэгээд удалгүй Энхтулга орж ирээд явсан. Тэгээд явсных нь дараа Ганзул, Боролдой хоёр ирсэн. Тэр хоёрт би мөс гаргаж өгсөн. Гэхдээ би тэр хоёрт худалдаалах зорилгоор ерөөсөө өгөөгүй. Удалгүй Ганзул, Боролдой хоёр яваад бид хоёр гэртээ амарч байсан. Ганзул, Боролдой хоёрыг манай гэрт байх үед манай нөхөр Ганзулд хандан 1 дүгээр хороололд дөхүүлээд өгье гэж хэлсэн байсан. Тэгээд бид хоёр гэрээс гарах үед Ганзул, Боролдой хоёр цагдаа дагуулаад урдаас ороод ирсэн. Тэгээд цагдаа нар манай нөхөр Түвшинсайханыг гал тогооны өрөө рүү дагуулж ороод зодсон. Манай нөхөр тухайн үед усанд орох гэж байсан учраас дээгүүрээ нүцгэн байсан ба бие нь улайлттай, айсан царайтай байсан. Тэгээд удалгүй 2 цагдаа гол тогооны өрөөнөөс гарч ирсэн. Би анх гаднаас орж ирсэн хүмүүсийг цагдаа нар гэж мэдээгүй. Учир нь тухайн үед энгийн хувцастай байсан болохоор юу болж байгааг ойлгоогүй. Тэгсэн чинь манай нөхрийг гаргаж ирснээ дахин жижиг өрөө лүү дагуулаад орсон. Тэр хооронд цагдаа нар надад хандан “Туркээс чи мөс авчирсан биз дээ” гээд их тулгаж байсан. Тэр үед Ганзул, Боролдой хоёр хамт байсан. Би цагдаа нарт хандан би тийм зүйл мэдэхгүй, тийм зүйл хийгээгүй гээд удаа дараа хэлсэн боловч миний хэлснийг хүлээж аваагүй. Тэгээд манай нөхөр жижиг өрөөнд нэлээн удаан байж байхад хоёр цагдаа гарч ирэн нэг нь над дээр хүрч ирээд чи энийг авчирсан биз дээ гээд над руу уурлаж, дайрсан. Тэгэхэд нь нөгөө цагдаа нь намайг дагуулаад гал тогооны өрөө лүү орсон. Тухайн үед манай нөхөр 2 хоногийн дараа Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт шүүх хурлаар орох гэж байсан. Тэгсэн тэр цагдаа надад хандан одоо танай нөхөр чинь угаасаа ийм шүүх хурлаар орно, энэнээс болоод олон жилийн ял нэмүүлнэ, хэрвээ чи энэ мөсийг би авчирсан гэж хэлэхгүй байгаад байх юм бол хоёр хүүхдийг чинь асрамжийн газар хүргэж өгнө, та хоёрыг хорино гээд сүрдүүлсэн. Тэгэхээр нь би тухайн үед нөхөр болон хүүхдүүдээ бодоод тэр цагдаа нарын хэлснээр нь мэдүүлэг өгсөн. Тэгээд би хоёр дахь удаагаа мэдүүлэг өгөхдөө өмгөөлөгч Сүхээгийн хамт очсон. Тэгсэн чинь манай өмгөөлөгчид мэдүүлэг авахгүй гэж хэлээд явуулсан. Тэгээд өмгөөлөгчийг явуулсны дараа надаас дахин худал мэдүүлэг авсан. Одоо хэрэгт шалгагдаж байхдаа Туркийн камерын бичлэгийг бүтнээр оруулах талаар хүсэлт тавьсан. Учир нь хавтаст хэрэгт зөвхөн зургуудыг нь оруулсан байсан ба шалгагдсан үеийн хэсгийг ерөөсөө оруулаагүй байсан. Тэгээд би ер нь маш их гомдолтой байна. Тэгээд би өөрийнхөө хэрэглэсэн болон хүнд худалдаалах зорилгогүйгээр өгсөн, хадгалсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч О.Энхтулга өгсөн мэдүүлэгтээ: “2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр шүүгдэгч Б.А Турк улс руу явсан байна. Шүүгдэгч Б.Аг явахаас өмнө та Б.А болон нөхөр Г.Түвшинсайхантай Би уулзсан. Гэхдээ би Турк явсны дараа болон явахаас өмнө гэдгээ санахгүй байна. Би Турк явсан гэдгийг мэдээгүй. Г.Түвшинсайханы гэрт нь очоод мөс хэрэглэсэн. Миний баривчлагдсан өдөр бол 08 дугаар сарын 19-ний өдөр байсан. Тэрнээс өмнө 2, 3 хоногийн өмнө уулзсан. Тэгэхдээ би Б.Аг Турк явах гэж байсан талаар юу ч мэдээгүй. Би уулзсан гэдгээ мэдүүлэгтээ хэлсэн. Б.Аг Турк явахаас 3 хоногийн өмнө Г.Түвшинсайхантай уулзаж хэрэглэсэн. 3 хоногийн өмнө уулзаж хэрэглэсэн зүйл нь энэ яригдаж байгаа мөс гэх зүйлтэй ижил зүйл хэрэглэсэн... Би тухайн үед Аг тосох л хүн зааж өгсөн. Тэр үед надад цаг тулгаж хэлсэн болохоор тэр хүн нь 6 цагийн дараа онгоцны буудалд ирж Аг тосож авсан... Над руу Түвшинсайхан гэнэт утсаар залгаад А Туркт ирж байгаа тосох хүн олоод өгөөч гээд надад гэнэт тулгаж хэлсэн. Тэгэхээр нь би тосох хүн хайсан. Тэгээд Аг тосох хүн онгоцны буудал дээр 6 цагийн дараа очсон...” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулсан дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулан шинжилж судалсан болно. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.1.03/,
Нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.1.04-22/,
Хүний биед үзлэг хийж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.1.23-56/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Ганзулын 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр өгсөн:
“Би 2017 онд Швед улс руу явсан. Тэгээд очоод тогоочийн ажилд хийсэн. Тэнд ажиллаж амьдарч байхдаа мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэж үзэж байсан. Ба 2019 онд Монголд буцаж ирээд эхний 6 cap ажилгүй байж байгаад хувиараа цагийн ажил хийж эхэлсэн. Би Монголд ирээд мансууруулах бодис ер нь хэрэглэхгүй байж байгаад өнөөдөр буюу 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр миний танил Сайханаа надтай чатаар холбогдоод “юу байна хөгшөөн, машинтай явж байгаа юм уу?” гэж асуугаад намайг “дуслын систем, 10 мл-н 2 ширхэг зүү тариур аваад Сансарт гэртээ хүрээд ир” гэсэн. Тэгээд би гэрт нь захисан зүйлийг нь аваад Боролдой гэх найзын хамт очсон. Тэгтэл Сайханаа гэртээ Үүлээ гэх найз эмэгтэйтэйгээ байсан. Тэгээд гэрт ороод юм яриад сууж байтал Сайханаа надад өөрөө “мөс сорж үзүүлээд намайг хэрэглэж үзэх үү?” гэж асуусан. Тэгээд Сайханаагийн хэрэглэж байсан мөснөөс Боролдой бид хоёр хэрэглэсэн. Тэгтэл Сайханаа “манай гэрт хүн ирнэ” гэхээр нь бид хоёр ажилтай байсан учраас гараад гадуур явж байтал миний бие зараагаад эвгүй болоод байхаар нь би Сайханаатай утсаар яриад “түрүүний мөснөөс чинь дахиад байгаа юм уу?” гэж асуутал “хүнээс мөнгөөр авч өгч болно” гэж хэлсэн. Тэгээд би “мөнгөгүй байна, хүнээс мөнгө зээлэх гээд гуйгаад зээлэхгүй байна” гэж Сайханаад хэлтэл “тэгвэл зүгээр манай гэрт хүрээд ир, ирэхдээ хоёр гал, 1 ундаа, 1 тамхи аваад хүрээд ир гэсэн. Тэгээд Сайханааг гэрт ирэхэд цагаа нар ирсэн байсан.
Би Сайхнаатай 2020 онд танилцсан. Тэрнээс хойш найз нөхдийн харилцаа холбоотой байгаа. Сайхнаа мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг. Ман асуудлаар цагдаа дээр шалгагдаж байсан. Өнөөдрийн мөс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг Сайхнаагийн найз эмэгтэй болох Үүлээ нь өнөөдөр Турк улсаас ирсэн ба Турк улсаас ирэхдээ авч ирсэн юм шиг байна лээ. Энэ талаар би мэдэхгүй байна. Үүлээ гэх эмэгтэйтэй би 2017 онд танилцаж байсан. Тэрнээс хойш танилын харилцаатай байгаа. Үүлээ хэзээ Турк явсан талаар би мэдэхгүй байна гэхдээ өнөөдөр Турк улсаас ирсэн. Мөс гэх мансууруулах бодисыг 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 11 цагийн үед Сайхнаатай хамт 4-5 удаа сорж хэрэглэсэн. Тэрнээс хойш дахиж хэрэглээгүй ба дахин хэрэглэхээр Сайхнаагийн гэрт иртэл цагдаа нар бариад авсан...” гэх мэдүүлэг /хх.1.65/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Ганзулын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн:
“Надад 2022 оны 08 дугаар сарын 19-ны өдөр бол Үүлээ болон Түвшинсайхан нартай уулзана гэсэн ямар нэгэн төлөвлөгөө бол байгаагүй, Түвшинсайхан миний фейсбүүк хаягаар залгаад “... завтай бол манай гэрт хүрээд ир, ирэхдээ 2 дуслын систем, 2 ширхэг 10 мл шприцтэй хүрээд ир, ирэхээр чинь гоё юм өгнө ...” гэж хэлсэн, би тухайн үед найз Боролдойн хамт, түүний машинд явж байсан болохоор Боролдойд “хоёулаа хамт манай найз дээр очоод ирье” гэж хэлээд хамт явсан, тэгээд замдаа Түвшинсайханы захисан зүйлсийг аваад гэрийнх нь гадаа очоод фейсбүүкийн чатаар “ирчихлээ” гэж хэлсэн. Тэгтэл Түвшинсайхан миний урдаас “манай гэрт хүмүүс ирчихсэн байна, би Үүлээг гаргачихъя” гэж хэлсэн. Тэгээд төд удалгүй Үүлээ буюу А гарч ирээд Боролдой бид хоёрын сууж байсан машинд суугаад хоорондоо юм яриад “Түвшинсайхан /Сайханаа/-тай суучихсан юм уу” гээд ойр зуурын юм ярьж байгаад нөгөө дусал болон шприцийг нь гаргаж өгсөн. Тэгтэл Үүлээ надад жижигхэн ууттай зүйл өгөхөөр нь би “юу юм бэ” гэж асуухад миний урдаас “мөс” гэж хэлсэн. Тэгэхээр нь би эмийн сан орж жижиг новокины шил аваад, дэлгүүр орж соруултай ундаа аваад буцаж машиндаа суугаад нөгөө новокины шил, соруултай ундааны соруулыг ашиглаж Үүлээгийн өгсөн мөсийг Боролдой бид хоёр хэрэглэж дуусгасан юм. Тухайн үед би Сайханаатай холбогдоод ирсэн болохоор Сайхнаа Үүлээд мөс өгч гаргасан юм байна гэж бодоод Үүлээгээс хаанаас авсан талаар асуугаагүй. Тэгээд бид нар машинд суугаад юм яриад сууж байхад манай дүү Даваадорж над руу залгаад “агаа машинтай бол та намайг Сүнжингранд хүргээд өгөөч” гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд Боролдойн хамт дүү Даваадоржийг очиж аваад Сүнжинград дээр хүргэж өгөөд бараг 16 цаг хүртэл гадаа нь дүүгээ хүлээсэн. Тэр үед Сайханаа над руу фейсбүүкийн чатаар залгаад “хаана байгаа, юу хийж байна...” гэж хэлэхээр нь би “Сүнжинграндийн гадна дүүгээ хүлээж байна” гэж хэлэхэд “чамд 200.000-300.000 төгрөг байна уу, байвал найз нь саяны хэрэглэсэн мөснөөс хүнээс авч өгч чадна шүү” гэж хэлэхээр нь би “одоохондоо мөнгө алга” гэсэн чинь “за за, залгаарай хө” гэж хэлээд тасалсан. Түүнээс хойш цаг гарангын дараа Сайханаа дахин залгаад “... яасан хө, мөнгө төгрөг чинь бүтэх нь үү...” гэхээр нь би “одоохондоо 125.000 төгрөг байна” гэж хэлэхэд миний урдаас “тэгвэл чи наад мөнгөө аваад манай гэрт хүрээд ир, ирэхдээ 2 асаагуур, 1 том ундаа, 2 дуслын систем, 1 хайрцаг парламент аваад хүрээд ир” гэхээр нь би нөгөө захисан зүйлсийг нь аваад найз Боролдойн хамт гэрт нь очих замдаа фейсбүүк чатаар Сайханаа руу залгаад “найз нь шууд яваад орчих юм уу” гэхэд миний урдаас “манай гэрт манай нэг ах /нэрийг огт хэлээгүй/, найзтайгаа ирсэн байна, би гарахаар нь чамд хэлье” гэж хэлээд чатаа тасалсан. Тэгээд Боролдой бид хоёр хүлээгээд бараг 20 минутын дараа Сайханаагийн фейсбүүк чат руу залгаад “яасан бэ хө” гэсэн чинь миний урдаас “за за, чи ороод ир” гэж хэлэхээр нь чатаа таслаад машинаас буугаад орц луу нь ороод 4 давхарт гарахад энгийн хувцастай цагдаа нар ирчихсэн, бид хоёртой хамт Сайханаагийн гэрт ороод бүгдийг нь барьсан юм. Тэгээд бид нар Хар тамхитай тэмцэх газар ирсэн, тэр үед Үүлээ Турк улсаас ирэхдээ дээрх мөсийг өөрийн биед нууж оруулж ирсэн талаар яриад байсан...
Дээрх хураагдсан мөсийг Үүлээ Турк улсаас ирэхдээ биедээ нууж авчирсан гэж хэлж байсан, цагдаагийн газар ирээд Үүлээ өөрөө тэгж хэлснийг сонссон, хэрэг гарах өдөр Үүлээ Турк уулсаас ирсэн гэж байсан. Би А болон Түвшинсайхан нарыг хамт амьдарч байсан гэдгийг мэдээгүй байсан, гэхдээ хэрэг гарах өдөр Сайханаа над руу залгаад “гоё юм өгнө” гэхээр нь би ерөнхийдөө утсаар ярьж болохгүй, хар тамхи байгаа юм байна гэдгийг мэдсэн юм, тэгээд хэлсэн бүх зүйлийг нь аваад очсон...” гэх мэдүүлэг /хх.1.67-68/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Ганзулын 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр өгсөн:
“... Хэрэг гарах өдөр буюу 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр өглөө 9 цагийн үед байх Түвшинсайхан өөрийн Урансайхан гэх фейсбүүк чатаар холбогдож дуудсан юм. Тэгээд би өөрийн найз Боролдойтой уулзаж Түвшинсайханы заасан газарт очсон юм.
Үүлээ буюу А, Түвшинсайхан нарын амьдардаг гэдгийг хэрэг гарах үед Үүлээ тус байрнаас гарч ирээд машинд суухад нь гайхаад ойр зуурын юм ярьсан чинь Түвшинсайханы эхнэр болж таарсан. Тэр үед Түвшинсайханыг Үүлээтэй амьдарч байгааг мэдсэн юм. Тэгээд бид хоёрт мөс гаргаж өгөөд буцаад гэртээ орчихсон юм...” гэх мэдүүлэг /хх.1.70/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Боролдойн 2022 оны 08 дугаар сарын 19-ны өдөр өгсөн:
“... Ганзул бид хоёр тэр мөсөө машиндаа хэрэглээд байж байтал “Солонгос Улс руу явах гэж байгаа, манай дүү Гранд плазагаас ирж аваад Сүнжин гранд хүргээд өгөөч” гэхээр нь очиж аваад, хүргэж өгчхөөд байж байхдаа Урансайхан гэсэн хаягтай фейсбүүк чатаар нь “өнөөдөр чадвал 200.000 төгрөгөөр худалдаж авъя” гэсэн чинь “хүнээс л асууж өгье” гэсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа фейсбүүк чатаар “та хоёр юу болсон бэ” гэхээр нь Ганзул “200.000 төгрөг олдохгүй байна, 125.000 төгрөг байна” гэсэн чинь “за тэгвэл 1 ундаа, 2 асаагуур, 1 хайрцаг тамхи, зүү тариур аваад ороод ир” гэхээр нь бид хоёр аваад орж байтал орцонд цагдаа нар байж байгаад бид хоёрыг барьсан...” гэх мэдүүлэг /хх.1.73-75/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Боролдойн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн:
Ганзул бид хоёр хэн нэгэн хүнээс мөс гэх нэршилтэй мансууруулах бодис худалдан авч хэрэглэсэн зүйл огт байхгүй. Үүлээг өгөхөөр нь машиндаа хэрэглэсэн, мөн бусдад зарж борлуулсан зүйл байхгүй. Гэхдээ Сүүлд бид хоёр Үүлээгээс мөнгөөр нь мөс авахаар очоод цагдаа нарт баригдчихсан...” гэх мэдүүлэг /хх.1.77/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Түвшинсайханы 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр өгсөн:
“Би Үүлээ буюу А гэх эмэгтэйтэй 2 жилийн өмнө танилцсан. Тэрнээс хойш хамт амьдарсан. Тэгээд Үүлээ буюу А шөнийн цэнгээний газар бүжиглэдэг ба тус мэргэжлийн дагуу гоёлын дотуур хувцас судлахаар Турк улс руу явна гэж ярьж байсан. Тэгээд Турк улс руу явах гээд манай найз Ээгий буюу Энхтулгад энэ талаараа хэлсэн. Учир нь Энхтулга нь Турк улсад амьдарч байсан. Тэгтэл Ээгий буюу Энхтулга “Турк явж байгаа бол мөс аваад ир, би зардаг хүнийг нь танина, тэр хүнд хэлээд мөнгийг өгнө, тэр хүний өгсөн мөсийг аваад ир” гэж хэлсэн. Тэгээд Үүлээ буюу А 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Турк улс руу яваад 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Турк улсаас шөнийн 03 цагт ирсэн. Тэгээд тухайн өдөр манай эцэг, эх хөдөө явсан байсан учраас Энхтулга, А бид гурав манай гэрт ирсэн. Гэрт ирэхэд А нэг том гялгар ууттай ойролцоогоор 40 грамм орчим мөс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис авч ирсэн байсан. Үүнээс Ээгийн буюу Энхтулга талыг нь аваад явсан. Үлдсэн талаас нь А бид хоёр хэрэглэсэн. 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр өглөө 08 цагийн үед манай гэрт миний таньдаг Ан найзууд болох Боролдой, Ганзул хоёр ирсэн. Тэгээд тэр хоёрт А гэрийн гадаа гарч уулзаад явуулсан. Тэгээд А бид хоёр өдөр хамт байж байгаад 1 дүгээр хороолол луу явах хэрэгтэй болсон ба машин хэрэгтэй байсан учраас Ганзул руу ярьсан. Тэгээд Ганзултай ярьтал миний урдаас “100.000 төгрөг байна, юм байна уу?” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “юу ч гэсэн хүрээд ир, тэгээд дүгээр хороолол луу хүргээд өг” гэж хэлсэн. Тэгээд Ганзул манай гэрт орж ирэхдээ цагдаа нарын хамт орж ирсэн.
Ээгий миний сонссоноор 4 сая төгрөг Турк улс руу шилжүүлсэн гэж байсан. Прол гэх хүнийг танина. Бүтэн нэрийг нь Батгэрэл гэдэг. Батгэрэлийн найз Дашка гэх залуу хүүтэй мөнгө зээлдэг учраас Батгэрэлээр дамжуулаад найзаас нь 3 сая төгрөг зээлээд Үүлээ буюу А явах зардал хийсэн...” гэх мэдүүлэг /хх.1.79/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Түвшинсайханы 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өгсөн:
“... манай эхнэр Турк яваад ирсэн. Тэр өдөр мөс гарч ирсэн. Бусдаар Б.А, Энхтулга, Батгэрэл /Пролл/ бид нар нийлж мөс гэх бодис хилээр оруулж ирсэн зүйл байхгүй. Энхтулга болон Батгэрэл нараас яваад ирэхэд туслаач гэж гуйсан, нэгээс нь мөнгө зээлсэн, нөгөөхөөс нь тосоод дэлгүүр хоршоо оруулаад өгөх хүн байна уу гэж л гуйсан...” гэх мэдүүлэг /хх.1.81-82/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Энхтулгын 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр өгсөн:
“2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр өөрийн танил болох Г.Түвшинсайханаар 3 таблет тевантин авхуулах гээд 33.000 төгрөгийг хүний данснаас шилжүүлсэн байсан ба 16-аас 19 цагийн хооронд Г.Түвшинсайхан “тевантинаа ирж аваарай” гэхээр нь Сансарт байдаг гэрт очоод Г.Түвшинсайханаар 1 ширхэг тевантин тариулаад гараад гэртээ хариад байж байтал орой 23 цагийн орчинд Г.Түвшинсайхан намайг “Зайсанд хүрээд ир” гээд очтол огт харж байгаагүй нэг найзтайгаа байж байсан. Тэгээд төд удалгүй Г.Түвшинсайханы найз охин нь ирээд би тэр 3-г Сансарт байдаг гэрт нь хүргэж өгсөн ба би дахиад тевантин тариулах гээд “хамт оръё” гэхэд намайг “машиндаа түр байж бай, гар утсаар залгая” гээд тэр 3 гэр лүүгээ орчихсон. 10-20 минутын дараа Г.Түвшинсайхан 8885тай дугаараас миний 80118171 дугаар луу залгаад “ороод ир” гээд намайг ороход том өрөөний ширээн дээр зиплок түгжээ бүхий муурын зурагтай том гялгар уутны ёроолоор дүүрэн мөс байсан ба цаад жижиг өрөө рүүгээ авч ороод жижиг зиплок түгжээ бүхий гялгар уутанд ойролцоогоор 1 гр орчим мөс хийж гаргаж ирээд “наанаа хэрэглээд байж бай” гээд ширээн дээр тавихад нь би Г.Түвшинсайханы найз охины хамт тарианы усны шилэнд хийгээд доороос нь асаагуураар шатаагаад сорж хэрэглэсэн 2022 оны 08 дугаар сарын 20-ны 02 цагийн үед би гэрээс нь гарч явах үед надад дахиад жаахан мөс нэмж хийж өгөөд “аваад яв” гэсэн ба би үлдсэн 2 таблет тевантиныхаа 1-ийг нь хийлгэчхээд гарж явахдаа үлдсэн 1 таблет тевантинаа гэрт нь мартаад үлдээчихсэн байсан.
2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр фейсбүүк чатаар Г.Түвшинсайхан нь над руу “үлдсэн тевантинаа ирж авахгүй юм уу?” гээд зургийг нь явуулаад “хамт явж хуур хөгжмийн тоглолт үзье” гэхээр нь би тэдний гэрт нь их хэмжээний мөс харсан болохоор айгаад очоогүй ба өөрийн 60-63 УБС улсын дугаартай RX450 маркийн тээврийн хэрэгсэл дотроо үлдсэн мөсөө 2 хуваагаад тарианы усны шилэнд хийж байгаад доороос нь асаагуураар шатаагаад сорж хэрэглээд дуусгах үед орой болж байсан бөгөөд би машинаа барьж чадахгүй болохоор нь гэрийнхээ гадна тавьчхаад Скай их дэлгүүрийн хажууд ЭРА гэх нэртэй зочид буудалд ганцаараа орж хоноод 08 дугаар сарын 21-ний өдөр гэрийнхээ гаднаас цагдаа нарт баригдаад шар хадны эмнэлэгт 11 хоног хэвтэн эмчлүүлээд өнөөдөр гарсан.
Би 2022 оны 06 дугаар сарын 28-ний өдөр Турк улсаас ирээд удалгүй Г.Түвшинсайханаар 1 дүгээр хорооллын тэндээс тевантин авхуулж тариулах гээд очих үед Б.А буюу Үүлээтэй танилцсан, би тэр үеэс хойш Г.Түвшинсайхан надаас байнга л “Туркт мөс яаж байна, үнэ нь хэдтэй байна “гээд байнга асуугаад байсан ба 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр “би эхнэрээ Турк явуулчихлаа, араас нь би явах гээд байна аа, Туркт яаж сим карт авдаг юм бэ? эндээс бэлэн мөнгө яаж явуулах вэ? Манай найз охиныг тосох хүн байдаггүй, чамд тосчих хүн байна уу” гэхээр нь би Туркт байдаг Ган-эрдэнэ гээд ах руугаа ярьтал ах “Тамакалид явж байна” гээд өөр хүн явуулсан ба би тэр хүнийг нь огт танихгүй. Үүлээ тэр хүнийг “гаж донтой юм уу хаашаа юм, сонин сонин юм яриад байх юм” гэж байсан. Г.Түвшинсайхан “өөр хүн байхгүй юу, өвгөн данс руу нь мөнгө хийгээд бэлэн мөнгө гаргаад авчих” гээд шөнө дунд над руу ярихаар нь Аптангэрэл гээд тэнд байдаг дүүтэйгээ холбогдоод “эндээс мөнгө явуулах гээд чи лира буюу турк мөнгөн дэвсгэрт болгоод гаргаад өгчхөөч” гэхэд эхлээд 1.900.000 мянган төгрөг, дараа нь 1.400.000 төгрөг, нийт 3.500.000 мянган төгрөг шилжүүлсэн байсан ба манай Алтангэрэл дүү бэлэн мөнгө гаргаж өгсөн ажлын хөлсөндөө 100 доллар аваад үлдсэн 17.500 лираг Үүлээд өгсөн гэсэн. Алтангэрэл Үүлээг Туркт очно гэсэн газар нь хүргэж өгөөд дараа нь онгоцны буудал хүргэж өгсөн гэсэн.
Тэмүүлэнг болохоор бас Г.Түвшинсайханаар л дамжуулж мэддэг болсон ба хаяадаа тевантин авхуулж тариулдаг. Би 2018 онд Андант гэдэг эмийг хамраараа сорж хэрэглэдэг байсан, хэрэглэсэн үед тайвширдаг, тевантинийг энэ оны 8 сараас хэрэглэдэг болсон, 2016 онд анх удаа мөс хэрэглэж үзсэн, тэрнээс хойш хаяадаа олдсон үед нь хэрэглэдэг болсон ер бол Туркт л очиж хэрэглэдэг...” гэх мэдүүлэг /хх.1.85-87/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Энхтулгын 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр өгсөн:
“Би Аг бол огт танихгүй, харин Түвшинсайхантай 3 жилийн өмнө анх хоолны газарт танилцаж байсан юм, тухайн үед Түвшинсайхан манай найзын цайны газарт зөөгчөөр ажилладаг байсан юм. Харин түүний эхнэр Үүлээ буюу А, жинхэнэ нэрээр нь бол мэдэхгүй Үүлээ гэх нэрээр нь мэднэ. 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр байх найз Түвшинсайханаас Тебантин авахаар 1 дүгээр хорооллын эрчим төвийн хойд талын нийтийн байранд очиход түүний эхнэр гээд Үүлээ хамт байсан, тэгж л анх удаа Үүлээтэй уулзаж байсан, тухайн үед Тебантин судсаараа Түвшинсайханаар тариулаад ойр зуурын юм яриад тэгээд буцаад гараад явсан, би явахдаа Түвшинсайханд дахиад 3 ширхэг тебантин захичихсан юм. Тэгээд Түвшинсайхан над руу залгаад нөгөө 3 ширхэг “Тебантинаа аваарай” гэж хэлэхээр нь би өөрийн машинаараа Сансарт байдаг гэрт нь очоод нэг тебантинийг нь хэрэглээд үлдсэн 2-ыг нь гарахдаа мартаад явчихсан байсан. Тэгээд би Түвшинсайхан руу яриад “2 ширхэг тебантинаа үлдээсэн байна, очиж авах хэрэгтэй байна” гэсэн боловч Түвшинсайхан “завгүй байна, буцаад холбоо барина” гэж хэлээд утсаа тасалсан. Түүнээс хойш 2022 оны 08 дугаар сарын 19-ны шөнө байх Түвшинсайхан над руу залгаад “Зайсангийн Хан Хилсийн далангийн урд нь хүрээд ир” гэж хэлэхээр заасан газарт нь очиход Түвшинсайхан нэг үл таних залуутай хамт байсан, тэгээд миний машинд орж суугаад нэлээд удсан, тэгсэн Үүлээ гаднаас орж ирээд миний машинд суусан. Тэгээд би тэр хоёрыг гэрт нь хүргэж өгсөн юм, тэгээд хамт гэр лүү нь орох гэхэд Түвшинсайхан нь “... чи гадаа түр байж байгаарай...” гэж хэлээд орсон. Тэгээд 10 минутын дараа намайг дуудахаар нь гэрт нь орж жаахан мөс хэрэглээд жаахан ууттай мөсийг авч явсан юм. Тэгээд маргааш нь цагдаагийн газарт баригдсан.
Аг Турк улс явсан талаар би мэдсэн. Манай найз Түвшинсайхан над руу яриад “... манай эхнэр Турк улсын онгоцны буудал дээр буучихлаа, яаж сим авдаг юм бэ, таньдаг хүн байна уу, тосоод буудал оруулаад сим аваад өгөөч, тэгэх үү...” гээд надаас фейсбүүк чатаар залгаж ярихаар нь би өөрийн танил Ган-Эрдэнэ ах руу холбогдож А буюу Үүлээгийн талаар хэлээд “туслаад өгөөч” гэж гуйхад миний урдаас “ах нь хол явж байна, би нэг танил дүүгээ явуулъя” гэж надад хэлсэн, би тэр хүнийг нь бол танихгүй, Ган-Эрдэнэ ахын таньдаг хүн Үүлээг очиж авсан юм шиг байна лээ, энэ талаар сайн мэдэхгүй байна. Тэгээд Түвшинсайхан дахиж надтай холбогдоод “... манай эхнэр дээр очсон хүнээс өөр хүн байна уу, тэр очсон хүн жаахан эвгүй гар байх шиг байна, эхнэр тэгээд байна” гэж хэлэхээр нь би Туркт ажиллаж амьдардаг Алтангэрэл гэх дүүг холбоо өгсөн. Тэгээд бас Түвшинсайхан “эхнэртээ мөнгө шилжүүлмээр байна, Турк руу мөнгө төгрөг яаж шилжүүлдэг юм бэ” гээд надаас асуугаад байхаар нь би Алтангэрэлийн Голомтын дансыг өгсөн, тухайн үед яг хэдэн төгрөг шилжүүлснийг бол хараагүй. Сүүлд Алтангэрэл дүүгээс асуухад 3.300.000 төгрөг данс руу нь хийгээд Турк улсын мөнгө 17.500 лира болж байгаа, Турктээ бол их мөнгөндөө орно.
Би хэний мөс гэдгийг нь бол мэдэхгүй байна, угаасаа энэ талаар or юм хэлээгүй, гэрт нь ороод жаахан мөс хэрэглээд гарахдаа жаахан аваад гарсан түүнийгээ хэрэглээд дуусгасан.
Би 2021 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр яваад 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ирсэн юм. Тухайн үед аялах зорилгоор яваад тэнд ажиллаж амьдарч байгаад, тухайн үед тусалж байсан Ган-Эрдэнэ Алтангэрэл гэх хүмүүсийг таньдаг болсон юм. Өөр Туркийн талаар бол мэдэхгүй. Би Ан нөхөр Түвшинсайхан нь “манай эхнэрийг тосох хүн байхгүй, таньж мэддэг хүн байна уу, туслаач” гэж надтай холбогдсон, мөн “хэрхэн мөнгө төгрөг шилжүүлдэг юм бэ, эхнэртээ мөнгө төгрөг өгмөөр байна” гэж над руу фейсбүүк чатаар хэд хэдэн удаа холбогдсон... Би тусламж хүсэхээр нь тусалчих санаатай л өөрийн зүс таних хүнийг зааж өгсөн юм. Өөр мэдэх зүйл байхгүй. Надад Турк улсаас мөс авах гэж байгаа Туркээс мөс авчирсан талаараа огт хэлээгүй. Би ч энэ талаар мэдээгүй байсан. Надад Турк улсад хар тамхи зардаг таньдаг, мэддэг хүн огт байхгүй, энэ чинь тийм мэдээд байх элбэг зүйл биш байх гэж одож байна...” гэх мэдүүлэг /хх.1.89-90/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Батгэрэлийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өгсөн:
“... Би Энхтулга гэх хүнийг огт танихгүй, Б.Түвшинсайхан, Б.А нарыг бол танина. Надад бусадтай нийлж мөс гэх бодисыг Монгол Улсын хилээр оруулж ирсэн зүйл огт байхгүй... надаас эхнэрээ Турк руу явуулж хувцас хунар, бараа авчрах гэсэн юм, тэгсэн онгоцны билетийн мөнгө байхгүй мөнгө зээлээч гэж гуйхаар нь хүнд хүүтэй мөнгө зээлдэг найз Дашкагаас гуйгаад аваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх.1.92-93/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч У.Должмаагийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр өгсөн:
“2022 оны 08 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө буюу 08 дугаар сарын 19-ний шөнийн 03 цагийн орчим Турк улсаас зорчигч тээврийн онгоц ирсэн 01 цагийн орчим Солонгос улсаас бас зорчигч тээврийн онгоц ирсэн.
Тухайн шөнийн гаалийн бүсийн нэвтрэх үүдний хэсэг буюу Рентген хяналтын камерын бичлэгийг үзсэн. Тухайн эмэгтэйн гар тээш болон үүргэвчтэй цүнхийг Рентген аппаратаар шалгаж үзэхэд ямар нэгэн сэжигтэй зүйл илрээгүй учраас түүний биед тусад нь үзлэг хийгдээгүй, хэрэв гар тээш болон бусад байдлаар ямар нэгэн сэжигтэй зүйл илэрсэн тохиолдолд тусгайлан биед болон бусад эд зүйлд нэг бүрчлэн үзлэг хийдэг юм...” гэх мэдүүлэг /хх.1.99/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Ан сэжигтнээр 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр өгсөн:
“Намайг А гэдэг хоч нэрийг маань Үүлээ гэдэг. Би өмнө нь мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэж байгаагүй. Тэгээд би 2022 оны 07 дугаар сард Прол гэх хочтой эрэгтэй хүнтэй танилцсан. Тэр залуу мөс зарж мөнгө олж байсан. Тэгээд бид хоёр ярилцаад Пролын зөвлөсний дагуу би Турк улс руу явж мөс оруулж ирэхээр болсон. Тэгээд Прол надад 3 сая төгрөг мөс аваарай гэж өгсөн ба Пролын өгсөн мөнгөөр би Турк-Монгол хоёрын хооронд ирж очих билетийн мөнгөө хийсэн. Тэгээд би 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Турк улс руу ниссэн. Тэгээд би Турк улсад очоод Ээгий гэх найзтайгаа холбогдоод мөс худалдаж авах хүнийг заалгуулаад тэр хүнтэй уулзаад, би өөрөө граммлаж үзээгүй болохоор мэдэхгүй байна, 30-40 грамм мөс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг Турк хүнээс худалдаж авсан. Тухайн мансууруулах бодисын мөнгийг би төлөөгүй ба Ээгий мөнгийг нь шууд тэр хүнд өгчихсөн байсан ба би Ээгийн хэлсний дагуу тэр хүнтэй нь очиж уулзаад мөсийг аваад 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Монгол улсад ирсэн. Надад өгсөн мөс нь жижиглээд зеплок түгжээтэй уутанд хийсэн байсан учраас би өмдний дотор хийгээд хилээр орж ирсэн. Монгол орж ирээд би найз залуу, Ээгий хоёртой уулзаад манай найз залуугийн гэрт буюу Сансарт очсон. Тэнд очоод Ээгий надаас тухайн оруулж ирсэн мөсний талыг нь авсан ба үлдсэн мөсийг би өөрөө авсан. Тэгээд байж байтал өнөөдөр манай найз залуугийн гэрт цагдаа нар ороод ирсэн.
Прол гэх хүний талаар хүний талаар сайн мэдэхгүй энэ хүн нь Хангай хотхонд амьдардаг. Эрхэлсэн тодорхой ажилгүй хүнээс мөс худалдаж аваад цааш нь дамжуулж зардаг хүн. Прол нь надаас Ээгийд өгөөд үлдсэн мөсийг авах ёстой. Би Прол гэх хүнтэй 2 удаа уулзаж байсан. Харвал танина, бусдаар тэр хүний талаар мэдэхгүй.
Ээгий гэх хүний талаар гадуур явж байгаад ойролцоогоор 1 сарын өмнө танилцсан хүн ба өмнө нь Турк улсад амьдарч байсан. Надад ярихдаа Турк улсад мөс зардаг хүнийг би мэднэ гэж ярьж байсан. Одоо нь Ээгий нь эхнэрээсээ салаад Нисэхэд найз охинтойгоо амьдардаг гэж ярьж байсан.
Надаас хүн мөс авъя гэж асуухаар нь би тэр хүнд Пролыг зааж өгсөн ба тэрнээс хойш харилцаатай болсон. Харин Ээгийгийн хувьд Турк улсын талаар ярьж байхад нь би сонсоод танилцсан. Тэгээд Турк улс руу явах үед Прол 3 сая төгрөг өгч мөс захисан ба Ээгий тэнд очоод авах хүнийг нь олж өгөөд мөн авах мөсний мөнгийг нь тэр хүн рүү шилжүүлсэн байсан. Тэгээд би мөсийг авч Монголд орж ирээд Ээгийд талыг нь өгөөд үлдсэн мөсийг Пролд өгөх ёстой байсан.
Мөсийг оруулж ирье заръя гэж бодоогүй. Харин Ээгий, Прол хоёр надад санал болгоод мөс аваад ирсэн тохиолдолд авч ирсэн мөснөөс өгнө эсвэл мөнгө өгнө гэж хэлсэн учраас би Турк улс руу явж мөс гэх мансууруулах бодисыг авч ирсэн.
Уг нь би Турк улсад очоод мөсийг худалдаж аваад ачаанд өгөх ёстой Байсан боловч онгоцноос хоцрох гээд байсан учраас өөрөө аваад Монголд ирсэн. Би хийсэн зүйлдээ гэмшиж байна. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөн би өнөөдөр Ганууш буюу Ганзул түүний найз хоёрт бага зэрэг мөс зүгээр өгсөн...” гэх мэдүүлэг /хх.106-107/,
Сэжигтнийг зөвшөөрөлгүй баривчлах тухай мөрдөгчийн тогтоол /хх.1.110/,
Б.Ан гадаад паспортод үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.1.115-117/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх.1.118-120, хх.2.92/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээч цагдаагийн дэслэгч О.Лхагвасүрэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 4116 дугаартай:
“1. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан Voyage гэх бичиглэлтэй ногоон өнгийн соруултай хуванцар сав, “2” гэж дугаарласан цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон шил, “3” гэж дугаарласан цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон bon aqua гэх бичиглэлтэй цэнхэр өнгийн савны таг, “4” гэж дугаарласан зиплок гялгар ууттай мөс мэт зүйл, “5” гэж дугаарласан зиплок гялгар ууттай мөс мэт зүйл, “6” гэж дугаарласан зиплок гялгар ууттай мөс мэт зүйл, “7” гэж дугаарласан зиплок гялгар уут, “8” гэж дугаарласан хуульсан Р54385858 серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, “9” гэж дугаарласан №3677960 серийн дугаартай хуульсан 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, А114037754М серийн дугаартай хуульсан 1000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт тус бүр нь шинжилгээнд тэнцэж байна.
2. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан Voyage гэх бичиглэлтэй ногоон өнгийн соруултай хуванцар сав, “2” гэж дугаарласан цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон шил, “3” гэж дугаарласан цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон bon aqua гэх бичиглэлтэй цэнхэр өнгийн савны таг, “4” гэж дугаарласан зиплок гялгар ууттай мөс мэт зүйл, “5” гэж дугаарласан зиплок гялгар ууттай мөс мэт зүйл, “6” гэж дугаарласан зиплок гялгар ууттай мөс мэт зүйл, “7” гэж дугаарласан зиплок гялгар уут тус бүрээс метамфетамин илэрсэн.
“8” гэж дугаарласан хуульсан Р54385858 серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, “9” гэж дугаарласан №3677960 серийн дугаартай хуульсан 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, А1М037754М серийн дугаартай хуульсан 1000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт тус бүрээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх тухай” конвенц, 1961 оны “Мансууруулах эмийн тухай нэгдсэн” конвенцуудад багтсан бодис илрээгүй.
Шинжилгээнд илэрсэн метамфетамин нь НҮБ-ын 1971 оны ‘Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцод багтдаг болно.
3. Шинжилгээнд ирүүлсэн “4” гэж дугаарласан мөс мэт зүйлийн гялгар ууттай жин нь 20,6 грамм, цэвэр жин нь 15.2 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 15,1 грамм болов.
“5” гэж дугаарласан мөс мэт зүйлийн гялгар ууттай жин нь 1,6949 грамм, цэвэр жин нь 0,7887 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 0,7543 грамм болов. “6” гэж дугаарласан мөс мэт зүйлийн гялгар ууттай жин нь 5,6784 грамм, цэвэр жин нь 4,5458 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 4,4703 грамм болов” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.1.132-140/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээч цагдаагийн дэслэгч О.Лхагвасүрэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 4110 дугаартай дүгнэлт /хх.1.144-146/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээч цагдаагийн дэслэгч О.Лхагвасүрэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 4111 дугаартай дүгнэлт /хх.1.149-151/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээч цагдаагийн дэслэгч О.Лхагвасүрэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 4109 дугаартай дүгнэлт /хх.1.155-157/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээч цагдаагийн дэслэгч О.Лхагвасүрэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 4118 дугаартай дүгнэлт /хх.1.170-172/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээч цагдаагийн дэслэгч О.Лхагвасүрэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 4104 дугаартай дүгнэлт /хх.1.179-181/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 825 дугаартай “... 4. Б.А нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 5. Б.А нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна...” гэх дүгнэлт /хх.1.185-186/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх.1.198-201/,
Яллагдагчид эрх, үүрэг тайлбарласан баталгаа /хх.1.204/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Ан яллагдагчаар:
2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн:
“... тогтоолтой нэг бүрчлэн уншиж танилцлаа. Дээрх зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.1.205/,
2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн:
“... Дээрх хүмүүсийг хамтран оролцсон зүйл байхгүй, анх өгсөн мэдүүлэгтээ дээрх хүмүүсийг анх намайг бариад өгчихлөө гэж бодоод тэгж худал мэдүүлсэн юм. Энэ хүмүүс надад зүгээр л очиж байх газар болон бараа, бүжгийн хувцас хунар авах гэж л дээрх хүмүүсээс манай нөхөр Монгол улсаас мөнгө хэрхэн шилжүүлдэг талаар асууж байгаад Пролл гэх хүнээс мөнгө зээлсэн юм. Энэ хүмүүс намайг анх ямар зорилгоор яах гэж явж байгааг бол огт мэдээгүй, Туркээс ирээд Энхтулгатай уулзаж гэртээ мөс гэх бодис хэрэглэсэн өөр хэлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх.1.209/,
Хязгаарлалт тогтох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамж /хх.1.211-213/,
Үндэсний гадаад паспортын бүртгэлийн лавлагаа /хх.2.37/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх.2.39/,
“Чингис Хаан” Олон улсын нисэх буудал дахь Гаалийн газрын гаалийн бүсийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /х.2.83-90/,
Эд зүйл, баримт бичиг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /шинээр гаргасан 1 хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:
Шүүгдэгч Б.Ан хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.1.215-222, шинээр гаргасан 11 хуудас/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх.1.223, 2.102/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байх тул шүүх эдгээр нотлох баримтыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой юм.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Үйл баримтын талаарх дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Б.А нь Бүгд Найрамдах Турк Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтсан “мөс” гэх нэршилтэй метамфетаминий агууламжтай 20,5345 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө 03 цагийн үед Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах “Чингис хаан” олон улсын нисэх буудлаар буюу Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн,
2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 18-33 тоотод 1971 оны Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад багтсан метамфетаминий агууламжтай “мөс” гэх нэршилтэй 20,5345 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх үйл баримтын талаар нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дээрх нотлох баримтуудаар тухайн үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, хэргийн талаар нотолбол зохих байдал хангалттай тогтоогдсон гэж үзлээ.
Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт Б.Аг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийг тусган хуульчилж, мөн зүйлийн
1 дэх хэсэгт “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг,
2 дахь хэсэгт “худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан” гэх,
3 дахь хэсэгт “улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн” гэж уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тус тус тодорхойлжээ.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 3.1.1-д “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, “Мансууруулах эмийн тухай” 1961 оны НҮБ-ын Конвенц, “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” 1971 оны НҮБ-ын Конвенцын жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгоно.
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 4116 дугаартай дүгнэлтээр, шүүгдэгч Б.Агаас илэрсэн “мөс” мэт зүйлүүд буюу Метамфетамин нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын II жагсаалтад хамаарч байна.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар эмчийн заалтаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм хэрэглэх жор авсан өвчтөн уг эмийг хэрэглэж болох бөгөөд бусад тохиолдолд иргэний хувьд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг ашиглахыг хориглодог.
“Хууль бусаар олж авсан” гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаж авах, хулгайлах, дээрэмдэх, залилах болон бусад хууль бус аргаар өөрийн эзэмшилд авсан үйлдлийг, “Хадгалсан” гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг биедээ авч явах, эсхүл орон байр, агуулах сав, тусгайлан бэлтгэсэн газар зэрэгт байлгахыг, “Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн” гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг зохих зөвшөөрөлгүйгээр, улсын хилээр эсвэл гаалийн хяналтын талбайн хилээр гаргасан, оруулсан, дамжин өнгөрүүлсэн үйлдэл /эс үйлдэхүй/-г тус тус ойлгоно.
Б.Аг нь өөрийн оршин суух хаягийг ашиглан НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан 3 хэсэг уутны хамт нийт 951,9 грамм жинтэй “мөс” гэх нэршилтэй “метамфетамины” агууламжтай хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор Бүгд Найрамдах Турк улс руу өөрийн биеэр зорчин авч биедээ нууж, Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чингис Хаан” олон улсын агаарын замын боомтоор 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн,
НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг Метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй 20.5345 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 19-ний өдөр хүртэл Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 18 дугаар байрны 33 тоот орон сууцанд худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан зэрэг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг улсын хилээр нэвтрүүлж, худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэргийн хүндрүүлэх шинжүүдийг хангасан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг улсын хилээр нэвтрүүлж, худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан” Б.Ан удаа дараагийн үйлдлийг үргэлжилсэн нэг гэмт хэрэг гэж үзнэ.
Гэм буруугийн талаар:
Б.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг улсын яллагч гаргасан бөгөөд иргэдийн төлөөлөгч “шүүгдэгч Б.А нь уг гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд хэргийн зүйлчлэлийн талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргасан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ан өгсөн: “Уг гэмт хэрэгт хураагдсан ууттай мөс гэх нэршилтэй хар тамхийг манай нөхөр Түвшинсайхан 08 дугаар сарын эхээр авчирсан. Үүнийг би Туркээс авчраагүй... хүнд худалдаалах зорилгогүйгээр өгсөн...” гэх мэдүүлэг нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Ганзулын 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр өгсөн:
“... мөс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг Сайхнаагийн найз эмэгтэй болох Үүлээ нь өнөөдөр Турк улсаас ирсэн ба Турк улсаас ирэхдээ авч ирсэн юм шиг байна лээ... Үүлээ хэзээ Турк явсан талаар би мэдэхгүй байна гэхдээ өнөөдөр Турк улсаас ирсэн...” гэх мэдүүлэг /хх.1.65/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Ганзулын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн:
“... Сайханаа над руу фейсбүүкийн чатаар залгаад “хаана байгаа, юу хийж байна...” гэж хэлэхээр нь би “Сүнжинграндийн гадна дүүгээ хүлээж байна” гэж хэлэхэд “чамд 200.000-300.000 төгрөг байна уу, байвал найз нь саяны хэрэглэсэн мөснөөс хүнээс авч өгч чадна шүү” гэж хэлэхээр нь би “одоохондоо мөнгө алга” гэсэн чинь “за за, залгаарай хө” гэж хэлээд тасалсан. Түүнээс хойш цаг гарангын дараа Сайханаа дахин залгаад “... яасан хө, мөнгө төгрөг чинь бүтэх нь үү...” гэхээр нь би “одоохондоо 125.000 төгрөг байна” гэж хэлэхэд миний урдаас “тэгвэл чи наад мөнгөө аваад манай гэрт хүрээд ир, ирэхдээ 2 асаагуур, 1 том ундаа, 2 дуслын систем, 1 хайрцаг парламент аваад хүрээд ир” гэхээр нь би нөгөө захисан зүйлсийг нь аваад найз Боролдойн хамт гэрт нь ... тэр үед Үүлээ Турк улсаас ирэхдээ дээрх мөсийг өөрийн биед нууж оруулж ирсэн талаар яриад байсан...
Дээрх хураагдсан мөсийг Үүлээ Турк улсаас ирэхдээ биедээ нууж авчирсан гэж хэлж байсан, цагдаагийн газар ирээд Үүлээ өөрөө тэгж хэлснийг сонссон, хэрэг гарах өдөр Үүлээ Турк уулсаас ирсэн гэж байсан...” гэх мэдүүлэг /хх.1.67-68/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Боролдойн 2022 оны 08 дугаар сарын 19-ны өдөр өгсөн:
“... Ганзул бид хоёр тэр мөсөө машиндаа хэрэглээд байж ... байхдаа Урансайхан гэсэн хаягтай фейсбүүк чатаар нь “өнөөдөр чадвал 200.000 төгрөгөөр худалдаж авъя” гэсэн чинь “хүнээс л асууж өгье” гэсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа фейсбүүк чатаар “та хоёр юу болсон бэ” гэхээр нь Ганзул “200.000 төгрөг олдохгүй байна, 125.000 төгрөг байна” гэсэн чинь “за тэгвэл 1 ундаа, 2 асаагуур, 1 хайрцаг тамхи, зүү тариур аваад ороод ир” гэхээр нь бид хоёр аваад орж байтал орцонд цагдаа нар байж байгаад бид хоёрыг барьсан...” гэх мэдүүлэг /хх.1.73-75/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Түвшинсайханы 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр өгсөн:
“Би Үүлээ буюу А гэх эмэгтэйтэй 2 жилийн өмнө танилцсан. Тэрнээс хойш хамт амьдарсан. Тэгээд Үүлээ буюу А шөнийн цэнгээний газар бүжиглэдэг ба тус мэргэжлийн дагуу гоёлын дотуур хувцас судлахаар Турк улс руу явна гэж ярьж байсан. Тэгээд Турк улс руу явах гээд манай найз Ээгий буюу Энхтулгад энэ талаараа хэлсэн. Учир нь Энхтулга нь Турк улсад амьдарч байсан. Тэгтэл Ээгий буюу Энхтулга “Турк явж байгаа бол мөс аваад ир, би зардаг хүнийг нь танина, тэр хүнд хэлээд мөнгийг өгнө, тэр хүний өгсөн мөсийг аваад ир” гэж хэлсэн. Тэгээд Үүлээ буюу А 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Турк улс руу яваад 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Турк улсаас шөнийн 03 цагт ирсэн. Тэгээд тухайн өдөр манай эцэг, эх хөдөө явсан байсан учраас Энхтулга, А бид гурав манай гэрт ирсэн. Гэрт ирэхэд А нэг том гялгар ууттай ойролцоогоор 40 грамм орчим мөс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис авч ирсэн байсан. Үүнээс Ээгийн буюу Энхтулга талыг нь аваад явсан. Үлдсэн талаас нь А бид хоёр хэрэглэсэн. 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр өглөө 08 цагийн үед манай гэрт миний таньдаг Ан найзууд болох Боролдой, Ганзул хоёр ирсэн. Тэгээд тэр хоёрт А гэрийн гадаа гарч уулзаад явуулсан. Тэгээд А бид хоёр өдөр хамт байж байгаад 1 дүгээр хороолол луу явах хэрэгтэй болсон ба машин хэрэгтэй байсан учраас Ганзул руу ярьсан. Тэгээд Ганзултай ярьтал миний урдаас “100.000 төгрөг байна, юм байна уу?” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “юу ч гэсэн хүрээд ир, тэгээд дүгээр хороолол луу хүргээд өг” гэж хэлсэн. Тэгээд Ганзул манай гэрт орж ирэхдээ цагдаа нарын хамт орж ирсэн.
Ээгий миний сонссоноор 4 сая төгрөг Турк улс руу шилжүүлсэн гэж байсан. Прол гэх хүнийг танина. Бүтэн нэрийг нь Батгэрэл гэдэг. Батгэрэлийн найз Дашка гэх залуу хүүтэй мөнгө зээлдэг учраас Батгэрэлээр дамжуулаад найзаас нь 3 сая төгрөг зээлээд Үүлээ буюу А явах зардал хийсэн...” гэх мэдүүлэг /хх.1.79/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Түвшинсайханы 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өгсөн:
“... манай эхнэр Турк яваад ирсэн. Тэр өдөр мөс гарч ирсэн. Бусдаар Б.А, Энхтулга, Батгэрэл /Пролл/ бид нар нийлж мөс гэх бодис хилээр оруулж ирсэн зүйл байхгүй. Энхтулга болон Батгэрэл нараас яваад ирэхэд туслаач гэж гуйсан, нэгээс нь мөнгө зээлсэн, нөгөөхөөс нь тосоод дэлгүүр хоршоо оруулаад өгөх хүн байна уу гэж л гуйсан...” гэх мэдүүлэг /хх.1.81-82/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Энхтулгын 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр өгсөн:
“... Би 2022 оны 06 дугаар сарын 28-ний өдөр Турк улсаас ирээд удалгүй Г.Түвшинсайханаар 1 дүгээр хорооллын тэндээс тевантин авхуулж тариулах гээд очих үед Б.А буюу Үүлээтэй танилцсан, би тэр үеэс хойш Г.Түвшинсайхан надаас байнга л “Туркт мөс яаж байна, үнэ нь хэдтэй байна “гээд байнга асуугаад байсан ба 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр “би эхнэрээ Турк явуулчихлаа, араас нь би явах гээд байна аа, Туркт яаж сим карт авдаг юм бэ? эндээс бэлэн мөнгө яаж явуулах вэ? Манай найз охиныг тосох хүн байдаггүй, чамд тосчих хүн байна уу” гэхээр нь би Туркт байдаг Ган-эрдэнэ гээд ах руугаа ярьтал ах “Тамакалид явж байна” гээд өөр хүн явуулсан ба би тэр хүнийг нь огт танихгүй. Үүлээ тэр хүнийг “гаж донтой юм уу хаашаа юм, сонин сонин юм яриад байх юм” гэж байсан. Г.Түвшинсайхан “өөр хүн байхгүй юу, өвгөн данс руу нь мөнгө хийгээд бэлэн мөнгө гаргаад авчих” гээд шөнө дунд над руу ярихаар нь Аптангэрэл гээд тэнд байдаг дүүтэйгээ холбогдоод “эндээс мөнгө явуулах гээд чи лира буюу турк мөнгөн дэвсгэрт болгоод гаргаад өгчхөөч” гэхэд эхлээд 1.900.000 мянган төгрөг, дараа нь 1.400.000 төгрөг, нийт 3.500.000 мянган төгрөг шилжүүлсэн байсан ба манай Алтангэрэл дүү бэлэн мөнгө гаргаж өгсөн ажлын хөлсөндөө 100 доллар аваад үлдсэн 17.500 лираг Үүлээд өгсөн гэсэн. Алтангэрэл Үүлээг Туркт очно гэсэн газар нь хүргэж өгөөд дараа нь онгоцны буудал хүргэж өгсөн гэсэн.
Тэмүүлэнг болохоор бас Г.Түвшинсайханаар л дамжуулж мэддэг болсон ба хаяадаа тевантин авхуулж тариулдаг. Би 2018 онд Андант гэдэг эмийг хамраараа сорж хэрэглэдэг байсан, хэрэглэсэн үед тайвширдаг, тевантинийг энэ оны 08 сараас хэрэглэдэг болсон, 2016 онд анх удаа мөс хэрэглэж үзсэн, тэрнээс хойш хаяадаа олдсон үед нь хэрэглэдэг болсон, ер бол Туркт л очиж хэрэглэдэг...” гэх мэдүүлэг /хх.1.85-87/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Энхтулгын 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр өгсөн:
“... Аг Турк улс явсан талаар би мэдсэн. Манай найз Түвшинсайхан над руу яриад “... манай эхнэр Турк улсын онгоцны буудал дээр буучихлаа, яаж сим авдаг юм бэ, таньдаг хүн байна уу, тосоод буудал оруулаад сим аваад өгөөч, тэгэх үү...” гээд надаас фейсбүүк чатаар залгаж ярихаар нь би өөрийн танил Ган-Эрдэнэ ах руу холбогдож А буюу Үүлээгийн талаар хэлээд “туслаад өгөөч” гэж гуйхад миний урдаас “ах нь хол явж байна, би нэг танил дүүгээ явуулъя” гэж надад хэлсэн, би тэр хүнийг нь бол танихгүй, Ган-Эрдэнэ ахын таньдаг хүн Үүлээг очиж авсан юм шиг байна лээ, энэ талаар сайн мэдэхгүй байна. Тэгээд Түвшинсайхан дахиж надтай холбогдоод “... манай эхнэр дээр очсон хүнээс өөр хүн байна уу, тэр очсон хүн жаахан эвгүй гар байх шиг байна, эхнэр тэгээд байна” гэж хэлэхээр нь би Туркт ажиллаж амьдардаг Алтангэрэл гэх дүүг холбоо өгсөн. Тэгээд бас Түвшинсайхан “эхнэртээ мөнгө шилжүүлмээр байна, Турк руу мөнгө төгрөг яаж шилжүүлдэг юм бэ” гээд надаас асуугаад байхаар нь би Алтангэрэлийн Голомтын дансыг өгсөн, тухайн үед яг хэдэн төгрөг шилжүүлснийг бол хараагүй. Сүүлд Алтангэрэл дүүгээс асуухад 3.300.000 төгрөг данс руу нь хийгээд Турк улсын мөнгө 17.500 лира болж байгаа, Турктээ бол их мөнгөндөө орно...
Би 2021 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр яваад 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ирсэн юм. Тухайн үед аялах зорилгоор яваад тэнд ажиллаж амьдарч байгаад, тухайн үед тусалж байсан Ган-Эрдэнэ, Алтангэрэл гэх хүмүүсийг таньдаг болсон юм. Өөр Туркийн талаар бол мэдэхгүй. Би Ан нөхөр Түвшинсайхан нь “манай эхнэрийг тосох хүн байхгүй, таньж мэддэг хүн байна уу, туслаач” гэж надтай холбогдсон, мөн “хэрхэн мөнгө төгрөг шилжүүлдэг юм бэ, эхнэртээ мөнгө төгрөг өгмөөр байна” гэж над руу фейсбүүк чатаар хэд хэдэн удаа холбогдсон... Би тусламж хүсэхээр нь тусалчих санаатай л өөрийн зүс таних хүнийг зааж өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх.1.89-90/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Батгэрэлийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өгсөн:
“... Би Энхтулга гэх хүнийг огт танихгүй, Б.Түвшинсайхан, Б.А нарыг бол танина... надаас эхнэрээ Турк руу явуулж хувцас хунар, бараа авчрах гэсэн юм, тэгсэн онгоцны билетийн мөнгө байхгүй мөнгө зээлээч гэж гуйхаар нь хүнд хүүтэй мөнгө зээлдэг найз Дашкагаас гуйгаад аваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх.1.92-93/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч У.Должмаагийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр өгсөн:
“... Тухайн эмэгтэйн гар тээш болон үүргэвчтэй цүнхийг Рентген аппаратаар шалгаж үзэхэд ямар нэгэн сэжигтэй зүйл илрээгүй учраас түүний биед тусад нь үзлэг хийгдээгүй, хэрэв гар тээш болон бусад байдлаар ямар нэгэн сэжигтэй зүйл илэрсэн тохиолдолд тусгайлан биед болон бусад эд зүйлд нэг бүрчлэн үзлэг хийдэг юм...” гэх мэдүүлэг /хх.1.99/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Ан сэжигтнээр 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр өгсөн:
“... би 2022 оны 07 дугаар сард Прол гэх хочтой эрэгтэй хүнтэй танилцсан. Тэр залуу мөс зарж мөнгө олж байсан. Тэгээд бид хоёр ярилцаад Пролын зөвлөсний дагуу би Турк улс руу явж мөс оруулж ирэхээр болсон. Тэгээд Прол надад 3 сая төгрөг мөс аваарай гэж өгсөн ба Пролын өгсөн мөнгөөр би Турк-Монгол хоёрын хооронд ирж очих билетийн мөнгөө хийсэн. Тэгээд би 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Турк улс руу ниссэн. Тэгээд би Турк улсад очоод Ээгий гэх найзтайгаа холбогдоод мөс худалдаж авах хүнийг заалгуулаад тэр хүнтэй уулзаад, би өөрөө граммлаж үзээгүй болохоор мэдэхгүй байна, 30-40 грамм мөс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг Турк хүнээс худалдаж авсан. Тухайн мансууруулах бодисын мөнгийг би төлөөгүй ба Ээгий мөнгийг нь шууд тэр хүнд өгчихсөн байсан ба би Ээгийн хэлсний дагуу тэр хүнтэй нь очиж уулзаад мөсийг аваад 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Монгол улсад ирсэн. Надад өгсөн мөс нь жижиглээд зеплок түгжээтэй уутанд хийсэн байсан учраас би өмдний дотор хийгээд хилээр орж ирсэн. Монгол орж ирээд би найз залуу, Ээгий хоёртой уулзаад манай найз залуугийн гэрт буюу Сансарт очсон...
Уг нь би Турк улсад очоод мөсийг худалдаж аваад ачаанд өгөх ёстой Байсан боловч онгоцноос хоцрох гээд байсан учраас өөрөө аваад Монголд ирсэн...” гэх мэдүүлэг /хх.106-107/ зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгдэн няцаагдана.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбатын: “Гэрч Батгэрэлийн мэдүүлэг, зэрэг нотлох баримтуудыг судлан үзэхэд миний үйлчлүүлэгч Б.А нь Монгол улсын хилээр мөс оруулж ирсэн, худалдаалсан гэсэн үйл баримт тогтоогдохгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй байна... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзсэн боловч энэ нь тогтоогдохгүй байна. Хүнийг таамаглал төдий байдлаар яллаж болохгүй. Ийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт үйлдсэн гэж үзэж байна” гэх дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг улсын хилээр нэвтрүүлж, худалдаалах зорилгоор хууль бусаар олж авах, хадгалах гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Б.Ан үйлдсэн гэмт хэрэг нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон тус гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой, шунахайн сэдэлттэй байна.
Иймд Б.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг улсын хилээр нэвтрүүлж, худалдаалах зорилгоор хууль бусаар олж авах, хадгалах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирол, хор уршгийн талаар:
“Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэрэг нь хийснээр төгсдөг, хор учирсан байхыг шаардахгүй, хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг бөгөөд Б.Ан үйлдсэн гэмт хэрэгт хохирогч тогтоогдоогүй учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэрэг нь хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засаг, хүний удмын гений санд хор уршиг учруулдаг, нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь мэдрэлийн системийг гэмтээн, уураг тархины хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, хараат байдлыг бий байдлыг бий болгон, улмаар үнэт зүйлсийн тухай үнэлэмжийг өөрчилж, ёс суртахуунгүй, оюун санааны эрхэм дээд зорилго, амьдралын үнэт зүйлгүй болгон, хэрэгцээгээ хангахын тулд хууль бус үйлдэл хийж, олон нийтийн аюулгүй байдалд асар их хор уршиг, хохирол учруулдаг болохыг дурдаж байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
Б.А гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.Ан үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгчид 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Б.Ад эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Сүхээ нь “Миний үйлчлүүлэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, одоо жирэмсэн байгаа, одоо бага насны 2 хүүхэдтэй тул хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг заасныг хэрэглэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг гаргасан болно.
Олон нийтийн аюулгүй байдал, эрүүл мэнд, ашиг сонирхлын эсрэг үйлдэгддэг, тухайн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн нийгмийн аюул, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргээс үзэхэд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт оногдуулахаар хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Бусад асуудлаар:
Б.Аг 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 21-ний өдрийг хүртэл хойшлуулшгүйгээр баривчилсан 2 хоногийг эдлэх ялд нь оруулж тооцон, түүнд урьд нь авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүгдэгчийг энэ өдрөөс цагдан хорьж, уг таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан Сиди 3 ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээн, мөнгөн дэвсгэртүүдийг Монгол Улсын Банканд шилжүүлж, бусад эд зүйлсийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар холбогдох байгууллагад даалгаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.12 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Бат-ЭАг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг улсын хилээр нэвтрүүлж, худалдаалах зорилгоор хууль бусаар олж авах, хадгалах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Б.Ад оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Аг урьд нь баривчилсан 2 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч Б.Ад урьд нь авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 дэх заалтад тус тус заасныг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан:
0.33 литрийн Вояаж цэвэр усны савыг цоолж бонго мэт болгосон хэрэглүүр 1 ширхэг, хүзүү хэсгээр нь тайрсан бохирлогдсон тарианы ус 1 ширхэг, Бонакуа усны савны таг, 15,2 грамм цагаан өнгийн мөс мэт зүйл, 0,7887 грамм цагаан өнгийн мөс мэт зүйл, 5,7 грамм мөс мэт зүйл, бохирлогдсон зиплок түгжээтэй гялгар уут зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж,
серийн дугаар харагдахгүй боломжгүй 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт N03677960 серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, А114037754 серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт зэргийг Монгол Улсын Банканд шилжүүлж,
Сидиг 2 ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.
8. Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Ан асрамжид байсан 4 настай У.Энхлэн, 1 нас 5 сартай А.Амирлан нарын хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх үүргийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгасугай.
9. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Э.ОЮУНТУНГАЛАГ
Д.ШИНЭХҮҮ