| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2023/0013/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/24 |
| Огноо | 2022-12-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Мөнхтулга |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 2023/ШЦТ/24
2022 12 27 2023/ШЦТ/24
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярбат,
Улсын яллагч Б.Мөнхтулга,
Шүүгдэгч Д.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Д.Нид холбогдох 2206 00000 3796 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1977 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, КФС түргэн хоолны газарт харуул ажилтай, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 34 дүгээр гудамжны 1810 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй,
Дорноговь аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 1996 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 10 дугаартай таслан сэргийлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 278 дугаар зүйлийн 278.3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,
Баянгол дүүргийн шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 152 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял тус тус шийтгэгдэж байсан, С овогт Дын Н /РД: /.
Хэргийн товч агуулга:
Д.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр Дунд Дарь-Эхийн 234 тоотод хохирогчтой үл ялих зүйлээр шалтаглан, улмаар хохирогч С.Гэрэлчулууны хацрыг хутгаар зүсэж, улмаар хохирогчийн биед дээд уруул, дээд уруулаас зүүн хацарт зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Н өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй... Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын биед гэмтэл учруулсан нь миний буруу.” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулсан дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.05/,
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх.08/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх.11-12/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Гэрэлчулууны өгсөн: “... Би 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хороололд ажлынхаа газрын хүний гэрт хоёр пиво уучхаад, 14 цагийн орчим ажлынхаа нэг хүнтэй хамт гараад такси бариад ажлынхаа газрын хүнийг замдаа зурагтын орчим буулгачхаад, хуурай ах Н руу залгаад “хаана байгаа юм” гэсэн чинь “гэртээ байна” гэж хэлсэн, тэгээд би “яваад очъё” гэсэн чинь “тэг тэг” гээд би такситайгаа хуучин эцэс дээр ирээд “Барх” дэлгүүрийн гадаа зогссон чинь Н ах ирчихсэн хүлээж байсан. Н ах таксины мөнгө гээд жолоочид нь 10.000 төгрөг өгсөн. Таксигаа явуулчхаад, Н ах бид хоёр дэлгүүр ороод би өөрийн мөнгөөр 1 литрийн Эдэн нэртэй архи 1 шил, тараг, тамхи, хиам, талх зэрэг ойр зуурын юм аваад, Н ахын гэр лүү алхаад очсон. Гэрт нь ороход Н ахын эхнэр нь гээд нэг эмэгтэй, бас таяг тулчихсан өөрийгөө Даш гээд нэг хөгшин ах байсан. Тэр гурав намайг ирэхээс өмнө архи уугаад хөзөр тоглож байсан. Тэгээд бид дөрөв нийлээд хөзөр тоглоод нөгөө авч ирсэн архинаасаа ууцгаасан... Н ах над руу хандаад “чи миний төрсөн дүү болох Баярмагнайг эмнэлэгт хэвтэж байхад нь яагаад ирдэггүй юм бэ” гээд үг хаяад байсан. Тэгэхээр нь би “Баярмагнай бид хоёрын асуудал танд ямар хамаатай юм бэ, би эргэхээр бол өөрөө очоод эргэчихнэ” гэсэн чинь Н ах уурлаад гэнэт гэрийн хаалганы хажуу талын шүүгээнээс цэнхэр иштэй заазуур шиг мэс аваад баруун гартаа барьж над руу ирээд миний зүүн талын хацар луу зүсэх шиг болсон. Тэр үед би хойшоо болоод урагшаа босоод ирсэн чинь миний зүүн хацраас их хэмжээний цус гараад байхаар нь зугтаагаад хаалгаар гараад хацраа дараад өөрийн дугаараасаа 102-т дуудлага өгсөн, бас эхнэр Анхчимэгийн 88664785 дугаарын утас руу залгаад нүүрэндээ хутгалуулсан талаараа хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.18-19/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Анхчимэгийн өгсөн: “... 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өглөө 07 цагийн үед ажилдаа явсан. Манай нөхөр амраад гэртээ үлдсэн. Орой 16 цагийн орчим би ажил дээрээ байж байх үедээ нөхөр лүүгээ залгасан чинь “Н гэдэг ахынхдаа ирчихсэн байна, одоо ингээд харилаа” гээд ярьж байсан. Тэрнээс хойш би 18 цагийн орчим гэртээ ирэхэд манай нөхөр Гэрэлчулуун гэртээ ирээгүй байсан. 18 цаг орчим Гэрэлчулуун над руу залгаад “гэртээ байгаа юм уу, байгаа бол хоолоо хийж бай, одоо очлоо” гээд утсаа салгасан. Би хоолоо хийгээд байж байсан чинь 19 цагийн орчимд Гэрэлчулуун над руу залгаад “Н ах намайг хутгалчихлаа, хүрээд ир, би аймаар их цус алдаад байна, намайг авчих, “Барх” дэлгүүрийн гадаа зогсож байна, зугтаагаад гараад ирлээ” гэхээр би гэрээсээ гараад такси бариад “Барх” дэлгүүрийн гадаа ирсэн чинь цагдаагийн машинтай хүмүүс ирчихсэн зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх.21/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Уранчимэгийн өгсөн: “... Би гэртээ байж байсан чинь Н манай гэрт ирээд “би Гэрэлчулуунтай муудалцчихсан байна, юунаас болоод маргалдаж муудалцсанаа мэдэхгүй байна” гээд байсан. Тэгээд намайг аваад Н гэр лүүгээ аваад явсан. Гэрийнхэн гадаа ирсэн чинь гэрийнх нь шал дээр цус дусалсан байсан. Тэгээд Нийн гэрт бид хоёр байж байсан чинь гаднаас 3 цагдаа орж ирээд Н бид хоёрыг авч явсан...” гэх мэдүүлэг /хх.26/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Б.Цолмонгийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 15489 дугаартай:
“1. С.Гэрэлчулууны биед дээд уруул, дээд уруулаас зүүн хацарт зүсэгдсэн шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна.
2. Дээрх гэмтлүүд нь 2022.11,08-ны өдөр үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх.28-29/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх.01-03/,
Яллагдагчид эрх үүрэг, тайлбарласан баталгаа /хх.61/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Нийн яллагдагчаар өгсөн: “... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Их харамсаж байна. С.Гэрэлчулуунд эмчилгээний зардал өгөх гэсэн боловч “танаас илүү дутуу юм авахгүй” гээд байгаа юм. Хохирол нөхөн төлөхөд бэлэн байна...” гэх мэдүүлэг /хх.63/,
Хохирогчийн Эрүүл мэндийн даатгалын сангаас эмчилгээний хийлгэсэн баримт /хх.68/,
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч А.Маралын өгсөн: “... Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал 370.000 төгрөгийг нөхөн төлүүлж өгнө үү. ....” /хх.71-72,
Шүүгдэгч Д.Нийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх.76/,
Шүүгдэгч Д.Нийн Эрүүл мэндийн даатгалын санд хохирол төлсөн тухай баримт /хх.78/,
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх.81/,
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:
Шүүгдэгч Д.Нийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх.32/,
Хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.33-35/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх.36/ зэрэг болно.
Урьд ял шийтгүүлсэн тогтоолын хуулбарууд /хх.40-41, 44-50/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байх тул шүүх эдгээр нотлох баримтыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой юм.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Үйл баримтын дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Д.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр Дунд дарь-эхийн 234 тоотод хохирогчтой үл ялих зүйлээр шалтаглан, улмаар хохирогч С.Гэрэлчулууны хацрыг хутгаар зүсэж, улмаар хохирогчийн биед дээд уруул, дээд уруулаас зүүн хацарт зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.05/,
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх.08/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх.11-12/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Гэрэлчулууны өгсөн: “... Н ах уурлаад гэнэт гэрийн хаалганы хажуу талын шүүгээнээс цэнхэр иштэй заазуур шиг мэс аваад баруун гартаа барьж над руу ирээд миний зүүн талын хацар луу зүсэх шиг болсон. Тэр үед би хойшоо болоод урагшаа босоод ирсэн чинь миний зүүн хацраас их хэмжээний цус гараад ...” гэх мэдүүлэг /хх.18-19/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Анхчимэгийн өгсөн: “... 19 цагийн орчимд Гэрэлчулуун над руу залгаад “Н ах намайг хутгалчихлаа, хүрээд ир, би аймаар их цус алдаад байна, намайг авчих, “Барх” дэлгүүрийн гадаа зогсож байна, зугтаагаад гараад ирлээ” гэхээр нь ...” гэх мэдүүлэг /хх.21/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Уранчимэгийн өгсөн: “... Би гэртээ байж байсан чинь Н манай гэрт ирээд “би Гэрэлчулуунтай муудалцчихсан байна, юунаас болоод маргалдаж муудалцсанаа мэдэхгүй байна” гээд байсан... Гэрийнхэн гадаа ирсэн чинь гэрийнх нь шал дээр цус дусалсан байсан...” гэх мэдүүлэг /хх.26/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Б.Цолмонгийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 15489 дугаартай:
“1. С.Гэрэлчулууны биед дээд уруул, дээд уруулаас зүүн хацарт зүсэгдсэн шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна.
2. Дээрх гэмтлүүд нь 2022.11,08-ны өдөр үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх.28-29/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Нийн яллагдагчаар өгсөн: “... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Их харамсаж байна...” /хх.63/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Нийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дээрх нотлох баримтуудаар тухайн үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, хэргийн талаар нотолбол зохих байдал хангалттай тогтоогдсон гэж үзлээ.
Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Нийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг тусган хуульчилж, уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон байна.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааснаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулжээ.
Хохирогч С.Гэрэлчулууны биед шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон “биед дээд уруул, дээд уруулаас зүүн хацарт зүсэгдсэн шарх” гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч Д.Н нь хохирогч С.Гэрэлчулууны биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг хангасан байна.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг улсын яллагч гаргасан бөгөөд гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар шүүгдэгч маргаагүй болно.
Шүүгдэгч Д.Н гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд заасан шаардлагыг бүрэн хангасан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой юм.
Д.Н нь иргэн С.Гэрэлчулууны эрүүл мэндийн эсрэг халдсан нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Шүүгдэгч Д.Нийг гэмт үйлдлийн улмаас хохирогч С.Гэрэлчулууны эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл болон хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой юм.
Иймд шүүгдэгч Д.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заажээ.
Хохирогч С.Гэрэлчулуун “... нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй...” гэсэн, шүүгдэгч Д.Н нь Эрүүл мэндийн даатгалын санд хохирлын нөхөн төлбөр 370.000 төгрөг төлсөн байх тул шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
Д.Н гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Д.Нид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулж, яллагдагч тус саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Д.Нийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзаж үзсэн болно.
Шүүгдэгч Д.Нид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “учруулсан хохирлыг төлсөн” гэж заасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Д.Нид оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Н нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Шүүгдэгч Д.Нид урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт Дын Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Д.Нид оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Нид сануулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Нид урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР