Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 135/ШШ2019/00407

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2019/00075/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, .... тоотод оршин суух, регистрийн дугаар ......., харилцах утас ..........., *******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ..... тоотод оршин суух, регистрийн дугаар ........., харилцах утас ........, *******-д холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ******* , нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч ******* , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч *******  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Миний бие нь нөхөр ******* тай 2010 онд танилцаж, 2015 оны 6 дугаар сарын 20-ны өдөр албан ёсоор гэр бүлээ батлуулсан. Бидний хамтын амьдралын хугацаанд хүү ******* 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн. Сүүлийн 3 жилд нөхөр Б-н зан араншин өөрчлөгдөж, оройн цагаар гараад үүрээр архи уучихсан орж ирдэг. Өмнө нь үерхэж байсан болон бусад эмэгтэйчүүдтэй байнга харьцдаг. Гэр бүлийн халуун дулаан харьцаа байдаггүй. Хүүхдэдээ хайр халамгүй, цаг гаргадаггүй, хүүхдийн хажууд юм шидэж, гэр орноо буулгадаг. Миний эрх чөлөөнд хэд хэдэн удаа халдаж байсан. Ийм амьдралаа авч үлдэх гэж эцэг, эхийн хамт олон удаа оролдсон боловч үр дүнд хүрээгүй. Цаашид хүчирхийллийн дунд амьдрах боломжгүй ба хүүгээ өөр дээрээ авч, хүүхдийн тэтгэлгийг тогтоолгоно. Эд хөрөнгийн асуудлыг явцын дунд нотлох баримтыг бүрдүүлж, дундын хөрөнгө хуваах талаар нэхэмжлэлийнхээ шаардлагыг нэмэгдүүлэх болно. Нэгэнт эвлэрүүлэн зуучлалаар ороод дуусгавар болсон тул дахин эвлэрэх хугацаа олгохгүйгээр гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.

 

Хариуцагч *******  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь 2010 онд эхнэр болох ******* той танилцаж, 5 үерхэж нөхөрлөж 2015 онд гэр бүл болж гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. Гэр бүл болсон жилдээ бид хоёр нэг хүүтэй болсон. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд эхнэр бид хоёрын хооронд гэр бүлийн хүрээнд бага сага хэрүүл гардаг байсан бөгөөд сүүлийн нэг, хоёр жилд гэр бүлийн

халуун дулаан уур амьсгал алдагдаж ирсэн учир нь миний бие гэр орон амьдрал ахуйгаа авч явахын тулд үндсэн ажлынхаа хажуугаар оройн цагаар зарим тохиолдолд хөдөө орон нутагт барилгын ажил хийж явдаг байсан. Гэр бүлдээ цаг зарцуулах нь бага байсан минь үнэн. Харин энэ бүх зүйлийг минь эхнэр маань ойлгохгүй үүднээс хэрүүл үүсдэг байсан. Би эхнэрээ ойлгох байх гэж олон удаа хүлээсэн боловч ойлгоогүй. Би амьдралаа авч явахын тулд ажил хийж мөнгө олох хэрэгтэй. Тиймдээ ч түүнийхээ төлөө явсан минь хариу буруу болж, гэр бүл болсон үеэс би эхнэрээ нэг ч удаа өөр хүүхэнтэй гадуур явж хуурсан удаа байхгүй. Хийгээгүй үйлдлийг минь хийсэн болгож, үйлдээгүй үйлдлийг минь үйлдсэн болгож өргөдөл бичсэн байна. Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би хүүдээ маш их хайртай. Хүүгийнхээ, эхнэрийнхээ төлөө нойр хоолоо хасаж явсан минь эргээд намайг хүүхдэдээ хайргүй гэсэн өргөдөл бичсэн байна. Ажлаа тараад ирэх тоолонд эхнэр маань өөдөөс хэрүүл хийдэг. Энэ бүхнээс хол байх гэж би хааяа орой унтсан байхад нь харьдаг байсан. ажлаа тараад гэртээ ирэхэд гэр орон замбраагүй заваан байдаг. Энэ мэт асуудлаас болж миний бие бухимдаж хэрүүл хийж байх үедээ эд зүйлээ 2 удаа шидсэн минь үнэн. Энэ стрессээс болж би хааяа найзуудтайгаа пиво ууж байгаад шөнөөр гэртээ харьдаг байсан минь үнэн. Энэ өнгөрсөн хугацаанд миний зан араншин өөрчлөгдсөн учир нь энэ бүх асуудлаас болж миний зан араншин эвдэрсэн. Ийм болгосон хүн нь салах гээд яваад байгаа эхнэр маань юм. Хэрвээ эхнэр маань энэ бүх зүйлийг зөвөөр ойлгоод намайг уучилвал миний хувьд энэ босгосон амьдралаа салгаад байх шаардлагагүй гэж үзэж байна гэв.  

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч *******  нь хариуцагч ******* д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч ******* , хариуцагч *******  нар нь 2010 онд танилцаж, 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор батлуулан гэр бүл болон хамтран амьдарч байх хугацаандаа 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүү *******-г төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч *******  нь ... Сүүлийн 3 жилд нөхөр Б-н зан араншин өөрчлөгдөж, оройн цагаар гараад үүрээр архи уучихсан орж ирдэг. Өмнө нь үерхэж байсан болон бусад эмэгтэйчүүдтэй байнга харьцдаг. Гэр бүлийн халуун дулаан харьцаа байдаггүй. Хүүхдэдээ хайр халамгүй, цаг гаргадаггүй, хүүхдийн хажууд юм шидэж, гэр орноо буулгадаг. Миний эрх чөлөөнд хэд хэдэн удаа халдаж байсан. Ийм амьдралаа авч үлдэх гэж эцэг, эхийн хамт олон удаа оролдсон боловч үр дүнд хүрээгүй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхойлсныг хариуцагч үгүйсгээгүй, бөгөөд цаашид хамтын амьдралаа үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж тайлбар гаргаж байгаа болно.     

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд гэрлэгчдийг эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр эвлэрүүлэх арга хэмжээ авахаар 2 /хоёр/ сарын хугацаа олгож, хэргийг түдгэлзүүлсэн боловч 2019 оны 04 дүгээр 17-ны өдрийн 61 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлээр гэрлэгчид нь эвлэрээгүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д Гэрлэгчид эвлэрэх боломжгүй бол шүүхийн шийдвэрт заасан хугацаа дуусмагц шүүх гэрлэлтийг цуцална гэж зааснаар тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй.

Зохигчид нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй тул *******-г эх ******* ийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, 26.4-д “эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан үүрэг хэвээр үлдэнэ”, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг ******* ар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

Зохигчид нь эд хөрөнгийн маргаанаа тусд нь шийдвэрлүүлнэ гэж тайлбар гаргасан тул шүүхэд хандаж шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасныг баримтлан *******, ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

            2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн хүү *******-г эх ******* ийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар *******-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг ******* ар тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэрэгжүүлж байхыг эцэг ******* , эх *******  нарт даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210 600 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 210 600 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагчаас нэг жилийн хугацаанд төлөгдвөл зохих хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд улсын тэмдэгтийн хураамж тооцож 31 492 төгрөг гаргуулж Төрийн сангийн орлогод тус тус оруулсугай.

6. Зохигчид эд хөрөнгийн маргаанаа жичэд нь шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн               119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ө.Ягаанцэцэгт даалгасугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

    

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Д.АЛТАНТУЯА