| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2023/0019/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/28 |
| Огноо | 2022-12-28 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | А.Өсөхбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 2023/ШЦТ/28
2022 12 28 2022/ШЦТ/28
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жанерке,
Улсын яллагч А.Өсөхбаяр,
Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Аод холбогдох 2206 03580 2586 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1992 оны 08 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 2а хэсэг, Базар хайрхны гудамжны 997 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Х овогт Бын А /РД: /
Хэргийн товч агуулга:
Б.А нь 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Орчлон комплексын В1 давхраас 8 ширхэг хайрцагтай кофены 8000 ширхэг нэг удаагийн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 2.720.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулсан дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.02/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Бадамцэцэгийн өгсөн: “... 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 15 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Орчлон комплексын В1 давхар луу бууж шатны доор тавьсан байсан кофены аяга авахаар буусан. Тухайн үед миний байрлуулсан 8 хайрцаг /нийт 8000 ширхэг/ аяга бүгд байсан юм. Би буугаад аягаа авалгүй буцаад дээшээ гарсан. 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр манай Саран кофе шопын дэргэд үйл ажиллагаа явуулдаг япон хоолны газрын эзэн Нандин-Эрдэнэ таараад “танайх кофены аягаа зарж байгаа юм уу, 5-6 хоногийн өмнө фейсбүүкийн сав баглаа боодол сонирхогчид гэсэн групп дээр аяга зарахаар зар тавьсан байсан” гэх утгатай зүйл хэлэхээр нь би аяга тавьсан газар луугаа очиход миний 8 хайрцаг аяга алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /хх.11-12/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Бадамцэцэгийн дахин өгсөн: “... Би яг хэдэн аяга алдсанаа мэдэхгүй байна. Би 10.000 гаран аяга авснаас кофе шопдоо 1000 гаран аяга хэрэглэсэн. Тэгэхээр 8000 гаран аяга алдсан. Би хулгайд алдсан аяганаасаа 2000 гаран аягыг буцааж нарийвчлан тоо гаргах боломгүй байна. Би 2022 оны 05 дугаар сарын 28-нд аягаа үзэхэд байсан, тэгээд 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр алга болсныг мэдсэн, надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх.48-49/,
Мөрдөн шалгах шалгах ажиллагаанд гэрч Э.Билгүүний өгсөн: “... Би тэнд аяга зарах хүнээ 08 цаг 30 минут хүртэл хүлээсэн. Удалгүй үл таних эрэгтэй над дээр ирж аяга зарах хүн байна гэж хэлсэн. Тэгээд би тэр хүнтэй явж зарах гэж байгаа аягыг үзэх гэхэд үзүүлээгүй. Тэгээд тэр залуу нэг байрны булан руу орж хайрцагтай аяганууд авч ирж үзүүлсэн. Би өөрөө их хэмжээний нэг удаагийн аяганы захиалга авсан байсан тул шууд авахаар болсон. Аяга зарсан залуу миний машин руу нийт 7 хайрцаг зөөж ачсан, би тэр хүний 5011424364 тоот Хаан банкны данс руу 700.000 төгрөг шилжүүлсэн, бараа дутуу байсан тул буцааж 50.000 төгрөгийг бэлнээр авсан...” гэх мэдүүлэг /хх.18/,
Дамно ХХК-й 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан, дүгнэлт /хх.21-22/,
2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.04-07/,
2022 оны 06 сарын 09-ний өдрийн эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /хх.29/,
2022 оны 06 сарын 09-ний өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх.30/,
Б.Аын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх.46/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх.37-38/,
Яллагдагчид эрх үүрэг тайлбарласан баталгаа /хх.41/,
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх.25/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх.26/,
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх.27/,
Иргэний үнэмлэхийн мэдээлэл /хх.28/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байх тул шүүх эдгээр нотлох баримтыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой юм.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Үйл баримтын талаарх дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Б.А нь 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Орчлон комплексын В1 давхраас 8 ширхэг хайрцагтай кофены 8000 ширхэг нэг удаагийн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 2.720 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.02/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Бадамцэцэгийн өгсөн: “... 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 15 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Орчлон комплексын В1 давхар луу бууж шатны доор тавьсан байсан кофены аяга авахаар буусан. Тухайн үед миний байрлуулсан 8 хайрцаг/нийт 8000 ширхэг/ аяга бүгд байсан юм... 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр манай Саран кофе шопын дэргэд үйл ажиллагаа явуулдаг Япон хоолны газрын эзэн Нандин-Эрдэнэ таараад “танайх кофены аягаа зарж байгаа юм уу, 5-6 хоногийн өмнө фейсбүүкийн сав баглаа боодол сонирхогчид гэсэн групп дээр аяга зарахаар зар тавьсан байсан” гэх утгатай зүйл хэлэхээр нь би аяга тавьсан газар луугаа очиход миний 8 хайрцаг аяга алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /хх.11-12/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Бадамцэцэгийн дахин өгсөн: “... Би 10.000 гаран аяга авснаас кофе шопдоо 1000 гаран аяга хэрэглэсэн. Тэгэхээр 8000 гаран аяга алдсан... Би 2022 оны 05 дугаар сарын 28-нд аягаа үзэхэд байсан, тэгээд 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр алга болсныг мэдсэн...” гэх мэдүүлэг /хх.48-49/,
Мөрдөн шалгах шалгах ажиллагаанд гэрч Э.Билгүүний өгсөн: “... Би тэнд аяга зарах хүнээ 08 цаг 30 минут хүртэл хүлээсэн. Удалгүй үл таних эрэгтэй над дээр ирж аяга зарах хүн байна гэж хэлсэн. Тэгээд би тэр хүнтэй явж зарах гэж байгаа аягыг үзэх гэхэд үзүүлээгүй. Тэгээд тэр залуу нэг байрны булан руу орж хайрцагтай аяганууд авч ирж үзүүлсэн. Би өөрөө их хэмжээний нэг удаагийн аяганы захиалга авсан байсан тул шууд авахаар болсон. Аяга зарсан залуу миний машин руу нийт 7 хайрцаг зөөж ачсан, би тэр хүний 5011424364 тоот Хаан банкны данс руу 700.000 төгрөг шилжүүлсэн, бараа дутуу байсан тул буцааж 50.000 төгрөгийг бэлнээр авсан...” гэх мэдүүлэг /хх.18/,
Дамно ХХК-й 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан, дүгнэлт /хх.21-22/,
2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.04-07/,
2022 оны 06 сарын 09-ний өдрийн эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /хх.29/,
2022 оны 06 сарын 09-ний өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх.30/,
Б.Аын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх.46/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Аын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудаар тухайн үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, хэргийн талаар нотолбол зохих байдал хангалттай тогтоогдсон гэж үзлээ.
Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Аыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг тусган хуульчилж, мөн зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар иргэний өмчлөх эрхийг баталгаажуулжээ.
“Хүч хэрэглэхгүйгээр” гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэнийг, “нууцаар” гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг, “хууль бусаар авсан” гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг тус тус ойлгоно.
Түүнчлэн “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэсэн хувийн дотоод итгэл бүхий сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогддог.
Нөгөөтээгүүр хулгайлах гэмт хэрэг нь өмчлөх эрхийн бусад хэлбэрээс ялгагдах нэг онцлог нь хулгайлагдсан эд юмс нь гэмт халдлагад өртөгдөх үед иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, эзэмшигч тэдгээрийн эд хариуцагч хүмүүс, албан тушаалтны мэдэлд байх бөгөөд гэмт этгээд түүнтэй харьцах хууль ёсны эрх, үүрэггүй учир нууц, далд аргаар авч өөрийн эзэмшил болгодгоороо онцлогтой.
Б.А нь иргэн Ц.Бадамцэцэгийн өмчлөлийн 8 ширхэг хайрцагтай кофены 8000 ширхэг нэг удаагийн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.
Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг улсын яллагч гаргасан бөгөөд гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар шүүгдэгч маргаагүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэгт “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” буюу 300.000 төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгохоор заасан байдаг ба шүүгдэгч Б.А нь хохирогч Ц.Бадамцэцэгийн 2.720.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг хулгайлан авч бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хохирол учруулжээ.
Б.Аын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг хор уршиг учруулах аюултай байгаа нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Б.А нь хохирлын 2.720.000 төгрөгийн үнэтэй 8000 ширхэг нэг удаагийн аяганаас хохирогч Ц.Бадамцэцэгт 830.280 төгрөгийн үнэтэй 2442 ширхгийг буцаан хүлээлгэж өгсөн байх тул үлдэх 1.889.720 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид олгох нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
Б.А нь гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.Аын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Б.Аод эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Б.Аын гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулаагүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй, оршин суух тодорхой хаяггүй зэрэг хувийн байдлаас үзэхэд түүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулах нь тохиромжгүй гэж үзлээ.
Бусад асуудлаар:
Б.Аыг 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хорьсон 20 хоногийг эдлэх ялд оруулан тооцон, түүнд урьд нь авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Бын Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аод 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Б.Аод оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Аыг цагдан хорьсон 20 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Б.Аоос 1.889.720 төгрөг гаргуулж, хохирогч Ц.Бадамцэцэгт олгосугай.
7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Аод урьд нь цагдан хорих авсан таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР