Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
Хэргийн индекс | 169/2022/0159/Э |
Дугаар | 2022/ШЦТ/162 |
Огноо | 2022-06-12 |
Зүйл хэсэг | 17.8.3.1., |
Улсын яллагч | Ч.Отгонбаатар |
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 2022/ШЦТ/162
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат
Улсын яллагч О.Эрхэмбаяр,
Хохирогчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******т холбогдох 2222001420164 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Дундговь аймгийн ******* ******* төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оюутан, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дундговь аймгийн ******* ******* 4 дүгээр оршин суух хаягтай, одоо Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 8 дугаар Худалдаа хөгжлийн их сургуулийн дотуур байрны 311 тоотод түр оршин сууж байгаа, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урд ял шийтгүүлж байгаагүй, овогт Ганбаатарын Маналжав /РД: /
Шүүгдэгч ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ согтуугаар Дундговь аймгийн ******* ******* 5 дугаар баг Чингийн 4-1 тоотод оршин суух байшинд 2022 оны 07 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө цонхоор нь орж хөөгдөж гараад, бензин авч ирээд, байшингийн үүдний амбаарыг шатаасан буюу олон хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар бусдын эд хөрөнгийг устгаж 1.860.077 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “Би 07 сарын 07-ноос 08-нд шилжих шөнө ангийнхантайгаа гараад, архи уугаад их согтсон байсан. Нэг мэдсэн нүүр хорсож байсан. Болсон зүйлийг бүдэг бадаг ч санахгүй байгаа. Хохирлоо нөхөн төлсөн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна” гэв.
-Хохирогч “2022 оны 07 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө би Дундговь аймгийн ******* ******* 5 дугаар баг Чингийн 04-01 тоотод байх өөрийн байшинд бэр Долгормаа, ач хүү Эрхэмбаяр /9 настай/, ач охин Насанбуян /6 настай/ нарын хамт том өрөөндөө унтсан. Тухайн үед Эрхэмбаяр байшингийн баруун талын хананд байх орон дээр, би газраар хаалга талдаа /зүүн захад/ миний баруунд талд Насанбуян, түүний цаана ээж нь буюу Долгормаа унтаж байсан. Тэгээд унтаж байтал нойлын өрөөний хаалга дуугараад гуталгүй эрэгтэй хүн нойлын өрөөнөөс гарч ирээд хаалгыг хааж байсан. Тухайн үед би сэрсэн юм. Манай байшингийн хажууд байх гэрт манай эрэгтэй дүү унтаж байсан тул тэрийг нойл орчихоод гарч байна гэж бодоод хашхираагүй юм. Тэгтэл тэр хүн суугаад, мөлхөөд, миний хөл дээгүүр даваад, баруун тийш мөлхөх үйлдэл хийх үед нь Дагаа ах чинь биш байна, хулгайч байна гэж орилсон юм. Тэгээд тэр хүнийг би зуураад авсан. Тухайн үед Долгормаа босоод гэрэл асаасан. Тэгэхэд хар өнгийн хувцастай эрэгтэй хүн байсан. Би “хэн бэ чи” гэхэд тэр хүн “би Манал байна аа” гэж хэлсэн. Би сандрахдаа нүүрийг нь маажчихсан ба “хурдан гараач ээ чи, хүүхдүүд айгаад байна” гэж хэлэхэд тэр хүн газар хэвтчихээд “би Манал байна аа” гээд байсан. Тэгээд гар гэхэд нойлын өрөө рүү явах гээд байсан. Тэгэхээр нь би “чи ийшээ гараач ээ” гээд хаалга руу түлхээд, хаалгаа онгойлгож өгөөд гаргасан. Тухайн үед манай байшингийн хаалга цоожтой байсан ба тэр хүн нойлын өрөөний цонхоор орж ирээд намайг гар гэхэд буцаад тэр цонхоороо гарах гэж нойлын өрөө рүү зүтгээд байсан юм. Би тэр хүнийг хаалгаараа түлхэж гаргаад, араас нь дагаад гартал, манай үүдний амбаарын баруун талд гараад суугаад гутлаа өмсөж эхэлсэн. Тэгэхээр нь би өрөөсөн гутлыг нь булааж аваад гэр рүүгээ орсон. Би гэр рүүгээ ороод цагдаагийн дугаар авахаар Туяацэцэг рүү залгаж асуусан ба би 01 цаг 47 минутад залгасан байна лээ. Тэгээд цагдаагийн дугаар олдохгүй болохоор нь айгаад хойд айлын Энхтүвшин гэх хүн рүү залгаад “гадаа хүн байгаад байна, хурдан хүрээд ир” гэж хэлсэн. Би Энхтүвшин рүү 02 цаг 05 минутад залгасан байна лээ. Тэр хоёр удалгүй орж ирсэн ба тэр хоёрт болсон явдлыг яриад сууж байтал Энхтүвшин цагдаа дуудсан. Тэгээд сууцгааж байтал гэнэт бензин үнэртээд үүдний амбаарт гал гарч эхэлсэн. Бид хэд сандралдаж гал тогооны цонхоор гарцгааж галыг унтраасан. Гал унтраах үед цагдаа нар ирсэн байсан. Мөн манай ******* эмнэлгийн жолооч С.Баянмөнх, Гуулин, Алтангэрэл нар ирсэн. Миний бодлоор манайд хулгай хийх гэж орж ирсэн байх. Дараа нь харахад тэр хүн манай байшингийн нойлын өрөөний баруун хананд байх жижиг цонхоор орж ирсэн байсан. Тэр цонхыг онгойлгоод модоор тэвхэдсэн байсан юм. Тэр хүн миний мэдэхийн манай байшинд орж ирж байгаагүй. Манай үүдний амбаарт гутлын тавиур, хүүхдийн унадаг дугуй 1 ширхэг, хүүхдийн скүүтер 2 ширхэг, хувцасын шкаф, шкаф дээр байсан цахилгаан тогоо 1 ширхэг, хэвийн боовны модон цар, гутлын тавиур дээр гутал, пүүзнүүд байсан. Гутлын тавиур дээр миний хоёр ботинк байсан ба тэр хоёр нийлээд 70.000 төгрөг болох байх, цахилгаан тогоо 50,000 төгрөг, хэвийн боовны модон цар 140.000 төгрөг, хүүхдийн унадаг дугуй 400,000 төгрөг, хүүхдийн 2 скүүтер 140,000 төгрөг болно. Би нөхрийн хамт үүдний амбаартаа 2021 оны 10 сард засвар хийсэн. Гадна хаалганы дотор тал шатсан байсан, хаалгыг 400,000 төгрөгөөр авсан, паркетан шал бас шатсан, шалыг 150,000 төгрөгөөр авсан. Тэгээд будаг, гэрэл, гэрлийн утас, разетка, залгуур нийлээд 300,000 болох байх. Бас үүдний амбаараас байшин руу орох хаалганы гадна тал шатсан байсан, тэр хаалгыг 300,000 төгрөгөөр авсан. Булааж авсан өрөөсөн гутлыг өчигдөр цагдаа нар хурааж авсан. ******* бараан өнгийн өмд цамцтай байсан. Тэр хүн “би Манал байна аа” гэж хэлсэн, гаднаас “Оюу эгчээ би гутлаа авъя аа” гэж хашхирсан, өөр зүйл хэлээгүй. Бидний биед халдаж зодсон зүйл болоогүй. Маналжав нь хэрхэн яаж гал тавьсныг мэдэхгүй байна. Би гэртээ Энхтүвшин, Нинжиндэлгэр нарын хамт юм яриад сууж байх үед гэнэт бензин үнэртээд гал гарч эхэлсэн. Гал унтраагаад дууссаны дараа байшингийн үүдэнд 2,5 литрийн пивоны ногоон өнгийн сав байсан ба савны дээд хэсэг шатаж умайсан, үнэртэхэд бензин үнэртэж байсан. Манай хашаанд тийм сав байх ёсгүй. Тухайн үед ******* архи уусан байсан байх гэж бодож байна. Би энэ хүүхдийг сайн танихгүй. Ер нь их даруухан хүүхэд. Арай ч бид хэдийг шатааж алъя гэж бодоогүй байх. Өөрт учирсан хохирлыг яаралтай нөхөн төлүүлмээр байна. Өөр гомдол байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/
-Хохирогч “2022 оны 07 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Дундговь аймгийн ******* ******* 5 дугаар баг, Чингийн 04-01 тоот байх байшинд хадам ээж Ш., хүү Эрхэмбаяр /9 настай/, охин Насанбуян /6 настай/ нарын хамт унтсан. Тухайн үед хүү Эрхэмбаяр байшингийн том өрөөний баруун хананд байх буйдан дээр ганцаараа, би газраар буйдангийн зүүн талд, миний хажууд охин Насанбуян, охины цаана хадам ээж унтсан. Тэгээд унтаж байтал ээж “Догоо хүн ороод ирсэн байна” гээд хашхирсан юм. Би сэрээд хартал ээж нэг хүнтэй зууралдчихсан байхаар нь би босож очоод тэр хүнийг 2 удаа өшиглөөд, нуруу руу нь 1 удаа цохиод гэрлээ асаасан. Гэрэл асаасны дараа тэр хүн “нүүр ураад хаячихлаа шүү дээ” гээд уйлаад байсан. Ээж “чи хэн бэ” гэхэд тэр хүн “Манал байна” гэж байсан. Гэрлээ асаахад хүүхдүүд сэрээд босоод ирсэн. Би гэрлээ асаачхаад хувцсаа өмсөөд хүүхдүүд дээрээ очсон. Ээж “хүүхдүүд айлаа” гээд тэр хүнийг гар гэхэд гарахгүй байсан. Тэгтэл ээж гал тогооноос гурил элддэг мод авч ирээд нуруу, хөл рүү нь цохиод хөөгөөд гаргасан. Тэгээд ээж буцаж орж ирэхдээ эрэгтэй хүний урт түрийтэй гутал бариад орж ирсэн ба гадаа гутлаа тайлаад, орж ирсэн юм шиг байна, гутлаа өмсөж байхаар нь би өрөөсөн гутлыг нь булаагаад авчихлаа, өглөө цагдаа дуудаж гутлыг нь өгнө гэж хэлсэн. Тэгээд ээж бид хоёр хаалгаа түгжээд гэрлээ унтраагаад орондоо ортол нөгөө хүн “гутлаа авъя” гэж удаа дараа хэлсэн. Тэгэхээр нь ээж “өглөө цагдаа дуудаад, ээж, аавд чинь хэлнэ ээ чамайг” гэж хэлсэн. Тэгээд ээж бид хоёр орон дээрээ хөнжлөө нөмрөөд сууж байтал гэнэт бензин үнэртэж эхэлсэн. Тэгээд ээж бид хоёр хаанаас бензин үнэртдэг билээ гэж ярьж байгаад ээж хойд айлын хүмүүсийг дуудсан. Хойд айлын хүмүүс орж ирээд, болсон явдлыг ярьж байгаад, өөр хүн рүү залгаад цагдаа аваад хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд цагдаа хүлээгээд байж байх хооронд Нинжиндэлгэр гэх хүн гарч цагдаа ирж байна уу гэж харчхаад орж иртэл үүдний амбаарт юм дуугарах шиг болсон. Тэгээд хаалгыг нээхэд үүдний амбаарт гал гарч байсан ба гэр рүү утаа орж ирсэн. Тэгээд бид хэд сандралдаад гал тогооны цонхоор гарцгаасан. Бид хэдийг цонхоор гараад байж байтал цагдаа, эмнэлгийн машин ирж байсан. Тэгээд бөөндөө галыг унтраасан юм. Ээж бид хоёр унтахдаа байшингийнхаа хаалгыг түгжээд унтсан юм. Тэр хүн нойлын өрөөнд байх жижиг цонхоор орж ирсэн юм шиг байна лээ. Үүдний амбаарт миний хоёр пүүз, нэг сандаал байсан юм. Хоёр пүүз өмсөж болохооргүй шатсан байна лээ. Тэр хоёрыг нийлүүлээд 330,000 төгрөгөөр авч байсан. Сандаал нь арай гайгүй байсан тул одоо өмсөөд явж байна. Үнэ нь 75,000 төгрөг. Мөн хүүгийн 2 пүүз, охины 2 пүүз шатсан байна. Тэр 4 нийлээд 350,000 төгрөг болох байх. Би хүүхдийнхээ 2 скүүтер, 1 унадаг дугуй, өөрийн 2 пүүз, хүүхдүүдийнхээ 4 пүүзийг төлүүлмээр байна. Өөр гомдол байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/
-Иргэний нэхэмжлэгч “Би *******ыг танина. Нэг ******* хүмүүс байгаа юм. Тухайн үед манай мотоцикл зүгээр байсан. Би 2022 оны 07 дугаар 05-ны орой мотоциклынхоо банкийг дүүргэсэн. Тухайн үед 28,000 төгрөг болсон. Нөхөр их бага бензин байсан гэж байсан. Алдагдсан бензинээ төлүүлчихвэл надад ямар нэгэн гомдол байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 48/
-Насанд хүрээгүй гэрч “Би 2022 оны 07 дугаар сарын 8-ны 00 цаг өнгөрч байх Дундговь аймгийн ******* ******* зүүн лагерт байх байшингийн цонхны хажууд байх орон дээр зурагт үзээд хэвтэж байтал хашаанд хөлийн чимээ сонсогдох шиг болсон. Тэгээд цонхоороо гэрэл тусгаад үзэхэд юм харагдахгүй байсан. Тэгээд буцаад хэвтээд байж байтал цонхоор бензин ихээр үнэртээд байхаар нь дахин цонхоороо гэрэл тусгаж хартал байшингийн урд талд тавьсан мотоциклийн цаад талд нэг хүн сууж байх шиг байсан. Надад тухайн хүний зүүн мөр хэсэг харагдсан ба тэр хүн мөр хэсгээрээ 3 ширхэг цагаан өнгийн зураастай хар өнгийн цамц юмуу фудволктой байсан. Тэгээд би “хөөе” гэж хэлтэл хөдлөхгүй дуугарахгүй байсан. Тэгэхээр нь би хувцсаа өмсөөд очтол нөгөө хүн явчихсан байсан ба мотоцикл руугаа гэрлээ тусгатал мотоциклын шалаанкны үзүүр хэсгийг тасалсан байдалтай, бензин гоожиж байсан. Тэгээд би крантыг нь хаачхаад гэртээ ороод унтсан” гэх мэдүүлэг /хх-ийн 65/
-Гэрч “2022 оны 07 сарын 07-оос 08-нд шилжих шөнө унтаж байхад эгч залгаад “гэрт нэг хүн ороод ирлээ” гэж хэлсэн. Тухайн үед би унтаж байсан тул яг сайн ойлгоогүй. Тэгээд би нөхрөө сэрээгээд “Ойноо дээр нэг хүн ороод ирлээ гэнэ” гэж хэлээд хамт явсан. Тэгээд хашаанаасаа гартал манай нөхөр зүүн тийшээ заагаад “тийшээ хүн явж байна уу даа” гэж хэлсэн, би хараагүй. Тэгээд эгчийнд яваад очтол “нэг хүн орж ирсэн, тэгээд хөөгөөд гаргалаа” гэж хэлсэн. Тухайн үед би цагдаад хэлье гээд Алтангэрэлийг цагдааг аваад ир гэж хэлсэн. Тэгээд цагдааг хүлээж байтал байшингийн дотор хаалга дуугарсан юм. Тэгээд би очоод байшингийн дотор хаалгыг нээтэл өөдөөс гал дүрэлзсэн. Би гал тогооны өрөөний цонхоор түрүүлж гараад, миний дараа 2 жаахан хүүхэд гарсан. Манай нөхөр галын хор аваад ир гэхээр нь машинаа унаад, колонк ороод, галын хор аваад иртэл галыг унтраасан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 70-71/
-Гэрч “2022.07.07-08-нд шилжих шөнө унтаж байтал манай эхнэр Энхтүвшин дуудаж сэрээгээд Ойноогийнд // согтуу хүн ирчихээд явахгүй байна гэнэ гэж хэлсэн. Тухайн үед 02 цаг өнгөрч байсан. Тэгээд эхнэр бид хоёр хашаанаас гартал манай гудмаар зүүн тийшээгээ нэг хүн явж байгаа харагдсан. Тэгээд урагшаа эгчийнх рүү орсон. Тухайн үед эгч “хүн нойлын цонхоор орж ирсэн, нойлын хаалга нээгээд гарч ирэхэд нь мэдээд, ноцолдож байгаад хөөж гаргалаа” гэж хэлсэн. Тэгээд манай эхнэр Алтангэрэлээс цагдаагийн утсыг аваад залгатал холбогдохгүй байхаар нь Алтангэрэлийг гэрээр нь ороод аваад ир гэсэн. Би цагдаа ирж байгаа эсэхийг харахаар байшингийн хаалгаар шагайхад юм харагдахгүй байсан. Би буцаж байшинд орж ирээд сууж байтал үүдний амбаарт юм дуугарч, бензин үнэртэж эхэлсэн. эгч байшингийн дотор хаалгыг нээхэд үүдний амбаарт гал гарч байсан ба хаалгыг хаасан. Тэгээд бөөндөө гал тогооны цонхоор гарсан. Бид хэдийг цонхоор гараад байж байтал ******* эмнэлгийн машин ирсэн. Удалгүй цагдаа ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 175-175/
- Хөрөнгө эстимэйт ХХК-ний хохирол, үнэлгээний тайланд “нийт хохирол 1.860.077 төгрөг” гэжээ. /хх-ийн 79-87/
- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлд “******* нь хар өнгийн зүүн энгэр хэсэгтээ “adidas” гэсэн бичиглэлтэй, хоолойн баруун, зүүн хэсгээс ханцуй хүртэл үргэлжилсэн хар өнгийн фодволктой...нүцгэлж үзлэг хийхэд олон тооны арьс халцарсан шинэ шархтай байна” гэжээ. /хх-ийн 16-17/
- Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн шүүх сэтгэц эмгэг судлалын шинжилгээний комиссын 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 10 дугаартай “******* нь одоогоор сэтгэцийн өвчин эмгэггүй байна. Сэтгэцийн эмчийн хяналтад байдаггүй. Хэрэг үйлдэх үед болон одоогийн нөхцөл байдалд хэрэг хариуцах чадвартай. ******* нь биеэ дааж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох чадвартай” гэх дүгнэлт /хх-ийн 96-98/
- Гамшиг судлалын хүрээлэнгийн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн шинжээчийн 2022.07.29-ний өдрийн 12/128 дугаартай “шинжилгээнд ирүүлсэн цахилгаан дамжуулагч утсанд богино холболт, хэт ачаалал, шилжилтийн эсэргүүцэл гэх мэт үүссэн шинж тэмдэг илрээгүй. Хэрэв үүсэн бол цахилгаан дамжуулагч утсанд бөмбөлөг үүснэ” гэх дүгнэлт /хх-ийн 99-100/
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 132/
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 5-13/
- Согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл /хх-ийн 15/ болон хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар Дундговь аймгийн ******* ******* 5 дугаар баг, Чингийн 4-1 тоотод оршин суух байшингийн үүдний хэсэг 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө гал түймрийн улмаас шатсан үйл баримт тогтоогдож байна.
Хохирогч байшингийн цахилгааны утсанд богино холболт, хэт ачаалал, шилжилтийн эсэргүүцэл гэх мэт шинж илрээгүй болох нь Гамшиг судлалын хүрээлэнгийн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 12/128 дугаартай дүгнэлтээр нотлогдож байна. Энэ нь хохирогч байшинд эрчим хүчний эх үүсвэрээс шалтгаалан гал түймэр гараагүй гэдгийг нотолж байгаа баримт юм.
Шүүгдэгч ******* нь 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө хохирогч байшинд зөвшөөрөлгүй нэвтэрч орсон, улмаар хөөгдөж гараад, бензин цацаж, байшингийнх нь үүдний хэсгийг шатаасан болох нь хохирогч Ш., Г.Долгормаа, гэрч Т.Нинждэлгэр, , насанд хүрээгүй гэрч Б.Цэджав нарын мэдүүлэг, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч *******ын бензин цацаж, бусдын эд хөрөнгийг шатааж байгаа үйлдлийг олон хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулж болзошгүй аргаар бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн гэж үзэх бөгөөд түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд шүүгдэгчид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид 3.875.000 төгрөгийг нөхөн төлсөн үндэслэлээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор хангаж шийдвэрлэсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох санал гарган, шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нийцсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.
Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо.
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид 3.875.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт эд мөрийн баримтаар “Сэнгүр” нэртэй пивоны ногоон өнгийн хуванцар сав 1 ширхэг, цахилгааны утас зэргийг хураан ирүүлсэн байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч овогт Ганбаатарын Маналжавыг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар бусдын эд хөрөнгийг устгах гэмт хэргийг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар шүүгдэгч овогт Ганбаатарын Маналжавт 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид 3.875.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Сэнгүр” нэртэй пивоны ногоон өнгийн хуванцар сав 1 ширхэг, цахилгааны утас зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймгийн Шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХБАТ